Friday, December 8, 2006

Old posts

Хаа хамаагүй зөрөх чамд

Хэзээ ч эргэж ирэхгуй чамайг бодон бодон намрын хуйтэн бороонд норон норон зогсох нь сэтгэлийн шаналгаагаа бухэл биеэрээ мэдрэх гэснийх. Хоосон бодол тээж шөнийн нойроо хулжаах нь уе уе утгагуй санагдах амьдралаа бухэлд нь мэдрэх гэснийн. Хаа хамаагуй зөрөөөд өнгөрсөн хунийг мөрөөдөх нь гараас минь алдуурч газраар нэг унасан үй тумэн бөмбөлөг шиг замбараагүй санагдах сэтгэлээ цэгцлэх гэснийн. Нудээ аниад л энэ орчлонгоос үүрд яваад өгөхийг хүсэмжлэх нь атгахан зүрхээ бас амьдрах гэж тэмүүлж буй сэтгэлээ ахиад зовоохгүйнх гэснийн. Энэ бүхэн түр зуурынх, маргааш гэхэд мартагдаж, харин ингэж бодож байснаа бодон инээд хүрэх үе ирэхийг мэдэж байгаа ч яагаад ч юм заримдаа иймэрхуу утгагуй ч гэмээр юм бодож байх нь амьд гэдгийг минь мэдруулдэг юм уу даа.
My soul -like a crying little girl lost in the dark forest.

каждому в лучшее верится...

Үзээд үзээд хэзээ ч уйддаггүй кино гэж байдаг бол миний хамгийн дуртай хүүхэлдэйн кино Шапокляк. Өнөөдөр дуртай хүүхэлдэйгээ үзээд бүр ч хөөрхөн санагдаж байна. Ёстой хөөрхөн хийсэн хүүхэлдэй шүү. Ер нь Гена матар,Чебурашка хоёрын хүүхэлдэй угаасаа л үзэхэд зугаатай. Шапокляк хүүхэлдэй киноны сэдэв хэзээ ч хуучрахгүй. Байгаль орчныг хамгаалах, ан амьтныг хайрлахаас авахуулаад найз нөхдийн үерхэл нөхөрлөл гээд олон агуулгатай.Дүү маань нэг удаа энэ киног хамт үзэж байхдаа энэ эмгэн яагаад хулгай хийгээд байсан мөртлөө туслаад байгаа юм бэ гэж асууж байсан юм. Хүүхэлдэй киноны "хорон" хийж явдаг Шапокляк эмгэн сайн үйл хийх сэтгэл байвч тэрийгээ илэрхийлж гаргах дургүй, хүнд тусланаа гэдэг цаг гарздахын л нэмэр гэж үздэг, амиа бодож байх нь л эцсийн дүндээ өөрт хэрэгтэй гэж боддог дүр. Гэхдээ эмээ бол тийм муу муухайн туйл биш. Сайн хүний цаана ч муу зүйл бий, муу хүний цаана ч сайн юм бий. Эмээ бол их л муу юм хиймээр байвч Гена, Чебурашка нь өөдөөс нь гэнэн цайлган царайтай байгаад байхаар хурцлагдах зүйлгүй "урамгүй" байдаг биз. Зөөлөн нь хатуугаа иднэ гэдгийн үлгэрээр эмээ аргагүй хийх дургүй сайн үйл бүтээдэг. Сайн үйлээ бүтээхдээ бас л их "хорон" хийнэ шүү. Аянчдын майханы гадна хавхыг нь тавиад, шоргоолж оруулж байгаа юм чинь. Гена, Чебурашка хэзээ ч үүнийг сэтгэхгүй байсан.Хамгийн хөөрхөн нь Гена матар хамгийн сүүлд галт тэргэнд суух болоход өөрийн билетээ Шапоклякт өгч "Чебурашка бол жаахан хүүхэд, та бол хатагтай болохоор" би галт тэрэгний дээвэр дээр явъя гэж хэлдэг нь үнэхээр жентельман зан. Хүүхэлдэйн киногоор "жинхэнэ эр хүнийг" багаас нь ингэж бэлтгэх нь зөв шүү.Хүүхэлдэйн кино зөвхөн хүүхэд биш томчууд ч үзэхэд уйдахгүй үг хэллэгтэй. Энэ киноны дууны үг нь бүр ч таалагддаг юм.

Голубой вагон
Медленно минуты уплывают вдаль,
Встречи с ними ты уже не жди,
И хотя нам прошлого немного жаль,
Лучшее, конечно, впереди.
Припев:Скатертью, скатертью
Дальний путь стелется
И упирается прямо в небосклон.
Каждому, каждому
В лучшее верится...
Катится, катитсяГолубой вагон.
Может, мы обидели кого-то зря
Календарь закроет этот лист.
Жить без приключений нам никак нельзя...
Эй, прибавь-ка ходу, машинист!
Припев.Голубой вагон бежит, качается,
Скорый поезд набирает ход...
Ах, зачем же этот день кончается,
Пусть бы он тянулся целый год!
Припев.

Монголд Чебурашкаг ном болгож гаргасан эсэхийг мэдэхгүй юм. Хэрвээ хүүхдийн ном болгоод бас хүүхэлдэйн киноны СД-ыг хавсаргаад гаргавал хүүхдийн хүмүүжил өдийгүй томчуудад ч үзээд суухад зугаатай.

Like animals


Монголчуудын бэлгийн амьдрал замбараагүй, амьтад шиг, ёс журамгүй гэх зэргээр "бэлгийн харьцаанд" орох насанд хүрэгсдийг шүүмжилсэн Эрүүл мэндийн сайдын ярилцлагыг үзээд эхний сэтгэгдэл их ууртай байлаа. За арай ч амьтад шиг байхдаа ч яахав, гадаадынхан уншаад монголчуудыг хүй нэгдлийн үеийн сармагчин омгоор байгаа гэж бодвол яах юм зэргээр дургүйцэл хүрлээ. Сайд яамны ажил авч, монголын бодит амьдрал руу жинхэнэ орж үзээд хийх зүйл асар их, түүнээ гүйцэлдүүлэх гэж маш их яарч тэвдэж, хүсэл тэмүүлэл дүүрэн байгаа байх аа. Ярилцлагыг бүхэлд нь уншаад ундууцах зүйл нэлээн байсан ч "замбараагүй бэлгийн хавьдалт"-ын талаар, тэр дундаа манай монгол азидаа энэ талаар тэргүүлэх байр эзэлж сайдаараа дэлхий даяар цацаж цоллуулах төвшинд очсон гэж үү? Бодохноо нээрээ ч тийм болсон юм уу даа....Улаанбаатарын гудамжаар явахад хэрэглээд хаясан бэлгэвч, "дамск" зөндөө л харсан. Энд тэнд нийллэгээр яваа залуучууд хүүхнүүдээ элдэж хөөж, дарж авах явдал байнга. Залуучууд, хүүхнүүд нь нийлж байгаад нэгнийгээ тайчиж, нүцгэлж хөгжилдөхийг нэг бус удаа харж нүд ичсэн. Танилцаад нэр усаа ч сайн мэдээгүй байж гар бариад, тохой цээж гээд болох болохгүй газар барих гэнэ. Ууж хамт суусан л бол унтаж хэвтэх нь тодорхой гэсэн теором гаргачихаад батлах гэж дайрна. Болох болохгүй газар руу эрээ цээрээгүй харж ширтэнэ.Тэгээд ер нь монголд "sexual harassment\бэлгийн дарамт" гэдэг ойлголт байхгүй. Ажил, сургуулийн байранд "бэлгийн дарамт" үнэндээ байнга гардаг ч гэлээ эрэгтэй нь ч тэр эмэгтэй нь ч тэр энэ талаар мэдэхгүй. Дарамтлагч нь ч мэдэхгүй, дарамтлуулагч нь ч бүр байх ёстой юм болдгоороо болж байгаа мэт тоох ч үгүй. Тоож эмзэглээд иймэрхүү юм яриад унавал "юун сүртэй юм, маяглаад" эсвэл "хөдөөний юм уу, дүмбэ, хөлдүү" зэрэг цол гуншин авна. Ажил бүтэхээ болино. "Дургүй бол ажлаасаа гарахгүй юу" гэсэн хариулт нүүр тулна. Зарим эмэгтэйчүүдийн хувьд манай энэ байдал юм юманд хүрч хүртэхэд дөхөм болдог бол журамтай нэгэнд нь сэтгэл зүйн дарамт болно. Эрчүүд өөрсдөө дайрч довтолж, эмэгтэйчүүдээ эвдэлчихээд дараа нь "явдалтай", "замбараагүй" гэж хөөрхийг зовооно.Сүүлдээ ч ажил хэргийн төвшинд бараг л "унтаж хэвтэх" нь ажил бүтээх "авилгал"-ын нэг хэлбэр гэж хэлмээр болсон мэт. Ийм байхад ч "бэлгийн харьцаа, хавьдалтын хувьд замбараагүй" гэж хэлүүлэхээс яахав.

