Showing posts with label Зэрэглээтэв. Show all posts
Showing posts with label Зэрэглээтэв. Show all posts

Tuesday, June 23, 2009

Оновчтой шийдэл?

...Японд CO2-ыг бууруулж, ирээдүйг аврахын төлөө жил бүр өдийд тог унтрааж лаа асаадаг хөдөлгөөн өрнөөд л. Энэ жил өмнөх жилүүдээс нэлээн өргөн хүрээтэй, хөл хөдөлгөөн ихтэй болж байх шиг байна. Аймаг дүүргүүд ч идэвхтэй оролцоод, өнгөрсөн амралтын өдрүүдээр энд тэндгүй лаа асааж романтик уур амьсгал үүсгэв. 7 сарын 7-нд сүртэй лаа асаах болов уу гэж. Компани, байгууллагууд ч энэ субботникт оролцож, байрныхаа тогийг тодорхой цагт унтрааж, нэг талаас өөрсдийгөө сурталчилж нөгөө талаас нийгмийн үүргээ биелүүлж буй аж.
Гэтэл нэг компани энэ кампаант ажилд оролцож байгууллагын тогоо унтраах уу яах уу гэж нэлээн бодож тунгааж сүйхээт арга олсон нь яг тэр цагт нь "хөшгөө буулгах" байв. Нүд хуурсан юм хийж байгаа ч юм шиг хачин. Нөгөө талаас яг л "Японы нийгмийн сэтгэлгээний нэг илэрхийлэл үү" гэлтэй. Нийтийн ажилд "огт оролцохгүй хойрго байгаа юм шиг харагдахгүй", тог унтраая гэсэн зорилго зүтгэлд нь "саад болохгүй", ямар нэг байдлаар бусадтай нэг адил байж харагдах гэсэн үзэл сэтгэлгээ???

Багшаа голов?

...Англи хэлний хичээл. Баахан япончууд...Ирланд багш нэг нөхрөөс ямар ажил хийдгийг асуув. Мань нөхөр компьютэрийн мэдээллийн хадгалалт (storage) хариуцдаг юм.
- Компьютаа дата стрээжи (storage гэдэг үгийг япончилж иймэрхүү дуудлагатай болчихсон).
Багш стрээжи гэдэг үгийг сонсоод огт ойлголгүй гайхаж дахиад лавлав. Шавь унаган англи хэлтэй хүн англи үгээ мэддэггүй юм уу гэсэн янзтай өөдөөс нь бүр ч их гайхав. Хэд хэд асууж хариулсны эцэст багш бичүүлж үзээд нэг юм ойлгов болтой Аан тийм үү, стөрэж юм байна шүү дээ гэлээ. Манай нөхөр толгой сэгсэрч "Ноү Ноү багш аа, стрээжи...стрээжи" гэж нерв хөдөлсөн болтой багшийн хэлснийг засаж, бусад нь ч багш аа стрээжи юм шүү гэж бухимдангуй байдалтай багшид заацгаав. Багш англи дуудлагаар стөрэж юм аа гэж тайлбарлах гэж оролдсон нь ч ойлголцолд хүрсэнгүй. Стрээжи стрээжигээр үлдэв.

Sunday, April 5, 2009

миний буян

Би ер нь өөрийгөө буянтай хүн юм гэж тоох болоод байгаа. Угаасаа л буян хурсан хүн л дээ. Гэхдээ миний үйлдээд байгаа буян өөрт илт мэдэгдэхүйц болж ирж байна. Юу вэ гэхээр бусдад буян хийх боломж олгож, хойд насанд диваажинд ороход хэрэг болох визийг баттай өгч буй маань надад ч, бусдад ч буян хураах том үйлс болоод байгаа юм. За бүр товчхондоо хэлбэл, надад зайлшгүй хэрэг болоод байгаа эд зүйлийг бусдаас гуйх, зээлэн авдаг зуршлынхаа хүчээр би өдий зэрэгтэй явж байна гэх үү дээ. Юм элбэг дэлбэг, за тэгээд эдийн засгийн хямралаар эд барааны үнэ буурч байгаа үед хүмүүс хэрэгтэй зүйлсээ захын дэлгүүрээс худалдаад авчих боломжтой болж. Хажуу айлын хүнээ ч танихгүй, хүмүүс хоорондын харилцаа унтарч, бүгд л дор дороо хувиа борлуулах болж.
Хүн хүндээ хэрэгтэй, шаардлагатай зүйл юу байна лавлаж асуудаг, дэмжиж туслан, зээлэх, зээлдүүлэх сайхан заншил устан үгүй болох нь уу үгүй юу гэж сэтгэл эмзэглэх юм. Ийм цөвүүн цагт миний бие ерөөс өөрт хэрэгтэй зүйлээ өөрөө худалдан авах амиа бодсон, бэлэнчилсэн аргаас зайлсхийж, харин оронд нь бусдаас гуйж, тэдэнд "бусдад туслах" гэсэн сайхан сэтгэлийг нь бадраахад хамаг л зүйлээ зориулъя гэж шийдсэн юм. Хүмүүс ч дуртай байгаа нь тодорхой. Эхнээсээ л авахуулаад май, ав ав, тэг тэг гээд л өгөөд байна. Бусдын гэрт зай эзлээд хэвтэж байснаас манайд байг л дээ. Ялгаа юу байна. Манайд одоо ДВД тоглуулагч, баахан двднүүд, хайруулын тавга, будаа агшаагч, тавга, аяга, халбага сэрээ, ном дэвтэр, бал үзэг харандаа гээд бусдын эд зүйлс миний эзэмшилд байна. Буцааж өгөх тал дээр надад нэгэн бодол бий. Иймэрхүү мөнх бус, эвдрээд хог болоод дуусдаг, цэцгэн настай материаллаг эд баялагт сэтгэлээ дөнгөлүүлсэн хүмүүсийн төлөө зээлсэн зүйлийг нь буцааж өгөхгүй байя гэж бодоод байна. Бурхан багш, Далай лам ч зөндөө л сургаж айлдсан. Материаллаг зүйлд хэт дасан, хойноос нь ухаанаа тавин элдэн хөөвөөс өөрийгөө л зовооно, шуналын тулам болно гэж. Тиймээс сэтгэлд суусан шуналын шулмын ад зэтгэрээс залгахын тулд тэдгээр эд хогшлыг өгөхгүй, өөртөө л байлгая, яршиг төвөг би л тэр нүглийг үүрье гэж бодлоо. Тэгээд ч ер нь тухайн зүйлийг би өдөр бүр биш ч үе үе хэрэглэх шаардлага гардгаас хойш байн байн эргэж зээлж аваад байх нь аль алиндаа төвөгтэй.

Гэтэл зарим нэг бүдүүлэг, эдийн шуналдаа хэт автсан нөхөд зээлсэн зүйлийнхээ хойноос үхэн хатан утасдан барин гүйх юм. Больцгоомоор юм. Иргэний хуулиа уншвал эд зүйл үнэ төлбөргүй зээлсэн тохиолдолд эзэнд нь тухайн зүйл зайлшгүй шаардлагатай үед буцааж өгнө гэж байгаа. Тийм зайлшгүй шаардлага гараагүйг нь би мэдэж байгаа юм чинь. Тэргүй бол үхчихгүй нь гарцаагүй.

Ухамсартай, буян өлзий нь дэлгэрсэн хүмүүс болохоор тэс ондоо. Өөрсдөө юм хумаа бариад ирнэ. Май чи үүнийг хэрэглээд үз дээ, уншаад үз дээ гээд л. Намайг авъя гээгүй байхад шүү дээ. Дуу алдаж бишрэм халуун сайхан сэтгэл рүү хүйтэн ус цацна гэж юу байхав. За гээд л алгаа тосоод авна шүү дээ. Хэрэг болохгүй ч хэвтэж л байг, хөөрхийс.

Үүний хажуугаар би өөрөө тун мартамхай хүн юм. Мартана гэдэг маниас урьдын юм хойно доо. Хэнээс юу авснаа таг мартчихна. Заримдаа миний өөрийн ч юм бил үү, хүний ч юм билүү бүр эргэлзэж тээнэгэлзэж орхино. Энэ зангаас болоод бусдын юмыг өөр хүмүүст би өөрөө зээлчихсэн байх жишээтэй. Саяхан нэг нөхрөөс авсан хэдэн номыг өөринхөө юм гэж андуураад өөр этгээдэд зээлүүлчихсэн юм. Хүний ном гэж мэдсэн бол би тэгж хүлчийх хүн биш. Тэгтэл эзэн нь номоо нэхээд унадаг юм даа. Эд зүйлдээ сүнс нь хорогдоход хүн хэчнээн зовлон өөртөө хураадаг тухай бүтэн өдрийн лекц уншсны эцэст мань эр ашгүй надаас нэг юм салсан. Удалгүй тэр нөгөө номуудаа анх худалдаж авсан үнээсээ хамаагүй доогуур үнээр шинээр худалдаж авсан байсан юм. Үгүй ээ, болж л байна шүү дээ. Миний ачаар шинэ бас хямдхан номтой л болсон байна. За тэр ДВД тоглуулагчийн хувьд ч тэр. Надад зээлсний хүчээр манай найз сүүлийн үеийн ДВД тоглуулагч өөртөө худалдаж авсан. Би тэр хогийг зээлж аваагүй бол манай найз хуучинтайгаа зууралдаад л байх байсан даа. Ажил гайгүй болохоор тэр блью рэй ДВД тоглуулагч гээчийг нь зээлж авнаа.

Хүмүүс надаас юм зээлэх гэж бас их ирнээ. Ялангуяа эзэд нь өөрсдийнхөө юмыг надаас эргэж зээлэх гэж царай алдана. Миний тэрийг түр өгөөч, би хэрэглэчихээд буцаагаад өгье гээд л. Иймэрхүү нөхдийг эдийн шуналаас овоо салчихаад гэгээрлийн мөрийг хөөж эхэлж буй яргуйс гэж нэрлээд байгаа юм. Тэд юмаа авчихаад буцааж өгөхөө мартахаар нь би мэдээж сануулж байгаад авчихна. Асуудалд бол хөнгөн шуурхай хандах хэрэгтэй.

За, одоо ч надад таван өрөө байр, зуслангийн сайхан байшин зээлэх ажил байгаа. Нэг зав гарахаар л туугаад давхичихнаа.

Sunday, April 1, 2007

элийрэл

Инээдмийн баяраар эрхэм спикерийн хэвлэлийн бага хурлын мэдээ л хамгийн их мушийлгаж баясгав. Би угаасаа хүний мууд дуртай гэж өмнө нь бичсэн бил үү? Үгүй бол үүгээр үнэнээ өчье. Би бээр хүний ул шагайж, хэлсэн барьсан зүйлийг мушгин гуйвуулж, эсрэгээр нь ойлгож, эргүүтэж мээктдэг эвгүй зантай нэгэн билээ.

Нямдорж спикерийн мэдэгдэл ч гэхиймуу ярилцлага ч гэхиймуу зүйлийг уншаад эрүү ам, уруул завьжны дасгал овоо хийчихлээ. Одоо ингээд үүнээс юу ойлгосноо хуваалцъя.

Хуульч гэхээр л хэдэн хууль л цээжиндээ багтаасан ДИМА нар байдаг гэж зарим хүмүүс ойлгодог. Тэгвэл ёстой андуурч байгаа нь тэр. Хэдийгээр нийгмийн салбар ч гэсэн математик, логикийн мэдлэг их шаарддаг эд шүү дээ, хуульч байна гэдэг. Өмгөөлөгч нар чинь тэр чигтээ логикийн гажуудлыг хэрэглэж байж ял шийтгэлээс мултруулж, хөнгөрүүлнэ. Хэрэв эрүүгийн ноцтой хэргийн шүүх хуралдаанд сууж үзсэн бол “Энэ хүн хэдийгээр 8 хүнийг онц хэрцгийгээр алсан гэж шүүгдэж байгаа ч хохирогч этгээд яг энэ хүний гарт амиа алдсан гэж гэрчлээгүй байна. Миний өмгөөлүүлэгч эцэг эхгүй, ганц байгаа эмээ нь өндөр настай өвчтэй, харах асрах хүнгүй юм. Өмгөөлүүлэгч маань эрүүлдээ дөлгөөн сайхан зантай, архи уухаараа л ухаанаа алддаг. Архи л буруутай. Ингээд ялын дээд шийтгэл авчихвал хөрш эмээ өвөөгийн түлээг хэн хагалж өгөх юм бэ? Эмнэсти Интернэйшнл ээ” гэхчилэн хүн уярч нохой гасламаар сайхан ярина. Хүчингийн хэрэгт бол "Яах гэж гуяа гаргасан юбка өмсөж явсан юм бэ? Энэ хүүхэн өөрөө л өдөөн хатгасан байна шүү дээ" гэх мэт. За тэр яахав.
Их хурлын дарга яриандаа аргагүй олон жил хуульчийн мэдлэг туршлага хуримтлуулсан юм гэсэндээ логикийн гажуудлыг их сайхан хэрэглэсэн байна.
Тухайлбал “Ашигт малтмалын тухай хуулийн нэгдvгээр зvйлийн “Зорилго” гэсэн зvйлд, “Энэ хуулиар ашигт малтмалыг ашиглах, хайгуулын болон уурхайн эдэлбэрийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэсэн байдлаар анх надад ирсэн. Хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийг хамгаалах гэсэн зvйл угаасаа байхгvй. Зvгээр л, сул vг явж байсан. Энэ хэдэн vгийг хассанаар болохоо байчихсан юм байхгvй” гэж. Нээрээ энэ бол их зальтай логикийн гажуудал байгаа юм. Энэ аргыг амьдралд хэрэгжүүлвэл их олон хэргээс гэмгүй мултарч чадна. Жишээ нь эхнэр чинь бууз хийх гэсэн юм, байцаа, сонгино, мах аваад ир гэхэд нь та байцаа авахаа мартчихсан байя л даа. Гэтэл эхнэр чинь яагаад байцаа мартчихдаг юм бэ гээд л буугаад ирэхэд нь “угаасаа хэзээ анх бууз хийхэд байцаа хэрэглэдэг байсан юм бэ, байцаа бол сул ногоо, байцаагүй бууз хийлээ гээд болохоо байчихсан юм байхгүй” гээд л болоо. Нам шүү дээ. Ингээд байцаа мартсан хариуцлагагүй нөхөр биш харин ч эхнэртээ яаж хоол хийхийг заасан боссын дүрд дороо хувирна.
За тэгээд Үндсэн хуулийн цэц гэж нээрээ улс төрийн бүлэглэлийн гарт орчихсон байгааг эрхэм спикер гурван зүйлээр нотолсон байна шүү дээ:
Нэгд: Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулна гэсэн санал гаргаснаар хөөрхийг минь ноолж, ноцох үндсийг тавьж.
Хоёрт, Үндэсний эв нэгдлийн засгийн газрыг огцруулахгүй гэсэн нь муусайн ашиг сонирхол хөөгчдийн эгдүүцлийг төрүүлж.
Гуравт, үүнийг харин цаг нь болохоор хэлнэ гэж нууцалж.
Айхтар хүн болохоороо Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үндэслэл болсон хэсгийг няцаах гэж хий мунгинаж мангарталгүй, асуудлыг нийгэмд бухимдал төрүүлж байгаа зүйл рүү хандуулсан байгаа юм. Ингэснээр хуулийн хэдэн үгийг сольж хассан нь найруулга, дэс дарааллын шинжтэй засвар мөн үү биш үү, эсвэл агуулгын шинжтэй засвар уу, мөн гишүүдэд засвар хийсэн хуулийн төслийг тараахдаа чухам ямар хэсэгт ямар засвар хийснийг тодорхой харуулж уу үгүй юу зэргийг тодорхойлох гэж цаг барж бас өөрийнхөө буруутай үйл ажиллагааг өөрийн гараар батлах гэж балайрсангүй. Ер нь Үндсэн хуулийн цэц улс төрийн буруу бүлэглэлд австны улмаас л хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна ш дээ.
За тэгээд цаашлаад эрхэм спикер маань өөрийгөө Монгол тєрийн тєлєє ажилладаг. Монголын тєрд харш юм хийвэл хэнд нь ч юу ч гэж хэлж мэдэх, ийм л хvн гэж бодож явдгаа нуулгүй хэлж. Нээрээ ч Их хурлын дарга маань ийм л хүн шүү дээ. Та нар санаж байгаа биз дээ. МАХН-ыг шинэчлэх гэсэн нөхдийг буудаад алчих юмсан гэж ТВ-ээр хэлж хэсэг шуугисан даа. МАХН-ыг шинэчилнэ гэдэг чинь Монголын төрд харш болохоор л тэгээд хэлчихсэн юм шүү дээ. МАХН-ыг шинэчилнэ гэдэг чинь МАХН-д харш төдийгүй Монголын төрд гэмтэй зүйл гэдгийг мэдээд байна, мэдээд байна.
Их хурлын дарга “Монголд сонирхлын бvлэглэлvvд гарч ирж байгаа нь нууц биш. Бvх юмыг худалдаж авах, бvгдийг эрхшээлдээ байлгах сонирхол байгаа нь ч нууц биш. Монголын улстєрийг хордуулж байгаа гол аюул л энэ шvv дээ. Vvнээс л тєр салах ёстой. Ашиг сонирхол байна уу гэвэл, дээд зэргээр байна. Тєр, мєнгє хоёрыг холдуулах шаардлагатай. Надад ийм бvлэглэл гэж юм байдаггvй. Надад сонин, телевиз байхгvй” гэж мэдэгдсэн байна. Өнөөдөр улс төрийн балиар бүлэглэлүүд монголын ард түмнийг хордуулах сонин, телевизтэй болж, түүгээрээ эрхэм спикерийг элдвээр гутаан доромжилж байгаа. Гэхдээ ийм сонин телевизд Үнэн сонин, ТВ5, ТВ9, Улаанбаатар ТВ зэрэг хамаарахгүй. Эдгээрийг хор тайлах ерөндөг гээд ойлгочих хэрэгтэй.
Эцэст нь, их хурлын даргын Монголын төрд зүтгэхэд улам хэцүү болж байгаа гэсэн хэсгийг уншаад өр зүрх үнэхээр өвдөж, өрөвдөж, уйлангаа алдлаа. Хөөрхий минь, нээрээ их л зовж зүдэрч байгаа юм байна. Амьддаа бие биеээ хайрлая хүмүүс ээ.

Wednesday, February 14, 2007

хурай хурай

Бүр инээд хүрээд байхын. Би ер нь мулгуу болоод нарийн нандин юм ойлгохгүй байгаа юм болов уу? 25 дугаар сувгын 2 дугаар сарын 14-ны өдрийн мэдээ үзсэн чинь эхлээд Инээдмийн түцийн хошин шог уу гэж андуурахаа дөхөв.
Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойг тохиолдуулан их олон сайхан арга хэмжээ болсны дотроос онцгой содон үйл явдал бол Ерөнхийлөгч тэргүүтэй баг Алтай Таван Богд уул руу авирсан явдал байлаа гэж байна шүү. Аль нэг улсын төрийн тэргүүн улсынхаа хамгийн өндөр уулын оргил руу авирч, төрийн тугаа мандуулсан явдал дэлхийн түүхэнд байхгүй гэж шадар сайд онцлон тэмдэглэж байнаа. Энэ сайхан билэг дэмбэрэлт үйл явдалтай уялдуулж ном гаргасан байна хүүе. Удахгүй зохиолын болон поп одууд хамтарч дуу гаргаж, кино хийж, арван жилийн түүхийн сурах бичигт энэ түүхт явдлыг заавал дурдах хэрэгтэй л дээ. Аль ч улс оронд байхгүй зүйлийг манайх санаачилсан юм чинь дэлхийн түүхийн номонд бас бичүүлэх талаар эрчимтэй арга хэмжээ авах байх гэж найдаж байна.
Ингэхэд Жорж Буш атаархаж үхэх вий дээ. Мань эрийг дэлхийн ерөнхийлөгч гэдгий нь нотлохын тулд Эверест руу авируулж АНУ-ын тугыг мандуулаад, дэлхийн улс орнуудаар туг аялуулах талаар Дик Чений юу бодож байдаг юм бол оо?
Нэлээн үндсэрхэг үзэлтэй Японд эзэн хааныг, Абетай хамт Фүжи уулын орой руу авируулна гэхээр нэг асуудал байгаад байгаа нь Фүжи уул руу хормойгоос нь эхэлж явганаар авирах уу эсвэл машинтай явж байгаад тав дахь буудлаас авирах уу гэдэг байгаа юм. Орой дээр нь л гарч байвал хаанаас нь ч авирсан бай, ямар ч технологи ашигласан бай хамаагүй юм болов уу? Энэ талаар нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд НҮБ-ээс баримт бичиг гаргах хэрэгтэй.
Ингэхэд ямар азаар Эверест манай нутагт байгаагүй юм бэ. Хэрэв тийм байсан бол ерөнхийлөгчийн дахин сонгууль болох байсан ч юм бил үү. Пээ, түй түй, түй, муу ёрын юм бодчихлоо. Хэрэв Эверест манай нэг хэсэг байгаад, бид социалист орон хэвээр байсан бол төрийн тэргүүнийг маань кино студид тусгайлан бэлдсэн жижигхээн овоон дээр зогсоож байгаад энд тэндээс нь баахан зураг аваад, тэр дор нь Манай ерөнхийлөгч дэлхийн хамгийн өндөр ууланд авирч, коммунизмд хүрэх зам ойрхон байгааг харууллаа гэсэн мэдээлэл цацагдах байсан болов уу? Хамгийн өндөр цэг дээр гарч хийморь сэргээсэн юм чинь хамгийн доод цэгт очиж, монголд нүүрлэсэн муу муухай бүхнийг хаяж зайлуулах ёслол хийнэ гэвэл хаана очих бол?

Хээ, далайтай бол ёроолд нь шумбаж очино гэж байгаад ум ма ни бад ми хум болох байж шүү. Ингээд л Монгол геополитикийн ашигтай байрлалд байгаа нь улам нотлогдоод байгаа юм шүү.
Ер нь тэгээд үндсэрхэг үзлээс бодоод үзэхэд ч тэр, төрийн тэргүүний минь тугаа мандуулж, ард түмэн бидний хийморийг сэргээсэн тэрхүү ариун явдлыг хүндэтгэсэн ч тэр, гадаадын иргэдийг Алтай Таван Богдын оройд гарахыг хатуу хоригломоор санагдаж байна. Цаашлаад Ерөнхийлөгч зарлиг гаргаад айлууд морин хуур хоймортоо залсан шиг эх орны минь зулай дээр мандсан соёмбот тугын аривнайлсан жижиг хувилбарыг мөн адил залж мандуулахыг зарлигдмаар байхын.

Saturday, February 10, 2007

үргэлжлэл

үргэлжлэл

Алдаа 2. Ашгаа нэгдүгээрт тавиад гэрээг хамгийн сүүлд тавьдаг

Ер нь ч хаа газрын бизнес эрхлэгчид ашгаа бодож тооцоолоход толгойгоо ажиллуулахаас гэрээ бичиг цаасны ажилд тийм ч их анхаараад байдаггүй. Гэрээ бол хуульчдын ажил. Болж өгвөл бизнес хийдэг л бол сайн хуульчтай байх их хэрэгтэй. Том компани бол хууль зүйн хэлтэстэй, жижиг дунд компани бол түнш хуульчтай, хувь хүн бол хуульч найзтай гэх мэт.
Бизнес эрхлэгчийн зүгээс гэрээ байгуулахад хуульчтайгаа гол ойлголцох асуудал нь дараах байж болохын:
- Гэрээ байгуулахын өмнө хуульчдаа чухам ямар бизнесийн чиглэл, үе шат, зорилго, үр дүнгээ сайн тайлбарлаж ойлгуулах. Тэр хуульч түнш тань бизнесийн ажиллагаа, тоглоомын дүрмийг сайн мэддэг байх нь чухал. Хуульч л бол бүх хуулийг мэднэ гэж байхгүй. Манайд тусгайлан мэргэшсэн бизнесийн гэрээний хуульчид төдийлэн түгээмэл бус байдаг. Ялангуяа манай хуулийн сургуулиудад бизнес, эдийн засгийн онолын зарим хичээл ерөнхий байдлаар зааж, олигтой мэдлэг өгдөггүй юм шиг санагддаг. Тийм болохоор гэрээний загвар төсөл дээр хэдэн нэр, хаяг бөглөөд л халтуурдахаас л аль болох сэргийлвэл зүгээр гэж боддогийн.
- Гэрээндээ хамгаалалтын болох хариуцлагын заалтуудаа сайн бодож хийх. Хамгаалалтын заалт гэдэг нь нөгөө тал чинь гэрээгээ биелүүлэхгүй байх тохиолдолд өөрийнхөө алдагдал, хохирол, гарах маргааныг хурдан түргэн шийдвэрлэх зохицуулалтууд. Зарим овжин нөхдүүд хамгаалалтын заалтууд өөртөө уян хатан, нөгөө талдаа хатуу байхаар хийчихсэн байдаг. Хариуцлагын заалт нь аль нэг талд ямар хариуцлага оногдуулах талаарх заалтууд орно.
- Гэрээ бол зүгээр нэг тохиролцоо бус "газрын зураг" гэж. Тийм болохоор гэрээнд бизнесийн үйл ажиллагааны талаар мөрдөх гол гол зүйлүүдээ тусгайлан тэмдэглэж аваад байнга анхаарлын дор байлгах. Жишээ нь гэрээний хугацаа, бараа нийлүүлэх хугацаа гэх мэт.
- Ямар нэг гэрээ байгуулсан бол тухайн гэрээтэй холбоотой бүхий л бичиг цаас, тооцоо төлбөрийн хуудас зэргийг файл болгож хадгалах. Өөрөөр хэлбэл гэрээний биелэлтийн хяналт, шалгалтын систем гэж.
Үүнтэй холбоотой их олон хэрэг маргаан гарч байсан. Тухайлбал Монгол, Орос хоёр компани гэрээ байгуулж. Манай компани гэрээний үүргээ өөр компанид шилжүүлж, энэ тухайгаа Орос түншлэгч талдаа бичгээр мэдэгдсэн байгаан. Тун удалгүй түншлэгч Орос компани монголын компанийг гэрээний үүргээ биелүүлэхгүй байна гэж нэхэмжлэл гаргасан юм. Монголын компани "бид гэрээний үүргээ өөр компанид шилжүүлчихсэн шүү дээ" гэж хариулж. Оросын тал бид түүнийг чинь зөвшөөрөөгүй шүү дээ гэж. Талуудын гэрээг үзэхэд "гэрээний үүргээ бусдад шилжүүлэх бол нөгөө талын бичгээр өгсөн зөвшөөрөл авсан байна" гэсэн заалт байсан тул Монголын компани хариуцлага хүлээхээс өөр замгүй болсон гэж байгаа.
Бас нэг жишээ Монголын томоохон компанид тохиолдсон. Манай компани Европын компаниас бараа худалдаж авч. Гэрээнд төлбөрийг худалдагчийн банкны данс руу шилжүүлэхээр тохиролцсон аж. Ингээд төлбөр төлөх гэж байтал Европын компаниас "төлбөрөө энэ данс руу шилжүүлнэ үү" гэсэн утгатай, огт өөр дансны дугаар бичсэн факс хүлээгээд авчээ. Факсыг дарга хүлээн авч, нягтланд дамжуулж, нөхөр ч тэр дор нь өнөөх данс руу мөнгө шилжүүлчихэж. Мөн л хэдэн сарын дараа Европын компани Монголын компанийг төлбөрөө төлсөнгүй гэж нэхэмжлэл гаргасан юм. "Бид төлбөр төлсөн шүү дээ" гэж Монголын компани өнөөх факсыг үзүүлтэл, Европын тал нь "манайх ийм факс огт явуулаагүй" гэж. Шалгатал тэр факс хуурамч болох нь тогтоогдсон юм. Хамгийн гол нь талуудын гэрээнд "төлбөр төлөхтэй холбоотой өөрчлөлтийг талууд харилцан тохиролцож, гарын үсэг зуралцан, нэмэлт гэрээний журмаар шийдвэрлэнэ" гэсэн заалт байсан юм. Өөрөөр хэлбэл тухайн факс үнэн байсан ч бай хамаагүй, төлбөрийн данс өөрчлөгдөж л байвал талууд энэ өөрчлөлтийг бичгээр үйлдэж, гарын үсэг зуралцах ёстой гэсэн үг. Ингээд манай компани гэрээний үүргээ биелүүлээгүйд тооцогдсон удаатай.
Тэгэхээр гэрээний зүйл заалтын биелэлт, үр дагавар зэргийг хянаж шалгаж байх нэгдсэн систем хэрэгтэй гэсэн үг. Энэ ажлыг хялбаршуулъя гэвэл дарга, хуульч, нягтлан зэрэг гэрээний ажиллагаанд оролцогч нөхдүүдийг холбосон компъютерийн програм байж болох юм.
- Гэрээтэй холбоотой бүхий л баримт бичгээ маш сайн хадгалах. Хожим маргаан гарахыг алийг тэр гэхэв. Бас утсаар ярьсан яриа, хэлэлцээ, тохиролцоо зэргээ заавал тэмдэглэж аваад байх. Зарим зальтай нөхдүүд маргаан гарсны дараа "би тэгж хэлээгүй ш дээ" гээд бүлтийгээд байдгийн. Туршлагатай бизнес эрхлэгчид бол заавал ийм тэмдэглэл хөтөлж байдаг. Компанитай бол ажилтнууддаа ийм практикийг хэвшүүлэх гээд л.
- Гэрээгээ дууссаны дараа бүх зүйлээ эргэж нэг хянаж, бүх зүйл жин тан байгаа эсэхийг шалгаж хянах.
За нэг иймэрхүү. Өнөөдөр оюун ухаан 0 цэг дээр байгаа болохоор тархи ерөөсөө ажиллаж өгөхгүй хэвээрээ л байна. Даваа гаригаас дипломын судалгаандаа хамаг эд эс, молекулаа зориулах болохоор өнөөдөр сайхан өөрийгөө эрхлүүлж интернет ухаж, кино үзнээ ерөөсөө.

Tuesday, February 6, 2007

Тэнэгчлэл

Өнөөдөр энэ инээдмийн киног үзвэй. Нэг байдаг л нэг залуу, бие үнэлэгч хүүхэн хоёрыг нэг жил хөлдөөн "ичээнд оруулах" нууц туршилтад оруулна. Харамсалтай нь ажиллагааг удирдагч завхай зайдан явдлаас болж баривчлагдснаар мань хөлдсөн хоёр мартагдаж, 500 жилийн дараа сэргэнэ. Харин 500 жилийн дотор дэлхийн хүмүүсийн оюуны чадавх бууран буурсаар эргүү тэнэг болцгоочихсон байснаар бөөн хөгтэй явдал өрнөнө. Товчхондоо бол иймэрхүү. Инээдтэй нь хувьд инээдтэй. Надад бол зугаатай санагдсан. Хоёр завьж дээш болчихоод буугаагүй үзэж дуусгасан.
Харин нэг л юм нь таалагдаагүй. Ирээдүйн эргүү тэнэгээр дүүрсэн Америкийн ерөнхийлөгч нь хар арьстай нөхөр байх аж. Яагаад ч юм арьс өнгөний үзэл байгаад байна уу даа гэж сэжиглэв. "Америкчууд эргүү мангар болох цагтаа л хар арьстныг ерөнхийлөгчөөр сонгоно" гэсэн утгыг илэрхийлээд байна уу үгүй юу гэж.
Обама Баррак АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвших ирээдүйтэй улс төрч гэж үнэлэгддэг. Гэхдээ арьс өнгөний үзэл хэрхэн түүний хувь заяад нөлөөлөх юм бол доо? Хэрвээ Хиларри Клинтон гараад ирэхэд "Эмэгтэй хүн ерөнхийлөгчийн ажлыг хийж чадаж байгаа юм чинь хар арьстай хүн хийж чадах байх" гээд сонгочхож мэдэх л байх.
За энэ бол зөвхөн миний бодол. Үүнээс бусад нь бол энэ кино үнэхээр инээдтэй. Миний энэ эргүү сэтгэгдэл та бүхний киноноос авах таашаалд өчүүхэн ч төдий бүү нөлөөлөөсэй гэж хүслээ.

Thursday, January 25, 2007

өглөөний уншлага

Foreign Affairs сэтгүүлд Сингапурын Ерөнхий сайд асан Ли Куан Юэгийн The United States, Iraq, and the War on Terror гэсэн илтгэл гарсныг умшиж, тархиа "чилээв".
Ли Куан Юэгийн илтгэлийн хэд хэдэн зүйл сонирхол татав. Олон улсын харилцааны талаар мэдлэг маруухан ч эрх зүйн талаас нь л бодож үзэв.
Товчхондоо АНУ-ын Ирак дахь үйл ажиллагааны талаар Сингапурын байр суурийг илэрхийлсэн ажээ. Ингэхдээ Сингапурын гадаад бодлого, Зүүн Өмнөд Азийн түүхэн болон өнөөгийн нөхцөл байдал, Ойрох Дорнод, Арабын ертөнцийн талаар товч хэрнээ тодорхой үнэлэлт дүгнэлт өгчээ. Олон жилийн туршлагатай, ахмад улс төрчийн хувьд Ли Куан Юээ АНУ-д дараах зөвлөгөөг өгч:
- Иракийн цагдаа, батлан хамгаалахын салбарт халаа сэлгээ хийж шинэчлэх нь нөхцөл байдлыг дордуулна гэж. Өөрөөр хэлбэл Арабын Социалист Баат намын гишүүдийг төрд ажиллуулахгүй байлгах нь буруу гэж. Ли Куан Юээ энэ аргументын үндэслэл болгож Япон Сингапурыг эзлэх үеийн жишээг дурджээ. Харин би бол Саддам Хуссейны дэглэмд ажиллаж байсан Баатын гишүүдийг цагдаа, батлан хамгаалахаас "цэвэрлэж" ажлаас халахаас өөр аргагүй гэж бодоод байгаан.
- Европ, Орос, Хятад, Энэтхэг зэрэг лалын бус орнуудтай хамтрах хэрэгтэй гэжээ. Гэхдээ би олон улсын нөхцөл байдлыг ойлгодоггүй юм. Олон улсын эрх зүйн ерөнхий зарчим, зан заншлын хэм хэмжээгээ баримтлавал бүгд л хамтарч ажиллах ёстой байдаг. АНУ хамтрая гээд ч бусад улс орнууд хамтрах сонирхолгүй байхад хэцүү. Ашиг сонирхолын зөрчилдөөнөөс болоод аль болох Иракаас хол ч биш ойр ч биш байр суурь баримтлаад, АНУ Ирак руу дайрч ёс бус зүйл хийсэн, одоо ингэх тэгэх хэрэгтэй гээд ширээний ардаас баахан юм яриад л. АНУ-ыг шүүмжлээд байлгүй Иракт энх тайван, ардчилалыг тогтооход бусад орнууд яг юу хийж байгаа юм бэ гэхээр хариултгүй. Хятадтай хамтарна гэдэг бүр ч хэцүү биз. Суданд геноцид болж, бусад орнууд вето тавьж байхад Хятад л худалдаагаа хийсээр л байсан.
- Ли Куан Юээ Иракт чөлөөт сонгууль бол ардчилалд хүрэхэд хамгийн эхний хийх алхам биш гэсэн нь их сонин байв. Эхлээд боловсрол, эмэгтэйчүүдийн эрх, эдийн засгийн боломжийг хангачихаад, дараа нь эрх зүйн систем, хараат бус шүүх, иргэний нийгмийн институтыг байгуулаад дараа нь чөлөөт сонгууль хийх жорыг санал болгожээ. Тэгэхээр чөлөөт сонгууль хийхгүйгээр эрх зүйн системыг хэн боловсруулж батлах вэ? Эдийн засгийн эрх чөлөө, боломжийг хэн яаж бүрдүүлэх вэ? гэдэг асуудал гарч байгаан.
Би өөрийн улсын шилжилтийн үеийн нөхцөл байдлыг бодож үзэхээр энэ бүгд дэс дараалж бус харин зэрэгцэж байх ёстой юм шиг байдгийн. Өөрийнхөөрөө бодохоор манайх эхлээд түр чөлөөт сонгууль явуулж, эдийн засгийн реформыг хийчихээд эрх зүйн систем, институци руу орж, иргэний нийгэм, боловсрол, хүний эрхийг сүүлд нь л анхаарсан юм болов уу. Тийм болохоор л нийтээрээ хувьчлал, мөнгө санхүүгийн зах зээлийн талаар ойлголтгүй явсаар одоо л нэг мэдэцгээж эхэлж байна. Хүний эрх, иргэний нийгэм одоо л нэг яригдаж төлөвшиж эхэлж байх шиг байна. Эдийн засгийн боломжийг эрх зүйн систем, институциас түрүүнд эхлэх нь шударга бус хуваарилалтыг бий болгохын нэг том үндэс юм болвуу гэж. АНУ яг одоо юун хүний эрх, ардчилал гэж огт мэдэхгүй, хэт хүчтэй шашинлаг, олон бүлэглэлт хуваагдсан, ашиг сонирхолын огтолцолд байрласан Иракт хэрхэн ардчилалыг байгуулах вэ гэж толгойгоо гашилгаж байгаа үед нь энэ талаар судалж үзвэл их л сонирхолтой ажилбар гарах байх.
- Илтгэлд АНУ-ыг Израйль, Палестинийн асуудалд идэвхтэй оролцож энх тайвныг тогтоож чадвал Ойрох Дорнодод Арабын орнуудын дэмжлэгийг авч чадна гэжээ. За энэ бол үнэхээр биелэгдэшгүй даалгавар болно. Үүний тулд ОХУ, ЕХ, Хятад гээд олон улс орны дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болно.
За товчхондоо бол иймэрхүү. Энэ бол миний коммент байлаа гэж.

Saturday, December 16, 2006

манан будан

Үнэн л байдаг байгаа даа. Сонин.мн дээрээс Монголын мэдээ сонины Буян хураах өдөр нийтлэлийг уншаад гайхаж бас инээд ч хүрэх шиг.
Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулсан зулын хорин тавны ёслолд Ерөнхий сайд
М.Энхболд хүрэлцэн ирж зулын хорин тавны буян хураах үйл ажиллагаанд оролцжээ. Тэрбээр Богд Зонховын өмнө залсан зулыг мандаасны дараа хэлсэн үгэндээ “Жилд нэг удаа тохиодог өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг тэмдэглэн ёслол үйлдэж байна. Засгийн газар бурхaны шашныг өөрийн оронд төдийгүй бусад орнуудад түгээн дэлгэрүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Үүний нэг жишээ бол энэ сарын 12-нд Засгийн газар 294 тоот тогтоол гаргаж БНЭУ-д барьж байгаа монгол сүмийн барилгыг гүйцээхэд шаардлагатай 200 сая төгрөгийг гаргахаар шийдвэрлэлээ” гэжээ.
“Өөрийн оронд төдийгүй бусад орнуудад түгээн дэлгэрүүлэхэд анхаарлаа хандуулаад” байхдаа яахав дээ. Өөрийн улсын ядууралтай яаж тэмцэх вэ гэдэгт л анхаарлаа хандуулна биз. Бас юун өөр оронд очиж шашин түгээх ч завтай юм бэ. Шашин, төр хосолсон улс байгаа биш гэж эгдүүцэв. Үндсэн хуулиараа шашин, төрийг хооронд нь зааглаад заачихаад байхад засгийн газрын тэргүүн нь тэс хөндлөн юм яриад явна гэж баймааргүй юм. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ гэж заасан нь “түгээн дэлгэрүүлэх” гэсэн утгагүй л баймаар юм. Энэ нь бас буддын шашныг бусдаас илүү авч үзнэ ч гэсэн утгыг агуулаагүй дээ. Арай манай ерөнхий сайд ингэж хэлээгүй байх аа.
Би хувьдаа төр, шашин хоёр тусдаа байх ёстой гэж үздгийн. Нэн ялагуяа санхүүжилтийн хувьд төр ямар ч шашин байсан хандив туслалцаа, зээл, бүр ширхэг хадаас ч өгөхгүй байх ёстой гэсэн хатуу чанга байр суурьтай. Манайд төр, шашин хутгалдсан арга хэмжээ гарч байдаг (би үүнийг Үндсэн хууль зөрчиж байгаа явдал гэж үздэг болно). Жишээ нь манай төрийн өндөрлөгт байгаа хүмүүс энд тэнд барилгын шав тавихад лам нараар ном уншуулж, гандан хийд төдийгүй өөр гадаад улсад эх орон, ард түмнээ даатгаж мөргөл хийх (ТВ5-ын 11 дүгээр сарын 30 өдрийн Өнчин галууны цамхаг мэдээ), овоо сэлтийн тахилгад оролцож, уулын оройд гарч мөнх хөх тэнгэрийг баярлуулж, биднийхээ хийморийг сэргээх (нэгэн өндөр албан тушаалтны Хүйтний оргилд гарч ирээд өгсөн ярилцлага) зэрэг их буянтай ажил хийдэг билээ. Бурхан хэрэв албан тушаалын зиндаагаар хүний хүсэлтийг хүлээж авч шийддэг бол манай улс орон ч гарч өгөх байх даа гэж тухай бүр боддог билээ. Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөл энэ талаар юу ч гэж боддогийн сайн мэдэхгүй юм.
Ямар ч байсан энэ мэдээг худлаа байгаасай гэж боджийндоо.

Friday, December 15, 2006

killing time

Нэг мэдсэн амьдралынхаа хэдэн цагийг хэрэгтэй хэрэггүй нь үл мэдэгдэх зүйл зарцуулсан байх юм. Хамаг юм Хятадын гэр бүлийн хуулийг саваагүйтэж уншсанаас л боллоо. Тэгээд нэгэнт өөрийнхөө цагийг үрсэн юм чинь бусдын цагийг ч бас үрж хорлон сүйтгэх ажиллагаа хийдэг юм уу.
Хятадын гэрлэлтийн тухай хуулийг гүйлгэж харж байтал нүдэнд туссан нь гурван үеийн цусан төрлийн холбоотой хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон заалт байв. Өөрөөр хэлбэл эмээ, өвөө хүртэлх үе. Харин дөрөв дэх үе буюу элэнц эмээ өвөөгөөр холбоотой хүмүүс хоорондоо гэрлэх боломжтой байх нь. Амьдрал дээр бол овог нэгтэй мөн авгын талын үеэлүүд гэрлэдэггүй аж.
Европын түүхэнд үеэлүүд (first cousin; second cousin) хоорондоо гэрлэдгийг мэдэхээс цаашгүй байсан болохоор гэнэт сонирхол хөдлөөд элдэв юм ухаж төнхөв.
Тэгсэн Ойрох Дорнодын улсууд, Саудын араб, Кувейт гэх мэт, Сири, Израйль, Алжер, Египт, Пакистан, Энэтхэг (хинди), Бангладеш, Ливан, Хятад (гурван үеээс дээш байх), АНУ-ын зарим мужид үеэлүүд хүмүүс гэрлэх боломжтой ажээ. Ялангуяа
лалын шашинтан улсад энэ төрлийн гэрлэлт хамгийн түгээмэл байна. Зарим бурангуй омог отог, аймагт (ихэнхээ хинди,лалын шашинт оронд) авга ах, зээ охин хоёрыг гэрлүүлдэг заншилтай байдаг байна.
АНУ-д 19 муж үеэлүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрч байхад 7 муж зөвхөн тодорхой шалгуураар зөвшөөрдөг байна. Энэ шалгуур нь тухайлбал гэрлэгчдийн аль нэг үргүй, хүүхэл төрүүлэх боломжгүй, нас дээр гарсан, генетикийн зөвлөгөө авсан байх зэрэг байдаг байна. Tухай тухайн ёс заншилдаа тааруулаад заримд нь авгын талын үеэлийн гэрлэлтийг хориглож, нагацын талынхыг зөвшөөрөх зэрэг ялгаатай байдал байх. АНУ-д ийнхүү зарим мужид зөвшөөрдөг нь олон үндэстэн ястан, соёл иргэншил нэг дор байдгаас шалтгаалж байгаа байх. Үнэн худлыг бүү мэд, Рутгерсын Их сургуулийн антропологич профессор Робин Фокс түүх дэх бүх гэрлэлтийн 80 хувь нь үеэлид, үеэнцэр (second and third cousins? монгол хэлэндээ муу болохоор яг оноосон нэрийг сайн мэдэхгүй байна) болон түүнийн ойр төрөл дотор гэрлэсэн байдаг гэсэн судалгааг хийсэн байхын. Японы баруун нутаг руу цусан төрлийн дотор гэрлэх явдал түгээмэл байдаг байна. Тэгээд Японы Иргэний хуулийн гэр бүлийн талаарх зохицуулсан хэсгийг сөхөж харваас Хятадын хуультай адилхан гурван үедээ холбоотой садан төрлийг (мөн шууд ясан төрлийн холбоо) гэрлэхийг хоригложээ.
Үеэл, үеэнцэр, үеэлид, хаялид нар хуримлахын цаад учир утга нь шашин, түүх, ёс заншлын ялгаатай байдлаар тайлбарлагдах байх. Үеэлүүд хоорондоо гэрлэлээ гээд муу зүйл огт байхгүй, цус ойртох магадлал үнэхээр муутай гэж үздэг
бүлэг хүмүүс байх. Түүнээс гадна Арабын ертөнцөнд ийм гэрлэлтийг өнөөг хүртэл хадгалсаар ирсэн нь гэр бүлийн холбоог батжуулж, өв хөрөнгийг өсгөн нэмэгдүүлэх эдийн засгийн ашиг сонирхол ч бий гэж тайлбарлаж. Арабын улс орнуудын гэрлэлтийн 20-50 хувь нь үеэлид, 30 хувь нь үеэл хоорондоо гэрлэсэн гэсэн тооцоо гаргажээ (USA Today, APR 04, 2002; A place on the map by de Costa, Caroline, Lancet) .
Цус ойртолтоос болж хүүхэд тогтохгүй байх, зулбах, бие эрхтэн, оюуны ухааны хомсдолтой, сульдаа хүүхэд төрөх эрсдэл маш өндөр. Үеэлүүдин дундаас улаан цайм ийм эмгэггүй хүүхэд төрөх явдал байдаг ч оюуны чадавх муу, бие тунхаа муутай, намхан, өвчинд дархлаа муутай байх нь их . Тийм ч болохоор ийм улс оронд нялхсийн эндэгдлийн тоо нь ч өндөр хэвээр байгаад байдаг юм болов уу.
Тэгэхээр нэг ийм бодомж хийв: хуулийг боловсруулахад ёс заншил, шинжлэх ухаан, үндэсний аюулгүй байдал, хүний эрхийн асуудлыг хэрхэн уялдуулж, эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй хийх вэ? Цусан төрөлдөө гэрлэхийг шууд хатуу хориглолоо гэхэд ийм ёс заншилтай, шашин шүтлэгтэй бүлэг этгээдийн шашин шүтэх, эс шүтэх эрхийг зөрчсөн гэж үзэх үү? (сүүлийн үед Европын зарим улсад лал бүсгүйчүүдийг олон нийтийн газарт бурка өмсөхийг хориглоод байгаа санаанд орчихлоо). Тухайн хүнд ёс заншил, хууль хоёрын аль нь илүү чухалд тооцогдох вэ? За тэгээд бүр цаашилбал “бүдүүлэг” ёс заншлыг хуулиар хориглох замаар засах уу, эсвэл үүнээс өөр арга байна уу? Хэрвээ ёс заншлын цаад үндэс нь шашин байхын бол мөн ч хэцүү. Цаашлаад хувь хүний эрх (хамаатантайгаа гэрлэх дургүй байх эсвэл гэрлэмээр байх), бүлгийн эрх (гэр бүлийн хүрээг батжуулах, эдийн засгийн хүрээгээ чангатгах сонирхол, шашин, соёлоо дээдлэх үзэл), нийтийн эрх (үндэсний аюулгүй байдал, нийгмийн ёс суртахуун) гэх мэт эрх, ашиг сонирхолын огтолцол пирамид бүтцийг яаж бүтээх вэ гэж бодсоор өдрийн хоолоо олигтой амтархаж идэж чадсангүй.
Манайх шиг есөн үедээ цус ойртохыг хориглодог заншилтай нь ховор бололтой. За тэгээд өөрийн улсын Гэр бүлийн хуулиа эргэж нэг харав. Манай хуулиар төрлийн хүн гэдгийг гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг, харин садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хэлнэ гэсэн байгаа бөгөөд төрөл, садангийн хүмүүсийг хооронд нь гэрлэхийг хориглосон. Үүн дээр нэг зүйлийг бодоход “өвөг эцэг, эмэг эх” гэдгийг “өвөө, эмээ” гэж ойлгох уу эсвэл ер нь дээд удмын бүх үеийг хамруулсан нэгдмэл ойлголт уу гэдэг нь тодорхойгүй. Мөн "авга, нагац, тэдгээрийн хүүхдүүд" гэдэг нь хэд хэдэн үеээ хамарсан ухагдахуун гэж ойлгох уу. Гэхдээ хууль тогтоогчид их л өргөн утгаар нь бодож хийсэн болвуу.
Тухайн үндэстэн юунд ач холбогдол өгч, дээдэлж, хүндэлж ирсэн нь үгийн баялагаас харагддаг гэж. Жишээ нь манайд удам угсааны нэршил: буданцар, жичинцэр, зээнцэр гээд нэлээн олон үг гарч ирэхийн. Ямар ч байсан генетикийн шинжлэх ухааны сураг дуулдаагүй байсан эрт үеэс цус ойртохыг жигшин зэвүүцэж, нүгэл гэж үзэж, есөн үедээ гэрлэхгүй байхыг захиж, угийн бичиг хөтлөхийг сургаж, холоос бэр гуйхыг эрхэмлэж ирсэн манай өвөг дээдэс юутай ухаантай гэж бодож баярлав. Харин ийм сайхан ёс заншлыг мөрдөөд ирсэн байхад манайд цус ойртолт бас нэг проблем. Угийн бичгээ л сайн хөтөлж, өвөг дээдсийн үүх түүх, аль нутаг уснаас гаралтайгаа өндөр настан хамаатан, эмээ, өвөө, аав ээжийгээ байгаа дээр нь сайн асууж тэмдэглэж авсан нь цус ойртолтоос хамгаалахымдаа. Ингээд бодохоор цагаан сар... за за бүр хадуурах нь.

Monday, December 11, 2006

Сонирхолтой зөвлөгөө


Хошин шог шиг юм заримдаа байх юм. Монголын өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн хүмүүжил олгох зорилготой вебсайт дахь нэг зөвлөгөө ийм байх юм: "Хvмvvс хамгаалалтгvй бэлгийн хавьталд орвол жирэмсэлдэг гэдгийг мэддэг хирнээ тэр бvр биелvvлдэггvй... өсвєр vеийнхэн та бvхэн дараах зvйлсийг мэдэх хэрэгтэй. ..ЧАМД САНУУЛАХАД: Эмэгтэй хvн хэдийгээр:12 нас хvрээгvй ч гэсэн хамгаалалтгүй бэлгийн хавьталд орвол жирэмслэх боломжтой гэдгийг санаарай!". Юу гэсэн үг вэ? Уул нь бэлгийн харьцаанд орох нас хуулиар бол 16-аас л дээш шүү дээ. Зарим нэгэн зөвлөгөөгөө бодолтой танагтай өгмөөр юм. Энэ зөвлөгөөгөөр бол 9 настай дүүдээ юмыг яаж мэдэх вэ гэдгийг сайн хэлж, бэлгэвч цүнхлүүлж явах юм уу даа янз нь. Мэдүүштэй л юм.http://www.sex-edu.mn/any/behavour.php

galanz


Өнгөрсөн жил Хятадын засгийн газраас том компаниуддаа заавал нэг алдартай брэнд үйлдвэрлэх коммунист үүрэг өгчээ. Дэлхийн зах зээлийн бараа таваарын тэн хагасыг шахуу үйлдвэрлэдэг мөртлөө Хятадын брэнд гэхээр зүйл огт байхгүй байгаад асуудлын гол нь оршиж байгаа юм.
Нээрээ ч тийм л дээ. Ииийй цаана чинь Хятадын компаниуд бизнесийнхэн...гээд л айлгаад л байх юм. Хамаг юм Хятадад үйлдвэрлэв гэсэн шошготой болоод л байх юм. Гэхдээ дэлхийн зах зээл дээр хятадын брэнд, барааны тэмдэг нь нэрд гарсан, олны танил болоод хошууруулаад байгаа юм бий бил үү? Дэлгүүр хоршоогоор олон яваад байдаггүй болохоор би сайн мэдэхгүй ч гэсэн Тошибо, Тоёото, Проктер энд Гэмбль гээд хэн ч дуулаад, аа тийм л дээ гээд хүлээгээд авахаар Хятадын брэнд болсон нэр хаяг, зүүлт, шошго саная гээд санаанд орохгүй юмаа. IBM-г худалдаж авсан Lenovo-г нэрлэж болох юм. Гэхдээ л дэлхийн зах зээлд IBM-ийн нэрийн дор бүтээгдэхүүнээ гаргахгүй л бол Lenovo гээд гаргахаар танил болоогүй л байгаа. Галанз гээд дэлхийн шарах шүүгээний 40 хувийг үйлдвэрлэдэг гээд байгаа ч энэ нэр нь брэнд болоогүй болохоор бусад фирмийн нэрээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.Өөрийнхөөрөө дураараа бодоход, энэ хятадууд чанар загвар муутай бараа хийсээр байгаад Хятадын бараа хулхи гэсэн ойлголт нь брэнд нь болчихоод үйлчлээд байдаг ч байж магадгүй. Би Сонигийн бүтээгдэхүүнийг Хятадад үйлдвэрлэв гэсэн байхад авч л орхино, харин Хятадын Lenovo-г мөнгөгүйдэх зэрэг аргаа барсан үедээ л авах байх . Цаанаа л энэ чинь хятадынх шүү дээ л гэж бодогдоод.Уул нь хятадууд чанартай сайн юм хийе гэвэл хийж чаддаг ч чанартаа бус тоон дээрээ анхаарлаа тавиад байдаг юм болов уу? Энд бас хятадуудын сэтгэлгээний онцлог байгаад байгаа юм болов уу. Хятадууд юм л бол найз аа, найз аа гээд л инээд алдаад л гүйгээд байдаг. Долигноод байгаа юм уу гэхээр үгүй юм шиг байгаа юм. Хятадууд бизнесийнхээ мөн чанарт бус түнштэйгээ тогтоох харилцаанд хамаг анхааралаа тавьдаг юм шиг санагддаг юм. Наад зах нь энэ байдал нь сав л хийвэл хамт хоол идэх гээд байдгаас харагдана. Их л олон танилтай, тэдэнтэйгээ харилцаа холбоо нь сайн байх нь бизнесийн гол арга барил нь болсон болохоор л өөрсдийн брэндээ үйлдвэрлэхээс илүүтэй овоо олны танил болсон бусад брэнд нэрийг мөнгөөр цохиж худалдаж аваад байдаг юм болов уу. Маш олон жилийн дараа л ийнхүү хятадууд өөрсдийн тоглоомын дүрэм нь өөр газар явуургүй байгааг ухамсарлаад, одооноос өөрсдийн брэндээ гаргах засгийн үүргийг биелүүлэхээр ханцуй шамлан ажиллаж байгаа нь гарцаагүй. Харин энэ байдалд манай бизнес эрхлэгчид дор дороо дүгнэлт хийх нь л хамгийн чухал болов уу.

Friday, December 8, 2006

dignity


АНУ-д 2005 онд хуульчдын болон олон нийтийн дунд сонирхол татаж маргаан үүсгэсэн хоёр хэрэг гарсан юм. Нэг нь Сан Хадсоны хэрэг. Ванда Хадсон гэгч бүсгүй 2004 оны 9 дүгээр сард хүү төрүүлжээ. Гэвч хүү төрөлхийн гажигтай тарсан байсан тул удаан амьдрах чадваргүй байсан тул төрснөөс хойш хиймэл амьсгалын аппараттай байв. Нэгэнт наслах тавилангүй мөн хүү ухаангүй байгаа тул амьсгалын аппаратыг салгах шийдвэрийг эмнэлэгээс гаргаж. Ээж нь энэ шийдвэрийг эсэргүүцэж, хүүгийн амьд явах эрхийг зөрчиж байна гэж үзэж шүүхэд ханджээ. Ванда хүүгээ ухаантай байгаа гэж маргасан ч эмнэлэг хүүгийн амьсгалын аппаратыг салгасан байна. Хүү минутын дотор амьсгал хураасан аж.Мөн онд машины осолд орсноос хойш ухаангүй байгаа Терри Шиаво гэгч бүсгүйн тэжээлийн аппаратыг нөхөр нь салгуулах хүсэлт гаргасныг охины аав ээж эсэргүүцсэн маргаан гарав. Аав, ээж нь охиноо ухаантай байгаа бөгөөд цаашид амьдрах хүсэл тэмүүлэлтэй байгаа гэж маргажээ. Гэсэн ч нөхөр ялж, Шиаво бүсгүйн тэжээлийн аппаратыг салгажээ.Энэ хоёр хэрэг хүний амьд явах эрхийг зөрчсөн эсэх талаар маш их маргаан үүсгэсэн юм. Euthanasia буюу өвчтөн, ар гэр, ойр дотныхны хүсэлтээр эсвэл эмнэлэгийн шийдвэрээр өвчтөний амьд байлгахад чухал нөлөөтэй аппаратыг салгах, унтуулах, нойрсуулах тун их хэмжээгээр өгөх замаар нөгөө ертөнцөнд очих цагийг түргэвчлэх арга нь хүний амьд явах эрхтэй зөрчилдөж байна уу? Хэрвээ өвчтөн өөрөө хүсэж байвал энэ аргыг хийхийг хүлээн зөвшөөрч болох ч өөр хүний хүсэлтээр ийм зүйл хийвэл яах вэ?
Олон улсын хэмжээд цөөхөн хэдэн оронд энэ аргыг хуульчилж хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал Нидерланд, АНУ-ын Орегон муж, Бельги, Швейцарь, шууд бус байдлаар Япон гэх мэт. Японд анх 1962 онд Нагояад эдгэрэхгүй өвчин туссан аавыгаа ээжтэйгээ нийлээд хор өгөөд алсан хэрэг гарч. Хүү аавыгаа өөрөө ингэхийг хүссэн гэж мэдүүлж, улмаар дөрвөн жилийн ял сонсжээ. 1995 онд Токайгийн Их сургуулийн эмч мөн л эдгэрэх тавилангүй өвчтөнд хор өгсөн хэрэг гарч гурван жилийн ялаар шийтгүүлжээ. Японд “үхэл түргэтгэх арга”-г хийхийн тулд өвчтөн тэсвэрлэшгүй өвдөж шаналж байх, эдгэрэшгүй өвчнөөр өвдсөн байх, өвчтөн өөрийн энэ аргыг хэрэглэх хүслийг илэрхийлсэн байх зэрэг шаардлага тавьдаг байна. Бүр Японд Нэр хүндтэйгээр нас барах гэсэн төрийн бус байгууллага хүртэл байх. Гишүүнээр нь ерөнхий сайд асан Койзуми зэрэг олон нэртэй хүмүүс элссэн байдаг аж. Тус байгууллага дээрх аргыг дэмждэг бөгөөд гишүүд нь хэрэв хүнд өвчин тусвал уг аргыг хэрэглэнэ гэсэн нэгдсэн санаатай байдаг аж. Харин энэ аргыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөөгүй байгаа аж. Учир нь хэрэв хүлээн зөвшөөрвөл Сан хүү, Шиавогийн хэрэг шиг маргаантай байдал үүсэх эрсдэлтэй юм. Үнэхээр өвчтөн энэ аргыг хэрэглэхийг хүссэн эсэхийг яаж нотлох билээ. Саяхан Германы нэг эмч дээр нэгэн эмэгтэй эдгэрэшгүй өвчнөөр өвдсөн тул энэ аргыг хэрэглэх хүсэлт гаргаж, эмч ч ёсоор болгожээ. Гэтэл дараа нь өнөөх өвчтөн эрүүл байсан бөгөөд сэтгэл санааны гүн гутралд орж, амиа хорлох гэж хуурамчаар ийм бичиг үйлдсэн болох нь тогтоогдож, эмч сэтгэлээр унаж амиа хорлосон эмгэнэлт явдал гарсан.Мэдээж Монголд энэ арга хуульчлагдаж, хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа. Эмнэлгийн систем муу байгаа үед ингэх ч хэрэггүй юм. Буруу оношоор будлиантай зүйл хийхийг үгүйсгэхгүй. Түүнээс гадна би хувьдаа энэ аргыг зөвхөн удаан хугацаагаар ухаангүй байгаа, эдгэрэшгүй өвчин туссан өвчтөнд ойр дотныхонтой зөвшилцөж хийхээс бусад тохиолдолд хийх нь буруу гэж үздэг юм.

Дашрамд нь сэдвээс гажихад практик дээр манайд эдгэрэшгүй, тавилангүй өвчнөөр шаналж буй өвчтнүүдэд эмнэлэг их хатуу ханддаг юм шиг санагдсан. Ор байрны хязгаарлагдмал байдлаас болдог л доо. Тухайлбал хорт хавдараар өвдсөн хүмүүс Хавдар судлалын 18 ортой хөнгөвчлөх тасагт хэвтэх гэж бөөн юм болох бөгөөд 14 хоногийн дараа гэртээ очихоос өөр аргагүй байдалд хүрнэ. Ингээд өвчтнүүд гэртээ гэрийхнээрээ асруулсаар нөгөө ертөнц рүү одох хэцүүхэн зүйл тулгарна. Харин сүүлийн үед Монголд хөнгөвчлөх үйлчилгээ үзүүлдэг шинэ эмнэлэгүүд буюу хосписууд гарч ирсэн байсан. Эдгээр эмнэлгүүд гэрээр очиж тэрхүү өвчтнүүдийн өвчнийг намдаах, асрах сувилах, ар гэрийхэнд нь асаргааны анхан шатны мэдлэг олгох зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Ийм туслалцаа авах хүсэлтэй өвчтний тоо их, хөнгөвчлөх эмч нарын тоо бага байдгаас эрэлт ихтэй байдаг нь хүндрэлтэй. Дээр нь эмч нар ийм үйлчилгээ хийхэд зардал ихтэй, ашиг багатай болохоор нь сонирхдоггүй юм шиг байсан. Гэхдээ энэ дундаас үнэгүй үйлчилгээ үзүүлдэг Ивээл гэх хоспис тухайлбал төлбөрийн чадваргүй айл өрхөд очиж тусалдаг байх жишээтэй. Санхүүжүүлэгч байгууллага нь Христийн шашны сан болохоор тэр.

Ингэхэд Буддын шашныхан ийм үйлчилгээг санхүүжүүлж болдоггүй юм байх даа гэж гайхдгийн. Тэгвэл хөнгөвчлөх эмчилгээнээс гадна лам нар хүнд өвчнөөр шаналж буй өвчтөн төдийгүй ар гэрийнхэнд нь сэтгэл санаагаар дэмжиж өгч болох юм шиг. Яагаад гэвэл ийн өвдөж буй хүмүүс ихэнхдээ гэр орныхондоо их зовлон болж байгаагаа мэдэрч шаналахаас гадна, гэрийнхэн нь ч бас хайртай хүндээ тус болж чадахгүй байгаадаа бухимдах нь олон юм шиг байдгийн. Иймд зөвхөн өвчтэй хүнд өвчин зовлонг намдаахаас гадна өөрт нь болон гэрийнхэнд нь сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг их хэрэгтэй юм.
За ингээд Эх болсон зургаан зүйл хамаг амьтаны тусын тулд эрхиэ нэг эргүүлээд унтаж хэвтэх минь.

Блог

Блог
Би өөрийгөө аюулын муу санаатай гэж бодож байсан чинь биш юм аа. Блогтоо өөрт огт холбоогүй, бусдын мэдэхгүй, танихгүй, сонсоогүй нэр хаяг зүүлт өгөөгүй л байгаа юм даа. Гэнэн байгаа юм шүү. Хэрэвзээ өөр нэрээр өгсөн байсан бол баруун солгойгүй балай авахгүй юу. Өөрт болсон явдлаа биччих гэхээр өрөөл бусдын талаар дурдах болчих гээд. Тэд дараа нь гомдол нэхэл, уйлаан майлаан, хэрүүл уруул болвол яахын. За тэгээд хувийн нууц, халдашгүй байдлын талаар сүүмгэнэсэн санах ойгоо сэргээх санаатай интернет, блог, эрх зүйн уялдаа холбоо, уулзвар цэгийг уншиж судалж үзэв. Хэд хэдэн сонирхолтой хэрэг маргаан үзэж баясав. Энэ талаар бичдэгийнмуу гээд.Блогчдын ихэнх нь ч юмуу зарим нь ч юмуу сэтгүүл зүй, эрх зүйн талаар нарийн мэргэшээгүй нөхдүүд байгаа болохоор хууль зөрчих, хүний эрхэд халдах, өөрөө бас хэлмэгдэх зэрэг айхтар явдал гарвал яахсан билээ. Тухайлбал хувь хүний нууцыг задруулах, халдашгүй байдалд халдах, нэр төр, алдар хүндийг гутаах, гүтгэх, доромжлох, сэтгэл санааны дарамтад оруулах, заналхийлэх, нийтийн дэг журмыг зөрчсөн зүйл сурталчлах, уриалан дуудах (хар тамхи сурталчлах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг өөгшүүлэх гэх мэт), зохиогчийн эрх зөрчих зэрэг явдал гаргаж болзошгүй юм. Блогчид өөрсдөө ч доромжлуулах, гүтгүүлэх, гутаалгах, ялгаварлан гадуурхагдах, дарамтлуулах, заналхийлүүлэх за тэгээд ажлаас халагдах зэрэг хэлмэгдэлд өртөх ч магадлалтай. Иймийн учир зөвхөн интернетийн хэрэглээ ч бус хүний эрх, оюуны өмч, эрх зүйн үндсэн зарчим, сэтгүүл зүйн ёс зүйн талаар элдэв шалдав зүйл эргүүлж тойруулж үзсэн нь зөв болвуу.Доромжлох-шоглох, нэр төр, алдар хүндэд халдах-шүүмжлэх, миний нууц-хүний нууц, гүтгэх- таамаглах зэрэг хэрэглэж буй үгсээс хамаарч тодорхойлогдох асуудлууд бий.Янз янзын хэрэг дундаас нэг сонирхолтой хэрэг гэвэл Жессика Катлер байна. Жессика сенатын туслах хийж байхдаа блог хөтлөн, өөрийн янаг амрагийн явдлаа бусдад дэлгэж эхэлжээ. Амрагуудын дунд сенатч зэрэг нэр нөлөөтэй хүмүүс байсан байна. Энэ нь нийтэд мэдэгдэж Жессика ч алдаршиж, Плейбойд зургаа авахуулж, номоо гаргаад амжив. Харин хуучин амраг сенатч нөхөр Жессикаг хувийн халдашгүй байдалд нь халдлаа гэж шүүхэд өгчихөөд байгаа билээ. Найз нөхөддөө янагийн явдлаа яриад тэр нь тархвал Моника Левински, харин өөрийн блогоор цацвал Жессикагийн замаар замнах нь гэсэн үг. Дашрамд нь эрчүүддээ хандаж хэлэхэд "ямар хүүхэнтэй холбогдох гэж байгаагаа эхлээд сайн судлаарай, болгоомжтой байгаарай, өмдний тэлээгээ сул битгий амархан тавиад туучихаарай, нэгэнт заяаны ханиа олсон, гэрлэсэн бол "замын зуурын" хүүхнүүд аюултай гэдгийг санаж яваарай".Нөгөөтэйгүүр блогчид сэтгүүлчидтэй адил эрх эдлэх үү яах уу? Адилхан эрх эдэлж байгаа юм чинь үүргийг нь бас адилхан хүлээх үү? Нэг жилийн дотор Монгол блогчдын тоо эрс өсөж байхад 2008 онд бүр ч ихсэх болвуу. Тэглээ гэж бодоход сонгуулийн үеэр блогоор дамжуулж сурталчилгаа хийх, мөн блогчид өөрсдөө блогоо пропаганда болгож ашиглаж болох уу? (Үүнийг дараагийн сэдэв болгож жичэд нь орхив.)Гайхамшигтай нийтлэл, өгүүлэмж бичиж байгаа архаг блогчид их байнаа. Харин тэд нарын бичсэн зүйлийг арилжаа худалдааны шинжтэй вебсайтад байрлуулах (тухайн блогчийн бичсэн сайн нийтлэлээр клиент татаж байна гэсэн үг) , ашиглах, өөрчлөх, найруулах, хууль бус зүйлд ашиглах зэргээр зохиогчийн эрхэд нь халдаж ч болно. Тиймд блогтоо зохиогчийн эрхийн талаарх анхааруулга, ашиглах бол холбоо барьж зөвшөөрөл авна уу гэсэн сануулга тавьж болно. http://www.creativecommon.com -с жишээ авч болно.Аа нээрээ бас бусдын буруутай зохисгүй үйл ажиллагааг шүүмжлээд ажлаас халагдсан блогчид гадгаадад нэлээн бий ажээ. Бас сургууль, багшийн ёс суртахуунгүй, бузар булай, буруутай ажиллагааг шүүмжилж нийтэд ил гаргалаа бас сургуулийн “байгууллагын нууцыг” задруулсан гэж хөөгдсөн сурагчид, оюутнууд ч байх. Ийгээд журмын анд нөхдийнхөө эрхийг хамгаалахаар Олон Улсын Блогчдын Эрхийн Тунхаг бичгийг блогчид санаачилж баталжээ. Нэг иймэрхүү. Ер нь цаашдаа ерөнхий зарчмын хувьд дараах зүйлийг анхаарвал яасын бэ гэж бодов: 1. Бусдын хувийн нууцыг задруулахгүй байх, 2. Бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх 3. Гүтгэхгүй, доромжлохгүй, заналхийлэхгүй байх 4. Бусдын зохиогчийн эрхийг хүндэтгэх хууль бусаар ашиглахгүй байх, 5. Бусдын нэрийг дурдах замаар бэлгийн дарамт хийхгүй байх (тухайлбал 1000 дугаар сургуулийн монгол хэлний багш Тугалмаагийн хөх үнэхээр том гэх мэт). Тайлбар: Энэ зүйл коммент бичигч болон нийт уншигчдад хамаарна.

улаан загалмай

улаан загалмай

Үе үе сургуулийн гадна Улаан загалмайн тэмдэгтэй том машин ирж зогсоод хэдэн Япон нөхөд цусаа донорлооч хэмээн чангаар хашгиран уриалан зогсдог юм. Монголд бас ингээд л цусны донор болооч гээд л байхад огт тоодоггүй байсан би тэрхүү хамаг хоолойгоо сөөтөл орилох япончуудыг ёстой нүдний үзүүрээр харах ч үгүй хажуугаар нь тоос татуулан өнгөрдөг байв. Нэг өдөр өнөөх зүс таних нөхөд маань дахиад л сургуулийн гадна ирчихсэн байлаа. Тэгсэн гэнэт тэр машинаар ороод гармаар санагдаад явчихав. Хэдэн грам цус өгчихвөл ойрд хүнд оргиод байгаа толгой тархи сэргэх ч юм уу билүү, цусны эргэлт сайжирч ч магадгүй гэж бодоод сониучирхаад очтол хүүе хаая ч гэхийн зуургүй анкет урд тавиад л эелдэг гэгч нь инээмсэглээд эхлэхээр нь яалт ч үгүй гипноздуулчихав. Ийгээд донор болчив. 400 гр цусаа өгөөд сууж байхдаа сэтгэлд нэг л сайхан бодол төрөөд ирсэн юм. Амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байгаа нэгэн Японд миний цус гүйх нь байна ш дээ гэж бодоод л, тэгээд ер нь өөрийгөө их сайн зүйл хийж байна гэж дотроо урамшуулан баясав. Хэн нэгэн хүнд харамгүйгээр өөрт байгаа зүйлээ хуваалцана гэдэг бас нэгэн баясал юм шиг. Тэр зүйл нь дэлгүүр хоршооноос худалдаад авчихаж чадахгүй, бас нөгөө хүнд чинь амь насанд нь тултал хэрэгтэй ховор нандин эд гэж бодохоор бахархмаар ч юм шиг. Ингээд дотроо бөөн гэгээрэл ухаарлын гэрэл асаачихсан явж байгаад нэгэн найздаа сонин болгож хэлтэл өөдөөс харин "чамд тэгээд хэдэн иэн өгч байна" гэсэн асуултаар шууд "унтрааж орхив". Миний цусаа донорлож байгаа нь бус харин оронд нь юу авсан нь л сонин байв. Мөнгөгүйдсэндээ цусаа зарах дээрээ тулна гэж үү. Тэгсэн Монголд цусаа донорлоход хоолны мөнгө гэж хэдэн төгрөг өгдөг нь цусаа худалддаг гэсэн буруу ойлголт төрүүлсэн бололтой. Цус гэдэг бол худалдаж зарж болохгүй зүйл. Хэрэв цусыг зардаг байсан бол энэ хорвоо улаан цусанд будагдах байсан байлгүй дээ. Чин сэтгэлийн зүгээс цусаа бэлэглэдэг болохоор л донор гэдэг нэрийг зүүдэг юм биш үү. Саяхан элэгний дутагдалд орчихсон хүнд эмчилгээ хийлгээд, цусны цагаан эс буюу хөлдөөсөн сийвэн хийлгэх болоод Цусны төв рүү явж байхдаа зөвхөн цус ч бус цуснаас гаргаж авдаг олон бүтээгдэхүүнүүд өвчинд шаналж буй хүмүүст нэн хэрэгтэй байдгийг биеэрээ мэдэрсэн юм. Хэрэв тэр үед сийвэн дууссан гэвэл яах байсныг бүү мэд. Судалгаагаар Австралид хүн амын 80 хувь нь, АНУ-д 97 хувь цусан бүтээгдэхүүн хийлгэх шаардлага гардаг гэжээ. Санасныг бодоход Япон оюутнуудыг харахнээ цусаа харамгүй донорлодог юм шиг байсан. Ямар ч байсан намайг очихоор оочертой байдгийн. Харин монгол залуучуудаа нэг ч гэсэн удаа цусаа донорлоосой гэж хүсдэг юм. Японд цусаа донорлох гэж байгаа, бас оронд нь юу өгдгийг сонирхож байвал нэг ширхэг ундаа, нойтон салфетик, гар угаах шингэн, нэг печенье, тэгээд дээр нь урамшуулал болгож цусны иж бүрэн шинжилгээг тань хийгээд хариуг нь илгээх болно. Маргааш ДОХ-той ч тэмцэх өдөр юм байна. Өвчтэй зовлонтой шаналж байгаа нэгэндээ чадлаараа тусалж буян хураая.

12 chairs

12 chairs
Оросын "12 сандал"-ыг эргэн дурсахуй болгож үзэв. Бага байхад Оросын сувгаар жилдээ нэг гардаг байсан даа. Бүр хоёр ч хувилбар байдаг даа. Хүүхэд байхдаа үзээд их л инээдтэй санагдаж байсан боловч одоо эргээд үзэхээр бас ондоо юм аа. Тэгсэн киноны нэг хэсгийг үзэж байтал утгагүй ч гэмээр бодомж төрөв. Энэ кинонд баян авгынхаа алмаз эрдэнээ нуусан сандлыг хайж буй, язгууртан гэж өөрийгөө өөд нь татчихсан хөгшин эр, аливаад сүйхээтэй сэргэлэн залуу хоёрын хөгжилтэй явдал гарна. Хөгшин, залуу хоёр мөнгөгүйдэж, яаж мөнгөтэй болов вэ гэж бодсны эцэст залуу нь сэргэлэн юм болохоороо нэг арга сэдэх бөгөөд энэ нь хөгшин эрийг гуйлга гуйлгуулах арга байлаа. Тэгээд хөгшин нөхрийг олон орны хэлээр гуйлга гуйлгуулахаар дасгалжуулж байхдаа залуу нь хөгшинөө урамшуулан "Та чинь төрөлхийн гуйлгачны авъяастай юм байна шүү дээ" гэхүйд хөгшин жигтэйхэн их баярлаж "Тийм байна уу?" хэмээн улам урамшин, дүрдээ чухамхүү итгэн баясана. Ингэхүйд залуу эр "Тэгэлгүй яахав. Харин мөнгөгүй бол буцаж ирээд дэмий шүү" гэж хөгшиндөө анхааруулаад "ажилд нь явуулдаг" юм.Тэгээд үүнийг үзээд яагаад ч юм манай нэг сайд, дипломатч гадаад оронд зээл тусламж гуйх гээд явахад нь бас л нэг иймэрхүү даалгавар авдаг байх даа гэж бодов. Бас гаднаа учиргүй язгууртан элит дүр төрхтэй, яриа хэллэгтэй ч дотроо бол хэдэн төгрөгний төлөө юун хууль цааз, юун хүний эрх, ардчилал, шударга ёс, ёстой харин тэрний оронд юугаа ч өгөөд туухад бэлэн өчүүхэн дорой, төрөлхийн гуйлагчины авъяастай нөхөд, тэр дундаа 250 саяыг авах гээд улайрч, хуулиа уландаа гишгэж буй язгууртнуудын "төрөлхийн авъяас"-ыг нь тодотгож хэлбэл тэд "тийм байна уу" гээд учир зүггүй баярлах байх даа гэж бодов.



Les Parapluies de Cherbourg -

Шербургийн шүхэр / Les Parapluies de Cherbourg (1964) гэдэг кино. Том ах маань энэ киног Орост сурч байхдаа үзсэн юм шиг байгаан. Тэгээд л надад нүдэнд харагдтал ярьж өгч билээ. Ах ч ямарваа юмыг дүрслэн ярихдаа гарамгай нэгэн л дээ. Бүр нүдэнд өнгөтөөр, үйл явдал нь кадр кадраар, бодитоор төсөөлтөл ярьж өгөөд энэ кинонд бүр дурлуулчихсан юм. Тэгээд сүүлд бараг олон жилийн дараа Оросын телевизээр аз болж гарч нэг үзэж билээ. Өмнө нь ахын умруултал ярьсан ярианд болоод энэ киног хэдэн мянган удаа үзчихсэн юм шиг санагддгийн. Хайртай залуу нь дайнд яваад захиа бичихгүй алга болж, түүнийг хүлээсэн хонгор бүсгүй хөл хүнд. Ингээд ээжийнхээ ятгалгаар чинээлэг залуутай гэрлэчихнэ. Харин залуу нь буцаж ирээд хайртай бүсгүй нь өөр хүнтэй суусныг мэдээд сэтгэлээр унана. Сүүлд хэдэн жилийн дараа ийнхүү салсан хос санаандгүй уулздаг юм. Жоохон байхад энэ киноны төгсгөл шиг зүйл миний амьдралд болвол гоё ч юм шиг "муу ёр"-ын юм боддог байж билээ. Ялангуяа ид ормоонтокддог шилжилтийн насанд сэлгүүцэж байхдаа намайг нэг залуу хаявал би дараа нь ёстой баян хүнтэй суугаад хажуугаар аймаар ганган гоёчихсон тааралдаад тэрний яаж харамсахыг нь хараад бас өөртөө хөнгөн гуниг хураагаад гэхчилэн их хөнгөмсөг юм бодож байж билээ. Ямар юмны тийм юм байх вэ тэгсэн чинь харин. Яс юман дээрээ "хаягдсан" нөхдүүд хажуугаар дайрчих гээд давхиад байгаа юм биш үү гэж. (За ингээд биччихвэл хүмсүүд намайг сэтгэлээр явчихаж гэж буруу ойлгох вий дээ.)Ер нь бол энэ кинонд хамгийн гол сургамж авах зүйл нь: эрчүүд ээ, ардаа хэрвээ хайртай бүсгүйгээ орхиод гадгаадад байгаа бол захиа занаа бичиж, утас факсаар холбогдож байхгүй бол үл ойлголцол болоод сайхан хайраа алдваа.

