Friday, December 8, 2006

улаан загалмай

улаан загалмай

Үе үе сургуулийн гадна Улаан загалмайн тэмдэгтэй том машин ирж зогсоод хэдэн Япон нөхөд цусаа донорлооч хэмээн чангаар хашгиран уриалан зогсдог юм. Монголд бас ингээд л цусны донор болооч гээд л байхад огт тоодоггүй байсан би тэрхүү хамаг хоолойгоо сөөтөл орилох япончуудыг ёстой нүдний үзүүрээр харах ч үгүй хажуугаар нь тоос татуулан өнгөрдөг байв. Нэг өдөр өнөөх зүс таних нөхөд маань дахиад л сургуулийн гадна ирчихсэн байлаа. Тэгсэн гэнэт тэр машинаар ороод гармаар санагдаад явчихав. Хэдэн грам цус өгчихвөл ойрд хүнд оргиод байгаа толгой тархи сэргэх ч юм уу билүү, цусны эргэлт сайжирч ч магадгүй гэж бодоод сониучирхаад очтол хүүе хаая ч гэхийн зуургүй анкет урд тавиад л эелдэг гэгч нь инээмсэглээд эхлэхээр нь яалт ч үгүй гипноздуулчихав. Ийгээд донор болчив. 400 гр цусаа өгөөд сууж байхдаа сэтгэлд нэг л сайхан бодол төрөөд ирсэн юм. Амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байгаа нэгэн Японд миний цус гүйх нь байна ш дээ гэж бодоод л, тэгээд ер нь өөрийгөө их сайн зүйл хийж байна гэж дотроо урамшуулан баясав. Хэн нэгэн хүнд харамгүйгээр өөрт байгаа зүйлээ хуваалцана гэдэг бас нэгэн баясал юм шиг. Тэр зүйл нь дэлгүүр хоршооноос худалдаад авчихаж чадахгүй, бас нөгөө хүнд чинь амь насанд нь тултал хэрэгтэй ховор нандин эд гэж бодохоор бахархмаар ч юм шиг. Ингээд дотроо бөөн гэгээрэл ухаарлын гэрэл асаачихсан явж байгаад нэгэн найздаа сонин болгож хэлтэл өөдөөс харин "чамд тэгээд хэдэн иэн өгч байна" гэсэн асуултаар шууд "унтрааж орхив". Миний цусаа донорлож байгаа нь бус харин оронд нь юу авсан нь л сонин байв. Мөнгөгүйдсэндээ цусаа зарах дээрээ тулна гэж үү. Тэгсэн Монголд цусаа донорлоход хоолны мөнгө гэж хэдэн төгрөг өгдөг нь цусаа худалддаг гэсэн буруу ойлголт төрүүлсэн бололтой. Цус гэдэг бол худалдаж зарж болохгүй зүйл. Хэрэв цусыг зардаг байсан бол энэ хорвоо улаан цусанд будагдах байсан байлгүй дээ. Чин сэтгэлийн зүгээс цусаа бэлэглэдэг болохоор л донор гэдэг нэрийг зүүдэг юм биш үү. Саяхан элэгний дутагдалд орчихсон хүнд эмчилгээ хийлгээд, цусны цагаан эс буюу хөлдөөсөн сийвэн хийлгэх болоод Цусны төв рүү явж байхдаа зөвхөн цус ч бус цуснаас гаргаж авдаг олон бүтээгдэхүүнүүд өвчинд шаналж буй хүмүүст нэн хэрэгтэй байдгийг биеэрээ мэдэрсэн юм. Хэрэв тэр үед сийвэн дууссан гэвэл яах байсныг бүү мэд. Судалгаагаар Австралид хүн амын 80 хувь нь, АНУ-д 97 хувь цусан бүтээгдэхүүн хийлгэх шаардлага гардаг гэжээ. Санасныг бодоход Япон оюутнуудыг харахнээ цусаа харамгүй донорлодог юм шиг байсан. Ямар ч байсан намайг очихоор оочертой байдгийн. Харин монгол залуучуудаа нэг ч гэсэн удаа цусаа донорлоосой гэж хүсдэг юм. Японд цусаа донорлох гэж байгаа, бас оронд нь юу өгдгийг сонирхож байвал нэг ширхэг ундаа, нойтон салфетик, гар угаах шингэн, нэг печенье, тэгээд дээр нь урамшуулал болгож цусны иж бүрэн шинжилгээг тань хийгээд хариуг нь илгээх болно. Маргааш ДОХ-той ч тэмцэх өдөр юм байна. Өвчтэй зовлонтой шаналж байгаа нэгэндээ чадлаараа тусалж буян хураая.

No comments: