
Хорвоогийн жаргалын эдэлж, огторгуйн нарыг өвөртөлсөн шиг, намрын налгар сайхан өдөр налайж хэвтэх...
Үе үе энэ "би" би биш юм шиг санагдана. Хүний амьдралаар амьдраад ч байгаа юм шиг, эсвэл хүн миний амьдралаар амьдраад ч байгаа юм шиг. Бага насны "би" тэй нүүр туулбал тэр "би" одоогийн "би"-д сэтгэл ханах болов уу. Эсвэл бодож мөрөөдөж байсныг нь хаана ч юм гээчихээд, хамаг хүсэл тэмүүллийг нь орвонгоор эргүүлчихэж гээд уурлаж хашгичих болов уу. Өтөл насны "би" одоогийн "би"-д олон л юм үглэж дуулмаар санагдах байх. Харамсал харуусал аль болох багатай өнгөрсөн үеийг ирээдүйд өвдөг эрүү нь нийлсэн өөртөө үлдээхсэн.Яамаар ч юм бэ дээ. Сэтгэлийн хатуу, зөөлнийг яаж мэдэх вэ?
Тархи зүрх хоёрын хэмжүүрээр мянга түм хэмжээд ч яаж ч болдоггүй нэг тийм хэцүү сонголт ирэх үе байх. Сонголт гэж нэрлэх үү эсвэл зүгээр л амьдралын нэг л даваа гүвээ, зам харгуй гэх үү. Аль нэгийг нь хойноо хаяж, гээж, орхиж, салахаас өөр замгүй болоход өөртөө итгэлтэй байх тэр л шийдвэрийг гаргах гэж бодоо л, бодын шийрээ тоолоод л. Аль ч замаар явсан зөв буруу тэнцүү дэнслэгдэх биз. Тэр болтол...