Friday, December 8, 2006

Сингапурын нууц

Сингапурын нууц I
Өндөгний хальс шиг эмзэг байсан төр хүчирхэг болсон түүх: Сингапурын хөгжлийн нууц Патрисиа Сью МинТан Симон С.С. ТэйЭдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд алдартай Сингапур улс төр засгаа товхинуулсан арга зам тун өвөрмөц билээ. Энэхүү хот-улсын өнөөгийн хүчтэй байдал, амжилтыг өнгөц хараад Сингапур улс анхнаасаа цэцэглэн хөгжиж иржээ гэж дүгнэвэл том алдаа. Сингапурын амжилтыг мэдэхийг хүсэж байгаа бол зайлшгүй энэ улс анх ямар хөөрхийлөлттэй хэврэг бөгөөд эмзэг байдалтай байсныг судалж үзэх нь чухал. Себастиан фон Эйншийдл төрийн хямралын олон шалтгааныг дурдсан байдагаас газар зүйн тааламжгүй байршил, улс төрийн соёлын дутмаг байдал, нийгмийн нийтлэг өв уламжлалгүй, олон үндэстэн язгуурын бүрдэл зэргийг нэрлэж болно. Тэгвэл эдгээр нөхцөл байдал Сингапурыг тусгаар тогтнолоо зарлах үед нүүрлэсэн байсан. Энэ нийтлэлийн агуулга нь Сингапурын амжилтын түүхийн гол үндэс болох 1971 онд Британийн цэргийн армийн нутаг буцсан явдлын үр нөлөөний тухай юм. Сингапурын туршлагыг түүхэн байдлаас судлан үзвэл “өөрөө өөртөө чиглэсэн хөгжил байж гэмээ нь бие даасан тогтвортой байдал, өсөлт бий болно” гэсэн үзэл баримтлал бодитоор хэрэгжиж болохыг батлана. Хэдийгээр энэхүү амжилт нь урт хугацаагаар үргэлжилнэ гэж баттай хэлж чадахгүй ч дотооддоо шийдвэртэй үйл ажиллагаа хэрэгжүүлсэн тохиолдолд төр оршин тогтох магадлал өндөр аж.Энэ жишээгээр олон улсын болон өөрийн зорилгыг урьдчилан харж гадаад улсуудтай хэрхэн ухаалаг сэргэлэнээр харилцаж чадаж байгаа нь төр засгийн үр дүнтэй удирдлага, ард түмний итгэл хүлээх чадварыг тодорхойлох нэг үзүүлэлт болохыг харуулна. Тус нийтлэлээр олон улсын хамтын нийгэмлэг улс орнуудад төр засгийг товхниулахад хэрхэн яаж туслаж, оролцож байгаа асуудлыг хөндөхгүй. Харин хөндлөнгийн оролцоогүйгээр төр улс хэрхэн товхниж болдгийг харуулах юм. Сингапурын туршлагыг түүхийн онцлогоос харвал ирээдүйд давтагдана гэж хэлэхэд хэцүү ч сүүлийн үеийн Зүүн Тимор, Афганистаны жишээнээс хөндлөнгийн этгээдийн эс оролцоог зохицуулах нь туйлын чухал болохыг харж болно. Эдгээр улсуудыг зөнд нь орхих нь тухайн улсын дотоод төдийгүй олон улсын аюулгүй байдалд аюултай юм. Төрийн нэгдсэн үйл ажиллагаа шилжилтийн үед гадаад, дотоод бодлого, эдийн засгийн хөгжилд хэр их боломж бий болгодогийг Сингапурын туршлага үзүүлж байна. Түүнчлэн Сингапур олон улсын оролцогч нараа зөв сонгон тэдгээрийн оролцоог тэнцвэртэй барих бодлогыг хэрэгжүүлж чадсан. Олон улсын оролцоог зохицуулахдаа төрийн эрх баригчид шинээр бий болсон улсынхаа хэрэгцээ, урт хугацааны зорилгод нийцсэн олон улсын хамтын ажиллагаанд гол анхаарлаа хандуулсан юм. Израйлын зөвлөх, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тусламж зэрэг нь Сингапурын батлан хамгаалалт, эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйлс болсон. Үйл ажиллагааны чиглэлээ нарийн тодорхойлсноор гадаад түншүүдтэй харилцахдаа тэднээс хамааралгүйгээр оршин тогтнох нөхцөл сууриа бататгажээ. Энэ бол маш чухал бодлого болж чадсан. Учир нь төр засгаа анх товхниулахад гадаадын туслалцаанд хэт дулдуйдах нь хожим улс орныг эмзэг байдалд хүргэж болох боломжтой билээ. Төрийг байгуулахад зөвхөн гадаадын тусламж оролцоог харах бус дотооддоо зөв бодлого хэрэгжүүлвээс амжилтанд хүрч болохыг Сингапурын туршлагаараа нотлосон. Олон улсын хамтын нийгэмлэг төр байгуулахад туслаж чадах ч тухайн улсын чадавхийг хөгжүүлэхэд хэзээ ч оролцож чадахгүй. Иргэний нийгэмийн төлөөлөл болох байгууллагууд хэдийгээр чухал ч гэлээ тогтвортой үйл ажиллагаатай төр байхгүй бол хэзээ ч үр дүнтэй ажиллаж чадахгүй гэсэн санааг энэ нийтлэлээр мөн дэвшүүлж байгаа билээ.Амжилтанд хүрсэн замДэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа эхэлсэн колончлол чөлөөлөх хөдөлгөөнийн үед Сингапур шиг олон улс орнууд өөрийг нь захирч буй улс орнуудын удирдлага дор олон зүйлд суралцаж байлаа. Британи нэгэн зууны туршид энэхүү аралын онцлог байрлал, стратегийн ач холбогдлыг үнэлсээр ирсэн юм. Аралын байршил, байгалиас бүтээсэн бэлэн флот зэрэг нь энэхүү газар нутгийг худалдаачдын дамжин өнгөрөх болон бөөний худалдааны төв болгожээ. 1970-аад оны үеэр Сингапур дэлхийн дөрөв дэх том усан зогсоол болж чадсан байлаа. Сингапур колонийн үед үлдээсэн эдийн засаг, улс төрийн үндэс суурьт түшиглэж байв. Тусгаар тогтносны дараа эдгээр нийгмийн үйлчилгээ, эрх зүй, хууль ёс төр байгуулахад ихээхэн тус дөхөм болсон. Гэхдээ Сингапурын амжилтыг адилхан нөхцөл байдалтай байсан бусад улс орнуудтай харьцуулж үзэх хэрэгтэй. Колончлолын дараах жижиг, бага улс орнууд тусгаар тогтнолоо олохдоо гаргасан амжилт нь өөр хоорондоо ондоо. Сингапурын нэг давуу тал нь бүс нутаг болон дотооддоо тогтворгүй байдлыг тэнцэржүүлж байсан явдал. 1960-аад оны үед Сингапур уналтанд орж болохоор байсан юм. Сингапурын хурдтай хөгжлийг цогцлоон бүтээгч Лии Куан Юүэ хүртэл тэр үед Сингапурын аралыг тусгаар тогтносон улс болно гэдэгт итгээгүй бөгөөд “улс төр, эдийн засаг, газар зүйн утгагүй тэнэг бүтээл” гэж хэлж байв. Зүүн Өмнөд Ази 40 жилийн өмнө жинхэнэ сонгодог “муу хөрш” гэж хэлж болохоор байсан бөгөөд тогтворгүй төрийг тэнд л жинхэнэ утгаар байгуулж болох бүхий л нөхцөл нь бүрэлдсэн газар байлаа. "1960-аад оны үед Зүүн өмнөд азийн аюулгүй, тогтвортой байдал гэдэг хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл байв. Энэ бүс нутгийг “бослогын өлгий нутаг”, “Дорнодын Балкан”, “даалуу тоглож буй газар” зэргээр янз бүрээр нэрлэж байжээ. Бүс нутгийн шинээр төрсөн үндэстэн улсын нийгэм улс төрийн сул дорой байдал, колончлолын дараах засгийн газрын эрх зүйн статус, улс хоорондын газар нутгийн маргаан, гадаад хөндлөнгийн оролцоо зэрэг нь Зүүн өмнөд азийн геополитикийн гол шинж болж байлаа". Сингапурын хил залгаа хөрш зэргэлдээ улс орнууд бүс нутгийн үндэстэн ястан, нийгмийн бодит байдлыг олж харахаас илүүтэй колончлолын үлдээсэн зүйлс, улс төрийн нөхцөл байдалтайгаа хутгалдаж зууралдсан байв. Найз нөхдийн хооронд үүссэн үндэстэн ястаны зөрчилдөөн хил дамнан өргөжсөн юм. Сингапурын арал урьд өмнө өөрийнх нь бүрэн эрхт байдлыг тоомсорлонгуй байсан том хөршүүдийн дунд хавчуулагдсан байв. Иймээс ч 1966 онд Ли Куан Юүэ “Хөршүүд хамгийн сайн найз хэзээ ч болдоггүй” гэж хэлсэн байдаг. Мөн тэр үед Сингапур дотоодын мөргөлдөөн үүсгэхээс цаашгүй коммунист бүлэглэлийн хараанд орсон байлаа. Амьс нас, эд хөрөнгөд аюул заналхийлсэн ийм газарт хэн ч хөрөнгө оруулахыг хүсэхгүй нь тодорхой байлаа. Сингапурын хувьд эмх замбараагүй байдлыг дотроо хумиж байж л тайван амьдралыг бий болгох боломжтой байжээ. Иймд бүс нутгийн зөрчилдөөний цар хүрээ, эх сурвалжийг улс дотроо “хязаарлан”, энэ асуудлыг нийгмийн харилцан ойлголцол, эв нэгдэлд хүрэх үндэстэн ястаны нэгдсэн зорилго байхаар тодорхойлжээ. Гэвч энэ зорилгод яаж хүрэх нь тодорхой биш байлаа. Иймэрхүү хүндрэлтэй нөхцөл байдлаас гараагаа эхэлсэн Сингапурын жишээн дээрээс “амжилт” гэдэг чухам юуг хэлж байгааг тодорхойлоход төвөггүй билээ. Төр гэгчийг амжилттайгаар зөв менежментээр цогцлоон байгуулсан жишээ дэлхийн түүхэнд бага бий. Хэдийгээр Дэлхийн хоёрдугаар дайн болон Хүйтэн дайны дараагаас олон улс орнууд сэхэж ирсэн ч цөөхөн хэд нь эдийн засгийн хөгжилд хүрч ард түмнийхээ эрх эрх чөлөөг бататгасан билээ. Иймд туйлын хүнд нөхцөл байдлаас үсрэнгүй амжилтанд хүрч чадсан Сингапурын жишээг бахархан ярихаас яахав. Зарим судлаачид Сингапурын хөгжлийг “уян авторитар” системтэй холбож тайлбарлах нь бий. Энэ дүгнэлтийг үг хэлэх болон хэвлэл мэдээллийн эрх чөлөө, улс төрийн сөрөг хүчний хөгжил зэргийг нь барууны либераль тогтолцоотой харьцуулж гаргасан тул нэг талаас өрөөсгөл. Нэн ялангуяа Хүйтэн дайны төгсгөл үед ийм шүүмжлэл газар авч, Самуэл Хантинтон, Францис Фукуяама зэрэг онолчид ардчилалын “гурав дахь давалгаа”, “түүхийн төгсгөл” гэж маргалдаж байсан билээ. Харин Азийн санхүүгийн хямрал болон 2001 оны 9 дүгээр сарын 11-ны террорист халдлагын дараа Сингапурын засгийн газрын эдийн засаг, аюулгүй байдлын талаарх оновчтой шинэлэг бодлого, үйл ажиллагаа дээрх шүүмжлэлийг “хоосон” гэдгийг харуулсан. Амжилттай төр гэдгийг ямар үзүүлэлтээр тодорхойлох вэ гэдэг асуудал олон улсын болон үндэсний хэмжээнд цаг хугацаатай хамт өөрчлөгдөж байдаг. Иймд бид ямар үзүүлэлт байгааг тодорхойлох бус харин эмзэг хэврэг байдалтай байсан төр хэрхэн хүчирхэг болж чадсаныг түүхэн байдлаас дүгнэн гаргахад зорьсон. Сингапурын туршлага Британын хувьд Зүүн Өмнөд Азид цэргийн хяналт тавихад Сингапур нэн тохиромжтой, чухал газрын нэг байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Британийн Алс Дорнодын Явган цэргийн хүчин, Эзэн Хааны Тэнгисийн цэргийн Алс Дорнодыг хариуцсан хүчин, Алс Дорнодын Агаарын цэргийн хүчний төв удирдлага Сингапурт байрлажээ. Тэр үед Сингапурын газар зүйн онцлог байдалд АНУ анхаараагүй орхисон юм. Учир нь 1964 онд АНУ-ын төрийн эрхэнд Хөдөлмөрийн нам гарснаар хилийн чанад дахь батлан хамгаалах хүчний зардал багассан аж. 1966 оны 7 дугаар сард фунт штерлингийн хямралаас болж Нэгдсэн Вант улсад эдийн засгийн уналтад оржээ. Улмаар 1966 оны сүүлээр хилийн чанад дахь цэргийн хүчнээ татаж эхлэв. 1970-1971 оны үед Британи хилийн чанад дахь цэргийн хүчний тоог хоёр дахин багасгаж хэдэн жилийн дараа бүрмөсөн татжээ. Нөхцөл байдал ийм болсон тул Британийн цэргийн хүчин Сингапурыг орхин явахахаас өөр замгүй болжээ. Бусад колони байсан улсуудтай харьцуулахад Сингапурт харин колончлолын эсрэг хөдөлгөөн өрнөж байсангүй. Колончлолын дараа Сингапур Малай үндэстэнтэй нийлж1963 онд Малайз улсыг бий болгожээ. Малайз улс дахь Сингапурын улс төр, эдийн засгийн ялгаатай байдал улам бүр тодорч ялгарч байлаа. Эцсийн үр дүнд буюу 1965 оны 8 дугаар сард Сингапур, Малайз улс хоёр тийшээ болжээ. Ийнхүү гэнэт Сингапур ямар ч бэлтгэлгүйгээр тусгаар улс болсон тул аюулгүй байдлын асуудал гэж ярихад бэрх байлаа. Малайзийн уурыг хүргэсэн нь тодорхой тул хамгийн ойрын хөршөөсөө эмээхгүй байхын аргагүй байв. Малайзаас усан хангамжаар хараат байгаа нь Сингапурыг улам хэврэг болгож байлаа. Усны үнэ, нийлүүлэлтээс болж Сингапур, Малайз улс байнгын хэрүүл маргаантай байх болов. Сингапурын аюулгүй байдал, тусгаар тогтнолд гадаад дотоод аюул заналхийлж байв. Улс дотор нь коммунист бүлэглэл элдэв зөрчилдөөн үүсгэхийн зэрэгцээ хөрш саахалт улс орнууд тухайлбал Индонезид Сукарногийн Малайзийн эсрэг байр суурь нь амаргүй байлаа. Сухорто төрийн эрхэнд гарснаар Индонези, Малайз улс “цус нэгт Малай үндэстэний” төлөө харилцаа холбоогоо “цементэлж” эхэлсэн тул Сингапурын хувьд байдлыг улам л хэцүү болгов. Учир нь Сингапур өөрөө олон үндэстнээс бүрдэж байжээ. Сингапурыг үндсэндээ Зүүн өмнөд ази дахь Хятад үндэстэн гэж хэлж болохоор. Хүн амын дөрөвний гурав нь Хятад, 14 хувь нь Малай, 8 хувь нь Өмнөд азийн бусад үндэстэн ястангууд юм. Ийнхүү олон үндэстнээс бүрдэхийн зэрэгцээ нэг том бэрхшээл нь эдгээр үндэстний хүмүүс тус тусдаа тусгаар байдалтай амьдарч байжээ. Үндэстэнгүүд хоорондоо бие биеэ хүлээн зөвшөөрөхгүй байх нь зөрчилдөөний нэг шалтгаан болдог тул Сингапурын нөхцөл байдал бүр ч эмзэг байлаа. Дотоодын хувьд Малай үндэстэн тусгаар тогтнолыг сайнаар хүлээж аваагүй аж. Учир нь анх Малайзитай нэгдсэн байх үед Малай үндэстэн хүн амын давамгайлах хувийг эзэлж байсан бол Сингапур тусгаар тогтноод ирэхэд хүн амын цөөнх болчихсон байхад таагүй байх нь тодорхой. Эцэст нь Британийн