Thursday, December 4, 2008

хууч


...Япон хөрш бүсгүй их ууртай орж ирэв. Мань эр ер нь ойрд нэлээн уцаартай, бухимдангуй байгаад байлаа. Нэг боломж гарахаар нь элдэв шалдав, ноцтой юм болоогүй биз гэж учрыг асууж, болбол хуруу хушуу нэмэрлэчих санаа гаргав. Ар гэрийн асуудал, ажил төрлийн хэрүүл уруул гээд ярьвал их л зовлон зүдгүүр байгаа бололтой. Миний зүгээс бодитойгоор үзүүлчих туслалцааны юм юу байна гэж бодоод бодоод олсонгүй. Эцэст нь угийн ухаант үгийг өөрөө л зохиосон юм шиг яруу уянгалаг, сэтгэл уярмаар хэлж чаддаг (хүмүүс ямар ч байсан намайг ингэж магтаад байдаг...олны үг ч ортой) авъяас билгээ гарган, сэтгэл санааны дэмжлэг үзүүлье гэж санав. Зөөлөн нь хатуугаа гэдэг үг байдаг шүү дээ. Тэр үгийг Япон хөршдөө тайлбарлаж хэлэх гэж нэлээн юм болов. Усаар жишээ авлаа даа. Усан дотор ямар ч төмөр чулуу хийсэн, төмөр нь зэвэрч идэгдээд, хатуу чулуу гөлгөр болж ирдэг гээд. Ус шиг зөөлөн байхад ямар ч хатуу хүйтэн хүн аяндаа зөөлөрч ирнээ гэж хэлж тайвшруулах аядаад, тэр өдөр өнгөрлөө. Ёстой гадны хамаагүй хүнд хэлмээргүй, хайрламаар сайхан үгийг тэр нөхөрт харамгүй хэлж тайлбарласан. Өнөөх маань ч ойлгоод л толгой дохиод л Аан аан гээд л байв. За ойлгосон ч юм уу бүү мэд, угаасаа Япончууд ойлгосон ойлгоогүй толгой дохиод За за, аанхаан гээд байдаг улс. Удалгүй надад мэйл ирэв. Өнөөх бүсгүйн ажлын газрын таньдаг хүнээс шүү дээ. Нээгээд унштал, тэд өдөр бүр ус шиг болох гэж хичээж байгаа бөгөөд надад тун их талархаж байгаагаа илэрхийлсэн байдаг юм даа. Хөрш нөхөр ажлын газрын хүмүүстээ очоод миний үгийг л хэлж тайлбарласан аж. За тэгээд тэнд хэсэг бүлэг хүмүүс ус шиг болохын төлөө хичээн мэрийн зүтгэж,"ус шиг болох"-ын ухаан философи хөгжиж, хөдөлгөөн бүлгэм байгуулж, сүлд дуу шүлэг, ном гаргаж ч мэдэхээр төлөвтэй. Надаар "ус шиг байх" тухай сургааль лекцээ биеэр ирж заалгах ч шинжтэй. Хөршдөө уур аашаа гаргаж чадахаа ч байх нь. Өнөөх маань өөдөөс Би ус шиг байхыг хичээж байгаа гээд инээмсэглээд байхаар тэр зөөлөн байж намайг буулгаж авах гээд ч байх шиг. Ер нь юу болоод байгааг ойлгохоо байлаа. Хамаагүй хүнд хайран үг хэлээд дэмий юм байна лээ.

...Хэд хоног орон орны нөхөдтэй хамт хичээлд суулаа. Африк, Араб, Ази гээд элдэв хангайн газраас түмэн олон цуглараад сайхан бужигналаа даа. Бид бүлэг болж хуваагаад, би хэдэн Африк нөхөдтэй хамт баг болов. Өнөө хэдтэйгээ энэ тэнүүгээр явж судалгаа хичээл хийгээд л. Тэгсэн тэнд би "од" болж тодорлоо шүү дээ. Цөөхөн хоног ч гэсэн "од" байх гоё юм байна лээ. Яасан гэхээр, өнөө Африк нөхөд чинь миний үсийг ирж илээд бариад үзээд салахаа байв даа. Амьдралдаа шулуун үс барьж үзээгүй нөхөд байна лээ ш дээ. Ер нь Африк руу үсний ширхэгээ нэг нэгээр нь савлаж экспортловол ашиг олох болов уу? За түүнээс гадна хамгийн хөгжилтэй нь надад нэг Африк хайрын захиа өгөв шүү дээ. Бод доо, төрснөөсөө хойш хайртай гэдэг эр хүнээс сонсоогүй, хайрын захиа зурвас эх хэлээрээ ч авч үзээгүй хүн чинь анхны хайрын захидлыг Африк нөхрөөс, англи хэлээр авдаг юм байна. Баярламаар ч юм шиг...яамаар ч юм бэ дээ...Надад ийм л юм дутаж дээ гэж санагдсан ч хөөрхөөн тэндээ догдлуулчихдаг эд байна лээ.

... Би тагнуулчтай хамт амьдраад байгаагаа мэдлээ шүү дээ. Нэг өдөр хөрш Япон маань тагнуулын тухай яриад салахаа байв. Хөөрхий маань зүүдээ ярих гээд хулгайгаа ярьдгийн үлгэр болох гээд байна уу. Өнөөх маань гадаадад байхад тагнуулын обьект болдог байснаа ярьдаг болов. Тэгснээ намайг гэнэт их асуултаар булж эхэллээ. Намайг ямар хүмүүстэй нийлдэг, тэр хүмүүс юу хийдэг, цаашид яах гэж байгаа зэргээс өгсүүлээд төрлийн юм сониучирхаж ирэв. Ингээд ерөөсөө хөрш нөхөр өөрөө айхтар тагнуулч байх нь гэж бодов. Хамтран байр хөлслөгчөө тагнуулч гэдгийг таамагласнаас хойш би ч баахан ажиглалт хийв. Миний орны хажууд гэгээн Мариагийн жижиг баримал гэнэт байхыг анзаарав. Манай хүн сэмхэн тавьчихаж. Чагнах төхөөрөмж дотор нь суулгасан байхаас зайлахгүй нь гэж бодоод өнөөхийг нь өвөртөлж гараад хол аваачиж хаячихсан. Тэгж ч хялбар тагнуулдуулахгүй шүү. Ерөөсөө тэр намайг тагнаад байгаа юм бол, би ч гэсэн яаж зүгээр байхав. Сөрөг тагнуулын ажиллагаа явуулна гэж шийдлээ.
Янз бүрийн юм тор дүүрэн авчраад хаяхдаа надаас нууж хаяад байгаа юм. Тэр хэрэглээд байгаа гоо сайхны эм, тос гээд юм хумныхаа хайрцаг савыг бүр нууна шүү дээ. Дараа тэрийг нь олзолж авч, Япон хүүхнүүд яг юу хэрэглээд залуу харагдаад байгаа нууцыг мэдээд чамд хэлэмз. Сөрөг тагнуулдаж тэдний олон нууцыг дэлгэнээ, гайгүй...

Tuesday, October 14, 2008

намар мамар

Монгол сайтууд, блог, варез сайт зэргээр орж үзэхэд манайд хувь хүн, байгууллага, төрийн нууц, нэр хүнд, алдар хүнд, доромжлол, гүтгэлэг, гутаах зэрэг ойлголт байна уу үгүй юу гэж гайхмаар. Угаасаа нууц далд зүйлд дургүй, ил тод, илэн далангуй, элдэв ну, но-гүй байхыг дэндүү ихэд эрхэмлэдэг юм болов уу даа. Саяхан Монголын хэд хэдэн байгууллагын цалингийн хэмжээ, ажилчдын нэрс, регистрын дугаар гээд нарийн мэдээлэл нь нэтээр цацагдсан явдал гарав. Хэний хэдэн төгрөг авдгийг мэднэ гэдэг ёстой загнатасан газар маажиж байгаатай ялгаагүй үнэн таашаалтай байж мэднэ. Зөвхөн тэр тоог мэдснээр атаа хорсол, жөтөө гээд ил далд олон зовлонг хөнгөлж өгч, санааг нь амрааж байж болно. Хэсэгтээ л өнөө хэн чинь хэдэн төгрөгийн цалинтай юм байна ш дээ, аргагүй ээ аргагүй сүүлийн үед гангараад байсан юм, эсвэл өө тэр чинь ёстой хөгийн цалин авдаг юм байна, нээх онгироод байсан чинь гэх мэтээр ярианы сэдэвтэй болно биз. Ийм мэдээллийг нийтэд ил болгох нь тухайн компани, тэдний ажилтнууд, бусад байгууллагад ямар сөрөг нөлөөтэй нь хэнд ч падгүй. Нэг зүйлийг ялгаж салгамаар байгаа нь хэний цалин ил тод байж хэнийх нь нууц байх ёстой тухай юм. Төрийн албан тушаалтнууд, ажилтнуудын цалин ил байх учиртай. Яагаад гэвэл бид татвар төлөгч, тэднийг цалинжуулагч, бас шууд бус утгаар томилсон, сонгосон. Харин зүгээр л мөрөөрөө амьдралаа зогоож буй жирийн хүний цалин пүнлүү, орлогыг түмэнд ил болгоно гэдэг орой шөнө хөнжил дотор нь шагайж, шанаагаа тулчихаад бие хааны өө сэв эрж, муулж сайлж байгаатай ялгаагүй.

Ер нь манай иргэдийн регистр, паспортын дугаар хэн нэгний хувийн компьютерт зугаа маягтай байхад гайхах зүйлгүй. Хамаг юм нь ил задгай, замбараагүй, хүмүүс нь өөрсдөө бүр нууц юманд огт дургүй улсад хөрш орны тагнуулчид хийх ажилгүй, толгойгоо маажаад самгарддаг байх. Аягүй бол нэг өдөр хөршөөсөө өөрсдийн иргэдийн нэгдсэн мэдээллийн эмхэтгэсэн санг гуйж авч халаах вий дээ.

Интернэтэд ийнхүү нууц, ил тод байх мэдээ мэдээллийн заагийг ялгаж салгахгүй баруун солгойгүй цацаж байхын хажуугаар бусдын нэр хүнд, алдар хүндэд халдсан, доромжилсон, гутаасан, гүтгэсэн шинжтэй зүйлс их гарах болжээ. Дотуур хувцастай хувцасгүй зургаа авахуулсан монгол охидыг элдвээр нь харааж, цоллож, тарааж цацах, нэг нэгнээ хэлэх хэлэхгүйгээр харааж зүхэх, нэр гуншин өгөх гээд. За тэгээд бүр цаашлаад найз нөхөд, танил хүмүүс, хамтран ажиллагсад, дарга цэрэг гээд хавийн хүмүүсээ илжиг, морь, гахай, коммунист гэх мэт олон янзаар хочлох, доромжлохын завсар нэрлэх, зарим нэгний нууцыг нь задлах, амьдралыг нь дэлгэх гээд л. Заримыг нь бүр өөгшүүлж, "болж, ёстой сайхан, бүр дахиад муулаад өг, нэмээд доромжлоодхоё" гэсэн хандлагатай. Лалын оронд нүгэл үйлдсэн нэгнээ чулуугаар балбаж хороож байгаа дүр зураг шууд нүдэнд харагдаж байгаа юм. Гайхамшигт Гүүгл этэр интернэтийн орон зайд бичсэн үсэг бүрийг л бараг хадгалаад, архивлаад, ёстой арилшгүй устгашгүй болгож мөнхөлж байгаа үед бичиж байгаа үг өгүүлбэр бүрээ бодолтой, анхааралтай байвал хожмын муу үр дагавараас хамгаалах юм даа.
Одоо ч бараг толгойтой бүхэн блог бичдэг болсон, бүр хоорондоо уулзалддаг, дам дамаа бие биеэ мэддэг болсон, дээр ойлгосончлон нууц юманд ясны дургүй хүмүүсийн хувьд хэчнээн нэрээ нуугаад тэр блог, сэтгэгдэл бичлэгийн цаана хэн байгааг мэдчихэд хялбар. Нэг гайгүй залуу байлаа гэхэд жоохон гүүглэдээд л нөхрийн хэрүүлч уруулч, хачин этгээд занг нь олчихно. Хөөрхөн охин доо гэтэл энд тэнд эвгүй авахуулсан зураг сэлт нь байх жишээтэй. Тэр нь ураад тастаад устах биш. Шадар гурван цэргийн Миледигийн шивээс шиг, за эсвэл Дэми Мурийн тоглосон Скарлетийн захидал кинон дээр гардаг шиг шившгийн цэцэг энгэртээ байнга зүүж насаараа адлагдах тавиланг сонгож байгаа...Үгүй ээ сонгож байгаа ч гэж дээ...зарим нь сайн дураар сонгож байхад заримыг нь бусад нь нийлж польдож байгаад хүчээр шивээс хийж, цэцэг зүүлгээд тавлаж байгаа юм шиг.

...Саяхан нэг Солонгосын жүжигчин бүсгүй (Choi Jin-sil) амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Солонгос кино барагтай үзэх биш, тэр жүжигчнийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ үздэг хүмүүс нь зураг хөргийг нь хараад бараг мэдэх байх. За тэр бүсгүйн тухай ч яахав. Гол нь бүсгүйн амиа хорлоход хүргэсэн том шалтгаан нь интернэтэд түүний тухай хэт их доромжилсон, нэр хүндийг гутаан дарамталсан хов живтэй холбоотой гэжээ. Мөн Солонгосын интернэт хэрэглэгч дунд яаж амиа хорлох, дэлбэрдэг бодис хэрхэн хялбар хийх, хүн алах арга чарга заах гэх мэт элдэв сайтууд байдгаас янзан бүрийн хэрэг гарч байна.
Энэ мэтээс болж Солонгос интернэтэд бусдын нэр хүндийг гутаан доромжилсон хов жив, гүтгэлэг зэргийг хянах, хуулийн хариуцлага оногдуулах арга хэмжээ авах асуудлаар хэлэлцэж эхэлжээ.
....Ямар нэг айхтар хэрэг явдал гарсны дараа төр засаг яах аргагүй интернэт ертөнцөд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа байдалд хяналт тавих шаардлага гарч байгаа нь энэ. Интернэт хэрэглээний зохистой байдлыг хангах цагдаагийн тусгай алба гарч ч болно. Мэдээж хүнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бүрэн байгаа ч түүнийгээ хэтрүүлэн хэрэгжүүлбэл хүний амь насанд хөнөөлтэй гэдгийг ойлгож байвал л...

Thursday, October 2, 2008

24

...Тэнд бодгаль биес зовлон гунигт унан тарчлахад энд өөр нэгэн бодгальс жаргалаа олж авдаг үйлийн үртэй бололтой. Хэн нэгэн хулгай хийж хэрэгт унаж байвал хуульчид өмгөөлөгчид цалин мөнгөтэй. Тэнд нэг хүн санхүүгийн хямралд ороход энд нэг мөнгө хүүлэгч алгаа илээд баясаад л. Шат, мөс юун дээр ч байсан яахав, хальтарч унаад хавирга, ууц, ахар сүүл гээд байдгаа хугалан алдахад хавийн хүмүүс хөх инээдээ дийлж ядан баясна. Түүний нөхөр нь араар урдуур тавиад, авгай хүүхдээ зовоож байгааг сонсвол тэсгэлгүй баярлан, ховын яриаг улам шимтэн сонсох гэж тэмүүлнэ. Нэг баян дампуурч гэж сонсвол "болж" гэж бод идсэн боохой шиг маасайна. Тэнд тэр үхэнгээ алдаж гэж дуулбал, "хөөрхий" гэж амандаа бувтнангаа өөрөө тийм гайгаас хол байгаадаа санаа амран, бага ч атугай жаргал мэдэрнэ. Цаашлаад бүр нүдэн дээр нь л зовж зүдэрч байгаагаа харуулахгүй бол жаргалдаа эрхэлсэн гэж ад үзэн, нэг л өдөр нураад унахыг хүлээн харц отно. Түүнээс ч болдог юм уу, бодгаль бид өвчин зовлонгоо ам уралдан ярьж, бие биеэсээ хэчнээн их илүү шаналан зовж, хорвоогийн бор өдрийг хэцүүхэн өнгөрөөж байгаагаа хэлэлцэнэ.
...Хэн нэгнийг зовлон гунигт унагаан байж жаргалаа олдог цэвдэг хорвоо. Эр, эмийн сайндаа бүтээсэн юм, болгосон гэж онгирох нь ахархан. Энд би амттай хоол модон савхаар савхдан идэж байхад тэнд тэр савхыг хийхийн тулд ямар үйлтэй хүний үр, яасан сайхан байгалийг устган, амьтан хорхойг үргээн үхүүлэн байгаа бол гэж хэтрүүлэн бодох нь юу юм бэ. Гэхдээ л бусдыг шаналалд оруулан байж олдсон "үнэтэй жаргал"аа үнэлэхгүй бол алдас болно чиг.