Tuesday, November 10, 2009

Японы алга дарам газар

Японы өмнөд зүгт оршдог Окиноторишима- Японы хамгийн жижиг арал. Далайгаас цухуйсан энэ хэсэг алга дарам газар гэх нь хаашаа юм, дундаж асар майхны хэмжээтэй юм шиг байгаа ч ач холбогдлын хувьд нэн тэргүүнд ордог, ёстой л бие бага ч бэлчээр томтой гэлтэй. Энэ цухуйсан газрыг далайд оруулчихгүйн тулд эргэн тойронд нь хамгалаалт босгож, хашаад түгжээд лацалсан. Арлын эргэн тойрон улсын хараа хяналтанд байдаг бөгөөд хамаагүй хүмүүс дураараа очиж явж болдоггүй, өндөржүүлсэн хамгаалалттай. Хятадууд энэ газрыг арал биш, хад чулуу гэж үздэг ч хүн, амьтан амьдрах ямар ч боломжгүй энэ жижиг газрын төлөө Япончууд олон жил тууштай тэмцэж, нүдний цөцгий мэт хамгаалж буй. Ингэхийн учир нь үүнийг арал гэж тооцсоноор эргэн тойрны 400 мянган километр квадрат талбай эдийн засгийн онцгой бүсэд тооцогдож, ингэснээр Япон энэ талбайд далайд олборлолт, загас барих гээд аж ахуйн үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх юм. Мөн энэ арал батлан хамгаалах, цэргийн зориулалтаар ашиглахад нэн тохиромжтой байршилтай.

Хятадуудын хад чулуу төдий зүйл гэж үзэж байгааг үгүйсгэх гэж хоёр гаруй жилийн өмнө арлын далайд байгаа хэсэгт тулгуурлаж нарны гэрлээр ажилладаг гэрэлт цамхаг барьчихсан. Одоо усан онгоцны боомтны байгууламж барихаар томоохон мөнгө төлөвлөчихсөн. Алдаж болохгүй "алга дарам газар аа, түүний амт аа" гэж.

Sunday, November 1, 2009

нэт, кино

Өнгөрсөн сар Японы Токиогийн дүүргийн шүүх интернэтээр зурагтын нэвтрүүлгийг зөвшөөрөлгүй тавьж, төлбөртэй үзүүлж байсан этгээдийг шүүж Зохиогчийн эрхийг хамгаалах хуулийг зөрчсөн хэргээр 5 сая иэний торгууль, 3 жилийн хорих ял, 5 жилийн тэнсэн ногдуулж, компанийг нь 20 сая иэнээр торгов. Винни p2p file sharing програм зохиож гаргасан программистыг 1.5 сая иэнээр торгож, Виннигээр зохиогчийн эрхийг зөрчиж файл дамжуулж хуваалцаж байсан этгээдүүдийг баривчилсан хэрэг хэдэн жилийн өмнө гарч байсан. Түүний дараа Share хэмээх програм бас гарч, түүгээр зохиогчийн эрхийг зөрчиж, анимэ дамжуулцгааж байсан 3 нөхрийг баривчилсан хэрэг өнгөрсөн жил гарсан. Гэхчилэн Японд интернэт хэрэглэж зохиогчийн эрхийг зөрчих гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэл нь эцэж цуцашгүй, шийтгэх шийтгэл нь чанга хатуу. Ирэх жилийн 1 сараас интернэтээс зохиогчийн эрхийг зөрчиж тавьсан дуу хөгжим, кино, ном, нэвтрүүлэг, файл зэргийг татаж авахад гэмт хэрэгт тооцохоор хуулиа өөрчлөв. Улам л чангалж байна.

Сая Солонгост суралцагч Монгол оюутны холбоо сайтын Сонор мялаах мэдээ буланд Би чамд хайртай 2 киног шууд үзэх линкийг тавьсан байх юм. Зохиогчдод бол ямар юмны сонор мялаах мэдээ байх вэ. Мэдээж үзэж байгаа хүмүүст бол үнэгүй юм нугасгүй, шууд үзэх сайхан. Харин ийнхүү интернэтэд монголын шинэ киног шууд тавьж байгаа хүмүүсийг яамаар ч юм бэ дээ. Монголын тв-үүдээр гадаадын киног дураараа сайхан үзүүлдэг нь дүүрч гэхэд монгол киногоо ингэж тавихгүй байвал зүгээр сэн. Оюуны өмч, уран бүтээл туурвигчдын хөдөлмөрийг үнэлж, тэд ажил хөдөлмөрийн үр шимээр ашиг орлого олж, дараа дараагийн урлаг, соёлын хөгжилд хувь нэмэр оруулж, хөгжиж дэвжвэл, бидний үзэх юмс арвижах сан.

Wednesday, October 21, 2009

хммм

Ёстой ичиж үхмээр зураг гэж үүнийг л хэлэх байх. 2009 оны хамгийн эмгэнэлт инээдмийн зураг гэвэл шууд шалгаруулмаар.
Яршиг, ууна аа, уучаад "Арван ембүү хараад алгаа тосдог аав уу даа хөө, Хорин ембүү хараад хормойгоо тосдог ээж үү дээ хөө" гэж дуулнаа.

Tuesday, September 8, 2009

Witness - Silent Bombs: All for the Motherland

Казахстаны Семипалатинскт дөчин хэдэн жил газар дээр болон хөрсөн дор цөмийн туршилт хийж, улмаар цөмийн зэвсгийн хор хөнөөлийг нутгийн оршин суугчид арван үеэрээ үйл лайгийн нь үүрч амьдрах тавилантай болжээ. Их гүрний нэг хэсэг, цөөнх байхдаа ямар ч их зовлон, доромжлол үзэх юм бэ дээ. Манай Монголын казак түмэн ёстой харин тааваараа байгаа даа.
Нүдэн дээр нь цөмийн туршилт хийж байхад хараад л саравчлаад суух нутгийн хүмүүс...албаар хэл мэдэхгүйг нь далимдуулж бага ястны Орос хэлгүй цэргүүдийг ажиллуулж сураггүй алга болгоод л...цөмийн туршилт хийсэн газар хонхой үүсэж ус тогтоход нууртай боллоо гээд баярлаад л... Юу болсон тухай энэ баримтат киноноос үзээрэй. Нэг, гуравдугаар хэсэг нь Юүтүб дээр бий.

Thursday, September 3, 2009

must read book

За энэ номонд би бүр орчихлоо. Жаахан зав боломж юу л гарна хуудас хуудсаар ахиулж унших гээд, уншснаа бас эргэн унших гээд, хурдан хурдан уншиж дуусгах гэж яараад, нүд салгахгүй тасралтгүй уншмаар. Үнэндээ уншаад номын талд ороогүй байгаа ч бүр сэтгэл хөдлөөд, блогт бичмээр санагдчихлаа. Сайхан ном уншихаар бүр сэтгэл хөдлөөд, жаргал мэдрээд байдаг даа. Баримтат түүхэн материал дээр үндэслэсэн ном болохоор бүр чиг шимтэж, КГБ гэж домог шиг л мэдэхээс цаашгүй байсан хүн баримт фактыг ингэж анх удаа уншиж байна. Ямар хөрштэйгээ мэдэж байхад энэ номыг заавал унших хэрэгтэй гэж санал болгоё.

КГБ-ийн ахлах архивч Митрохин КГБ-ийн дэлхийн хоёрдугаар дайн болон төмөр хөшигний үеийн тагнуулын үйл ажиллагааны мэдээ баримтыг Англид гардуулж өгснөөр КГБ-ийн түүхийг түмэн олонд дэлгэжээ. Яаж тагнуулчдыг бэлтгэж, тэд яаж ажиллаж, бас ямар гайхалтай сэтгэж, бодож, хэрэгжүүлж, зарим үйл ажиллагаа нь дэлхийн түүхийг эргүүлж, хөврүүлж, холбируулж байсныг ёстой дэлгэрэнгүй мэдэж авах юм.
MUST READ BOOK!

Friday, July 31, 2009

Алтан ураг

Гадуур явж байгаад Жапантаймсын (Japantimes) үнэгүй тараадаг Japantimes Weekend сонинг олж аваад үзтэл Японд жил бүр болдог Фүжи Рок гэх рок хөгжимд дурлагсдын алдарт баяр наадмын тухай сурвалжлага байлаа.
Тэр дунд дараах өгүүлбэр байгааг хараад сэтгэл ихэд хөдөлж баярлав:

"Who, for instance, could have expected a band of traditional Mongolian musicians to rock as heavily as Black Sabbath? Altan Urag managed exactly that, helped by a formidable female drummer who added extra wallop to their dirgelike riffs. It was enough to drive the audience into a frenzy when they played at the night live house Crystal Palace in the Palace of Wonder"

Black Sabbath-тай зүйрлэнэ гэдэг....Алтан ураг та нар шүү.

Tuesday, June 23, 2009

Оновчтой шийдэл?

...Японд CO2-ыг бууруулж, ирээдүйг аврахын төлөө жил бүр өдийд тог унтрааж лаа асаадаг хөдөлгөөн өрнөөд л. Энэ жил өмнөх жилүүдээс нэлээн өргөн хүрээтэй, хөл хөдөлгөөн ихтэй болж байх шиг байна. Аймаг дүүргүүд ч идэвхтэй оролцоод, өнгөрсөн амралтын өдрүүдээр энд тэндгүй лаа асааж романтик уур амьсгал үүсгэв. 7 сарын 7-нд сүртэй лаа асаах болов уу гэж. Компани, байгууллагууд ч энэ субботникт оролцож, байрныхаа тогийг тодорхой цагт унтрааж, нэг талаас өөрсдийгөө сурталчилж нөгөө талаас нийгмийн үүргээ биелүүлж буй аж.
Гэтэл нэг компани энэ кампаант ажилд оролцож байгууллагын тогоо унтраах уу яах уу гэж нэлээн бодож тунгааж сүйхээт арга олсон нь яг тэр цагт нь "хөшгөө буулгах" байв. Нүд хуурсан юм хийж байгаа ч юм шиг хачин. Нөгөө талаас яг л "Японы нийгмийн сэтгэлгээний нэг илэрхийлэл үү" гэлтэй. Нийтийн ажилд "огт оролцохгүй хойрго байгаа юм шиг харагдахгүй", тог унтраая гэсэн зорилго зүтгэлд нь "саад болохгүй", ямар нэг байдлаар бусадтай нэг адил байж харагдах гэсэн үзэл сэтгэлгээ???

Багшаа голов?

...Англи хэлний хичээл. Баахан япончууд...Ирланд багш нэг нөхрөөс ямар ажил хийдгийг асуув. Мань нөхөр компьютэрийн мэдээллийн хадгалалт (storage) хариуцдаг юм.
- Компьютаа дата стрээжи (storage гэдэг үгийг япончилж иймэрхүү дуудлагатай болчихсон).
Багш стрээжи гэдэг үгийг сонсоод огт ойлголгүй гайхаж дахиад лавлав. Шавь унаган англи хэлтэй хүн англи үгээ мэддэггүй юм уу гэсэн янзтай өөдөөс нь бүр ч их гайхав. Хэд хэд асууж хариулсны эцэст багш бичүүлж үзээд нэг юм ойлгов болтой Аан тийм үү, стөрэж юм байна шүү дээ гэлээ. Манай нөхөр толгой сэгсэрч "Ноү Ноү багш аа, стрээжи...стрээжи" гэж нерв хөдөлсөн болтой багшийн хэлснийг засаж, бусад нь ч багш аа стрээжи юм шүү гэж бухимдангуй байдалтай багшид заацгаав. Багш англи дуудлагаар стөрэж юм аа гэж тайлбарлах гэж оролдсон нь ч ойлголцолд хүрсэнгүй. Стрээжи стрээжигээр үлдэв.

Thursday, June 18, 2009

Ай лав юүү


Тайзан дээр. Гитарчин эр басс гитарчинд хандан асуув:
- За одоо ямар дуу тоглох билээ?
- Ай лав юүү....
- Ай лав юүү түү... Тэгээд ямар дуу тоглоно гэнээ?

Tuesday, April 28, 2009

"What Goes Around Comes Around"

Наги Нода гэх авъяаслаг бүсгүй энэ дэлхий дээр тун богинохон амьдрахдаа гайхалтай санаануудтай бүтээлүүд хэд хэдийг гаргасны нэг нь Кока Колагийн реклам. 2003 онд Юки гэх дуучны Sentimental Journey дууны клипийг хийхэд гаргасан санаан дээр үндэслэж энэ рекламыг бүтээжээ. Клип гэдгийг зүгээр нэг видео кино бус харин шинэ урлагийн бүтээл болгож харуулснаар Нода бүсгүй олныг гайхуулж бишрүүлж чадсан юм.
Уг нь улам сонирхолтой, өвөрмөц санаа ихийг гаргах байсан байх. Даанч хорвоогийн жам гэж хатуу ч юм аа даа. Хөдөлмөрч, бүтээлч, авъяаслаг бүсгүйчүүдэд бурхан минь урт нас хайрлаарай.