цэргийн бааз Сингапурын нутагт байрлаж байсан нь эдийн засгийн хувьд ашигтай байлаа. Британийн цэргийн бааз Сингапурын хөдөлмөр эрхлэлтийн 16 хувийг бүрдүүлж байсны дээр ДНБ-ийн 14 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөтэй байлаа. Хэрэв Сингапур буруу хөлнөөсөө боссон байсан бол Британийн цэрэг явсны дараа ажилгүйдлийн хувь 14 болчихоод байсан тэр үед дотоодын эдийн засаг бүрэн сүйрэх байсан. Хүн амын өсөлт 4 хувиас хэтрэхээ болчихоод байсан тэр л үед төр мөнгө их олох ажлын байр, тогтвортой өсөлтийг бий болгох аж үйлдвэрийн салбарыг яаравчлан хөгжүүлэхээр ханцуй шамлан орсон юм. Гадаад нөхцөл байдал: Олон улсын хамтын нийгэмлэг, бусад улс орнуудтай харилцах харилцаа Хэдийгээр Сингапурын тусгаар тогтнолыг эсэргүүцсэн тохиолдол гараагүй ч Малайз, Англи зэрэг улс орнуудаар өөрийн тусгаар тогтнолоо бүрэн хүлээн зөвшөөрүүлэх нь туйлын чухал байлаа. Английн хувьд, Сингапур урьд өмнөх колоничлогчийнхоо хүчийг ашиглан батлан хамгаалах хүчийг бүрдүүлэх хэрэгтэй байлаа. Малайз болон Индонезийн хувьд Сингапур нийгэм, эдийн засгийн харилцаагаа хадгалахын зэрэгцээ бүрэн эрхэт байдлаа байдаг чадлаараа хэрэгжүүлэх хэрэгтэй байлаа. Жижиг болон хөгжиж буй улс орнуудын хувьд томоохон олон улсын оролцогч нарын үйл ажиллагааг зохицуулахад хэцүү байдаг. Английн цэргийг нутаг буцаалгахгүйн тулд Австрали, Шинэ Зеланд, Малайзын эрх баригчдыг лоббидох гэж үзээд бүтэлгүйдсэний эцэст Лий Лондон руу ганцаараа явжээ. Тэрээр Английн цэргийг Сингапураас явах хугацааг 9 сараар сунгаж чадсан байна. Хамгийн гол нь 1970 оны сонгууль хүртэл сунгагдсан байхыг Лий хүсэж байсан нь ёсоор болсны дээр тооцоолж байсны дагуу Хөдөлмөрийн нам ялагджээ. Лий Британийн цэргийн хүчний асуудлыг зохицуулахын тулд эцсийн арга руугаа оржээ. Түүнд цэргийн баазыг нь бус том гүрний эрх мэдлийг ашиглах нь илүү чухал байсан юм. Консерватив нам ялснаар Лий тус намын дарга Эдвард Хийтэд цэргийн баазыг нэрийн төдий ч хамаагүй байлгахын ач холбогдлыг ятгаж эхэлжээ. Энэ саналын үндсэнд Англи Сингапурт эдийн засгийн хувьд алдагдалгүй байх нөхцөлтэйгээр цэргийн баазыг байлгахаар болжээ. 1970 оны 1 дүгээр сарын эхээр Хийт Австрали, Шинэ Зеланд, Малайзыг оролцуулан таван эрх мэдлийн хүчийг тэнцвэржүүлсэн цэргийн баазыг Сингапурт байлгах шийдвэр гаргаснаар 4500 цэрэг 1976 он хүртэл Сингапурт байрлаж байлаа. Энэ таван эрх мэдлийн хүчний үзэл баримтлал Сингапурын гадаад бодлоготой нийцэж байлаа. Ингэхдээ эрх ашгийн тэнцвэрийг олох чухал байв. Нэг талаас Сингапур хуучин түнштэйгээ нягт харилцаатай байх хэрэгтэй байхад нөгөө талаас бусад түншүүдтэйгээ харилцаагаа хэвэнд нь хадгалах шаардлагатай байв. Хоёр талт колонийн харилцаа олон талт болсон нь аль алиндаа таатай байлаа. Англи улсын харилцаа идэвх муутай байсан тур үед Австрали АНУ-тай хамтран бүс нутагтаа шууд бусаар хэрнээ жинтэй нөлөө үзүүлж байв. Сингапур өөрийн хамгаалалт, худалдаагаа өсгөхийн тулд АНУ-тай харилцаатай байхыг хичээж байлаа. АНУ ч бүс нутагт тогтвортой байдлыг хадгалахын тулд Сингапурыг сонирхож байв. Сингапурын засгийн газар бүс нутгийн геополитикийн асуудалд Англи, АНУ зэрэг томоохон гүрний анхааралыг татахыг хичээж байв. Гэсэн ч газар зүйн ач холбогдолын бодит байдлыг умартаж болохгүй байв. Бүс нутгийн хамтын ажиллагааг бий болгох, мөн 1967 онд байгуулагдсан АСЕАН-аар дамжуулан өөрийн томоохон хөршүүдтэйгээ хамтын аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлөө анхаарах гээд олон олон асуудал Сингапурын өмнө байлаа. 1960, 1970-аад оны үеийн Сингапурын гадаад болон батлан хамгаалах бодлогыг үзэхэд шинэ засгийн газар Британийн цэргийн баазыг хэрхэн ашиглаж байсныг мэдэж болно. Цэргийн бааз анх төлөвлөж байснаас эрт нутаг буцах болсноос үүдэн Лии Куан Юүэ Британийн Парламентаас цэргээ байршуулах хугацааг сунгахыг хүсэж, ийнхүү цэргээ байрлуулснаар Британи өөрийн нөлөөгөө тухайн бүс нутагт хадгалах болно гэж ухуулан ятгаж байв. Мөн засгийн газар хөрш улс орны эрх баригчдыг сайн судалж мэджээ. Хөндлөнгийн оролцоог зохицуулах, тусламж дэмжлэгийг үргэлжлүүлэх зэрэг улс төрийн эрх ашгийг бодитоор үнэлснээр оролцогч бүр идэвхтэй үүрэгтэй байж чадах хамтын ажиллагааг бий болгох хэрэгтэй байлаа. Энэ үеийн туршид засгийн газар өөрчлөлт шинэчлэл нэрээр батлан хамгаалах хүчнээ сайжруулах гэж ядарч туйлдсан эдийн засгийг улам доройдуулж байлаа.Дотоодын нөхцөл байдал. Төрийн институтыг байгуулахДөнгөж шинээр тусгаар болсон улсын хувьд эдийн засаг, аюулгүй байдал улам сульдаж байлаа. Үүний үндсэнд улс орны ч болон ард түмний ч хувьд дор бүрээ хөгжих шаардлагатай гэдгийг ойлгож дотооддоо улсаа товхниулахаар ажиллаж төрийн институтуудыг байгуулж эхэлжээ. Үндэсний үйлчилгээ, орон байраар хангах, боловсролын хөтөлбөрыг боловсруулж гаргаснаар Сингапурыг үндэстэн, улс, гэр гэж тодорхойлох боломжтой болжээ. Энэ төрийн институтыг байгуулах нь үндэстэн ястаны хоорондын нийтлэг зөрчлийг шийдвэрлэхэд ач тустай байв. Британын цэргийн бааз байрлаж байх үед өөр өөр цагаачдын нийгэмлэг өөр үндэстнүүдээ харж үздэг байв. Жишээ нь Сингапур дахь Хятад үндэстнийг Хятадтай үй зайгүй харилцаа холбоотой бүлэглэл ивээн тэтгэж байв. Тэр ч байтугай Хятадууд өөрсдийн сургуулиа байгуулж Хятадад хэвлэсэн сурах бичгээ хэрэглэж байлаа. Лий Куан Юүэ энэ талаар “Соёлын хувьд тэд ертөнцөөс тусгаар амьдарч байсан” гэж хэлжээ. Өмнөд Азийн хүн ам шинэ нөхцөл байдалд дасан зохицохоос илүүтэй тив доторх тив байдалтай оршин тогтнож байлаа. Өмнө дурдсанчлан Сингапурыг Малайзаас салсаны дараа Малайчууд эрхээ хасуулсан мэт санагдаж байсан. Түүнээс гадна тусгаар тогтносны дараах ПАП намын кабинетын хоёрхон гишүүн Сингапурт төрсөн байв. Нийгмийн энэ зөрчил шинэ улсын дотоод тогтвортой байдалд аюул учруулж байсан ч хожим энэхүү цагаачдаас бүрдсэн нийгэм улам бэхжиж чадсан. Учир н өмнө нь уугуул иргэд гэх хүмүүс байхгүй байсан тул шинээр тусгаар тогтносон улс өөрсдөө үндэстэнээ тодорхойлох болсон. Бүх л салбарыг хамарсан өөрчлөл шинэчлэлийг хийхэд өөр хоорондоо дайсагнасан зангаа татаж, шинэ гаргасан хууль дүрмийг чанд мөрдөж хэрэгжүүлэхэд иргэдийн идэвхтэй оролцоо нэн чухал байв. Жишээ нь 1952 онд Британийн Колонийн Засгийн Газраас гаргасан Үндэсний Албаны Журам олон түмэнд хүрч чадаагүйгээсээ болоод хэрэгжиж чадаагүй. Сингапур 1967 онд Үндэсний Албаны тухай хууль батлан гаргасан ч цэрэг татлагын эсрэг эсэргүүцэл ялангуяа Хятад үндэстнүүдийн дунд их хүчтэй байв. 60, 70 оны үед одоогийн Сингапур шиг ард түмэн төрийн бодлогыг үг дуугүй даган биелүүлнэ гэсэн ойлголт байхгүй байлаа. Үндэсний Албыг бүрдүүлэхийн тулд Засгийн газар Британийн цэргийн бааз Сингапурыг орхиж явах гэж байгаа нь ямар ч батлан хамгаалалтгүй болж байгааг ард түмэндээ эхлээд тайлбарлаж ойлгуулах нь чухал юм гэдгийг мэджээ. Үүний дагуу 1968 оны 1 дүгээр сард Сингапур Батлан хамгаалах санг байгуулжээ. Санд хувь нэмэр оруулах нь шинэ бүгд найрамдах улсын бүрэн эрхэт байдлыг дэмжсэн эх оронч явдал гэж уриалав. Тус санд хувь нэмэр оруулсан хувь хүн, компани, байгууллагыг өдөр тутмын сониноор магтан сайшааж байлаа. 1969 оны 7 дугаар сард тус сан 8.5 сая доллар цуглуулж чадсан аж. Үүний үр дүнд нийтийг хамарсан боловсролын тогтолцоог байгуулж, мөн цэргийн албанд зүтгэхээр явж буй залуучуудад зориулж үдэлтийн баяр наадам зохион байгуулах ажлыг хийж байлаа. Хүн ардаа өөрчлөлт шинэчлэлтэд уриалан дуудахын тулд засгийн газар сонгуулиа долоон сарын өмнө явуулахаар болов. ПАП нам анх үүсгэн байгуулагдснаас хойш төрийн эрхэд гарахыг хүсэж байсан тул энэ явдал цагаа олсон байлаа. Үүний зэрэгцээ Сингапурыг Малайзтай ахин нэгдэхийг уриалсан хөдөлгөөн өрнөж байв. Иймд ПАП нам Сингапурын тусгаар тогтнолын төлөө ард түмний дэмжлэгийг авахын тулд шургуу ажиллах шаардлагатай тулгарчээ. Засгийн газар ч мөн адил эдийн засгийг дээшлүүлэхийн тулд аж үйлдвэр, хөдөлмөрийн харилцааг хөгжүүлэх хэрэгтэй болохыг анзаарсан аж. Шинэ төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ ПАП хуучин түнш болох үйлдвэрчний эвлэл, Хятадын хувьсгалч үзэлт зүүнийхнээс зайгаа барих хэрэгтэй байлаа. Учир нь тэд өмнө нь өндөр цалин олгохыг шаардах зэрэг ажилчдын хөдөлгөөн зохион байгуулж улмаар энэ нь хөдөлмөрийн бүтээмжийг бууруулж байсан аж. 1968 оны 3 дугаар сард ПАП нам сонгуульд ялж гарснаараа аюулгүй байдал эдийн засгийн хөгжлийн үр дүнтэй бодлогыг хэрэгжүүлж чадсан. Шинэ засгийн газар олон улсын түншлэгч нартай хамтран ажиллаж эхлэв. Олон улсын хамтын нийгэмлэг, гадаад улстай харилцаа тогтоосон Аливаа төслийг хэрэгжүүлэхэд эхлээд өөрсдөө чухам ямар асуудал дээр хэзээ зөвлөгөө авах хэрэгтэйгээ нарийн тодорхойлж чадсан тохиолдолд л хурдацтай хийгээд тогтвортой хөгжилд хүрч чадах юм гэдгийг Сингапурын туршлага бидэнд харуулж байна.Батлан хамгаалалтын хувьд Сингапур өөрийн чадвараа хурдан бэхжүүлэх хэрэгтэй байлаа. Ази, Африкийн улс орнуудаас тусламж дэмжлэг хайгаад олдоогүйн эцэст Сингапур үндэсний батлан хамгаалалтын өөр өөр загварыг харьцуулан судалж эхэлжээ. Ингэсний эцэст Израйлийн загварыг сонгож авсан байна. “Израйл дэлхий дээрх хүчирхэг цэрэгжсэн иргэдийн армитай улсын нэг байсны дээр иргэдээ цэрэгт маш хурдан, иж бүрэн сургаж чаддаг байв”. Израйлд туршлага судлахаар явсан баг хамтран ажиллах гэрээ байгуулж иржээ. Израйлын цэргийн бэлтгэгчид Сингапурт 1965 оны сүүлээс 1974 оны 5 дугаар сар хүртэл байжээ. Хамгийн гол нь Сингапур эхлээд Израйлийн сургагч нарын зөвлөгөө өгөх үүргийг нь урьдчилан нарийн тодорхойлсон нь маш зөв явдал байлаа. Тухайлбал Сингапур Израйлийн сургагчид үүрэг даалгавар өгөх эрхгүй байхаар заасан аж. Харин Британий цэргийн армид бэлтгэгдсэн Сингапур офицерууд Израйлын сургагчаар хичээл заалгаж өөрсдөө Сингапурын шинэ хүчнийг байгуулах шууд үүрэг хүлээсэн байсан юм.Гол шийдвэрлэх шаардлагатай асуудлаа олж харан төлөвлөгөөгөө зөв хийх ямар чухал болохыг Сингапурын төр улс байгуулсан жишээ улам бүр нотлож байгаа юм. Ингэснээр бүх бодлого өргөн хүрээний зорилгод хүрэхэд нэгдэж чадах юм. Үүний хажуугаар нийгмийн эв нэгдлийг зорилтоо умартаагүй, харин ч дотоодын бодлого бүрд шингэж байлаа. Үндэсний Алба шинэ үндэстэн гэгчийн ухамсарын тулгын чулуу болж ирээдүйн лидерүүдийг бэлтгэх газар болсон. Эдийн засгийн хөгжлийн хувьд засгийн газар 1959 онд өөрөө өөрийгөө захиран удирдах болсон үеэс л гадны шинжээч мэргэжилтэний туслалцаа зайлшгүй хэрэгтэй байсан. Гэхдээ Сингапур тусламж болгоныг сарвайж авалгүй харин НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрт хандасан бөгөөд ингэхдээ тус хөтөлбөрийн үйл ажиллагаа нь Сингапурт хэрэгжүүлэх хэрэгтэй төсөлтэй хэрхэн холбогдож байгааг сайтар нягтлан шалгасан ажээ. Засгийн газар эхлээд өөрийн улсын эдийн засгийн төлөв байдлыг судлажь нэн тэргүүнд өөрийн улсад олон улсын стандартад нийцсэн аж үйлдвэрлэл, худалдаа арилжааг хөгжүүлэхэд туслалцаа авах хэрэгтэй гэдгээ эхлээд тодорхойлсон байв.Малайзаас салсаны дараа аж үйлдвэрийн зах зээлээс холдсон тул Сингапурын хувьд экспортын зах зээлд зориулж аж үйлдвэрээ хөгжүүлэх шаардлага гарсан. Иймд Сингапур өөрийн нутагт аж үйлдвэр хөгжүүлж чадсан өөртэйгээ адил жижиг улсуудыг сонирхсон нь Нидерланд, Швед, Бельги, Израйль байлаа. Нидерландад гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттайгаар татаж чадсан Алберт Винсемус гэгч нөхөр 1960, 1961 онд Сингапурт судалгааны багийг удирдан ажилласан аж. Энэ багийн ажлын тайланд олон ажил тусгагдсанаас татварын бүтэц, аж үйлдвэрийн харилцааны өөрчлөлт, ажилчдыг бэлтгэх, ажлын байр бий болгох гээд ихэнх нь тэр даруйдаа хэрэгжиж эхэлжээ. зэрэг Мөн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой төрийн бус, улс төрийн ашиг сонирхолыг агуулаагүй Эдийн засгийн хөгжлийн зөвлөл \ЭЗХЗ\ гэдэг байгууллагыг байгуулжээ. 1970-аад оны үеэр Аж үйлдвэржүүлэх 10 жилийн хөтөлбөрийн үр дүнд ажилгүйдлийг бууруулж үйлдвэрийн салбарын өсөлтийг бий болгожээ. Сингапур анх судалгаа хийсэн багийн гишүүдтэйгээ харилцаагаа хадгалсаар ирсэн нь басхүү их тус болж байжээ. Гэхдээ тэр үед Сингапурын эдийн засаг сайжирж ирсэн нь цаашид энэ хэвээрээ өсөж хөгжинө гэсэн баталгаа бас биш байлаа. Аж үйлдвэржүүлэлтийн эхний арван жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед Сингапурын хувьд ямар нэг бослого тэмцэлгүй байсан үе гэвэл хоёрхон жил л байлаа. Бусад үед эсэргүүцэл хөдөлгөөн өрнөж байжээ. Британи цэргийн баазаа татан авснаар Сингапурт том цохилт болж 30000 ажлын байр үгүй болж \ажилгүйдлийн 16 хувьтай тэнцэх\, 40000 хүн ажилгүй болохоо хүлээж байлаа. Сингапур дахь Британийн усан цэргийн бааз нэлээн томдоо ордог байсан төдийгүй Япон, Сиднэйгийн хооронд зогсоо чөлөөгүй усан онгоц ирж явдаг байв. Британийн усан цэрэг нутаг буцна гэдэг нь Сингапурын хөл гарыг огтлоод хаяасантай ялгаагүй байлаа. Үлдээсэн газрыг цэргийн бус журмаар ашиглахгүй л бол хог болж хоцрохоор байлаа. ЭЗХЗ-ийн боловсон хүчнийг ашиглан засгийн газар аж үйлдвэр гол эрхлэгчид, эдийн засагчид, зөвлөх нарыг цуглуулан Ерөнхий Сайдын Ажлын албаны дэргэдэг Эдийн засгийн суурь бодлогын нэгжийг байгуулжээ. Энэ баг тэр даруйдаа Малта явжээ. Жилийн өмнө Британийн цэргийн бааз Малтыг орхиж явсан юм. Тус баг Британийн усан цэргийн бааз явсаны дараа Малта усан зогсоолыг хэрэн цэргийн бус журмаар ашиглаж байгааг судлан Малтын усан зогсоол, усан онгоцны өөрчлөлтийг хийсэн компаниудтай холбоо тогтоожээ. Британийн цэрэг ийнхүү явсан нь Сингапурыг өөрийн нөөц бололцоо, боловсон хүчнээ ашиглан хөгжих замыг нээсэн гэлтэй. Энэ зорилт зөвхөн технологийн асуудал биш, цаана нь ажилчдыг бэлтгэх явдал үлдсэн байлаа. Засгийн газар ажилчдыг дахин сургах хөтөлбөр гаргаж ихэнхийг нь нягтлан бодох, усан онгоцны ажилчид болгон бэлтгэжээ. ЭЗХЗ болон Боловсролын Яамтай хамтран хэрэгжүүлсэн энэ төслийн үр дүнд ажилчдыг оройн цагаар болон амралтын өдрүүдээр аж үйлдвэрийн салбарын сургалтад хамруулж байлаа. Ийнхүү усан онгоц хийх, засварлах хүний нөөц бэлтгэгдэн гарснаар дараагийн арван жилд Сингапурыг хөгжүүлэх гол хүчин болсон түүхтэй. Цэргийн зориулалтай зүйлийг энгийн журмаар хэрэглэх технологийг сурч мэдсэнээр олон улсын техник технологийг судлах суралцах бас нэг шинэ ажил өрнөжээ.Амжилтыг тодорхойлох ньХууль эрх зүй, аюулгүй байдал тэр ч бүү хэл хэрэглээний барааны нийлүүлэлтээр олон улсын хамтын нийгэмлэгээс ихээхэн хамаарч байгаа улс орнуудын хувьд энэ нийгэмлэг нь нэг л өдөр яваад өгөх өдрийг хүлээж суулгүйгээр өөрөө өөрөөсөө хамаарсан хөгжлийг бий болгох нь чухал. Сингапур батлан хамгаалах хүчнээ байгуулж эдийн засгийн эрс шинэчлэлийн бодлого явуулсан зэрэг нь өнөөгийн нөхцөлд тийм ч хэцүү зүйл биш юм шиг байвч 1960-аад оны үед үнэхээр бахархмаар амжилт юм. Төр улсыг нэг шөнийн дотор байгуулчихна гэж байхгүй. Филиппини улсын жишээг авч үзвэл Америкийн цэргийн хүчин гарсны дараа эдийн засаг, дипломат харилцаа, аюулгүй байдлын асуудлаа анхаарахын оронд хэт үндсэрхэг үзлийг дээгүүр тавьсан үндэсний зөрчил тэмцэл газар авсан байсан. Америкийн цэргийн бааз Филиппинийн нутаг дэвсгэрт байрлаж, оронд нь төлбөр төлөх харилцан тохиролцоог умартан Ерөнхийлөгч Коразан Акуино Америкийн цэрийг баазыг нэг жилийн дотор Субийн хойгоос гарч явахыг шаардсан байна. Тэрээр “Колонийн түүхэнд цэг тавих цаг хэдийн болжээ” гэж хэлж байлаа. Түүний шийдвэр улс төрийн хувьд дотооддоо нэр хүнд авчирсан ч улс орноо эдийн засгийн уналтад оруулсан юм. Тэгвэл Сингапур тусгаар тогтносны дараа төр засгаа амжилттай эмхлэн байгуулж чадсан уу? Сингапурын туршлагыг амжилт гэж тодорхойлж болох уу? Цэргийн зориулалтай эд зүйлийг энгийн хэрэглээнд ашиглах, аж үйлдвэрийн ажилчид бэлтгэх замаар Британийн цэргийн бааз нутаг буцсаны дараах эдийн засгийн хямралыг гаталж чадсан нь Сингапурын орчин үеийн усан боомтыг хөгжүүлэх замыг тавьсан. Цэргийн армитай байх асуудлыг Үндэсний Алба байгуулах замаар шийдвэрлэсэн. Түүхийн эдгээр гол асуудлыг судлан үзвэл өнөөгийн практиктай нийцэхгүй гэж хэлж болно. Сингапурт үзүүлж байсан олон улсын тусламж дэмжлэгийн хэлбэр, арга зам өнөөгийн шилжилтийн улс орнуудад үзүүлж байгаа байдалтай зөрчилдөнө. Нэгдүгээрт, Сингапур туршлага судлах улс орноо өөрсдөө судалж сонгосон. Энэ хөгжлийн стратеги өнөө үед давамгайлж буй олон улсын зарчимтай нийцэхгүй. Хоёрдугаарт, Сингапур өөрийн улстай адил нөхцөлтэй улсуудад амжилттай хэрэгжүүлсэн, туршлагатай багаас туслалцаа авсан. Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Сингапур өөрийн улсын мэргэжилтнүүдийг гадны зөвлөхтэй хамт нэг баг болгож ажиллуулсан. Эдгээр гадны мэргэжилтнүүд Сингапурт гадаадын хөрөнгө оруулагч зэрэгтэй холбоо тогтооход тусалж байсан. Гуравдугаарт төр улс дотроосоо дэмжлэг авснаар аюулгүй байдал, дотоодын нөхцөл, эдийн засгийн асуудлаа дэс дараатайгаар шийдвэрлэсэн. Ихэнх судлаачид Сингапурын гол асуудал нь цэвэр эдийн засаг байсан гэдэг. Энэ нь Сингапур батлан хамгаалалт, бүс нутгийн тогтвортой байдал, эдийн засгийн амжилт, дотоодын эв нэгдэл зэргийг өөр хоорондоо холбоотой зорилго гэдгийг анзаарч чадсаныг гэрчилнэ. Энэ бол Сингапурын хөгжлийн философи юм. Сингапурын жишээ нь ард түмний төлөө алсыг харсан эрх баригчидтай байхын чухлыг харуулна. Сингапурыг нэг намыг дэглэмд орсон, бүрэн ардчилсан улс байж чадахгүй байна гэж шүүмжлэх нь бий. Хэдийгээр ПАП нам засгийн эрхийг барьсаар ирсэн ч энэ бол Сингапурын улс орноо хөгжүүлэх зорилго байгаагүй. Харин энэ зорилгод хүрэхэд бий болсон үр дагавар. Түүнээс гадна Сингапурын иргэд хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч адил төр хувьцаат компанийн дүрмээр ажиллаж байна. Хүчтэй төр бодлогоо албадаад ч хамаагүй хэрэгжүүлж болох ч төрийн бодлого ард түний дунд хувь хүн бүрд хүлээн зөвшөөрөгдөж чадсан тохиолдолд л амжилтанд хүрнэ. Энэ л Сингапурын амжилтын нууц юм. Лий Куан Юүэ “улс орны толгойд эх орныхоо хөгжлийг ургашлуулах чадварлаг чадалтай цөөн хэдэн хүмүүсээс илүү хэрэгтэй зүйл бий. Ард түмэн өөрөө өөрийгөө хүндэтгэсэн сэтгэлгээтэй байж нийлж нэг үндэстэн болох хүсэл зориг дүүрэн байх хэрэгтэй. Ард түмэндээ сурч боловсорч, шургуу ажиллаж, бүтээлч байж, тэрний хэрээр шан харамжаа авч чадах хүчтэй нийгмийг байгуулж бататгах нь лидерийн үүрэг” гэж хэлжээ.

4 comments:

Эрхэмээ said...

Уул нь сонирхолтой нийтлэл байлаа. Даан ч дуустал унших тэвчээр хүрсэнгүй :(

Baagii said...

goe yum bnaa. huue huuhdee hayagaa ybuulahgui yumuu. so sa yu bn da

Baagii said...

goe yum bnaa. huue huuhdee hayagaa ybuulahgui yumuu. so sa yu bn da

Bentel Bi said...

эдний нэг ном байдагшд, хөгжлийн тухай. ерөнхий сайд нь энгийн юмнаас ажлаа эхэлсэн гээд. хүн бүр хаа хамаагүй шүлс цэрээ хаядгийг болиулахаас эхэлсэн гээд. дараа нь хүн бүр цэцэг ногоо гудамж хашаандаа тарьсан гээд. энгийн юм шиг мөртлөө маш том соёл бөгөөд хүмүүжлийн ажил юм шиг санагдсан. Энэ дээр ёстой манайх соц аргаар дарангуйлаад ч болов хэрэгжүүлмээр юм шиг ээ. яадын шүлсээ эр эмгүй хаябал өндөр торгоол, үйлчилгээний цэг дэлгүүр хоршоо, айл өрх бүгдийг ийм тийм юм тарьж орчноо тохижуулж арчил гээд. тэр балиар шүлс цэрийг нь хэдэн амьтад бас цэвэрлэж л байгаашд хөөрхий. манайхан бие биеэ огт бодохгүй юмөө