Wednesday, August 1, 2007

Миний рок нөхөр

Ингээд би нөхөртэй болдог юм байна. Эрлийн үзүүрт эрдэнэ гэдэг шиг. Хайсны эцэст олноо гэж бас хэлдэг шиг. Хавийн хүүхнүүдийн нүд унаж, хажуугаар нь өнгөрөхөд нь хүзүү хугартал эргэж хармаар хачин дэгжин жавхаалаг нөхөртэй болчлоо. Нөхөртэй болж байгаам чинь хадам ааж ээж ах гээд шууд л газар дээрээ өнөр өтгөн, дуу шуугаар цалгиж халгисан болчдгийм байна.
Заяаны ханиуд бие биеэ хараад зүрх зүрхээ таньдаг гэж ёстой үнэн. Нөхөр бид хоёр нэг нэгнээ харангуутаа л тэврэлдэж аваад “үнсэлцэв”. Нөхөр ч жигтэйхэн романтик, харандаа цаас бариад л миний зургийг зурж эхлэв. Аргагүй ээ, онцгой их сэтгэлийн хөдөлгөөн онгодыг нь оруулж байгаам чинь дээ. Хөрөг зургаа анх удаа зуруулж үзлээ ийнхүү. Болоогүй ээ, бас ирээдүйн амьдралаа хоёл ярилцаж, шууд зурж баталгаажуулав. Зургаан хүүхэдтэй болно. Хоёр шувуу, хүүхдийн тоглоомын талбай гээд боломжийн амьдрал зохиохым байна.
Нөхөр маань одоогоор эрхэлсэн ажилгүй, айл амьтны хаалга үүд татаж, амттан сэлт эргүүлж ходоод гэдсээ тордож байгаа юм. Гэхдээ тун удахгүй рок мангас болчоод намайг хар Харли Давидсоны ард суулгаад унннннн-уннннн гээд салхи татуулан давхинаа гэж амласан. Би ч бөөн баяр л байна.
Миний нөхрийн түргэн шалмаг, авъяас чадварыг харсан үзсэн хүмүүс амаа ангайгаад хэсэгтээ алмайрдгийм. Хип хоп үглэнэ дуулна, бүжиглэнэ барина гэдэг бол ярихым биш. Дараа бичлэгийг нь тавихыг бодноо. Нөхрөөрөө бахархаж байнаа. Өөрийгөө гаднаа хип хоп ч зүрх сэтгэлээрээ рок гэж тодорхойлдгийм.
Бид хоёр ч өвөр түрүүндээ орох шахам олны дунд баахан эрхэлдэж нялуурч, хүнээр дутагдсан сэтгэлт байсан цангаа тайлагдав бараг.
Миний нөхрийн халамжтайг ээ. Хавьд сонсоогүй халамжийн үг сонсож сэтгэл уярч уйлахаа дөхөв дөө.
Орой болж намайг гэр рүүгээ харихаар болоход нөхөр маань их л санаа зовж, ганцаараа гэртээ харьж чадах уу гэж асуув. Би ч шөнө сүнс чөтгөрөөс үнхэлцгээ хагартал айдгаа хэлэхэд, нөхрийн царай барайж бодолд орж хоёр тийш холхиж байгаад , аав ээж хоёр руугаа эрүүгээрээ дохингоо, “Энэ хоёр надад буцаж яаж харихыг сайн хэлээд өгчихвөл ч би ч хүргээд өгчихнө л дөө” гэсийм шүү дээ.
Бас болоогүй ээ, метроны буудал хүртэл алхаж байхад намайг ядарчихна гээд нарны шүхрийг маань барьж өгсөн гэж байгаа.
Ийм халамжтай нөхөртэй заяагаараа л таарлаа. Надтай уулзангуутаа урьд үерхэж байсан Болороо охиноос харилцаагаа бүрмөсөн таслахаар шийдсэнээ албан ёсоор мэдэгдэв. Тэр нь их халтар, нусан баатар болохоор угаасаа л салъя гэж бодож байснаа нуулгүй надад хэлэв.
Удахгүй нөхөр тав хүрнэ.
За нөхрөө магтаад байвал үг холдож үхэр холдохым байна.

4 comments:

java said...

tsoglog nuhurtei bolje. :)

A.Амарсайхан said...

Би бас 5-6-тай байхдаа нэг эгчид их сайн болж байж билээ. Одоо бүүр түүрхэн санадаг. Тэгээд бодохоор энэ эрчүүд үү... Эр хүнийх нь саваагүй зан эрт хөдөлдөг золигнууд байгаа юм. /хэ хэ/

А.Ганбаатар said...

хэ хэ, нусан баатар болохоор нь салъя гэж бодож байсан... байхдаа яахав дээ, элэг хөших шахлаа. (хүний нөхөр шоолжийж хэрэгт орох вий дээ) :P

Ineemseglel said...

aztai odtoi l aaviin huu yum da. Iim saihan busguig ehner bolgoj avdag.