Friday, December 8, 2006

Эмээгээ санав

Эмээгээ зөндөө их санаж байна шүү. Эмээтэйгээ цай хувааж уугаад л дэлхийн өнөөгийн байдал, улс төр, угсаа удам, түүх, эдийн засаг, миний хүний амьдрал, хажуу айлын хов жив, эмээгийн анхны хайр, сүүний дэлгүүр гээд дэвэн дэлхийн эрээвэр хураавар элдэв шалав юм яриад л суух сайхан шүү. Эмээ маань ардчилсан хувьсгал анх гарах үеэс л дэмжсээр өнөөг хүрсэн улс төрийн идэвхтэн нэгэн. Яагаад ч хувьсгалт намыг тэгтлээ үзэхээ больсон юм бүү мэд. Зун очоод эмээгээсээ Улс төрийн амьдрал ямар байна даа? гэж асуухад Ээдрээтэй байгаа шүү дээ гэж билээ. Хүн ер нь өндөр насласан ч гэлээ ухаан санаагаа байнга ажиллуулж, алхаж хөдөлж байвал залуу хэвээрээ байдаг болвуу гэж эмээгээ хараад л боддог юм. Хааяа эмээ буруу юм хийчихээд юу ч болоогүй юм шиг царай гаргаад суух нь хүүхэд шиг хөөрхөн байдаг юм. Тэр хавьдаа бас их заль гаргаад байгаа бололтой Юу? Яасан? Мэдээгүй ш дээ? гээд л, тэгснээ Миний чих их муу сонсоод байдаг болсон байгаа, юу гэнээ? гээд л дахин дахин асуугаад ирэхээр хүн яаж ч чадахгүй за за гээд өнгөрөх болно. 32 модон хүний үлгэр гээд л эмээ маань бага байхад сайхан сайхан үлгэр яриад л, ардын дуу дуулж өгсөөр байгаад одоо би хөгшин хүн шиг л юм л бол ардын дуу сонсох гээд байдаг болсон. Эмээ үе үе оройд орсон үг хэлнэ ээ. Бас юу ч хэлж яриагүй байхад далдыг хардаг юм уу эсвэл зөн совин нь байдаг юм уу гэв гэнэт айхтар дүгнэлт, зөвлөгөө өгнө. Эмээгээ ч нээрэнгээсээ их санаж байна. Аав, ээжээс минь хойш надад байгаа ганц настан маань юм шүү дээ. Гурван настайдаа эмээдээ "зориулсан" шүлэг:
Дагуулж явдаг эмээ
Дандаа дагуулдаг эмээ.
Дагуулж дэлгүүрт очдог доо
Дагуулж гадуур явдаг даа.
Дагуулж горшоконд баалгадаг
Дагуулж хооллодог эмээ дээ.

No comments: