Showing posts with label Хувийн тэмдэглэл. Show all posts
Showing posts with label Хувийн тэмдэглэл. Show all posts

Wednesday, September 25, 2019

"Аугаа жүжигчинтэй хийсэн ярилцлага"


Стивен Ликок


Аугаа жүжигчинтэй уузах гэж нэлээн хүндрэл бэрхшээлийг туулсны эцэст түүний номын сангийн нам гүм өрөөнд ярилцлага авахаар болсон юм. Жүжигчин тухлаг гүн буйдан сандалд сууж бодолдоо автан бидний байгааг ч анзаарахгүй байлаа. Түүний өвдөгний хавьцаа уран сайхнаар авахуулсан зураг нь байх бөгөөд аугаа жүжигчин түүний үл ойлгогдох нууцыг тайлахыг хичээх мэт тас гөлрөн ширтэх аж. Бид энэ зуур түүний тохойн тушаа ширээн дээр тавьсан хар цагаанаар буулгасан сайхан зургийг нь мөн таазнаас дүүжлээстэй гайхалтай хөргийг нь харж амжлаа. Энэ бүхнийг бид сандал дээр суухын зуур л анзаарцгаасан юм. Биднийг тэмдэглэлийн дэвтрээ гаргах үед аугаа жүжигчин бидэн рүү харав.
“Ярилцлага гэнээ?” гэж хэлэхэд нь түүний хоолойноос залхсан ядарсан өнгийг мэдрэгдэв. “Дахиад л ярилцлага!”
Бид бөхийв.
“Сурталчилгаа!” гэж өөрөө өөртөө бувтнан “Сурталчилгаа!. Яагаад заавал бид, жүжигчид, ийм сурталчилгаанд оролцож байх ёстой юм бэ?”
Бид үг бүрийг нь хэвлэж, гаргах бодолгүй байгаа гэж уучлал гуйн тайлбарлатал “Юу?! Хэвлэхгүй гэнээ?! Нийтлэхгүй гэнээ?! Тэгвэл яах гэж...”
Бид түүний зөвшөөрөлгүйгээр хэвлэхгүй гэдгээ нэг юм тайлбарлав.
“Аа тийм учиртай юм бий. ” гэж өнөөх л залхсан байдалтай хэлээд “Миний зөвшөөрөлгүй гэнээ... За за, тэгэхээр би зөвшөөрөхөөс өөр яах билээ. Дэлхий, ард түмэн надаас үүнийг хүлээж байгаа. Юу хүссэнээ л хэвлэ, гарга. Надад магтаал хэрэггүй, нэр хүнд ч хамаагүй. Дараа дараагийн үеийнхэн намайг үнэлэх болно. Гэхдээ...” гэж тэр дууны өнгөө чухал болгоод “надад бичсэн зүйлээ урьдчилж илгээхээ мартав аа. Би зарим нэг засвар хийж магадгүй” гэв.
Бид зөвшөөрсний тэмдэг болж тонголзов.
“За одоо” гэж бид яриагаа эхлэн “таны уран бүтээлтэй холбоотой хэдэн асуулт асуухыг зөвшөөрнө үү. Юуны өмнө таны бодлоор жүжгийн яг ямар төрөлд таны уран чадвар, авъяас илүү тод гардаг вэ? Эмгэнэлт эсвэл инээдмийн жүжиг гээд...” гэж асуув.
“Аль алинд нь” гэж Аугаа жүжигчин хариулав.
“Өөрөөр хэлбэл таны гоц авъяас аль алинд нь давамгайлдаггүй гэсэн үг үү” гэж бид лавлав.
“Үгүй ээ. Миний авъяас аль алинд нь тэргүүлдэг юм” гэж тэр хэлэв.
“Уучлаарай” гээд бид “Бид хэлэх гэсэн санаагаа бүрэн тод гаргаагүй бололтой. Бид юу гэж асуух гэсэн юм бэ гэхээр та өөрийгөө энэ хоёр төрлийн аль нэгэнд илүү сайн байж чаддаггүй гэсэн үг үү гэх гэсэн юм” гэж асуув.
“Үгүй дээ” гээд Аугаа жүжигчин гараа урдаа бариад (бидний сайн мэдэх, шүтэн харах дуртай гайхамшигтай хөдөлгөөн юм) арслан мэт толгойгоо хойш өргөхөд арслангийн дэл шиг үс нь арслангийнх шиг дух руу нь налан унав. Тэрээр “Үгүй дээ. Би аль алинд нь сайн. Миний авъяас эмгэнэлт болон инээдмийн жүжгийн аль алиныг нь шаарддаг юм” гэлээ.
“Өө, тийм үү” гэж бид нэг юм ойлгоод “Тийм болохоор та Шекспирын жүжигт тоглох гэж байгаа юм байна шүү дээ, тийм ээ?” гэж асуулаа.
Аугаа жүжигчин хөмсгөө зангируулав.
“Зөв болгож хэлвэл Шекспирын зан чанар миний тоглолтоор илрэх юм” гэв.
“Өө тэгэлгүй яахав. Нээрээ тийм л дээ” гэж бид өөрсдийн тэнэглэлдээ ичиж ам амандаа бувтнав.
“Би Гамлетын дүрд тоглох гэж байгаа” гэж аугаа жүжигчин үргэлжлүүлээд “Цоо шинэ Гамлет гарч ирнэ гэж хэлэхэд буруудахгүй” гэлээ.
“Шинэ Гамлет гэнээ!” гэж бид гайхсандаа дуу алдан “Шинэ Гамлат? Ийм зүйл байж болно гэж үү?” гэлээ.
“Бололгүй яахав” гэж аугаа жүжигчин хариулаад арслангийн тэргүүн мэт толгойгоо ургаш болгон “Би энэ дүрийг судлах гэж олон жил зарцуулсан. Гамлетын дүрийг өнөөг хүртэл буруу тайлбарлаж байсан” гэв.
Бид гайхан цочирдон сууж байлаа.
“Өнөөг хүртэл бүх жүжигчид” гэж үргэлжлүүлээд “зүрхэлж хэлэхэд өөрсдийгөө жүжигчид гэж нэрлэгсэд, өөрөөр хэлбэл надаас өмнө жүжиглэхийг оролдогсод тэр дүрийг гаргахдаа байнга алдаж байлаа. Тэд Гамлетыг хар нөмрөгтэй тоглож байлаа” гэв.
“Тийм, тийм. Хар нөмрөгтэй байдаг!” гэж бид яриаг таслан дуугарав.
“Тийм шүү. Энэ бол ёстой утга учиргүй юм” гэж аугаа жүжигчин яриагаа үргэлжлүүлэн ард байгаа номын шүүгээнээс хоёр гурван хүнд боть ном гаргаж ирэв. “Та нар Элизабетийн үеийг судалсан уу?” гэлээ.
“Ямар үе гэнээ?” гэж бид даруухнаар лавлав.
“Элизабетийн үе гэж сонссон уу?”
Бид дуугүй л байлаа.
“Эсвэл Шекспирын өмнөх үеийн эмгэнэлт үеийг?” гэж асуув:
Бид нүдээ бууруулав.
“Хэрэв та нар судалсан бол хар нөмрөгтэй Гамлет гэдэг байж болшгүй юм. Та бүхэнд ухаарах сөхөө байваас би тайлбарлаж болно. Шекспирын үед хэн ч хар нөмрөг өмсөж байгаагүй юм. Тийм зүйл ч байгаагүй” гэв.
“Тийм бол та яаж Гамлетыг гаргах вэ?” гэж бид гайхсан, сониучирхсан, бахархсан өнгөөр асуув.
“Бор нөмрөг өмсөнө” гэж Аугаа жүжигчин хэлэв.
“Бурхан минь” гэж бид дуу алдан “Энэ чинь нээлт байна!” гэж бахдав.
“Тийм ээ. Энэ бол нээлт” гэж тэр батлаад “Энэ гэхдээ миний олон санаануудын зөвхөн нэг нь. Миний гол үзэл санаа Гамлетын сэтгэл зүйг илэрхийлэхэд гарна” гэв.
“Сэтгэл зүй гэнээ!” гэж бид асуув.
“Тийм ээ, сэтгэл зүй. Гамлетыг үзэгчдэд ойлгуулахын тулд, би маш их зовлон тээж яваа хүн гэж харуулахыг зорьж байна. Түүнийг Weltschmerz[1] зовоож тарчлааж байгаа. Мөн тэр Zeitgeist[2] –н бүхий л ачааг нуруундаа үүрч яваа. Мөн чанарын хувьд мөнхийн үгүйсгэл түүнийг дагаж байгаа”
“Та түүний үүрч буй ачаа арай дэндүү байжээ гэж хэлэх гэсэн юм уу?” гэж бид аль болох цоглог асуув.
“Түүний хүсэл зориг мохсон” гэж Аугаа жүжигчин бидний асуултыг үл тоомсорлон үргэлжлүүлэн “тэр нэг зүг рүү тэмүүлээд нөгөөг нь хаядаг. Тэр нэг там руу унаад, дараа нь тэнгэр хүртэл нисдэг. Түүний хөл газрыг хайх ч агаар дээр л гишгээд байдаг” гэв.
“Гаймшигтай! Үүнийг судалж олж мэдэхэд маш олон нарийн бүтэц зохион байгуулалт хэрэгтэй байх даа?” гэж бид асуув.
“Бүтэц гэнээ!” гэж аугаа жүжигчин арслан мэт инээн “Ухаан бодлын бүтэц, хүч чадлын зохион байгуулалт, соронзонгийн...”
“Аанхаан, тог цахилгаан” гэж бид хэлтэл
“Үгүй ээ” гэж Аугаа жүжигчин хэлээд “Та нар ойлгохгүй байна. Би энэ бүхнийг өөрөө хийсэн юм. Жишээ нь үхлийн тухай ганцаарчилсан яриа байна. Та нар мэднэ биз дээ?” гэв.
“Орших уу, эс орших уу?” гэж бид эхлэв.
“Зогс” гэж Аугаа жүжигчин хэлэв. “Одоо бодоцгоо. Энэ ганцаарчилсан яриа. Яг мөн шүү. Үүнд л учир нь байна. Энэ бол Гамлет өөрөө өөртөө дотроо хэлж буй үг юм. Минийхээр бол ямар ч үг дуулдах ёсгүй. Бүх яриа чив чимээ, нам гүмд болох юм”
“Та үүнийг яаж хийх болж байна вэ?” гэж бид асуувал
“Зөвхөн нүүрний хувирал, хөдөлгөөнөөрөө”
Тэнгэр минь! Ингэж болно гэж үү? Бид жүжигчин рүү шимтэн харав. Энэ удаа нүүр рүү нь сайн харав. Бид үүнийг жүжигчин хийж чадах юм байна гэж анзаарч эхлэв.
“Би үзэгчдийн өмнө гэж ирээд нүүрний хөдөлгөөнөөр ганцаарчилсан яриаг хийнэ” гэж аугаа жүжигчин хэлэв.
Аугаа жүжигчин ийн ярихдаа тэр гараа зангидан дүрдээ орон сэтгэл хөдлөл, бодол, итгэл найдвар, эргэлзээ, шаналал нэг нэгээр илрэн байв. Бид энэ бүгдийг түүний байдлаас дараалан харах шиг болов.
“Гайхамшигтай!” гэж бид ам амандаа шивнэлдэв.
“Шекспирын үг”гэж аугаа жүжигчин хэлэх үед нүүрний төрх урьдын хэвийн байдалд орж “ямар ч хэрэггүй. Миний тоглолтонд огт хэрэггүй. Би бүгдийг хасна. Жүжигт ийм хэсэг их байх болно. Гамлет гавал барьж зогсдог алдарт хэсгийг жишээ болгоё. Шекспир “Ай, хөөрхий Йорик! Би түүнийг сайн мэддэг байлаа...” гэж хэлсэн байдаг”гэв.
“Тийм, тийм!” гэж бид өөрийн мэдэлгүй ам булаалдаж “Хязгааргүй ухаант хүн...” гэтэл
“Та нарын дуудлага аймшигтай сонсогдож байна” гэж жүжигчин хэлэв. “Та нар цааш нь сонс. Миний онолоор бол жүжигт ямар ч үг хэрэглэхгүй. Ганц үг хэрэглэхгүй. Гавал барихдаа би маш удаан, тайвнаар тайзан дээр гарч ирнэ. Дараа нь чив чимээгүй хэвээр гавлыг алган дээрээ тавьсан хэвээр багана налж зогсоно”
“Гайхалтай!” гэж бид хэллээ.
“Дараа нь тайзны голоор сүрлэг гэгч нь алхаж энгийн нэгэн модон вандан дээр очин гавал ширтэн түр зуур сууна” гэв.
“Хэлэх ч үг алга!”
“Дараа нь би тайзны ар руу явж хэвлийгээрээ газар хэвтэнэ. Ингэхдээ нүдний өмнө гавлаа барьсан хэвээр байна. Ийм байрлалтай хэсэг зуур байж байгаад Йорикийн гунигт түүхийг харуулахаар хөл, гэдсээ хөдөлгөн ургаж удаан мөлхөнө. Эцэст нь гавлыг гараасаа салгалгүй үзэгчид рүү нуруугаа харуулж гэнэтийн хөдөлгөөн хийж найзаа алдсандаа шаналж буй Гамлетын тэр их уй гашууг харуулах болно”
“Яаж ингэж сэтгээ вэ!” гэж бид дор дороо гайхаж бахдсандаа дуу алдацгааж “Энэ зүгээр нэг хувьсгал биш, харин хувьсал болж байна” гэцгээв.
“Аль алиар нь л нэрлэ” гэж аугаа жүжигчин хэлэв.
“Ер нь та Шекспиртэй Шекспиргүй болох юм байна гэсэн үг бус уу?” гэж бид үргэлжлүүлэв.
“Яг тийм. Шекспиргүй байхад болно. Түүнгүйгээр би маш ихийг хийж чадна. Шекспир надаас зуурчаад байгаа юм. Миний хэлэх гэсэн санаа бол Шекспир биш. Түүнээс илүү учир агуулгатай, өргөн хүрээтэй, илүү...юу ч гэмээр юм...илүү аугаа” Ингэж хэлээд аугаа жүжигчин дуугаа хураав. Бид харандаагаа өргөсөн хэвээр хүлээж байлаа. Тэгтэл түүний нүд хурцаар гэрэлтэн “Миний хэлэх гэсэн санаа бол би өөрөө юм” гэж шивнэв.
Ингэж хэлээд тэр суудал дээрээ юу ч үл дуугаран хөдөлгөөнгүй суусаар байв. Бид чимээгүй болгоомжтойгоор дөрвөн хөллөн хаалга хүртэл мөлхөж, дараа нь тэмдэглэлийн дэвтрээ амандаа зуун шатаар бууцгаав.