Virtual property

Virtual property
Зияаг, блог гээчийг хөтлөөд жил болох нь ээ бараг. Тэгсэн Тулгатын ерөөлөөр Монголын блог маш олон болжээ. Хичээл номын завсар, хоол идэх, цай уух зуураа хүмсүүдийн блог руу орж үздэг болов. Блог оо гэж програм, жава юу юу ч гэнүү элдэв нарийн мэдлэг шаардаад байхгүй, яршиг төвөг багатай, хялбар амар юм аа. Хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэн өөрийнхөө ертөнцийг бусдад таниулж, үзүүлж харуулж, үүгээрээ бас үл үзэгдэх танилуудтай болж, кибер ертөнцөд нэгэн орон зайг бий болгож энэ тэр. Нөгөө талаар хууль зүйн үүднээс үл үзэгдэх, виртуаль өмчтэй болж байна гэсэн үг. Кибер ертөнцөд өмчтэй болж байнаа гэдэг чинь эдийн засгийн харилцаанд өмчөөрөө дамжуулж оролцох үүд хаалга ч нээгдэнэ гэж. Виртуаль буюу биет бус өмч зөвхөн блогоор тогтохгүй бидний электрон шуудан, домайн нэр, вебсайт, чат, аливаад нэвтрэх эрх бүхий нууц үг гээд олон бий. Түүнийгээ түрээслүүлэх, хөлслүүлэх, ашиглуулах, бэлэглэх, худалдах, өв залгамжлуулах, хамтран ажиллах гээд олон янзын ажиллагаанд ч хэрэглэж болно. Одоо чинь их гарын блогчид блогоо худалдаад эхнээсээ саятан болж байна. Мундаг аа. Өмч байна гэдэг чинь өмчид халдагч гэмт этгээдүүд бас байна. Хакер, кракер, дайсан этгээд, өст этгээд гээд. За тэгэхээр тэрхүү гэмт гаруудаас хамгаалах кибер цагдаа байх хэрэгтэй болноо доо.Мөн миний өмчийг хамгаалах хууль байхгүй бол болохгүй. Монгол улсын Эрүүгийн хуулиар мэдээллийн аюулгүй байдал гэж нэрлээд байгаа. Өөрөөр хэлбэл кибер ертөнц дэх биет бус өмчид халдахад "өмчийн эсрэг гэмт хэрэг" гэх үү "мэдээллийн эсрэг гэмт хэрэг" гэх үү гэдгийг л бодоод байна л даа. Тодорхой болгохын тулд нэг жишээ авъя. 2003 онд Интел компани хуучин ажилтан байсан Хамидын эсрэг нэхэмжлэл гаргажээ. Хамид нь Интел компаниас халагдсаны дараа Интелийн бодлогыг шүүмжилж, Интелийн Нүүр гээд байгууллага байгуулаад Интелийн дотоод электрон шуудангаар бүх ажилтнуудад өөртэй нь нэгдэхийг уриалж нийт 200000 мэйл явуулсан гэж байгаа юм. Интел үүнийг эсэргүүцэж, Хамидыг компанийн өмчид хууль бусаар халдаж байна гээд шүүхэд өгчээ. Өөрөөр хэлбэл компанийн мэйлийн дотоод сүлжээ нь компанийн өмч гэсэн үг бөгөөд энэ нь компанийн байр руу хууль бусаар нэвтэрч байгаатай ялгаагүй гэж маргажээ. Анхан, дунд шатны шүүх Хамидыг буруутгасан шийдвэр гаргасан ч Калифорни мужийн дээд шатны шүүх Хамидыг буруугүй гэж үзжээ. Ингэхдээ дээд шүүх Хамидын илгээсэн мэйл нь компанийн өмчлөлд гэм хохирол учруулаагүй, мөн Хамид үг хэлэх эрхээ эдэлж байна гэж үндэслэлээ гаргаж. Сонин л шийдвэр болсон юм. Бодит ертөнцөд буулгавал таны гэрт нэг нөхөр түлхүүр тааруулж орж ирээд, хүүхдүүдийн чинь өрөөнд Надтай нэгд гэсэн захиа тавиад байвал яах вэ? Тэр нь тэгээд 200000 удаа байвал галзуурна биз дээ. Тэгсэн чинь интернетийг хянаад цагдаад байдаг Хятад энэ тал дээр хачин мундаг байдаг байна. Ли Хонгчен гэдэг залуу интернетээр тоглоом тоглох хоббитой байж. Ийнхүү тоглосоор тоглоомны ертөнцдөө хэд хэдэн төрлийн зэвсэгтэй, хийсвэр мөнгөтэй ч болсон байж гэнэ. Интернет тоглоомын газар хоёр жил ингэж уйгагүй тоглохдоо 10000 юань зарцуулжээ. Тэгсэн нэг өдөр тоглох гээд давхиад очтол мань эрийн аккаунтыг нь хакдаад хамаг цуглуулсан очкоов нь алга болсон байв. Ингээд Ли тоглоом зохион бүтээсэн компанийг шүүхэд өгчээ. Тэрээр тоглоомны тэр олон үе шатыг даван туулж, бөөн очкоов цуглуулах гэж цаг нар, хөлс усаа урсгасан тул 10000 юаниа авна гэв. Шүүх харин шийдэхдээ тоглоом зохион бүтээгч компанийг Лид тэрхүү цуглуулсан бүх очкоовыг нь тоо ёсоор буцаан олгож хохиролгүй болгох шийдвэр гаргасан байна. Хятад виртуаль өмчийг ийнхүү хүлээн зөвшөөрчээ. За одоо блог руу гаа сэдвээ буцаая. Хэрэв блог компани блогийг маань устгаад, эсвэл хакдуулсан байвал бид өмчийг минь буцааж өг гээд Блоггерыг шүүхдэж болох уу? Хэрэв хэн нэгэн нууц үгээр чинь блог руу нэвтэрч ороод хамаг мэдээллийг чинь өөрчлөөд тэгээд бас болоогүй нууц үгийг чинь сольсон байвал Блоггер компанид хүсэлт гаргаж хаягаа буцаах мөн ийнхүү нууц үг хулгайлсан этгээдийг өмчид минь халдлаа гэж шүүхдэж болох уу? Нэг өмч гэдэг нэг талаас баяр ч нөгөө талаас бас зовлонтой байдааг гэж. Эрх зүйн талаас виртуаль өмч гэж юу болох, түүнийг яаж хамгаалах вэ, хариуцлага нь ямар байх вэ гээд бодох л хэрэгтэй нэг асуудал

Хадуурав

Саяхан Ерөнхийлөгчийн санаачилгаар Засгийн газраас Монгол улсыг 2021 он хүртэл хөгжүүлэх нийгмийн хөгжлийн бодлого тодорхойлох төслийн уралдаан зарлаж дүнгээ гаргажээ. Энэ уралдаанд “Соёмбо-XXI зуун” багийн “Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого” төсөл шалгарсан тухай мэдээ Сонин.мн ээс уншиж мэдлээ. Чухам яг ямар төсөл болохыг уншиж мэдмээр л байна. Тэр нь тэгээд амьдралд яаж хэрэгжихийг засгийн газар шийдэх бололтой. Төслийн багийн удирдагчийн ярилцлагыг унших явцад нэг хадуурмаар өгүүлбэр тааралдав. Төслийн баг Монгол улсын хүн амыг өсгөх, боловсролтой чадалтай иргэдтэй болохыг чухал гэж үзэж үүний тулд эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлж боловсруулахын төлөө зарцуулах цагийг нь нэмэгдүүлж, боломж нөхцлөөр хангах ажээ. Тухайлбал эхчүүд хүүхдээ зургаан нас хүртэл асран халамжлах бөгөөд хүүхэд төрүүлэх үедээ ямар хэмжээний цалин авч байсан тэр хэмжээний тэтгэлэг авч байх аж. Үүний цаад агуулга нь гэвээс санаа зовох зүйлгүй хүүхэд сайн суралцаад ажил дээр гарахад бүтээх чадвар нь нэмэгдэх гэнэ. Тэгээд миний хадуурах гээд байгаа гол өгүүлбэр нь дараах юм: "Япончууд жинхэнэ япон хүнийг бий болгож хүмүүжүүлэхийн төлөө эхчүүд гэртээ сууж гэрийн хүмүүжлийг илүүд үздэг. Энэ зарчимтай ижил юм. Өнөөдөр монголчууд таван хүүхэдтэй байлаа гэхэд анхаарч чадахгүй хоногийн хоолны төлөө гудамжинд гаргаж орхичихоод ажлаа хөөгөөд явж байна. Үүнээс болж одоогоор хүн амын 35 хувь нэн ядуу амьдарч байгаа. Тиймээс хүнээ сайн хөгжүүлж чадвал тэр хүн өөрөө аяндаа биеэ даагаад ажил хийгээд өөрийгөө тэжээгээд явна. Тэгэхлээр хүмүүжил гэдэг сургуулийн насанд хүрэхээр эхлэх ёстой юм биш төрсөн цагаас нь эхлэх хэрэгтэй. Энэ нь тийм ч шинэ зүйл биш. Монголчууд эрт дээр үеэс гэрийн багш гэрийн хүмүүжилтэй явж ирсэн" Япон ирэхээс өмнө би ч бас энэ япон хүүхнүүд гэртээ хүүхдээ хараад суугаад байдаг ямар тэвчээртэй нөхөд вэ гэж гайхаж байсан. Тэгээд ч Японд ирээд энэ талаар судалж асууж лавлаж шалгааж үзэхэд дээрх төслийн удирдагчийн хэлсэнчлэн Япон эмэгтэйчүүд япон хүнийг бий болгож хүмүүжүүлэхийн төлөө, Япон орныхоо төлөө гээд гэртээ суучихдаггүй ажээ. Харин ч бүр Япон эмэгтэйчүүдийг гэрт нь суулгахаас өөр аргагүй болгох төрийн бодлого байдаг байна. Энэ бодлогыг төр нь санаатайгаар бодлоготойгоор явуулдаг нь сайн Япон иргэнийг бий болгохдоо бус харин ч нэлээн мөнгөний асуудал яригддаг байна. Үүнийг дараах гурван зүйлээр тайлбарлая:- Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт. Япон эдийн засгаа өөд татаж хөгжүүлэхэд хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй байв. Ингэснээр татвар сайн хурааж төсвөө арвижуулж төрийн бодлогоо хэрэгжүүлж чадна. Гэтэл хувийн хэвшлийнхнээс хураадаг татварыг бууруулах сонирхол төрд байсангүй. Иймд хөдөлмөрийн зах зээлд бүтэн ба хагас цагийн ажлын системийг бий болгов. Ингэснээр компаниуд хагас цагийн ажилтнууд ажилд авч, нийгмийн даатгал төлөх мөнгөө хэмнэж, уг мөнгөөрөө өөрсдийн тоног төхөөрөмж, технологио шинэчлэх боломжийг бүрдүүлжээ. Харин хагас цагийн ажилтнуудын байнд эмэгтэйчүүдийг тавьсан ажээ. Эмэгтэйчүүдийг ч хагас цагийн ажилд орохоос өөр замгүй байдалд оруулж: тухайлбал цэцэрлэгүүд ажлын цагтай хамт онгойдог, бүтэн цагийн ажлын шаардлагыг өндөр болгож, их дээд сургуульд зарим мэргэжилд эмэгтэйчүүдийн элсэх тоонд хязгаарлалт тавих гээд. - Нийгмийн халамжийн зардлын хэмнэлт. Эмэгтэйчүүдийг гэрт нь байлгаснаар төрийн нийгмийн халамжийн зардал хэмнэгддэг байна. Тэд өндөр настан, өвчтэй хүмүүсээ асарч халамжласнаар наслалт өндөртэй Япон улсын нийгмийн халамжийн зардлыг хөнгөвчилдөг байна. - Худалдаа борлуулалт хадгаламж мэдээллийн урсгал. Эмэгтэйчүүд гэртээ байснаар "home economy" шинээр бий болж хөгжиж, нэг ёсны шинэ төрлийн эдийн засагчид болжээ. Тэдэнд ч гэрийн төсвийг зөв зарцуулах мэдлэг боловсрол олгох болж. Ийнхүү хадгаламж нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн худалдааны эргэлт сайн байх юм. Мөн эмэгтэйчүүдэд аливаа нэг мэдээлэл хүргэхэд хялбар байдаг байна. Тухайлбал ямар нэг халдварт өвчнөөс сэргийлэх талаарх мэдлэгийг эмэгтэйчүүдээр дамжуулан бусдад хүргэх нь эрүүл мэндийн зардал, ажлыг ихээхэн хөнгөвчилдөг байна.Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө бүх л улс оронд эмэгтэйчүүд гэртээ байдаг байсан. Харин дайны үед хөдөлмөрийн хуваарьт өөрчлөлт орсон нь эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлд хөл тавихад нөлөөлсөн. Цаашдаа эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлд байлгах эсвэл гэрт нь байлгахын аль нь ашигтайг тооцоолж бодлогоо боловсруулах нь тухайн төрийн асуудал юм. Германыг жишээ авахад эмэгтэйчүүдийг гэрт нь байлгах бодлогоо буруу боловсруулж эсвэл буруу ч хэрэгжүүлсэн юм уу ямар ч байсан өнөөдөр үндэсний аюулгүй байдлын нэг асуудал болчихоод байна гээд сандарч байгаа бололтой. Германд, жишээ нь, цэцэрлэг 1 цагт хаадаг тул эхчүүд нэг бол хүүхэд асрагч хөлслөх эсвэл ажлаасаа гарахаас өөр замгүй болдог байна. Ингэснээр хүүхдийн төрөлт жилээс жилд буурч, гадаадын цагаачдын тоо харин эрс өсөж байгаа юм. Японд ч эмэгтэйчүүд гэртээ суусанд орвол ажил хийж, өөрийн дураар байх сонирхолтой байх болж, төрөлт буурч байгаа. Глобальчлалын эрин үед амьдарч байгаа бид ургашаа тэмүүлж байх ёстой болохоос хойшоо ухарч болохгүй. Ер нь эмэгтэйчүүдтэй болгоомжтой харьцахгүй бол "буруу замаар будаа тээх"-ийн үлгэр болох вий. Сайн Монгол иргэнийг бэлдэхэд эмэгтэйчүүдийг гэрт нь байлгаснаас илүүтэй боловсролын систем, ажлын байр, хүний нөөцийн бодлогоо сайжруулах нь хамаагүй илүү үр дүнтэй болов уу. Харин 6 нас хүртэл нь хүүхдээ харж, хүүхэд төрүүлэх үеийн цалингаа авах тухайд бол би үүнийг бүтэшгүй л гэж бодож байна. Харин ч Монголд авч байсан цалингаа 6 жил авна гэвэл ял шийтгэл шиг сонсогдож байна. Нэгэнт цалин бага байхад тэр цалинг авсан аваагүй эмэгтэйчүүд илүү цагаар, хөлсөө цутгатал ажилласаар л байх болно.