Wednesday, June 27, 2007

зэрэглээ гэв үү

Хайртай тэр маань зэрэглээ юм. Хорвоо дэлхийн худал хуурмагаас залхаж, үнэн бодитоос зугтаж, хөөрч нисмээр үед тэнд би байх дуртай. Хүсэл мөрөөдөл, далд бодлоо түүнтэй хуваалцах хамгаас сайхан. Аашны аясаар аядуу зөөлнөөр тойрон бүжиж, аргадан эргэлдэхэд нь улам эрхэлж тунирхаад суумаар. Атгаж барьж болохгүй байх тусам нь зэрэглээ тэрэндээ татагдана. Тийм нэг зэрэглээ дунд бусдаас өөрийгөө нуухдаа жаргалтай.

Би түүний зэрэглээ юм. Бодит ертөнц рүү буцаахгүйн тулд хөлд нь сууж, энгэрт нь асаж ялдам найланхайгаар ухаан санааг нь самууруулдаг юм. Тэр амьдрал чинь хуурамч юм, хамтдаа энд жаргая гэж ятгаж итгүүлдэг юм. Уран сайхан үгсээр шаглаж нэхсэн торго дурдан нөмрүүлж, халуун үнсэлт, янагийн энхрийллээр аргамжиж суудаг юм.

Миний зэрэглээ заримдаа зэрэглээ гэдгээ умартчихна. Би бас зэрэглээн дунд байгаагаа мартчихна. Цаг хугацаа зогсчих шиг болно.
Бид хоёр энэ замбуулинд хэзээ ч хамт байх тавилангүй, зэрэгцэн орших зэрэглээ юм.

Friday, June 15, 2007

нервтэх завтай гэж байгаа

За ойрд ном цаасандаа дарагдаад живэн алдан байна. Энэ хооронд интернетээр л хүмүүстэй холбогдож, амьдрал ямар ч байсан үргэлжилж байгааг мэдрэхийн. Амарсайхан ахын өмнө бичсэн комментыг тунчиг ухамсарлан хүлээн авч тэр дор нь амьдралдаа бодит үйл ажиллагаа болгон хэрэгжүүлж, буузыг хөөсөн, хөөлгөөгүй хэлбэр галбиртайгаар хийж найз нөхдийн хамт идэв. Муу хүн идсэн ууснаа гэдэг болохоор энэ талаар блоглохгүйээ. Харин сүүлийн үеийн зарим мэдээллийн хэрэгслээр хүний царай зүс, нас хүйс зэргээр нь зүслэн дуудах, зарим нь бүр ялгаварлан гадуурхах, доромжлох байдал "ажиглагдаж", тэрэнд нь миний "эгдүүцэл" хүрч байна гэж жигтэйхэн. ТВ-8-н 6 сарын 4-ний мэдээнд тухайлбал харилцаа холбооны компаниудын автомат хариулагчийн талаарх мэдээнд Монголын цахилгаан холбоо компанийг хоцрогдсон өнгө аястай гэж шүүмжлэнгээ "жар эргэм насны Шаалуу дарга"-д юм бодох анхааруулга өгч байгаан. Зүгээр л Шаалуу дарга гэчихгүй, "жар эргэм нас" гэж тодорхойлохын учир юу байнаа? Ер нь бол шулуухан "жар эргэм насныхан хуучин нийгмийн үзэл санаанаас гараагүй" нөхдүүд гэж ойлгомоор болж байгаан. Бас энэ мэдээгээр Авилгалтай тэмцэх газрын даргыг янхир өвгөн, зэвүүн хүйтэн дүртэй гээд тодорхойлчихож байвал ямар вэ дээ. Тэрийг нь сонсоод миний баясаж байгаагээ. Тэр дор нь ингээд блогтоо тэмдэглээд авч байгаам.
Тэгсэн СБН гэдэг шинэ ТВ гараад ирсэн бололтой. Мэдээг нь үзэхээр бас зугаатай ч юм уу.
Саяхны 6 сарын 14-ний мэдээгээр УИХ-ын гишүүн Хүрэлсүх өөрийг нь гүтгэсэн мэдээллийн талаар ярилцлага өгч. "У.Хүрэлсүх 10 саяар хүн хөлсөлж хохирогчдын өлсгөлөнг зохион байгуулсан гэв" гэсэн мэдээ сонинд гарсан юм байж. Үүнийг Ша.Батбаярын хийж буй муйхар гүтгэлэг гэж мэдэгдэв. За тэр яахвээ. Гол нь ингэж хэлэхдээ У.Хүрэлсүх "Ша.Батбаяр залуучуудын ярьдгаар шаасан байна" гэчихиймаа, тэгсэн би урдаа байсан цаас, ном, кофетойгоо нурж унахаа дөхөв. Ёстой нүд ам мурийлгаж дух дагзанд гаргаад хаячихдгийм байна. Энэ хүн ингэж хэлснийхээ төлөө залуучуудаас түмэнтээ уучлал гуйх ёстой доо. Эсвэл би амьдралаас тасарчихсан юм уу? "Шаах" гэдэг үгийг би их бүдүүлэг хар ярианы хэллэг гэж ойлгоод байдаг. Энэ үгийг ер нь бол соёлт ертөнцийн боловсрол мэдлэгтэй, өөрийгөө хүндэлдэг залуус хэрэглээд байдаггүй гэж боддогийн. Тэгсэн Хүрэлсүх гишүүнийхээр бол нэг бол энэ үг хэвийн хэллэг болж эсвэл хэрүүлч уруулч, бүдүүлэг хэллэгтэй бүлгээр залуучуудыг тодорхойлох болж.
Бие биенийхээ dignity-г хүндлэхсэн.