[1] Ертөнцийн зовлон шаналал (нем.).

[2] Цаг хугацааны сүнс (нем.).


Жич. Шог зохиолч Стивен Ликокийн инээдмийн өгүүллэгүүдээс манай ээж орчуулж гаргах гэж байгаад амжаагүй. Тэрийг нь хэвлүүлчих санаатай өөрөө бас нэмж хэдэн өгүүллэг орчуулж үзэж байна. Үүний нэгийг блоглолоо. Засвар хийлгүй шууд тавьсан болохоор алдаа байвал хэлээрэй. Энэ номыг гаргахад өгүүллэгүүдэд нь таарсан хошин зураг хийвэл зүгээр байх гэж бодоо л байна.

Миний алдсан доллар

Миний алдсан доллар
Стивен Ликок

Миний найз Тодд надад нэг долларын өртэй юм. Мань хүн мөнгө зээлээд арван хоёр сар өнгөрсөн ч би буцааж мөнгөө авна гэж өчүүхэн ч төдий найдахгүй байгаа бөлгөө. Тоддтой уулзах бүрд мань эр надад нэг долларын өртэй эсэхээ санаж байгаа эсэх нь тун эргэлзээтэй харагддаг юм. Тааралдах бүрийд л бид байнга нөхөрсөг найрсагаар уулзалдана. Миний доллар түүний толгойноос аль хэдийн арчигдсан нь тодорхой. Би хэзээ ч тэр мөнгөөний барааг харахгүй гэдгээ бүрэн ойлгосон л доо.
Нөгөөтэйгүүр Тодд надад нэг долларын өртэй гэдгийг би насан туршдаа санаж явна гэдгээ сайн мэдэж байна. Миний энэ өрийг мартаж чадахгүй байгаа нь бидний нөхөрлөлд ямар ч саад учруулахгүй гэдэгт харин итгэлтэй байгаа. Өөр хүмүүс яадгийг мэдэхгүй, гэхдээ хэн нэгэн надад өртэй бол би үхэн үхтлээ бодсоор л байх болно.
Яг юу болсныг эхнээс нь өгүүлье. Тодд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын найманд Бермудын арал руу явахынхаа өмнө надаас нэг доллар гуйсан билээ (Энэ өдрийг, юмыг яаж мэдэх вэ, Тоддын нүдэнд тусаж магад гэж бодоод тодорхой хэлж байгаа юм). Тодд такси барихад нэг доллар хэрэгтэй байсан болохоор би түүнд зээлсэн юм. Энэ бүхэн маш энгийн, болдгоороо л болсон. Бүх зүйл дуусах хүртэл чухам юу болсныг сайн ухаараагүй юм. Тэр зүгээр л “Надад нэг доллар түр зээлээч” л гэсэн. Тэгэхэд нь би “Бололгүй дээ. Нэг доллар яг болох уу?” гэж асуусан юм.
Тодд надаас мөнгө зээлж байхдаа гарцаагүй буцааж төлнө гэж би мэдэж байсан, үгүй ээ, бүр бат итгэлтэй байлаа. Бермудын арал Гамильтоноос Тодд надад захидал илгээсэн билээ. Дугтуйг задалж байхдаа тэнд өнөөх доллар маань байх болов уу гэж найдаж байлаа. Гэвч тэнд мөнгө байгаагүй. Тодд ердөө тэнд зуугаас дээш хэмтэй дэндүү халуун болж байгааг бичсэн байлаа. Энэ тоо миний толгойг хэсэг зуур эргүүлж дөнгөв.
Тодд гурван долоо хоногийн дараа эргэж ирэв. Би түүнийг галт тэрэгний буудалд тосохоор явлаа. Нэг долларынхаа төлөө биш л дээ. Зүгээр л би түүнийг үнэн сэтгэлээсээ хүндэлдэг болохоор л тэр. Гурван долоо хоног байхгүй байж байгаад ирэхэд хэн нэгэн буудалд хүлээж байвал таатай байх болов уу л гэж би бодсон юм. Уулзаад би хэллээ: “Такси бариад клуб руу явцгаая”
“Яах юм бэ. Алхаад явъя” гэж тэр хэлэв.
Бид тэр оройг Бермудын арлын тухай ярилцаж хамтдаа өнгөрүүлэв. Би бүх л цагийн туршид зээлсэн нэг долларын тухай бодож байсан ч энэ тухай дуугарсангүй. Шууд хэлчихэж зүрхэлсэнгүй. Би түүнээс Бермудын арлуудад ямар мөнгөн тэмдэгт хэрэглэдгийг мөн америк долларын ханш ямар байгааг л асуусан. Доллар гэж хэлэхдээ би бага зэрэг өргөлт өгсөн боловч энэ нь тийм бүтэлтэй болсонгүй.
Хэсэг хугацааны дараа (би долоо хоног бүр Тоддтой клубт уулздаг юм)би түүнийг зээлсэн долларынхаа талаар огт санахгүй байгааг анзаарч мэдэв. Нэг удаа би түүнээс Бермудын арал явахад хэр их зардал гарсныг асуутал тэр данс хөтлөөгүй гэж хариулсан юм. Дараа нь ирснээс хойш гэртээ тухалж чадсан эсэхийг лавлатал тэр аяллын талаар аль хэдийн мартсан гэлээ. Ингээд бүх юм зүйл дууссаныг би мэдсэн юм.
Энэ бүхний эцэст би Тоддод ямар нэг өш хонзон санаагүй. Би зүгээр л түүнийг надаас зээлсэн мөнгөө мартсан хүмүүсийн жагсаалтад нэмж оруулсан юм. Үнэндээ тэнд тийм ч олон хүн байхгүй л дээ. Би тэдэнтэй бусадтай адил л харьцдаг ч гэлээ надад өртэйг нь мартахыг машид хүсдэг юм.
Тоддтой би байнга л уулзалддаг. Ердөө хоёр өдрийн өмнө бид хамтдаа өдрийн хоол идэх үедээ мань эр харваас элдэв юм бодсон шинжгүй гэнэт Польшийн тухай ярьж эхлэв. Тэр Польшид хэн ч өрөө төлдөггүй тухай сонирхуулж өгүүлдэг байна шүү. Ийм яриа түүнд өнөөх өрийг санагдуулахгүй байна гэж баймааргүй юм даа гэж та бодож байна уу? Үгүй дээ, тэр өрөө санаагүй.
Цаг хугацаа өнгөрөхүйд нэгэн шаналалт бодол толгойд минь орж ирсэн юм. Юу вэ гэхээр ийм байна. Хэрэв Тодд надаас доллар зээлээд түүнээ мартсан байх ахул, онолоор бол, би ч бас хэн нэгнээс мөнгө зээлээд мартсан байж болохыг үгүйсгэхгүй. Ийм хүмүүс олон ч байж магад. Энэ тухай бодох тусам төдий чинээ надад хэцүү байв. Учир нь хэрэв би өрөө мартчихсан бол булшинд ортлоо үүнийгээ төлөхгүй байх нь тодорхой байлаа.
Хэрэв тийм хүмүүс байвал би тэднийг ил тод хэлээсэй гэж хүсэж байна. Гэхдээ бүгд шууд, нэг амьсгаагаар биш л дээ. Тодорхой дэс дараатайгаар, бүх нэрийг бичиж тэмдэглэж авахад хялбараар цагаан толгойн үсгийн дарааллаар байвал сайн. Үүнд би мөрийтэй хөзрийн тоглоомын үеэр ганц доллар зээлж мэдэх хүмүүсийг хамруулаагүй шүү. Би бас өнгөрсөн сар Детройтын спортын танхимд нэг шил ус авахад дутсан гучин цент зээлсэн хүнийг санахгүй байгаа(саная ч гэж бодохгүй байна). Канадын хилийг туулах урт замд ядарч явахад содатай уснаас өөр илүү сайн ундаа юу байх билээ дээ. Яг энэ үед гучин цент зээлсэн тэр хүн миний юу бодож байгааг мэдээд л өөрөө өгсөн хэрэг. Харин хэрэв би Бермудын арал явах байгаад хэн нэгэн надад доллар зээлсэн бол би буцааж өгөх л байсан.
Түүнээс гадна би сайхан сэтгэлийн үүднээс зээлсэн нэг долларыг эргэж төлөхийн тулд “Шударга байцгаая” нэртэй хөдөлгөөн өрнүүлэе гэж бодож байгаа. Аугаа үндэстний тулгын чулуу нь чин шударга зан байдал байсныг санацгаая.
Төгсгөлд нь энэхүү номыг уншигч эрхэм та энэ номыг Монреалийн их сургуулийн клубын гишүүн ноён Тоддод харагдахаар газар санаандгүйгээр тавихгүй байхыг хичээнгүйлэн хүсье.

Жич. Өөрийн өр зүрхнээс хайртай, тэвэрч унтах нь халаг болдог хайртай, дуртай шог зохиолч Стивэн Ликокийн зохиолоос орчуулсан нь энэ. Мөн надад их бага хамаагүй өртэй хүмүүс байвал би санасаар цээжин дотроо хадгалсаар байгааг үүгээр бас сануулахад таатай байна.

Monday, March 8, 2010

Уран зохиолд дуртай хүмүүст

Монголын уран зохиолд дуртай, сонирхдог, уншдаг хүмүүст ардын уран зохиолч С.Дашдооровын тухай мэдэж танилцахад зориулж энгийн, танилцуулга-веб рүү орж үзнэ биз ээ.
http://dashdoorov.com

Sunday, November 1, 2009

нэт, кино

Өнгөрсөн сар Японы Токиогийн дүүргийн шүүх интернэтээр зурагтын нэвтрүүлгийг зөвшөөрөлгүй тавьж, төлбөртэй үзүүлж байсан этгээдийг шүүж Зохиогчийн эрхийг хамгаалах хуулийг зөрчсөн хэргээр 5 сая иэний торгууль, 3 жилийн хорих ял, 5 жилийн тэнсэн ногдуулж, компанийг нь 20 сая иэнээр торгов. Винни p2p file sharing програм зохиож гаргасан программистыг 1.5 сая иэнээр торгож, Виннигээр зохиогчийн эрхийг зөрчиж файл дамжуулж хуваалцаж байсан этгээдүүдийг баривчилсан хэрэг хэдэн жилийн өмнө гарч байсан. Түүний дараа Share хэмээх програм бас гарч, түүгээр зохиогчийн эрхийг зөрчиж, анимэ дамжуулцгааж байсан 3 нөхрийг баривчилсан хэрэг өнгөрсөн жил гарсан. Гэхчилэн Японд интернэт хэрэглэж зохиогчийн эрхийг зөрчих гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэл нь эцэж цуцашгүй, шийтгэх шийтгэл нь чанга хатуу. Ирэх жилийн 1 сараас интернэтээс зохиогчийн эрхийг зөрчиж тавьсан дуу хөгжим, кино, ном, нэвтрүүлэг, файл зэргийг татаж авахад гэмт хэрэгт тооцохоор хуулиа өөрчлөв. Улам л чангалж байна.

Сая Солонгост суралцагч Монгол оюутны холбоо сайтын Сонор мялаах мэдээ буланд Би чамд хайртай 2 киног шууд үзэх линкийг тавьсан байх юм. Зохиогчдод бол ямар юмны сонор мялаах мэдээ байх вэ. Мэдээж үзэж байгаа хүмүүст бол үнэгүй юм нугасгүй, шууд үзэх сайхан. Харин ийнхүү интернэтэд монголын шинэ киног шууд тавьж байгаа хүмүүсийг яамаар ч юм бэ дээ. Монголын тв-үүдээр гадаадын киног дураараа сайхан үзүүлдэг нь дүүрч гэхэд монгол киногоо ингэж тавихгүй байвал зүгээр сэн. Оюуны өмч, уран бүтээл туурвигчдын хөдөлмөрийг үнэлж, тэд ажил хөдөлмөрийн үр шимээр ашиг орлого олж, дараа дараагийн урлаг, соёлын хөгжилд хувь нэмэр оруулж, хөгжиж дэвжвэл, бидний үзэх юмс арвижах сан.

Thursday, September 3, 2009

must read book

За энэ номонд би бүр орчихлоо. Жаахан зав боломж юу л гарна хуудас хуудсаар ахиулж унших гээд, уншснаа бас эргэн унших гээд, хурдан хурдан уншиж дуусгах гэж яараад, нүд салгахгүй тасралтгүй уншмаар. Үнэндээ уншаад номын талд ороогүй байгаа ч бүр сэтгэл хөдлөөд, блогт бичмээр санагдчихлаа. Сайхан ном уншихаар бүр сэтгэл хөдлөөд, жаргал мэдрээд байдаг даа. Баримтат түүхэн материал дээр үндэслэсэн ном болохоор бүр чиг шимтэж, КГБ гэж домог шиг л мэдэхээс цаашгүй байсан хүн баримт фактыг ингэж анх удаа уншиж байна. Ямар хөрштэйгээ мэдэж байхад энэ номыг заавал унших хэрэгтэй гэж санал болгоё.

КГБ-ийн ахлах архивч Митрохин КГБ-ийн дэлхийн хоёрдугаар дайн болон төмөр хөшигний үеийн тагнуулын үйл ажиллагааны мэдээ баримтыг Англид гардуулж өгснөөр КГБ-ийн түүхийг түмэн олонд дэлгэжээ. Яаж тагнуулчдыг бэлтгэж, тэд яаж ажиллаж, бас ямар гайхалтай сэтгэж, бодож, хэрэгжүүлж, зарим үйл ажиллагаа нь дэлхийн түүхийг эргүүлж, хөврүүлж, холбируулж байсныг ёстой дэлгэрэнгүй мэдэж авах юм.
MUST READ BOOK!

Friday, July 31, 2009

Алтан ураг

Гадуур явж байгаад Жапантаймсын (Japantimes) үнэгүй тараадаг Japantimes Weekend сонинг олж аваад үзтэл Японд жил бүр болдог Фүжи Рок гэх рок хөгжимд дурлагсдын алдарт баяр наадмын тухай сурвалжлага байлаа.
Тэр дунд дараах өгүүлбэр байгааг хараад сэтгэл ихэд хөдөлж баярлав:

"Who, for instance, could have expected a band of traditional Mongolian musicians to rock as heavily as Black Sabbath? Altan Urag managed exactly that, helped by a formidable female drummer who added extra wallop to their dirgelike riffs. It was enough to drive the audience into a frenzy when they played at the night live house Crystal Palace in the Palace of Wonder"

Black Sabbath-тай зүйрлэнэ гэдэг....Алтан ураг та нар шүү.

Wednesday, January 14, 2009

Өчигдөр...
Надаас хэзээ ч битгий асуугаасай гэж мөргөж залбирч явдаг нэг асуулт бол Чиний (сүүлийн үед "таны" гэж авгайлуулах болсон) хобби юу вэ? эсвэл Ямар авъяастай вэ? гэх мэт онцгой сонин ур чадвар, сонирхолтой холбоотой асуултууд юм. Хобби гэж надад байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг. Бодоод байхад хобби гэж хэлж болох бүхнийг эхлэв үү үгүй юу сонирхол буурчихдаг ч юм уу яадаг юм бүү мэд. Нэг л сайхан эхэлж байснаа нэг мэдэхэд өөр юм хийчихсэн явж байх юм. Туйлбаргүй л хүн гэсэн үг байх. Арай л тууштай нь ном унших тул "Миний хобби бол ном унших" гэж их цоглог хариулж, хүнд асуултаас ашгүй бултдаг байв. Гэтэл ном унших гэдэг чинь хобби биш, соёл иргэншилт нийгэмд жирийн хүний хийж байх ёстой ажил юм гэнэ. Ингээд нүүр тахалдаг хариулт огт хэрэггүй болов.

Авъяас гэж юм надад шар будааны үртэс төдий ч үгүй болтой. Ядаж байхад солгой хоолойтой. Монголчууд бүгд дуучин ард түмэн гэцгээнэ. Миний хувьд бол М-аас бусад нь бүгд дуучин гэвэл зөв болж байгаа юм. Бүх дууг зөвхөн нэг өнгөн дээр гонгинодог гутармаар авъяасгүйтэлээс болж найр наадамд явахаар өнөөх дуулуулдаг заншлыг бодонгуут яс хавталзана. Тас үсэртлээ ууж, толгой хөл байраа сольсон үед л би дуулнаа гээд таахалздаггүй л юм бол бусад үед хэзээ намайг дуул гэж олны өмнө онигоо болгох бол гэж айж бэмбэгнэсээр таарна. Надтай адил зовлонтой хүмүүс мэр сэр байгаа байх. Бүгд нийлээд ажлын анкет болон бас бус өргөдөл маягтаас хобби, авъяас гэсэн асуултыг хасуулах талаар хөөцөлдмөөр байна.

Өнөөдөр....
...Интернэт хүнийг алж ч болно алдаршуулж ч болноо гэж...Юүүтүб-д Солонгос хүмүүстэй гэрлэхэд зуучилдаг товчооны бичлэг юм уу даа хэдэн Монгол бүсгүйчүүдийн ярилцлагыг тавьчихаж. http://jp.youtube.com/watch?v=-1lf7bZCcr8&eurl
Ёстой алж байгаа юм шүү. Төрсөн он сар өдөр, гэр бүл гээд хувийн мэдээллийг нь хайр найргүй түмэнд цацаж байдаг нь. Үүнийг үзсэн харсан хүмүүс нь бүсгүйчүүдийг юу гэж харааж зүхэхийг бодохоор сэтгэл эмзэглэчихлээ. Өөрсдөө ингэхийг зөвшөөрсөн ч юм уу үгүй ч юм уу.
Нума нума даанс шиг алдаршаад улаан фен этэртэй болчих ч юм уу хэн мэдхэв. Гэри гэгч залуу компьютерийнхаа урд Румыны Dragostea Din Tie дууны аянд арзагнаж байгаа бичлэгээ хийгээд интернэтэд тавьсан биш, дэлхийгээр нэг тарж, СNN-ээс авахуулаад телевизүүд мань эрийн талаар мэдээлж, бүр фэнүүд гарч ирээд балласан. Эхлээд хийсэн зүйлдээ ичиж үхэхээ дөхсөн Гэри харин одоо түүнээрээ бахархахаар болж. Эсрэгээрээ Солонгост галт тэргэнд нохойнынхоо ялгадсыг цэвэрлээгүйгээс болж түмний шившиг болж, сургуулиасаа гарахад хүрсэн бүсгүйн түүх шиг юм болохыг үгүйсгэхгүй. Энэ бүсгүй "dog poop girl" гэсэн нэрээр алдаршаад зураг нь нэтэд нэлдээ гарсан.
Энд тэндхийн варез, блогт Монголын сайхан бүсгүйчүүд гэх мэт нэрээр баахан зураг тавьцгаасан байдаг. ХайФайв, Фэйсбүүкээс л татаж авдаг юм уу, эсвэл охид бүсгүйчүүд өөрсдөө өгөөд байдаг юм уу бүү мэт. Зөвшөөрөлтэй л зургийг нь тавьдаг байгаа даа гэж бодох юм.
Хүний зургийг дураараа нийтлэх, дураараа зургийг нь авч тараах, зураг анх авахуулж байгаа утга санаагаас зөрүүлж эсрэг утгаар ойлгогдохоор зураг болгон хувиргах, эвгүй гарсан зургийг гаргах гээд эмзэглэмээр юм их л байна. Жишээ нь зүгээр л маяглаж байгаад даруулсан зургийг дараа нь Би биеэ үнэлэгч гэсэн гарчигтай гаргачихвал асуудалтай. Нээх сайхан инээж байгаад зургаа авахуултал, Та шүдээ арчлахгүй бол инээмсэглэх үед ингэж муухай харагдана гээд тавьчихвал би л лав уйлнаа.

Миний хөрөг, дүр төрх- миний өмч өө гэж...

Thursday, January 1, 2009

2009 он гарлаа



Шинэ оны мэнд хүргэе.
Ерөөл бүхэн биелэг.

Thursday, December 4, 2008

хууч


...Япон хөрш бүсгүй их ууртай орж ирэв. Мань эр ер нь ойрд нэлээн уцаартай, бухимдангуй байгаад байлаа. Нэг боломж гарахаар нь элдэв шалдав, ноцтой юм болоогүй биз гэж учрыг асууж, болбол хуруу хушуу нэмэрлэчих санаа гаргав. Ар гэрийн асуудал, ажил төрлийн хэрүүл уруул гээд ярьвал их л зовлон зүдгүүр байгаа бололтой. Миний зүгээс бодитойгоор үзүүлчих туслалцааны юм юу байна гэж бодоод бодоод олсонгүй. Эцэст нь угийн ухаант үгийг өөрөө л зохиосон юм шиг яруу уянгалаг, сэтгэл уярмаар хэлж чаддаг (хүмүүс ямар ч байсан намайг ингэж магтаад байдаг...олны үг ч ортой) авъяас билгээ гарган, сэтгэл санааны дэмжлэг үзүүлье гэж санав. Зөөлөн нь хатуугаа гэдэг үг байдаг шүү дээ. Тэр үгийг Япон хөршдөө тайлбарлаж хэлэх гэж нэлээн юм болов. Усаар жишээ авлаа даа. Усан дотор ямар ч төмөр чулуу хийсэн, төмөр нь зэвэрч идэгдээд, хатуу чулуу гөлгөр болж ирдэг гээд. Ус шиг зөөлөн байхад ямар ч хатуу хүйтэн хүн аяндаа зөөлөрч ирнээ гэж хэлж тайвшруулах аядаад, тэр өдөр өнгөрлөө. Ёстой гадны хамаагүй хүнд хэлмээргүй, хайрламаар сайхан үгийг тэр нөхөрт харамгүй хэлж тайлбарласан. Өнөөх маань ч ойлгоод л толгой дохиод л Аан аан гээд л байв. За ойлгосон ч юм уу бүү мэд, угаасаа Япончууд ойлгосон ойлгоогүй толгой дохиод За за, аанхаан гээд байдаг улс. Удалгүй надад мэйл ирэв. Өнөөх бүсгүйн ажлын газрын таньдаг хүнээс шүү дээ. Нээгээд унштал, тэд өдөр бүр ус шиг болох гэж хичээж байгаа бөгөөд надад тун их талархаж байгаагаа илэрхийлсэн байдаг юм даа. Хөрш нөхөр ажлын газрын хүмүүстээ очоод миний үгийг л хэлж тайлбарласан аж. За тэгээд тэнд хэсэг бүлэг хүмүүс ус шиг болохын төлөө хичээн мэрийн зүтгэж,"ус шиг болох"-ын ухаан философи хөгжиж, хөдөлгөөн бүлгэм байгуулж, сүлд дуу шүлэг, ном гаргаж ч мэдэхээр төлөвтэй. Надаар "ус шиг байх" тухай сургааль лекцээ биеэр ирж заалгах ч шинжтэй. Хөршдөө уур аашаа гаргаж чадахаа ч байх нь. Өнөөх маань өөдөөс Би ус шиг байхыг хичээж байгаа гээд инээмсэглээд байхаар тэр зөөлөн байж намайг буулгаж авах гээд ч байх шиг. Ер нь юу болоод байгааг ойлгохоо байлаа. Хамаагүй хүнд хайран үг хэлээд дэмий юм байна лээ.

