Tuesday, October 14, 2008

намар мамар

Монгол сайтууд, блог, варез сайт зэргээр орж үзэхэд манайд хувь хүн, байгууллага, төрийн нууц, нэр хүнд, алдар хүнд, доромжлол, гүтгэлэг, гутаах зэрэг ойлголт байна уу үгүй юу гэж гайхмаар. Угаасаа нууц далд зүйлд дургүй, ил тод, илэн далангуй, элдэв ну, но-гүй байхыг дэндүү ихэд эрхэмлэдэг юм болов уу даа. Саяхан Монголын хэд хэдэн байгууллагын цалингийн хэмжээ, ажилчдын нэрс, регистрын дугаар гээд нарийн мэдээлэл нь нэтээр цацагдсан явдал гарав. Хэний хэдэн төгрөг авдгийг мэднэ гэдэг ёстой загнатасан газар маажиж байгаатай ялгаагүй үнэн таашаалтай байж мэднэ. Зөвхөн тэр тоог мэдснээр атаа хорсол, жөтөө гээд ил далд олон зовлонг хөнгөлж өгч, санааг нь амрааж байж болно. Хэсэгтээ л өнөө хэн чинь хэдэн төгрөгийн цалинтай юм байна ш дээ, аргагүй ээ аргагүй сүүлийн үед гангараад байсан юм, эсвэл өө тэр чинь ёстой хөгийн цалин авдаг юм байна, нээх онгироод байсан чинь гэх мэтээр ярианы сэдэвтэй болно биз. Ийм мэдээллийг нийтэд ил болгох нь тухайн компани, тэдний ажилтнууд, бусад байгууллагад ямар сөрөг нөлөөтэй нь хэнд ч падгүй. Нэг зүйлийг ялгаж салгамаар байгаа нь хэний цалин ил тод байж хэнийх нь нууц байх ёстой тухай юм. Төрийн албан тушаалтнууд, ажилтнуудын цалин ил байх учиртай. Яагаад гэвэл бид татвар төлөгч, тэднийг цалинжуулагч, бас шууд бус утгаар томилсон, сонгосон. Харин зүгээр л мөрөөрөө амьдралаа зогоож буй жирийн хүний цалин пүнлүү, орлогыг түмэнд ил болгоно гэдэг орой шөнө хөнжил дотор нь шагайж, шанаагаа тулчихаад бие хааны өө сэв эрж, муулж сайлж байгаатай ялгаагүй.

Ер нь манай иргэдийн регистр, паспортын дугаар хэн нэгний хувийн компьютерт зугаа маягтай байхад гайхах зүйлгүй. Хамаг юм нь ил задгай, замбараагүй, хүмүүс нь өөрсдөө бүр нууц юманд огт дургүй улсад хөрш орны тагнуулчид хийх ажилгүй, толгойгоо маажаад самгарддаг байх. Аягүй бол нэг өдөр хөршөөсөө өөрсдийн иргэдийн нэгдсэн мэдээллийн эмхэтгэсэн санг гуйж авч халаах вий дээ.

Интернэтэд ийнхүү нууц, ил тод байх мэдээ мэдээллийн заагийг ялгаж салгахгүй баруун солгойгүй цацаж байхын хажуугаар бусдын нэр хүнд, алдар хүндэд халдсан, доромжилсон, гутаасан, гүтгэсэн шинжтэй зүйлс их гарах болжээ. Дотуур хувцастай хувцасгүй зургаа авахуулсан монгол охидыг элдвээр нь харааж, цоллож, тарааж цацах, нэг нэгнээ хэлэх хэлэхгүйгээр харааж зүхэх, нэр гуншин өгөх гээд. За тэгээд бүр цаашлаад найз нөхөд, танил хүмүүс, хамтран ажиллагсад, дарга цэрэг гээд хавийн хүмүүсээ илжиг, морь, гахай, коммунист гэх мэт олон янзаар хочлох, доромжлохын завсар нэрлэх, зарим нэгний нууцыг нь задлах, амьдралыг нь дэлгэх гээд л. Заримыг нь бүр өөгшүүлж, "болж, ёстой сайхан, бүр дахиад муулаад өг, нэмээд доромжлоодхоё" гэсэн хандлагатай. Лалын оронд нүгэл үйлдсэн нэгнээ чулуугаар балбаж хороож байгаа дүр зураг шууд нүдэнд харагдаж байгаа юм. Гайхамшигт Гүүгл этэр интернэтийн орон зайд бичсэн үсэг бүрийг л бараг хадгалаад, архивлаад, ёстой арилшгүй устгашгүй болгож мөнхөлж байгаа үед бичиж байгаа үг өгүүлбэр бүрээ бодолтой, анхааралтай байвал хожмын муу үр дагавараас хамгаалах юм даа.
Одоо ч бараг толгойтой бүхэн блог бичдэг болсон, бүр хоорондоо уулзалддаг, дам дамаа бие биеэ мэддэг болсон, дээр ойлгосончлон нууц юманд ясны дургүй хүмүүсийн хувьд хэчнээн нэрээ нуугаад тэр блог, сэтгэгдэл бичлэгийн цаана хэн байгааг мэдчихэд хялбар. Нэг гайгүй залуу байлаа гэхэд жоохон гүүглэдээд л нөхрийн хэрүүлч уруулч, хачин этгээд занг нь олчихно. Хөөрхөн охин доо гэтэл энд тэнд эвгүй авахуулсан зураг сэлт нь байх жишээтэй. Тэр нь ураад тастаад устах биш. Шадар гурван цэргийн Миледигийн шивээс шиг, за эсвэл Дэми Мурийн тоглосон Скарлетийн захидал кинон дээр гардаг шиг шившгийн цэцэг энгэртээ байнга зүүж насаараа адлагдах тавиланг сонгож байгаа...Үгүй ээ сонгож байгаа ч гэж дээ...зарим нь сайн дураар сонгож байхад заримыг нь бусад нь нийлж польдож байгаад хүчээр шивээс хийж, цэцэг зүүлгээд тавлаж байгаа юм шиг.

...Саяхан нэг Солонгосын жүжигчин бүсгүй (Choi Jin-sil) амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Солонгос кино барагтай үзэх биш, тэр жүжигчнийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ үздэг хүмүүс нь зураг хөргийг нь хараад бараг мэдэх байх. За тэр бүсгүйн тухай ч яахав. Гол нь бүсгүйн амиа хорлоход хүргэсэн том шалтгаан нь интернэтэд түүний тухай хэт их доромжилсон, нэр хүндийг гутаан дарамталсан хов живтэй холбоотой гэжээ. Мөн Солонгосын интернэт хэрэглэгч дунд яаж амиа хорлох, дэлбэрдэг бодис хэрхэн хялбар хийх, хүн алах арга чарга заах гэх мэт элдэв сайтууд байдгаас янзан бүрийн хэрэг гарч байна.
Энэ мэтээс болж Солонгос интернэтэд бусдын нэр хүндийг гутаан доромжилсон хов жив, гүтгэлэг зэргийг хянах, хуулийн хариуцлага оногдуулах арга хэмжээ авах асуудлаар хэлэлцэж эхэлжээ.
....Ямар нэг айхтар хэрэг явдал гарсны дараа төр засаг яах аргагүй интернэт ертөнцөд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа байдалд хяналт тавих шаардлага гарч байгаа нь энэ. Интернэт хэрэглээний зохистой байдлыг хангах цагдаагийн тусгай алба гарч ч болно. Мэдээж хүнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бүрэн байгаа ч түүнийгээ хэтрүүлэн хэрэгжүүлбэл хүний амь насанд хөнөөлтэй гэдгийг ойлгож байвал л...

Thursday, October 2, 2008

24

...Тэнд бодгаль биес зовлон гунигт унан тарчлахад энд өөр нэгэн бодгальс жаргалаа олж авдаг үйлийн үртэй бололтой. Хэн нэгэн хулгай хийж хэрэгт унаж байвал хуульчид өмгөөлөгчид цалин мөнгөтэй. Тэнд нэг хүн санхүүгийн хямралд ороход энд нэг мөнгө хүүлэгч алгаа илээд баясаад л. Шат, мөс юун дээр ч байсан яахав, хальтарч унаад хавирга, ууц, ахар сүүл гээд байдгаа хугалан алдахад хавийн хүмүүс хөх инээдээ дийлж ядан баясна. Түүний нөхөр нь араар урдуур тавиад, авгай хүүхдээ зовоож байгааг сонсвол тэсгэлгүй баярлан, ховын яриаг улам шимтэн сонсох гэж тэмүүлнэ. Нэг баян дампуурч гэж сонсвол "болж" гэж бод идсэн боохой шиг маасайна. Тэнд тэр үхэнгээ алдаж гэж дуулбал, "хөөрхий" гэж амандаа бувтнангаа өөрөө тийм гайгаас хол байгаадаа санаа амран, бага ч атугай жаргал мэдэрнэ. Цаашлаад бүр нүдэн дээр нь л зовж зүдэрч байгаагаа харуулахгүй бол жаргалдаа эрхэлсэн гэж ад үзэн, нэг л өдөр нураад унахыг хүлээн харц отно. Түүнээс ч болдог юм уу, бодгаль бид өвчин зовлонгоо ам уралдан ярьж, бие биеэсээ хэчнээн их илүү шаналан зовж, хорвоогийн бор өдрийг хэцүүхэн өнгөрөөж байгаагаа хэлэлцэнэ.
...Хэн нэгнийг зовлон гунигт унагаан байж жаргалаа олдог цэвдэг хорвоо. Эр, эмийн сайндаа бүтээсэн юм, болгосон гэж онгирох нь ахархан. Энд би амттай хоол модон савхаар савхдан идэж байхад тэнд тэр савхыг хийхийн тулд ямар үйлтэй хүний үр, яасан сайхан байгалийг устган, амьтан хорхойг үргээн үхүүлэн байгаа бол гэж хэтрүүлэн бодох нь юу юм бэ. Гэхдээ л бусдыг шаналалд оруулан байж олдсон "үнэтэй жаргал"аа үнэлэхгүй бол алдас болно чиг.

Wednesday, October 1, 2008

a crisis


...Гучин насны эргүүлэгийн зах зухад хүрээд ирэхийн алдад элдэв юм гэнэт их бодогддог бололтой. "Гучин насны хямрал" гэж нэрлэдэг ч юм уу. Хорин насанд ёстой уулыг нурааж, эргүүлж босгоод тойруулж хана бариад гээд л юу юу ч байсан хийхэд бэлэн, хүч чадал амтагдаж, хамаг л мэдлэг чадвар бүхнийг эзэмшиж мэдэхэд хялбар санагдсан үе. Надгүй яаж энэ орчлон эргэлдэж байв аа гэж бодох нь холгүй онгиргон нэгэн чавхдаж өгнө. Их дээд сургуулиа төгсөв үү үгүй юу дүү нараа гэгээрүүлнэ, сурган хүмүүжүүлнэ, эх орноо хөгжүүлнэ, дэлхий ертөнцийг аварна, болохгүй чадахгүй юм үгүй гээд л том том зорилго, мөрөөдөл тээнэ. Энэ эрчээрээ давхиад л нэг мэдэхэд гучин насны бараа харагдахын үед гэнэт тормоз авч бодолд орно. Нөгөө бүхий л хүсэл мөрөөдөл, аугаа зорилго юу болов, би юу хийж бүтээв, миний алдаа оноо юу байв, яг юуг хийж чадаж байна, алийг нь чадахгүй байна гээд өөрийгөө бодитоор үнэлж дүгнэдэг үе бололтой. Бараг л эрчимтэй амьдралын талыг нь өнгөрөөчихөөр элдэв юм бодогдох нь гарцаагүй. Ингээд харахаар хийсэн бүтээсэн юмгүй, олигтой амжилтгүй гэж өөрийгөө голно, энэ хэвээр энэ ажлаа хийгээд л байх уу гэж эргэлзэж тээнэгэлзэнэ, шинээр өөр салбарт хүчээ үзэх үү яах уу гэж эрсдлээ бодно. Төрийн байгууллагад ажиллаж байгаа нь хувийн бизнес рүү орох уу яах уу гэж байхад, компанид хүчин зүтгэж байгаа нэгэн төрд алба хааж албан тушаалтан болдог ч юм уу гэж бодолд дарагдах жишээтэй. Өмнөх шиг оргилуун романтик бодол ч зогсонги байдалд оржээ. Одоо бол эрсдэлтэй алхам хийхэд хайран цаг, дэмий хүч чадал, хайртай гэр бүл гээд харгалзах хүчин зүйлс нөлөөлж ч байгаа байх.
Арван хэдтэйд найзууд нийлж суугаад хөөрхөн залуу, кино, дуу хөгжим ярьдаг байв. Хорин хэдтэйд улс орны хөгжил дэвшил, улс төрчид, тэдний тэнэг мангарыг гайхаж, эх оронч үзэл санаа ямар байх вэ, бид юу хийх вэ гээд л глобаль зүйл ярьж томордог болов. Харин одоо өөрсдийгөө л илүү их ярьдаг болжээ. Амьдралын баталгаагаа л хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэдэгт л дор дороо санаа зовцгоож байгаа юм уу даа. Зогсож байгаа шатныхаа гишгүүрүүдийн хэр бат бөх байгааг нэг сайн шалгадаг үе.
Үүний зэрэгцээ "ганц бие, гучаад насны бүсгүйчүүд"-ийн бүхэл бүтэн нийгмийн давхарга, арми бүрдчихэж. Бизнес эрхэлдэг хүн бол энэ армийг зах зээлийн сегментээ болгоод юм хум хийвэл ашиг нэлээн олох байх шүү. Мөнгөтэй, боловсролтой, чадвартай бүсгүйчүүд. Энэ талаар нэг найз маань туурвил бичнэ гэж байсан тул тус сэдвийг үүгээр орхилоо.
...