Thursday, August 30, 2007

Найман сарын сүүлийн өдөр

Саяхан их ухаантай үг энд тэндээс хэд хэдийг сонсож гялайв. Тухайлбал I Think I Love My Wife киноноос "Хүүхний хойноос хөөцөлдөөд маш их мөнгө алдаж болно, харин мөнгөний хойноос гүйлээ гээд хүүхэнгүй хоцорно гэж хэзээ ч байхгүй шүү" гэсэн нь онцгой их таалагдав. Үнэн үнэн. Ингээ л мэдүүштэй юм их байнаа, амьдралд.
Гэрлэсэн эмэгтэй гэдэг гэрэлт ирээдүй нь ард хоцорсон эмэгтэйг хэлнээ гэж айлдсан Амброз Брисийг амьд байвал тэвэрч аваад үнсмээр санагдав.

Энэ долоо хоногийн "нүдний зугаа, нойрны эм бас намайг ухаантай болгож бусдад харагдуулах" шид бол яагаад ядуурал байгаад байгааг Африкийн орнууд дээр тулгуурлан өөр өнцгөөс тайлбарлаж бичсэн Пол Коллиерын The bottom billion: Why the Poorest Countries Are Failing and What Can Be Done About It гэсэн ном байлаа. Сонирхолтой ном байлаа. Шууд Монголтой холбож бодох нь хаашаа юм, гэхдээ бодууштай зүйл ихтэй байв. Ялангуяа ядуурлын дөрвөн том хавх (иргэний дайн/зөрчилдөөн, газар зүйн таагүй байрлал, "газрын баялагийн хараал", муу засаглал), ийм хэцүү дөнгөтэй орнуудад хэрхэн туслах дэмжих талаарх санаа (тэр тусмаа олон улсын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох гэсэн нь) гэх мэт санааг цааш нь ургуулж, өсөн нэмэгдүүлж, үржүүлэн баяжуулваас олон шинэ шинэ бодол санаа төрөх болвуу.

Эцэст нь ходоод хоосон байхдаа блогт юм бичих нь шал дэмий юм байна. Бичье гэж бодож байсан бүхэн толгой дотроос алга болчихдгийм байна. Сэтгэн бодох чадвар бүхий эрхтнийг бид толгой дотор л байдаг гэж боддогоос уул шугамдаа тал нь ходоодонд оршоод л байгаамдаа.

Friday, August 24, 2007

намайг үнсээч

Хамаг биений хөлс цутгуулж, аахилж уухилуулсан айхтар халуу шатсан өдрүүд овоо ард хоцорч би гэдэг хүн шөнөдөө нойртой хонох болжийн. Хэдий халуун, бөгчим ч зун цаг гэдэг цаанаа л сайхан юм аа. Хөл хөнгөрөөд хаашаа ч юм дэвхрээд гүймээр л. Яг л эрвээхэй шиг л нисээд л буугаад л баймаар л.
Танил найз нөхөд намайг наанаа байхдаа сайн эмчид үзүүлж шинжлүүлээд ирээрэй гэж байнга захиж хэлээд байхаар нь уулгамч зангаараа уухайн тас гээ л эмнэлэг эргүүлдэж хэсэг харайлгав. Нэгэнт л би хөлсөө урсгаж ирсэн, эмч хөдөлмөр гаргаж үзэж байгаам чинь ямар нэг өвчин зовиур олчих санаатай аль аль маань л их л хичээв. Тэгээд яаж зүгээр гаргачих вэ дээ, ядаргаанд сайн гээд питаамины комплекс бичиж өгч байна. Түүнийг нь уусан чинь тархи толгой юун амрах. Элдэв янзын гормон, дааврын өөрчлөлт өгчих вүү яав ийв, гэлэнмаа, хандмаагийн хутгийг олчоод зүв зүгээр байсан хүн чинь өчигдөр гэнэт их үнсэлцмээр болоод ирдгийм байнаа. Нүгэл байгаа даа, пээ пүү паа.... Гэхдээ хө....Үнсэлцэх гэдгийг мартах шахсан байна шүү дээ. Бодоод бодоод ядаж зүүдэндээ ч хэзээ үнсэлцсэнээ санадаггүй.
Чатаар харьцаж байсан найздаа энэ зовиурт байдлаа хэлтэл хар халуунд юун ч хүнтэй наалдах сонирхолтой байдаг байнаа гэжийн. Уул нь ч гараад бол юун хүн амьтантай тэврэлдэж нялуурах манатай, арьс ясаа салгачихаад хөргөгчинд хийгээд тавимаар байгаа л даа. Гэхдээ, гэхдээ, гэхдээ л.
За удахгүй нүүдэл суудал хийнэ дээ. Байр хайж давхисаар ямар ч байсан сэтгэлд, түрийвчинд нийцсэн нэг байр арай чүү гэж олчоод овоо пээдгэр байна. Бас л уулын орой дээр. Үгүй ээ яахав, буян нүглээ сайн бясалгаж суу гээд байгаам байлгүй.
Дипломын ажилтай холбоотой эртний худалдаачдын талаар юм хум цуглуулж уншиж яваад, хадуураад Монтескьегийн Персийн захидлыг олж авав. Монтескье хүртэл ийм романтик ном бичиж байхад маний романтикдах бол байх байх.
Зиаг нэг сайхан сэгсийтэл таанц эргүүлж таазаа хөдлөгчихөөд намаржаандаа одно доо.