unrelated
Өглөө босоод дуртай кофегоо бэлдэнгээ on air аар эх орныхоо сонинг сонсох санаатай харж харж Цагийн хүрдийг сонголоо. Үзэж эхлээд л нэг л биш сэтгэгдэл төрөөд байх юм.
Мэдээ Сүхбаатарын талбайгаас үүр шөнийн заагаар босогчид тэмцэгчдийн гэрийг нураасан талаар УИХ-аар ярьж байгаа хэлэлцүүлэг хуралдааны бичлэгээс харуулж байна. Яахав Их хурлын гишүүдийн хэн нь юу хэлж байгааг харж болох ч чухам мэдээ нь тэгээд юу хэлэх гээд байгааг сайн ойлгосонгүй. САПУ-гийн асуудал шүүхэд очиж ер нь тэр бөмбөгөрийн талбай барилгыг зөвшөөрч хэд хэдэн хууль зөрчсөн нь төрийн буруу эсэхийг тогтоох юм байна гэж ойлголоо. Ерөнхий сайд нь хүртэл төрийн байгууллагын буруу байгааг хүлээн зөвшөөрсөн ч ядаж ажлаас халах арга хэмжээ авдаггүй нь төрийн онцлог бололтой.

Дараагийн мэдээ их хотын мод тариалалтын тухай байлаа. Мөнгөлөг улиасыг өвөр монголын судлаачийн судалж гаргасны дагуу тарихаар болж ихэд баяр баясгалантайгаар мэдээлэхийг сонсоод кофегоо тургичихсангүй. Хотод мод тарьж байгаа нь сайхан ч манай биологчид, ургамал судлаачид хааччихаад Өвөр монголоос манайд ямар мод тохирохыг хэлж өгөөч гээд асуугаад явж байдаг юм бол оо. Улаанбаатарын нутаг дэвсгэр дээр бүхэл бүтэн зуун жил суурьшсан бид хөрс үорооны онцлогоо одоо болтол мэддэггүй гэж үү бас ямар ургамал тарьж ургах боломжтой судалж суудаггүй юм байж ээ. Жил бүр мод тарихад зардаг өчнөөн сая төгрөгөөс хэдэн биологчиддоо хэрэгтэй судалгааны аппарат хэрэгслийг аваад өгчихвөл ийм юман дээр ядаж царай алдмааргүй байх юм. Тэгээд бас нөгөө л улиас шүү. Мөнгөлөг нь ч бас ямар ч уянгалаг юм бэ дээ.

Гурав дахь мэдээг үзээд ер нь дэмий юм үзээд байгаагаа мэдлээ. Сурагчид хотын хогын цэг дээр гялгар уутан хогийг түүж хэсэг газрыг ч хогоос цэвэрлэж байгааг харууллаа. Мэдээгээр хүүхдүүд хог цэвэрлэх ийм ажилд гар бие оролцох нь иргэний үүрэг, ажилд сургаж буй явдал, хүмүүжлийн арга хэмжээ юм байна гэж ойлголт авмаар. Харин би даанч тэгж бодохгүй байна. Мэдээж хогоо хотын гудамжид хаяхгүй ч хэзээ ч хүний хаясан хогийг түүж цэвэрлэхгүй. Энэ бол төрийн ажил. Ийм ажил хий гэж төрийг анх бий болгосон, тэгээд ч татвараа төлдөг.

Ярилцлагын цагаар МҮХАҮТ-ын дэргэдэх Хадгаламж зээлийн хоршооны зөвлөлийн дарга ярьж байна. Хадгаламж зээлийн хоршоо маш их хэрэгтэй, маш их чухал, маш их ач холбогдолтой гэхээс өөрөөр итгүүлэх үндэслэлтэй зүйл хэлж чадахгүй, бүр дээр нь хадгаламж зээлийн хоршоо, банк 2 адилхан, банкнаас ч илүү найдвартай гэхийг сонсоод гайхлаа.

За тэгээд Цагийн хүрд үзээд олигтой юм олж сонсохгүйгээ мэдээд ТВ9-ийн Энэ өдөр-ийг гаргаж үзтэл Ерөнхийлөгч Энхбаяр ТВ25 дугаар сувгаар ярилцлага өгсөн, энэ нь маш мундаг болсон гээд мэдээ эхлэнгүүд цааш нь үргэлжлүүлж үзээд хэрэггүй гэдэг нь мэдэгдээд ирлээ. Бүр ярилцлагыг нь бүтэн гаргачих дөхөж байгаа нь мэдээ гэж хэлэхэд хэцүү. Ерөнхийлөгчийн ажлын нэг өдөр гэдэг нэвтрүүлэг байвал ойлгож болох ч....ТВ5-ын Цаг мэдээллийн хөтөлбөрийг үзэж эхлээд бас л болилоо. Уянгын халил, утга зохиолын чадварлаг дүрслэл, шүлэг магтаал ерөөл хэлж буй мэт толгой холболтоор дүүрэн "мэдээ"-г мэдээ гэж хэлэхэд бас л болж өгөхгүй санагдаад байх юм.Ямар ч байсан жинхэнэ мэдээ шиг мэдээг олж үзчих гээд чадсангүй. Сэтгүүл зүйн талаар сайн мэдэхгүй ч бодоод үзэхэд нэг мэдээллийн хөтөлбөрт доод тал нь 10 мэдээ багтдаг гэж үзэхэд нэг нь л мэдээ гэж хэлэхээр төвшинд очих байх. За тэгээд мэдээг яаж хийх талаар манай сэтгүүлчид сайн л сурдаг байлгүй дээ гэж итгээд дараа л нэг оролдохоос.

