Friday, December 8, 2006

Алдар нэр

Алдар нэрд хүрэх амархан

Хэд хоног интернетээр уйгагүй ТВ, сонин үзэж харж уншиж суугаад нэг бодомж төрлөө. Монголд ер нь нэр алдард гарахад хэд хэдэн зарчим баримтлах шаардлагатай юм байна гэдгийг улс төрчид, урлаг соёлын одуудын ярилцлагаас олж мэдлээ. Ингээд ямар зарчим баримтлах хэрэгтэйг өөрийнхөө ойлгосноор сийрүүлэв.

Нэг. Олны анхаарал татсан ямар нэг юм хийх. Ямар ч салбарт сурч ажиллаж байснаас үл хамаарч олны анхаарал татсан зүйл хийх хэрэгтэй. Гэхдээ хэт "шинжлэх ухаан"-лаг байж болохгүй. Controversial буюу нийгэмд хурцаар тавигдаж байгаа, анхаарал татсан зүйл байвал их сайн. Урлагийн авъяастай бол уул нь их сайн. Нутаг усны дуу шүлэг гээд. Дуу бүжиг бол ардын урлагийг орчин үеийнхтэй хольж шинэ юм гаргах гэж байгаа тухай ярьж болно. Хөөмийлөнгөө хип хопдох гэх мэт.

Хоёр. Хэрэв олны анхаарал татах зүйл хийж чадахгүй бол ах дүү, амраг саднаасаа мөнгө зээлэхЭнэ мөнгөөр юм худалдаж авахад бус, харин сэтгүүлчид, ТВ-ийнхэнийг дуудаж авчрахад хэрэгтэй юм. Хэвлэл мэдээллээс ТВ5 ер нь нэлээн давгүй. Мэдээ нь ".... гэнэ шүү, ..... гэнэ лээ шүү" гээд чихэнд зөөлөн сонсогдмоор хөтөлдөг. Хэвлэл мэдээллийнхэнд мэдээж өөрийгөө харуулах гэж бус хийж байгаа зүйлээ үзүүлнэ. Хэрвээ ийм зүйл байхгүй, ирээдүйд хийх гэж байгаа гэж ярихад болно доо. Тухайлбал, өндөг чанах гэж байгаа бол энэхүү өндөг ямар ховор тахианаас гарсан, яаж хүнд бэрх үе шатыг даван туулж ирсэн, түүнд та хэрхэн зовж шаналж байсан, ийнхүү зовж шаналж байхад ард түмэн хэрхэн хамт гуниж байсан, одоо ингээд чанахад ямар их сэтгэл хөдөлж байгаа, чанаад идсэнээр ард түмэн хэрхэн жаргах талаар л ярина гэсэн үг.

Гурав. Ярьж байгаа зүйлдээ маш их ач холбогдол өгөх. Энэ зарчмыг хэрэгжүүлэхэд нэлээн хэдэн арга хэрэглэнэ. Тухайлбал яриандаа "ард түмэндээ бэлэг барина", "ард түмэнтэйгээ хуваалцана" гэх мэт ард түмэнтэйгээ хэчнээн ойр дотно хамааралтай харилцаатайгаа гайхаж биширсэн өнгө аяс оруулна. Мөн тухайн зүйлийг хэрэгжүүлснээр ард түмэн хэчнээн их жаргалын далайд умбаж шумбахыг нүдэнд харагдтал ярина. Болж өгвөл ямар нэг өдрийн, долоо хоногийн, сарын аян зохион байгуулж байгаагаа хэлнэ. Энэ аянд маш уянгалаг, тод уриа байх ёстой.

Дөрөв. Өөрийгөө хэчнээн даруухан мөртлөө хөдөлмөрч болохоо тайлбарлана. Өөрийгөө ярихдаа "миний авъяас чадвар бол ганц миний өмч бус ард түмний өмч" гэвэл бөөн очков авна. Бас "..... хүнийхээ хувьд" гэдэг үгийг сайн хэрэглэвэл зохино. Жишээ нь "монгол хүн болж төрснийхөө хувьд", "эрдэм шинжилгээ хийж байгаа хүнийхээ хувьд", "ирээдүйн од хүнийхээ хувьд" гэхчилэн өөрийнхөө олон төрлийн үүрэг ролийг сайн гаргаж тайлбарлана. Мөн өөрийнхөө хэчнээн сайн эхнэр, нөхөр, ээж, аав, ах дүү болохоо харуулна. Манай ард түмэн гэр бүлээ гэсэн бас эх орноо гэсэн сэтгэлтэй хүнийг өндөрт үнэлдэг шүү дээ. Тухайлбал "хөдөө орон нутгаараа яваад ирлээ", "малчин ард түмэнтэйгээ уулзаад, амьдрал ахуйтай нь танилцлаа, их юм ойлголоо" зэрэг зүйл ярина. Яриандаа "..гэж бодож байгаа", "... гэж санаж бодож байгаа", ".... гэж итгэж байна" гэхчилэн өөрийнхөө хэчнээн тэнгэрлэг, бурханлаг, аугаа, гэгээлэг зүйл сэтгэл зүрхэндээ тээж явдагийг ард түмэндээ мэдүүлнэ.

Тав. Ойрд болох томоохон арга хэмжээтэй өөрийнхөө ямар нэг юмыг холбохҮүний нэг жишээг дурдвал одоо хүн бүр Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойг угтаж ямар нэг юм хийж байгааг ашиглаж болно. Болж өгвөл өгүүлбэр бүрдээ энэ лоозонг хэрэглэвэл их сайн.

Зургаа. Тайван сайхан амьдармаар байгаагаа хэлэх хэрэгтэй.Өөрийгөө сайн таниулсан гэж үзсэн бол дараагийн баримтлах зарчим нь ард түмнээсээ "намайг тайван орхиоч ээ", "миний хувийн амьдралд битгий оролцооч ээ" гэх зэргээр эелдэгээр гуйх хэрэгтэй. Тэгвэл бүүр ч их анхаарал татдаг шалгарсан арга юм. Бас цаашид сонин хэвлэлээр өөрийнхөө талаар бичүүлэхийн тулд ямар нэг өрсөлдөгчөө өөрөө зааж өгөх хэрэгтэй. Жишээ нь "намайг тэрэнтэй битгий муудалцүүлаач ээ, битгий яс хаяач ээ, битгий өрсөлдүүлээч ээ" гэх зэрэг үг хэллэг бий.

Долоо. Ирээдүйд хийх зүйлийн талаар ярина. Ирээдүйд хийх зүйлийнхээ талаар юу ч гэж бурж болно. Тэрний биелэлтэд анхаарал тавих хүн угаасаа байхгүй. Сайхан чөлөөтэй ярих хэрэгтэй. Нэг зүйлийг анхаарахад мэдээж алдар хүнд олж авахад шагнал хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр "төр засгаас шагнал авах гэж хийж байгаа юм биш ээ" гэх мэт өдөөн хатгасан үг хэлвэл зохино. Бас хажуугаар нь "төр засаг залуу үеээ дэмжээсэй, юм хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлийг нь урамшуулаасай гэж хүсэж байна" гэж хэлвэл бүр сайн. Ер нь яриандаа болж л өгвөл "манай ард түмэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа", "тэртээ тэргүй хэн нь хэн бэ гэдгийг цаг хугацаа харуулна" гэхчилэн "шилдэг" үг хэллэгийг тогтоож цээжлээд авах хэрэгтэй.

Найм. Мартаж болохгүй алтан зарчимХамгийн сүүлд зөвлөхөд манай ард түмэн онгироо ярианд дургүй гэдгийг байнга санах хэрэгтэй. За ингээд эдгээр зарчмыг үндсэнд нь мөрдөөд явахад ямар нэг юманд хүрнээ хүрнэ.

1 comment:

болжгоно said...

ene post-g chin unshij baahan ineev, neeren l unen yum bichijee. hehe