Энд тэндхийн яриа чалчигнал

***
- Чи ёстой сайхан аа. Нөхөртэй... Өөр амьдралаас юу ч хүсэх вэ дээ. Ажил төрөл гээд санаа зовоод байх ч зүйлгүй, мөнгө төгрөгийг нөхөр чинь олчихно. Ажил гэж зовохгүй болохоор дуртай зүйлээ хийж болно. Би ч өдөржин ажил ажил гэсээр хөгширлөө.. Чи гоё юм аа...
- Харин чи гээч. Ганц бие байхдаа л сайхан энэ тэр газраар тэнэж зугаалж авдаг байж гэж харамсдаг юм. Одоо чи ганц бие байх үедээ л сайхан эрх чөлөөгөө эдэлж авах нь дээр. Би ч өдөржин гэр гэр гэсээр л нэг айлын авгай л болчихлоо. Чамайг харахаар гоё эрх чөлөөтэй, дуртай газраа дуртай үедээ явж болно гээд л... гоё юм аа.

Бодол: Хүний нүд өөрт байгаа зүйлээсээ илүү байхгүй зүйлээ олж харахад юутай гярхай юутай хурц вэ. Өөрийн байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байж сурах гэж явсаар амьдарсаар дуусдаг ч юм уу.

***
- Ойрд ядраад нойр олигтой хүрэхгүй, өдөр толгой өвдөх юм.
- Харин чи намайг бодоход гайгүй ээ. Угаасаа бие сайтай хүн биз дээ. Би бүр ядраад нойр хүрэхээ байгаад дээр нь ходоод өвдөөд байх болсон.
- Үгүй ээ, харин чи гайгүй шүү дээ. Миний толгой өвдөхөөс гадна бөөр ч юм уу юу ч юм ар нуруугаар хөшиж өвдөөд сууж явахад хэцүү юм.
- Тэр юу ч биш ээ. Би бүр нэг өдөр толгой манараад түргэн дуудах нь халаг болсон. Даараад байгаа юм уу ойрд бас давсаг саваар өвдөөд байх шиг байна.
- Тэр ч гайгүй ээ. Миний бүр үс унаад, гар салгалаад байх болсон шүү дээ.
- .....
- .....
- Үгүй ээ, тэр Д ямар сайхан бие сайтай юм бэ. Өглөө эрт түүртэхгүй босоод л ажилдаа явж байх юм.
- Чухам аа. Д ч угийн бие хаа сайтай хүн юм.

Бодол: Хүний өвчин зовлон үргэлж бусдынхаас илүү хэцүү, хүнд, аймшигтай санагдаж, нэг л мэдэхэд үүгээрээ бүр өрсөлдөөд л. Бүгд л аз жаргалыг хайдаг хэрнээ яг жаргалтай үедээ тэр аз жаргалаасаа айж эмээж, үгүйсгэж эхэлнэ.

***
- Төслийн материалд чиний бичсэн энэ хэсэгт алдаа гарчихсан байна.
- Хаана? Юу гэнэ ээ?
- Буруу мэдээлэл орчуулчихсан байна. Засах хэрэгтэй байна.
- Юу гэнэ ээ? Аль? Чи өөрөө харин энд алдчихсан байна ш дээ. Харж байна уу?
- Өө тийм үү.
- Тийм үү сээд байх юм алгаа. Өөрийнхөө алдааг эхэлж олчихож байвал зүгээр сэн. Өөрийгөө ер нь юу гэж бодоод байгаа юм бэ. Өөрийгөө л хичээвэл барав. Хийж байгаа нь их юм. Өөрөө хийсэн бол яаж алдаж байх бол оо. Чадаж байгаа нэгэндээ саад болохоо болимоор юм. Ганц нэг андуураа л биз. Сүртэй юм....бла-бла-бла

Бодол. Өөртөө дайсан нэмье гэвэл хүний хийснийг шүүмжлэх, алдааг нь хэлэх хэрэгтэй юм байна гэдэг үнэний хувь ихтэй юм байна.

***
- Юу болсон гээч. Би өчигдөр явж байгаад Г-тай тааралдаад. Ёстой санаандгүй таардаг байна ш дээ. Хүүхдээ тэвэрчихсэн явж байна лээ....
- Тийм үү. Г нөхрөөсөө салаагүй байна уу? Хүүхэд нээрээ хөөрхөн шүү. Манай дүү нээрээ төрөөд, охинтой болсон ш дээ. Зургийг нь явуулсан чинь ёстой муухай охин байна лээ.
- Хөөх ямар гоё юм бэ. Яанаа бид хэзээ төрөх бол оо. Хурдан хүүхэдтэй болъё оо бүгдээрээ. Чамайг хүн эргүүлж байна уу? Хөгширлөө шүү бид.
- Харин тийм ээ. Дулмаа нээрээ жирэмсэн гэж байна лээ. Би нээрээ Дулмааг эртээр дэлгүүрт явж байхыг нь харсан ш дээ. Нэг залуутай явж байна лээ.
- Тийм үү. Найз нь юм байх даа. Нээрээ би сая нэг залуутай танилцаад аа. Бүгдээрээ хамт нэг уулзаж суух уу.
- Тэгье л дээ. Хэзээ уулзах вэ? Би ойрд ажил ихтэй. Ажил гэж арзайсан муухай юм байна. Хурдан ажлаасаа гарах юм сан.
- Чухам аа. Би бас ажлаасаа гармаар байна. Ажлаас гарах гэснээс манай ажлын Баатар ганц бие юм байна лээ ш дээ.
- Тийм үү. Танилцуулаач ээ.....бла-бла-бла

Бодол. Хүүхнүүдийн яриаг ойлгох гэж хичээхийн хэрэг огт байхгүй. Хүүхнүүдийн яриаг гольфийн төвд зэрэгцэж зогсоод нэгэн зэрэг бөмбөг цохихтой адилтгаж болно. Тэдний хувьд бүгд ярих гэсэн зүйлээ ярьж, сонсох гэсэн зүйлээ л сонсохоос логик, дэс дараалал, нэг нэгэндээ ярих боломж олгох баланс этэр ер хамаагүй юм.

Monday, April 13, 2009

Singing revolution

1980-аад оны сүүл 90 -ээд оны эхээр ардчилсан хувьсгал болсон үеийн түүхээ бид бүгд л мэднэ. Зориг агсаныг үг хэлэхэд бүгд яаж дагаж байсан бас Хонх хамтлагийн дууг яаж түрэн дуулж байснаа дурсан ярихдаа бахархдаг. Тэгвэл энэ хувьсгал бусад улс орнуудад хэрхэн болж өнгөрсөн бэ?
(Бүгдийг нь нэгтгээд нэг кино хийчихдэггүй юм байх даа... )

...Эстонийн ардчилсан хувьсгалын түүхийг харуулсан The Singing Revolution баримтат киног үзэхгүй бол болохгүй кино юм. Бальтын дуучин орон Латви, Литви, Эстони гурван улсын хоёр сая хүн гар гараа барилцан 600 километр урт цуваа болон дуулалцан жагссан түүх үнэхээр сэтгэл хөдөлгөм юм. Бальтын ард түмэн үнэхээр дуучин ард түмэн юм байна. Бас халуун оргилуун цустай ч юм. Зоригтой ч юм. Хэдэн жил хамтдаа дуулсаар байгаад тусгаар тогтнолоо олж авсныг нь бахархахаас яахав.

....Хувьсгалын хэв маяг өөрчлөгдөж байна даа. Цаг хугацаа өнгөрөх бүрийд Холливүдийн киноны зэрлэг балмад явдал улам хурц хэлбэр рүү шилжиж байгааг хараад сүүлийн үед хүмүүс догшин болоод байгаа юм уу гэж бодогдох юм. Киноны хэр барагийн аллага хядлага хүний сэтгэлийг хөдөлгөхөө больчихож. Үүн шиг хувьсгал хийхэд тэмцлийн хэлбэр, гарах үр дагавар хэрцгий рүү л шилжээд байна уу даа...

Sunday, April 5, 2009

миний буян

Би ер нь өөрийгөө буянтай хүн юм гэж тоох болоод байгаа. Угаасаа л буян хурсан хүн л дээ. Гэхдээ миний үйлдээд байгаа буян өөрт илт мэдэгдэхүйц болж ирж байна. Юу вэ гэхээр бусдад буян хийх боломж олгож, хойд насанд диваажинд ороход хэрэг болох визийг баттай өгч буй маань надад ч, бусдад ч буян хураах том үйлс болоод байгаа юм. За бүр товчхондоо хэлбэл, надад зайлшгүй хэрэг болоод байгаа эд зүйлийг бусдаас гуйх, зээлэн авдаг зуршлынхаа хүчээр би өдий зэрэгтэй явж байна гэх үү дээ. Юм элбэг дэлбэг, за тэгээд эдийн засгийн хямралаар эд барааны үнэ буурч байгаа үед хүмүүс хэрэгтэй зүйлсээ захын дэлгүүрээс худалдаад авчих боломжтой болж. Хажуу айлын хүнээ ч танихгүй, хүмүүс хоорондын харилцаа унтарч, бүгд л дор дороо хувиа борлуулах болж.
Хүн хүндээ хэрэгтэй, шаардлагатай зүйл юу байна лавлаж асуудаг, дэмжиж туслан, зээлэх, зээлдүүлэх сайхан заншил устан үгүй болох нь уу үгүй юу гэж сэтгэл эмзэглэх юм. Ийм цөвүүн цагт миний бие ерөөс өөрт хэрэгтэй зүйлээ өөрөө худалдан авах амиа бодсон, бэлэнчилсэн аргаас зайлсхийж, харин оронд нь бусдаас гуйж, тэдэнд "бусдад туслах" гэсэн сайхан сэтгэлийг нь бадраахад хамаг л зүйлээ зориулъя гэж шийдсэн юм. Хүмүүс ч дуртай байгаа нь тодорхой. Эхнээсээ л авахуулаад май, ав ав, тэг тэг гээд л өгөөд байна. Бусдын гэрт зай эзлээд хэвтэж байснаас манайд байг л дээ. Ялгаа юу байна. Манайд одоо ДВД тоглуулагч, баахан двднүүд, хайруулын тавга, будаа агшаагч, тавга, аяга, халбага сэрээ, ном дэвтэр, бал үзэг харандаа гээд бусдын эд зүйлс миний эзэмшилд байна. Буцааж өгөх тал дээр надад нэгэн бодол бий. Иймэрхүү мөнх бус, эвдрээд хог болоод дуусдаг, цэцгэн настай материаллаг эд баялагт сэтгэлээ дөнгөлүүлсэн хүмүүсийн төлөө зээлсэн зүйлийг нь буцааж өгөхгүй байя гэж бодоод байна. Бурхан багш, Далай лам ч зөндөө л сургаж айлдсан. Материаллаг зүйлд хэт дасан, хойноос нь ухаанаа тавин элдэн хөөвөөс өөрийгөө л зовооно, шуналын тулам болно гэж. Тиймээс сэтгэлд суусан шуналын шулмын ад зэтгэрээс залгахын тулд тэдгээр эд хогшлыг өгөхгүй, өөртөө л байлгая, яршиг төвөг би л тэр нүглийг үүрье гэж бодлоо. Тэгээд ч ер нь тухайн зүйлийг би өдөр бүр биш ч үе үе хэрэглэх шаардлага гардгаас хойш байн байн эргэж зээлж аваад байх нь аль алиндаа төвөгтэй.

Гэтэл зарим нэг бүдүүлэг, эдийн шуналдаа хэт автсан нөхөд зээлсэн зүйлийнхээ хойноос үхэн хатан утасдан барин гүйх юм. Больцгоомоор юм. Иргэний хуулиа уншвал эд зүйл үнэ төлбөргүй зээлсэн тохиолдолд эзэнд нь тухайн зүйл зайлшгүй шаардлагатай үед буцааж өгнө гэж байгаа. Тийм зайлшгүй шаардлага гараагүйг нь би мэдэж байгаа юм чинь. Тэргүй бол үхчихгүй нь гарцаагүй.

Ухамсартай, буян өлзий нь дэлгэрсэн хүмүүс болохоор тэс ондоо. Өөрсдөө юм хумаа бариад ирнэ. Май чи үүнийг хэрэглээд үз дээ, уншаад үз дээ гээд л. Намайг авъя гээгүй байхад шүү дээ. Дуу алдаж бишрэм халуун сайхан сэтгэл рүү хүйтэн ус цацна гэж юу байхав. За гээд л алгаа тосоод авна шүү дээ. Хэрэг болохгүй ч хэвтэж л байг, хөөрхийс.

Үүний хажуугаар би өөрөө тун мартамхай хүн юм. Мартана гэдэг маниас урьдын юм хойно доо. Хэнээс юу авснаа таг мартчихна. Заримдаа миний өөрийн ч юм бил үү, хүний ч юм билүү бүр эргэлзэж тээнэгэлзэж орхино. Энэ зангаас болоод бусдын юмыг өөр хүмүүст би өөрөө зээлчихсэн байх жишээтэй. Саяхан нэг нөхрөөс авсан хэдэн номыг өөринхөө юм гэж андуураад өөр этгээдэд зээлүүлчихсэн юм. Хүний ном гэж мэдсэн бол би тэгж хүлчийх хүн биш. Тэгтэл эзэн нь номоо нэхээд унадаг юм даа. Эд зүйлдээ сүнс нь хорогдоход хүн хэчнээн зовлон өөртөө хураадаг тухай бүтэн өдрийн лекц уншсны эцэст мань эр ашгүй надаас нэг юм салсан. Удалгүй тэр нөгөө номуудаа анх худалдаж авсан үнээсээ хамаагүй доогуур үнээр шинээр худалдаж авсан байсан юм. Үгүй ээ, болж л байна шүү дээ. Миний ачаар шинэ бас хямдхан номтой л болсон байна. За тэр ДВД тоглуулагчийн хувьд ч тэр. Надад зээлсний хүчээр манай найз сүүлийн үеийн ДВД тоглуулагч өөртөө худалдаж авсан. Би тэр хогийг зээлж аваагүй бол манай найз хуучинтайгаа зууралдаад л байх байсан даа. Ажил гайгүй болохоор тэр блью рэй ДВД тоглуулагч гээчийг нь зээлж авнаа.

