Monday, April 8, 2013

Японы 100 бараанаас

Японы Никкэй Бизнэс сэтгүүлийн 2012 оны 10 сарын 15-ны дугаарт дэлхийд гайхуулах Японы 100 бараа бүтээгдэхүүнийг танилцуулжээ. Үүнээс хэдийг танилцуулъя. 
А. Дэлхий, хүн төрөлхтөнг аврах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ

1. Загас, улаан лоолийн лаазалсан бүтээгдэхүүн- Гэйша 

Баруун Африкийн Нигер, Гана зэрэг улсад Гэйша гэх энэхүү бүтээгдэхүүнийг мэдэхгүй хүн ховор. 1950-д оны үед Японы лаазалсан бүтээгдэхүүн хямд, чанартайгаараа танигдаж эхэлжээ. Африкийн улсуудад тухайн үед хөргөгч гэж нүдний гэм, одоо ч айл болгонд байдаггүй таваар. Эдгээр орнуудад заавал хөргөгч гэлгүй хадгалж болох, уургийн хэрэгцээ хангах бараа болох Гэйша тэр дороо эрэлттэй болж чаджээ. 

2. Кюканчо Төсөл
Панакимотогийн шинэ бүтээгдэхүүн лаазалсан талх. Хадгалах хугацаа 3 жил тул гамшигийн бэлтгэл, дайн, хүнд хэцүү үед хэрэглэх бүтээгдэхүүн болгож удаан хугацаагаар хадгалж болно. 


3. Vape шумуул үргээгч 
Ямайка, Иордан зэрэг орнуудад шумуул үргээх хүж халуун орнуудад аминд ордог гол бүтээгдэхүүн болжээ. Эквадорт ойрхон орнуудад үүний ачаар шумуулаар дамжих олон өвчнөөс сэргийлж хамгаалж чадаж байгаа аж. 
4. Ус шүүх станц 
Сингапур 2013 онд цэвэр усны импортоо багасгах зорилгоор Азийн хамгийн том цэвэр усны шүүх станц байгуулах гэж байгаа бөгөөд үүндээ Японы Торэй компанийн технологийг ашиглажээ. 1 нанометрээс бага диаметртэй шүүлтүүрээр давс шүүж цэвэр ус гаргаж авах аж. 
5. PGα21Ca ус цэвэршүүлэгч
30 минутын дотор цэвэр ус гаргаж авах энэхүү технологийг Бангладешт хэрэглэж эхэлжээ. Усанд "нунтаг" хийж хутгангуут усанд байгаа хог бохир бөөгнөрч хатуу болж тунаж үлдэх технологи. 100 гр нунтаг бодисоор 1 тонн ус цэвэршүүлнэ. Үнэн нь ердөө 150 иэн. Ус муутай, хөрсний ус нь бохирдсон газарт аминд орох бүтээгдэхүүн. 
6. Neglected Tropical Diseases гэх өвчин Ази, Африкийн халуун орнууд ялангуяа ядуу буурай орнуудад түгээмэл байдаг, шавьж хорхойноос халддаг өвчин ажээ. Орлогогүй хүмүүс эмчлүүлж чадахгүй өвчиндөө шаналах нь их тул Японы Ээзай компани энэ өвчний нэг төрөл болох филариазисыг эмчлэх эм үйлдвэрлэж үнэгүйгээр зарах ажээ. Одоогоор 1 тэр бум 20 сая хүн энэ өвчнөөр өвчилсөн байдаг бөгөөд 40 сая нь гадаад төрх байдал нь өөрчлөгдсөн байдаг байна. 
7. Японы Тэрмо компанийн дэлхийн хамгийн нарийхан тариурын зүү. Өвдөлт мэдрэхгүйгээр тарих боломжтой болж байна. Олон тариулж, тарих бүрд өвдөлт мэдэрдэг хүмүүс болон нялх жаахан хүүхдүүдэд өвдөлт мэдрэхгүйгээр тариулдаг болж байгаа ажээ. 
8. Олимпус компанийн дотор эрхтэнг дурандах эмчилгээний дуран аппарат. 
1956 онд бүтээсэн энэхүү технологи одоо дэлхийн бараг бүх оронд ашиглагдаж байна. Дэлхийн анагаах ухааны хөгжлийг нэг том алхмаар урагшлуулсан гайхалтай бүтээгдэхүүний нэг ажээ. 
9. Омрон компанийн гэртээ ч даралтаа хэмжих боломжтой болгосон даралтын аппарат.
1980-д оны дунд үед бүтээсэн энэхүү бүтээгдэхүүний ачаар олон хүн гэр орондоо даралтаа хэмжиж, өөрсдийн эрүүл мэндээ хянах боломжтой болжээ. 
10. Күбота компанийн хөдөө аж ахуйд хэрэглэх трактор
1968 онд бүтээсэн энэхүү трактор жижиг нарийн талбайд ажиллах авсаархан хийцтэй хэрнээ 100 хүртэл морины хүчин чадалтай ажилладаг аж. Тайландад нийт тракторын 70 хувийг Күботагийн трактор эзэлдэг байна.  
11. Брокколи буюу цэцэгт байцаа 
Нийт брокколийн үрийн 60 хувь нь Саката компанийн үр ажээ. Саката компани 1972 онд брокколийн шинэ үр гаргаж зарж эхэлжээ. Тэр хүртэл брокколи өнөөгийнх шиг хүнсэнд өргөн хэрэглэж байгаагүй юм байна. Брокколи үнэтэйгээс гадна амархан өнгө нь хувирч мууддаг, удаан ургадаг, хүч хөдөлмөр их зардаг байсан тул Саката амархан ургадаг брокколийн үр гаргаж авч АНУ-д зарснаар эрчээ авчээ.