Tuesday, September 16, 2014

Улаан лаа

Японы зохиолч Огава Мимэй

Улаан лаа үлгэр

1
Хүн-загас өмнөд далайгаас огт холдож үзээгүй нэгэн биш юм. Умардын далайд ч очиж амьдарч байсан.
Умардын далай хөх өнгөтэй. Үе үе хүн-загас хавцгай дээр гарч эргэн тойрны орчин байдлыг ажиглан амарна
Үүлсын дундах сарны гэрэл уйтгартайхан далайн давалгаан дээр гэрэлтэнэ.
Хаашаа ч харсан том давалгаа давалгаална.
Юутай уйтгартай вэ хэмээн хүн-загас бодолхийлэв. Бие хаа хүнээс тэгтлээ ялгарах зүйлгүй. Загас болон далайн гүн дэх үзэшгүй төрхт амьтдын хажууд бие, сэтгэл бодол хүнтэй хамаагүй илүү адилхан. Ийм атал хүн-загас бид загас, үзэшгүй төрхт амьтадтай хамт хүйтэн, харанхуй, гуниг ганцаардалд автмаар далайд амьдрах тавилангийн учир юу вэ хэмээн бодов.
Олон жилийн туршид хууч хөөрөх найз нөхөргүй явсан хүн-загас далайн цаанах гэрэлтэй, нартай зүгт очихыг хүсэн мөрөөдөж амьдарч ирснээ бодохоор байж ядна. Хүн –загас сартай тунгалаг шөнө далай дээгүүр сэлэн хавцгай дээр гарч амран эргэн тойрноо харж суудаг заншилтай болжээ. “Хүмүүс амьдардаг хот үзэсгэлэнтэй буй. Загас, үзэшгүй дүрст амьтны дэргэд хүн гэдэг амьтан сэтгэл зүрхтэй, сайхан сэтгэлтэй гэж сонссон. Бид хэдийгээр загас, элдэв амьтадын дунд амьдарч байгаа ч хүнтэй илүү төстэй учраас хүмүүстэй хамт амьдрахад болохгүй гэх зүйлгүй.” гэж хүн-загас бодлоо.
Хүн-загас хөл хүнд эмэгтэй нэгэн байв....Бид энэ олон жил ганцаардсан, найз нөхөдгүй, хойд хөх далайд амьдарч ирсэн болохоор гэрэл чимээтэй газарт дасахгүй байж магад ч удахгүй төрөх зулзагаа энэхүү уйтгар гунигт автуулахгүй баймаар байна...
Зулзагаасаа холдоод ганцаараа далайд амьдарна гэдэг төсөөлөхийн аргагүй гунигтай байх хэдий ч зулзага маань жаргалтай л амьдарч байвал миний баяр баясгалан тэр болно.
Хүн гэдэг энэ дэлхийн хамгийн нинжин сэтгэлтэй гэж сонссон. Өрөвдмөөр, арчаа муутай нэгнээ яасан ч дээрэлхэж, зовоох зүйл хийхгүй гэж дуулсан. Нэгэнтээ өөрийн үр хүүхдээ болгосон бол хаяж орхихгүй гэж дуулдсан. Азаар бид хүнтэй төстэй нүүр царайтайгаас гадна ташаанаас дээш хүнээс ялгарах зүйлгүй. Хүн зулзагыг нь өөрийн болгож авч өсгөвөл хатуу харгисаар хаяж орхихгүй буй за.
Хүн-загас ийнхүү бодолд автан байв.
Ямар ч байсан өөрийн зүйлзагаа дуу чимээтэй, гэрэл гэгээтэй, үзэсгэлэнтэй хотод өсгөе гэж бодон хүн-загас далайн эрэгт зулзагаа төрүүлэхээр шийдсэн энэ аж. Ингэх ахул дахиж зулзагаа хэзээ ч харахгүй байж ч мэдэх ч зулзагаа хүмүүсийн дунд оруулж аз жаргалтай амьдруулж чадна.
Холын холд далайн эргийн толгод байх бөгөөд тэндэх сүмийн гэрэл сүүмэлзэн гэрэлтэж харагдана. Нэг шөнө хүн-загас зулзагаа төрүүлэхээр хүйтэн, харанхуй давалгаан дунд сэлсээр эрэг рүү ойртож ирэв.
2.

Далайн эргийн толгойд жижиг хот бий. Тэр хотод олон дэлгүүр хоршоо бий.
Сүмтэй уулын хормойд лаа зардаг ядуувтар айлын дэлгүүр байх аж. Тэнд эмгэн өвгөн хоёр амьдарна. Өвгөн лаа хийж, эмгэн түүнийг нь дэлгүүртээ зардаг байв. Тосгоны хүмүүс, ойрхон ирсэн загасчид сүм рүү мөргөхөөр очихдоо эмгэн өвгөний дэлгүүрээр орж, лаа худалдан авч уул өөд сүм рүү явдаг аж.
Уулын дээрх нарсан ой дунд сүм бий. Далайн салхинд нарсны мөчир хөдлөн, өдөр, орой ч сэрчигнэн дуулдана. Мөн орой бүр сүмд өргөсөн лааны сүүмэлзэх тусгал холын тэртээх далайгаас ч харагдана.
Нэгэн шөнө эмгэн өвгөн рүү харж, “Бидний ингэж амь залгуулж буй маань бурханы ивээл буй. Энэ уулын сүм байхгүй байсан бол лаа зарагдахгүй. Бид сүмд талархаж явууштай. Ерөөс ингэж бодсон чинь уул руу гарч мөргөчихөөд ирмээр санагдлаа” гэжээ. “Үнэхээр чиний хэлж буй үнэн шүү. Би ч өдөр бүр дотроо бурханд баярлаж талархсан сэтгэлээ хадгалж явдаг ч ажил төрөлд дарагдаад сүмд очих завдал тэр бүр олдохгүй юм. Чи их зөв юм саналаа. Миний өмнөөс залбирч мөргөөд ирээрэй” гэж өвгөн хэлэв.
Эмгэн гэрээсээ бөгтнөсөөр гарав. Сартай сайхан орой яг л өдөр шиг гэгээтэй байв. Эмгэн сүмд мөргөчихөөд бууж явтал чулуун дээр нялх хүүхэд уйлж байв. “Хаягдсан, өрөвдөлтэй амьтан байна. Хэн нь ингэж хүүхдээ хаядаг байна аа. Сүмд мөргөчихөөд буцах замд надтай ингэж таарна гэдэг ямар нэг учир бий буй за. Ингээд орхиод явчихвал бурханы шийтгэл амсана. Бурхан биднийг хүүхэдгүй гэдгийг мэдээд ивээлээ хайрласан учраас хариад өвгөнтэй ярьж өсгөж хүн болгож явъя.” Эмгэн дотроо ийнхүү өөртөө хэлээд хүүхдийг тэвэрч “ Алив, яасан муухай хүүхэд вэ” гэж хэлээд гэрийн зүг чиглэв.
Өвгөн эмгэнээ эргэж ирэхийг хүлээж байтал эмгэн нялх хүүхэд тэвэрсээр ирэв. Эмгэн өвгөндөө юу болсныг бүгдийг ярьтал “Энэ бурханаас илгээсэн хүүхэд учраас хайрлаж өсгөхгүй бол шийтгэл амсана” гэж өвгөн хэлэв. Ийнхүү эмгэн өвгөн хоёр хүүхдийг авч өсгөхөөр болжээ. Тэр хүүхэд эмэгтэй хүүхэд байв. Ташаанаас доош хүнтэй биш загастай адилдан байсан тул өвгөн, эмгэн хоёр өмнө дуулж байсан хүн-загас байх нь гэж бодоцгоов.
“Энэ хүний хүүхэд биш байна...” гэж хүүхдийг хараад толгойгоо илэв. “Тийм байна. Хүний хүүхэд биш мөртлөө эгдүүтэй, нүдэнд дулаахан царайтай охин биш гэж үү” гэж эмгэн хэлэв. “Ямар ч байсан яахав. Бурханаас илгээсэн хүүхэд юм чинь хайрлаж өсгөцгөөе. Том болоод сайн хүүхэд болох нь гарцаагүй” гэж өвгөн хэлэв.
Тэр өдрөөс хойш эмгэн өвгөн хоёр охиныг сайхан өсгөж хүмүүжүүлжээ. Охин өсөж өндийсөөр том алаг хар нүдтэй, сайхан үстэй, ягаавтар арьстай томоотой сайн хүүхэд болов.