Эрчүүдийн эцэг байх эрх
Эрчүүдийн эцэг байх эрх

Эрчүүд ээ. Цаана чинь та нарын эрхтэй холбоотой асуудал гараад байна. Америкийн Мичиган хотын шүүхэд Эрчүүдийн Үндэсний Төвөөс 2006 оны 3 дугаар сарын 6-нд эрчүvдийн нөхөн үржихүйн эрхтэй холбоотой асуудлаар шүүхэд зарга үүсгэжээ. Энэ хэрэгт эрчүүд эцэг байхыг хүсэхгүй байсаар байтал эцэг болгож байгаа нь эрчүүдийн эрхийг ноцтой зөрчсөн явдал гэж үзэн, энэ тохиолдолд хүүхдийг тэжээн тэтгэх үүрэг хүлээх ёсгүй гэж нэхэмжлэгч үзэж байгаа ажээ. Эрчүүд эцэг байхыг хүссэн үед л тэжээн тэтгэх үүрэг хүлээх ёстой гэж үзэж байгаа юм.Хүүхнүүд болохоор хүссэн үедээ жирэмслэнэ, бас аборт хийлгээд байдаг бол эрчүүд эцэг байхыг хүсэхгүй байх тохиолдолд яах вэ? Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслээс бэлгэвчээс бусад нь эмэгтэйчүүдэд зориулсан байдаг. Эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах эм, ерөндөг гэж байх биш. Их л эмзэг, зовж яваа хүмүүc ажээ, энэ эрчууд гэдэг чинь . Нэн ялангуяа эмэгтэйчүүдийн дунд албаар хүүхэдтэй болж суух эсвэл мөнгө төгрөг салгах гэсэн атгаг муу санаатангууд ч бий тул эрчүүдийн эрх аюумшигтайгаар зөрчигдөж байна гэж Эрчүүдийн Үндэсний Төв узэж байна. Эмэгтэйчүүд эрчүүдээ хүсэхгүй байхад нь хүүхэдтэй болбол энэ нь эрчүүдэд огтхон ч хамааралгүй бөгөөд эх болох эрхээ л эдэлж байгаагийн илэрхийлэл гэж тайлбарлаж байгаа ажээ.Хэргийн гол эзэн нь 25 настай программист ажилтай Матт Дубэй юм. Тэрээр хүүхдийн тэтгэмжид сар бүр 500 доллар төлөх шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд Үндэсний Төв түүний өмнөөс шүүхэд хандаад байгаа юм. Матт найз бүсгүйгээ жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэж байгаа бөгөөд биеийн байдал нь ч хүүхэдтэй болж чадахгүй гэж итгэж байтал, найз бүсгүй нь жирэмслэж, хүүхэд төрүүлжээ. Шүүх Маттыг эцэг нь тул хүүхдээ тэтгэж тэжээх үүрэгтэй гэж үзсэн байна. Харин Матт шүүхийн шийдвэрийгҮндсэн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзжээ.Өмнө Рөү v. Уэйд хэмээх 1973 онд болсон алдарт хэргийг Маттын хэрэгт ихээр хөндөж ярьж байна. Рөү v. Уэйд хэрэгт абортыг хязгаарлаж, хорьсон аливаа хууль эмэгтэйчүүдийн Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчсөн зүйл гэж тогтоосон шийдвэр гаргасан билээ. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд ээж болохоосоо татгалзаж аборт хийлгэх эрхтэй гэж үзжээ.Тэгвэл эрчүүд бас яагаад аав болох эрхээсээ татгалзах эрхтэй байж болдоггүй юм бэ? Ийм л асуудал болоод байна. Хууль эрх зүйн онолын хувьд ялангуяа либерал эрх, эрх чөлөөний тухай их ярих болсон өнөө үед хүний эрх талаас нь авч үзвэл эмэгтэйчүүд эх болох эрхээ эдлэх боломжоор хангагдсан байхад эрчүүдийн эцэг болох эрх яригдах нь зүйн хэрэг. Иймд хүүхэдтэй болох гэж байгаа тохиолдолд бүсгүйчүүд найз залуутай урьдчилан ярилцаж, гэр бүл төлөвлөлтөө хамтран гаргах ёстой бөгөөд харин ингэлгүйгээр эмэгтэй нь дур мэдэн хүүхэдтэй болсон тохиолдолд эрэгтэй нь үр хүүхдийн асуудалд оролцохгүй, санхүүгийн хариуцлага хүлээхгүй байх нээ.Монголын хувьд Гэр бүлийн тухай хуулиар эрэгтэйчүүд хүссэн ч бай хүсээгүй ч бай үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Зарим эрчүүд шүүх хуулийн байгууллагад хандаж асуудал үүсгэлгүйгээр үр хүүхдийн тэжээн тэтгэх үүргээ биелүүлж байхад зарим нь шүүхээр эцэг гэдгийг нь тогтоолгохоос нааш тас гүрийдэг.Манайд зарим эрчүүд шүүхэд хандаж, өөрийн хүүхдээ биш гэсэн асуудлаар нэлээн маргадаг. Хэдэн жилийн өмнө нэг залуу хүүхдээ өөрийнх нь биш гэдгийг тогтоолгохоор шүүх эмнэлгийн газрын эмчид авилга өгсөн явдал гарч байсан. Хэрэв манайд эцэг байх эрхийн асуудал хөндөгдвөл өрх толгойлсон эхчүүдийн тоо нэмэгдэх магадлалтай. Залуучууд гэр бүл төлөвлөлтийн талаар ойлголт муутайн дээр залуучуудын нэлээн хэсэг нь хүүхэдтэй болоод л гэрлэсэн байдаг тул "эрчүүдийн эцэг байх эрх"-ийн тухай яриа хөөрөө арай эрт байгаа.

Алдаатай логик
Манай телевиз, сонин хэвлэлийг харахнээ логикийн маш их алдаатай мэдээ, нэвтрүүлэг гарах юм. Бас маргалдаж мэтгэлцэж байгаа хүмүүсийг ч харахад логикийн алдаа их хийх юм. Тэгээд нийтлэг байдал логикийн алдааг энд жагсаалаа.
Алдаатай логик
1. Тухайн асуудалтай огт холбоогүйгээр, ярилцагчийн хувь хүний байдалтай холбож дүгнэлт өгөх нь алдаатай логикийн нэг түгээмэл жишээ юм. Тухайлбал: "Чи баян болохоор яагаад намайг биеэ үнэлээд байгааг ойлгохгүй", "Баяраа ямар ч шашинд итгэдэггүй болохоор нууц амраг байх ёстой гэж бодох нь гарцаагүй" гэх мэт дүгнэлтүүд үнэндээ логикийн хувьд алдаатай буруу дүгнэлт юм.
2. Тухайн хүний одоо хэлж байгаа зүйл нь өмнө хэлж байсан зүйлэй зөрчилдөх, эсвэл үйлдэлтэй нь зөрөөд байгааг хараад дүгнэлт хийх нь алдаатай логик болж байна. За миний бие энэ алдаатай логикийн хэлмэгдэлд байн байн өртдөг билээ. Үүний жишээ гэвэл: Би тамхи баагиулчихдаг муу зуршилтай юм. Гэхдээ найз нартаа тамхи шиг муу муухай зүйл энэ хорвоо дээр байхгүй, насны эцэст хорт хавдар тусах магадлал өндөр гээд сургаж байгаад л дараа нь за, тамхилъя гээд гараад явахад хэрэв хэн нэг нь "Тамхи татах тийм ч муу зүйл биш л юм байна. М татаад л байна ш дээ" гэж бодож байх ахул энэ бол алдаатай логик дүгнэлт юм. Мөн намайг "Эмэгтэй хүн гоо сайхандаа мөнгө харамгүй зарцуулж, чанартай бараа л авч хэрэглэх хэрэгтэй" гэж хэлэхэд хэн нэг нь "Хн, чи өөртөө гоо сайхандаа мөнгө харамгүй зарцуулаад, чанартай бараа хэрэглээд байгаа чинь хаана байгаа юм? Чи ингэж ярьж болохгүй ээ" гэвэл мөн л алдаатай дүгнэлт юм. Сэдвээс тун хол гажиж байна гэсэн үг.
3. Хэн нэгэн алдар цуутай хүнд дулдуйдаж хийсэн дүгнэлт мөн л алдаатай. За энэ бол байнга л тохиолддог. Жишээ нь: би хятад оюутантайгаа маргав: "Мао аугаа мундаг гарамгай удирдагч гэж үү? Тэр чинь соёлын хувьсгалаар зөндөө хүнийг хороож, хэлмэгдүүлж, бас байгалийн гамшиг болоод сая хүн амиа алдахад тас нуугаад өнгөрч байсан шүү дээ. Тийм хүнийг яаж шилдэг удирдагч гэж нэрлэх юм бэ?" гэвэл нөгөөдөх маань "Мао шилдгийн шилдэг байлгүй яахав. Чи энэ номыг уншвал ойлгоно. Тэр аллага энээ тэрээ бол улс орны сайн сайхны төлөө хийсэн зүйл. Тэгээд ч энэ номон дээр түүнийг хамгийн сайн удирдагч байсан гэж бичсэн болхоор тэр сайн удирдагч байж л таарна" гэж байвал алдаатай логик болж байна. Үүний бид зурхайч, лам, эмч, улс төрч гээд олон хүний хэлснийг бурханчлан дагаж шууд итгэж, "Тэр тэгсэн болхоор тийм байна" гэж боддог олон жишээнээс харж болно.
4. Түгээмэл яриа, итгэл үнэмшил, үйл хөдлөл зэрэгт дулдуйдаж дүгнэлт хийх нь алдаатай логик дүгнэлтэд хүргэнэ. Бас л байнга тохиолддог шүү дээ. "Архи уусан байхдаа машин барьж болохгүй л гэдэг, тэгсэн мөртлөө бүгд л согтуудаа машин бариад байдаг л юм чинь зүгээр зүгээр", "Бүгд л Намбарын Энхбаярыг муу хүн гэж хэлээд байгаа юм чинь тэр муу хүн л байж таарна" гэх мэт. Мөн түгээмэл сэтгэл зүй дээр үндэслэсэн алдаатай логик зар сурталчилгаа, ухуулга зэрэгт өргөн хэрэглэдэг. Жишээ нь "Та манай тураах эмийг хэрэглэвэл гоо сайхан биетэй болж хавийн хүүхнүүд атаархаж харчуул нүд унагаж, өөртөө итгэлтэй болох болно", "Та манай энэ цагийг зүүгээд бизнесээ хийвэл түншүүд чинь таны хүч чадлыг шүтэн биширнэ" гэх зэрэг.
5. Ямарваа нэгэн айдас, зан заншил, эмзэг сэдэв, зовлон, сэтгэл зүй, бялдуучлал зэрэгт дулдуйдаж хийсэн дүгнэлт алдаатай байдаг. Тухайлбал: манай нэг гадаад оюутан "Би Танака багшийн хичээлийг авахгүй бол болохгүй яагаад гэвэл тэр танхимын эрхлэгч шүү дээ" гэж байгаа нь, мөн "Таны хичээл миний хамгийн дуртай хичээлийн нэг. Тийм болохоор би А авахгүй бол болохгүй" гэх, "Та яагаад Золоод шилдэг ажилтан шагнал өгөх гээд байгаа юм бэ? Тэр чинь таныг өнгөрсөн жил хурал дээр шүүмжилж байсныг мартаа юу? гэхэд "Нээрээ тийм, тэгвэл Золоод шагнал өгөхгүй ээ" гэх нь бүгд алдаатай дүгнэлт болно.
6. Бүлгийн санаа бодлоос шалтгаалж хийх алдаатай логик. Тухайлбал хэн нэг нь "Чамайг парламентийн засаглалыг улам сайжруулая гэсэн бодолтойг чинь мэднэ. Гэхдээ манай хөдөлгөөн ерөнхийлөгчийн засаглалыг тогтоох зорилготой юм шүү дээ" гэж хэлэхэд нь "Өө тийм үү, тэгвэл ерөнхийлөгчийн засаглалыг дэмжинээ" гэж байгаа нь алдаатай логик.
7. Хүнийг доромжлох байдлаар хийж байгаад дүгнэлт алдаатай байх болно. Тухайлбал хэн нэгэн нь ерөнхий сайдын эдийн засгийн бодлогыг шүүмжлэхэд нь ерөнхий сайд "манай энэ залуу туршлагагүй улс төрч болохоор ийм дүгнэлт хийж байна" гэх, эсвэл "түүнийг яаж олон улсын хуралд явуулж болох вэ? тэр чинь ДОХ-той гэж сэжиглэгдэж байгаа шүү дээ" гэх нь алдаатай дүгнэлт юм.За энэ мэтчилэн үргэлжлүүлээд байвал нэлээн урт жагсаалт гарах болно. Дараа үргэлжлүүлэхийг бодно. Ер нь аливаа дүгнэлтээ хийхдээ хамгийн гол нь үндэслэл, дүгнэлт хоёрын хоорондох уялдаа холбоогоо анхаарч байхгүй бол иймэрхүү алдаатай дүгнэлт хийж буруудах болно шүү дээ. Хамгийн гол нь мэргэжлийн төвшинд ийм алдаа гаргахгүйн тулд логикт суралцая гэж уриалж байна.

