Thursday, December 21, 2006

2007

2007 онд анхаарах асуудал: Бялуу, жигнэмэгийг зөвхөн баяр ёслолын өдрөөр л идэх, архи пяав аймаар бага уух, тамхийг ор тас мартах, зөвхөн туйлаас ганцаардсан, уйлмаар байгаа үедээ л нэг ширхэг тамхи сорох, хямдрал гэсэн бичиг харагдангуут ухас хийдэг уулгамч занд онцгой хяналт тавих, мөнгөө хамаагүй хэрэггүй зүйлд үрэн таран хийдэг үрэлгэн занд цэг тавих, ухаан мэдрэлээ алдтал унтдагаа хязгаарлах, залуустай хамаа намаагүй тоглоом шоглоом хийж буруу ойлголт төрүүлдгээ больж, цэвэр ичимтгий даруухан монгол бүсгүйн дүр төрхийг бүрдүүлэх, бага аальгүйтэх, хичээл номоо хичээнгүйлэн хийх, интернетэд цаг бага зарах, шүдний болон бусад эмнэлэгт залхуурч очихгүй байсаар өвчнөө хүндрүүлдэг муу зангаа гээх, гадуур бэлэн хоол авч идэхээ зогсоож, биеийн тамир хийж байх, усан бассейнд явах, хэтэрхий зожиг хажиг зангаа аль болох багасгах, найз нарынхаа төрсөн өдрийг мартахгүй байх, юм юманд түрүүлж дуугарч шүд амаа хөлдөөхгүй байх, юу ч байсан долоо хэмжиж нэг огтлох... за ер нь жагсаавал их урт болох шинжтэй.

2006 оны 12 сарын 25: тэмдэглэл- Дээр дурдсан болгоныг нэг бүрчлэн завсар зай ч үлдээлгүй жигтэйхэн сайхан хэрэгжүүлж байна даа. Бүр арай дэндүү давуулан гүйцэтгээд ч байх шиг. За яадгийн. Шинэ он гарангуут үе хойчдоо бахархууштай үлгэр жишээч үнэхээрийн томоотой, тэвчээртэй болноо.


2006 оны 12 сарын 27. Шинэ жил хурдан болохыг хүлээгээд блог млог ч сонин биш болдгийн байна. Нээх сүртэй тэмдэглэж өнгөрөөхгүйгээ мэдсээр байж юундаа ч догдолж сүйд болоод байгаа юм бэ бүү мэд, магадгүй багын дурсамжтай холбоотой байх л даа. Шинэ жил гэхээр л яагаад ч юм нэг л шидтэй зүйл болох юм шиг санагддаг байсан юм. За тэр ч яахав. Шинэ жил дөхөж байгаатай холбогдуулан уялдуулан залхуу зангаа даран барин байж өчигдөр банштай цай хийж идэхээр болов. Хөгшин хүмүүстэй өсөж өтөлсөн болохоор банштай, хийцтэй, борцтой, хушгатай гээд сүүтэй цайны төрөлд нугасгүй гэж. Амьдарч буй дотуур байр нь нийтийн гал тогоотой. Тийм болохоор тийшээ алхаж очино, гурил зуурна, элдэнэ барина гэхээр л шууд хамаг биеэр залхуу туурахыг яана. Тэгээд ямар ч байсан өглөө босчихоод би банш хийж чадна, хийнэ, хийх болно гэж өөртөө итгэл өгч, баахан бясалгал хийсний үр дүнд хэдэн хогшлоо чирээд гал тогоо руу салгалсаар явав. Очтол нэг япон, нэг солонгос хоол хийж байхтай таарав. Гурилаа зуураад л мах татаад эхэлтэл мань хоёрын нүд ч над дээр унаад эхлэв. Ингээд хоолны ур чадвараа гайхуулах өрсөлдөөнт ажиллагаа эхлэв. Эх орны минь нэр нүүр байна даа, ядаж баншаа аятахан чимхэх гэж хичээж. Япон найз маань миний чимхсан баншийг харснаа Каваййййй гээд л нээх тенор өнгийн хоолойгоор хэлэхийн. Банш, бууз харчихаад ямар эгдүүтэй юм бэ гээд байхдаа ч яахав дээ. Идэх гэж байгаа юмаа хөөрхөн, эгдүүтэй гэж хэлэх нь хаашаа ч юм бэ дээ. Чанасан толгой харвал юу гэх бол гэж дотроо бодож. Гурил элдэж, банш чимхэж, Ямар мундаг юм бэ гэсэн магтаалын үгс сонсож, гал тогоондоо Тэ Жан Гум болох нь холгүй байв. Эд бас хүнийг сайхан онгирооно шүү. Харин буцалж буй усан дээрээ сүү хийгээд дотор нь баншаа хийтэл нөгөө хоёрын нүд нь сонин сонин болоод л сүүтэй шөл юм уу гээд л, танай Монгол хүйтэн болохоор ногоо ургадаггүй тэгээд ногоотой шөл хийж чадахгүй болохоор сүү хийдэг юм уу гэхчилэн үнэн сонирхолгүй асуулт тавьж эхлэв. Үндэстэн ястан бүр өөр өөрийн зан заншилтай, хоол ундтай гэдгийг өнөө болтол мэдэхгүй явдаг юм уу хаашаа ч юм бэ дээ, хүний мах л идээгүй бол юунд нь тэгж гайхаж сүйд болдгийг би ч өөрөө ойлгодоггүй. Жишээ нь зарим япон нөхдүүд танайд далай байхгүй, суши идэж чадахгүй байх нь ээ гээд л намайг нээх өрөвдсөн харцаар харж ч байх шиг. Хүн хорвоо дэлхийг зөвхөн өөрийнхөө хүсэж таалснаар харна гэдгийн жишээ энэ байх.

Өнөөдөр ингэж элий балай юм бичиж байгаа нь учиртай. Хэд хоног идэж, ууж, эрхэлж, наадаж хамаг цагаа үрэн таран хийсэндээ туйлаас гэмшиж өнөөдрөөс зөвхөн хичээл номоо хийж, гэгээрлийн хутгыг олсугай гэж шийдээд номын сан руу бэдэртэл 1 дүгээр сарын 8 хүртэл ажиллахгүй гэдэг байна шүү. Ингээд эрдэм номд шамдан сурах хүсэл тэмүүллийг минь унтрааж хайран цагаа яйран хийж сууна даа. За одоо хичээлдээ буцаад орлоо.

3 comments:

Unknown said...

Паа. Манай Маралаа чинь Нирваан дүрийг олох нээ дэ янз нь... Амжилт хүсье. Хичээгээрэй. (бас хэт хүчлэх хэрэггүй шүү. :D)

Зэлмэ said...

ovoo hun shig yum bichej baisnaa ingeed genet ineed hurgeed baidgiin

Unknown said...

хэ хэ хэ элэг аваад хаячдийн байна. Тэгээд тэр 2-т кавай банштай цайнаасаа амсуулав уу? юу гэж байхым дэ?