Saturday, January 6, 2007

fate

Хуульч, өмгөөлөгчидтэй ярилцаад суухад сонин сонин түүх сонсоно. Заримаар нь бүр зохиол бичээд, кино хиймээр. Тайлагдашгүй хэргүүд нэлээн бий. Анод банкны хэрэгтэй төстэй хэрэг тавиад оны үед билүү хэдэн мянган төгрөг дээрэмдсэн, хүний аминд хүрсэн шуугиантай хэрэг гарч, эзэд нь олдоогүй байдаг. Энэ хэргийн талаар нээрээ нэг судлахым байна шүү. Санах ойндоо суулгав. Үүгээр нэг сонирхолтой түүхийг өгүүлье. Долоон жилийн өмнө ярьсан түүх болохоор зарим нэг нарийн ширийн фактыг бүрхэн бархан санаж байгаагаар буулгав.

Нэг ийм явдал болсон юм гэсэн. Жараад оны сүүл үед гэнэ. Нэгэн залуухан өмгөөлөгч дөнгөж хойно сургуулиа төгсчихөөд мэргэжлээрээ ажиллахаар болж, чухамдаа уулыг нурааж, усыг эргүүлмээр бяр чадал амтагдаж байж. Ажил хөдөлмөрийн гараанд хөл тавиад удаагүй байхад нь нэгэн хүн амины хэрэгт өмгөөлөгчөөр ажиллах болжээ. Шүүгдэгч нь өмгөөлөгчтэй үе тэнгийн залуу байв. Тэр залуу нэг хүнийг буудаж амийг нь хороосон хэрэг үйлдсэн аж. Залуугийн үүх түүхийг судлахад яав ч хэрэг үйлдэхээр хүн биш байлаа. Арван жилээ алтан медальтай төгсөж, шилдэг сурагч болж, улмаар Орост цэргийн сургуульд? сурахаар явж, тэндээ ч шилдгээр нь тодорч байв. Ар гэр нь ч ямар нэг проблемгүй. Залуу өөрөө алтан гартайгаар алдартай байж. Юуг л бол юуг урлаж бүтээх авъяастай нэгэн байв. Зан аашийн хувьд ч танил найз нөхөддөө хал балгүй, нэр хүндтэй байж. Өө сэвгүй баймаар залуу яагаад хэрэг үйлдэх болов оо.

Хэрэг гарсан өдөр: Залуу амралтаа эх орондоо өнгөрөөчихөөд маргааш нь сургууль руугаа буцах байв. Хэрэг гарсан орой залуу өөрийн гараар хийсэн бууг зарим нэг хүмүүст үзүүлчихээд буугаа өвөртлөөд харьж явж байв. Гэртээ харих замд нь хоёр залуу хөндөлсөөд ирж. Үг сөрч, улмаар зодоон цохиондоо тулжээ. Залуу зодооны үеэр хоёр залуугийн нэгийг нь буудчихжээ. Нөгөөдөх нь харин зугтаад алга болж.

Залуу хэнийг буудчихав аа гээд шалгатал... Яг тэр үед хэд хэдэн хүний аминд хүрсэн, араатнаас дор авиртай, рецедивист хоёр хэрэгтэн шоронгоос оргочихоод олдохгүй байсан нь дээрх залуус байж таарчээ. Оргодлууд замдаа хүний аминд хүрч, дээрэм, зодоон цохионы хэрэг үйлдээд амжсан байв.

Залуугийн хэргийг өмгөөлөх явцад халуу залуу насны гал дөлөөр бадарч яваа сайхан нэг залуу торны цаана суух болж байгаад өмгөөлөгч төдийгүй шүүгч, прокурор ч өрөвдөж байж. Хүн амины хэрэг болохоор арван хэдэн жилийн хорих ял сонсжээ.