Today's downtime

НАРСХАН МИНЬ ЧИ ТЭГТЛЭЭ БИТГИЙ ГУНЬЖ БАЙ

Өглөөний наран, тэр модонд түрүүлж туслаа гэж,
Өнгө жавхаагий нь өргөн шижир туяагаар бүлхлаа гэж,
Намайг тоосонгүй, түүнийг л шиллээ гэж,
Нарсхан минь чи тэгтлээ битгий гуньж бай!
Өвгөн нарны тэргүүн дээр, өглөөний наран
Өөрий чинь харах гэж саатсан ч юм бил үү?
Өндөр болохы чинь ерөөж, доошоо гулсан буугаад
Өлмий дор чинь унасан ч юм бил үү?
Нас чинь бага, бие чинь нялхаараа байхад
Нарсхан минь чи тэгтлээ битгий гуньж бай!
Уран хөхөө, тэр модонд ирж суулаа гэж,
Уяхан хонгор дуугаа уянгалуулан түүнд дууллаа гэж,
Намайг тоосонгүй, түүнийг л шиллээ гэж,
Нарсхан минь чи тэгтлээ битгий туньж бай!
Өтгөн сүрлэг тэр модон дээр, хөхөө шувуу
Өөрий чинь өхөөрдөн дуусан юм билүү?
Өндөөр болсон хойно чинь дандаа ирнээ гэж,
Өлгийн дуу аялан дуулсан ч юм бил үү?
Нас чинь бага, бие чинь балчир байхад
Нарсхан минь чи тэгтлээ битгий туньж бай!
С.Д

No comments: