Wednesday, January 19, 2011

Эко-арт

Камакүрагийн Хасэдэра сүмд эко арт гэж хаягдал картон хайрцагаар хийсэн бурхадыг байрлуулжээ. Японы сүм ер нь "бизнес ухаан", "үйлчилгээ" их сайн шүү. Хүмүүсээс мөнгө өг гээд нэхээд байхгүй, очихоор иймэрхүү хүний сонирхол татах зүйл тавих, тавтай тухтай зугаалж явах нөхцлийг бүрдүүлж, хүмүүсийн өргөлөөр өөрсдийгөө болгоод байна. Очсон хүн ч амар тайван, амирлангуйг мэдэрч, нүдээ баясгаж, сэтгэлээ тайвшруулаад буцна.




Өдөр нь бол ийм харагдаж байлаа:
2010.8.15

........Саяхан Монгол ТВ-ээр Борнуурын төмсчдийн ярилцлага үзэв. Өөрсдөө хотод төмсөө шууд худалдаалчих газаргүй, хүүхдийн сургалтын төлбөр этэр гээд ургац хураах цагаас өмнө төмсөө хурааж ченжүүдэд зардаг, хямдхан ченжүүдэд зарахаар нөгөөдүүл нь УБ-т элдэв төмстэй холих нь холиод, үнэтэй зараад байдаг, төмсчид төмсөө тариад олигтой орлого олдоггүй гэх мэт олон зовлон зүдгүүр байх ажээ.
Үүнийг сонсож суухад Японы дээрх нэвтрүүлэг санаанд орсон юм.

Японы Рүбикон но Кэцүдан гэсэн цуврал нэвтрүүлгийн саяхны нэгэн дугаараар  сэкисаба гэдэг загасны тухай гарсан юм.


Японоор саба (хар амар загас?)гэж загас байх. Монгол нэршлийг сайн мэдэхгүй учраас саба гэдгээр явлаа шүү. За тэгээд саба сайхан амттай загас ч сүши хийхэд тэр бүр тохиромжгүй байдаг ажээ. Харин саба дунд Японы Оита мужид сэкисаба гэж брэнд болсон загас сүши, сашими хийхэд янзтай болдог гэнэ.  Тансаг хоолны нэг. Нэг загас 5000 иэн орчим үнэтэй.  Загасчид дунд сэкисаба баригчид бэлтэй, хөрөнгөтэй байдаг гсн.
Анх сэкисаба 200-хан иэн байсан гэжүгэ. Сэкисаба баригчид ч өнөөгийх шиг хөлжсөн байсангүй. Байдаг л нэг загас л байж дээ. Торонд нь орвол бараг хог гээд чулуудах нь чулууддаг байсан бололтой.
Тэгсэн нэгэн нартай сайхан өдөр Токиогийн нэг компаниас Оита мужийн загасны аж ахуйн компанид сэкисабагаа зараач гэсэн хүсэлт ирүүлжээ.  Японд загасчид загсаа ченжүүдэд зарна. Ченжүүд цааш нь том ченжид зарна гэх мэт шат дамжлагатай.
Тэгээд л бизнэс чаанс гээд л баярлаад л өнөөх компани ченжүүдээс сэкисаба авч явуулжээ. Гэтэл өнөөх загаснууд нь гологдол болдог гэжүга. Хаа газар төстэй явдал байх байх. Ченжүүд загасчдаа дээрэлхэнэ, загасаа сайн муу холино гэх мэт. Загасчид ченжүүдтэй хэрэлдэхээр дараа нь хандах хүнгүй болно гэж айна. Ингээд ченжүүдээс загас авахгүйгээр, шууд загасчдаас загас явбал яасын гэж компани сэтгээд загасчидтай шууд уулзаж чанартай загас газар дээрээс нь авахаар шулуудна. Загасчдыг цуглуулаад хуралдаад, манайд шууд зараач гэтэл загасчид "нөү шүү" гэцгээв. Учир нь загасчид ченжүүдээс айгаад шууд зарж чадахгүй байлаа. Компани загасчдыг нэг нэгээр нь ятгаж, гуйж гувшиж гүйсээр сүүлдээ сэкисабаг илүү үнэтэйгээр худалдаж авъя гэж санал тавив.  Тэгсэн ч санаснаар хурдан бүтсэнгүй. Удаан хүлээсний эцэст нэг загасчин сэкисаба авчирч өгч баярын тэнгэр нь болж. Уламжлал ёсоор загасыг шууд тоолж үнэ өгдөг байсан бол компани сэкисабаг авахдаа жинлэж үнэ өгдөг шинэ практик гаргаж, загасчдад тааламжтай нөхцлийг бүрдүүлж өгөв. Ингээд загасчдаас ашгүй нэг сэкисабагаа авдаг болов. Дараагийн асуудал борлуулалт. Компани сэкисабаг Япон даяар борлуулж, ашиг олохгүй бол зарлага орлогоосоо даваад байлаа. Компани энэ тэнүүгээр хөлөө хугалтал гүйж, сэкисабагаа магтаж, дуулж, сурталчилж, сашими  хийж зараач гэж гуйж гувшаад, тоодог газаргүй. Хүмүүст сэкисабаг түүхийгээр нь сашимид идэхэд амттай гэдгийг батлахын тулд хими, шинжлэх ухааны туршилт хийж батлаад, дараа нь загасны мэргэжилтнүүдэд амсуулж  амтлуулж баахан ажил үйлс өрнүүлэв. Ингээд удалгүй сэкисабаг хүмүүс мэддэг болж худалдаа наймаа ч өрнөж эхлэв. Анх 200 иэн байсан сэкисаба хэдхэн жилийн дараа 1500 иэн болж үнэтэй, тансаг хоолны нэг болжээ. Өрнүүн сайхан байтал дараагийн проблем гарч ирэв. Юу гэвэл хуурамч сэкисаба. Үнэтэй загас гарч ирж хүмүүс дуртай худалдаж авахын зэрэгцээ хуурамчаар сэкисаба гэж зардаг явдал газар авав. Тэр бүртэй тэмцэж хэрүүл хийж явбал барахгүй ажил болох байв.
Компани яах уу гээд л толгойгоо базлана. Хуурамч сэкисабагаас болж бизнес буурч эхэлнэ. Компани бодон бодон эцэст нь гайхалтай мэргэн шийдэл олсон гэж байгаа. Тэр нь сэкисабаг "брэнд" болгох явдал байлаа. Өөрөөр хэлбэл сэкисабаг брэнд болгож, улсад бүртгүүлснээр өөр газар нутаг үүнийг ашиглах боломжгүй болж, зөвхөн Ойта мужийн тэр л газраас барьсан саба сэкисаба гэсэн тэмдэгтэйгээр худалдаалах эрхээ авав. Хуурамч сэкисабаг ийнхүү дарж авч, дархан цолоо мандуулжээ.


Нутаг нутаг өөрсдийн онцлог барааг брэнд болгож бүртгүүлж, түүнээ бизнес болгож, хамгаалах боломж бол бий. Харин Монголд брэнд бүртгүүлэх нь хэр байдгийг сайн мэдэхгүй юм. Улиастайн улаан сармис, Увсын ягаан жамц давс, чацаргана,   Борнуурын төмс гэх мэтээр  ч юм уу брэндээ гаргаад, баталгаажуулж бүртгүүлчихээр бүтээгдэхүүнтэй байвал... гэж бодогдов.