Tuesday, April 28, 2009


Энд тэндхийн яриа чалчигнал

***
- Чи ёстой сайхан аа. Нөхөртэй... Өөр амьдралаас юу ч хүсэх вэ дээ. Ажил төрөл гээд санаа зовоод байх ч зүйлгүй, мөнгө төгрөгийг нөхөр чинь олчихно. Ажил гэж зовохгүй болохоор дуртай зүйлээ хийж болно. Би ч өдөржин ажил ажил гэсээр хөгширлөө.. Чи гоё юм аа...
- Харин чи гээч. Ганц бие байхдаа л сайхан энэ тэр газраар тэнэж зугаалж авдаг байж гэж харамсдаг юм. Одоо чи ганц бие байх үедээ л сайхан эрх чөлөөгөө эдэлж авах нь дээр. Би ч өдөржин гэр гэр гэсээр л нэг айлын авгай л болчихлоо. Чамайг харахаар гоё эрх чөлөөтэй, дуртай газраа дуртай үедээ явж болно гээд л... гоё юм аа.

Бодол: Хүний нүд өөрт байгаа зүйлээсээ илүү байхгүй зүйлээ олж харахад юутай гярхай юутай хурц вэ. Өөрийн байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байж сурах гэж явсаар амьдарсаар дуусдаг ч юм уу.

***
- Ойрд ядраад нойр олигтой хүрэхгүй, өдөр толгой өвдөх юм.
- Харин чи намайг бодоход гайгүй ээ. Угаасаа бие сайтай хүн биз дээ. Би бүр ядраад нойр хүрэхээ байгаад дээр нь ходоод өвдөөд байх болсон.
- Үгүй ээ, харин чи гайгүй шүү дээ. Миний толгой өвдөхөөс гадна бөөр ч юм уу юу ч юм ар нуруугаар хөшиж өвдөөд сууж явахад хэцүү юм.
- Тэр юу ч биш ээ. Би бүр нэг өдөр толгой манараад түргэн дуудах нь халаг болсон. Даараад байгаа юм уу ойрд бас давсаг саваар өвдөөд байх шиг байна.
- Тэр ч гайгүй ээ. Миний бүр үс унаад, гар салгалаад байх болсон шүү дээ.
- .....
- .....
- Үгүй ээ, тэр Д ямар сайхан бие сайтай юм бэ. Өглөө эрт түүртэхгүй босоод л ажилдаа явж байх юм.
- Чухам аа. Д ч угийн бие хаа сайтай хүн юм.

Бодол: Хүний өвчин зовлон үргэлж бусдынхаас илүү хэцүү, хүнд, аймшигтай санагдаж, нэг л мэдэхэд үүгээрээ бүр өрсөлдөөд л. Бүгд л аз жаргалыг хайдаг хэрнээ яг жаргалтай үедээ тэр аз жаргалаасаа айж эмээж, үгүйсгэж эхэлнэ.

***
- Төслийн материалд чиний бичсэн энэ хэсэгт алдаа гарчихсан байна.
- Хаана? Юу гэнэ ээ?
- Буруу мэдээлэл орчуулчихсан байна. Засах хэрэгтэй байна.
- Юу гэнэ ээ? Аль? Чи өөрөө харин энд алдчихсан байна ш дээ. Харж байна уу?
- Өө тийм үү.
- Тийм үү сээд байх юм алгаа. Өөрийнхөө алдааг эхэлж олчихож байвал зүгээр сэн. Өөрийгөө ер нь юу гэж бодоод байгаа юм бэ. Өөрийгөө л хичээвэл барав. Хийж байгаа нь их юм. Өөрөө хийсэн бол яаж алдаж байх бол оо. Чадаж байгаа нэгэндээ саад болохоо болимоор юм. Ганц нэг андуураа л биз. Сүртэй юм....бла-бла-бла

Бодол. Өөртөө дайсан нэмье гэвэл хүний хийснийг шүүмжлэх, алдааг нь хэлэх хэрэгтэй юм байна гэдэг үнэний хувь ихтэй юм байна.

***
- Юу болсон гээч. Би өчигдөр явж байгаад Г-тай тааралдаад. Ёстой санаандгүй таардаг байна ш дээ. Хүүхдээ тэвэрчихсэн явж байна лээ....
- Тийм үү. Г нөхрөөсөө салаагүй байна уу? Хүүхэд нээрээ хөөрхөн шүү. Манай дүү нээрээ төрөөд, охинтой болсон ш дээ. Зургийг нь явуулсан чинь ёстой муухай охин байна лээ.
- Хөөх ямар гоё юм бэ. Яанаа бид хэзээ төрөх бол оо. Хурдан хүүхэдтэй болъё оо бүгдээрээ. Чамайг хүн эргүүлж байна уу? Хөгширлөө шүү бид.
- Харин тийм ээ. Дулмаа нээрээ жирэмсэн гэж байна лээ. Би нээрээ Дулмааг эртээр дэлгүүрт явж байхыг нь харсан ш дээ. Нэг залуутай явж байна лээ.
- Тийм үү. Найз нь юм байх даа. Нээрээ би сая нэг залуутай танилцаад аа. Бүгдээрээ хамт нэг уулзаж суух уу.
- Тэгье л дээ. Хэзээ уулзах вэ? Би ойрд ажил ихтэй. Ажил гэж арзайсан муухай юм байна. Хурдан ажлаасаа гарах юм сан.
- Чухам аа. Би бас ажлаасаа гармаар байна. Ажлаас гарах гэснээс манай ажлын Баатар ганц бие юм байна лээ ш дээ.
- Тийм үү. Танилцуулаач ээ.....бла-бла-бла

Бодол. Хүүхнүүдийн яриаг ойлгох гэж хичээхийн хэрэг огт байхгүй. Хүүхнүүдийн яриаг гольфийн төвд зэрэгцэж зогсоод нэгэн зэрэг бөмбөг цохихтой адилтгаж болно. Тэдний хувьд бүгд ярих гэсэн зүйлээ ярьж, сонсох гэсэн зүйлээ л сонсохоос логик, дэс дараалал, нэг нэгэндээ ярих боломж олгох баланс этэр ер хамаагүй юм.

3 comments:

dao said...

эд чинь хүмүүс шүүдээ

soulmate said...

би ч бас тэдний нэг нь

Baagii said...

Goe bichjee my nz