Wednesday, August 20, 2014

Твиттэрийн тухай

Твиттэрт бусдыг гүтгэсэн хэргээр хүн баривчилж хорьсон тохиолдол ардчилсан статустай улсуудын дотроос Монголд л гарчихав уу даа. Твиттэр 2006 онд гарч ирснээс хойш твиттэрээр бусдыг доромжилсон, гүтгэсэн гэх гомдол олон улс орны шүүхүүдийн толгойн өвчин болж байна. Гэхдээ хорьсон, баривчилсан гэж дуулсангүй. 

Твиттэр харилцаа холбоо, мэдээллийн ертөнцийн нэг том өөрчлөлт. 140 тэмдэгтэд үзэл бодол, санал, гомдол, мэдээллээ хуваалцаж, хил хязгаар үл харгалзан бусадтай харилцах боломжийг твиттэр олгосон. Хэн нэгний бичсэн жиргээг дагагчид нь дахин жиргэж, дурдаж цааш нь тарааж, трэнд үүсгэж ч болно. Хэн ч твиттэр хэрэглэх боломжтой, өөрийнхөө үзэл бодлоо бичих эрхтэй. Харин энэ өргөн боломжийн хажуугаар эрх зүйн олон асуудал гарч ирж эхэлж байна. Түүний нэг нь гүтгэлэг, доромжлол. Англиар twitter+libel=twibel гэж шинэ үг хүртэл гарч ирчихлээ. Удахгүй Оксфордын толь бичигт орох биз.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэж доромжлолоо....гэх. Твиттэрийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэх үү, твиттэр хэрэглэгчдийг сэтгүүлчидтэй адилтгах уу гэдэг хуульчдын маргаантай сэдвийн нэг. 

Мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэл бичиж гаргахын өмнө урьчилж үнэн зөв эсэхийг хянаж, шалгаж байдаг бол Твиттэр бол тэгэх боломж бараг байхгүй. Тухайн үеийн үзсэн харсан зүйл, ойлгосон, сонссон мэдээ мэдээллээ тэр дор нь бичиж, олон хүнд хүргэж байдаг. Түүний дараа харин худлаа, буруу зүйл бичснээ мэдэх тохиолдол бий. Бичиж байгаа зүйлийнхээ үр дагаварыг мэдэхгүй, үнэн зөвийг нь шалгаж нягтлах зүйлгүй учраас твиттэр хэрэглэгчид илүү эрсдэлтэй. Албаар санаатайгаар, хэн нэгний алдар хүнд, нэр хүндэд халдаж, худал гүтгэлэг, доромжлол санаатай хийх нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч, орчин үеийн твиттэр, нүүр ном, бусад нийтийн сүлжээнд ч хууль зөрчсөн үйлдэл. 

Энэ оны эхээр АНУ-д анх удаа твиттэрээр гүтгэсэн гэсэн нэхэмжлэлтэй хэргийг шийдсэн. 2010 онд дуучин Кортни Лав хуульчаа гүтгэсэн жиргээ жиргэсэн гэж хуульч нь 8 сая доллар нэхэж шүүхэд хандсан нь саяхан шийдэгдэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Түүний жиргээ худал мэдээлэл агуулсан, хуульчийн нэр хүндэд халдсан боловч, Кортни Лав үүнийгээ худал гэж мэдээгүй учир гүтгэлэг биш гэж үзсэн аж. Гүтгэлэг гэж үзэхийн тулд "санаатай" үйлдэл байх ёстой учраас. 

Цаашид твиттэртэй холбоотой олон асуудал урган гарна. Твиттэр бол нийгэм дэх олон чухал асуудлаар хүмүүс санал бодлоо солилцох том талбар. Хэн нэгнийн жиргээг тусад нь авч, зөвхөн түүнийг нь л шүүх гэж оролдох нь утгагүй. Ямар асуудал яригдаж, тухайн жиргээ бичигдснийг агуулгаар нь харж дүгнэхээс ганц нэгийг нь тасдаж аваад шүүж болохгүй л дээ. Хэрэв тэгж шүүж эхэлбэл хүмүүс жиргээнээс халгаж, бичиж тавих зүйлээ дотроо шүүж, эргээд нийгмийн тэрхүү чухал асуудлаар санал солилцохдоо хойрог болно. Үзэл бодлоо илэрхийлэх гэдэг эрхэд нь саад болно гэсэн үг. Угаас твиттэрт хүмүүс "чат" байдлаар дор дор нь бичилцэж харилцаж байх зуур тэр болгон бичиж буй зүйлээ нягталж шалгаад байх нь ховор. Энэ тохиолдолд хэн нэгнийнх нь жиргээг гүтгэлэг, доромжлол гэж тогтоох хэцүү. Хэн ч уншаад итгэхгүй, утгагүй үгсийн чуулгыг "гүтгэлэг, доромжлол" гэж тооцох нь ч хэцүү. Finkel-ийн хэрэг гэж Америкийн шүүхээр шийдэгдсэн хэрэг бий. Нүүрний номын нэг группт өөрийг нь доромжилсон гэж нэг хэрэглэгч нэхэмжлэл гаргадаг. Тэр доромжилсон бичлэгийг харвал нэхэмжлэгчийг морьтой явалддаг, хар тамхичнаас ДОХ-ын халдвар авсан, чөтгөр болж хувирсан гэхчилэн элдвээр бичсэн байж. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо "Бичлэгүүдийн агуулгаас харахад нэхэмжлэлгч морьтой хавьтаж ДОХ тусаж, элдэв өвчний халдвар авсан зэрэгт энгийн хүн уншаад итгэхгүй зүйлс байх бөгөөд энэ бичлэгүүд өсвөр насны хүүхдүүдийн бүдүүлэг шоглол байна. Баримт нотолгооны зүйлс дурдаагүй" гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл энгийн хүн уншаад утгагүй, тэнэглэл гэж мэдэхээр зүйлийг гүтгэлэг, доромжлолд тооцохгүй байх прецедэнт Америкийн шүүхэд тогтжээ. 

Монголын шүүхийн практикт твиттэртэй холбоотой хэрэг цаашид гарах биз ээ. Хууль зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй байгаа ч үзэл бодлоо илэрхийлэх эрх, олон нийтийн сүлжээний хэрэглээ 2ийн балансыг зөв барих л чухал болж байна. Ийм төрлийн маргааныг шийдэх тусгай шүүхийн тогтолцоо буюу онлайн маргаан шийдэх газартай байх уу, гүтгэлэг доромжлол гэж үзвэл төлбөрийг хэрхэн тогтоох вэ, интэрнэт хэрэглээний нийтийн боловсрол түгээх, байгууллагууд ажилтнууддаа twibel гаргахгүй байх тал дээр сургалт мэдлэг олгох гэх мэт олон асуудал дээр санаа оноо гаргаж явах шаардлагатай болно.