Wednesday, May 23, 2007

Ойлгохгүй байна

Онлайн ТВ-ын мэдээ хальт сонсоод сууж байхнаа Хужирт руу зам тавьж байгаам байж. За тэр ч яахав. С1-ийн мэдээгээр бол зам гэдэг нэг хүний өмч болдоггүй, нийт олон үр ашгийг нь хүртэж хэрэглэдэг, амьдрал ахуйд ач тустай болохоор, ийнхүү зам тавьж байгаа нь их буянтай үйл болж байнаа хэмээн нутгийн зон олон баяртай байгаа юм байх.

Тэгээд яахав, би бодлоо л доо. Төр өөрийн хийх ёстой ажлаа хийгээд зам барьж байхад "бурханы хишиг, буянтай үйл" болгож байгааг миний мунхаг толгой үнэхээр ойлгосонгүй. Үнэхээр "нутгийн ард олон" ингэж бодож байгаа ч юм уу? Эсвэл сэтгүүлч зам барьж байгаа ажилд "ихээхэн ач холбогдол өгөх" гэж хүч нэмэгдүүлэн, ингэж хэлж байгаа ч юм уу? Ямар ч байсан энэ сэтгэхүйг ойлгохгүй байна.
Эгээтэй л ФМ рүү утасдаж "хөөрхий биднийг тоож, амьдрал ахуйг маань "дээшлүүлэх" гэж зам тавьж өгч байгаа "төр" юутай буянтайв, ингээд төрдөө баярлаж явдгаа илэрхийлээд Хар сарнай хамтлагийн Төр улс маань гэрэлтээсэй гэсэн дуугаар ая дууны мэнд хүргэмээр" санагдав. гэснээс би өөрөө энэ дууг сонсоогүй явж байгаа юм байна.

Үүнтэй холбоотой нэг зүйл нуршихад өмнө ажиллаж байхад, хурд гэж яст мэлхий болсон, арван жил хэрэглэсэн компъютерыг унжиж унжиж шинэ РС-гээр сольж өгөхдөө үүнийгээ "миний ажлын урамшуулал" гэж цохон тэмдэглэж "одоо тэгээд урьд өмнөхөөсөө сайн ажиллана шүү" хэмээн үүрэг өгч, "үнэтэй РС авсан болохоор энэ жилдээ шинэ юм авна гэхгүй шүү" гэж сануулахад би бас ерөөсөө ойлгоогүй. Ажил хийхэд шаардлагатай зүйлс бүрдүүлэх нь ажил олгогчийн үүрэг биш харин надад үзүүлж байгаа "урамшуулал" эсвэл "буян" гэж зүрх сэтгэлээсээ ойлгоё гээд ч чадаагүй.

Ямар учиртай сэтгэхүй яваад байгаа юм бол оо? Нээрээ би ойлгодоггүй юм. Хийх ёстой зүйлээ хийж байхад нь "хорвоо ертөнцийд байхгүй буянтай, баярлууштай" зүйл болгоод байдгийг огтхон ч ойлгохгүй юм.

No comments: