...Тэнд бодгаль биес зовлон гунигт унан тарчлахад энд өөр нэгэн бодгальс жаргалаа олж авдаг үйлийн үртэй бололтой. Хэн нэгэн хулгай хийж хэрэгт унаж байвал хуульчид өмгөөлөгчид цалин мөнгөтэй. Тэнд нэг хүн санхүүгийн хямралд ороход энд нэг мөнгө хүүлэгч алгаа илээд баясаад л. Шат, мөс юун дээр ч байсан яахав, хальтарч унаад хавирга, ууц, ахар сүүл гээд байдгаа хугалан алдахад хавийн хүмүүс хөх инээдээ дийлж ядан баясна. Түүний нөхөр нь араар урдуур тавиад, авгай хүүхдээ зовоож байгааг сонсвол тэсгэлгүй баярлан, ховын яриаг улам шимтэн сонсох гэж тэмүүлнэ. Нэг баян дампуурч гэж сонсвол "болж" гэж бод идсэн боохой шиг маасайна. Тэнд тэр үхэнгээ алдаж гэж дуулбал, "хөөрхий" гэж амандаа бувтнангаа өөрөө тийм гайгаас хол байгаадаа санаа амран, бага ч атугай жаргал мэдэрнэ. Цаашлаад бүр нүдэн дээр нь л зовж зүдэрч байгаагаа харуулахгүй бол жаргалдаа эрхэлсэн гэж ад үзэн, нэг л өдөр нураад унахыг хүлээн харц отно. Түүнээс ч болдог юм уу, бодгаль бид өвчин зовлонгоо ам уралдан ярьж, бие биеэсээ хэчнээн их илүү шаналан зовж, хорвоогийн бор өдрийг хэцүүхэн өнгөрөөж байгаагаа хэлэлцэнэ.
...Хэн нэгнийг зовлон гунигт унагаан байж жаргалаа олдог цэвдэг хорвоо. Эр, эмийн сайндаа бүтээсэн юм, болгосон гэж онгирох нь ахархан. Энд би амттай хоол модон савхаар савхдан идэж байхад тэнд тэр савхыг хийхийн тулд ямар үйлтэй хүний үр, яасан сайхан байгалийг устган, амьтан хорхойг үргээн үхүүлэн байгаа бол гэж хэтрүүлэн бодох нь юу юм бэ. Гэхдээ л бусдыг шаналалд оруулан байж олдсон "үнэтэй жаргал"аа үнэлэхгүй бол алдас болно чиг.
2 comments:
Гэхдээ л бусдыг шаналалд оруулан байж олдсон "үнэтэй жаргал"аа үнэлэхгүй бол алдас болно чиг.... Яг үнэн.
Чи чинь ойрд ямар гутранги болчихоо вэ. Амьдралд сайн сайхан юм зөндөө байдаг. Гагцхүү түүнийг олж харах нүд л хэрэгтэй байдаг гэдэг шүү дээ. Тэртэй тэргүй Будда болж бусдын төлөө өөрийгөө зольж чадахгүйгээс хойш үсээ цайхаас өмнө иймэрхүү юманд санаа зовохоо болиод 20 наст шиг залуу сэтгэж тэр шүдний чигчлүүр хийж байгаа хүнийг яавал арай дээр амьдралтай болгох талаар бодсон нь дээр биш үү...
Post a Comment