Sunday, April 5, 2009

миний буян

Би ер нь өөрийгөө буянтай хүн юм гэж тоох болоод байгаа. Угаасаа л буян хурсан хүн л дээ. Гэхдээ миний үйлдээд байгаа буян өөрт илт мэдэгдэхүйц болж ирж байна. Юу вэ гэхээр бусдад буян хийх боломж олгож, хойд насанд диваажинд ороход хэрэг болох визийг баттай өгч буй маань надад ч, бусдад ч буян хураах том үйлс болоод байгаа юм. За бүр товчхондоо хэлбэл, надад зайлшгүй хэрэг болоод байгаа эд зүйлийг бусдаас гуйх, зээлэн авдаг зуршлынхаа хүчээр би өдий зэрэгтэй явж байна гэх үү дээ. Юм элбэг дэлбэг, за тэгээд эдийн засгийн хямралаар эд барааны үнэ буурч байгаа үед хүмүүс хэрэгтэй зүйлсээ захын дэлгүүрээс худалдаад авчих боломжтой болж. Хажуу айлын хүнээ ч танихгүй, хүмүүс хоорондын харилцаа унтарч, бүгд л дор дороо хувиа борлуулах болж.
Хүн хүндээ хэрэгтэй, шаардлагатай зүйл юу байна лавлаж асуудаг, дэмжиж туслан, зээлэх, зээлдүүлэх сайхан заншил устан үгүй болох нь уу үгүй юу гэж сэтгэл эмзэглэх юм. Ийм цөвүүн цагт миний бие ерөөс өөрт хэрэгтэй зүйлээ өөрөө худалдан авах амиа бодсон, бэлэнчилсэн аргаас зайлсхийж, харин оронд нь бусдаас гуйж, тэдэнд "бусдад туслах" гэсэн сайхан сэтгэлийг нь бадраахад хамаг л зүйлээ зориулъя гэж шийдсэн юм. Хүмүүс ч дуртай байгаа нь тодорхой. Эхнээсээ л авахуулаад май, ав ав, тэг тэг гээд л өгөөд байна. Бусдын гэрт зай эзлээд хэвтэж байснаас манайд байг л дээ. Ялгаа юу байна. Манайд одоо ДВД тоглуулагч, баахан двднүүд, хайруулын тавга, будаа агшаагч, тавга, аяга, халбага сэрээ, ном дэвтэр, бал үзэг харандаа гээд бусдын эд зүйлс миний эзэмшилд байна. Буцааж өгөх тал дээр надад нэгэн бодол бий. Иймэрхүү мөнх бус, эвдрээд хог болоод дуусдаг, цэцгэн настай материаллаг эд баялагт сэтгэлээ дөнгөлүүлсэн хүмүүсийн төлөө зээлсэн зүйлийг нь буцааж өгөхгүй байя гэж бодоод байна. Бурхан багш, Далай лам ч зөндөө л сургаж айлдсан. Материаллаг зүйлд хэт дасан, хойноос нь ухаанаа тавин элдэн хөөвөөс өөрийгөө л зовооно, шуналын тулам болно гэж. Тиймээс сэтгэлд суусан шуналын шулмын ад зэтгэрээс залгахын тулд тэдгээр эд хогшлыг өгөхгүй, өөртөө л байлгая, яршиг төвөг би л тэр нүглийг үүрье гэж бодлоо. Тэгээд ч ер нь тухайн зүйлийг би өдөр бүр биш ч үе үе хэрэглэх шаардлага гардгаас хойш байн байн эргэж зээлж аваад байх нь аль алиндаа төвөгтэй.

Гэтэл зарим нэг бүдүүлэг, эдийн шуналдаа хэт автсан нөхөд зээлсэн зүйлийнхээ хойноос үхэн хатан утасдан барин гүйх юм. Больцгоомоор юм. Иргэний хуулиа уншвал эд зүйл үнэ төлбөргүй зээлсэн тохиолдолд эзэнд нь тухайн зүйл зайлшгүй шаардлагатай үед буцааж өгнө гэж байгаа. Тийм зайлшгүй шаардлага гараагүйг нь би мэдэж байгаа юм чинь. Тэргүй бол үхчихгүй нь гарцаагүй.

Ухамсартай, буян өлзий нь дэлгэрсэн хүмүүс болохоор тэс ондоо. Өөрсдөө юм хумаа бариад ирнэ. Май чи үүнийг хэрэглээд үз дээ, уншаад үз дээ гээд л. Намайг авъя гээгүй байхад шүү дээ. Дуу алдаж бишрэм халуун сайхан сэтгэл рүү хүйтэн ус цацна гэж юу байхав. За гээд л алгаа тосоод авна шүү дээ. Хэрэг болохгүй ч хэвтэж л байг, хөөрхийс.

Үүний хажуугаар би өөрөө тун мартамхай хүн юм. Мартана гэдэг маниас урьдын юм хойно доо. Хэнээс юу авснаа таг мартчихна. Заримдаа миний өөрийн ч юм бил үү, хүний ч юм билүү бүр эргэлзэж тээнэгэлзэж орхино. Энэ зангаас болоод бусдын юмыг өөр хүмүүст би өөрөө зээлчихсэн байх жишээтэй. Саяхан нэг нөхрөөс авсан хэдэн номыг өөринхөө юм гэж андуураад өөр этгээдэд зээлүүлчихсэн юм. Хүний ном гэж мэдсэн бол би тэгж хүлчийх хүн биш. Тэгтэл эзэн нь номоо нэхээд унадаг юм даа. Эд зүйлдээ сүнс нь хорогдоход хүн хэчнээн зовлон өөртөө хураадаг тухай бүтэн өдрийн лекц уншсны эцэст мань эр ашгүй надаас нэг юм салсан. Удалгүй тэр нөгөө номуудаа анх худалдаж авсан үнээсээ хамаагүй доогуур үнээр шинээр худалдаж авсан байсан юм. Үгүй ээ, болж л байна шүү дээ. Миний ачаар шинэ бас хямдхан номтой л болсон байна. За тэр ДВД тоглуулагчийн хувьд ч тэр. Надад зээлсний хүчээр манай найз сүүлийн үеийн ДВД тоглуулагч өөртөө худалдаж авсан. Би тэр хогийг зээлж аваагүй бол манай найз хуучинтайгаа зууралдаад л байх байсан даа. Ажил гайгүй болохоор тэр блью рэй ДВД тоглуулагч гээчийг нь зээлж авнаа.

Хүмүүс надаас юм зээлэх гэж бас их ирнээ. Ялангуяа эзэд нь өөрсдийнхөө юмыг надаас эргэж зээлэх гэж царай алдана. Миний тэрийг түр өгөөч, би хэрэглэчихээд буцаагаад өгье гээд л. Иймэрхүү нөхдийг эдийн шуналаас овоо салчихаад гэгээрлийн мөрийг хөөж эхэлж буй яргуйс гэж нэрлээд байгаа юм. Тэд юмаа авчихаад буцааж өгөхөө мартахаар нь би мэдээж сануулж байгаад авчихна. Асуудалд бол хөнгөн шуурхай хандах хэрэгтэй.

За, одоо ч надад таван өрөө байр, зуслангийн сайхан байшин зээлэх ажил байгаа. Нэг зав гарахаар л туугаад давхичихнаа.

6 comments:

Мика /美香/ said...

Хэхэ, сайхан бичиж шүү.

Саяхан чиний гаргасан номны нэр юу вэ? Хаана зарж байгаа вэ?

М.Огоо said...

Янзын болжээ

erhtsas said...

Ха ха ха ёстой гоё санаа байна.

Тэр номоо шинээр бас хямдаар авдаг нь бүүр гоё. Чи нээрээ буянтай бүсгүй юмаа, танайд ирж баахан инээлээ, гэхдээ учир утгаггүй биш, учир утгатай инээсэн шүү.

Unknown said...

Lag bichjee hehe bi henees yuu zeeldiin bilee sayahan irsen nzdaa neleen yum buur ugch bayarluulav daa gej. yu bn da hu tag chig alga boldog gene dee ajil geed busy bnu.

Sansar Choinyambuu said...

Энэ байдлаараа бол удахгүй өөрөө гэгээрэхийн байна л даа

Дүүрнээ said...

хэхэхэхэхэхэхэ