...Хэд хоног орон орны нөхөдтэй хамт хичээлд суулаа. Африк, Араб, Ази гээд элдэв хангайн газраас түмэн олон цуглараад сайхан бужигналаа даа. Бид бүлэг болж хуваагаад, би хэдэн Африк нөхөдтэй хамт баг болов. Өнөө хэдтэйгээ энэ тэнүүгээр явж судалгаа хичээл хийгээд л. Тэгсэн тэнд би "од" болж тодорлоо шүү дээ. Цөөхөн хоног ч гэсэн "од" байх гоё юм байна лээ. Яасан гэхээр, өнөө Африк нөхөд чинь миний үсийг ирж илээд бариад үзээд салахаа байв даа. Амьдралдаа шулуун үс барьж үзээгүй нөхөд байна лээ ш дээ. Ер нь Африк руу үсний ширхэгээ нэг нэгээр нь савлаж экспортловол ашиг олох болов уу? За түүнээс гадна хамгийн хөгжилтэй нь надад нэг Африк хайрын захиа өгөв шүү дээ. Бод доо, төрснөөсөө хойш хайртай гэдэг эр хүнээс сонсоогүй, хайрын захиа зурвас эх хэлээрээ ч авч үзээгүй хүн чинь анхны хайрын захидлыг Африк нөхрөөс, англи хэлээр авдаг юм байна. Баярламаар ч юм шиг...яамаар ч юм бэ дээ...Надад ийм л юм дутаж дээ гэж санагдсан ч хөөрхөөн тэндээ догдлуулчихдаг эд байна лээ.

... Би тагнуулчтай хамт амьдраад байгаагаа мэдлээ шүү дээ. Нэг өдөр хөрш Япон маань тагнуулын тухай яриад салахаа байв. Хөөрхий маань зүүдээ ярих гээд хулгайгаа ярьдгийн үлгэр болох гээд байна уу. Өнөөх маань гадаадад байхад тагнуулын обьект болдог байснаа ярьдаг болов. Тэгснээ намайг гэнэт их асуултаар булж эхэллээ. Намайг ямар хүмүүстэй нийлдэг, тэр хүмүүс юу хийдэг, цаашид яах гэж байгаа зэргээс өгсүүлээд төрлийн юм сониучирхаж ирэв. Ингээд ерөөсөө хөрш нөхөр өөрөө айхтар тагнуулч байх нь гэж бодов. Хамтран байр хөлслөгчөө тагнуулч гэдгийг таамагласнаас хойш би ч баахан ажиглалт хийв. Миний орны хажууд гэгээн Мариагийн жижиг баримал гэнэт байхыг анзаарав. Манай хүн сэмхэн тавьчихаж. Чагнах төхөөрөмж дотор нь суулгасан байхаас зайлахгүй нь гэж бодоод өнөөхийг нь өвөртөлж гараад хол аваачиж хаячихсан. Тэгж ч хялбар тагнуулдуулахгүй шүү. Ерөөсөө тэр намайг тагнаад байгаа юм бол, би ч гэсэн яаж зүгээр байхав. Сөрөг тагнуулын ажиллагаа явуулна гэж шийдлээ.
Янз бүрийн юм тор дүүрэн авчраад хаяхдаа надаас нууж хаяад байгаа юм. Тэр хэрэглээд байгаа гоо сайхны эм, тос гээд юм хумныхаа хайрцаг савыг бүр нууна шүү дээ. Дараа тэрийг нь олзолж авч, Япон хүүхнүүд яг юу хэрэглээд залуу харагдаад байгаа нууцыг мэдээд чамд хэлэмз. Сөрөг тагнуулдаж тэдний олон нууцыг дэлгэнээ, гайгүй...

Tuesday, October 14, 2008

намар мамар

Монгол сайтууд, блог, варез сайт зэргээр орж үзэхэд манайд хувь хүн, байгууллага, төрийн нууц, нэр хүнд, алдар хүнд, доромжлол, гүтгэлэг, гутаах зэрэг ойлголт байна уу үгүй юу гэж гайхмаар. Угаасаа нууц далд зүйлд дургүй, ил тод, илэн далангуй, элдэв ну, но-гүй байхыг дэндүү ихэд эрхэмлэдэг юм болов уу даа. Саяхан Монголын хэд хэдэн байгууллагын цалингийн хэмжээ, ажилчдын нэрс, регистрын дугаар гээд нарийн мэдээлэл нь нэтээр цацагдсан явдал гарав. Хэний хэдэн төгрөг авдгийг мэднэ гэдэг ёстой загнатасан газар маажиж байгаатай ялгаагүй үнэн таашаалтай байж мэднэ. Зөвхөн тэр тоог мэдснээр атаа хорсол, жөтөө гээд ил далд олон зовлонг хөнгөлж өгч, санааг нь амрааж байж болно. Хэсэгтээ л өнөө хэн чинь хэдэн төгрөгийн цалинтай юм байна ш дээ, аргагүй ээ аргагүй сүүлийн үед гангараад байсан юм, эсвэл өө тэр чинь ёстой хөгийн цалин авдаг юм байна, нээх онгироод байсан чинь гэх мэтээр ярианы сэдэвтэй болно биз. Ийм мэдээллийг нийтэд ил болгох нь тухайн компани, тэдний ажилтнууд, бусад байгууллагад ямар сөрөг нөлөөтэй нь хэнд ч падгүй. Нэг зүйлийг ялгаж салгамаар байгаа нь хэний цалин ил тод байж хэнийх нь нууц байх ёстой тухай юм. Төрийн албан тушаалтнууд, ажилтнуудын цалин ил байх учиртай. Яагаад гэвэл бид татвар төлөгч, тэднийг цалинжуулагч, бас шууд бус утгаар томилсон, сонгосон. Харин зүгээр л мөрөөрөө амьдралаа зогоож буй жирийн хүний цалин пүнлүү, орлогыг түмэнд ил болгоно гэдэг орой шөнө хөнжил дотор нь шагайж, шанаагаа тулчихаад бие хааны өө сэв эрж, муулж сайлж байгаатай ялгаагүй.

Ер нь манай иргэдийн регистр, паспортын дугаар хэн нэгний хувийн компьютерт зугаа маягтай байхад гайхах зүйлгүй. Хамаг юм нь ил задгай, замбараагүй, хүмүүс нь өөрсдөө бүр нууц юманд огт дургүй улсад хөрш орны тагнуулчид хийх ажилгүй, толгойгоо маажаад самгарддаг байх. Аягүй бол нэг өдөр хөршөөсөө өөрсдийн иргэдийн нэгдсэн мэдээллийн эмхэтгэсэн санг гуйж авч халаах вий дээ.

Интернэтэд ийнхүү нууц, ил тод байх мэдээ мэдээллийн заагийг ялгаж салгахгүй баруун солгойгүй цацаж байхын хажуугаар бусдын нэр хүнд, алдар хүндэд халдсан, доромжилсон, гутаасан, гүтгэсэн шинжтэй зүйлс их гарах болжээ. Дотуур хувцастай хувцасгүй зургаа авахуулсан монгол охидыг элдвээр нь харааж, цоллож, тарааж цацах, нэг нэгнээ хэлэх хэлэхгүйгээр харааж зүхэх, нэр гуншин өгөх гээд. За тэгээд бүр цаашлаад найз нөхөд, танил хүмүүс, хамтран ажиллагсад, дарга цэрэг гээд хавийн хүмүүсээ илжиг, морь, гахай, коммунист гэх мэт олон янзаар хочлох, доромжлохын завсар нэрлэх, зарим нэгний нууцыг нь задлах, амьдралыг нь дэлгэх гээд л. Заримыг нь бүр өөгшүүлж, "болж, ёстой сайхан, бүр дахиад муулаад өг, нэмээд доромжлоодхоё" гэсэн хандлагатай. Лалын оронд нүгэл үйлдсэн нэгнээ чулуугаар балбаж хороож байгаа дүр зураг шууд нүдэнд харагдаж байгаа юм. Гайхамшигт Гүүгл этэр интернэтийн орон зайд бичсэн үсэг бүрийг л бараг хадгалаад, архивлаад, ёстой арилшгүй устгашгүй болгож мөнхөлж байгаа үед бичиж байгаа үг өгүүлбэр бүрээ бодолтой, анхааралтай байвал хожмын муу үр дагавараас хамгаалах юм даа.
Одоо ч бараг толгойтой бүхэн блог бичдэг болсон, бүр хоорондоо уулзалддаг, дам дамаа бие биеэ мэддэг болсон, дээр ойлгосончлон нууц юманд ясны дургүй хүмүүсийн хувьд хэчнээн нэрээ нуугаад тэр блог, сэтгэгдэл бичлэгийн цаана хэн байгааг мэдчихэд хялбар. Нэг гайгүй залуу байлаа гэхэд жоохон гүүглэдээд л нөхрийн хэрүүлч уруулч, хачин этгээд занг нь олчихно. Хөөрхөн охин доо гэтэл энд тэнд эвгүй авахуулсан зураг сэлт нь байх жишээтэй. Тэр нь ураад тастаад устах биш. Шадар гурван цэргийн Миледигийн шивээс шиг, за эсвэл Дэми Мурийн тоглосон Скарлетийн захидал кинон дээр гардаг шиг шившгийн цэцэг энгэртээ байнга зүүж насаараа адлагдах тавиланг сонгож байгаа...Үгүй ээ сонгож байгаа ч гэж дээ...зарим нь сайн дураар сонгож байхад заримыг нь бусад нь нийлж польдож байгаад хүчээр шивээс хийж, цэцэг зүүлгээд тавлаж байгаа юм шиг.

...Саяхан нэг Солонгосын жүжигчин бүсгүй (Choi Jin-sil) амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Солонгос кино барагтай үзэх биш, тэр жүжигчнийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ үздэг хүмүүс нь зураг хөргийг нь хараад бараг мэдэх байх. За тэр бүсгүйн тухай ч яахав. Гол нь бүсгүйн амиа хорлоход хүргэсэн том шалтгаан нь интернэтэд түүний тухай хэт их доромжилсон, нэр хүндийг гутаан дарамталсан хов живтэй холбоотой гэжээ. Мөн Солонгосын интернэт хэрэглэгч дунд яаж амиа хорлох, дэлбэрдэг бодис хэрхэн хялбар хийх, хүн алах арга чарга заах гэх мэт элдэв сайтууд байдгаас янзан бүрийн хэрэг гарч байна.
Энэ мэтээс болж Солонгос интернэтэд бусдын нэр хүндийг гутаан доромжилсон хов жив, гүтгэлэг зэргийг хянах, хуулийн хариуцлага оногдуулах арга хэмжээ авах асуудлаар хэлэлцэж эхэлжээ.
....Ямар нэг айхтар хэрэг явдал гарсны дараа төр засаг яах аргагүй интернэт ертөнцөд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа байдалд хяналт тавих шаардлага гарч байгаа нь энэ. Интернэт хэрэглээний зохистой байдлыг хангах цагдаагийн тусгай алба гарч ч болно. Мэдээж хүнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бүрэн байгаа ч түүнийгээ хэтрүүлэн хэрэгжүүлбэл хүний амь насанд хөнөөлтэй гэдгийг ойлгож байвал л...

Thursday, October 2, 2008

24

...Тэнд бодгаль биес зовлон гунигт унан тарчлахад энд өөр нэгэн бодгальс жаргалаа олж авдаг үйлийн үртэй бололтой. Хэн нэгэн хулгай хийж хэрэгт унаж байвал хуульчид өмгөөлөгчид цалин мөнгөтэй. Тэнд нэг хүн санхүүгийн хямралд ороход энд нэг мөнгө хүүлэгч алгаа илээд баясаад л. Шат, мөс юун дээр ч байсан яахав, хальтарч унаад хавирга, ууц, ахар сүүл гээд байдгаа хугалан алдахад хавийн хүмүүс хөх инээдээ дийлж ядан баясна. Түүний нөхөр нь араар урдуур тавиад, авгай хүүхдээ зовоож байгааг сонсвол тэсгэлгүй баярлан, ховын яриаг улам шимтэн сонсох гэж тэмүүлнэ. Нэг баян дампуурч гэж сонсвол "болж" гэж бод идсэн боохой шиг маасайна. Тэнд тэр үхэнгээ алдаж гэж дуулбал, "хөөрхий" гэж амандаа бувтнангаа өөрөө тийм гайгаас хол байгаадаа санаа амран, бага ч атугай жаргал мэдэрнэ. Цаашлаад бүр нүдэн дээр нь л зовж зүдэрч байгаагаа харуулахгүй бол жаргалдаа эрхэлсэн гэж ад үзэн, нэг л өдөр нураад унахыг хүлээн харц отно. Түүнээс ч болдог юм уу, бодгаль бид өвчин зовлонгоо ам уралдан ярьж, бие биеэсээ хэчнээн их илүү шаналан зовж, хорвоогийн бор өдрийг хэцүүхэн өнгөрөөж байгаагаа хэлэлцэнэ.
...Хэн нэгнийг зовлон гунигт унагаан байж жаргалаа олдог цэвдэг хорвоо. Эр, эмийн сайндаа бүтээсэн юм, болгосон гэж онгирох нь ахархан. Энд би амттай хоол модон савхаар савхдан идэж байхад тэнд тэр савхыг хийхийн тулд ямар үйлтэй хүний үр, яасан сайхан байгалийг устган, амьтан хорхойг үргээн үхүүлэн байгаа бол гэж хэтрүүлэн бодох нь юу юм бэ. Гэхдээ л бусдыг шаналалд оруулан байж олдсон "үнэтэй жаргал"аа үнэлэхгүй бол алдас болно чиг.

Sunday, September 21, 2008

dull

Joel-Peter Witkin-ий бүтээл

Энэ зургийг хараад хэсэг алмайрав. Таавар таах гэж ядаж байгаа юм шиг юу өгүүлэх гээд, юу хэлэх гээд, юуг илэрхийлэх гэсэн зураг болохыг тааж ядан толгойгоо базлан хажуудах хүнийхээ хавиргыг хатган хамт бодолд дарагдав. Зүгээр харчихаад орхичихож болохгүй санагдаад блогт оруулав. Там юм уу, зүүдний орчин юм уу. Хүний дотор юм уу...
Ойрд нээрээ их өнгөтэй, тод зүүд их зүүдэлж байнаа. Бага байхад зүүдээ ярих гэхэд зүүд худлаа ярьдаггүй гэж аав их хэлдэг байж билээ.
Би юм уу эсвэл надаас тасарч гарсан өөр хүн ч юм уу...ярьж алдаж байнаа. Яараад л явж байна. Хаашаа явж байгаа юм бэ гэсэн чинь Жайка руу гэж байна. Жайка руу яах гэж байгаа юм бэ гэтэл шинэ төсөл танилцуулна гэчихсэн их эд ээ. Жайка жил бүр баахан хүмүүс Япон явуулж сургаж байна, сурч ирээд ажиллах нь ажиллаад, үлдэх нь үлдээд, өөр зүйл хийгээд яг үр дүн нь хаана байгаа нь тодорхойгүй. Энд зарж байгаа мөнгөнөөс заримыг нь эдгэрэх боломжтой, хорт хавдартай залуусыг шалгаруулж Японд эмчлүүлэхэд зарцуулах хэрэгтэй гэсэн ухаантай зүйл их чухалчлан тайлбарлаж байнаа. Жилд хорт хавдартай хорин залуусыг шалгаруулах бөгөөд эдгэрээд би юу хийх вэ гэсэн эссе бичүүлэх ч гэнэ үү. Ёстой хэнхэг зүүд гэж үүнийг хэлнэ байх даа. Бушуухан орондоо эргэж хөрвөж зүүдний сэдвээ өөрчиллөө.

Wednesday, September 3, 2008


Хорвоогийн жаргалын эдэлж, огторгуйн нарыг өвөртөлсөн шиг, намрын налгар сайхан өдөр налайж хэвтэх...

Tuesday, September 2, 2008

гэх мэт.

Үе үе энэ "би" би биш юм шиг санагдана. Хүний амьдралаар амьдраад ч байгаа юм шиг, эсвэл хүн миний амьдралаар амьдраад ч байгаа юм шиг. Бага насны "би" тэй нүүр туулбал тэр "би" одоогийн "би"-д сэтгэл ханах болов уу. Эсвэл бодож мөрөөдөж байсныг нь хаана ч юм гээчихээд, хамаг хүсэл тэмүүллийг нь орвонгоор эргүүлчихэж гээд уурлаж хашгичих болов уу. Өтөл насны "би" одоогийн "би"-д олон л юм үглэж дуулмаар санагдах байх. Харамсал харуусал аль болох багатай өнгөрсөн үеийг ирээдүйд өвдөг эрүү нь нийлсэн өөртөө үлдээхсэн.
Хааяа хааяа өнгөрсөн, ирээдүйн зангилааг зөв уяж зангидаж байгаа болов уу гэж санаа зовно. Өвөө эмээ намайг өвөр дээрээ өнхрүүлж, нуруундаа үүрч, дээдийн жаргалаар жаргааж байхдаа одоогийн навтгар, нармигар нөхөр болсныг хараад яах бол. Аав намайг төрөхөд өлгий рүү биш, үзэг цаас руугаа ухасхийж, ерөөл үгс холбож байхдаа тэр халзан улаан атигар бие одоо ингээд шальсан юмгүй, эргүү нэгэн болчихсон сууж байгааг хараад гутрах вий дээ. Ээж хүнд биеийн хүчээ шавхан барин сүүлийн захиагаа охиндоо гэж бичиж байхдаа охиныхоо одоог хараад гуних вий дээ.
Гэнэ гэнэ төрөөгүй хүүхэд, ач зээгээ бодно. Аав ээж эмээ өвөөгийнхөө тухай дурсахад үгс амаар багтан ядаж, бахархал цээжээр булгилдаг шиг, өөрийн үрсдээ тийм байж чадах болов уу. Хөрөнгө мөнгө, эд агуурс мөнх биш. Үргэлжлэх орших түүх дурсамжид нэр бүтэн сайн айл, сайхан гэр бүлийг үлдээж чадах болов уу.

Сэхүүн зун навчсаа гөвж, ширэв татаж ширүүн салхиар нүүр ороолгочихоод яваад өглөө...Сайхан зун байлаа.

Wednesday, July 23, 2008

....

Өмнө бол хулгайлаад, уугаад, шорон ордог байлаа. Харин одоо хулгайлаад, уугаад унтаад эсвэл хулгайлаад, хулгайлаад дахиад хулгайлаад тэгээд бүр улсын тэргүүн болдог болж.

Өнөө үед авилгалтай тэмцэнэ гэдэг нь авилгал өгч авч үзээгүй хүмүүстэй тэмцэхийг ойлгож байна.

Ард түмний зарц улам их болж, харин ард түмэн нь цөөрч байна.

Баригдаагүй бол хулгайч биш харин овсгоотой бизнесмэн.

Баячуудын зуслан гэж орчин үеийн пирамид юм. Хэмжээ нь аугаа, яаж ямар мөнгөөр боссон нь нууцлаг.

Яг үнэн хэрэг дээрээ муу төрийг саналаа өгдөггүй сайн иргэд сонгодог.

/зохиогч нь хэнийг мэдэхгүй/

Tuesday, July 1, 2008

зүрх савлав

Өнөөдөр гэрээс гартал пиг байдаг машинууд харагддаггүй ээ. Түгжрэл алга. Дайрчих гээд байдаг тэргүүд үгүй. Сэлүүхэн байв. Яасан юм бол доо гэтэл бензин үнэд орно гээд зарахаа больчихсон гэж байх юм. Сонгуулийн дараа хамаг юмны үнэ огцом өснө, төгрөг үнэгүйднэ гээд байсан яриа цуу үг биш юм байж дээ гэж бодлоо. Болоогүй ээ бас цахилгааны үнэ нэмэгдэж байна. Өглөө иймэрхүү эхлээд байж байтал өдөр тийшээ иргэний мөргөлдөөн залгуулж зүрх савлуулав. Төв талбай тойроод юу ч болоод байгаа юм бэ. Энэ үед мэдээллийг түргэн шуурхай төвийг сахисан байдлаар Ийгл ТВ хүргэж байлаа. Нөгөө намын харъяаны ТВ-ийн мэдээг үзээд дэмий. Босогчид хавь ойрын хавтан, цементийг хамжиж элбэн эвдэж жижиглэн Ху намын байр руу нүүлгэж, хамаг цонхыг нь хагалж дуусав. Энэ сонгуулиар амьдралд нь эргэлт гарна гэж олон хүн итгэж байсан ч бахь байдгаараа нөгөө л хэд дахиад гараад ирэхээр бухимдал дээд цэгтээ хүрч байгаа болтой. Хүмүүс янз янзаар л тайлбарлаж байх юм. Архи өгөөд турхирч байна л гэнэ. Мөнгө аваад оролцож байна л гэнэ. Толгой түрүүгээ хагалан барин ийм юманд улангасан орно гэдэг мөнгө, архинаас илүүтэй зүйл түлхэж байгаа нь тодорхой.
Цагдаа, хүмүүс бие биеэ зодож нүдэж гэмтээж байгааг харахаар юу ч хэлэх вэ.
Улс төрчид ширээ тойроод хэн нэгнээс буруу олж тохож, өөрсдийгөө уснаас хуурай гаргах гэж үзэж тарж үсэрч наалдаад л. Тэдний хамгийн гол зорилго нь цаашдын улс төрийн карьераа л цэвэрхэн авч үлдэх мэт. Түүнээс тэнд байгаа хүмүүс яагаад ингэж адгуус мэт улангасан байгаагийн цаад гол учиг шалтгаантай нь тулж байгаа юм алгөө.
Хэнд дараа нь бурууг өгөх вэ, хэнийг хорьж цагдаж, өөрийгөө өөдтэй байлгах вэ гэдэг эрхэм чухал болтой.

Онцгой байдал зарлаж, цуглаан жагсаалд оролцогсдыг баривчилж хаана ч юм аваачиж, хав дарж авах гэж хичээгээд байгаа ч энэ байдлын эх болсон яр шархны угийг эдгээхгүй. Ядаж Үндэсний телевизээс бусад нь ажиллахгүй болохоор мэдээллийн гачигдалд орж эхэлж байна. Тархи угаах ажиллагаа явагдаж байна уу гэлтэй...Түвдийн бослогын үеэр Хятадууд мэдээ яаж цацаж мэдээлж байсныг санагдуулаад байх юм.

Өглөө мэдээ үзтэл уран зургийн галерейд түймэр орж зураг баримал сийлбэр шатсан явдал байлаа. Хайран сайхан зураг бүтээл. Тийм явдал болж эхлэхэд л тэр дор нь үнэтэй зүйл, ялангуя оюуны өв болсон бүтээлүүдийг хамгаалалтад авч явах ёстой баймаар. Гэтэл галерейн дарга нь шөнө 1 цаг өнгөрч байхад түймэрт автлаа гэхэд л ирлээ гээд ярьж суух юм.

Юм юм л нэг л биш.

Saturday, June 28, 2008

Нэг удаа Сократыг гудамжинд явж байхад нь танил нь тааралдаж ийн хэлэв:

- Сократ аа, чиний нэг шавийн талаар би юу сонссон гээч.

- Түр азнаарай. Чамайг тэр тухай ярихаас өмнө би Гурван шүүлтүүрийн шалгуураар шалгамаар байна.
- Гурван шүүлтүүр ээ?????
- Тийм ээ. Миний шавийн талаар ярихаас өмнө чи Гурван шүүлтүүрийн шалгуураар ярих зүйлээ нэг шалгачихад гэмгүй юм. Эхлээд Шударга үнэний шалгуур. Чиний надад ярих гэж байгаа зүйл үнэхээр үнэн үү?
— Үгүй ээ, Сократ минь. Би энэ тухай танилаасаа сонссон юм....
— Тэгвэл чи тэр тухай яг үнэн мөнийг нь мэдэхгүй юм байна шүү дээ. За тэгвэл одоо Сайн сайхан сэтгэлийн шалгуураар орно оо, хө. Чиний ярих гэж байгаа зүйл ямар нэг сайхан мэдээ, сэтгэлд баяр төрүүлэхээр юм уу?
— Үгүй ээ, харин ч эсрэгээрээ.............
— Тэгвэл, хөгшөөн, чи надад шавийн талаар таагүй муу зүйл хэлэх гэсэн юм уу. Тэгээд үнэн эсэхийг нь мэдэхгүй мөртлөө юу даа? За яахав, гурав дахь шалгуурыг давчихвал надад ярьж блно оо. Тэр бол Хэрэгтэй байх шалгуур. Чиний ярих зүйл надад ашигтай, хэрэгтэй юм уу?
— Үгүй л байх.......
— Тэгэхээр чи надад ямар ч ашиггүй, хэрэггүй, үнэн эсэх нь мэдэгдэхгүй, таагүй мэдээ дуулгах гэсэн юм бол ер нь тэр тухай ярихгүй байвал яасан юм бэ?
— Нээрээ тийм дээ. Чиний түмэн зөв......

Tuesday, June 17, 2008

зарим нэг хэцүү түнш

Монголдоо ирж ажиллаад зарим нэг төрлийн нөхдөөс болж ажил төрөл ахихгүй, хойшлох, нервтүүлэх, заримдаа залхаах байдал гарч байна. Заримдаа би тэр нөхдийг "амрагууд" гэж нэрлэнэ, яагаад гэвэл байнга тэр хэдийнхээ хойноос хөөж, хормой сэлтээс зуурна. Гэхдээ тодорхой ангилалд оруулчихаад байгаа л даа.

1. Бүлтүүш. Иймэрхүү төрлийн залуус нэлээн тааралдав. "Намайг тэнд явж байхад тэгдэг, энэ чинь ийм л дээ, би урьд нь тэнд тэгж баллаад дарга захирал нь шүтээд, сүйд болоод, энэ бизнес бол ёстой юу байсан юм, би хийчихнэ" гэх мэтээр бүлт бүлт үсрээ л байна. Холливуд инээмсэглэлээр инээж байгаа л хачин соёлтой боловсон загнаад л толгой түрүү эргүүлж өгнө. "Хоёулаа ингээ л хийчихнэ, юу байхав. Би судалж байгаа. Одоо удахгүй хийнэ" гэх мэтээр бас итгүүлж өгнө. Даанч ярианаас цаашгүй. Хийх нь үгүй. Яачихваа нөгөөх чинь гээ л хойноос нь чаргуулдахаар Өө яг одоо хийж байна, маргааш өглөө бэлэн болно гэнэ. Тэр маргааш өглөө нь болтол хэдэн үе жаран зуун өнгөрнө. Бүлтүүшүүдтэй харьцахад нэг сайхан нь жигтэйхэн эелдэг. Өөдөөс инээгээ л байна. Хөгшөөн, найз аа гээл нээх дотно дуудна. Тэгэхээр яах юм бэ, би. Бас л өөдөөс нь инээж л байгаа юм чинь дээ. Харамсалтай нь ажил хэрэг яриад тогтсон шийдэлд хүрнэ гэж хэцүү.

2. Бултууш. Бултууш бүр амны фигуртэй байж чаддаггүй, харин бүлтүүшүүд овоо сайн бултана. Зарим бүлтүүшүүд бүлтэрсэн хэвээр бултахгүй улам наалддаг. Бултуушууд бол юу л асууна, заа л гэнэ. Тэгье ээ л гэнэ. Тэгээд л алга болно. Бултаад алга болчихно. Бүр хилийн чанад рүү чавхдана. Арай л дэлхийг орхиод нисчихгүй юм. Хамгийн аюултай нь өгсөн үүрэг даалгавар, ажил төрөл бүгдийг ганцаараа өөртөө аваад бултаад алга болдог болохоор зарим тохиолдолд бултуушийг ирэхийг харуулдах шаардлага гарна.

3. Балтууш- Эд бол балладаг нөхдүүд. Авилгал, хахууль, аргалах ухаанд мэргэн гэж жигтэйхэн. Авилгал өгдөггүй тендер үгүй, хахууль өгөхгүйгээр хэрэг бүтэхгүй, аргалж л байж ажил амжина гэсэн бодолтой. Ийм хүмүүс бизнес хийхэд эхлээд бөөн шат дамжлагыг хурдан шуурхай шийдээд амар юм шиг, сэргэлэн нөхөд болж харагдана. Гэхдээ бизнес урт хугацааны байх, тогтсон аж ахуйн нэгж болж ажиллах гэх мэт төлөвлөгөөтэй бол эдгээр нөхдийн хийсэн болгон ёстой тээр тушаа, гай зэтгэр болж дараа нь толгойны үс зулгаасан зовлон болно.
Хахуульдаж аргалж авсан зүйлээ хадгалах, үргэлжлүүлэхийн тулд улам л ээдрээтэй байдал үүснэ. Монголд бизнес хийе гэвэл яг ёс горимоор нь хуулийн дагуу хийвэл болж л байна. Харин ч баталгаатай. Ёстой шүүхдвэл шүүхд бид хуулиа барьсан улс гээд бардам сууж байгаамдаа. Хэнийг ч гуйх шаардлагагүй хахууль энэ тэр хэрэггүй. Болж л байна. Явж л байна.

4. Бэлэнтүүш - Эд бол зүгээр л сууж байгаад мөнгө олчих санаатай үзэж тарна. Яаж зүгээр сууж байгаад мөнгөтэй болох вэ гээд л толгойгоо гашилгана. Тэгж байгаад баяждаг бол би өдийд тэрбумтаны жагсаалтыг тэргүүлэх л байсан. Ямар нэг хэцүү ажил гарахад гялс бусад руу шилжүүлчихээд л өнөөх л мөнгө олох аргаа бодоо л суугаа л байна. Орой нь бар цэнгээний газар тэрийгээ бас л бодно. Тэрийгээ их ярина өө. Хураасан хэдэн мөнгөө хэн нэгэнд өгчихөөд л тэр нь үржүүлээ л буцааж өгөх юм бодно. Иймэрхүү хүмүүстэй бизнес хийхэд хамаг юмаа өнөөхдөө өгчихөөд өөрөө зүгээр суух гээд зүтгээд байдаг төвөгтэй.

5. Чухлууд- Эд бол их хичээж байгаа нөхөд л дөө. Бүлтүүш гэхээр арай биш. Аль болох худлаа ярихгүйг хичээж байгаа. Бултууш ч биш. Гэхдээ бултахад бэлэн. Төрийн бус байгууллага, компани, охин, хүү, ач зээ компаниуд байгуулчихсан хажуугаар нь төрийн албанд ажил хийнэ. Бөөн нэрийн хуудас гаргаж ирээд алийг нь авах уу гэнэ. Уул нь мөрөөдлийн төлөө тэмцэж байгаа мэт боловч энд тэндгүй царцаа шиг үсчээд байхаар барьцгүй. Чухлууд гол нь чухалаа мэдрүүлэх гэж байдгаараа хичээх нь огт чухал биш надад бол ажлын хажуугаар тээртэй байдаг юм. Ажил ярьж байнгуут гэнэт Чи Богд уулын Их тэнгэрийн аманд газар авахад ямар үнэтэйг мэдэхгүй биз? эсвэл Бензийн ирэх жилийн загвар ямар үнэтэй бол оо, чи сонирхсон уу гэх мэт алгебрын бодлогоос хүнд асуулт асуудаг юм.

6. Томууд- За эд бол их том хүмүүс. Их том ярина, том машинтай, том байртай, том гүзээтэй, том түрийвчтэй, том компанитай гээд л бүгд л том. Би бол шар будааны үртэс төдий л харагддаг юм шиг байгаа юм. Харц дээгүүр, ер нь бол онийсон байдалтай. Хамрын нүхний үсийг нь би бараг тоолчихмоор. Дуу нь гарах гэж их юм болно. Ганц үг унах нь говийн бороо шиг. Хөл бөмбөг, сагс тоглохдоо ч костюмнаасаа салах нь үгүй. Тийм болохоор томуудад зориулж бараг тусгай талбай бэлдэхгүй бол ирэхгүй. Эд нартай харьцаж тоогдох л хэцүү. Томууд өөрийнх нь том баг уначихвий, жинхэнэ төрх нь мэдэгдчихвий гэж үнхэлцгээ хагартал айдаг нь өрөвдмөөр ч юм шиг.

За нэг ийм амрагуушуудтай бор өдрийг өнгөрөөж байна. Мартууш, Гүндүүш гээд цаашаа үргэлжлэвэл үргэлжлэх ч гэлээ үүгээр зогслоо.

Thursday, June 12, 2008

Намайг үгүй болохоор


When I Am Dead, My Dearest
When I am dead, my dearest,
Sing no sad songs for me;
Plant thou no roses at my head,
Nor shady cypress tree:
Be the green grass above me
With showers and dewdrops wet;
And if thou wilt, remember,
And if thou wilt, forget.
I shall not see the shadows,
I shall not feel the rain;
I shall not hear the nightingale
Sing on, as if in pain:
And dreaming through the twilight
That doth not rise nor set,
Haply I may remember,
And haply may forget.

~Christina Rossetti

Намайг үгүй болохоор....

Намайг үгүй болохоор, голын хайрт минь
Намайг үгүй болохоор шүү, ганцхан хайрт минь
Найзаа дурсан гунгигийн дуу битгий дуулаарай.
Өнгөлөг улаан сарнай толгойг дэрлүүлэн тариад
Өтгөн навчист агар зандан ч тордож суулгахын хэрэггүй.

Нойтон шүүдэр хурын дусал бөнжигнөсөн
Ногоон өвс болж харин дээр минь халиурвал л болж.
Болбол санаж яваарай, эс болбол яахав мартаарай.
Хөөрхий би чинь нөмрөөд ирэх сүүдрийг анзаарах ч үгүй
Хөшсөн бие маань шаагаад асгарах бороог ч ажрах ч үгүй
Гаслан гингэнэх мэт алтан гургалдайн дууг ч сонсох үгүй.
Харин газар дэлхийд ургах биш жаргах биш үүрийн гэгээг нэвт зүүдэлж
Хааяа нэг санаж ч мэднэ, Үгүй ч байж мэднэ....


Залуу бүсгүй аавдаа гомдолжээ.
- Аав аа, би үнэхээр ядарч байна. Миний амьдрал ямар хэцүү юм бэ. Бөөн л зовлон. Би байнга л гүйж хөдөлж байхгүй бол бологүй юм. Надад цааш тэмцэх хүч алга. Би одоо яалтай билээ?

Аав нь охинынхоо ярихыг сонсоод гал дээр гурван ижил саванд ус хийн тавьжээ. Буцлахад нь Нэгэнд нь өндөг, хоёр дахьд нь лууван гуравдахад нь кофе хийв. Тэгээд удалгүй өндөг, лууван хоёрыг гаргаж, кофег аяганд хийв.

- За хар. Юу өөрчлөгдсөн байна вэ?

- Өндөг лууван хоёр болчихсон байна. Харин кофе усанд уусчээ.
- Үгүй ээ охин минь. Гаднаас нь харахад л тийм байгаа юм. Сайн хар. Хатуу байсан лууван халуун усанд буцлаад зөөлөн болчихсон байна. Хагарчихмаар эмзэг өндөг хатуу болсон байна. Гаднаас нь харахад юу ч өөрчлөгдөөгүй юм шиг. Гэхдээ нэг ижил орчинд ороод дотор байдал нь өөрчлөгджээ. Яг л хүмүүс шиг. Гаднаа хүчтэй мэт хүмүүс зовлон жаргалд хөл алдаж унаж мэднэ. Гаднаа уян зөөлөн эсвэл сулбагар хүмүүс хатуу чанга болж магадгүй.
- Тэгвэл кофе? - гэж охин асуув.
- Аан! Энэ харин хамгийн чухал нь! Кофе халуун усанд холилдоод шинэ хэлбэрт хувирч сайхан үнэр гаргаж байна. Усны өнгийг өөрчилсөн байгаа биз дээ. Бас амтыг. Яг л үүн шиг онцгой хүмүүс бий. Тэд юу ч болж байсан орчин нөхцөлдөө уусаж, дагаж хувиралгүй харин түүнийг өөрийн дураар өөрчилж шинэ сайхан зүйл болгож байдаг юм гэжээ.