Хүмүүс надаас юм зээлэх гэж бас их ирнээ. Ялангуяа эзэд нь өөрсдийнхөө юмыг надаас эргэж зээлэх гэж царай алдана. Миний тэрийг түр өгөөч, би хэрэглэчихээд буцаагаад өгье гээд л. Иймэрхүү нөхдийг эдийн шуналаас овоо салчихаад гэгээрлийн мөрийг хөөж эхэлж буй яргуйс гэж нэрлээд байгаа юм. Тэд юмаа авчихаад буцааж өгөхөө мартахаар нь би мэдээж сануулж байгаад авчихна. Асуудалд бол хөнгөн шуурхай хандах хэрэгтэй.

За, одоо ч надад таван өрөө байр, зуслангийн сайхан байшин зээлэх ажил байгаа. Нэг зав гарахаар л туугаад давхичихнаа.

Monday, February 23, 2009

Өнөөдөр битүүн. Бага байхад битүүн гэж ёстой бужигнуулдаг өдөр байж билээ. Бүтэн жил гэрээ цэвэрлээгүй айл шиг л хамаг юмаа гаргаж тоосыг нь гөвөөд, угаалга цэвэрлэгээ хийгээд л. Битүүний цай, бууз гээд л. Бүх л юм ёс заншилтай, дэгтэй. Монгол ёс заншлаа сайн мэдэхгүй над шиг хүнд бол битүүн, цагаан сарын үеэр ёс уламжлалаа санаж мэдэх өдөр болдог. Хотын бид л цагаан сарыг хүндрүүлж тэмдэглэсээр байгаад "яршиг төвөгтэй баяр" гэсэн сөрөг имиж төрүүлчихсэн нь харамсалтай. Айлууд цагаан сараар өөр өөрсдийн онцлогтой болчихсон байна. Зарим нь аав эжийгээ гадаад явуулаад, цагаан сараас escape болж байхад, зарим нь хамаатан садан төрөл төрөгсөд олонтой айл нэг өдөр нэг газар бүгд цугларч золголтоо хийж бөөнддөг байх жишээтэй. Нэг танилынх маань цагаан сараар өөрсдийн удам судар, нутаг усны түүх, дуртатгалын "ном" гаргаж, төрөл төрөгсдөдөө бэлэг болгон өгсөн байсан. Миний хувьд энэ бол цагаан сараар бие биедээ өгч авалцдаг бэлэгний хамгийн оновчтой санаа байлаа.

Цагаан сарын шинийн нэгэн болоод ирэв ээ хө
Цагаан эсгий гаднаа дэвсээд
Тэнгэр бурхандаа мөргөлөө дөө хө гээд л дуу хөгжим чихэнд хангинаад л.

Бултаараа сайхан битүүлж, сар шинэдээ тавтай найртай шинэлээрэй.

Wednesday, January 14, 2009

Өчигдөр...
Надаас хэзээ ч битгий асуугаасай гэж мөргөж залбирч явдаг нэг асуулт бол Чиний (сүүлийн үед "таны" гэж авгайлуулах болсон) хобби юу вэ? эсвэл Ямар авъяастай вэ? гэх мэт онцгой сонин ур чадвар, сонирхолтой холбоотой асуултууд юм. Хобби гэж надад байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг. Бодоод байхад хобби гэж хэлж болох бүхнийг эхлэв үү үгүй юу сонирхол буурчихдаг ч юм уу яадаг юм бүү мэд. Нэг л сайхан эхэлж байснаа нэг мэдэхэд өөр юм хийчихсэн явж байх юм. Туйлбаргүй л хүн гэсэн үг байх. Арай л тууштай нь ном унших тул "Миний хобби бол ном унших" гэж их цоглог хариулж, хүнд асуултаас ашгүй бултдаг байв. Гэтэл ном унших гэдэг чинь хобби биш, соёл иргэншилт нийгэмд жирийн хүний хийж байх ёстой ажил юм гэнэ. Ингээд нүүр тахалдаг хариулт огт хэрэггүй болов.

