Wednesday, March 21, 2007

Миний гурван бухимдал

Хэд хоног блог интернетээр хэсэж тэнэлгүй алга болж болж ирсэн чинь ямар ч их юм болоод өнгөрсөн юм бэ дээ. Уул нь би Хоккайдогийн аялал жуулчлалын семинарын үргэлжлэлийг бичээд гаргах гэсэн чинь алдаа өгөөд алга болчихсон. Тэгээд бас бус юм бичмээр байсан ч гэнэтийн бөгөөд давагдашгүй хүчин зүйлс тохиолдов.
Хүн амьтантай уулзахгүй учрахгүй гээд гэртээ бөгчихөөд амар тайван амасхийе гэтэл яаж ийж байгаад хошин шогийн үзэгдэл шиг сонин юмтай учрах юм аа. Ингээд өөрт тохиолдсон явдлаа сонирхуулъя.
Нэгдүгээр бухимдал.
Өнгөрсөн жил миний ажиллаж байсан байгууллагын зохион байгуулсан бизнес аялалын шугмаар ирсэн Монголын бизнес эрхлэгч хүмүүстэй хальт танилцаж, хугас өдөр Токиогоор хамт явсан юм. Нэр усаа ч сайн мэдэлцээгүй явцгаасан гэж байгаа. Гэтэл саяхан тэр аяллаар ирсэн нэг эмэгтэй Японд иржээ. Уулзав. Тэгсэн "Танайд хоноё" гээд л, нэг мэдсэн долоо хоног огт танихгүй мэдэхгүй хүнийхээ хөтөч болж гүйв.
Бид хоёрын яриа нэг иймэрхүү болж өнгөрөв:
- Та тэгээд Японд ямар ажлаар ирсэн юм бэ?
- Японыг үзэе, ямар улс юм бэ, шинэ бизнес олох боломж юу байна гэдгийг судлах, сонин шинэлэг зүйл юу байна мэдэх гэж л ирлээ.
- Та хаагуур явах, хаана байрлахаа яаж төлөвлөсөн юм бэ?
- Би тэрийг мэдэхгүй ээ. Хаана байрлах, хаагуур явахаа мэдэхгүй байнөө. Хэл ус мэдэхгүй ш дээ.
- Та тэгвэл таньдаг мэддэг хүнтэй биз дээ?
- Байхгүй ш дээ. Одоо зүс мэдэхээс чи л байх шив дээ.
- Зочид буудал энд доод тал нь 6000 иэн байдаг шүү дээ.
- Эгчид нь тийм их мөнгө байхгүй ээ.
- Одоо тэгээд яах вэ?
- Харин би яах вэ?
- Та тэгээд зочид буудалд байрлаж чадахгүй, хаашаа явахаа мэдэхгүй, хэл усгүй, таньдаг хүнгүй, байрлах газаргүй, юу үзэж харахаа ч мэдэхгүй, мөнгө төгрөг муутай ирсэн юм уу? Ямар сонин юм бэ? Юу ч мэдэхгүй хүний нутагт ингээд ирж болж байгаа юм уу?
- Харин болох л байлгүй л гэж бодоод. Наашаа гарахын өмнө Гандангийн их сайн ламаас асуусан чинь "болно болно, яваад ир, зүгээр" гэсэн. Тэгээд л ер нь явъя гээд л яваад ирсэн.
Товчхондоо нэг иймэрхүү. Ийм л юм болсон юм даа гэдэг шиг. Ингээд ор хөнжлөө хүнд өгчихөөд, үлээвэр найрал хөгжимд нь чих дэлдийн, өөрөө дээлээ нөмрөөд нөмгөн унтах хэвтэхийн завсар долоо хоноход их зүйл бодогдов. Энэ Алтантүрүү гэдэг залуугийн Танайд хоноё нэвтрүүлэг хүмүүст бас буруу хүмүүжил олгоод байдаг юм уу хаашаа юм. Үгүй ч гэж хэлэх хэцүү, тэг ч гэж хэлэх хэцүү юм. Угаасаа худлаа ярьж чадахгүй болохоор би ийм тийм ажилтай гээд хаяад явчихаж зүрхлэхгүй юм. Нөгөөтэйгүүр би тийм ч ариун сайхан сэтгэлтэй, тусч цайлган хүн биш юм аа. Угийн зожиг хажиг хүн. Сүүлдээ гар хөл, хэл ам нь болж үйлчилж явсаар байгаад "урилгагүй зочноосоо" төвөгшөөж, хурдан яваасай гэж бодож эхэлсэн гэж байгаа.
Тэр эгчийн ажил нь бүтлээ гээд надаас илүү Гандангийн ламд л баярлаж улам их шүтэн биширч байсан. Харин би бол ламын уншсан маань мэгзэм номонд автсан объект л болчих шиг санагдаад инээд хүрээд л байлаа.
Хөдөө нутагт манай малчин айлд хэн ч буусан зочломтгой сайхан зангаараа угтаж үдэж явдаг шүү дээ гэж бодохоор өөртөө шүүмжлэлтэй хандмаар ч юм шиг. Гэтэл огт мэдэхгүй хүн хаалга тогшоод танайд хэд хоноё гээд зогсож байхад Өө тэг тэг гээд оруулах хотын айл ёстой бараг байхгүй гэж бодохоор өөрийгөө зөвтгөмөөр. Токиод монголчуудыг арай хямд байрлуулдаг байр байдаг юм болов уу? Энэ бол өөртөө бухимдсан бухимдал байлаа. Харин энэ бухимдлыг эерэг байдлаар харахым бол их олон ололттой зүйл бий. Тухайлбал тэр хүн эндээс мэдэх ёстой зүйлээ мэдэж аваад бизнестээ шинэ санааг нэвтрүүлж тухайн салбартаа тодорхой хэмжээний шинэчлэл хийж чадвал хожим би долоо хоногийн нойроо алдсныхаа төлөө баярлах болно гэх мэт.

Хоёрдугаар бухимдал.
Токиогийн дэргэд Чибад байдаг үзэсгэлэнгийн газарт Хүнсний экспо болж тэрийг сонирхов. Их л олон орноос оролцсон том үзэсгэлэн байлаа. Ер нь ийм газраар явж байгаад бизнесээ олчих боломжтой л юм байна. Би ч бүр бизнес эрхлэгчийн дүрдээ итгээд цам харайн, галууг дуурайж хөлөө хөлдөөх дөхөв. Хамгийн сонирхолтой нь Өмнөд Солонгосын үзэсгэлэнгийн талбайд явж байгаад Монголын жамц давсаа хараад жигтэйхэн гайхлаа. Жамц давсыг том, жижиг, савтай, ууттай гээд төрлөөр нь тавиад, дээр нь Монгол жамц давс гээд биччихсэн байв. Бас болоогүй ээ жамц давс эрүүл мэндэд туйлын сайн, гоо сайхныг тэтгэгч гээд л бөөн сурталчилгаа. Хоолондоо ч хийгээд, банндаа ч хийгээд их л олон зүйлийн шидтэй эд юм байх. Манай давс ингээд Өмнөд солонгосын бүтээгдэхүүн болчихоод заларч байхыг хараад маш их харамсалтай санагдав. Байгалийн давсыг буталж аваад, уутлаад тавихад тийм их ухаан хэрэгтэй гэж үү.
Энэ бол бүтээлч сэтгэлгээгүй, залхуу бизнес эрхлэгчдэдээ бухимдсан бухимдал байлаа. Гэхдээ монголын гэсэн зүйлийг тэнд олж харсандаа баярласан. Энэ бол бидэнд боломж байгаа шүү гэдгийг нотолж байгаа нэг л зүйл. Өөр зөндөө бизнесийн боломж бидний гар дор, нүдний өмнө бий. Үлдснээ гадаадынханд алдалгүй өөрсдөө өөрсдийнхөө зүйлд эзэн болж зан зээлээ эзлэх нь л чухал байна.

Гуравдугаар тохиол.
За энэ бол цэвэр миний хувийн нерв байв. Саяхан бас тохиолдлын журмаар хоёр монгол залуутай тааралдаж танилцав. Нэг нь насаар надаас хамаагүй ах, нөгөө нь бүр ч хамаагүй дүү. Нэр усаа мэдэлцэв үү үгүй юу л хоолны мөнгөө яаж олдог юм бэ? ажил хийдэг үү? нөхөртэй юу гээд л байцаагаад унах юм. Яг ийм болохоор л би хүмүүсээас дайжиж явдаг юм. Тэгээд л яахав үнэнээ хэллээ дээ:
- Чи яаж мөнгөө олж байна?
- Улсын тэтгэглэгээр сурдаг юм аа.
- Ажил хийдэг үү?
- Хийдэггүй ээ. (Манай тэтгэлэгийн дүрмээр ажил хийхийг хориглосон байдаг л даа. Гэхдээ ийм тийм учиртай гээд олон долоо юм тоочоод байх төвөг төвөг)
- Тэгээд юу хийдэг юм бэ?
- Хичээлээ л хийнэ.
- Тэтгэлэг чинь тэгвэл их юм байна л даа. Хэд юм бэ?
- Их биш ээ. Байдгаараа л хэмнэж байж л амьдарна шүү дээ. (Миний мөнгө хэнд ямар хамаа байнаа???? Дор дороо л өөрсдийгөө хичээж л амьдрана шүү дээ)
- Хн, яаж чам шиг мөнгөтэй болох вэ? Мөнгө төгрөгөнд санаа зовдоггүй ээ. Ганц бие үү?
- Тийм. (Шал тэнэг юм аа. Мөнгөний боол нь биш эзэн нь л болж явах хэрэгтэй ш дээ. )
- Өө за за. Ганц бие юм чинь бүүр ч их мөнгө хурааж байгаа биз дээ?
- Тийн ш дээ. Мөнгө хураагаад байсан чинь гэрт багтахгүй, заримыг нь шатаагаад л, ураад л суудгийн. (Ишшш чааваас даа. Ямар ч ядуу сэтгэлгээ, богино хараатай юм бэ дээ. Эр хүн юм бол надтай биш Билл Гэйтстэй барьцалдаж атаархаж амьдрана биз дээ. Тэгээд ч энд хураасан мөнгө Монголд угсармал орон сууцны байрны жорлон, банны өрөөг худалдаж авахад ч хүрэхгүй. Хөөрхий, хаа газрын ядуу орны иргэд л бие биеийнхээ хөрөнгө мөнгийг тоолж бодож суудаг юм шиг байгаан.)
- Ганц бие байгаад байж болохгүй ш дээ. Одоо хүнтэй суугаач. Хүнтэй суухгүй бол одоо нөхөр олдохгүй дээ.
- Болно биз дээ.
- Хурдан одоо хүнтэй суу. Хүнд хань маш их хэрэгтэй ш дээ. Монголоор дүүрэн ганц бие хүүхнүүд. Хн.
- Харин нөхөр дэлгүүрт зардаг бол очоод аваад суучихмаар л байна. Даанч зардаг, түрээслэдэг эд бараа биш болохоор хэцүү юм даа. Заяа тавилангаараа учрах биз (Ер нь миний хүнтэй сууна уу барина уу хэнд ямар хамаа байнаа? Намайг хүнтэй суухгүй байлаа гээд, суулаа гээд хальт тааралдаад өнгөрч байгаа энэ хүнд ямар ч ашиггүй биз дээ? Ер нь анзаараад байхад хүнтэй суучихсан гарууд л иймэрхүү зүйл хэлж байх юм. "Би хүнтэй суучихсан, ёстой гоё. Чи харин ганц бие, өрөвдмөөр" гэсэн өнгө аяс цаана нь л нэг цухалзаад байна гээч. Яахаараа хүмүүс хүний хувийн орон зай руу шууд довтолж, зөвшөөрөлгүйгээр орж ирдэг байнаа. Их л бүдүүлэг зүйл биз дээ. Хүний амьдрал хүнтэй сууснаар хэмжигддэг өчүүхэн явцуу зүйл биш байлгүй дээ)
Энэ бол бусдын амьдралд хушуу дүрж, юуг нь ч мэдэхгүй, намайг таних ч үгүй байж шууд дүгнэлт өгч, загнаж, зөвлөж, шүүмжилж, атаархаж, хорсож, муулдаг хүмүүст бухимдсан бухимдал байлаа. Гэхдээ ийм хүмүүстэй уулзсаны дараа өөрийнхөө ганц бие байгаад улам сэтгэл хангалуун болдог юм. Юу хүссэнээ хийх эрх чөлөө. Хэн нэгэнд найдаж, мөр гарыг нь түшиж, хамгаалагчаа болгох хүнгүй ч гэлээ өөрөө өөрийнхөө түшиг болж, өөрийнхөө хүч чадлыг 100 хувь ашиглаж, өөрөө өөрийнхөө хамгийн сайн найз нь болж, унасан ч ялсан ч өөртэйгөө хамт байж, амьдралд бүх зүйл намайг хаяад явсан ч өөрийгөө л хаялгүй түшиж ургаш гишгэх ухаан, чадлыг ганцаараа байхдаа олж авч байгаа юм.
За ямар ч байсан бухимдал нервээ үргэлж эерэг талаас нь харж байхыг хичээж байх хэрэгтэй гэж ээж ах хоёр хэлж байсан юм. Нээрээ ч эргээд харахад энэ бүхэн бухимдал гэхээс илүүтэй намайг өөрт минь таниулсан сайхан туршлага, тохиолдлууд байлаа.
Ерөөлөөрөө болог дөө.

1 comment:

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

(Миний мөнгө хэнд ямар хамаа байнаа???? Дор дороо л өөрсдийгөө хичээж л амьдрана шүү

chuhamaa chuham. hehhehe