Гэрийн ойрхон цахилгаан тэрэгний буудалд яг хүмүүсийн өглөө ид ажилдаа явдаг цагаар хэн нэгэн нь цахилгааны тэрэгний өмнүүр үсэрч амиа хорлочихов. Миний ажилд явдаг цагтай яг таарч, манай цахилгаан тэрэгний шугам, буудал түр зогсож, түргэний тэрэг, галын машин ирж, бөөн бужигнаан. Дараагийн буудал хүртэл алхаад өөр шугмаар ажилдаа явцгаахаар хүмүүс уван цуван алхацгаана. Өөдөөс бас баахан хүмүүс эсрэг чиглэлийн дараагийн буудал хүртэл алхан зөрцгөөнө. Тэгээд л явж байхад тэр амиа хорлосон хүний өмнөөс харамсах шиг. Уг нь манай буудал 140 орчим өндөртэй хашлага байдаг ч тэрийг давж үсэрснийг бодохоор их том зориг, шийдмэг байж дээ гэж бодогдох. Тэгэх хүч байсныг бодохоор амиа хорлолгүй, амьдарч байхгүй яав дээ гэж харуусах ч шиг.
Хажуугаар өнгөрөх хүмүүс дунд надтай адилхан бодолтой хүн байгаа болов уу гэж харвал янз бүрийн дүр төрх. Эхний цагтаа суухгүй болсон, хоёр буудал алхаж явах болсондоо бараг баяртай, ам нийлүүлэн шаагилдах оюутан охид. Тэдэнд бол энэ явдал "азны юм" болсон ч шиг.
Яарч байхад яадаг тэнэг хог вэ, өөр газар очиж амиа хорлохгүй дээ гэсэн ууртай бухимдсан харцтай, тагнайгаа тагшсан хүмүүс. Японд тагнай тагших бол их л дургүй хүрсэн үедээ хийдэг үйлдэл. Тэр дороо твиттэр зэрэгт зураг мэдээ оруулах хүмүүс. Шинэ сонин дуулиан шуугиан юу байна эрж хайж, таарвал тэр даруй сошиал аппдаа оруулж, лайк, шэйр, ритвийт хүлээнэ.
Энэ буудалд бараг анх удаа байх тийм ээ, сүнс нь гарч ирэх болов уу гэж сониучирхаж ярьж зөрөх залуучууд. Хотын завгүй амьдралын хүрдэнд, хүн амиа хорлосон гэсэн мэдээ гарахад цахилгаан тэрэг хаана хаана хэдэн цаг минут зогсох бол гэж голдуу "санаа зовцгооно". Магадгүй бас хэн нэг нь би ч бас үсэрчихье гэсэн бодол төрдөг ч юм уу, ойр ойрхон үргэлжлээд бас энд тэнд цахилгаан тэрэгний өмнүүр хүн үсэрнэ. Маргааш нь яг бас Токиогийн метроны нэг шугам зогсож таарсан.
Нэг удаа цахилгаан тэрэгний эхний бүхээгт, жолоочийн яг ард зогсож явж байхад "гэнэт нэг хүн урдуур үсрээд ирвэл яанаа" гэж бодогдоод нуруу хүйт оргиж билээ. Тийм явдалтай таарсан жолооч хэсэгтээ л ажлаа хийх чадвараа алдах нь аргагүй.
Токиод олон жил амьдрахад огт дасахгүй зүйлүүдийн нэг нь яалт ч үгүй цахилгаан тэрэгний өмнүүр амиа хорлодог юм байна гэдгээ ч ойлгож авсан. Харамсалтай амь нас, амьдрал.
2 comments:
Яасан харамсалтай бас аймаар юм бэ. 2 жилийн өмнө нэг найз минь өндөр байшин дээрээс үсэрчихсэн :( Бид нар одоог хүртэл тэр найзынхаа юу нь болохгүй байсныг бодоод олдоггүй юм. Сарын 18.000$-ийн цалин, нисгэгчийн мэргэжил, байр орон сууц, аав ээж гээд бүгд байсан, ямар нэгэн өр төлбөргүй түүнд байгаагүй зүйл найз охин, эхнэр л байгаагүй. Бодвол их ганцаарддаг байсан юм болов уу, бүү мэд. Одоо нэгэнт бидэнтэй байхаа больсон. Уучилмааргүй
аймар юмаа
Post a Comment