Friday, December 29, 2006

~1-10~

Он жил өнгөрөх нь хар дарсан зүүд шиг санагдах юм. Цаг хугацаа өнгөрөхөд яаж ч уйлж гуйж, духаа цоортол мөргөөд буцааж болохгүй юм даа.

Өөртэйгээ ч танилцаж амжаагүй байсан дэрсхэн насанд анх нэг залууд дурлачихаад л, хавийн шар цагаан цэцэг зулгааж, хайртай, хайргүй гэж дэлбээг нь нэг нэгээр тасдан харгисалж шал тааз хоёрын дунд дэгдэж, үсэрч явж билээ. Өнөөх залуу нь утасдаадахсан чинь учраа олохгүй баярлан хөөрч, надад үнэхээр хайртайн болвуу ямар юм бол, бид хоёр хэр удаан хөтлөлцөж гүйхийн бол гэж догдлон барин байж, нэгэн мэргэн хүнээс яахуу ийхүү гэж асуухад "цаг хугацаа харуулна даа" гэж билээ. Юун цаг хугацаа. Нэг өдөр, хоёр долоо хоног, арван сар, хэдэн жил. Яг хэзээ харуулах юм бол, яарч ядаж байхад нэг минут ч удаан санагдаж байхад, хэзээ тэр цаг хугацаа харуулна гээд байж байхын болоо хэмээн бачимдаж. Олон хүний дунд ороод ч удаагүй байсан даа. Удалгүй нэг туйлаас хүндэтгэж явдаг хүн маань хов живийн үгэнд болвуу дуугарч мэндлэх нь цөөрч, "чамайг ийм гэж бодсонгүй" гэсэн ширүүн үг хэлвэй. Ийм тийм зүйл хийгээгүй байхад юунд ингэж буруу ойлгов оо, одоо би яах вэ гээд өнөөх мэргэн хүнээс асуувал мөн л "сэтгэл чинь цагаан байсан бол санаа зоволтгүй ээ, цаг хугацаа харуулна" гэж билээ.
Бас нэг өдөр дотно нөхөрлөж явсан найз маань итгэл эвдэх үед энэ шаналал хэзээ сэтгэлээс алга болох бол гэж дээрх мэргэн хүнээс дахиад л асуувал "цаг хугацаа эмчилнээ" гэж. Тэр мэргэн хүн "оосор бүчгүй орчлонд цаг хугацаа л аливаа юмсын учгыг уяж зангидаж, тайлж, дэлгэж суудаг юм, хийе гэснээ л хийж яв, өөр юманд санаа сэтгэл, ухаан бодлоо бүү чилээж ядраа, санаа чинь сайн байхад заяа чинь сайн байх болноо" гэж захиж, тэр үгээр нь цэнэглэгдсээр өнөөг хүрч. Дээрх бүх явдлаас хойш даруй арван жил ч өнгөрч, хөөрхий. Өнөөх мэргэн хүн ч бурханы оронд заларч, дээрх явдлууд ч ой дурдатгалын мартагдсан хөндийд хаягджээ. Цаг хугацаа ч харуулж, эмчилж, мартуулж. Хэрвээ мэргэн хүн "арван жилийн дараа харуулна, эсвэл эмчилнэ" гэж хэлсэн сэн бол тэр арван жил гэдэг ямар их хугацаа санагдах байсан бол. Харин арван жил нь ийм хурдан өнгөрчидөг ажээ. Нэгээс арав хүртэл тоолоход нээрээ ямар амархан ч юм бэ дээ.

Tuesday, December 26, 2006

some scholarships

Зиаг, үүгээр Японд эрдмийн мөр хөөхөд хэрэг болох хэдэн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрөөс сонирхуулдаг юмуу гэж бодов. Зөндөө хөтөлбөр байдаг бололтой.

1. Ёкохамагийн их сургуульд
сурах тэтгэлэгт хөтөлбөр. Дэлхийн банкны санхүүжилттэй дэд бүтцийн чиглэлээр сурах магистрын сургалт. Дэд бүтцийн хувьд зам харилцаа, холбоо технологи, аялал жуулчлал, цахилгаан эрчим хүч, ус, хог хаягдал гээд өргөн хүрээг хамрах боломжтой. Англи хэлээр сурна.

2. Бас л
Ёкохамад сурах нэг тэтгэлэг. Олон улсын валютын сангийн тэтгэлэг тул дэлгэрэнгүй мэдээллийг Монгол дахь салбараас нь авах болно.

3. Мөн л
Ёкохамад сурах нэг боломж. Гэхдээ төрийн бодлого, татварын асуудлаар сурах сонирхолтой хүмүүст хамаарна.

Дээрх сургалтын тэтгэлэт хөтөлбөрүүдийн тухайд 2007 оны хичээлийн жилд сурах өргөдөл хүлээн авах хугацаа даанч дуусчихсан байна. Гэхдээ 2008 онд сурахад хэрэг болох болвуу гэж бодов. Яахав, 2007 онд англи хэл, энээ тэрээгээ эмхэлж цэгцэлж байтал болох байх.

4. Энэ сонирхолтой
тэтгэлэгт хөтөлбөр. Урт, богино хугацаагаар дадлага, судалгаа хийх боломжтой.

гиюүрэв.

...Хүний биенээс ялгарч гардаг ихэнх шингэний нэрс "с" үсгээр төгсчээ. Урс гэдэгтэй уялдаатай юм болов уу. За ямар хэлний мэргэжилтэн биш, чадахгүй юмаар оролдож шоолуулаад яахав. Хөлс, ус, цус, нулимс гээд үргэлжлүүлээд өөрсдөө бодно биз....

Жич. Блогоо тогтмол хөтөлдөг гэж худлаа үнэн магтуулахын тулд иймэрхүү халтуурын бичлэг хийчихвэл яадгийн бол.

Friday, December 22, 2006

Новогодняя

Шинэ он айлчлах мөчид шивнэн хэлсэн нандин хүсэл тань сэтгэчлэн бүтэхийг хүсье. Таагүй бүхнийг өнгөрч улирч буй онтой хамт үдэж, сайн сайхан аж жаргал дүүрэн шинэ оноо угтацгаая.

Thursday, December 21, 2006

Hellphone

Hellphone

Метронд санжигнаад явж байтал нэгэн туйлын ганган охин урд ирээд зогсов. Хам хум үсээ ороосон болж, гарт тааралдсанаа өмссөн болсон миний хажууд илүү хээнцэр дэгжин бүсгүй ирж зогсохуйд гоо сайханы минь доройтлыг улам илтгэх мэт санагдаж “уур хүрэв”. За тэр ч яахав, тэгсэн өнөө охины гар утас дуугарч цүнхнээсээ утсаа гаргатал утаснаас нь бараг тоолбол зуу хүрэхээр жижиг чимэглэл, тоглоом дүүжлээстэй байв. Их сонин юм шүү, Япончууд “хөөрхөн, эгдүүтэй” юманд их дуртай, заримдаа энэ нь арай хэтрүүлэгтэй санагддаг юм. Миний гар утаснаас ганцхан л юм дүүжлээстэй. Аргагүй байх л даа, би гар утсаа үндсэндээ сэрүүлэг болон цагны үүрэгтэйгээр ашигладаг болохоор.Заримдаа боддог юм, хүүхний тэнгэртэй хүн гэдэг шиг гар утасны тэнгэртэй хүмүүс их байхын. Гар утас нь тасралтгүй дуугарна, бүүр хэд хэдэн гар утастай явна гээч. Миний нэг танилын эгч нь монголын үүрэн телефоны компани бүрийн үйлчилгээг жигд хүртэх зорилгоор гурван гар утастай явдаг. Бас нэг танил маань 9911-ийг имиж бүрдүүлэх зорилгоор гаднаас дуудлага авахдаа, харин 9515 буюу цагаан утасны дугаарыг гадагшаа залгахад ашигладаг. Арай чинээлэг нь скайтелийг бусад руу утасдахдаа хэрэглэнэ. Бүр зарим хүмүүс скайтел хямдхан болохоор үнэтэйгээр нь мобикомын 9911-г л хэрэглэхээс өөр арга алга гэж чамлана.Ингээд анхны гар утсаа дурсвай. Анх оюутан байхдаа бусадтай ижилсэхийн төлөө гар утас авах гэж хэд гурван юм цааш хийсээр хамгийн хямд Скайтел авч билээ. Хөөрхий, тэгээд өнөөхөө их лаг гээд бодчихсон, олон хүнтэй газар албаар учиргүй байн байн гаргаж ирээд л нээх удаан барьж зогсдог байж билээ. Над руу залгах хүнгүй, би ч залгах хүнгүй. Тэгтэл Мобикомын үнэ ч гайгүй болж Скайтелын бандгар хар моодноос гарч би утсаа ээжид шилжүүлэв. Ээж тэр утсаа дугаарыг нь солиулахаар очиход оронд нь арай дээрдүүлсэн хуучин утас өгсөн байв. Үнэн худлыг нь мэдэхгүй ч тэрхүү бандгар харыг хөдөөд шилжүүлж, харин солонгосоос ирсэн хуучин утсыг оронд нь өгсөн гэж ээжид ойлгуулсан байв. Харин би мобиком авах даанч мөнгөгүй, ээжээс санхүүгийн дэмжлэг авах үндэслэл бүхий төсөл боловсруулж чадахгүй явсаар оюутан нас хэлбийх үест Мобикомын дугаар бүхий кард авчихав. Гар утсыг нь авч дийлээгүй юм. Гар утастай найз нартайгаа тааралдахаар мэндлэхээсээ өмнө “алив утсаа утсаа” гэж нэхэж зандарч аваад өнөөх картаа хийн ид шидийг нь үздэг байлаа. Ажил хийж олсон мөнгөөр ганц утас авчих гэхээр “голоо цохиж нүдээд” болоогүй авай. Ийн найз нарын гар утсыг ашиглан юм үзээгүй зангаараа таньдаг хүмсүүд рүүгээ баахан мессаж бичтэл нэг залуу хариу илгээж. Гайгүй ч залуу байсан болохоор бөөн баяр хөөр болж хөөрцөглөж. Арай л дээс үсэрч дэвхрээгүй байх. Тэгээд ч мессаж бичилцэнэ гэдэг үнэн ормоонток санагдсныг ч хэлэх үү. Нүүр нүүрээ харахгүй хүмсүүд хоорондоо мессаж бичихээрээ хайр дурлал, хорвоо ертөнцийн талаарх үзэл бодлоо уран сайхан үгээр илэрхийлж, хачин мундаг саналаа хуваалцана. Харин уулзахаараа танайх манайх ямар хоол хийсэн, аав ээж хаана ямар ажил хийдэг, ямар кинонд дуртай зэрэг асуултыг улиг болтол давтан асуудаг нь зугаатай. Ингээд миний зовлон зүдгүүрийг ойлгоод нэг найз маань аль дээр үед аав ээжийнхээ хэрэглэж байсан Сиймэнсийн “боохой хар”ыг түр бариулахаар өгч, тэрийг нь би хүмсүүдийн дэргэд гаргахаас санаа зовохдоо 00-д л хэрэглэсээр хэдэн хоног өнгөрч билээ. Цаашид мессаж улам өрнөн дэвшиж, өсөн нэмэгдэх төлөв байдал харагдахаар нь ээждээ “одоо л мессаж бичихгүй бол охин чинь хаягдлаа, баригдлаа, насаараа ганцаараа явах юм уу, яахын” гэхчилэн “үгэн дарамт”-нд оруулан, “гэнэтийн онцгой татвар” аваад маргааш нь гар утастай болж билээ. Тэр утсаа хэдэн ч жил барив даа, хөөрхий минь сүүлдээ мөнхийн скоочтой явж билээ. Хүнээс санаа зовохоо ч больсон, миний утас угаасаа дуугардаггүй байсан юм. Учир нь өдөр нь ажлын утсаар, орой нь гэрийн утсаар намайг барихаас гадна би ихэнхдээ утсаа тоож авдаггүй муу зуршилтай байв. Тэгсэн мөртлөө нэгжийн дайсан байсан гэж байгаа. Учиргүй нэгж авч хийгээд, ууж дарвихаараа хаашаа ч юм залгаад (за нөхцөл байдал хамгийн ихээр дордлоо гэхэд эксүүд рүүгээ ичихгүй залгаад), агсам согтуу тавиад хамаг нэгжээ үрэн таран хийж, эдийн засгийн хэмнэлтгүй загнаж байлаа гэж. Маргааш нь би юу ярьж халаагаа бол гэхээсээ илүүтэй хайран нэгж хэмээн харуусан шогширдог байвай. Одоо бол санхүүгийн нөхцөл байдалд саад учруулсан тэрхүү гэмт зан үйлд цэг тавьсан билээ. Сая зун гэртээ очиход өнөөх Скайтелийн утсыг ээж баахан скоочидчихсон хэрэглэсээр байж билээ. Гарт ертөнцийг атгуулдаг гар утсаа гэж...ганган хүний гарын зугаа, ганцаараа хүний сэтгэлийн зугаа юм уу даа.

2007

2007 онд анхаарах асуудал: Бялуу, жигнэмэгийг зөвхөн баяр ёслолын өдрөөр л идэх, архи пяав аймаар бага уух, тамхийг ор тас мартах, зөвхөн туйлаас ганцаардсан, уйлмаар байгаа үедээ л нэг ширхэг тамхи сорох, хямдрал гэсэн бичиг харагдангуут ухас хийдэг уулгамч занд онцгой хяналт тавих, мөнгөө хамаагүй хэрэггүй зүйлд үрэн таран хийдэг үрэлгэн занд цэг тавих, ухаан мэдрэлээ алдтал унтдагаа хязгаарлах, залуустай хамаа намаагүй тоглоом шоглоом хийж буруу ойлголт төрүүлдгээ больж, цэвэр ичимтгий даруухан монгол бүсгүйн дүр төрхийг бүрдүүлэх, бага аальгүйтэх, хичээл номоо хичээнгүйлэн хийх, интернетэд цаг бага зарах, шүдний болон бусад эмнэлэгт залхуурч очихгүй байсаар өвчнөө хүндрүүлдэг муу зангаа гээх, гадуур бэлэн хоол авч идэхээ зогсоож, биеийн тамир хийж байх, усан бассейнд явах, хэтэрхий зожиг хажиг зангаа аль болох багасгах, найз нарынхаа төрсөн өдрийг мартахгүй байх, юм юманд түрүүлж дуугарч шүд амаа хөлдөөхгүй байх, юу ч байсан долоо хэмжиж нэг огтлох... за ер нь жагсаавал их урт болох шинжтэй.

2006 оны 12 сарын 25: тэмдэглэл- Дээр дурдсан болгоныг нэг бүрчлэн завсар зай ч үлдээлгүй жигтэйхэн сайхан хэрэгжүүлж байна даа. Бүр арай дэндүү давуулан гүйцэтгээд ч байх шиг. За яадгийн. Шинэ он гарангуут үе хойчдоо бахархууштай үлгэр жишээч үнэхээрийн томоотой, тэвчээртэй болноо.


2006 оны 12 сарын 27. Шинэ жил хурдан болохыг хүлээгээд блог млог ч сонин биш болдгийн байна. Нээх сүртэй тэмдэглэж өнгөрөөхгүйгээ мэдсээр байж юундаа ч догдолж сүйд болоод байгаа юм бэ бүү мэд, магадгүй багын дурсамжтай холбоотой байх л даа. Шинэ жил гэхээр л яагаад ч юм нэг л шидтэй зүйл болох юм шиг санагддаг байсан юм. За тэр ч яахав. Шинэ жил дөхөж байгаатай холбогдуулан уялдуулан залхуу зангаа даран барин байж өчигдөр банштай цай хийж идэхээр болов. Хөгшин хүмүүстэй өсөж өтөлсөн болохоор банштай, хийцтэй, борцтой, хушгатай гээд сүүтэй цайны төрөлд нугасгүй гэж. Амьдарч буй дотуур байр нь нийтийн гал тогоотой. Тийм болохоор тийшээ алхаж очино, гурил зуурна, элдэнэ барина гэхээр л шууд хамаг биеэр залхуу туурахыг яана. Тэгээд ямар ч байсан өглөө босчихоод би банш хийж чадна, хийнэ, хийх болно гэж өөртөө итгэл өгч, баахан бясалгал хийсний үр дүнд хэдэн хогшлоо чирээд гал тогоо руу салгалсаар явав. Очтол нэг япон, нэг солонгос хоол хийж байхтай таарав. Гурилаа зуураад л мах татаад эхэлтэл мань хоёрын нүд ч над дээр унаад эхлэв. Ингээд хоолны ур чадвараа гайхуулах өрсөлдөөнт ажиллагаа эхлэв. Эх орны минь нэр нүүр байна даа, ядаж баншаа аятахан чимхэх гэж хичээж. Япон найз маань миний чимхсан баншийг харснаа Каваййййй гээд л нээх тенор өнгийн хоолойгоор хэлэхийн. Банш, бууз харчихаад ямар эгдүүтэй юм бэ гээд байхдаа ч яахав дээ. Идэх гэж байгаа юмаа хөөрхөн, эгдүүтэй гэж хэлэх нь хаашаа ч юм бэ дээ. Чанасан толгой харвал юу гэх бол гэж дотроо бодож. Гурил элдэж, банш чимхэж, Ямар мундаг юм бэ гэсэн магтаалын үгс сонсож, гал тогоондоо Тэ Жан Гум болох нь холгүй байв. Эд бас хүнийг сайхан онгирооно шүү. Харин буцалж буй усан дээрээ сүү хийгээд дотор нь баншаа хийтэл нөгөө хоёрын нүд нь сонин сонин болоод л сүүтэй шөл юм уу гээд л, танай Монгол хүйтэн болохоор ногоо ургадаггүй тэгээд ногоотой шөл хийж чадахгүй болохоор сүү хийдэг юм уу гэхчилэн үнэн сонирхолгүй асуулт тавьж эхлэв. Үндэстэн ястан бүр өөр өөрийн зан заншилтай, хоол ундтай гэдгийг өнөө болтол мэдэхгүй явдаг юм уу хаашаа ч юм бэ дээ, хүний мах л идээгүй бол юунд нь тэгж гайхаж сүйд болдгийг би ч өөрөө ойлгодоггүй. Жишээ нь зарим япон нөхдүүд танайд далай байхгүй, суши идэж чадахгүй байх нь ээ гээд л намайг нээх өрөвдсөн харцаар харж ч байх шиг. Хүн хорвоо дэлхийг зөвхөн өөрийнхөө хүсэж таалснаар харна гэдгийн жишээ энэ байх.

Өнөөдөр ингэж элий балай юм бичиж байгаа нь учиртай. Хэд хоног идэж, ууж, эрхэлж, наадаж хамаг цагаа үрэн таран хийсэндээ туйлаас гэмшиж өнөөдрөөс зөвхөн хичээл номоо хийж, гэгээрлийн хутгыг олсугай гэж шийдээд номын сан руу бэдэртэл 1 дүгээр сарын 8 хүртэл ажиллахгүй гэдэг байна шүү. Ингээд эрдэм номд шамдан сурах хүсэл тэмүүллийг минь унтрааж хайран цагаа яйран хийж сууна даа. За одоо хичээлдээ буцаад орлоо.

Tuesday, December 19, 2006

mmm

өнөөдөр хүмсүүд Happy Holiday; Have a nice holiday гээд энд тэндээс хэлээд эхлэнгуут ер баярын уур амьсгал орохгүй байсан би бээр гэнэт их сэтгэл хөдлөв. Өнөөдөр нэг жижигхэн партигаар шинэ жилийн арга хэмжээг эхэлж, маргааш шоппинг, нөгөөдөр мөн шоппинг гээд өөртөө бэлэг авч баясах төлөвлөгөө боловсруулав.
Энэ жил архи, тамхинаас бараг л гарч, ариун гэгээн арван цагаан буяны зам мөрийг дагаж, эгээтэй л нирвана дүрийг олчихсонгүй. Хажуугаар өнгөрөх сайхан залуусыг харж ил далд санаа алдаж, нүд унагааж байснаа бодоход гэлэнмаа, хандмаа болж яав ч чадахгүйгээ харин мэдээд байгаа юм.
За тэр ч яхав. Би блогтоо cоmment censor болон site feeder-т limit хийв. Удахгүй он гаргаад хүмүүсийн цагийг хэмнэх үүднээс блогийн readers-т лимит хийж, тухайлчлан уншдаг зочдод л нээлттэй байхаар өөрчилдөг юмуу гэж бодов.(Угаасаа миний ядарсан шалихгүй ямбий бичлэгийг унших дуртай нь цөөхөн ч биз.) Тийм болохоор түр youtube-ээс юм тавьж байгаа болно.

Sunday, December 17, 2006

дахиад л блог

Блог л гэнэ, блогчид л гэнэ

Дэлхий дээр хэдэн сая хүн блоглож байна. Юу дутах вэ гээд манай залуус ч сүүлийн үед блогийг сонирхож, эхэлж, бичиж, бас шилдгээ ч шалгаруулж байна. Блог байх нь хэрэгтэй, эрэлттэй байгаа болохоор л минут бүрд хэд хэдэн блог мэндэлж байдаг биз. Үүнийг нийгэм, эдийн засаг, улс төр, хувь хүн, соёл гээд олон талаас нь тайлбарлаж болох байх л даа. Тухайлбал нэг шалтгаан нь нийгэм технологи хөгжихийн хэрээр хүмүүс тэр чинээгээр бие биеээсээ холдон, интернет, Ай подоор сэтгэлийн хоосон орон зайгаа нөхөх болсон явдал байж болно. Бас сонин хэвлэлийн үнэн худлаа нь мэдэгдэхгүй, голдуу стрессд оруулмаар мэдээ мэдээллээс зарим хүмүүс залхсан ч юм уу. Энд тэндхийн форумаас илүүтэй блогоор мэдээлэл солилцох нь хялбар, амар болж байна. Жишээ нь үнэгүй ном гэнгүүт Дөлгөөн санаанд орох жишээтэй (өлзий буян нь дэлгэрэг).
Би өөрөө хуулийн талаар мэргэшсэн блог гарч ирээсэй гэж дотроо хүсдэг. Ялангуяа хуулийн сургуулийн профессор, багш, хуульчдын блог эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгоход их хэрэгтэй юм даа гэж боддог юм. Арван жилийн хүүхдүүдэд зориулж хүүхдийн эрхийн талаар хялбар байдлаар мэдээлэл өгөх ч гэдэг юм уу. Олон улсын нийтийн эрх зүй, хүний эрх, тэгш эрхийн талаар гээд бичвэл их олон сонирхолтой блог гарч ирэх байх даа.

Үүний зэрэгцээ блог бичигчид ч ямар нэг шалтгаанаар блог урсгалд орсон байгаа. Сүүлийн үед Нана, Хишгээ, Тогоруу блог, комментийн талаар бичснийг уншаад би бас бодлоо л доо. Блогчдын (сэтгүүлч биш блогчдын тухайд) дамждаг нэг үе шат байна уу даа гэж. Тухайлбал, нэгдүгээр үе шатанд ямар нэг шалтгаанаар блог нээнэ. Тэгээд хэд хэдэн зүйл бичээд эхэлнэ. Ганц хоёр хүн ороод гарсан байхыг хараад урамшина. Дахиад бичнэ. Тэгтэл хоёрдугаар үе шат эхэлнэ. Энэ нь янз янзын коммент, санал шүүмжлэлийн үе. Ойр дотныхон болон гадны үл таних хүмүүст шүүмжлүүлж, загнуулж, зандруулж, гологдож, муулуулж, элдэвлүүлж, шоолуулж эхлэнгүүт “нээрээ юу билээ” гэж бодно. Энд мөн бусад блогчид ч нөлөөлнө. Мундаг мундаг блогчдын бичлэгийг уншаад өөрийгөө голох өнгө аяс тодрох жишээтэй: За тэгээд гуравдугаар үе шат нь түр зогсонги байдалд орж, блог оо оршин тогтнуулах уу, эс оршин тогтнуулах уу гэж бодно. Энэ бол их эгзэгтэй үе шат гээл үү. Хэрэв энэ үе шатыг давчихвал дөрөвдүгээр үе шат руу орох бөгөөд хэнээс ч айхгүй, юунд торохгүйгээр блогоо үргэлжлүүлнэ.
Мэдээж бид бүгд энэ дэлхийн зургаан тэрбум хүнд таалагдах гэж амьдардаггүй, үзэл бодол маань нэг хэвэнд цутгагдаагүй, бусдын бодлыг өөртэй нь зөрчилдлөө гээд тэнэг гэж хэлдэггүй. Тийм болохоор блогууд нэг хайрцаг, хэв маягт баригдах ч албагүй, блогуудыг хооронд нь харьцуулах нь ч утгагүй. Таалагдахгүй блог байвал зүгээр л уншихаа болчих нь хамаагүй зөв арга. Доржид таалагдахгүй байхад Дулмаад таалагдаж л таарна. "Энэ муу өөрийгөө юу гээд бодчихсон гар вэ" гэж бодож байх ахул ямар ор хөнжил дотор нь ороод хэвтсэн биш ,надтай адил өөрийгөө дотроо ямар нэгэн байдлаар бодчихсон хэдэн сая хүн байгаа болохоор яах вэ дээ гэж бодох жишээтэй.
Харин Ганбаатарын санаачилсан олны таашаал хүртсэн блог шалгаруулах санааг би хувьдаа дэмжиж байна. Долоодугаар байранд орчихсондоо хальт доль үсэрч байгаа юм биш шүү. Блог гэдгийг бусдад таниулж, “блог соёл”-ыг бий болгоход тодорхой хэмжээгээр нөлөөлөх болвуу л гэж тэр. Яахав, одоохондоо шалгарсан блогийн ихэнх нь хувийн шинжтэй өөрөөр хэлбэл тэмдэглэл хэлбэрийн блог байна л даа. Нийтлэг асуудлаар бичдэг болохоор блогийн зочид таашаадаг байх л даа. Яваандаа сэтгүүл зүй, хууль зүй, эдийн засаг, компьютер гээд мэргэшээд ирэх байлгүй дээ.

Улс төрчид, нийтлэгчид эсвэл сайн сайн сэтгүүлчид блог руу орж ирвэл "блог соёл" амархан тогтох байх аа. Одоогоор дийлэнх блогчид оюутан залуус байгаа болохоор илүү их шүүмжлүүлж шоглуулж, дооглуулдаг юм болвуу даа гэж өөрөө өөртөө таамаглаад байгаан.
Эцэст нь бодит газар дэлхий дээр ч тэр, кипер ертөнцөд ч тэр бие биенийхээ үзэл бодол, орон зайг хүндэтгэж байвал хорвоо мөн сайхан аа л гэж хэлэх гэсийн.

Saturday, December 16, 2006

манан будан

Үнэн л байдаг байгаа даа. Сонин.мн дээрээс Монголын мэдээ сонины Буян хураах өдөр нийтлэлийг уншаад гайхаж бас инээд ч хүрэх шиг.
Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулсан зулын хорин тавны ёслолд Ерөнхий сайд
М.Энхболд хүрэлцэн ирж зулын хорин тавны буян хураах үйл ажиллагаанд оролцжээ. Тэрбээр Богд Зонховын өмнө залсан зулыг мандаасны дараа хэлсэн үгэндээ “Жилд нэг удаа тохиодог өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг тэмдэглэн ёслол үйлдэж байна. Засгийн газар бурхaны шашныг өөрийн оронд төдийгүй бусад орнуудад түгээн дэлгэрүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Үүний нэг жишээ бол энэ сарын 12-нд Засгийн газар 294 тоот тогтоол гаргаж БНЭУ-д барьж байгаа монгол сүмийн барилгыг гүйцээхэд шаардлагатай 200 сая төгрөгийг гаргахаар шийдвэрлэлээ” гэжээ.
“Өөрийн оронд төдийгүй бусад орнуудад түгээн дэлгэрүүлэхэд анхаарлаа хандуулаад” байхдаа яахав дээ. Өөрийн улсын ядууралтай яаж тэмцэх вэ гэдэгт л анхаарлаа хандуулна биз. Бас юун өөр оронд очиж шашин түгээх ч завтай юм бэ. Шашин, төр хосолсон улс байгаа биш гэж эгдүүцэв. Үндсэн хуулиараа шашин, төрийг хооронд нь зааглаад заачихаад байхад засгийн газрын тэргүүн нь тэс хөндлөн юм яриад явна гэж баймааргүй юм. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ гэж заасан нь “түгээн дэлгэрүүлэх” гэсэн утгагүй л баймаар юм. Энэ нь бас буддын шашныг бусдаас илүү авч үзнэ ч гэсэн утгыг агуулаагүй дээ. Арай манай ерөнхий сайд ингэж хэлээгүй байх аа.
Би хувьдаа төр, шашин хоёр тусдаа байх ёстой гэж үздгийн. Нэн ялагуяа санхүүжилтийн хувьд төр ямар ч шашин байсан хандив туслалцаа, зээл, бүр ширхэг хадаас ч өгөхгүй байх ёстой гэсэн хатуу чанга байр суурьтай. Манайд төр, шашин хутгалдсан арга хэмжээ гарч байдаг (би үүнийг Үндсэн хууль зөрчиж байгаа явдал гэж үздэг болно). Жишээ нь манай төрийн өндөрлөгт байгаа хүмүүс энд тэнд барилгын шав тавихад лам нараар ном уншуулж, гандан хийд төдийгүй өөр гадаад улсад эх орон, ард түмнээ даатгаж мөргөл хийх (ТВ5-ын 11 дүгээр сарын 30 өдрийн Өнчин галууны цамхаг мэдээ), овоо сэлтийн тахилгад оролцож, уулын оройд гарч мөнх хөх тэнгэрийг баярлуулж, биднийхээ хийморийг сэргээх (нэгэн өндөр албан тушаалтны Хүйтний оргилд гарч ирээд өгсөн ярилцлага) зэрэг их буянтай ажил хийдэг билээ. Бурхан хэрэв албан тушаалын зиндаагаар хүний хүсэлтийг хүлээж авч шийддэг бол манай улс орон ч гарч өгөх байх даа гэж тухай бүр боддог билээ. Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөл энэ талаар юу ч гэж боддогийн сайн мэдэхгүй юм.
Ямар ч байсан энэ мэдээг худлаа байгаасай гэж боджийндоо.

Friday, December 15, 2006

just...

Кинг конгийг сая л үзэв. Гол дүрийн баатар нь Брад Питт, Орландо Блүүм шиг сэтгэл татам, дурлаж хайлaм биш болохоор сонирхохгүй явсаар тэр. Харин үзчихээд сэтгэл хөдлөв. Кинг конг хүртэл хүүхэн яаж найрч, эргүүлж, дурлуулж, умруулж болохыг хэнээр ч хэлүүлж заалгалгүй, төрөлхөөсөө мэдээд, түүнийгээ үнэн чадмаг хэрэгжүүлж байхад манай зарим залуучууд паг шүү. Кинг конгоос сурууштай, мэдүүштэй зүйл их байна. Үгүй нээрээ, надад нэг залуу унан тусан дурлаад, хайрлаад, духаа цоортол хаалга хана мөргөөд, миний төлөө бүхнээ орхиод, өмнө нь Шакира, Лопес таазтай үнэн тасархай сайхан хүүхэн "би бэлэн" гээд гарч ирсэн ч "Үгүй ээ, би М-даа үнэнч шүү" гэж хашгирч, хавийн юм хум авч шидлэн амь тэмцэн над руу тэмүүлж, мөсөн дээгүүр хөтлөлцөн гулгаж, наран ургахыг хамтдаа харж ормоонтокдоод, тэгээд насан туршдаа ийм байхаар бол ч тэр залуу нь кинг конг байсан ч яахав дээ гэж бодов.

killing time

Нэг мэдсэн амьдралынхаа хэдэн цагийг хэрэгтэй хэрэггүй нь үл мэдэгдэх зүйл зарцуулсан байх юм. Хамаг юм Хятадын гэр бүлийн хуулийг саваагүйтэж уншсанаас л боллоо. Тэгээд нэгэнт өөрийнхөө цагийг үрсэн юм чинь бусдын цагийг ч бас үрж хорлон сүйтгэх ажиллагаа хийдэг юм уу.
Хятадын гэрлэлтийн тухай хуулийг гүйлгэж харж байтал нүдэнд туссан нь гурван үеийн цусан төрлийн холбоотой хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон заалт байв. Өөрөөр хэлбэл эмээ, өвөө хүртэлх үе. Харин дөрөв дэх үе буюу элэнц эмээ өвөөгөөр холбоотой хүмүүс хоорондоо гэрлэх боломжтой байх нь. Амьдрал дээр бол овог нэгтэй мөн авгын талын үеэлүүд гэрлэдэггүй аж.
Европын түүхэнд үеэлүүд (first cousin; second cousin) хоорондоо гэрлэдгийг мэдэхээс цаашгүй байсан болохоор гэнэт сонирхол хөдлөөд элдэв юм ухаж төнхөв.
Тэгсэн Ойрох Дорнодын улсууд, Саудын араб, Кувейт гэх мэт, Сири, Израйль, Алжер, Египт, Пакистан, Энэтхэг (хинди), Бангладеш, Ливан, Хятад (гурван үеээс дээш байх), АНУ-ын зарим мужид үеэлүүд хүмүүс гэрлэх боломжтой ажээ. Ялангуяа
лалын шашинтан улсад энэ төрлийн гэрлэлт хамгийн түгээмэл байна. Зарим бурангуй омог отог, аймагт (ихэнхээ хинди,лалын шашинт оронд) авга ах, зээ охин хоёрыг гэрлүүлдэг заншилтай байдаг байна.
АНУ-д 19 муж үеэлүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрч байхад 7 муж зөвхөн тодорхой шалгуураар зөвшөөрдөг байна. Энэ шалгуур нь тухайлбал гэрлэгчдийн аль нэг үргүй, хүүхэл төрүүлэх боломжгүй, нас дээр гарсан, генетикийн зөвлөгөө авсан байх зэрэг байдаг байна. Tухай тухайн ёс заншилдаа тааруулаад заримд нь авгын талын үеэлийн гэрлэлтийг хориглож, нагацын талынхыг зөвшөөрөх зэрэг ялгаатай байдал байх. АНУ-д ийнхүү зарим мужид зөвшөөрдөг нь олон үндэстэн ястан, соёл иргэншил нэг дор байдгаас шалтгаалж байгаа байх. Үнэн худлыг бүү мэд, Рутгерсын Их сургуулийн антропологич профессор Робин Фокс түүх дэх бүх гэрлэлтийн 80 хувь нь үеэлид, үеэнцэр (second and third cousins? монгол хэлэндээ муу болохоор яг оноосон нэрийг сайн мэдэхгүй байна) болон түүнийн ойр төрөл дотор гэрлэсэн байдаг гэсэн судалгааг хийсэн байхын. Японы баруун нутаг руу цусан төрлийн дотор гэрлэх явдал түгээмэл байдаг байна. Тэгээд Японы Иргэний хуулийн гэр бүлийн талаарх зохицуулсан хэсгийг сөхөж харваас Хятадын хуультай адилхан гурван үедээ холбоотой садан төрлийг (мөн шууд ясан төрлийн холбоо) гэрлэхийг хоригложээ.
Үеэл, үеэнцэр, үеэлид, хаялид нар хуримлахын цаад учир утга нь шашин, түүх, ёс заншлын ялгаатай байдлаар тайлбарлагдах байх. Үеэлүүд хоорондоо гэрлэлээ гээд муу зүйл огт байхгүй, цус ойртох магадлал үнэхээр муутай гэж үздэг
бүлэг хүмүүс байх. Түүнээс гадна Арабын ертөнцөнд ийм гэрлэлтийг өнөөг хүртэл хадгалсаар ирсэн нь гэр бүлийн холбоог батжуулж, өв хөрөнгийг өсгөн нэмэгдүүлэх эдийн засгийн ашиг сонирхол ч бий гэж тайлбарлаж. Арабын улс орнуудын гэрлэлтийн 20-50 хувь нь үеэлид, 30 хувь нь үеэл хоорондоо гэрлэсэн гэсэн тооцоо гаргажээ (USA Today, APR 04, 2002; A place on the map by de Costa, Caroline, Lancet) .
Цус ойртолтоос болж хүүхэд тогтохгүй байх, зулбах, бие эрхтэн, оюуны ухааны хомсдолтой, сульдаа хүүхэд төрөх эрсдэл маш өндөр. Үеэлүүдин дундаас улаан цайм ийм эмгэггүй хүүхэд төрөх явдал байдаг ч оюуны чадавх муу, бие тунхаа муутай, намхан, өвчинд дархлаа муутай байх нь их . Тийм ч болохоор ийм улс оронд нялхсийн эндэгдлийн тоо нь ч өндөр хэвээр байгаад байдаг юм болов уу.
Тэгэхээр нэг ийм бодомж хийв: хуулийг боловсруулахад ёс заншил, шинжлэх ухаан, үндэсний аюулгүй байдал, хүний эрхийн асуудлыг хэрхэн уялдуулж, эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй хийх вэ? Цусан төрөлдөө гэрлэхийг шууд хатуу хориглолоо гэхэд ийм ёс заншилтай, шашин шүтлэгтэй бүлэг этгээдийн шашин шүтэх, эс шүтэх эрхийг зөрчсөн гэж үзэх үү? (сүүлийн үед Европын зарим улсад лал бүсгүйчүүдийг олон нийтийн газарт бурка өмсөхийг хориглоод байгаа санаанд орчихлоо). Тухайн хүнд ёс заншил, хууль хоёрын аль нь илүү чухалд тооцогдох вэ? За тэгээд бүр цаашилбал “бүдүүлэг” ёс заншлыг хуулиар хориглох замаар засах уу, эсвэл үүнээс өөр арга байна уу? Хэрвээ ёс заншлын цаад үндэс нь шашин байхын бол мөн ч хэцүү. Цаашлаад хувь хүний эрх (хамаатантайгаа гэрлэх дургүй байх эсвэл гэрлэмээр байх), бүлгийн эрх (гэр бүлийн хүрээг батжуулах, эдийн засгийн хүрээгээ чангатгах сонирхол, шашин, соёлоо дээдлэх үзэл), нийтийн эрх (үндэсний аюулгүй байдал, нийгмийн ёс суртахуун) гэх мэт эрх, ашиг сонирхолын огтолцол пирамид бүтцийг яаж бүтээх вэ гэж бодсоор өдрийн хоолоо олигтой амтархаж идэж чадсангүй.
Манайх шиг есөн үедээ цус ойртохыг хориглодог заншилтай нь ховор бололтой. За тэгээд өөрийн улсын Гэр бүлийн хуулиа эргэж нэг харав. Манай хуулиар төрлийн хүн гэдгийг гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг, харин садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хэлнэ гэсэн байгаа бөгөөд төрөл, садангийн хүмүүсийг хооронд нь гэрлэхийг хориглосон. Үүн дээр нэг зүйлийг бодоход “өвөг эцэг, эмэг эх” гэдгийг “өвөө, эмээ” гэж ойлгох уу эсвэл ер нь дээд удмын бүх үеийг хамруулсан нэгдмэл ойлголт уу гэдэг нь тодорхойгүй. Мөн "авга, нагац, тэдгээрийн хүүхдүүд" гэдэг нь хэд хэдэн үеээ хамарсан ухагдахуун гэж ойлгох уу. Гэхдээ хууль тогтоогчид их л өргөн утгаар нь бодож хийсэн болвуу.
Тухайн үндэстэн юунд ач холбогдол өгч, дээдэлж, хүндэлж ирсэн нь үгийн баялагаас харагддаг гэж. Жишээ нь манайд удам угсааны нэршил: буданцар, жичинцэр, зээнцэр гээд нэлээн олон үг гарч ирэхийн. Ямар ч байсан генетикийн шинжлэх ухааны сураг дуулдаагүй байсан эрт үеэс цус ойртохыг жигшин зэвүүцэж, нүгэл гэж үзэж, есөн үедээ гэрлэхгүй байхыг захиж, угийн бичиг хөтлөхийг сургаж, холоос бэр гуйхыг эрхэмлэж ирсэн манай өвөг дээдэс юутай ухаантай гэж бодож баярлав. Харин ийм сайхан ёс заншлыг мөрдөөд ирсэн байхад манайд цус ойртолт бас нэг проблем. Угийн бичгээ л сайн хөтөлж, өвөг дээдсийн үүх түүх, аль нутаг уснаас гаралтайгаа өндөр настан хамаатан, эмээ, өвөө, аав ээжийгээ байгаа дээр нь сайн асууж тэмдэглэж авсан нь цус ойртолтоос хамгаалахымдаа. Ингээд бодохоор цагаан сар... за за бүр хадуурах нь.

Wednesday, December 13, 2006

нервтэв

Номын санд нэг ном уншчих санаатай суугаад байдаг, гэтэл хажууд хэдэн нөхөд амар тайван байдал алдагдуулаад байх юм. Ер нь миний бүр гайхаад гайхаад баршгүй нэг зүйл байнаа. Юу гэвэл хэсэг бүлэг япон залуучууд их чалчаа байх юмаа. Юу яриад байдгийн, ам булаалдаад л чалчигнаж алдах юм. Үгүй тэр гэм, нэг залуу нь бүр шанаагаа тулж байгаад л нэгэн хэмнэлээр авч алдаж байнаа. Өө, ингээд амаа таглаад найтаж ханиачихгүй юм аа, уушиг цээж гэж нэл вирус, цэр. Нэг ингээд нерв хөдөлчихөөр шартснаас дор байдалд орчихдог юм. Хурдан гэртээ очиж аньсны шүүсээ уух минь.
Эмэгтэйчүүдийг ойлгож болох ч эрэгтэй хүмүүсийг хоорондоо учир зүггүй ухаан мадаггүй ам булаалдан чалчигнахыг миний бие ойлгохгүй байдгийн. Эрчүүл хоорондоо пиво уунгаа, биллъяард цохингоо хоорондоо яриа хөөрөө үүсгэх нь ч яахав. Харин хаа сайгүй ингэж чалчигнахаар ялангуяа номын сан, хичээл давтлага, компьютерийн өрөө гээд хүн анхаарлаа төвлөрүүлж суумаар газар шинэ гар утас гарсан барьсан, сургуулийн гуанзанд ямар хоол байгаа, ямар багш ууртай, ааштай, ямар кофе амттай, багш тэр-санг юу гэж загнасан, хэн хэн хоорондоо хэрэлдээд, тэр тийм зүйл мэдэхгүй байж яаж сурах гэж байгаа юм болоо гээд эсэн бусын юм чалчигнаад, хов жив шиг юм яриад эхлэхээр нь ширмэн тогоо хагартал хашгирмаар санагддаг юм.
Түүнээс гадна зарим эрчүүд шалчиг шалчиг гээд салахгүй хэрүүл хийгээд л, хойноос муулаад л, тунирхаж гомдоод л, барьцалдаж шаралхалцаад л, "хүүхэн шиг" зан гаргадгийг яанаа. Ямар хэрэг байнаа, эмэгтэйчүүд л би чамд гомдлоо барьлаа гээд л хүн хүнд очиж уйлан хайлж, муу санаад яваад байдгаас эр хүн бол нэг сайн дүрс хийж уурлаад л, тоохгүй хаях хэрэгтэй ш д. Сэтгэлдээ гомдол тунирхал тээгээд гүйгээд байдаг нойтон зан нь эр хүний авир биш гэж би бээр бодож хүмүүжсэн билээ.
За, нөгөө хэд миний үе үе муухай харц чулуудаж, хялам цэхэм хийн, ярвас татвас гээд байгааг мэдэв бололтой арай чимээгүй болчих шиг боллоо.
Нэгэнт эрэгтэй хүн гээд эхэлчихсэн болохоор бас нэг зүйл нэмээд би өөрөө чалчигначихдаг юм билүү. Саяхан шүд өвдөөд эмч бараадав. Тэгсэн шүдний эмч гэж нүд хөмсөг болсон хачин царайлаг эмч байж таардгийн. Ядаж байхад өндөр нуруутай, мах шөл нь таарсан нь жигтэйхэн (алж идэх гэж байгаа биш мах өөхийн тохиргоо ч яахав). Гар хуруу нь ямар ч тэгшхэн, өөгүй сайхан юм бэ гэж бодон амаа ангайгаад л суугаад байлаа (эр хүний гар хуруу харж шинжих нь миний манъяак зан билээ). Өглөө нь шүд өвдөөд байсан би бээр нөгөө хувцасаа өмсөж, нүүр амаа будаж шунхдах манатай шүдний эмнэлэг рүү харайлгасан болохоор өнөөх өнгөлөг сайхан эмчээс "үхтлээ" ичив. Ийм сайхан залуу эмч байхыг мэдсэн бол өөрийгөө өөд нь татчихсан байхгүй юу. Гэртээ ирээд, өөрийнхөө амаа ангайж байхдаа ямар харагддагийг харах гэж толь барьж үзтэл, годзилла-кинг-конг санаанд ороод сэтгэлээр унан алдав. Царайлаг сайхан эрэгтэй олдох тусам эмэгтэйчүүд тэрнээс илүү гарсан үзэсгэлэн гоо байх ёстой болно. Гэтэл тэр нь над шиг хүү хаа гэсэн хааш яаш хүнд бол хэцүү даалгавар. Эрэгтэй хүн хэтэрхий сайхан байх нь ёстой дэмий санагдав. Ядаж байхад сүүлийн үеийн залуус эмзэг турьхан ч болоод байгаа юм уу. Би цээжинд нь наалдах уу, тэр миний цээжинд наалдах уу, хүйтэнд тэрний хуруу гарыг би дулаацуулах уу, тэр миний гарыг бүлээцүүлэх үү гэдэг асуудал хурцаар тавигдвал яахын.
За ер нь тэгээд эрэгтэй хүн "эмшүүд", биш, эр хүн шиг мужик зантай байх нь л хамгийн чухал юм дөө. Харьж хичээлээ хийлээ яршиг.

өнөөдөр

Хоол болтол шийр зугаа гэж. Хөлдөөсөн мах гэстэл хаа хамаагүй юм бичдэг юм уу гээд. Үдийн цайгаа цүнхлээд, сургуулийн ойролцоо цэцэрлэгт хүрээлэнд очиж идэхээр явав. Хоол шуу зүйлээ жавир жавир хийж суухдаа хавь ойрын хүмүүсийг харж баясаж. Тэгээд эндхийн нохойг өрөвдөж, харин гэрийн эзэгтэй нарт жигтэйхэн их атаархав. Японы нохой үнэхээр эрх чөлөөгүй амьдралтай санагдаж санаа алдав. Хүн амьтанд саад болохгүй, дуу шуу гаргахгүй байх ёс дэгийг хөөрхий нохой хүртэл сахин мөрдөж, хуцах эрхээсэээ татгалзах болдог юм шиг байгаан. Амьтан л болсон хойно хуцмаар санагддаг л байлгүй. Их стрессдэг болвуу яадаг бол гэж нохойноос асуумаар л байв. Бас дээр нь миний өмссөнөөс илүү хувцас чимэглэлтэй нохой их байгаа. Үнэн шог хувцас өмссөн зарим нохой тэрнээсээ болж гутардаг байхдаа гэж өмнөөс нь шаналав.
Харин гэрийн эзэгтэй нар бол хүүхэд нохой салхилуулж, хөршүүдтэй хов жив ярьж, холион бантан хутгаж, хоол унд цуглуулж, хажуугаар нь төгөлдөр хуур, бүжиг, уран зураг гээд янз янзын зүйлд суралцан, театр, музей хэсээд л. Нөхрүүд, ялангуяа salarymen, өглөөнөөс орой болтол ухаан мэдрэлгүй ажиллаад л, метронд шахалдаад л чихэлдээд л. Үсрээд нэг ажлынхантайгаа уувал ууна. Тэгж тэгж тэтгэвэрт гарахад үнэн сонирхолгүй амьдрал угтана даа. Учир нь бүх л цаг хугацаагаа ажилдаа зориулаад, өөр зугаатай зүйл хийж үзээгүй, ингэх боломж ховор байсан байж таараа. Ийнхүү нөхөр ганц мэддэг ажил нь байхгүй болонгуут юу хийхээ мэдэхгүй гацчихна. Гэтэл эхнэр нь хажууд нь амьдралын баяр баясгаланг мэдэрчихсэн бүжиг танц эргүүлээд л. Ийгээд ерөнхийдөө нөхөр бол эхнэрийн хувьд уйтгартай нэгэн болж харагдаад л. Тэгээд л хөөрхий тэтгэвэрт гарсан salarymen эхнэрийнхээ гарыг харахаас өөр аргагүй байдалд очих болно доо. Монголд залуучууд бол харин ёстой жаргасан юм шиг. Эрх дураараа. Япон шиг ийм байвал хөөрхийс минь яаж байх бол оо. Гэтэл манай залуучууд ажлаа хийнэ, найзуудтайгаа зугаацна, зугаална, савна, хүүхэн эргүүлнэ, биллъяард тоглоно, шоу үзнэ, согтуурхана, зодолдоно, нүдэлдэнэ, улс төр хийнэ, ярина, хор найруулна гээд л...Иймэрхүү зүйл бодож байтал миний ч хоол унд дуусаж, сургуулийн зүг мордвой.

Tuesday, December 12, 2006

Унтаж байх хойгуур

Өнгөрсөн зун гэртээ хариад, хамгийн их бодож санаж байсан зүйл болох хүнсний супермаркет орoхоор явав. Бодож санасан зүйл гэдэг нь японд буцаж ирээд санаж гиюүрэхгүй болтлоо хахаж цадаж, плогдтолоо идэж уухаар төлөвлөсөн хиам, үхрийн хэл, ааруул ээзгий, атар талх, танзуур, прианик гэх мэт зүйлс байсан болой. Тэгээд зорьсон газраа ирж лангуу лангуу хэсэж явж байгаад нэг лангууны өмнө очиж, барааны үнэ харах гэтэл алга байв. Худалдагчийг нь хайвал харагдсангүй. Яая дөө гээд тээнэгэлзээд зогсож байтал хажуу лангууны худалдагчид юу авах гэсийн гээд л асаж эхлэв. Эний үнийг мэдэх гэсийн гэвэл нэг худалдагч өнөөх лангууны ард очоод Хэн эгч ээ сэрээрэй гэв. Тэгсэн худалдагч эмэгтэй лангууныхаа ард унтаж байсан юм байна л даа. Би ч энэ хэдийн, тэд хэдийн гэж асууж байгаад өөр лангуунд байснаас арай үнэтэй санагдахаар нь буцаад эргэтэл, хэрэг бишдчихэв. Учир нь эсрэг талын лангууны худалдагч хүүхэн "хэн эгчээ, танаас наад охин юм аваб уу" гэтэл өнөөх "унтаж байсан" худалдагч "үгүй ээ үгүй" гэж хариулав. Тэгсэн асуулт асуусан худалдагч над руу "юм авахгүй байсан юм бол яах гэж сайхан унтаж амарч байгаа хүн сэрээдгийн" гээд чанга гэгч нь хэлж, ширэв татаадхсан юм. Ийгтэл хавь ойрын лангуунуудын худалдагчид бүгд л харин тийн, хэн эгчийг сэрээчихийн, ёстой бүдүүлэг ш дээ гээд л шивэр авир хийн, над руу хялалзаж цэхэлзэн, муухай муухай хараад л, би ч айсандаа бушуухан тэр газраас холдлоо. Ингээд бодож эхлэв ээ: нээрээ ч муухай юм болчихвуу, юм авдаг л байж, ядраад амасхийж унтаж байхад нь сэрээчихдэг би нээрээ ямар балай юм хийчихвээ, ээж, эгчээс минь ялгаа юу байхав гээд л өөрийгөө зэмлэж зэмлэж, ер нь ямар нэг юм авсан нь дээр юм байна гэж шийдээд буцаад очвол, өнөөх худалдагч бас байдаггүй. Буцаад унтчихсан байлаа. Ямар дахиад сэрээлтэй биш. Харин хавийн худалдагчид намайг яах нь вэ гэсэн янзтай нүдний булангаар тагнаастай, миний нуруу хүйт оргиостой. Тэгээд нээх ч их юм бодолгүй, хажуугийн лангууны худалдагчаас Их тайга цайны үнэ асуугаадхав. Асуусны дараа гэнэт амаа барив. Бүдүүлэг балиараар ам нийлэн муулж байсан хүнээсээ юм асуучихсан байлаа. Тэгсэн харин өнөөх худалдагч "үнэ нь тэд ш дээ миний дүү, авах уу, дөнгөж сая ирсэн юм" гээд л хүн уярам хоолойгоор ялдамхан хэлдэг байна шд. Авахгүй өнгөрвөл бүүр аймаар хэлүүлж дуудуулах байх гэж айгаад нөгөө цайг аваад, өөр нэг худалдагчаас бас бус юм аваад эхэлтэл худалдагчид намайг "миний дүү, эндээс ав" гээд л эелдэгээр урин дуудаж, тэр ч байтугай нэгэн худалдагч бүсгүй "наад" гэж унтаж буй худалдагчийг зааснаа, "бараа удаж байгаа юм, эгчийнхээсээ аваач, шинэ" гэж шивнэн хэлж ам ангайлгав.
Би ч энэ явдлыг бодсоор гайхсаар, тортой юмаа чирээд гэр рүүгээ маажигнасаар харьж. Тухайн үед бүлгийн санаа бодол болон худалдагчдын дундах "лидер" буюу арай хэлэмгий доломгой нэгний хэлсэн үг нь бусад хүмүүсийн шийдвэр гаргалтад хүчтэй нөлөөлж байгаа байх л даа. Гэхдээ л хэдхэн мөчийн дотор хачин хурдан зангаа өөрчилж байгааг харах сонин байсан билээ. Хэрэв миний сэрээсэн худалдагч намайг буцаад очиход сэрүүн байсан бол байдал ямар байх байсан болоо. Юм ийм л хуурамч. Хэдхэн хормын өмнө ертөнц дэлхийд баймааргүй хорон муу санаат балиар этгээд байсан намайг ерөөл буян нь дэлгэрсэн нэгэн болгож буй хүчийг шүтвэй. Тэгээд энэ бүхэн өнөөх Хэн эгчийг унтаж байх хойгуур нь болж өнгөрсөн нь яамай даа гэж одоо боддог юм.

Monday, December 11, 2006

блоглох

2. Хувийн нууц

Блогуудыг харж байхад мэргэжлийн сэдвээр дагнасан хэсэг байхад хувийн тэмдэглэл, бодомж, бодол санаагаа бичдэг хэсэг бүлэг хүмүүс байна. Тухайлбал миний бие хувийн шинжтэй юм л бичихээс цаашгүй. Заримдаа өөртөө тохиолдсон зүйл болон бусдын талаар бичих гэхээр хувийн нууц, халдашгүй байдалд нь халдчихвий гэж санаа зовоод байдаг юм. Сонин хэвлэлээс ялгаатай нь блогийг хянаж, засдаг редактор байхгүй. Тэгэхээр өөрсдөө эрх зүйн бас ёс суртахууны хэм хэмжээг баримталж байхгүй бол асуудалд орох магадлалтай.
Хувь хүний нууцыг Монгол улсын Үндсэн хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Эрүүгийн хуулиар хамгаалсан байгаа. Мөн Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл боловсруулсан байгаа.
Хувь хүний нууцын тухай хуулиар: Хувь хүний нууц монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйл гэж тодорхойлжээ. Мөн хувь хүний нууцыг манай хуулиар дараах төрөлд ангилсныг жишээгээр авбал:
1/захидал харилцааны нууц;
Блогтоо хэн нэгний бичсэн захиаг эзний зөвшөөрөлгүй гаргаж болохгүй гэсэн үг. Мөн чатын яриа, мессаж, утсаар ярьсан яриа, бичиж байсан өргөдөл, захидал, хүсэлт гээд бүгд л энд хамаарна. "Надад тэр залуу ийм хайрын захиа бичээд" гэж захиаг нь блогловол нууц задруулсан болчих нь. Харин таныг заналхийлсэн, доромжилсон зэрэг гэмт хэргийн шинжтэй захидал харилцааны тухайд блогтоо бичихээс өмнө эхлээд зохих хуулийн байгууллагад хандаж гомдол гаргасан нь зөв. Энэ нь нэг талаас таны аюулгүй байдлыг хамгаалах нөгөө талаас тухайн захидал үнэхээр тэр хүний бичсэн захиа мөн эсэх зэрэг хожмын үр дагаварыг тогтооход хэрэгтэй.

2/эрүүл мэндийн нууц;
Тухайн хүний өвчний түүх, эрхтэний гажиг зэргийг бичиж болохгүй гэсэн үг. Тухайлбал нэг найзыгаа тодорхойлох гээд "манай найз үе үе ухаан алдаж унадаг юм", эсвэл "тэр тэмбүү тусаж байсан юм" гэхчилэн бичих нь хувийн нууцыг задруулсанд тооцохоор үйлдэл.
З/хөрөнгийн нууц;

Тухайн хүний хэр их хөрөнгө сэлттэй, банкандаа хэр их мөнгөтэй, хэн хэнтэй ямар гэрээ байгуулсан байгаа гээд зөвхөн тодорхой хүрээнд байх ёстой мэдээллийг тараавал гэмтэй.
4/гэр бүлийн нууц;

Тухайн гэр бүлийн хүрээний зүйлийг тарааснаар гэр бүлд, мөн тухайн хүнийн нэр төр, алдар хүндэд гэм хор учруулахаар байвал нууц задруулсанд тооцох нь. Жишээ нь "манай найзын аав ээж хоёр өчигдөр зад хэрэлдэж зодолдоод" эсвэл "Самын ах байнга архи ууж агсам тавьдаг тул манайд нэг өдөр хонохоор ирээд", "тэрний нөхөр нь өөр хүүхэнтэ гэртээ байж байгаад эхнэртээ баригдаад" гэхчилэн сонирхуулах гээд тухайн гэр бүлийн нэр хүндэд гэмтэй зүйл хийчих тохиолдол гарч болзошгүй.
5/хуулиар тогтоосон бусад нууц гэж ангилж. Манай улс эрх зүйт төрийн зарчмаар явж байгаа болохоор "хуулиар тогтоосон бусад" эсвэл "бусад хуулиар зохицуулаагүй бол" гэхчилэн өөр хуулиудыг иш татсан, дуудсан заалт их бий. Энэхүү бусад нууц гэдэгт хэрэв задруулбал гэм хор учруулах аливаа мэдээлэл баримт багтана. Үүнд тухайн хүний эмзэг сэдвийг хамруулж болно. Жишээ нь анхны хайрын түүх, бэлгийн гаж хүсэл, арван жилийн онигоо, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял эдэлж явсан тухай гэх мэт. Магадгүй өнөөх нөхөр чинь тэрхүү нууцаас жигтэйхэн их ичиж эмээж явдаг бөгөөд таны блогт өөрийнх нь түүх биччихсэн байгааг үзээд сэтгэлээр унаж, амьдарал нь "сүйрч", бүр гутрангуй нэг нь амиа хорлох явдал гарах гэмтэй.

Хувь хүний нууцад гэрэл зураг, дүрс бичлэг хамаарч болно. Тухайлбал жаахан эвгүй гарчихсан зураг, гэртээ тэрийж хэвтэхэд нь авсан зураг, тас үсэрсэн далчигнаж байхад нь хийсэн бичлэг зэргийг блогтоо тавихдаа урьдчилаад асуугаад зөвшөөрөл хүссэн нь зөв.
Бусдын хувийн нууц, халдашгүй байдлын талаар бичээд, хэдэн төгрөгөөр торгууллаа гэхэд бүх зүйл хэвэндээ буцаад орчихгүй. Нөгөө хүн нь сэтгэл санааны дарамтанд орж нэр хүнд нь унаж, ийнхүү нууцыг нь дэлгэсэн хүнд мөнхийн гомдолтой явах учир хуулиас гадна хүн чанар, ёс зүйгээ сахиж байхыг эрмэлзэх нь зөв болвуу. Учиргүй гоё юм бичиж байна гээд хүний нууц задлаад, сайхан үерхэл, нөхөрлөлөө алдвал ямар юмны сайхан байх вэ.

1. Зохиогчийн эрх
Хэн нэгэн хүн таны блогтоо бичсэн зүйлийг эсвэл санааг ашигласан байвал яах вэ? Нэн тэргүүнд зохиогчийн эрхийг заавал ярих хэрэгтэй болно. Саяхан манай шинэ зохиогчийн эрхийн тухай хууль батлагдаж үүнээс зарим эрх зүйн ойлголтыг үүгээр тавилаа. Тэгэхээр зохиогчийн эрхэд шинжлэх ухаан, утга зохиол, урлаг, уран зураг, гэрэл зураг, дуу авиа бүхий дүрст бүтээл, компьютерийн програм зэрэг оюуны хөдөлмөрийн үр дүнд бүтээгдсэн аливаа эх болон үүсмэл бүтээлүүд хамрагддаг. Харин аливаа санаа, арга, үйл ажиллагаа, шинжлэх ухааны нээлт зохиогчийн эрхэд хамаарахгүй. Жишээ нь “би удахгүй нэгэн баян айлын охинд дурлах ядуу айлын хүүгийн талаар зохиол бичих гэж байгаа” эсвэл “Би гурван сарнай цэцэг, түүний дээр эргэлдэх нэг эрвээхэйг харуулсан зураг зурах гэж байгаа”, “Би Норовбанзад гуайн дуулсан дууг рок дууны хэлбэрт оруулж, нэгэн шинэ төрлийн урсгал гаргамаар байна” ч гэдэг юм уу хийх гэж байгаа зүйлийнхээ санаагаа хэн нэгэнд ярьчихаж. Тэгсэн яг энэ хэлсэн санаанаас чинь үүдээд нэг товарищ бүр бодлыг чинь уншсан мэт зохиол бичсэн, зураг зурчихсан бол өнгөрөө л гэсэн үг. Яагаад гэвэл та санаагаа илэрхийлснээс, зохиол бүтээлээ эхлээгүй л бол зохиогчийн эрхээр хамгаалалт авч чадахгүй.Зохиогчийн эрх бүтээл туурвиж эхэлсэн үеэс үүсдэг тул сайхан санаа л олдсон бол бичээд эхлэх нь зүйтэй гэж зөвлөе. Нэг сайхан зүйл нь зохиогчийн эрхийг заавал бүртгүүлэх гэж явах шаардлагагүй байдаг. Мөн та ямар нэг бодит болсон зүйлийн талаар сонордуулсан мэдээ мэдээлэл, тоо статистикийн талаар бичсэн бол зохиогчийн эрхэд хамаарахгүй. Учир нь энэ бол оюуны бүтээлд тооцогдохгүй, харин та зүгээр л “мэдээ хүргэгч” болж байна гэсэн үг. Үүнээс гадна хэн нэгний урьд өмнө хийж гаргасан, олонд хүрсэн бүтээлийг өөрчлөн гаргадаг хүмүүс байдаг. Энэ тохиолдолд эх бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигчээс зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ тухайн бүтээл ардын урлагийн бүтээл байх ахул ийм зөвшөөрөл авах шаардлагагүй. Тэрчлэн бүтээлийн зохиогч нас барснаас хойш 50 жил (хэрэв зохиогч бүтээлээ нэргүй, өөр нэрээр гаргаж байсан бол 75 жил) өнгөрсөн бол бүтээлийг нийтлэх, хуулбарлах, үүсмэл бүтээл хийх зэрэг онцгой эрх олон түмэнд буюу улсад шилждэг. Гутенбергийн онлайн номын санд дандаа хуучин ном тавьсан байдаг нь ийм учиртай.Блогчид дараах тохиолдолд бусдын бүтээлийг ашиглах боломжтой. Энэ бол бусдын зохиогчийн эрхийг зөрчсөн үйлдэл болохгүй нь сайхан:
1. хэвлэлийн тойм, судалгаа, шүүмж, мэдээлэл бэлтгэхээр ишлэл авах (Ишлэл авахдаа зохиогчийн нэрийг дурдахгүй бол болохгүй)
2. цаг үеийн асуудлаар сонин, сэтгүүлд гарсан нийтлэл, бүтээлийг нийтэд мэдээлэх3. хурал цуглаан дээр хэлсэн үг, илтгэлийг нийтлэх
4. болсон үйл явдлыг нийтэд мэдээлэхээр гэрэл зураг, уран зураг зэргийг нийтлэх
Эдгээр үйлдэл ашиг олох зорилгогүй байх ёстой. Тэрчлэн бүтээлээс ашигласан хэмжээ, бүтээлийн үнэ цэнэ, ашигласан хэсгийн зах зээл дэх үр нөлөөг харгалзана. Хэрэв ашиг олох зорилготой бол дээрх үйлдлийг хориглож болно.Тухайлбал зар сурталчилгаагаар, орж ирсэн зочдын тоогоор ашгаа олдог вебсайтад таны бүтээлийг тавьсан байвал зохиогчийн эрхээ эдэлж, энэ үйлдлийг таслан зогсоох эрхтэй. Хэрэв нөгөө этгээд тань таныг үл тоомсорловол вебсайтыг хаалгах хүртэл арга хэмжээ авах боломжтой.Ер нь бол өөрийн оюуны бүтээл гэж үзэж байгаа нийтлэл, өгүүлэмж, өгүүлэл, шүлэг, найраглалдаа зохиогчийн эрхийн тэмдэг тавьсан нь хамгийн наад захын хамгаалалтын арга байх болно.Зохиогчийн эрхийн түгээмэл зөрчил бол бусдын бүтээлийг хуулах, хулгайлах байдаг. Харамсалтай нь үүнийг эрүүгийн гэмт хэрэг гэж үздэггүй тул зохиогчийн эрхийн зөрчлөөр л тооцдог. Ийм оюуны өмчийн хулгай нь тухайн хүний нэр хүнд, ирээдүйд маш сөргөөр нөлөөлдөг, туйлын таагүй зүйл юм. Ялангуяа оюутнуудын дунд ийм явдал гарахаас сэргийлж, http://www.plagiarismchecker.com/ ь http://www.anticutandpaste.com/antiplagiarist/ зэрэг хамгаалалт, хяналтын зэвсгүүд бий гэдгийг анхаараарай. Удахгүй монголын ийм програм гарах байх аа гэж найдаж байна.

Сонирхолтой зөвлөгөө


Хошин шог шиг юм заримдаа байх юм. Монголын өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн хүмүүжил олгох зорилготой вебсайт дахь нэг зөвлөгөө ийм байх юм: "Хvмvvс хамгаалалтгvй бэлгийн хавьталд орвол жирэмсэлдэг гэдгийг мэддэг хирнээ тэр бvр биелvvлдэггvй... өсвєр vеийнхэн та бvхэн дараах зvйлсийг мэдэх хэрэгтэй. ..ЧАМД САНУУЛАХАД: Эмэгтэй хvн хэдийгээр:12 нас хvрээгvй ч гэсэн хамгаалалтгүй бэлгийн хавьталд орвол жирэмслэх боломжтой гэдгийг санаарай!". Юу гэсэн үг вэ? Уул нь бэлгийн харьцаанд орох нас хуулиар бол 16-аас л дээш шүү дээ. Зарим нэгэн зөвлөгөөгөө бодолтой танагтай өгмөөр юм. Энэ зөвлөгөөгөөр бол 9 настай дүүдээ юмыг яаж мэдэх вэ гэдгийг сайн хэлж, бэлгэвч цүнхлүүлж явах юм уу даа янз нь. Мэдүүштэй л юм.http://www.sex-edu.mn/any/behavour.php

galanz


Өнгөрсөн жил Хятадын засгийн газраас том компаниуддаа заавал нэг алдартай брэнд үйлдвэрлэх коммунист үүрэг өгчээ. Дэлхийн зах зээлийн бараа таваарын тэн хагасыг шахуу үйлдвэрлэдэг мөртлөө Хятадын брэнд гэхээр зүйл огт байхгүй байгаад асуудлын гол нь оршиж байгаа юм.
Нээрээ ч тийм л дээ. Ииийй цаана чинь Хятадын компаниуд бизнесийнхэн...гээд л айлгаад л байх юм. Хамаг юм Хятадад үйлдвэрлэв гэсэн шошготой болоод л байх юм. Гэхдээ дэлхийн зах зээл дээр хятадын брэнд, барааны тэмдэг нь нэрд гарсан, олны танил болоод хошууруулаад байгаа юм бий бил үү? Дэлгүүр хоршоогоор олон яваад байдаггүй болохоор би сайн мэдэхгүй ч гэсэн Тошибо, Тоёото, Проктер энд Гэмбль гээд хэн ч дуулаад, аа тийм л дээ гээд хүлээгээд авахаар Хятадын брэнд болсон нэр хаяг, зүүлт, шошго саная гээд санаанд орохгүй юмаа. IBM-г худалдаж авсан Lenovo-г нэрлэж болох юм. Гэхдээ л дэлхийн зах зээлд IBM-ийн нэрийн дор бүтээгдэхүүнээ гаргахгүй л бол Lenovo гээд гаргахаар танил болоогүй л байгаа. Галанз гээд дэлхийн шарах шүүгээний 40 хувийг үйлдвэрлэдэг гээд байгаа ч энэ нэр нь брэнд болоогүй болохоор бусад фирмийн нэрээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.Өөрийнхөөрөө дураараа бодоход, энэ хятадууд чанар загвар муутай бараа хийсээр байгаад Хятадын бараа хулхи гэсэн ойлголт нь брэнд нь болчихоод үйлчлээд байдаг ч байж магадгүй. Би Сонигийн бүтээгдэхүүнийг Хятадад үйлдвэрлэв гэсэн байхад авч л орхино, харин Хятадын Lenovo-г мөнгөгүйдэх зэрэг аргаа барсан үедээ л авах байх . Цаанаа л энэ чинь хятадынх шүү дээ л гэж бодогдоод.Уул нь хятадууд чанартай сайн юм хийе гэвэл хийж чаддаг ч чанартаа бус тоон дээрээ анхаарлаа тавиад байдаг юм болов уу? Энд бас хятадуудын сэтгэлгээний онцлог байгаад байгаа юм болов уу. Хятадууд юм л бол найз аа, найз аа гээд л инээд алдаад л гүйгээд байдаг. Долигноод байгаа юм уу гэхээр үгүй юм шиг байгаа юм. Хятадууд бизнесийнхээ мөн чанарт бус түнштэйгээ тогтоох харилцаанд хамаг анхааралаа тавьдаг юм шиг санагддаг юм. Наад зах нь энэ байдал нь сав л хийвэл хамт хоол идэх гээд байдгаас харагдана. Их л олон танилтай, тэдэнтэйгээ харилцаа холбоо нь сайн байх нь бизнесийн гол арга барил нь болсон болохоор л өөрсдийн брэндээ үйлдвэрлэхээс илүүтэй овоо олны танил болсон бусад брэнд нэрийг мөнгөөр цохиж худалдаж аваад байдаг юм болов уу. Маш олон жилийн дараа л ийнхүү хятадууд өөрсдийн тоглоомын дүрэм нь өөр газар явуургүй байгааг ухамсарлаад, одооноос өөрсдийн брэндээ гаргах засгийн үүргийг биелүүлэхээр ханцуй шамлан ажиллаж байгаа нь гарцаагүй. Харин энэ байдалд манай бизнес эрхлэгчид дор дороо дүгнэлт хийх нь л хамгийн чухал болов уу.

Социализмын үеийн шог


Социализмын үеийн шог: Аавын өврийн тэмдэглэлээс

-Чулуун! Соёлын довтолгооныхон айл гэрээр явж үзлэг хийж байна гэнэ. Хар юм болгоныг хяргаж сумын төвд үзүүлэн болгон тавих гэнэ гэхэд-Ээ! Увай гэж! Саяхан манайх ганц шуудай гурил авсан юм сан. Манайханд тэр л үлдэх болж дээ… гэжээ.

***
Ба гэгч нэг гайхал байжээ. Тэр цагдан сэргийлэхэд туслах бүлгэмийн гишүүн бүлгээ. Түүндээ ч идэвхтэй гэдэг аргагүй. Нэгэн удаа Ба эхнэрийнхээ хамт /бас туслахын гишүүн/ хамт хороо хорины сэргийлэгчтэй эргүүлд явж байж. Авгайнх нь бие эвгүйрхэн, гудамд морь харжээ. Гэтэл Ба хөөрцөг зан нь хөдөлж, "Чи миний хариуцсан гэзэр бие заслаа" хэмээн учиргүй загнаж, торгуулийн хуудас бичжээ. Авгай нь “Чи намайг мэднэ шүү дээ. Надад гарын бэл юм юу байхав” гэж үнэнээ өчин үглэхэд, мань хүн өврөө уудлан түрийвчнээсээ 5 төгрөг гарган торгуулийн мөнгөндөө нийлүүлж тасалбары нь авгайдаа өгчээ.

***
Нэгэн хүн айлын найр дээр очжээ. Насны найр байлаа. Гэтэл тэр хүн, -Хоёулаа уулзая. Чи өчигдөржин энд суулаа. Өнөөдөржин байлаа. Ханаа юм биш үү. Явъя гэж өгүүлсэнд цаад хүн нь насны найр хийж байгаа эзэн байж л.

***…
Нэг аймгийн соёлын хэлтсийн дарга, аймгийн төвийнхөө соёлын байгууллагын бүх ажилчдыг цуглуулан цаг ашиглалт, ажлын хариуцлагын тухай яриа хийжээ. Тэр өгүүлсэн нь, - Нөхөд минь цагаа зөв ашиглая. Ажлынхаа цагийг үр дүнтэй өнгөрөөе. Манай зарим байгууллагын нөхөд ажлын цгаар юу ч хийхгүй байна шүү. Ухаан нь дүрслэх урлагийн хэдэн нөхөд ажлын цагаар зураг зураад л юу ч хийхгүй байж байх юм гэжээ.

***
Нэгэн өвгөн улс төрийн талаар ам цуурсан хэргээр ял эдэлж байгаа эмгэнээ эргэхээр иржээ. Тэр эмгэн, нэгэн удаа өвгөнөө гэртээ хийсэн ч юмгүй дэмий хэвтэж байхаар нь зэвүүцэн, хөршийнхөө хөгшнийг орж ирэхэд нь “Манай энэ хар хүн, маршал шиг юу ч хийхгүй хэвтэж байх юм” гэж ярьсан нь өрлөг жанжнийг ажил хийдэггүй хэмээсэн хэргээр ял заагдсан юмсанжээ. Өвгөн, эмгэнийгээ уулзаж байхдаа шоронгийн хуягт, “Манай энэ хөгшин радио шиг олон юм ярьж байгаад хэрэгт орчихсон юм шүү дээ…” гэжээ. Тэгтэл радиог олон юм чалчдаг гэж доромжлолоо гээд өвгөнийг бас л ам цуурсан улс төрийн хэргээр баривчлан шийтгэжээ. ……

***

Хөдөө нутгийн нэгэн хархүү цэргийн алба хаагаад эргэж иржээ. Тэгтэл, сумын төлөөлөгч түүнийд бууж, хаана цэргийн алба хаасаныг нь сонирхон асуужээ. Хархүү, Улаанбаатар хотноо Их тэнгэрийн аманд барилгын ангид алба хаасан юмсанжээ. Тэр үед Их тэнгэрийн аманд Чойбалсан зусдаг байсан тул, хүмүүс тэр амыг “Маршалын ам” ч гэдэгбайжээ. Барилгын ажил шинэ тутам үүсж байсан тул шаврын ажил, шавар хийх гэж ярьдаг байв. Тэгсэн нь мөнөөхөн хархүү олны ярьдаг жишгээр “Би маршалын аманд шавар хийж байгаад ирлээ” гэжээ. Гэтэл Чойбалсангийн аманд шавар шороо хийх гэсэн хэргээр яланд унажээ.

МОНГОЛ ХЭЛНИЙ ЭРДЭМТЭД ХААНА ЯВНА

МОНГОЛ ХЭЛНИЙ ЭРДЭМТЭД ХААНА ЯВНА?

Сэтгүүлч, орчуулагчид олноороо төрөх болсон өнөө үед тэр хэмжээгээрээ монгол хэл маань эвдэрч байх шиг харагдах боловч энэ талаар эрдэмтэн мэргэд, багш нар дуугуй байгаа нь хачирхалтай санагдана. Өчүүхэн би монгол хэлний мэрэгжилтэн биш ч хэлнийхээ төлөө санаа зовж явдаг жирийн нэг монгол иргэний хувьд зүрх гарган энэ талаар саналаа хуваалцмаар санагдана. Хуучин системийн үед орос хэлнээс орчуулга хийдэг зарим хүмүүсийг их эрдэмтэн Ринчингуай шүүмжилэхдээ “МОНЦАМЭ-гийн монгол хэл” гэсэн хэллэг хүртэл гаргаж байсан. Өнөө үед монгол хэлийг халтварлахад орос хэлнээс гадна англи хэлнээс орчуулах болсноор нэрмээс болж байна.Монгол хэл нэг янзаараа байх ёсгүй, өөрчилөгдөж байх ёстой гэж үздэг эрдэмтэн мэргэд байдаг юм байна. Гэвч хэл маань баяжиж өөрчилөгдөж байна уу, ядуурч өөрчилөгдөж байна уу гэдэг асуудал гарч ирж байх шиг. Албан ёсны хэлэнд бол бизнес, компьютер, маркет, глобальчлал гэх мэт олон гадаад үгээр “баяжиж” байж болох юм. Харин энгийн ярианы монгол хэл ядуурсаар байна гэж хэлмээр байна. Одоо манай ач хүү “та үүнийг нээрээ гэж бодож байна уу” гэхийн оронд “та итгэлтэй байна уу?” гэх, “яг, тийм, нээрээ, баттай” гэх мэтээр ярихыг оронд “итгэлтэй байна” гэх мэт ярих болов. Гэтэл англи хэлэнд итгэл гэдэг үгийг trust, belief, confidence, faith, conviction, assurance гэх мэт маш олон үгээр орчуулж болно. Энгийн ярианд хэргэлэгддэг “Are you sure?” (нээрээ биз?), “Yes, I am sure” (тиймээ, нээрээ) гэдэг зүйлсийг зөвхөн “итгэл” гэсэн үгээр орчуулж байгаа нь хэлийг ядууруулж буй нэг зүйл гэж үзмээр. Энэ мэтчилэн олон жишээг телевизийн уран сайхны кинонуудын орчуулгаас сонсож болно. Залуучууд, хүүхдүүдийн хэлийг эвдэж ядууруулж байгаа нь телевизийн кинонуудын орчуулга юм. Эхлээд UBS телевиз ганцаараа байсан бол одоо дээр нь ТВ5, ТВ9, STV зэрэг олон телевиз нэмэгдээд байна. Сүүлийн үед үндэсний телевизийн англи хэлний киноны орчуулга нэмэгдээд байна. Тэдгээрийн киног орчуулагчид салаа олон утгатай орос буюу англи үгсийн ганц л утгыг мэддэг бололтой юм. Тиймээс ч of course, yes, sorry, no!, why! гэх мэт үгийг зөвхөн “тэгэлгүй яахав”, “тийм”, “уучилаарай”, “үгүй ээ”, “яагаад” гэсэн үгнээс өөрөөр орчуулдаггүй. Гэтэл of course гэдэг нь урьдах асуултыг нотлон хариулж байгаа хэрэг. Жишээ нь “Do you love me?” (Чи надад хайртай юу?) гэдэгт нөгөөдөх нь “of course” гэж хариулж байвал “хайртай байлгүй яахав” гэж байгааг орчуулагч нь “тэгэлгүй яахав” гэдэг нь инээдэмтэй сонсолгддог. Киноны баатар юмнаас унах ч юмуу, юмаар цохиулах гэх мэт хүнд, тэр битгий хэл аймаар байдалд орохдоо “No! No!” гэж хашигарч байгааг орчуулагч нь ,”үгүй ээ, үгүй ээ” гэхээс өөрөөр орчуулж мэддэггүй. Уул нь монголчууд бол ийм тохиолдолд “яанаа, болиоч, ээж ээ” гэх мэт олон янзын үг хэргэлдэг шүү дээ. Why! гэдэг бол зөвхөн яагаад гэсэн дан ганц утгатай биш, “яаж байгаа нь тэр вэ, ямар учиртай юм бэ, юу болж байнаа” гэх мэт олон янзын хэллэгээр орчуулагдах баймаарсан. Can гэдэг үгийг нөгөөх ядмаг “орчуулагчид” зөвхөн “чадах” гэдэг ганц мэддэг үгээрээ орчуулдаг. Гэтэл энэ үг нь болно, болохгүй, зөвшөөрөл эрэх гэх мэт олон утгыг илэрхийлдэг. Үүнийг тухайн өгүүлбрийн ерөнхий утгаас мэдэж алинийг нь хэлээд байгааг оновчтой хэллэгээр орчуулах нь зүйтэй юм. Sorry гэсэн англи үгийг ганцхан уучлаарай гэсэн утгатай гэж орчуулагчид нь ойлгодог бололтой. Тэгвэл энэ нь “тун тусгүй юм болж, даан ч аргагүй болоод байна, яана даа, хөөрхий дөө” гэх мэт өөр утгуудаар хэлж байж болно. Тухайн өгүүлбрийг утгаас хамаарч үүнийг ойлгоно. Заримдаа киноны баатруудын яриаг буруу орчуулах нь сонсогдоно. Жишээлбэл манай нэгэн телевизийн орчуулгын кинонд киноны баатрууд Long Live! гэж хашигарч байхад орчуулгаар дуу оруулагч наана нь “урт удаан амьдар” гэж байлаа. Уул нь энэ нь “Мандтугай” гэсэн хэллэг юм. Бас нэг телевизийн орчуулгын кинонд цаад баатрууд нь Doc! (doctor буюу эмч гэсэн үгийн товч) гэж эмчийг дуудаж байхад наана нь “Док!” гэж монголоор хэлж байх юм (хүний нэр гэж ойлгосон бололтой). Америкийн аглиар бие засах газрыг bathroom гэдэг. Үүнийг гар нүүр угаах өрөө гэж буруу орчуулах юм. Чихэнд сонсогдох энгийн зарим үгийн орчуулгыг ингэж хийж байгаа юм чинь цаад киноны өгүүлбэрүүдийн утгыг зөв гаргаж байгаа болов уу гэдэгт эргэлзэхэд хүргэдэг. Сансар сувгаар гарч байгаа барууны киноны баатруудынх нь яриа дэлгэцэн дээр үсгээр гарч байх үед орчуулгыг хальт чагнаж байхад буруу зөрүү орчуулах, зарим хүнд хэллэгийг орхигдуулах зэрэг зүйл ажиглагдсан. 10-р сарын 3-нд Улаанбаатар телевизээр гарч байсан (16.50-ын үед) орчуулгын кинонд баатар нь “үхнэ гэдэг миний амьдралд тохиолдож байгаагүй хамгийн таагүй явдал” гэж яриад хэвтэж байх юм. Үхэлтэй тулгараад байгаа монгол хүн ингэж хэлээд хэвтэж байх уу? Уул нь “үхэж тамаа цайх нь ээ”, “үхэж үйлээ эдлэх нь ээ” ч гэдэг юм уу монголоор энэ мэтчлэн олон хэллэг бий. Түүнийг одоогийн залуучууд маань даан ч мэдэх ээ больжээ. Бас жирийн ярианд “төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх” гэж дуулдана. Энэ бол албан ёсны хэллэг байсаарсанж. Орчуулгын ийм байдлаас ч болдог юмуу америкийн сайхан кинонуудыг монгол орчуулгаар үзэхэд үл ойлгогдоно. Хүүхэд залуучууд киноны үйл явдлаас нь хараад л ойлгосон болдог юм болов уу даа. Гэхдээ орчуулгын эрэмдэг монгол хэл залуу үеийн маань монгол хэлийг ямар болгох нь вэ дээ гэсэн түгшүүр төрүүлэх юмдаа. Энэ мэтчилэн киноны ядуу орчуулга монгол хэлийг улам ядууруулж байна. Залуучууд хүүхдүүд л ихэвчлэн тэдгээр киног үздэг учир тэдний хэл ядуурч байна. Энэ бүхнийг орчин үеийнхэн монгол уран зохиолоо уншихаа больсонтой холбож үзмээр санагдана. Одоо 10 жил төгсөж байгаа хүүдүүдээс монголын нэрт зохиолчидын нэрийг мэдэхгүй хүүхэд цөөн бус гарах вий. Данзанрамжаа мэтийн дээр үеийн сонгдог зохиолчдын бүтээлийг ярихаа больё гэхэд С. Буяннэмэх, Д. Нацагдорж, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуайн бүтээлүүдийг гартаа ч барьж үзээгүй залуус олон бий гэхэд хилсдэхгүй болов уу. Сонсох үзэх талаас хэл ингэж “ядууруулагдаж” (өнөө үед бас үйл үгийг ийм идэвхгүй хэвд оруулж ярьдаг моод болсон) байхын хажуугаар сонингуудын үг хэллэг, өгүүлбийн найрлага гэж холион бантан болжээ. Жишээнүүдийг дор толилуулая:“Хүйн долоон худаг хүртэл…(тоо) автобус явагдана”. (монголын радиогоор ярьсан наадмын комиссын хүний яриа. 7-р сарын 5) …ыг АНУ зориход олон олон фенүүд нь сэтгэл гонсойлгон үлдсэн (МНӨ -??” оны ¹45) Уул нь гонсойж үлдсэн байсаар юм. …Тэр үдэш …ядаж л Чукаг үг хэлүүлэхгүй, яриаг нь таслаад үзэгчид ч согтуу байгаа юмуу хэмээн уг нь “УБ Палас”-ийнхан гомдол мэдүүлж, хоолой хорсч байна гэж байсныг санамаар л юм даа.(Хүмүүс 2003. 11-р сар.¹44) Энэ өгүүлбэрээс үзэгчид согтуу байсан бололтой бөгөөд УБ Паласынхан гомдол мэдүүлж, бас дээр нь хоолой нь хорсч байжээ гэж ойлгогдоно. Гэтэл зохиогчийн хэлэх гэсэн санаа нь өөр бололтой. Уг зарын дагуу холбогдоход хятадын үр зулбуулдаг ямар ч өвчин мэдрэгдэггүй эм, найдвартай (Дээдсийн хүрээлэн ¹45) Үүнээс үзэхэд хятад хүний үрийг зулбуулдаг эм байгаа бололтой юм. Сая нэг зургаа авхуулсан чинь (МНӨ ¹48)… Үүгээр бол ямар нэг юмыг зургаан удаа авахуулжээ. Залуу сэтгүүлчид гэх зарим хүмүүс зурагаа (гэрэл зураг), зургаа (6-гын тоо) хоёрыг бичих дүрмийг мэддэггүй бололтой. АИХ-ын архидан согтууралтой тэмцэх хуулийн дагуу (нэгэн FM радио) Энэ нь АИХ-д архидан согтуурал их байдаг гэсэн ойлголт өгч буй бөгөөд уг нь АИХ-аас гаргасан, архидан согтууралтай тэмцэх хуулийг ярьж байгаа бололтой юм. Дуучин Сэрчмаа мөр даран амрагийн явдлаар дүүрэн дуулиан тарих болсон дуучин бүсгүй Жавхлантай учир ургуулж явснаа нуугаагүй ил цагаан тунирхал нь өнөөдөр тасраагүй.(Сэрүүлэг 2004.¹03) Энэ өгүүлбрийн талаар олон юм нурших нь илүүц бизээ. Солонгосоос монгол охидын нүцгэн зураг олох зорилготой ирсэн хоёр эр… бүсгүйчүүдийг ийм олноор нь нэг дор цуглуулахад… (Монголчуудын амьдрал 2004. ¹09) Үүгээр бол монгол охидын зургийг солонгосоос олох гэсэн бололтой юм. (охидууд гээгүй нь л яамай) Хэрэв дээрхи өгүүлбэрүүдийг өөр хэлрүү орчуулна гэвэл ихээхэн төвөг учирах бөгөөд буруу утгаар буух болно. Монгол хэлэнд тоо болон тооны тэмдэг үгийн дараа орсон нэр үг ганц тоогоор хэлэгддэг гэсэн дүрэмтэй санагдах юм. Тэгвэл энэ дүрэм одоо “өөрчлөгдсөн” бололтой. Сонин болон телевизээр ярьж байгаа хүмүүсийн хувьд энэ бол замбраа алдсан явдал болж. …100 аад клипууд (ТВ9 Баасан гаригийн нэвтрүүлэг) Уул нь зуугаад клип гэмээр юм. Үйлдвэрчний эвлэлийн 70 удирдагчид (нэг эмэгтэйн яриа.Монгол радио 2-р сарын 4. 14.45 цаг) Бүрэн бус тоогоор энд 52 дипломат ажилтнуудын нэр…(Монгол телевид 2004.7.2) (ажилтны гэж баймаар) …Ариунааг Дорнодын нисэх онгоцны буудалд…тэргүүтэй нөхдүүд хүлээн авсан юм. (МНӨ 2004.¹ 07,08) зретиль…билтаж (мөн сонин. Ядаж зритель, бельэтаж гэсэн гадаад үгсийг зөв бичээгүй шүү) Ер нь нөхөр гэдэг ганц тооны олон тооны хувилбар нь нөхөд, охин гэдэг үгний олон тооны хувилбар нь охид гэж байдаг бол одоо нөхдүүд, охидууд гэж олон тооны дагварыг давхардуулан хэрэглэх нь ердийн үзэгдэл болсон байна. Бельэтаж гэсэн үгийг хоёрдугаар давхар буюу дээд давхар гэж орос-монгол толь бичигт хөрвүүлсэн байна. …Нилээд хэдэн хосууд гэрлэлтээ бүртгүүлсэн…(МНӨ ¹31) Дэлхийн ихэнх шашнууд… (Хөх толбо. 2004.¹40) Энэ мэтчилэн жишээ гэвэл учираа алдах бөгөөд тэднээс заримыг нь л энд авлаа.Одоо телевизийн зарим сурвалжлагчдын онцгойрох гэсэн нэг оролдлого бол гадаад үг хэрэглэх явдал бололтой. Жишээ нь проблем (бэрхшээл), процесс (үйл явц) гэдэг үгийг өргөн хэрэглэх юм. Гадаад хэлийг сайн мэдэхгүй байж орны монгол үг байсаар байтал гадаад үг хэрэглэх нь нэг их соёлтой хүн болж харагдахад нэмэр бага л байх. Харин ч орос, англи хэл сайн мэддэг манай боловсролтой хүмүүс тэр хэлний үгийг яриандаа хэрэглэхээс ихээхэн цэрэвдэг юм. Манай нэрт эрдэмтэн зохиолчид Б.Ринчен, Чой. Лувсанжав нар олон хэл мэддэг байсан. Зохиолч Ч. Чимидгуай орос хэлийг ус цас шиг мэддэг байсан. Тэднийг яриандаа гадаад үг хэрэглэж байхыг өчүүхэн би л мэдэхгүй юм байна. (Тэдэнтэй ажил хэргийн улмаас уулзаж явсны хувьд мэдэх юм) Үзэгчид гэсэн монгол сайхан үг байсаар байхад урлагийнхан “зритель” гэж их ярих юм. Энэ нь гадаад хэл мэддэгээ гайхуулах гэсэн мэт.Бас вэ? уу? гэсэн асуух үгсийг учрыг мэдэхээ больсон залуу “сэтгүүлчид” байна. Хаашаа явах вэ? гэхийн оронд Хаашаа явах уу? гэх юм. Хатагтай гэхийг хадагтай гэж бичдэг сэтгүүлч хүртэл дайралддаг. Уншигч авахай нар үүнийг шар сонинуудаас өөрсдөө ажаарай.Хүмүүст аль ч талаар ихээхэн талаар нөлөөлдөг сэтгүүлчид, орчуулагчидыг бэлтгэдэг сургуулиуд хэлний мэдлэгт нь ихээхэн анхаармаар байгааг цөөн энэ хэдэн жишээ сануулж байгаа бус уу. Монгол хэлний эрдэмтэд минь энэ талаар анхаарч үзээч.
Уншигч Л. Итгэл (Ээжийнхээ дээр нэг бичээд орхисон нийтлэлийг блогтоо тавилаа)

Friday, December 8, 2006

Бэлэг

Удахгүй шинэ жил болоод бөөн бэлэг сэлт, уулт наргиан, баяр наадам гээд л хүн бүр дор бүрээ качин их завгүй хөгжилдэх байх даа. Шинэ жил хайр дурлалтай учирсан хүмүүсийн хувьд их ормоонток баяр байхын. Тэгсэн би шинэ жилээр толинд туссан дүрстэйгээ шампаанск буудалсан шиг угтах бололтой дог. Ядаж байхад шинэ жилийн дуу гэхээр л хайр дурлал хамгаас сайхан гээд л сэтгэл зүрхний эмзэг сэдэв хөндөхийн. Сая гэр байдаг уулын оройгоос бууж, орчлон ертөнцтэй танилцах гэж дэлгүүр хоршоогоор дэмий тэнэв. Энд тэндгүй зул сарын баярын дуу аялгуу эгшиглээстэй. Сүлд мод, ганган чимэглэл харахаар өөрийн эрхгүй доороо дэвхцэн, алгаа ташин Жижигхэн гацуурхан гээд дуулмаар санагдаж. Явж явж шинэ жилийн хамгийн гол амин сүнс нь бэлэг юм шиг байгаан. Бэлэг өгөх хүнгүй дээ л баргар байгаа болохоос ямар нэг зүрх сэтгэл хөндсөн харилцаа холбооноос хол баймаар байгаан. Бэлэг гэснээс бодсон чинь би гээч нөхөр амьдралдаа шинэ жилээр эсрэг хүйстэний этгээдээс бэлэг авсан нь тоотой байхын. Тэр дундаас хамгийн их сэтгэлд хоногшсон нэг бэлэг байдгийн. Нэг залууд нохойнд дуртай гээд ярьж байсан биш шинэ жилээр аймаар том хайрцагтай бэлэг өгсөн юм. Би тийм том хайрцагтай бэлэг авч байгаагүй болохоор үнэн сэтгэл хөдлөн, гар чичигнэн нээтэл шаазан нохой байж билээ. Уйлах ч биш инээх ч биш. Ёстой гоё бэлэг байна гээд л авч билээ. Бараг дэргэд нь тэр дор нь шаазан нохойд нэр өгчихсөн ч билүү. Бэлгийн морины шүдийг хардаггүй гээд манай монголчууд хэлээгүй байсан бол, бас аав ард түмнийхээ ухаант зүйр үгийг дагаж явахыг захиагүй байсан бол тэрхүү шаазан нохойгоо аль хэдийн шидээд, нөгөө ертөнц рүү илгээчих байлаа. Ер нь эхнэр, найз охин нь сэтгэлд нь "хуучраад", залхаад, тэр сэтгэлээ илэрхийлэх гээгүй л бол бүсгүйдээ аятайхан бэлэг шинэ жилээр өгөх л хэрэгтэй. Тэгэхгүй бол тухайн үед бүсгүй чинь сэтгэл дундуур байгаагаа нээх их илэрхийлэхгүй ч дотор нь нэг юм явсаар байгаад сүүлдээ даамжраад өөр асуудлаар хэрүүл уруул болж илрэх гэмтэй. Би өөрийнхөө бэлэг авах л ёстойгоос өгнө гэж байхгүй гэсэн радикаль зарчим барьж явдагаа буруу гэдгээ мэдээд л байгаа. Эрчүүд гаднаа нээх бэлэг сэлт гээд байхгүй ч яг цагаа тулахаар хүүхэд шиг баярлаад л бэлэг тосож авдаг юм шиг байгаан. Ер нь бол өөртөө ч тэр, залуудаа ч тэр "ашигтай" бэлэг бэлдэе гэвэл янаг халуун харагдуулах дотуур хувцас өөртөө аваад, өөрийгөө бэлэглэх байх шүү. Найз залуугаа ч баярлуулаад, өөртөө ч сайхан дотуур хувцастай үлдээ л гээл. Харин энэ миний зүгээс өгөх бэлэг болог гээл үү. Онлайнаар үнэгүй кино үзэх боломжтой суваг.

ммммм

Хуучин блогт үл ялих асуудал гарч, хаахаас өөр аргагүй болоод бета руу шилжчихлээ. Нэг найз маань дүрсгүйдэлт нь хэтрээд бичлэгүүд устгачихажээ. Тэгхээр экс-блогт цаашид үргэлжлүүлэх мотиваци алга болчихсон болой. Иймд хадгалагдсан хэдээ энд тавив.

dignity


АНУ-д 2005 онд хуульчдын болон олон нийтийн дунд сонирхол татаж маргаан үүсгэсэн хоёр хэрэг гарсан юм. Нэг нь Сан Хадсоны хэрэг. Ванда Хадсон гэгч бүсгүй 2004 оны 9 дүгээр сард хүү төрүүлжээ. Гэвч хүү төрөлхийн гажигтай тарсан байсан тул удаан амьдрах чадваргүй байсан тул төрснөөс хойш хиймэл амьсгалын аппараттай байв. Нэгэнт наслах тавилангүй мөн хүү ухаангүй байгаа тул амьсгалын аппаратыг салгах шийдвэрийг эмнэлэгээс гаргаж. Ээж нь энэ шийдвэрийг эсэргүүцэж, хүүгийн амьд явах эрхийг зөрчиж байна гэж үзэж шүүхэд ханджээ. Ванда хүүгээ ухаантай байгаа гэж маргасан ч эмнэлэг хүүгийн амьсгалын аппаратыг салгасан байна. Хүү минутын дотор амьсгал хураасан аж.Мөн онд машины осолд орсноос хойш ухаангүй байгаа Терри Шиаво гэгч бүсгүйн тэжээлийн аппаратыг нөхөр нь салгуулах хүсэлт гаргасныг охины аав ээж эсэргүүцсэн маргаан гарав. Аав, ээж нь охиноо ухаантай байгаа бөгөөд цаашид амьдрах хүсэл тэмүүлэлтэй байгаа гэж маргажээ. Гэсэн ч нөхөр ялж, Шиаво бүсгүйн тэжээлийн аппаратыг салгажээ.Энэ хоёр хэрэг хүний амьд явах эрхийг зөрчсөн эсэх талаар маш их маргаан үүсгэсэн юм. Euthanasia буюу өвчтөн, ар гэр, ойр дотныхны хүсэлтээр эсвэл эмнэлэгийн шийдвэрээр өвчтөний амьд байлгахад чухал нөлөөтэй аппаратыг салгах, унтуулах, нойрсуулах тун их хэмжээгээр өгөх замаар нөгөө ертөнцөнд очих цагийг түргэвчлэх арга нь хүний амьд явах эрхтэй зөрчилдөж байна уу? Хэрвээ өвчтөн өөрөө хүсэж байвал энэ аргыг хийхийг хүлээн зөвшөөрч болох ч өөр хүний хүсэлтээр ийм зүйл хийвэл яах вэ?
Олон улсын хэмжээд цөөхөн хэдэн оронд энэ аргыг хуульчилж хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал Нидерланд, АНУ-ын Орегон муж, Бельги, Швейцарь, шууд бус байдлаар Япон гэх мэт. Японд анх 1962 онд Нагояад эдгэрэхгүй өвчин туссан аавыгаа ээжтэйгээ нийлээд хор өгөөд алсан хэрэг гарч. Хүү аавыгаа өөрөө ингэхийг хүссэн гэж мэдүүлж, улмаар дөрвөн жилийн ял сонсжээ. 1995 онд Токайгийн Их сургуулийн эмч мөн л эдгэрэх тавилангүй өвчтөнд хор өгсөн хэрэг гарч гурван жилийн ялаар шийтгүүлжээ. Японд “үхэл түргэтгэх арга”-г хийхийн тулд өвчтөн тэсвэрлэшгүй өвдөж шаналж байх, эдгэрэшгүй өвчнөөр өвдсөн байх, өвчтөн өөрийн энэ аргыг хэрэглэх хүслийг илэрхийлсэн байх зэрэг шаардлага тавьдаг байна. Бүр Японд Нэр хүндтэйгээр нас барах гэсэн төрийн бус байгууллага хүртэл байх. Гишүүнээр нь ерөнхий сайд асан Койзуми зэрэг олон нэртэй хүмүүс элссэн байдаг аж. Тус байгууллага дээрх аргыг дэмждэг бөгөөд гишүүд нь хэрэв хүнд өвчин тусвал уг аргыг хэрэглэнэ гэсэн нэгдсэн санаатай байдаг аж. Харин энэ аргыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөөгүй байгаа аж. Учир нь хэрэв хүлээн зөвшөөрвөл Сан хүү, Шиавогийн хэрэг шиг маргаантай байдал үүсэх эрсдэлтэй юм. Үнэхээр өвчтөн энэ аргыг хэрэглэхийг хүссэн эсэхийг яаж нотлох билээ. Саяхан Германы нэг эмч дээр нэгэн эмэгтэй эдгэрэшгүй өвчнөөр өвдсөн тул энэ аргыг хэрэглэх хүсэлт гаргаж, эмч ч ёсоор болгожээ. Гэтэл дараа нь өнөөх өвчтөн эрүүл байсан бөгөөд сэтгэл санааны гүн гутралд орж, амиа хорлох гэж хуурамчаар ийм бичиг үйлдсэн болох нь тогтоогдож, эмч сэтгэлээр унаж амиа хорлосон эмгэнэлт явдал гарсан.Мэдээж Монголд энэ арга хуульчлагдаж, хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа. Эмнэлгийн систем муу байгаа үед ингэх ч хэрэггүй юм. Буруу оношоор будлиантай зүйл хийхийг үгүйсгэхгүй. Түүнээс гадна би хувьдаа энэ аргыг зөвхөн удаан хугацаагаар ухаангүй байгаа, эдгэрэшгүй өвчин туссан өвчтөнд ойр дотныхонтой зөвшилцөж хийхээс бусад тохиолдолд хийх нь буруу гэж үздэг юм.

Дашрамд нь сэдвээс гажихад практик дээр манайд эдгэрэшгүй, тавилангүй өвчнөөр шаналж буй өвчтнүүдэд эмнэлэг их хатуу ханддаг юм шиг санагдсан. Ор байрны хязгаарлагдмал байдлаас болдог л доо. Тухайлбал хорт хавдараар өвдсөн хүмүүс Хавдар судлалын 18 ортой хөнгөвчлөх тасагт хэвтэх гэж бөөн юм болох бөгөөд 14 хоногийн дараа гэртээ очихоос өөр аргагүй байдалд хүрнэ. Ингээд өвчтнүүд гэртээ гэрийхнээрээ асруулсаар нөгөө ертөнц рүү одох хэцүүхэн зүйл тулгарна. Харин сүүлийн үед Монголд хөнгөвчлөх үйлчилгээ үзүүлдэг шинэ эмнэлэгүүд буюу хосписууд гарч ирсэн байсан. Эдгээр эмнэлгүүд гэрээр очиж тэрхүү өвчтнүүдийн өвчнийг намдаах, асрах сувилах, ар гэрийхэнд нь асаргааны анхан шатны мэдлэг олгох зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Ийм туслалцаа авах хүсэлтэй өвчтний тоо их, хөнгөвчлөх эмч нарын тоо бага байдгаас эрэлт ихтэй байдаг нь хүндрэлтэй. Дээр нь эмч нар ийм үйлчилгээ хийхэд зардал ихтэй, ашиг багатай болохоор нь сонирхдоггүй юм шиг байсан. Гэхдээ энэ дундаас үнэгүй үйлчилгээ үзүүлдэг Ивээл гэх хоспис тухайлбал төлбөрийн чадваргүй айл өрхөд очиж тусалдаг байх жишээтэй. Санхүүжүүлэгч байгууллага нь Христийн шашны сан болохоор тэр.

Ингэхэд Буддын шашныхан ийм үйлчилгээг санхүүжүүлж болдоггүй юм байх даа гэж гайхдгийн. Тэгвэл хөнгөвчлөх эмчилгээнээс гадна лам нар хүнд өвчнөөр шаналж буй өвчтөн төдийгүй ар гэрийнхэнд нь сэтгэл санаагаар дэмжиж өгч болох юм шиг. Яагаад гэвэл ийн өвдөж буй хүмүүс ихэнхдээ гэр орныхондоо их зовлон болж байгаагаа мэдэрч шаналахаас гадна, гэрийнхэн нь ч бас хайртай хүндээ тус болж чадахгүй байгаадаа бухимдах нь олон юм шиг байдгийн. Иймд зөвхөн өвчтэй хүнд өвчин зовлонг намдаахаас гадна өөрт нь болон гэрийнхэнд нь сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг их хэрэгтэй юм.
За ингээд Эх болсон зургаан зүйл хамаг амьтаны тусын тулд эрхиэ нэг эргүүлээд унтаж хэвтэх минь.

Блог

Блог
Би өөрийгөө аюулын муу санаатай гэж бодож байсан чинь биш юм аа. Блогтоо өөрт огт холбоогүй, бусдын мэдэхгүй, танихгүй, сонсоогүй нэр хаяг зүүлт өгөөгүй л байгаа юм даа. Гэнэн байгаа юм шүү. Хэрэвзээ өөр нэрээр өгсөн байсан бол баруун солгойгүй балай авахгүй юу. Өөрт болсон явдлаа биччих гэхээр өрөөл бусдын талаар дурдах болчих гээд. Тэд дараа нь гомдол нэхэл, уйлаан майлаан, хэрүүл уруул болвол яахын. За тэгээд хувийн нууц, халдашгүй байдлын талаар сүүмгэнэсэн санах ойгоо сэргээх санаатай интернет, блог, эрх зүйн уялдаа холбоо, уулзвар цэгийг уншиж судалж үзэв. Хэд хэдэн сонирхолтой хэрэг маргаан үзэж баясав. Энэ талаар бичдэгийнмуу гээд.Блогчдын ихэнх нь ч юмуу зарим нь ч юмуу сэтгүүл зүй, эрх зүйн талаар нарийн мэргэшээгүй нөхдүүд байгаа болохоор хууль зөрчих, хүний эрхэд халдах, өөрөө бас хэлмэгдэх зэрэг айхтар явдал гарвал яахсан билээ. Тухайлбал хувь хүний нууцыг задруулах, халдашгүй байдалд халдах, нэр төр, алдар хүндийг гутаах, гүтгэх, доромжлох, сэтгэл санааны дарамтад оруулах, заналхийлэх, нийтийн дэг журмыг зөрчсөн зүйл сурталчлах, уриалан дуудах (хар тамхи сурталчлах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг өөгшүүлэх гэх мэт), зохиогчийн эрх зөрчих зэрэг явдал гаргаж болзошгүй юм. Блогчид өөрсдөө ч доромжлуулах, гүтгүүлэх, гутаалгах, ялгаварлан гадуурхагдах, дарамтлуулах, заналхийлүүлэх за тэгээд ажлаас халагдах зэрэг хэлмэгдэлд өртөх ч магадлалтай. Иймийн учир зөвхөн интернетийн хэрэглээ ч бус хүний эрх, оюуны өмч, эрх зүйн үндсэн зарчим, сэтгүүл зүйн ёс зүйн талаар элдэв шалдав зүйл эргүүлж тойруулж үзсэн нь зөв болвуу.Доромжлох-шоглох, нэр төр, алдар хүндэд халдах-шүүмжлэх, миний нууц-хүний нууц, гүтгэх- таамаглах зэрэг хэрэглэж буй үгсээс хамаарч тодорхойлогдох асуудлууд бий.Янз янзын хэрэг дундаас нэг сонирхолтой хэрэг гэвэл Жессика Катлер байна. Жессика сенатын туслах хийж байхдаа блог хөтлөн, өөрийн янаг амрагийн явдлаа бусдад дэлгэж эхэлжээ. Амрагуудын дунд сенатч зэрэг нэр нөлөөтэй хүмүүс байсан байна. Энэ нь нийтэд мэдэгдэж Жессика ч алдаршиж, Плейбойд зургаа авахуулж, номоо гаргаад амжив. Харин хуучин амраг сенатч нөхөр Жессикаг хувийн халдашгүй байдалд нь халдлаа гэж шүүхэд өгчихөөд байгаа билээ. Найз нөхөддөө янагийн явдлаа яриад тэр нь тархвал Моника Левински, харин өөрийн блогоор цацвал Жессикагийн замаар замнах нь гэсэн үг. Дашрамд нь эрчүүддээ хандаж хэлэхэд "ямар хүүхэнтэй холбогдох гэж байгаагаа эхлээд сайн судлаарай, болгоомжтой байгаарай, өмдний тэлээгээ сул битгий амархан тавиад туучихаарай, нэгэнт заяаны ханиа олсон, гэрлэсэн бол "замын зуурын" хүүхнүүд аюултай гэдгийг санаж яваарай".Нөгөөтэйгүүр блогчид сэтгүүлчидтэй адил эрх эдлэх үү яах уу? Адилхан эрх эдэлж байгаа юм чинь үүргийг нь бас адилхан хүлээх үү? Нэг жилийн дотор Монгол блогчдын тоо эрс өсөж байхад 2008 онд бүр ч ихсэх болвуу. Тэглээ гэж бодоход сонгуулийн үеэр блогоор дамжуулж сурталчилгаа хийх, мөн блогчид өөрсдөө блогоо пропаганда болгож ашиглаж болох уу? (Үүнийг дараагийн сэдэв болгож жичэд нь орхив.)Гайхамшигтай нийтлэл, өгүүлэмж бичиж байгаа архаг блогчид их байнаа. Харин тэд нарын бичсэн зүйлийг арилжаа худалдааны шинжтэй вебсайтад байрлуулах (тухайн блогчийн бичсэн сайн нийтлэлээр клиент татаж байна гэсэн үг) , ашиглах, өөрчлөх, найруулах, хууль бус зүйлд ашиглах зэргээр зохиогчийн эрхэд нь халдаж ч болно. Тиймд блогтоо зохиогчийн эрхийн талаарх анхааруулга, ашиглах бол холбоо барьж зөвшөөрөл авна уу гэсэн сануулга тавьж болно. http://www.creativecommon.com -с жишээ авч болно.Аа нээрээ бас бусдын буруутай зохисгүй үйл ажиллагааг шүүмжлээд ажлаас халагдсан блогчид гадгаадад нэлээн бий ажээ. Бас сургууль, багшийн ёс суртахуунгүй, бузар булай, буруутай ажиллагааг шүүмжилж нийтэд ил гаргалаа бас сургуулийн “байгууллагын нууцыг” задруулсан гэж хөөгдсөн сурагчид, оюутнууд ч байх. Ийгээд журмын анд нөхдийнхөө эрхийг хамгаалахаар Олон Улсын Блогчдын Эрхийн Тунхаг бичгийг блогчид санаачилж баталжээ. Нэг иймэрхүү. Ер нь цаашдаа ерөнхий зарчмын хувьд дараах зүйлийг анхаарвал яасын бэ гэж бодов: 1. Бусдын хувийн нууцыг задруулахгүй байх, 2. Бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх 3. Гүтгэхгүй, доромжлохгүй, заналхийлэхгүй байх 4. Бусдын зохиогчийн эрхийг хүндэтгэх хууль бусаар ашиглахгүй байх, 5. Бусдын нэрийг дурдах замаар бэлгийн дарамт хийхгүй байх (тухайлбал 1000 дугаар сургуулийн монгол хэлний багш Тугалмаагийн хөх үнэхээр том гэх мэт). Тайлбар: Энэ зүйл коммент бичигч болон нийт уншигчдад хамаарна.

Манай ангийхан

Манай ангийхан

Би яагаад ч юм аль дээрээс ангийхнийхаа тухай бичих юмсан гэж бодоод л яваад байлаа. "Манай ангийхан" гэж хөгжиж буй орноос ирсэн хэдэн нөхөд юм. Яг ч бүр байнга нэг анги болоод байхгүй ч хэд хэдэн хичээлд хамт суудаг юм. Тэдэнтэйгээ аахар шаахар юм ярьсаар нэг жил гаруй болсон болохоор дассан ч гэж жигтэйхэн, хожим их санаж гансрах байх даа гэж боддогийн. Эдэнтэйгээ байхад элдэв хошин шог үзэх гэж интернет ухаж суух шаардлагагүй байдгийн. Байнга инээдэмтэй юм болдог болохоор стрессээс ихээхэн хэмжээгээр хөнгөлдөг. Тухайлбал англи, япон хэлний онигоо бол пиг. Нэг удаа япон хэлний хичээл дээр багш надаас юунд дуртай вэ гэж асуухад нь Унтах дуртай гэлээ. Дараа нь нэг португали нөхрөөс энэ асуултаа асуутал "би Маралтай унтах дуртай" гээд авдгиймдаа. Багш, ангийхан бас би бүр цэл гайхаж мэл хөхрөв. Хүмүүс ч над руу харж инээлдэж би ч нүүрээ хийх газаргүй болов. Тэгсэн уул нь Маралтай адилхан унтах дуртай л гэж хэлэх гэсийм байна лээ л дээ. Гэхдээ яахав, уг залуу нь өөрөө царайлаг, дажгүй нэгэн байсан тул гайгүй залуутай нэр холбогдоод авсандаа дотроо туйлын тааламжтай, маасгар байлаа, гээл үү. Бас нэг удаа манай семинарын багш "долоо хоногт хоёр цаг дараалж хичээл орвол та нар дургүйцэхгүй биз дээ" гэж асуув. Угаасаа цаанаасаа ингэж орохоос өөр аргагүй байхад багш ийн асууж байгаа нь зүгээр л япон зан юм. Тэгсэн гэнэт манай нэг хятад "багш аа, би хоёрдугаар цагийг болохгүй гэж бодож байна, тийм болохоор би хоёрдугаар цагийг болихоор шийдлээ" гээдхэв. Багш бүр цочролд автан доороо дэвхрэн Яагаад гэж сандран, өөр нэг узбекаас дэмжлэг авах санаатай Чи юу боджийн гэвэл өнөөх нь би хятадтай санал нэг байна гэчихэв. Ёс болгож асуусан биш бөөн асуудал болов. Уул нь нөгөө хятад семинарын хоёрдугаар цаг дээр өөр хичээл сонгосон байсан нь давхцаад байгаа болохоор тэр хичээлээ болиод багшийн семинарын хичээлд суухаар болж байгаагаа л хэлэх гэж, харин узбек нь ер нь юу ярьж байгааг огт сонсоогүй байсан болхоор ам дагуулсан нь тэр байв. Бөөн юм болж болж багш болон өнөөх хятад хоёр учраа ололцов. Би ч яахав ганцаараа баахан хөхөрч суув.
Манай ангийхан бас надаас их гоё гоё юм асууна. Танайх өвөл аймаар хүйтэн гэсэн, хасах 40 хэм гэсэн, чи яаж амьд байж чаддагийн бэ? Одоо өвөл Японд байгаадаа баяртай байна уу, монголдоо байсан бол хөлдөж үхэх байсан байна ш дээ? Өвөл сургуулиуд ажилладаг уу, хүмүүс ажлаа хийдэг үү? Чи мориор ажилдаа явдаг уу? гэхчилэн асууна. Санаанд нь ер багтдаггүй юм шиг байгаан. Япончууд ялангуяа монголчуудын архи уух авьяас чадварын талаар байнга лавлаастай. Дотроо "Ийм утгагүй юм битгий асуу л даа. Жоохон юм үзсэн юм шиг бай л даа" гэж хэлмээр санагддаг ч тэр болгонд нь туйлын тэвчээртэйгээр зохистой хариултыг өгнө. Хэдийгээр нерв хөдөлгөм асуулт сонсохоор асуугчийг шатаар чирж гүйж, дээр нь гарч дэвхцмээр санагдах ч, хамгийн гол нь улс хоорондын харилцаанд сэв суулгасан явдал гаргаж ер болохгүй шүү дээ.
Ангийхан маань бас тодорхой хэмжээгээр эх орноо төлөөлж байгаа хүмүүс. Тийм болохоор хааяа пропаганда маягийн юм ч болох нь болдгийн. Зарим нь амжилттай, зарим нь амжилтгүй. Амжилтгүй гэснээс нэг саяхны санаанд орж байгаа нь гэвэл: манай ангийханы дунд "гавал" гэгдэх нэг бангладеш байх. Мань эр илтгэх авъяас сайтай гэж ярих юмгүй. Нэг удаа илтгэл тавьж байхдаа Амартъя Сэн, Мохамед Юнис нарын зургийг харуулан "миний этник группын хүмүүс байгаа юм, бид чинь нэг этникийн хүмүүс байгаа юм шүү дээ" хэмээх өөрийн харъяалагдах этник гэдэгт ихээхэн ач холбогдол өгч, цохон тэмдэглэхүйд нэг нөхөр "танайх олон этник групптай юу?" гээд асуучихав. Мань эр ингэж асуух хэрэггүй л байсын, яагаад гэхээр дараагийн ноблийн шагналтангаар ангийн нөхрөө тодрох нь гэдэгт би бат бөх итгэлтэй байлаа. Гэтэл баанга маань "манайд баангла үндэстэн 98 хувь, үлдсэн хоёр хувь нь өөр үндэстэн байдаг" гэчихэв. Хэрэв зөндөө олон этниктэй байсан бол мань эр уул нь алдарших байлаа. Ингээд "өөрийгөө магтан дуулж, өөд нь татах ажиллагаа" жаахан бүтэлгүйтчихэв.Энэ хугацаанд хүн л юм хойно бид хоорондоо хөгжилдөнө, тунирхалцана, гомдолцоно бас муудалцана. Тухайлбал нэг хятад хоол хийж дайлах болсон юм. Хоолыг нь хүлээж байх зуур би гэж бодлогогүй авир гаргаж "манай эмээ нэг хятад дуу бага байхад дуулж өгч байсан би чамд дуулж өгөх үү" гээд аялаадхав. Дорно зүгээс нар мандаад Мао Це Дун ирлээ ч билүү нэг тийм утгатай дуу. Тэгсэн өнөөх хятад маань Маог нь шоолж байна гэж бодсон уу яасан "Мао бол бурхан чи бол хажууд нь шоргоолж" гээтхэв. Ингээд оройн хоол таагүй уур амьсгалд болж өнгөрөв. Аль аль тал маань айхтар муу санаатай болхоороо харилцан "найрсаг" зангаа гээгээгүй л дээ. Ийн жил хоорондоо үг дуугарахгүй зөрж өнгөрсөөр, сая Ерөнхий сайд Энхболдын айлчлалтай давхцуулан өнөөх хятадтайгаа эв найрамдлаа буцаан тогтоов. Мань эр надад хятад хоол яаж хийхийг зааж би түүнд материалаа хаана яаж үнэгүй копидож болох талаар хэлж харилцан мэдээлэл солилцох замаар ноот бичигт гарын үсэг зурав. Өөрөөр хэлбэл цаашид эвтэй сайхан түншүүд байхын гэрч болгож өөрсдийн ноу-хаугаа солилцов (гээл үү). Ер нь бол хятад нөхөдтэй хоёр орны тусгаар тогтнол, газар зүйн, түүхийн талаар л ярьчихгүй бол бусдаар бол яриа хөөрөө дэлгэхэд гайгүй л дээ. Өдөр бүр л хөгжилтэй, инээдтэй зүйл болдог болохоор тэднийг харахын түүс болно гээч. Намайг дандаа инээлгэж баясгадаг болохоор би ангийхандаа зүрх сэтгэлээсээ хайртай юм шүү. Янз янзын орны хүмүүстэй байхаар хамгийн гол нь стереотайпт хэт автаж болохгүй гэдгийг л санаж байхгүй бол болохгүй. Ганц нэг хүнээр хэдэн сая хүмсүүдийг төлөөлж ойлгох дэмий л дээ. Жишээ нь алкоголь уудаг, тамхи зуудаг, аальгүй, солгой хоолойгоор гонгидог энэ тэр гээд надаар монголын бүх бүсгүйчүүдийг тодорхойлж болохгүй шүү гэж байн байн сануулдаг л даа. Би ч бас тэднийг хувь хүний зан чанар, улс орон, үндэстэн ястаны соёл заншлын онцлог зэргийг ялгаж салгахыг хичээнэ.

улаан загалмай

улаан загалмай

Үе үе сургуулийн гадна Улаан загалмайн тэмдэгтэй том машин ирж зогсоод хэдэн Япон нөхөд цусаа донорлооч хэмээн чангаар хашгиран уриалан зогсдог юм. Монголд бас ингээд л цусны донор болооч гээд л байхад огт тоодоггүй байсан би тэрхүү хамаг хоолойгоо сөөтөл орилох япончуудыг ёстой нүдний үзүүрээр харах ч үгүй хажуугаар нь тоос татуулан өнгөрдөг байв. Нэг өдөр өнөөх зүс таних нөхөд маань дахиад л сургуулийн гадна ирчихсэн байлаа. Тэгсэн гэнэт тэр машинаар ороод гармаар санагдаад явчихав. Хэдэн грам цус өгчихвөл ойрд хүнд оргиод байгаа толгой тархи сэргэх ч юм уу билүү, цусны эргэлт сайжирч ч магадгүй гэж бодоод сониучирхаад очтол хүүе хаая ч гэхийн зуургүй анкет урд тавиад л эелдэг гэгч нь инээмсэглээд эхлэхээр нь яалт ч үгүй гипноздуулчихав. Ийгээд донор болчив. 400 гр цусаа өгөөд сууж байхдаа сэтгэлд нэг л сайхан бодол төрөөд ирсэн юм. Амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байгаа нэгэн Японд миний цус гүйх нь байна ш дээ гэж бодоод л, тэгээд ер нь өөрийгөө их сайн зүйл хийж байна гэж дотроо урамшуулан баясав. Хэн нэгэн хүнд харамгүйгээр өөрт байгаа зүйлээ хуваалцана гэдэг бас нэгэн баясал юм шиг. Тэр зүйл нь дэлгүүр хоршооноос худалдаад авчихаж чадахгүй, бас нөгөө хүнд чинь амь насанд нь тултал хэрэгтэй ховор нандин эд гэж бодохоор бахархмаар ч юм шиг. Ингээд дотроо бөөн гэгээрэл ухаарлын гэрэл асаачихсан явж байгаад нэгэн найздаа сонин болгож хэлтэл өөдөөс харин "чамд тэгээд хэдэн иэн өгч байна" гэсэн асуултаар шууд "унтрааж орхив". Миний цусаа донорлож байгаа нь бус харин оронд нь юу авсан нь л сонин байв. Мөнгөгүйдсэндээ цусаа зарах дээрээ тулна гэж үү. Тэгсэн Монголд цусаа донорлоход хоолны мөнгө гэж хэдэн төгрөг өгдөг нь цусаа худалддаг гэсэн буруу ойлголт төрүүлсэн бололтой. Цус гэдэг бол худалдаж зарж болохгүй зүйл. Хэрэв цусыг зардаг байсан бол энэ хорвоо улаан цусанд будагдах байсан байлгүй дээ. Чин сэтгэлийн зүгээс цусаа бэлэглэдэг болохоор л донор гэдэг нэрийг зүүдэг юм биш үү. Саяхан элэгний дутагдалд орчихсон хүнд эмчилгээ хийлгээд, цусны цагаан эс буюу хөлдөөсөн сийвэн хийлгэх болоод Цусны төв рүү явж байхдаа зөвхөн цус ч бус цуснаас гаргаж авдаг олон бүтээгдэхүүнүүд өвчинд шаналж буй хүмүүст нэн хэрэгтэй байдгийг биеэрээ мэдэрсэн юм. Хэрэв тэр үед сийвэн дууссан гэвэл яах байсныг бүү мэд. Судалгаагаар Австралид хүн амын 80 хувь нь, АНУ-д 97 хувь цусан бүтээгдэхүүн хийлгэх шаардлага гардаг гэжээ. Санасныг бодоход Япон оюутнуудыг харахнээ цусаа харамгүй донорлодог юм шиг байсан. Ямар ч байсан намайг очихоор оочертой байдгийн. Харин монгол залуучуудаа нэг ч гэсэн удаа цусаа донорлоосой гэж хүсдэг юм. Японд цусаа донорлох гэж байгаа, бас оронд нь юу өгдгийг сонирхож байвал нэг ширхэг ундаа, нойтон салфетик, гар угаах шингэн, нэг печенье, тэгээд дээр нь урамшуулал болгож цусны иж бүрэн шинжилгээг тань хийгээд хариуг нь илгээх болно. Маргааш ДОХ-той ч тэмцэх өдөр юм байна. Өвчтэй зовлонтой шаналж байгаа нэгэндээ чадлаараа тусалж буян хураая.

12 chairs

12 chairs
Оросын "12 сандал"-ыг эргэн дурсахуй болгож үзэв. Бага байхад Оросын сувгаар жилдээ нэг гардаг байсан даа. Бүр хоёр ч хувилбар байдаг даа. Хүүхэд байхдаа үзээд их л инээдтэй санагдаж байсан боловч одоо эргээд үзэхээр бас ондоо юм аа. Тэгсэн киноны нэг хэсгийг үзэж байтал утгагүй ч гэмээр бодомж төрөв. Энэ кинонд баян авгынхаа алмаз эрдэнээ нуусан сандлыг хайж буй, язгууртан гэж өөрийгөө өөд нь татчихсан хөгшин эр, аливаад сүйхээтэй сэргэлэн залуу хоёрын хөгжилтэй явдал гарна. Хөгшин, залуу хоёр мөнгөгүйдэж, яаж мөнгөтэй болов вэ гэж бодсны эцэст залуу нь сэргэлэн юм болохоороо нэг арга сэдэх бөгөөд энэ нь хөгшин эрийг гуйлга гуйлгуулах арга байлаа. Тэгээд хөгшин нөхрийг олон орны хэлээр гуйлга гуйлгуулахаар дасгалжуулж байхдаа залуу нь хөгшинөө урамшуулан "Та чинь төрөлхийн гуйлгачны авъяастай юм байна шүү дээ" гэхүйд хөгшин жигтэйхэн их баярлаж "Тийм байна уу?" хэмээн улам урамшин, дүрдээ чухамхүү итгэн баясана. Ингэхүйд залуу эр "Тэгэлгүй яахав. Харин мөнгөгүй бол буцаж ирээд дэмий шүү" гэж хөгшиндөө анхааруулаад "ажилд нь явуулдаг" юм.Тэгээд үүнийг үзээд яагаад ч юм манай нэг сайд, дипломатч гадаад оронд зээл тусламж гуйх гээд явахад нь бас л нэг иймэрхүү даалгавар авдаг байх даа гэж бодов. Бас гаднаа учиргүй язгууртан элит дүр төрхтэй, яриа хэллэгтэй ч дотроо бол хэдэн төгрөгний төлөө юун хууль цааз, юун хүний эрх, ардчилал, шударга ёс, ёстой харин тэрний оронд юугаа ч өгөөд туухад бэлэн өчүүхэн дорой, төрөлхийн гуйлагчины авъяастай нөхөд, тэр дундаа 250 саяыг авах гээд улайрч, хуулиа уландаа гишгэж буй язгууртнуудын "төрөлхийн авъяас"-ыг нь тодотгож хэлбэл тэд "тийм байна уу" гээд учир зүггүй баярлах байх даа гэж бодов.



Les Parapluies de Cherbourg -

Шербургийн шүхэр / Les Parapluies de Cherbourg (1964) гэдэг кино. Том ах маань энэ киног Орост сурч байхдаа үзсэн юм шиг байгаан. Тэгээд л надад нүдэнд харагдтал ярьж өгч билээ. Ах ч ямарваа юмыг дүрслэн ярихдаа гарамгай нэгэн л дээ. Бүр нүдэнд өнгөтөөр, үйл явдал нь кадр кадраар, бодитоор төсөөлтөл ярьж өгөөд энэ кинонд бүр дурлуулчихсан юм. Тэгээд сүүлд бараг олон жилийн дараа Оросын телевизээр аз болж гарч нэг үзэж билээ. Өмнө нь ахын умруултал ярьсан ярианд болоод энэ киног хэдэн мянган удаа үзчихсэн юм шиг санагддгийн. Хайртай залуу нь дайнд яваад захиа бичихгүй алга болж, түүнийг хүлээсэн хонгор бүсгүй хөл хүнд. Ингээд ээжийнхээ ятгалгаар чинээлэг залуутай гэрлэчихнэ. Харин залуу нь буцаж ирээд хайртай бүсгүй нь өөр хүнтэй суусныг мэдээд сэтгэлээр унана. Сүүлд хэдэн жилийн дараа ийнхүү салсан хос санаандгүй уулздаг юм. Жоохон байхад энэ киноны төгсгөл шиг зүйл миний амьдралд болвол гоё ч юм шиг "муу ёр"-ын юм боддог байж билээ. Ялангуяа ид ормоонтокддог шилжилтийн насанд сэлгүүцэж байхдаа намайг нэг залуу хаявал би дараа нь ёстой баян хүнтэй суугаад хажуугаар аймаар ганган гоёчихсон тааралдаад тэрний яаж харамсахыг нь хараад бас өөртөө хөнгөн гуниг хураагаад гэхчилэн их хөнгөмсөг юм бодож байж билээ. Ямар юмны тийм юм байх вэ тэгсэн чинь харин. Яс юман дээрээ "хаягдсан" нөхдүүд хажуугаар дайрчих гээд давхиад байгаа юм биш үү гэж. (За ингээд биччихвэл хүмсүүд намайг сэтгэлээр явчихаж гэж буруу ойлгох вий дээ.)Ер нь бол энэ кинонд хамгийн гол сургамж авах зүйл нь: эрчүүд ээ, ардаа хэрвээ хайртай бүсгүйгээ орхиод гадгаадад байгаа бол захиа занаа бичиж, утас факсаар холбогдож байхгүй бол үл ойлголцол болоод сайхан хайраа алдваа.

Sorry.

Sorry.
Би юм юманд санаа зовомтгой, шаналамтгай, бодомтгой нөхөр байж билээ. Ямар нэг юм шийдэх болохоор ингэвэл яах бол тэгвэл яах бол гэж бодсоор байгаад өөрийгөө ч төдийгүй өрөөл бусдыг залхааж орхино. Нэг удаа дисконд явах гээд явах уу яахуу, явбал ямар үр ашигтай, явахгүй бол юу алдах вэ гээд л бараг хэтийн төлөвлөгөөгөө харж барьж бөөн юм болоод л сууж байхад эмээ харчихаад олон санаат оргож босохгүй ээ гэж хэлж билээ. Тэгээд ер нь өөрийгөө тамласан ядаргаатай энэ зангаа орхих юмсан гэж бодсоор чадахгүй явсаар нэг өглөө босоод хартал туг үс унаад халцарсан байж билээ. Оюутан байхдаа өглөө нь хичээлээд өдөр нь хичээллээд орой нь хичээлээ давтаад, дээр нь элдэв янзын адал явдал, ар гэрийн асуудал бэрхшээл гэсээр юм юм руу үсчиж санаа зовсоор байгаад мэдрэлийн архаг ядаргаанд орсон байсан нь тэр. Эхлээд ч үүрд халзан болох нь гэж айж сэтгэлээр унаад, ингэж явснаас үхсэн нь дээр гэж ээжийгээ айлгаж, баахан эмнэлэгээр явж байгаад нэгэн хал үзэж хашир суусан эмчтэй тааралдсанд, тэр эмч намайг юманд санаа зовохоо л болчихвол үс чинь урганаа гэж хонгилын үзүүрт зажигаалк астал хэлэв. Энэ зөвлөгөөний дагуу, гоо сайханаа буцааж авахын тулд нэгэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч үс маань соёолж ургаж эхлэвэй. Ямар төлөвлөгөө байв аа гэхээр санаа зовоосон, бодолд оруулсан, түгшээсэн гээд аливаа таагүй зүйлээ унтаж босохдоо ор тас мартах арга байв. Унтахынхаа өмнө энэ бүх санаа зовоосон зүйлээ сэрэхдээ таг мартсан байхымшүү гэж програмчилна. Тэгээд л сэрэхэд нээрээ бүх зүйл мартагдсан байдаг болов. Одоо ч энэ л хэвээрээ. Мартаад л болоо. Тэгсэн хэтэрхий мундаг мартдаг болсноор сайхан дурсамж, анхаарах ёстой зүйл гээд хэрэгтэй мэдээллүүд хамт арчигддаг болжээ. Өнөөдөр Тайландын Recycle гэдэг "аймшгийн" киног үзээд өөрийгөө анзаарч ихэд гэмшлээ. Өнгөрсөн зүйлээ унтаад сэрэхдээ мартчихдаг болохоор энэ киног үзсэний дараа өөрийн эрхгүй өнгөрсөн рүүгээ шагайв. Энэ кинонд бидний дутуу бичээд орхисон захиа, уншина гээд хойш тавиад тоосонд дарагдсан ном, ханш нээхээр очино доо гээд мартчихсан өнгөрөгсдийн нойрсож буй нутаг байх "мартагдагсдын орон"-оор гол баатар бүсгүй зочилдог юм. Аймшгийн гэдэг төрөлд нь, спец-эффектэд нь бус, харин тухайн үедээ бас одоо ч хайрлаж явдаг ч мартаж орхисон зүйлс маань энэ кинон дээр гардаг шиг болчихсон байвал яанаа гэсэн бодолдоо айдас хүрэв. Зөндөө юм мартаад орхижээ би гэдэг хүн. Сайнаасаа мууг их хийж, онохоосоо илүү алдаж явсан ч юм уу санаа зовох юм их л байсан. Бүгдийг нь мартчихаж. Бас өмнө нь гомдоосон, уурлуулсан, айлгасан хүмүүсээ таних ч үгүй, мартчихсан хажуугаар нь өнгөрчихнө. Ийгээд мартагдсан бүхэн, өнгөрч улирсан болгоны өмнө дотроо баахан уучлал гуйлаа. I am terribly sorry!

i swear

i swear
ай хөөрхий, алкоголиа хэтрүүлснээс өглөө шартчихаад босон суух хэвтсэн ч хорвоо ертөнц харанхуй оргиод л. Ийгээд интернет орж элдэв юм үзэж суутал
Дөлгөөн шарталтыг шинжлэх ухааны талаас нь сайхан тайлбарлажээ. Угаас барзгар сууж байсан би бээр шарталт гэдэг үг байтугай шар өнгө ч харж чадахгүй байсан болхоор 00 руу хамаг хурдаараа чөлөөт харайлт хийлгэв. Тэгээд ийнхүү шаналж байхдаа зөндөө зүйлийг гэгээрлийн өнгө аястай бодож байлаа. Тухайлбал хүн бусдад амлалт өгөөд тэрэндээ хүрэх гэж их мэрийдэг мөртлөө өөртөө өгсөн амлалтандаа хүрнэ гэдэг худлаа юм байна даа гэж.
Өөртөө үй түмэн амлалт өгөөд заримыг нь мартаад, заримыг нь хүрэх гэж яваад замхруулаад, үлдсэнийг нь цуцлаад гэхчилэн өөрөө өөртөө хулхи зан л гаргасанаа бодоод л ихэд гэмшив.
Анх дурлаад бүтэлгүйтчихээд ахиж дурлахгүй барихгүй гээд бөөн амлалт хийчихээд маргааш нь мартаад дахиад л унаж босож, өвдөг тохойгоо шалбалж барьж, зүрхээ сийчүүлээд сийчээд.
Анх тамхи татаж үзээд хордчоод хэвтэж байхдаа тамхи бол там юм гэхчилэн толгой мөр холбох шахан гэгээрч ахиж энэ муу тамхийг амандаа зуухгүй гээд зүгээр болонгуут нь амлалтаа мартчихсан. Өнөөдөр ингээд зуун зараатай зууралдаж байхдаа алкоголийг ахиж амсахгүй, амссан ч учиртай ууна гэхчилэн хэдэн удаа андайлсанаа тоолж сууна.
За тэгээд зүгээр ч андгай тангараг тавичахгүй сонгодог зохиолоос "тэрнийхээ нэрийг барьж тангараглая" гэж сурсан хэллэгээ хэрэглэж амланаа бас.
Аав, ээж, ах, дүү, амраг садан гээд сүүлдээ нутаг усны нэрээр ч тангараглаад одоо ингэж барьж тавих нэр ч дуусаж байх шиг. Бас нөгөөтэйгүүр Бурхан гээч хүнд юмыг их хязгаартай харам ханджээ гэж гомдолломоор санагдав. Бялуу чихэр идмээр байвч идэхээр таргалах гээд л, мөхөөлдөс их идмээр байвч хоолой өвдөх гээд, архи пяав аймаар их уумаар байвч тас үсэрч тамаа цайтал шартчих гээд гэх мэтчилэн яасан хязгаартай хорвоо вэ.
Хөлсөө гартал сайхан бантан, битүү шөл, тасалсан гурилтай төмстэй шөл хийж идээд, Дөлгөөний бичснээс санаа авч глюкозондоо анхаарал тавьж энэ шарталтыг даван туулж, ирээдүй рүү цоглог алхсугай. Аа бас ахиж ингэж хэтрүүлж уухгүй гэдгээ ирээдүйд суух нөхрийнхөө нэрийг барьж тангараглав.

Virtual property

Virtual property
Зияаг, блог гээчийг хөтлөөд жил болох нь ээ бараг. Тэгсэн Тулгатын ерөөлөөр Монголын блог маш олон болжээ. Хичээл номын завсар, хоол идэх, цай уух зуураа хүмсүүдийн блог руу орж үздэг болов. Блог оо гэж програм, жава юу юу ч гэнүү элдэв нарийн мэдлэг шаардаад байхгүй, яршиг төвөг багатай, хялбар амар юм аа. Хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэн өөрийнхөө ертөнцийг бусдад таниулж, үзүүлж харуулж, үүгээрээ бас үл үзэгдэх танилуудтай болж, кибер ертөнцөд нэгэн орон зайг бий болгож энэ тэр. Нөгөө талаар хууль зүйн үүднээс үл үзэгдэх, виртуаль өмчтэй болж байна гэсэн үг. Кибер ертөнцөд өмчтэй болж байнаа гэдэг чинь эдийн засгийн харилцаанд өмчөөрөө дамжуулж оролцох үүд хаалга ч нээгдэнэ гэж. Виртуаль буюу биет бус өмч зөвхөн блогоор тогтохгүй бидний электрон шуудан, домайн нэр, вебсайт, чат, аливаад нэвтрэх эрх бүхий нууц үг гээд олон бий. Түүнийгээ түрээслүүлэх, хөлслүүлэх, ашиглуулах, бэлэглэх, худалдах, өв залгамжлуулах, хамтран ажиллах гээд олон янзын ажиллагаанд ч хэрэглэж болно. Одоо чинь их гарын блогчид блогоо худалдаад эхнээсээ саятан болж байна. Мундаг аа. Өмч байна гэдэг чинь өмчид халдагч гэмт этгээдүүд бас байна. Хакер, кракер, дайсан этгээд, өст этгээд гээд. За тэгэхээр тэрхүү гэмт гаруудаас хамгаалах кибер цагдаа байх хэрэгтэй болноо доо.Мөн миний өмчийг хамгаалах хууль байхгүй бол болохгүй. Монгол улсын Эрүүгийн хуулиар мэдээллийн аюулгүй байдал гэж нэрлээд байгаа. Өөрөөр хэлбэл кибер ертөнц дэх биет бус өмчид халдахад "өмчийн эсрэг гэмт хэрэг" гэх үү "мэдээллийн эсрэг гэмт хэрэг" гэх үү гэдгийг л бодоод байна л даа. Тодорхой болгохын тулд нэг жишээ авъя. 2003 онд Интел компани хуучин ажилтан байсан Хамидын эсрэг нэхэмжлэл гаргажээ. Хамид нь Интел компаниас халагдсаны дараа Интелийн бодлогыг шүүмжилж, Интелийн Нүүр гээд байгууллага байгуулаад Интелийн дотоод электрон шуудангаар бүх ажилтнуудад өөртэй нь нэгдэхийг уриалж нийт 200000 мэйл явуулсан гэж байгаа юм. Интел үүнийг эсэргүүцэж, Хамидыг компанийн өмчид хууль бусаар халдаж байна гээд шүүхэд өгчээ. Өөрөөр хэлбэл компанийн мэйлийн дотоод сүлжээ нь компанийн өмч гэсэн үг бөгөөд энэ нь компанийн байр руу хууль бусаар нэвтэрч байгаатай ялгаагүй гэж маргажээ. Анхан, дунд шатны шүүх Хамидыг буруутгасан шийдвэр гаргасан ч Калифорни мужийн дээд шатны шүүх Хамидыг буруугүй гэж үзжээ. Ингэхдээ дээд шүүх Хамидын илгээсэн мэйл нь компанийн өмчлөлд гэм хохирол учруулаагүй, мөн Хамид үг хэлэх эрхээ эдэлж байна гэж үндэслэлээ гаргаж. Сонин л шийдвэр болсон юм. Бодит ертөнцөд буулгавал таны гэрт нэг нөхөр түлхүүр тааруулж орж ирээд, хүүхдүүдийн чинь өрөөнд Надтай нэгд гэсэн захиа тавиад байвал яах вэ? Тэр нь тэгээд 200000 удаа байвал галзуурна биз дээ. Тэгсэн чинь интернетийг хянаад цагдаад байдаг Хятад энэ тал дээр хачин мундаг байдаг байна. Ли Хонгчен гэдэг залуу интернетээр тоглоом тоглох хоббитой байж. Ийнхүү тоглосоор тоглоомны ертөнцдөө хэд хэдэн төрлийн зэвсэгтэй, хийсвэр мөнгөтэй ч болсон байж гэнэ. Интернет тоглоомын газар хоёр жил ингэж уйгагүй тоглохдоо 10000 юань зарцуулжээ. Тэгсэн нэг өдөр тоглох гээд давхиад очтол мань эрийн аккаунтыг нь хакдаад хамаг цуглуулсан очкоов нь алга болсон байв. Ингээд Ли тоглоом зохион бүтээсэн компанийг шүүхэд өгчээ. Тэрээр тоглоомны тэр олон үе шатыг даван туулж, бөөн очкоов цуглуулах гэж цаг нар, хөлс усаа урсгасан тул 10000 юаниа авна гэв. Шүүх харин шийдэхдээ тоглоом зохион бүтээгч компанийг Лид тэрхүү цуглуулсан бүх очкоовыг нь тоо ёсоор буцаан олгож хохиролгүй болгох шийдвэр гаргасан байна. Хятад виртуаль өмчийг ийнхүү хүлээн зөвшөөрчээ. За одоо блог руу гаа сэдвээ буцаая. Хэрэв блог компани блогийг маань устгаад, эсвэл хакдуулсан байвал бид өмчийг минь буцааж өг гээд Блоггерыг шүүхдэж болох уу? Хэрэв хэн нэгэн нууц үгээр чинь блог руу нэвтэрч ороод хамаг мэдээллийг чинь өөрчлөөд тэгээд бас болоогүй нууц үгийг чинь сольсон байвал Блоггер компанид хүсэлт гаргаж хаягаа буцаах мөн ийнхүү нууц үг хулгайлсан этгээдийг өмчид минь халдлаа гэж шүүхдэж болох уу? Нэг өмч гэдэг нэг талаас баяр ч нөгөө талаас бас зовлонтой байдааг гэж. Эрх зүйн талаас виртуаль өмч гэж юу болох, түүнийг яаж хамгаалах вэ, хариуцлага нь ямар байх вэ гээд бодох л хэрэгтэй нэг асуудал