Залуу хорих газарт очоод эвдэрч сүйрсэнгүй. Шоронгийн эвдэрхий хэмхэрхий зүйлсийг янзалж засаж, хүн амьтанд тусалж, томоотой, дуулгавартай, хүмүүжилтэй байж, хийх ёстой зүйлээ цаг хугацаанд нь ямар нэг асуудалгүй хийж гүйцэтгэж байлаа. Эл байдлын дүнд залууд хорих газрынхан итгэл хүлээлгэж, хатуу цагдаж хорихоо больж. Залуу ч хоригдох хугацаанд машин барьж сурч, улмаар хорих газрын хашаан дахь ажиллахаа байсан машиныг засаж ойр зуурын хэрэглээнд унадаг болжээ. Залуу ч бараг л хорих газрын нэг ажилтан юм шиг л байвай. Он жил ч өнгөрч. Залуу хорих газрын хоол хүнсийг зөөдөг чухал хариуцлагатай ажил үүрэг хүлээжээ. Эл ажлаа гүйцэтгэх явцал нэгэн бүсгүйтэй танилцсан аж. Өнөөх бүсгүйтэйгээ уулзахыг мөрөөдөн, дараагийн хоол хүнсэнд мордох өдрийг тэсэн ядан хүлээдэг болвой. Залуу үтэр түргэн хорих газраас гарч, хайртай бүсгүйтэйгээ шинэ амьдрал зохиож үр хүүхэдтэй болохыг мөрөөддөг болжээ. Ингээд залуу, түүний хайртай бүсгүй өнөөх өмгөөлөгчтэй уулзаж, ялын хугацааг багасгах ямар арга байгааг асууж, туслахыг хүсжээ. Өмгөөлөгч ч ажилдаа ханцуй шамлан орж хөөцөлдөж гүйсээр ялын дуусах хугацааг наашлуулж чаджээ.

Тэр нэг өдөр залуу сүүлийн удаа хорих газрын хүнсний материалыг зөөхөөр хот руу орж иржээ. Долоо хонов уу үгүй юу суллагдах болсон байж. Залуу хайртай бүсгүйтэйгээ уулзчихаад явах замд нь машины осолд орж. Машин хэдэнтээ годройтож, залуу, бас нэг нөхөр газар дээрээ нас баржээ.

Энэ явдлаас хойш арван жилийн дараа... Нэгэн нартай сайхан өдөр өмгөөлөгч автобусанд явж байтал өөдөөс нь зүс мэдэх байрын бүсгүй инээмсэглэсээр дөхөж ирэн мэндэлж гэнэ. Хэн билээ гэж гайхтал, уг эмэгтэй талийгаач залуугийн дурлалт бүсгүй байв. Түүгээр ч үл барам дагуулж явсан дэрсхэн хөөрхөн хүүгээ талийгаачийн хүү гэж танилцуулж. Залууг осолд орох үед бүсгүй хөл хүнд байжээ. Бүсгүй өмгөөлөгчид тэр хүнд хэцүү үед сэтгэл санаагаар дэмжиж тусалж байсанд баярлаж явдгаа хэлж. Талийгаач энэ хорвоод үе залгамжлах үр удмаа үлдээсэн гэдгийг мэдээд өмгөөлөгчийн сэтгэлд аль дээрээс огшсоор явсан нэгэн хар тээг арилах шиг болжээ.
Хамгийн хачирхалтай сонирхолтой нь юу гэвээс тэрхүү машины ослоор нас барсан эр аль дээр хэрэг гарах орой зугтаж алга болоод олдохгүй явсан оргодол байсан ажээ.

Залуу тэрхүү хоёр оргодлын аминд хүрч, өөрийгөө золиослох тавилантай төрсөн юм болов уу? Ер нь хувь тавилан гэж байдаг юм болов уу гэсэн асуултууд өмгөөлөгч болон үүнийг сонссон бидний оньсого болон үлдсэн билээ.

7 comments:

Хишгээ said...

iim hereg uneheer bolson yum uu? angli hel deer link ni baina uu, wikipedia deer ch yum uu? unen bol uruvdultei yum

зЭрЭгЛэЭ said...

mongold bolson yavdal yumaa.

А.Ганбаатар said...

яасан аймаар хэрэг вэ? хувь тавилан байдаг гэж итгэх шахлаа.

iga said...

Марал аа, баярлалаа хүсэлтийг минь хүлээж авсанд.
Гэмт хэрэг болохоор судлагдаад үлдсэн байна л даа энэ, сонирхолтой бас харамсалтай юм. Энүүн шиг учрал тохиолууд хүний амьдралд ажилгаад байвал болоод байх шиг санагддын шүү. амьдралд учирсан чухал хүмүүстэй яриад байвал өмнө нь ямар нэгэн шижимтэй байгаад байдын. мань мэт чигсэн одоо ингээд энд учирцгаагаад жанцантай гээд халуураад унакү юү :)

zalituneg said...

Neg medsen adal yavdalt romatik zohiol unshij baina gej bodchihson zurhee chagnachihsan baidag baina shde. Uneheer bolson yavdal bol yamar gunigtai hereg ve.

Chariote said...

50-iad ony hereg gej 25000 tugrug deeremdsen aminy tsagaany hereg gedegig yarij bn uu? tsaad ezen ni Do yaamny hun baisan gesen shuu..... yasan uruvdultei hereg vee.

Chariote said...

huvi tavilan bdag bhaa. tgd l computertai uchraa biz geed doombortood suuj bhaas.