Tuesday, September 20, 2011

хүүхдийн хоол

Зулзага бор хоол бага багаар идэж сурч эхэлж байна. Монголд хүүхдийн будаа, зутан, шингэн бантан, ээдэм зэрэг өгч оруулдаг гэж дуулсан. Харин энд надад монгол арга хэлж заах хүн үгүй тул япон аргаар хооллож эхэлж байна.

Үүнээс заримыг нь танилцуулъя:

Бор хоолыг 5 сартайгаас өгч эхлэх бөгөөд эхний хоёр гурван долоо хоног бол хүүхдийг халбага амандаа хийж, зууж, хооллож сурах гол зорилготой байна. Тиймээс их бага идлээ, тэжээл бага авлаа гэх зэргийг чухалчлалгүй халбаганд дасгахад л анхаарна.

Хоолоо амнаасаа эхэлж гаргаад байдаг нь хүүхдийн хэл хөх угж хөхөж сурсан шигээ халбагаа хөхөх гээд байдагтай холбоотой (юм гэнээ)

Гол үндсэн хоол нь будааны зутан. Будааны 10-тын зутанг бэлтгэхдээ: Агшаасан будаа 1 том хоолны халбага, 150 млгр ус. Агшаасан будаагаа усанд хийж 15 минут орчим зөөлөн гал дээр таггүй буцалгана. Буцалж байх зуур нь будаагаа халбагаар нялцайлгаж нунтаглаж болно. Галаа унтраагаад тагийг нь тавиад 10 минут болно. Дараа нь туйлын цэвэрхэн цайны шүүрээр шүүж гарсан шүүсийг өгнө. Шүүс ч гэж илгэн тараг шиг болсон байна. Шүүрээр шүүхдээ будаагаа халбагаар дээрээс нь дарж шүүсийг нь шахвал сайн гарна. Илүү гарсан шүүсийг мөс хөлдөөдөг саванд хийж хөлдөөж дараа нь хэрэглэж болно.

Үндсэндээ ийм зутан байхад дээр нь ногооны нухаш нэмээд өгөөд байж болно. Эхний хоёр долоо хоногт 10-тын зутан идэж байгаад гурав дахаас эхлээд зутан, ногооны нухаш хоёр өгч эхэлсэн.

Ногооны нухаш бэлтгэх:
1. Луувангийн нухаш: Луувангийн витаминтай хэсэг нь гадна талдаа тул хальсыг нь нимгэн авна. Тэгээд үрэгчээр үрнэ. Хоолны нэг том халбага үрсэн лууванг 100-150 млгр усанд буцалгана. Лууван сайхан зөөлрөхөөр нь шүүж аваад, гурил элддэг жижиг элдүүрээр сайтар нунтаглана. Тэгээд лууван буцалсан уснаас жаахныг хийж зутанархуу болгоно.

2. Амтат хулуу pumpkin Сайтар угааж, хальсыг нь аваад усанд буцалгана. Болоод ирэхээрээ аяндаа бутарсан байдалтай болно. Элдүүрээр түүнийгээ нунтаглаад, жаахан ус хийж зутан болгоод болно. Би хүүхдийн хуурай сүүг найруулдгаар нь найруулаад 1 том хоолны халбага хулууны нухаш дээр 60 млгр хийж зутан болгож өгсөн.

За тэгээд төмс, байцаа зэрэг бусад ногоог иймэрхүү байдлаар бэлтгээд байна.

Ногооны шөл бэлтгэх: Лууван,байцаа, сонгино зэрэг ногоо том хэрчээд чанаад шөлийг нь ногооны нухашаа зутан болгохдоо хольж хэрэглэж байна. Энэ их амар. Нэг бэлтгээд хөлдөөсөн байхад хэсэгтээ санаа амар хэрэглэчихнэ. Шөлөө шүүхдээ цэвэрхэн марль ч юм уу хэрэглээд тунгалаг болгоод авчихна. Японд хүүхдэд махан төрлийн зүйлээс цагаан махтай загаснаас эхэлж өгнө. Үхэр, гахай, тахианы мах 7, 8 сартайгаас өгч эхэлнэ. Үхрийн сүү шууд хэрэглэхгүй, хүүхдийн хуурай найруулдаг сүүг голдуу хэрэглэнэ. За нэг иймэрхүү байдлаар хооллоод, 6. 7 сартайгаас нь өдөрт хоёр удаа хооллодог болгож тоог нь нэмээд явна даа.

Tuesday, September 13, 2011

...

Зулзагаа харж, зугаацуулах нэгэн сайхан ажилтай болж юун блог этэр вэ л байна.  Ээж болсноор олон юманд суралцаж, өөрчлөгдөж байна. Явдаг зүглэдэг газрын зам өөр тийш дурайж, ярьдаг сэдэв ч өөрчлөгдөөд энэ нэг бяцхан нөхөр үг хэлж ярьж чадахгүй арчаагүй юм шиг хэрнээ хавийн томчуудыг харцаараа хөдөлгөөд л.Харцаараа хөдөлгөх гэснээс олон хүмүүс хүүхдээ авахуулдаг болчихно гээд уйлсан ч орхиод байж бай гэж их зөвлөх юм. Харин Японд эмч сувилагч болон элдвийн номон дээр авахуулмаар байвал аваад л бай, тэврүүлмээр байвал тэврээ л бай, тэгвэл ээж аав эргэн тойрондоо итгэх итгэл нь зузаарч, эх үрийн холбоо чангарч, хүүхдийн санаа сэтгэл амар амгалан байж, илэн далангүй, "дотогшоо" биш, нийтэч хүн болно гэж зөвлөнө.  Хүүхэд тэврүүлэх гэдэг муу зан сууна гэдэг худлаа, эрх болно гэдэг ч худлаа, хүүхдэд ямар нэг шаардлага байгаад л тэврүүлмээр байгаа тул тэврүүлмээр байхад нь тэврээ л байх хэрэгтэй, угаасаа тэврэх үе ч богинохон учраас ийм хөөрхөн эгдүүтэй үед нь ээж нь ч гэсэн тэврээд байхгүй юу гэнэ.
Хожуу төрж гаргасан зулзага юм болохоор би бол зулзагаа уйлагнах шинж харагдав уу үгүй юу тэврээд л авна. 3, 4 сартайд ялангуяа тэврүүлэх гэх нь их байлаа. Харин одоо тэврүүлэх гэж уйлагнахаа байсан. Байдлыг нь хараад байхад үнэнгээсээ ч надад итгээд байдаг юм уу, газар дэвсгэр дээр тавьчихаад эргэн тойронд нь юм хумаа янзлаад, ПСдээд, хоолоо хийгээд яваад байхад хараад л хүлээгээд л байж байдаг болов. Муу зан сурсан юм алга л байна.  
Өөрийнхөө байдлыг ийм тийм гэж дурдах нь хаашаа юм. Гэхдээ өөрийн туршлагаас ч гэх үү найз нөхдөдөө зөвлөхөд: тэврүүлдэг муу зан суучихна гэж айлтгүй тэврээ л байгаарай.

Одоо зулзага 5 сар гараад явж байгаа. Бид хүүхдийн дохионы хэл сурах гээд эхэлж байна. Хүүхэдтэйгээ хэлд ортол дохиогоор ойлголцоод ирвэл амар болно. Харин нялх хүүхдэд гар хуруугааа хөдөлгөөд дуулчих монгол дуу ховор юм. Япон дуу л сурахаас. Солгой хоолойтой юм болохоор дуулахаар хөөрхий муу зулзага хөгжмийн сонсголгүй, дуу буруу аялдаг болчих вий дээ гэж санаа их зовох юм. Энэ хоёр дуунд манай охин дуртай гэж жигтэйхэн. Дохионы багш заахаар бөөн баяр, намайг дуулахаар таг дүмбэ. Яалтай билээ, солгой хоолойтой ээжийг.