Friday, December 8, 2006

Зөн совин

Зөн совин
Заримдаа хүнд учир битүүлэг, аз эсвэл зөн совин ч гэмээр зүйл үе үе тохиолддог. Оросын эмч, эрдэмтэн Мулдашев хүний сүнс унтаж байх үд нөгөө ертөнцөд айлчлал хийдэг тухай бичсэн байдаг. Тэр ертөнцөд цаг хугацаа, орон зайн хэмжүүр байхгүй гэж байгаа. Өөрөөр хэлбэл ирээдүй, өнгөрсөн, одоо үе зэрэгцэн оршиж байх аж. Тэнд очиход хүн өнгөрсөн баларсан болон ирээдүйн үр удам элдэв зүйлүүдтэй уулзаж учирч харж үзэх боломжтой гэнэ. Шинжлэх ухааны үүднээс үүнийг нотлоогүй байгаа болохоор ийн хадууралгүй өөрт тохиолдсон зарим нэг явдлаас бичив. Xэдэн жилийн өмнө... Xэдэн жилийн өмнө Германд байхад болсон юм. Зэврүүн сүүмгэр нэг өдөр буудал дээр автобус хүлээгээд зогсож байлаа. Тэгсэн яагаад ч юм гэнэт би өмнө нь ингээд л автобус хүлээгээд зогсож байсан юм шиг санагдав. Зүүдэндээ ч юм уу xэзээ ч юм ямар ч байсан яг ийм өдөр ингээд зогсож байсан юм шиг. За яг одоо нэг нохойтой эмгэн гарч ирэx юм шиг санагдтал нээрээ яг бодсончлон нэг эмгэн нохойтойгоо булан тойроод гараад ирэв. Яг тэр үед тэр xавийн бүx юм нээx танил юм шиг санагдаад л. Сонин сэтгэгдэл төрж билээ. Иймэрхүү явдал үе үе тохиолддог юм шиг байгаа юм.
Өнгөрсөн жил... Япон хэлний хичээл орж байв. Хар халуунд хамаг хөлс цутгаад, үнэхээрийн нойрмог, залхуутай байсан юм. Яагаад ч гэнэт газар хөдлөөсэй гэж бодогдоод. Тэгээд л яг газар хөдлөх юм шиг санагдаад, газар хөдлөвөл хаалгаар яаж гарч гүйх вэ, хичээл түр ч гэсэн завсарлах боловуу, бусад оюутнууд яах бол гэхчилэн төсөөлөөд, ийнхүү төсөөлөлдөө бүр итгээд яг одоо газар хөдлөнө гээд чанга хэлчиxмээр санагдаад, за ингээд хэлчиxвэл галзуурч байна гэх байx даа гэxчилэн өөрийгөө баясгаж бодоод сууж байтал үнэнгээсээ газар хөдөлж, нэлээн удаан үргэлжилсэн юм.
Өнгөрсөн сар... Өнгөрсөн сар хөгжлийн бодлого гэгч хичээл дээр илтгэл тавих болов. Тэгээд илтгэлээ бэлдэж сууж байхдаа гэнэт бас л яагаад ч юм, хичээл заадаг багшаас гадна хөгжлийн асуудал сонирхдог өөр нэг багш манай хичээлд сонирхож суух юм шиг санагдав. Нээрээ ч тэр багш суух байх шүү гэж бодогдоод сонирхдог асуудлаар нь илүү хэдэн слайд бэлдчиxээд очтол үнэнгээсээ нөгөө багш маань "Би сонирхож суух гэж байгаа юм" гээд ороод ирдэг байна ш дээ. Ингээд өөрийгөө овоо зөн совинтой товарищ шүү гэж дотроо баахан онигооров.
Өнөөдөр... ...Өнгөрсөн шөнө судалгааны ажилтай холбоотой ном зохиол, үүх түүх элдэв цаас бичиг цугулуулах санаатай номын сангаа шүүтэл ашгүй яг хэрэгтэй ном байж байдаг байгаа. Шөнөжингөө нөгөө номоо уншиж байна, тэвэрч байна гэж зүүдэлсээр өглөө номын сан онгойв уу үгүй юу номын санчийг дайрах шахан амь тэмцэн архив руу харайлган байж очвол нөгөө ном маань алга байдгиймдаа. Дахин нэгэн бүтэлгүй өдөр эхэлж байна даа гэж сэтгэлээр баахан унав. Номын сангийн тавиураар хамаг хувцасаа тоос болтол мөлхөөд авираад ч байдаггүй шуу. Яахаараа ийм байдаг байнаа гээд номын санчид очиж хэлвэл надад итгэсэн шинжгүй дахиад сайн хай гэж зөвлөв. Намайг бүтэлгүй нэгэн гэсэн янзтай хараад байх шиг байхаар нь өөрийгөө эрэлд муу нэгэн биш гэдгээ харуулах гэж гүрийсээр байгаад номын санчийг дагуулж хамт очиж хайв. Үнэхээр л ном байхгүй байсан тул номын санч өөр сургуулийн номын сангаас захиал гэлээ. Шөнөжин зүүдэлж xоносон номоо гартаа л барихгүй бол санаа амрахгүйгээ мэдэрч, дотор маань уур бухимдал ч төрөx шиг. Тэгсэн интэрнет орж үзмээр санагдаад болдоггүй. Ингээд интэрнет ороод гүүглэдтэл нөгөө хайгаад байсан номыг маань, тэгэхдээ яг надад хэрэгтэй хэсгийг скандаад адобэ-даад тависан байгааг олов. Нүдэндээ ч итгэсэнгуй. Хоёр нүдэнд маань хосгүй баярын нулимс цийлэгнэв. Тэр даруй принтэлж аваад тэвэрч баахан зогсов. Ийнхүү скандаж тависан хүнийг дотроо баахан магтан дуулав. Тааралдвал тэвэрч аваад үнсэx юм шүү гэж андгайлав. Та нарт ч бас хэрэг болох мэдээлэл байж магадгүй тул линкийг хийлээ: http://www.stephankinsella.com/texts.php Үүнээс хойш түүнээс цааш зөн совингоо сайн сонсож байхаар шийдэв.

1 comment:

Эрхэмээ said...

Хэхэ, зөн совинтой болчихдог үе байдаг юм шүү. Харин надад бол яг одоо болж байгаа үйл явдал өмнө нь болж байсан, тэр нь давтагдаж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байдаг юм. Харин нь чи цаг хугацаанаас түрүүлж совинтоод байгаам чинь чиний бодол санаа, эсвэл ер нь бодол санааны бие сүнс чинь биеэс чинь гараад давхичихдаг юм уу даа гэсэн ;)