3.
Охин том болсон хэдий ч биеийн хэлбэр өөрчлөгдөөгүй тул олны нүднээс дөлж гадагш ер гардаггүй гэнэ. Гэвч охиныг нэг харсан хүн охины үзэсгэлэнг гайхан биширч дахин харахын тулд лаа худалдаж авах гэж ирэх нь бий.
Өвгөн , эмгэн хоёр “Манай охин бүрэн ичимхий учраас хүний өмнө гардаггүй юм” гэж тайлбарлана. Өвгөн гэртээ лаа хийж байлаа. Охин лаан дээр зураг зурвал хүмүүс түүнийг харж баярлан дахин лаа авах болов уу гэж бодон өвгөнд энэ тухайгаа хэлтэл өвгөн дуртай зургаа зурж болно оо гэж зөвшөөрчээ.
Охин улаан будгаар цагаан лаан дээр загас, хясаа, далайн ургамал зэргийг хэнээр ч заалгаагүй хэрнээ тун чадварлаг зуржээ. Өвргөн түүнийг хараад ихэд гайхжээ. Лааны зургийг харвал лаа худалдаж авмаар болгох нэгэн далдын хүч гэх үү үзэсгэлэн гооны увидас гэх үү байв.
“Гайхалтай зуржээ. Хүн биш, хүн-загас зурсан болохоор аргагүй” гэж өвгөн шүтэн биширсэн байдалтай эмгэндээ хэлжээ. “Зураг зурсан лаа надад өгөөч” гэж эмгэн хэлээд, өглөөнөөс орой хүртэл хүүхэд хөгшингүй лааг нь авахаар хүмүүс цуварчээ. Зурагтай лаа бүгдэд хүрч чаджээ.
Тэгтэл нэгэн учир битүүлэг яриа газар авчээ. Зурагтай лааг сүмд өргөж асааж, дууссан үлдэгдлийг нь аваад далай явахад тэнгэр хангай бороо шуургатай байсан ч завь эвдэрч хэмхрэхгүй, хүн амьтан үхэх гай гамшиг тохиолдохгүй гэсэн яриа амнаас ам дамжин тархжээ.
“Далайн бурханд зориулсан сүм, дээр нь зурагтай лаа асаахад бурхан баярладаг байж таарна” гэж тосгоны хүмүүс ярилцаж байлаа.
Лааны дэлгүүрт лаа сайн зарагдаж өвгөн өглөөнөөс орой болтол тасралтгүй лаа хийсээр, охин гар нь чилж өвдсөн ч өвчнөө тэвчин улаан будгаар зургаа зурсаар л байв.
“Хүнээс гажууд төрхтэй намайг хайрлаж өсгөсөн ач тусыг мартахгүй” гэж охин буурал эмгэн өвгөн хоёрын сайхан сэтгэлд уяран том хар нүднээсээ нулимс унагаж байсан үе бий.
Өнөөх ам дамжсан яриа холын тосгонд хүрчээ. Холын загасчид, завьчид бурханд мөргөж, зурагтай лаа асааж, лааны үлдэгдлийг авч явах гэж хаа тэртээгээс ирж байлаа. Тэгээд лаа худалдан авч, уул руу өгсөж, сүмд мөргөөд лаа асааж лаа жижигэрэхийг хүлээж, дууссан лавыг нь авч харьцгаана. Ийнхүү сүм өдөр шөнөгүй гэрэлтэй байдаг болов. Ялангуяа шөнө лааны гэрэл далай дээрээс үзэсгэлэнтэй харагдана.
“Үнэхээр өгөөмөр бурхан юм” гэсэн яриа дэвэн дэлхийгээр тархав. Уул олноо алдартай уул болов.
Бурханы тухай яриа улам тархах хэдий ч лаан дээр зураг зурах охины тухай хэн ч үл санаж дурсах аж. Охиныг өрөвдөж бодох хүн байсангүй. Охин ядарч, заримдаа сартай сайхан шөнө цонхоор гадагш харж, холын хол хойд хөх далай руу татагдан нулимс дуслуулж байв.

4.
Нэг өдөр өмнөдийн улсаас дамчин хотод иржээ. Умардын хотод ирж ховор эд зүйлс хайж олж, түүнийгээ өмнөдийн хотод аваачиж зарж мөнгө олж амь зогоодог хүн аж.
Дамчин ханаас ч сонссон юм бүү мэд, хэзээ ч охины төрхийг харсан юм бүү мэд, үнэхээр хүн мөн үү эсвэл энэ дэлхий дэх ховор хүн-загас уу гэдгийг мэдсэн үү бүү мэд, эмгэн өвгөн хоёр дээр ирж, охинд нь мэдэгдэхгүйгээр, та хоёрт их хэмжээний мөнгө өгье, охиноо худалдаач гэж хэлжээ.
Нас өндөр эмгэн өвгөн хоёр эхлээд охиноо бурханаас илгээсэн хүүхэд учраас зарахгүй. Зарвал бурханы шийтгэл амсана гэж зөвшөөрсөнгүй. Дамчин татгалзсан хариу хэдэнтээ сонссон ч эмгэн өвгөн хоёр дээр буцаж ирээд ийн хэлэв “Эрт дээр үеэс хүн-загас гай зовлон авчирдаг гэгддэг. Одоо л холдуулахгүй бол муу зүйл учирна” гэж үнэмшилтэйгээр хэлжээ.
Эмгэн, өвгөн хоёр нэг л мэдэхэд дамчны ярианд итгэж эхэлжээ. Дээр нь их мөнгө гарт нь орж ирэх болохоор тэр мөнгөөр сэтгэлээ тайвшруулж, охиноо дамчинд зарахаар яриа хөөрөө тохирчээ.
Дамчин удахгүй охиныг авахаар ирнэ гээд тун чиг байртай буцав. Охин энэ яриаг мэдээд туйлын ихээр гайхаж мэгджээ. Бүрэг ичимхий, сайхан сэтгэлтэй охин энэ гэрээс холдож, холын холд таньж мэдэхгүй өмнөдийн улсад очино гэхээс айж байлаа. Охин уйлан хайлж эмгэн өвгөн хоёроос ийн гуйв “Би маш сайн ажиллана гэж амлая. Намайг үл мэдэх өмнөдийн улс руу битгий худалдаж явуулаач”
Гэвч сэтгэл зүрх нь чөтгөрт худалдсан мэт эмгэн өвгөн хоёр охиныг юу ч гэж гуйсан тоож авч сонссонгүй.
Охин өрөөндөө түгжигдэн, лаан дээр зургаа уйгагүй зурсаар л байв. Эмгэн өвгөн хоёр түүнийг харсан ч өрөвдөж хайрлах сэтгэл гаргасангүй.
Гэрэлтэй сартай нэгэн шөнө байлаа. Охин давалгаан чимээ сонсон, ирээдүйгээ бодон гуниглан байв. Давалгаан чимээ сонсож байхад холын тэртээд өөрийг нь дуудаж байх шиг санагдав. Цонхоор гадагш харвал гүн хөх далайн дээрх сарны тусгал гэрэлтэн байв.
Охин суусаар лаан дээр зургаа зурсаар л байв. Гэтэл гэрийн гадаа дуу чимээ гарах дуулдав. Дамчин өнөө орой охиныг авч явахаар ирсэн нь тэр байжээ. Том төмөр тортой дөрвөлжин хайрцагтай тэрэг авчирчээ. Тэр хайрцган дотор бар, араатан амьтад, могой зэрэг амьтад байлаа.
Сайхан сэтгэлтэй хүн-загас ч далайн гүний үзэшгүй биет учраас бар, араатан зэрэгтэй адил гэж үзжээ. Энэхүү төмөр хайрцагийг охин харвал хэр их айж эмээх бол. Охин тэр бүхнийг үл мэдэн, доош харан зургаа зурсаар л байлаа. Өвгөн, эмгэн хоёр орж ирээд “За, одоо чи явах боллоо” гээд дагуулж явах гэв. Охиныг яаруулж байсан учраас гартаа барьж байсан лааны зургаа дуусгалгүй ув улаан өнгөөр тэр чигт нь будчихжээ.
Охин өөрийн гунигаа шингээн хоёр гурван улаан лаа ийнхүү орхижээ.

5:

Тайван намуун шөнө байлаа. Өвгөн, эмгэн хоёр хаалгаа түгжин унтацгаав. Шөнө дунд хаалгыг нь түн түн гэж тогшин чимээ гарав. Өвгөн эмгэн хоёр нас өндөр улс тул чих муу улс, хаалга нүдэх чимээг арай чүү сонсож хэн байж таарах вэ гэж гайхлаа.
 “Хэн бэ?” гэж эмгэн асуув.
Гэвч хэн ч хариу өгсөнгүй. Хаалгыг нь түн түн гэж тогшсон хэвээр л байв.
Эмгэн босож, хаалгаа жоохон нээж гадагш хартал нэгэн цайвар цагаан арьстай эмэгтэй үүдэн дээр нь зогсож байв.
Эмэгтэй лаа худалдаж авахаар иржээ. Эмгэн жаахан ч атугай мөнгө олох л юм гарвал дургүйцдэггүй байв.
Эмээ лааны хайрцагаа гаргаж эмэгтэйд үзүүлэв. Тэр үед эмгэн эмэгтэйн усанд норсон урт хар үс сарны гэрэлт гялтагнаж байхыг хараад гайхав. Эмэгтэй хайрцган дотор ув улаан лааг авч, таг ширтэн харж, мөнгөө төлчихөөд улаан лаагаа аваад гараад явав.
Эмгэн лааныг гэрэлд мөнгөө харвал тэр нь мөнгө биш хясааны хальс байв. Эмгэн хууртагдаж гэж бодоод уурлан гэрээс гаран хартал өнөөх эмэгтэйн бараа үл харагдана.
Тэр шөнийн явдал гэнэ. Гэнэт тэнгэрийн байдал өөрчлөгдөн хүчтэй далайн шуурга болов. Дамчин охиныг усан онгоцонд ачин өмнөдийн улс руу явж байхад далайн хаяанд цохигджээ.
“Энэ хүчтэй шуурга болж байхад тэр усан онгоцыг аврах боломжгүй” гэж өвгөн эмгэн хоёр шуурганаас айн чичрэн хоорондоо ярьж байв.
Үүр цайх үед далайн хаяа харлайн, аймшигтай дүр төрхтэй болжээ. Тэр шөнө хөдөлсөн усан онгоц хэдэн хэсэг тасдуулсан сэг мэт болжээ.

Учир битүүлэг бас нэг зүйл болсон нь тэр шөнөөс хойш улаан лааг уулын сүмд асаасан шөнө одоо ч гэсэн тэнгэр хэчнээн сайхан байлаа ч шуурга болж догширдог аж. Тэрнээс хойш улаан лаа гай зовлон дууддаг гэж яригдах болов. Лааны дэлгүүрийн эмгэн өвгөн хоёр бурханы шийтгэл амслаа гээд лааны дэлгүүрээ бүрмөсөн хаажээ.
Харин хаанаас ч юм бүү мэд хэн нэгэн сүм рүү очин улаан лаа асааж байв. Дээр үед тэр сүмд асаасан зурагтай лааны үлдэгдлийг аваад явахад далайд ямар ч гай гамшигт өртөлгүй эсэн мэнд эргэж ирдэг байсан бол тэр явдлаас хойш улаан лаа асахыг харах төдийд л далайд шуурга, салхинд өртөн амь алддаг болжээ.
Төдөлгүй энэ яриа дэвэн дэлхийгээр тархаж, хэн ч уулын дээрх сүм рүү очихоо болив. Урьд өмнө өгөөмөрөөр алдартай байсан бурхан хотынхны чөтгөр савдаг болж хувирчээ. Тэгээд хотынхон тэрхүү сүмийг байхгүй байвал зохино гэж үзэх ядах болцгоов.
Завьчид, далайн хаяанаас сүм байрлах уулыг харан айж эмээж байв. Шөнө болоход далай тун догшин болно. Хаашаа ч харсан өндөр давалгаа давалгаалан, хавцгай мөргөх бүрд цагаан хөөс сахрана. Сарны гэрэл үүлийн завсраар давалгаанд ойх бүрд улам аймшигтай харагдаж байв.
Хав харанхуй, бүртийх одгүй, бороотой шөнө давалгааны дээр улаан лааны гэрэл тусан улам бүр өндөрсөж уулын дээрх сүмийг чиглэн давалгаалан наашлахыг харсан хүмүүс байх аж:

Хэдэн жилийн дараа тэрхүү хот устан алга болжээ. 

Wednesday, August 20, 2014

Твиттэрийн тухай

Твиттэрт бусдыг гүтгэсэн хэргээр хүн баривчилж хорьсон тохиолдол ардчилсан статустай улсуудын дотроос Монголд л гарчихав уу даа. Твиттэр 2006 онд гарч ирснээс хойш твиттэрээр бусдыг доромжилсон, гүтгэсэн гэх гомдол олон улс орны шүүхүүдийн толгойн өвчин болж байна. Гэхдээ хорьсон, баривчилсан гэж дуулсангүй. 

Твиттэр харилцаа холбоо, мэдээллийн ертөнцийн нэг том өөрчлөлт. 140 тэмдэгтэд үзэл бодол, санал, гомдол, мэдээллээ хуваалцаж, хил хязгаар үл харгалзан бусадтай харилцах боломжийг твиттэр олгосон. Хэн нэгний бичсэн жиргээг дагагчид нь дахин жиргэж, дурдаж цааш нь тарааж, трэнд үүсгэж ч болно. Хэн ч твиттэр хэрэглэх боломжтой, өөрийнхөө үзэл бодлоо бичих эрхтэй. Харин энэ өргөн боломжийн хажуугаар эрх зүйн олон асуудал гарч ирж эхэлж байна. Түүний нэг нь гүтгэлэг, доромжлол. Англиар twitter+libel=twibel гэж шинэ үг хүртэл гарч ирчихлээ. Удахгүй Оксфордын толь бичигт орох биз.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэж доромжлолоо....гэх. Твиттэрийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэх үү, твиттэр хэрэглэгчдийг сэтгүүлчидтэй адилтгах уу гэдэг хуульчдын маргаантай сэдвийн нэг. 

Мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэл бичиж гаргахын өмнө урьчилж үнэн зөв эсэхийг хянаж, шалгаж байдаг бол Твиттэр бол тэгэх боломж бараг байхгүй. Тухайн үеийн үзсэн харсан зүйл, ойлгосон, сонссон мэдээ мэдээллээ тэр дор нь бичиж, олон хүнд хүргэж байдаг. Түүний дараа харин худлаа, буруу зүйл бичснээ мэдэх тохиолдол бий. Бичиж байгаа зүйлийнхээ үр дагаварыг мэдэхгүй, үнэн зөвийг нь шалгаж нягтлах зүйлгүй учраас твиттэр хэрэглэгчид илүү эрсдэлтэй. Албаар санаатайгаар, хэн нэгний алдар хүнд, нэр хүндэд халдаж, худал гүтгэлэг, доромжлол санаатай хийх нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч, орчин үеийн твиттэр, нүүр ном, бусад нийтийн сүлжээнд ч хууль зөрчсөн үйлдэл. 

Энэ оны эхээр АНУ-д анх удаа твиттэрээр гүтгэсэн гэсэн нэхэмжлэлтэй хэргийг шийдсэн. 2010 онд дуучин Кортни Лав хуульчаа гүтгэсэн жиргээ жиргэсэн гэж хуульч нь 8 сая доллар нэхэж шүүхэд хандсан нь саяхан шийдэгдэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Түүний жиргээ худал мэдээлэл агуулсан, хуульчийн нэр хүндэд халдсан боловч, Кортни Лав үүнийгээ худал гэж мэдээгүй учир гүтгэлэг биш гэж үзсэн аж. Гүтгэлэг гэж үзэхийн тулд "санаатай" үйлдэл байх ёстой учраас. 

Цаашид твиттэртэй холбоотой олон асуудал урган гарна. Твиттэр бол нийгэм дэх олон чухал асуудлаар хүмүүс санал бодлоо солилцох том талбар. Хэн нэгнийн жиргээг тусад нь авч, зөвхөн түүнийг нь л шүүх гэж оролдох нь утгагүй. Ямар асуудал яригдаж, тухайн жиргээ бичигдснийг агуулгаар нь харж дүгнэхээс ганц нэгийг нь тасдаж аваад шүүж болохгүй л дээ. Хэрэв тэгж шүүж эхэлбэл хүмүүс жиргээнээс халгаж, бичиж тавих зүйлээ дотроо шүүж, эргээд нийгмийн тэрхүү чухал асуудлаар санал солилцохдоо хойрог болно. Үзэл бодлоо илэрхийлэх гэдэг эрхэд нь саад болно гэсэн үг. Угаас твиттэрт хүмүүс "чат" байдлаар дор дор нь бичилцэж харилцаж байх зуур тэр болгон бичиж буй зүйлээ нягталж шалгаад байх нь ховор. Энэ тохиолдолд хэн нэгнийнх нь жиргээг гүтгэлэг, доромжлол гэж тогтоох хэцүү. Хэн ч уншаад итгэхгүй, утгагүй үгсийн чуулгыг "гүтгэлэг, доромжлол" гэж тооцох нь ч хэцүү. Finkel-ийн хэрэг гэж Америкийн шүүхээр шийдэгдсэн хэрэг бий. Нүүрний номын нэг группт өөрийг нь доромжилсон гэж нэг хэрэглэгч нэхэмжлэл гаргадаг. Тэр доромжилсон бичлэгийг харвал нэхэмжлэгчийг морьтой явалддаг, хар тамхичнаас ДОХ-ын халдвар авсан, чөтгөр болж хувирсан гэхчилэн элдвээр бичсэн байж. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо "Бичлэгүүдийн агуулгаас харахад нэхэмжлэлгч морьтой хавьтаж ДОХ тусаж, элдэв өвчний халдвар авсан зэрэгт энгийн хүн уншаад итгэхгүй зүйлс байх бөгөөд энэ бичлэгүүд өсвөр насны хүүхдүүдийн бүдүүлэг шоглол байна. Баримт нотолгооны зүйлс дурдаагүй" гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл энгийн хүн уншаад утгагүй, тэнэглэл гэж мэдэхээр зүйлийг гүтгэлэг, доромжлолд тооцохгүй байх прецедэнт Америкийн шүүхэд тогтжээ. 

Монголын шүүхийн практикт твиттэртэй холбоотой хэрэг цаашид гарах биз ээ. Хууль зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй байгаа ч үзэл бодлоо илэрхийлэх эрх, олон нийтийн сүлжээний хэрэглээ 2ийн балансыг зөв барих л чухал болж байна. Ийм төрлийн маргааныг шийдэх тусгай шүүхийн тогтолцоо буюу онлайн маргаан шийдэх газартай байх уу, гүтгэлэг доромжлол гэж үзвэл төлбөрийг хэрхэн тогтоох вэ, интэрнэт хэрэглээний нийтийн боловсрол түгээх, байгууллагууд ажилтнууддаа twibel гаргахгүй байх тал дээр сургалт мэдлэг олгох гэх мэт олон асуудал дээр санаа оноо гаргаж явах шаардлагатай болно. 

Monday, April 8, 2013

Японы 100 бараанаас

Японы Никкэй Бизнэс сэтгүүлийн 2012 оны 10 сарын 15-ны дугаарт дэлхийд гайхуулах Японы 100 бараа бүтээгдэхүүнийг танилцуулжээ. Үүнээс хэдийг танилцуулъя. 
А. Дэлхий, хүн төрөлхтөнг аврах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ

1. Загас, улаан лоолийн лаазалсан бүтээгдэхүүн- Гэйша 

Баруун Африкийн Нигер, Гана зэрэг улсад Гэйша гэх энэхүү бүтээгдэхүүнийг мэдэхгүй хүн ховор. 1950-д оны үед Японы лаазалсан бүтээгдэхүүн хямд, чанартайгаараа танигдаж эхэлжээ. Африкийн улсуудад тухайн үед хөргөгч гэж нүдний гэм, одоо ч айл болгонд байдаггүй таваар. Эдгээр орнуудад заавал хөргөгч гэлгүй хадгалж болох, уургийн хэрэгцээ хангах бараа болох Гэйша тэр дороо эрэлттэй болж чаджээ. 

2. Кюканчо Төсөл
Панакимотогийн шинэ бүтээгдэхүүн лаазалсан талх. Хадгалах хугацаа 3 жил тул гамшигийн бэлтгэл, дайн, хүнд хэцүү үед хэрэглэх бүтээгдэхүүн болгож удаан хугацаагаар хадгалж болно. 


3. Vape шумуул үргээгч 
Ямайка, Иордан зэрэг орнуудад шумуул үргээх хүж халуун орнуудад аминд ордог гол бүтээгдэхүүн болжээ. Эквадорт ойрхон орнуудад үүний ачаар шумуулаар дамжих олон өвчнөөс сэргийлж хамгаалж чадаж байгаа аж. 
4. Ус шүүх станц 
Сингапур 2013 онд цэвэр усны импортоо багасгах зорилгоор Азийн хамгийн том цэвэр усны шүүх станц байгуулах гэж байгаа бөгөөд үүндээ Японы Торэй компанийн технологийг ашиглажээ. 1 нанометрээс бага диаметртэй шүүлтүүрээр давс шүүж цэвэр ус гаргаж авах аж. 
5. PGα21Ca ус цэвэршүүлэгч
30 минутын дотор цэвэр ус гаргаж авах энэхүү технологийг Бангладешт хэрэглэж эхэлжээ. Усанд "нунтаг" хийж хутгангуут усанд байгаа хог бохир бөөгнөрч хатуу болж тунаж үлдэх технологи. 100 гр нунтаг бодисоор 1 тонн ус цэвэршүүлнэ. Үнэн нь ердөө 150 иэн. Ус муутай, хөрсний ус нь бохирдсон газарт аминд орох бүтээгдэхүүн. 
6. Neglected Tropical Diseases гэх өвчин Ази, Африкийн халуун орнууд ялангуяа ядуу буурай орнуудад түгээмэл байдаг, шавьж хорхойноос халддаг өвчин ажээ. Орлогогүй хүмүүс эмчлүүлж чадахгүй өвчиндөө шаналах нь их тул Японы Ээзай компани энэ өвчний нэг төрөл болох филариазисыг эмчлэх эм үйлдвэрлэж үнэгүйгээр зарах ажээ. Одоогоор 1 тэр бум 20 сая хүн энэ өвчнөөр өвчилсөн байдаг бөгөөд 40 сая нь гадаад төрх байдал нь өөрчлөгдсөн байдаг байна. 
7. Японы Тэрмо компанийн дэлхийн хамгийн нарийхан тариурын зүү. Өвдөлт мэдрэхгүйгээр тарих боломжтой болж байна. Олон тариулж, тарих бүрд өвдөлт мэдэрдэг хүмүүс болон нялх жаахан хүүхдүүдэд өвдөлт мэдрэхгүйгээр тариулдаг болж байгаа ажээ. 
8. Олимпус компанийн дотор эрхтэнг дурандах эмчилгээний дуран аппарат. 
1956 онд бүтээсэн энэхүү технологи одоо дэлхийн бараг бүх оронд ашиглагдаж байна. Дэлхийн анагаах ухааны хөгжлийг нэг том алхмаар урагшлуулсан гайхалтай бүтээгдэхүүний нэг ажээ. 
9. Омрон компанийн гэртээ ч даралтаа хэмжих боломжтой болгосон даралтын аппарат.
1980-д оны дунд үед бүтээсэн энэхүү бүтээгдэхүүний ачаар олон хүн гэр орондоо даралтаа хэмжиж, өөрсдийн эрүүл мэндээ хянах боломжтой болжээ. 
10. Күбота компанийн хөдөө аж ахуйд хэрэглэх трактор
1968 онд бүтээсэн энэхүү трактор жижиг нарийн талбайд ажиллах авсаархан хийцтэй хэрнээ 100 хүртэл морины хүчин чадалтай ажилладаг аж. Тайландад нийт тракторын 70 хувийг Күботагийн трактор эзэлдэг байна.  
11. Брокколи буюу цэцэгт байцаа 
Нийт брокколийн үрийн 60 хувь нь Саката компанийн үр ажээ. Саката компани 1972 онд брокколийн шинэ үр гаргаж зарж эхэлжээ. Тэр хүртэл брокколи өнөөгийнх шиг хүнсэнд өргөн хэрэглэж байгаагүй юм байна. Брокколи үнэтэйгээс гадна амархан өнгө нь хувирч мууддаг, удаан ургадаг, хүч хөдөлмөр их зардаг байсан тул Саката амархан ургадаг брокколийн үр гаргаж авч АНУ-д зарснаар эрчээ авчээ. 


Tuesday, June 5, 2012


Нацүмэ Соосэки

Эхний өдрийн зүүд

Ийм нэгэн зүүд зүүдлэв

Гараа урдаа эвхчихээд олбог дээр сууж байтал хажууд дээш харан хэвтэх бүсгүй “амьсгаа хураах цаг иржээ” гэж намуун дуугаар хэлэв. Бүсгүйн урт гэзэг дэр бүрхэж, тэр дунд зөөлөн төрхтэй, зууван цагаан царай нь тодорно. Цав цагаан хацар нь үл ялиг улаа татна. Уруулын өнгө нь хэлүүлэлтгүй улаан. Яаж ч байсан амьсгал хурааж буй хүн лугаа үл харагдана. Гэтэл бүсгүй намуухан дуугаар “би удахгүй үхнэ” гэж тод гэгч нь хэлэв. Нээрээ үхчих вий дээ гэж бодогдоод ирэв. Тэгээд “үнэн үү? удахгүй үхнэ гэж үү?” гэж байдлыг нь шинжин дээрээс нь тонгойн харж асуулаа. Тийм ээ гэж хэлэнгээ бүсгүй нүдээ том нээв. Үл мэдэг нулимс гүйлэгнэсэн нүд байлаа. Урт дэрвэгэр сормуус, хав хав нүд. Тэрхүү хар нүдний угт би өөрийнхөө тусгалыг олж харав.
Миний дүр нэвт тусаж харагдах хар нүдий нь ширтэн “ингээд үхчих юм гэж үү?” гэж бодлоо. Тэгээд хацарт нь амаа ойртуулан “Үгүй байлгүй дээ. Бие чинь зүгээр үү?” гэж асуулаа: Бүсгүй хар нүдээрээ ширтсэн хэвээр “амьсгаа хураах болжээ. Арга алга даа” гэж аяархан хариуллаа.      
Намайг харж байна уу гэж ойртон асуувал “харалгүй яахав. Хар даа, миний нүдэнд чиний царай тусаж байгаа биз дээ” гэж хөхрөн хариулав. Би дуугаа хурааж, нүүрээ холдуулав. Гараа энгэртээ зөрүүлж эвхсэн хэвээр “нээрээ үхчих юм байх даа” гэж бодлоо.
Хэсэг байснаа, бүсгүй дахин ам нээлээ:
“намайг үхвэл булшилж оршуулаарай. Томоос том хясааны хавтас ясаар нүх ухаарай. Тэнгэрээс бууж ирэх оддын хэлтэрхийг булшин дээр тавиарай. Тэгээд дэргэд нь намайг хүлээгээрэй. Би чамтай уулзахаар эргэж ирнэ”
Хэзээ эргэж ирэхийг нь лавлалаа.
“Өглөө нар мандаж, орой нар жаргадаг бус уу. Маргааш нь бас л нар мандаж, жаргана буй. Түүний маргааш нь бас нар жаргах буй. Ув улаан нар дорноос өрнө рүү одож, дахин дорноос өндийн өрнө рүү доошлох үед эргэж ирнэ. Чи намайг хүлээж чадах уу?”
Би дуугүй толгой дохив. Бүсгүй намуухан дуугаа өндөрсгөн “Зуун жил намайг хүлээгээрэй” гэж тов тод хэлэв. “Зуун жил булшны минь дэргэд хүлээж суугаарай. Заавал эргэж ирнэ ээ”
Би хүлээнээ гэж хариуллаа. Тэгтэл хар нүдэнд нь тодхон тусах миний дүрс бүдгэрээд ирэв. Нүдэнд нь гялтагнах нулимсанд бүрэлзчихэв үү гэж бодтол бүсгүй нүдээ анив. Урт сормуусны завсраас нулимс самсаа руу нь урсав. Бүсгүй амьсгал хураажээ.
Би цэцэрлэгт очин хясааны хавтас ясаар нүх ухлаа. Ирмэг нь хурц, том зөөлөн яс таарчээ. Газар ухах зуур хясааны ясны дотор талд сарны гэрэл тусаж гэрэлтэх ажээ. Нойтон шорооны үнэр сэнхийнэ. Нүх бэлэн болж, бүсгүйн цогцсыг дотор нь хийлээ. Тэгээд зөөлөн шороогоор буллаа. Ийнхүү шороо дээрээс нь хийх үед хясааны хавтас ясны ар талд сарны гэрэл тусан гэрэлтэж байв.
Дараа нь оддын унасан хэлтэрхийг түүн булшны дээр дэвслээ. Оддын хэлтэрхийн ирмэг дугираг ажээ. Тэртээх холын тэнгэрээс унах зуур одны хэлтэрхийн дөрвөлжин өнцөг элэгдэн дугуйрчээ гэж бодов. Оддын хэлтэрхийг булшин дээр дэвсэх зуур миний цээж, гар дулааслаа.
Би хөвдөн дээр суун, ингээд зуун жил хүлээх нь ээ гэж бодонгоо гараа урдаа эвхэн суунгаа булшны дүгрэг чулууг илэв. Энэ зуур бүсгүйн хэлсэнчлэн нар зүүнтэйгээс мандлаа. Том улаан нар байв. Нар бүсгүйн хэлснээр өрнө зүгт жаргалаа. Нар ув улаан хэвээр аажмаар доошлон одов. Нэг өдөр өнгөрлөө гэж би дотроо тоолов.
Удалгүй ув улаан нар дахин мандаж, чимээгүйхэн жаргалаа. Хоёр дахь өдөр өнгөрлөө гэж дотроо тооллоо.
Ийнхүү би өдөр хоног тоолох зуур улаан нар хэдийг ч харав даа, мэдсэнгүй. Хоног тоолох бүр, өдөр өнгөрөх бүрд улаан нар толгойн дээгүүр алгасахгүй өнгөрнө. Тэгсэн ч зуун жил болоогүй л байв. Эцэст нь хөвд ургасан бөөрөнхий чулууг илэн бүсгүйг худлаа хэлж хуурсан биш байгаа даа гэж бодогдов. Тэгтэл чулууны доороос намайг чиглэн нэгэн ургамлын ногоон иш цухуйн гарч ирэв. Харсаар байтал урт урган миний цээжний харалдаа ирээд зогсов. Юу билээ гэж бодтол үл ялиг нахилзах ишний үзүүрт бөхөлзөх ганцхан урт нарийн цоморлиг аажмаар дэлгэрэн нээгдэв. Цав цагаан сараана цэцгийн үнэр хамрын гүн рүү нэвт цоргин үнэртлээ. Тэртээх тэнгэрээс шүүдрийн дусал унаж, сараана цэцэг ийш тийш дохилзон ганхав. Би ургаш тонгон хүйтэн шүүдэр дуслах цагаан дэлбээнд уруулаа хүргэв.Сараана цэцгээс нүүрээ холдуулах зуур холын тэнгэрийг санаандгүй хартал тэнд ганцхан үүрийн цолмон л гялалзаж байлаа.
“Зуун жил хэдийн болжээ” гэж тэр үед анзаарч мэдвэй.