Wednesday, June 27, 2007

зэрэглээ гэв үү

Хайртай тэр маань зэрэглээ юм. Хорвоо дэлхийн худал хуурмагаас залхаж, үнэн бодитоос зугтаж, хөөрч нисмээр үед тэнд би байх дуртай. Хүсэл мөрөөдөл, далд бодлоо түүнтэй хуваалцах хамгаас сайхан. Аашны аясаар аядуу зөөлнөөр тойрон бүжиж, аргадан эргэлдэхэд нь улам эрхэлж тунирхаад суумаар. Атгаж барьж болохгүй байх тусам нь зэрэглээ тэрэндээ татагдана. Тийм нэг зэрэглээ дунд бусдаас өөрийгөө нуухдаа жаргалтай.

Би түүний зэрэглээ юм. Бодит ертөнц рүү буцаахгүйн тулд хөлд нь сууж, энгэрт нь асаж ялдам найланхайгаар ухаан санааг нь самууруулдаг юм. Тэр амьдрал чинь хуурамч юм, хамтдаа энд жаргая гэж ятгаж итгүүлдэг юм. Уран сайхан үгсээр шаглаж нэхсэн торго дурдан нөмрүүлж, халуун үнсэлт, янагийн энхрийллээр аргамжиж суудаг юм.

Миний зэрэглээ заримдаа зэрэглээ гэдгээ умартчихна. Би бас зэрэглээн дунд байгаагаа мартчихна. Цаг хугацаа зогсчих шиг болно.
Бид хоёр энэ замбуулинд хэзээ ч хамт байх тавилангүй, зэрэгцэн орших зэрэглээ юм.

No comments: