Friday, December 8, 2006

Диалектик v. Идеалист

Диалектик v. Идеалист

Оллоо.мн дээр Монголчуудын маркист сэтгэлгээний эмгэг нэртэй нийтлэлийг уншаад өнгөрсөн жил Японы гадаад явдлын яамны хятадыг хариуцсан ажилтны Япон Хятадын харилцааны талаар тавьсан илтгэл санаанд ороод, уг илтгэлийн сонирхол татсан хэсгийг танилцуулъя. Илтгэлийн хамгийн сонирхолтой хэсэг нь Япон, Хятад хүний сэтгэлгээний ялгааг харьцуулж гаргасан судалгаа байсан юм. Тэрээр энэ сэтгэлгээний ялгааг зам гарах жишээгээр үзүүлэв. Япон хүн зам гарахдаа зөвхөн цагаан шугмаар улаан гэрэл асаж байхад гардаг зуршилтай. Бүгд гэхгүй ч дийлэнх нь ийм байдаг. Нэг ч машин яваагүй байхад ч ногоон гэрэл асахыг л хүлээдэг. Харин Хятад хүн бол улаан гэрэл ассан ч бай, ногоон гэрэл ассан ч бай, цагаан, хар шугам байх эсэхийг үл тоон шууд л зам гардаг. Тэр ч байтугай машин хүртэл ногоон гэрэл ассан байхад тоох ч үгүй давхиж өгдөг. Яагаад япон хүн дүрэм журмыг дагадаг байхад хятад хүн дагахгүй байна вэ? Шалтгаан нь сэтгэлгээний ялгаа. Өөрөөр хэлбэл диалектик болон идеалист сэтгэлгээний ялгаа гэнэ. Хятад хүчтэй шашингүй, коммунист дэглэмтэй, марксизмын онолоор олон жил явсан нь диалектик сэтгэлгээ мах цусанд нь шингэхэд нөлөөлж, харин Япончууд өн удаан жил шинто шашныг шүтэж ирсний дээр Герман, Франц, АНУ зэрэг орнуудын нөлөөгөөр идеалист сэтгэлгээтэй болжээ. Диалектик сэтгэлгээнд улс төр, түүний зорилго чиглүүлэгч болж, ямарваа нэгэн хий хоосон сүсэг бишрэл, шашныг эс зөвшөөрөхийн зэрэгцээ аливаа үзэл бодол нэг шугамд байх ёстой гэж үздэг бол идеалист сэтгэлгээ нь хийсвэр зүйлийг хүлээн авахад ямар ч асуудалгүй байдаг тул дүрэм журамд захирагдан, өөрийн үнэн гэсэн шашинд итгэж, олон ургальч үзэл бодлыг хүлээн зөвшөөрч ямар нэг чиг хандлагад баригдах хүлэгдэх албагүй гэж үздэг байна. Дээрх зам гарах жишээн дээр тайлбарлавал идеалист Япон хүн хэдийгээр зам ямар ч машингүй байсан ч нэгэнт улаан гэрлээр гарч болохгүй гэсэн "хийсвэр" дүрэм журамд захирагдаж байвал, диалектик Хятад хүн тийм дүрэм журам байгааг мэддэг ч нэгэнт тухайн нөхцөл байдалд зам гарах боломжтой л бол зам гарах нь зөв гэж боддог байна. Энэ талаар илтгэл тавигч Хятадын сурвалжлагчид тайлбарлатал уг сурвалжлагч "Хятад, Япон хоёр хүн зэрэгцэж зогсож байхад хятад хүн япон хүнээс түрүүлээд зам гарч чадаж байна гэдэг чинь бид японыг ардаа хийчихлээ гэсэн үг ш дээ" гээд харин ч олзуурхсан гэж байгаа. Уг хоёр сэтгэлгээг бас нэгэн жишээн дээр тайлбарласан билээ. Япончууд шинто шашинтай бөгөөд уг шашинаар бол аливаа амьд биет үхснээр өмнө хийсэн нүгэл нь "цагаатгагддаг" буюу сүнслэг биетэд нүглийг тохож болохгүй гэж үздэг. Тухайлбал хааныхаа эсрэг босож алагдсан Тайро но Масакадо жанжиныг? жишээ авсан юм. Энэ жанжин хэдийгээр хааныхаа эсрэг боссон ч амь алагдсаны дараа түүнд зориулж сүмд хөшөө босгож хүндэтгэл үзүүлж байх жишээтэй. Яг ийм явдал Хятадад болоход уг бослого гаргасан жанжины булшинд босгосон хөшөөг үеийн үед үзэн ядаж очиж нураах гээд байдаг байж. Уг хөшөө түүхийн дурсгал байдлаар Шанхайн музейд байгаа ч хүмүүсийн өшөө хорслоос хамгаалж төмөр хашлага тойруулж босгожээ. Идеалист япончууд нийгэмд олон янзын үзэл бодол оршин байхыг хүлээн зөвшөөрч чаддаг бол диалектикууд цаанаас тогтсон чиг шугмаас зөрсөн аливаа үзэл бодлыг огтхон ч хүлээн авдаггүй. Диалектикууд өөр зүйл яриад байгаа нөхрийг өөрийн үзэл бодлын чиг шугамд оруулахыг эрмэлзэж, хэрэв өөрийнхөөрөө тас зөрүүдлээд байвал шийтгэл зэмлэл хүртээх жишээтэй. Орос-Японы дайны үеэр баатарлаг тулалдаж нэлээн олон Япон цэргийн амийг устгаж, удалгүй Япончуудад ялагдаж амь үрэгдсэн Оросын жанжин, түүний цэргүүдэд зориулж:
"Prisoners are not criminals. They fought for their country and lost in the war. Respect their pride and restrain your attitude not to insult them on impulse." гэсэн үгтэй хөшөө босгож хүндэтгэл үзүүлжээ.
Энэ нь нэг талаар шинто шашны үзэл санаа бий ч нөгөө талаар өөр үзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэдгийн нэг илрэл гэж тайлбарласан юм. Энэхүү сэтгэлгээний ялгааны талаарх тайлбартай санал нийлэх нь ч бий, нийлэхгүй нь ч бий. Гэхдээ миний хувьд энэ илтгэл их таалагдсан, мөн япончуудыг ч илүү сайн ойлгоход тусалсан. Үүн дээр үндэслээд Ясукуни сүмийн үүх түүхийг яривал өөр нэгэн урт түүх үргэлжлэх болвуу гээд энэ удаагийн блогийн тэмдэглэлийг өндөрлөсүгэй. Зөвхөн Хятад бус бид ч далан жил коммунист дэглэмд, нэг үзэл бодлоор хүмүүжиж, диалектик сэтгэлгээг дагаж ирсэн билээ. Үүний нөлөө, үр дагавар одоо ч бидэнтэй хамт оршиж, бидний тархины нэг хэсэгт trojan horse шиг л ажиллаж л байгаа даа.

1 comment:

Anonymous said...

Ясукуни сүмийн үүх түүхийг яриулахыг хүсэж байна шүү. Бичээд байгаарай хө