Авъяас гэж юм надад шар будааны үртэс төдий ч үгүй болтой. Ядаж байхад солгой хоолойтой. Монголчууд бүгд дуучин ард түмэн гэцгээнэ. Миний хувьд бол М-аас бусад нь бүгд дуучин гэвэл зөв болж байгаа юм. Бүх дууг зөвхөн нэг өнгөн дээр гонгинодог гутармаар авъяасгүйтэлээс болж найр наадамд явахаар өнөөх дуулуулдаг заншлыг бодонгуут яс хавталзана. Тас үсэртлээ ууж, толгой хөл байраа сольсон үед л би дуулнаа гээд таахалздаггүй л юм бол бусад үед хэзээ намайг дуул гэж олны өмнө онигоо болгох бол гэж айж бэмбэгнэсээр таарна. Надтай адил зовлонтой хүмүүс мэр сэр байгаа байх. Бүгд нийлээд ажлын анкет болон бас бус өргөдөл маягтаас хобби, авъяас гэсэн асуултыг хасуулах талаар хөөцөлдмөөр байна.

Өнөөдөр....
...Интернэт хүнийг алж ч болно алдаршуулж ч болноо гэж...Юүүтүб-д Солонгос хүмүүстэй гэрлэхэд зуучилдаг товчооны бичлэг юм уу даа хэдэн Монгол бүсгүйчүүдийн ярилцлагыг тавьчихаж. http://jp.youtube.com/watch?v=-1lf7bZCcr8&eurl
Ёстой алж байгаа юм шүү. Төрсөн он сар өдөр, гэр бүл гээд хувийн мэдээллийг нь хайр найргүй түмэнд цацаж байдаг нь. Үүнийг үзсэн харсан хүмүүс нь бүсгүйчүүдийг юу гэж харааж зүхэхийг бодохоор сэтгэл эмзэглэчихлээ. Өөрсдөө ингэхийг зөвшөөрсөн ч юм уу үгүй ч юм уу.
Нума нума даанс шиг алдаршаад улаан фен этэртэй болчих ч юм уу хэн мэдхэв. Гэри гэгч залуу компьютерийнхаа урд Румыны Dragostea Din Tie дууны аянд арзагнаж байгаа бичлэгээ хийгээд интернэтэд тавьсан биш, дэлхийгээр нэг тарж, СNN-ээс авахуулаад телевизүүд мань эрийн талаар мэдээлж, бүр фэнүүд гарч ирээд балласан. Эхлээд хийсэн зүйлдээ ичиж үхэхээ дөхсөн Гэри харин одоо түүнээрээ бахархахаар болж. Эсрэгээрээ Солонгост галт тэргэнд нохойнынхоо ялгадсыг цэвэрлээгүйгээс болж түмний шившиг болж, сургуулиасаа гарахад хүрсэн бүсгүйн түүх шиг юм болохыг үгүйсгэхгүй. Энэ бүсгүй "dog poop girl" гэсэн нэрээр алдаршаад зураг нь нэтэд нэлдээ гарсан.
Энд тэндхийн варез, блогт Монголын сайхан бүсгүйчүүд гэх мэт нэрээр баахан зураг тавьцгаасан байдаг. ХайФайв, Фэйсбүүкээс л татаж авдаг юм уу, эсвэл охид бүсгүйчүүд өөрсдөө өгөөд байдаг юм уу бүү мэт. Зөвшөөрөлтэй л зургийг нь тавьдаг байгаа даа гэж бодох юм.
Хүний зургийг дураараа нийтлэх, дураараа зургийг нь авч тараах, зураг анх авахуулж байгаа утга санаагаас зөрүүлж эсрэг утгаар ойлгогдохоор зураг болгон хувиргах, эвгүй гарсан зургийг гаргах гээд эмзэглэмээр юм их л байна. Жишээ нь зүгээр л маяглаж байгаад даруулсан зургийг дараа нь Би биеэ үнэлэгч гэсэн гарчигтай гаргачихвал асуудалтай. Нээх сайхан инээж байгаад зургаа авахуултал, Та шүдээ арчлахгүй бол инээмсэглэх үед ингэж муухай харагдана гээд тавьчихвал би л лав уйлнаа.

Миний хөрөг, дүр төрх- миний өмч өө гэж...

Thursday, January 1, 2009

2009 он гарлаа



Шинэ оны мэнд хүргэе.
Ерөөл бүхэн биелэг.