Sunday, November 20, 2011

Японы оны үг -2

17. 計画停電 Кэйкакү тэйдэн Хуваарьт тог хязгаарлалт

Өнөөх л гамшигтай холбоотой, Фүкүшимагийн цөмийн станцын ослоос болж Тоокио, Ёкохама гээд төвийн бүсийн нутаг дэвсгэрт тог хэмнэх ажиллагаа эрчимтэй өрнөсөн.  Энэ үед хуваарьтайгаар тогийн хязгаарлалт хийв дээ. Халуун зун л тиймхэн байлаа. Гэхдээ үүний нэг сайн тал нь хэсэг хугацаанд байгаль орчинд ээлтэй байсан, мөн тог бага хэрэглэх, тог хэрэглэхгүйгээр ажиллах, ашиглах боломжтой эд зүйлс шинээр бүтээгдэж гарсан. 

18. 原子力ムラ Гэнширёокү мүра Цөмийн энергийн тосгон

Цөмийн энергийг дэмжигч байгууллага, бизнесийнхэн, хэвлэл мэдээлэл, төрийн байгууллага, судлаачид зэргийн холбоо сүлбээг нэгтгэж хэлж буй үг


19. Кодама дэшёока Энэ чинь цуурай юу даа

 Гамшгийн дараа ТВ-ийн нэвтрүүлгүүд тувт гамшгийн тухай үзүүлж, реклам сурталчилгаа эрс багасаж, цэнгээн зугаатай үзүүлбэр цөөрч, тэр үед Advertising Council гэж байгууллагын сурталчилгаа л байнга гараастай байв. Түүний нэг нь хүүхдийн зохиолч Мисүзү Канэкогийн зохиосон Цуурай шүлгийг ашигласан реклам байв. 

Шүлгийн утга нь хүн юу гэж л хэлнэ түүнийг хүүхэд давтаж хэлдэг гэж. Сайн уу гэвэл сайн уу, баярлалаа гэвэл баярлалаа гээ л. Тэгээд "энэ чинь цуурай юу даа" гэхэд нь "Үгүй ээ бид бүгд л тийм шүү дээ" гэнэ. Үүгээрээ бусадтай ярихдаа хэлэх үгээ бодоцгооё гэж хэлж буй хэрэг. Энэ реклам ч сүүлдээ чихний тээр болсон. Хүмүүс үгийг нь өөрчилж далийлгаж эхэлсэн. Жишээ нь Бүх юм зүгээр? "бүх юм зүгээр" "Нээрээ?" "Нээрээ" Реактор хайлав аа?" "Реактор хайлав аа"  "Энэ чинь цуурай юу?" "Үгүй ээ Эдано" гэх жишээтэй. 

20. 災後 Сайго

Гамшгийн дараа гэсэн утгатай үг.

21.  再生可能エネルギー Сайсэ кано энэрүги

Сэргээгдэх эрчим хүч гэсэн үг. Гамшгийн дараа сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэйгээр судалж, хэрэглэх шаардлага тулгараад юм юм л туршаад байна.

22. 3.11

9.11 гэдэг шиг гамшгийн сар өдрийг ийнхүү товчилж хэрэглэх болов.Тэр өдөр ч бас эвгүй байсан шүү. Тогоо шиг том гэдэстэй байсныг ч хэлэх үү.

23. シーベルト Шийбэрүто

Фүкүшимагийн ослоос бол бараг хүн бүр л цөмийн физик судаллаа ш даа: Цацраг идэвх бодисын тухай тодорхой мэдлэгтэй болцгоохгүй бол болохгүй байна шүү дээ. Ингээд шийбэрүто буюу зиверт гэх  хүний биед нэвтэрч нөлөөлөх цацраг идэвхийг хэмжих нэгжийн нэр томъёог цээжилж авав. 1 зиверт нь 1000 милизиверт болно. 1000 милизиверт бол 1 сая микрозиверт гэж цээжилчихээд яваа. Мили, микро-ын дунд толгой эргээд унадаг юм.

24.  自粛 Жишюкү  "өөрийгөө хянах"

Гамшгийн дараа хүмүүс ухамсраараа тогоо хэмнэж, ийш тийш аялалаа хойшлуулж больж, зугаа наадам хийхээ больж гэхчилэн өөрсдийн үйлдлээ хянаж зохицуулахыг хэлж буй болно. Тэр үед ч өөрийгөө хянаж чадахгүй, жорлонгийн цаас, зарим төрлийн хүнсий зүйлсийг хүмүүс ихээр жоорлон худалдаж аваад, гайхсан шүү. Жорлонгийн цаасыг бөөнөөр нь аваад л жоорлоод. Яадаг байнаа тэгж.Хүмүүс наадам наргиан хийхээ больсон чинь эргээд эдийн засагт нь сөргөөр нөлөөлөөд, за за хэт өөрийгөө хянахаа больцгооё, сакүра гарч харж, пиав ууцгааж эдийн засагтаа нэмэр болцгооё гэж бас уриа яваад л байлаа.



25. ジャスミン革命 Жасүмин какүмэй

Он гараа л хойд Африк, Арабын нутгаар хувьсгал өрнөөд л яав даа энэ жил чинь. Тунисын хувьсгалыг хэвлэлийнхэн Жасмины хувьсгал гэж нэрлэж явсан нь энэ жилийн үгэнд нэр дэвшжээ.

26.  除染 Жёсэн хоргүйжүүлэх

Цацраг идэвхт бодисыг цэвэрлэх нөр их ажил өрнөөд байнаа энд. Мэдээгээр тогтмол энэ үг сонсогдоно. Бүрэн хоргүйжүүлнэ гэж байхгүй юм шиг байна даа. Наранцэцэг тарилаа, тусгай бодистой усаар шүршлээ, хөрсөө ухлаа гээд л байдаг л арга хэмжээ авч байна.

27. スマホ Сүмахо

Энэ жил смартфөүн мандлаа ш дээ. iPhone, Android OS гээ л. Смартфөүныг товчлоод сүмахо гэж дуудаад байгаа юм. Япончууд ч үг товчилж дуудах дуртай улс. Макдональдсыг Макү, Макүдо гэх жишээтэй.

28.  節電 Сэцүдэн Тог хэмнэх

Энэ жил тогны хязгаарлалттай холбоотойгоор тогоо хэмнэх хөдөлгөөн эрчимтэй өрнөв. Компаниуд ажлын цагаа 8-4 цагийн хооронд болгож орой хэрэглэх тогоо хэмнэх, зарим үйлдвэрээ зогсоох, ажилчдаа ид халуун зунаар амрааж сэрүүцүүлэгчийн тог хэмнэх гэх мэт олон янзын арга хэмжээ авч байлаа. Хаа сайгүй гэрэлтүүлгийнхээ тоог цөөрүүлж, гудамжны гэрэл ч бүүдгэр болов. Одоо ч тог хэмнэх хөдөлгөөн өрнөсөөр л байна. Хүйтэнд хэрхэн тогонд хэмнэлттэйгээр дулаан халуун суух вэ гээ л.


29. ゼロではない "огт үгүй бол биш"

Цөмийн аюулгүй байдлын хорооны нэг нөхөр ийм үг хэлж элдвээрээ дуудуулсан үйлтэй. Цөмийн түлш дахин идэвхжиж, урвалд орох магадлал "огт үгүй" бол биш гэсэн утгатай үг хэлээд олны дунд баахан шуугиан болсон. Огт үгүй бол биш гэдэг чинь тийм магадлалтай л гэсэн үг биз дээ. Тэгэхээр шууд л магадлал бий л гээд хэлчихнэ биз дээ. Тэгэхдээ тэгж хэлэхээс эмээж ийм нэг тойруу ч гэхэд хаашаа юм унжуу сунжуу зүйл хэлж бариад. 

30.  想定外 Соотэйгай "Таамаглаж байснаас өөр"

Гамшгийн дараа энэ үг их хэрэглэгдсэн. Таамаглаж бодож байснаас илүү хүчтэй газар хөдлөлт болсон, бодож байснаас илүү хүчтэй цүнами болсон, бас бодож байснаас аюултай эвдрэл цөмийн станцад гарсан гээд л.

31.  ソーシャルメディア Соошарү мэдиа Олон нийтийн мэдээлэл

Твиттер, СНС, блог гэх мэт олон нийтийн мэдээллийн хэрэгсэл газар хөдлөлт, цүнамигийн үеэр хэрэглээ нь асар өссөн. Одоо ч тэр твиттер, фэйсбүүкийг гамшгийн дараа анх удаа хэрэглэж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Би ч ТВ-ээс нь илүү твиттэрээр мэдээлэл илүү авдаг, твиттер хэрэглэгчээс нь шууд асуугаад харьцахад ч амар.

32.  タイガーマスク Тайгаа масүкү

Тайгаа масүкү гэж нэг манга, анимэ бий. Тэр манганы гол баатарын нэрээр өөрийгөө нэрлэсэн нууцлаг нөхөр ч юм уу нөхөд хүүхдүүдэд сурагчийн цүнх хэрэгсэл бэлэглэсэн явдал гарч ТВ, хэвлэлээр л бөөн шуугив. Тэр хэн бэ, яагаад ингэв гээ л. Спайдерман, Бэтман юм уу хаашаа юм. Сонин сонин хэрэг гарах юм аа, цүнх дүүрэн мөнгө  гамшигт өртөгсдөд өгөөрэй гэсэн бичиг хавчуулаад хотын дүүргийн жорлонд орхисон явдал сая гараа л. Нэрээ нууцалж хандив бэлэг өгөх нь гоё юм байх аа.

33.  ただちに тадачини - шууд

Гамшгийн дараа цацраг идэвх бодис тархаж хүмүүс санаа зовних үед албаны хүмүүс "шууд эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөгүй" гэж их хэлж ярьж байлаа. Одоо ч тэгсээр л байна. Яг одоогоор, шууд, тэр даруйдаа нөлөө байхгүй гэсэн утгаар хэлээд байгаа боловч цаашид, хойшид, дараа нь нөлөө байхыг бол хэлж чадахгүй юм. Тэрийг цаг хугацаа л харуулах байх даа.



34.  脱原発 Дацүгэнбацү Цөмийн станцаас татгалзая

Фүкүшимагийн станцын ослоос хойш цөмийн станцаас татгалзая гэсэн уриа лоозонтой хөдөлгөөн өрнөж байнаа. 9 сард Токиод 60 мянган хүн оролцсон том жагсаал цуглаан болсон. Бага хэмжээний жагсаал бол болсоор л байгаа.

35.  建屋 Татэяа Байр

Өнөөх л айхтар Фүкүшимагийн станцын осолтой холбоотойгоор их хэрэглэсэн үг. Станцын тоног төхөөрөмж хэрэгслийг хадгалах агууламжийг нэрлэсэн үг

36.  タブレット табүрэтто Таблет

Энэ жил таблет компьютер хүчээ авав даа. АйПадаас авахуулаад.

37.  地デジ難民 чидэжи нанмин

Энэ жил 7 сард Япон ТВ-ын аналог системээс дижитал рүү шилжиж, өнөөх бөөрөнхий дэлгэцтэй хуучны ТВ-үүд хог дээр үсрэв. Энэ талаар мэдээлэлгүй, бэлтгэлгүй хүмүүс гэрийнхээ антеныг солиулж чадалгүй хоцорч, ТВ үзэж чадахгүй явдал гарч. Тэдгээр хүмүүсийг "чидэжи нанмин" гэж мэдээ сэлтээр нэрлэв.


38.  超円高 Чё эн така Иэний өндөр ханш

Энэ жил Японы иэны ханш өндөр байна. Импортын барааны хувьд асуудалгүй ч Японы компаниудын хувьд бараагаа гадаадад зарахад алдагдалтай болоод байна л даа. Хэр удаан ийм байх юм байгаан, надад бол импортын бараа авахад ашигтай сайхан л байна.

39. 津波てんでんこ Цүнами тэндэнко


Далайн эрэгтэй ойрхон  Иватэ мужийн Санрикү гэдэг газарт хэрэглэдэг үг бөгөөд цүнами ирвэл амиа бодож амиа хамгаалж өндөр газар руу зугтаж, өөрөө өөрийгөө аварцгаа гэсэн утгатай. Нэг нэгнээ хүлээж, гэр рүүгээ харайлгаж, юм хумаа цуглуулж барих гээд байлгүй бушуухан л өндөр газар руу гүйж амиа авар гэж зааж сургадаг юм байна. Энэ үгийг дагаж нэг сургуулийн бүх сурагчид аврагдсан явдал гарсан гэсэн мэдээ дээр уншиж байсан юм байна.

No comments: