Friday, March 23, 2007

Хаврын синдром

Гэрийн гадаах сакура юу юугүй цэцэглэх нь ээ. Гоё юмаа, сакура мод гэдэг. Намар нь хамаг навчсаа гүвж хаячихаад ичих ч үгүй өвөлжингөө нүцгэн гозойчихоод л. Эв хавгүй биеэ ил тод гаргачихсан мөртлөө юунаас ч юм нэг л их залхсан шинжтэй ихэмсэг байхым. Тэгээд хавар нь дуртай дургүй цэцэглэнэ. Дор нь суугаа хүмүүсийг өрөвддөг ч юм уу яадаг ч юм ягаан цэцэгсээ дээрээс нь хаялна. Ингээд л дараа нь нэг юм ногоон навчсаа дэлгээд өөрийгөө нуучихна.
Гоё юм аа, сакурагийн мод байх. Дуутай, шүлэгтэй гэж байгаа. Романтик нэг нь өөрт нь зориулж шүлэг дуу зохиож суудгийг энэ мод ер нь мэддэг юм болов уу? Ингэхэд сакурагийн цэцгээ дэлбээлэх үедээ л хүмүүсийн нүдийг булааж сэтгэлийг баясгахаас бусад цагтаа энгийн л нэг мод болчихдогоо ойлгодог болов уу?

Арван наймт шиг дурлах юмсан... Над руу харахад нь нам цохиулсан юм шиг болоод л, дөхөөд ирэхэд нь зүрх цээжнээс сугарч гарах гэж байгаа юм шиг цохилж, гар хөл салгалаад л, үг дуугарахад нь хэл ам ээрч муураад, инээмсэглэхэд нь газар дээрээ хайлж урсаад, яваад өгөхөд нь ярих болов уу гэж утсаа барьж сэрүүн зүүдэлж дэмий мөрөөдөөд л, уулзах болзох болвол үүрээр босоод өмсөх хувцсаа сонгож ядаж толины өмнө эргэлдээд л, дурлал гэдгийг мэдрэх юмсан.

За элийрэх балайрах яахав. Уул нь сакурагийн модыг хараад хүний анхаарлыг татаж, хайрыг булаахын тулд яалт ч үгүй гоо сайхан, хөөрхөн байх хэрэгтэй юм даа л гэж бодсноо л тэмдэглэх гэж байснаа хадуурчихлаа. Өвөл "энэ чинь сакурагийн мод шүү дээ" гэж хэлэхэд хэн ч тоож харах ч үгүй. Харин цэцэгс нь дэлбээлэнгүүт л бөөн баяр хөөр. Даанч тэр сайхан гадаад үзэмж түрхэн зуур л үргэлжлэх юм даа. Мод бол мод л шүү дээ, хөөрхий.

Ха ха. Ойрд баахан романтик дурлалын кино үзээд дээр нь хаврын урь ороод хайр дурлалыг гэнэт үгүйлдэг байна шүү. Одоо яршиг аймшгийн эсвэл цуврал аллагатай киногоор занимаалданаа.

Wednesday, March 21, 2007

Миний гурван бухимдал

Хэд хоног блог интернетээр хэсэж тэнэлгүй алга болж болж ирсэн чинь ямар ч их юм болоод өнгөрсөн юм бэ дээ. Уул нь би Хоккайдогийн аялал жуулчлалын семинарын үргэлжлэлийг бичээд гаргах гэсэн чинь алдаа өгөөд алга болчихсон. Тэгээд бас бус юм бичмээр байсан ч гэнэтийн бөгөөд давагдашгүй хүчин зүйлс тохиолдов.
Хүн амьтантай уулзахгүй учрахгүй гээд гэртээ бөгчихөөд амар тайван амасхийе гэтэл яаж ийж байгаад хошин шогийн үзэгдэл шиг сонин юмтай учрах юм аа. Ингээд өөрт тохиолдсон явдлаа сонирхуулъя.
Нэгдүгээр бухимдал.
Өнгөрсөн жил миний ажиллаж байсан байгууллагын зохион байгуулсан бизнес аялалын шугмаар ирсэн Монголын бизнес эрхлэгч хүмүүстэй хальт танилцаж, хугас өдөр Токиогоор хамт явсан юм. Нэр усаа ч сайн мэдэлцээгүй явцгаасан гэж байгаа. Гэтэл саяхан тэр аяллаар ирсэн нэг эмэгтэй Японд иржээ. Уулзав. Тэгсэн "Танайд хоноё" гээд л, нэг мэдсэн долоо хоног огт танихгүй мэдэхгүй хүнийхээ хөтөч болж гүйв.
Бид хоёрын яриа нэг иймэрхүү болж өнгөрөв:
- Та тэгээд Японд ямар ажлаар ирсэн юм бэ?
- Японыг үзэе, ямар улс юм бэ, шинэ бизнес олох боломж юу байна гэдгийг судлах, сонин шинэлэг зүйл юу байна мэдэх гэж л ирлээ.
- Та хаагуур явах, хаана байрлахаа яаж төлөвлөсөн юм бэ?
- Би тэрийг мэдэхгүй ээ. Хаана байрлах, хаагуур явахаа мэдэхгүй байнөө. Хэл ус мэдэхгүй ш дээ.
- Та тэгвэл таньдаг мэддэг хүнтэй биз дээ?
- Байхгүй ш дээ. Одоо зүс мэдэхээс чи л байх шив дээ.
- Зочид буудал энд доод тал нь 6000 иэн байдаг шүү дээ.
- Эгчид нь тийм их мөнгө байхгүй ээ.
- Одоо тэгээд яах вэ?
- Харин би яах вэ?
- Та тэгээд зочид буудалд байрлаж чадахгүй, хаашаа явахаа мэдэхгүй, хэл усгүй, таньдаг хүнгүй, байрлах газаргүй, юу үзэж харахаа ч мэдэхгүй, мөнгө төгрөг муутай ирсэн юм уу? Ямар сонин юм бэ? Юу ч мэдэхгүй хүний нутагт ингээд ирж болж байгаа юм уу?
- Харин болох л байлгүй л гэж бодоод. Наашаа гарахын өмнө Гандангийн их сайн ламаас асуусан чинь "болно болно, яваад ир, зүгээр" гэсэн. Тэгээд л ер нь явъя гээд л яваад ирсэн.
Товчхондоо нэг иймэрхүү. Ийм л юм болсон юм даа гэдэг шиг. Ингээд ор хөнжлөө хүнд өгчихөөд, үлээвэр найрал хөгжимд нь чих дэлдийн, өөрөө дээлээ нөмрөөд нөмгөн унтах хэвтэхийн завсар долоо хоноход их зүйл бодогдов. Энэ Алтантүрүү гэдэг залуугийн Танайд хоноё нэвтрүүлэг хүмүүст бас буруу хүмүүжил олгоод байдаг юм уу хаашаа юм. Үгүй ч гэж хэлэх хэцүү, тэг ч гэж хэлэх хэцүү юм. Угаасаа худлаа ярьж чадахгүй болохоор би ийм тийм ажилтай гээд хаяад явчихаж зүрхлэхгүй юм. Нөгөөтэйгүүр би тийм ч ариун сайхан сэтгэлтэй, тусч цайлган хүн биш юм аа. Угийн зожиг хажиг хүн. Сүүлдээ гар хөл, хэл ам нь болж үйлчилж явсаар байгаад "урилгагүй зочноосоо" төвөгшөөж, хурдан яваасай гэж бодож эхэлсэн гэж байгаа.
Тэр эгчийн ажил нь бүтлээ гээд надаас илүү Гандангийн ламд л баярлаж улам их шүтэн биширч байсан. Харин би бол ламын уншсан маань мэгзэм номонд автсан объект л болчих шиг санагдаад инээд хүрээд л байлаа.
Хөдөө нутагт манай малчин айлд хэн ч буусан зочломтгой сайхан зангаараа угтаж үдэж явдаг шүү дээ гэж бодохоор өөртөө шүүмжлэлтэй хандмаар ч юм шиг. Гэтэл огт мэдэхгүй хүн хаалга тогшоод танайд хэд хоноё гээд зогсож байхад Өө тэг тэг гээд оруулах хотын айл ёстой бараг байхгүй гэж бодохоор өөрийгөө зөвтгөмөөр. Токиод монголчуудыг арай хямд байрлуулдаг байр байдаг юм болов уу? Энэ бол өөртөө бухимдсан бухимдал байлаа. Харин энэ бухимдлыг эерэг байдлаар харахым бол их олон ололттой зүйл бий. Тухайлбал тэр хүн эндээс мэдэх ёстой зүйлээ мэдэж аваад бизнестээ шинэ санааг нэвтрүүлж тухайн салбартаа тодорхой хэмжээний шинэчлэл хийж чадвал хожим би долоо хоногийн нойроо алдсныхаа төлөө баярлах болно гэх мэт.

Хоёрдугаар бухимдал.
Токиогийн дэргэд Чибад байдаг үзэсгэлэнгийн газарт Хүнсний экспо болж тэрийг сонирхов. Их л олон орноос оролцсон том үзэсгэлэн байлаа. Ер нь ийм газраар явж байгаад бизнесээ олчих боломжтой л юм байна. Би ч бүр бизнес эрхлэгчийн дүрдээ итгээд цам харайн, галууг дуурайж хөлөө хөлдөөх дөхөв. Хамгийн сонирхолтой нь Өмнөд Солонгосын үзэсгэлэнгийн талбайд явж байгаад Монголын жамц давсаа хараад жигтэйхэн гайхлаа. Жамц давсыг том, жижиг, савтай, ууттай гээд төрлөөр нь тавиад, дээр нь Монгол жамц давс гээд биччихсэн байв. Бас болоогүй ээ жамц давс эрүүл мэндэд туйлын сайн, гоо сайхныг тэтгэгч гээд л бөөн сурталчилгаа. Хоолондоо ч хийгээд, банндаа ч хийгээд их л олон зүйлийн шидтэй эд юм байх. Манай давс ингээд Өмнөд солонгосын бүтээгдэхүүн болчихоод заларч байхыг хараад маш их харамсалтай санагдав. Байгалийн давсыг буталж аваад, уутлаад тавихад тийм их ухаан хэрэгтэй гэж үү.
Энэ бол бүтээлч сэтгэлгээгүй, залхуу бизнес эрхлэгчдэдээ бухимдсан бухимдал байлаа. Гэхдээ монголын гэсэн зүйлийг тэнд олж харсандаа баярласан. Энэ бол бидэнд боломж байгаа шүү гэдгийг нотолж байгаа нэг л зүйл. Өөр зөндөө бизнесийн боломж бидний гар дор, нүдний өмнө бий. Үлдснээ гадаадынханд алдалгүй өөрсдөө өөрсдийнхөө зүйлд эзэн болж зан зээлээ эзлэх нь л чухал байна.

Гуравдугаар тохиол.
За энэ бол цэвэр миний хувийн нерв байв. Саяхан бас тохиолдлын журмаар хоёр монгол залуутай тааралдаж танилцав. Нэг нь насаар надаас хамаагүй ах, нөгөө нь бүр ч хамаагүй дүү. Нэр усаа мэдэлцэв үү үгүй юу л хоолны мөнгөө яаж олдог юм бэ? ажил хийдэг үү? нөхөртэй юу гээд л байцаагаад унах юм. Яг ийм болохоор л би хүмүүсээас дайжиж явдаг юм. Тэгээд л яахав үнэнээ хэллээ дээ:
- Чи яаж мөнгөө олж байна?
- Улсын тэтгэглэгээр сурдаг юм аа.
- Ажил хийдэг үү?
- Хийдэггүй ээ. (Манай тэтгэлэгийн дүрмээр ажил хийхийг хориглосон байдаг л даа. Гэхдээ ийм тийм учиртай гээд олон долоо юм тоочоод байх төвөг төвөг)
- Тэгээд юу хийдэг юм бэ?
- Хичээлээ л хийнэ.
- Тэтгэлэг чинь тэгвэл их юм байна л даа. Хэд юм бэ?
- Их биш ээ. Байдгаараа л хэмнэж байж л амьдарна шүү дээ. (Миний мөнгө хэнд ямар хамаа байнаа???? Дор дороо л өөрсдийгөө хичээж л амьдрана шүү дээ)
- Хн, яаж чам шиг мөнгөтэй болох вэ? Мөнгө төгрөгөнд санаа зовдоггүй ээ. Ганц бие үү?
- Тийм. (Шал тэнэг юм аа. Мөнгөний боол нь биш эзэн нь л болж явах хэрэгтэй ш дээ. )
- Өө за за. Ганц бие юм чинь бүүр ч их мөнгө хурааж байгаа биз дээ?
- Тийн ш дээ. Мөнгө хураагаад байсан чинь гэрт багтахгүй, заримыг нь шатаагаад л, ураад л суудгийн. (Ишшш чааваас даа. Ямар ч ядуу сэтгэлгээ, богино хараатай юм бэ дээ. Эр хүн юм бол надтай биш Билл Гэйтстэй барьцалдаж атаархаж амьдрана биз дээ. Тэгээд ч энд хураасан мөнгө Монголд угсармал орон сууцны байрны жорлон, банны өрөөг худалдаж авахад ч хүрэхгүй. Хөөрхий, хаа газрын ядуу орны иргэд л бие биеийнхээ хөрөнгө мөнгийг тоолж бодож суудаг юм шиг байгаан.)
- Ганц бие байгаад байж болохгүй ш дээ. Одоо хүнтэй суугаач. Хүнтэй суухгүй бол одоо нөхөр олдохгүй дээ.
- Болно биз дээ.
- Хурдан одоо хүнтэй суу. Хүнд хань маш их хэрэгтэй ш дээ. Монголоор дүүрэн ганц бие хүүхнүүд. Хн.
- Харин нөхөр дэлгүүрт зардаг бол очоод аваад суучихмаар л байна. Даанч зардаг, түрээслэдэг эд бараа биш болохоор хэцүү юм даа. Заяа тавилангаараа учрах биз (Ер нь миний хүнтэй сууна уу барина уу хэнд ямар хамаа байнаа? Намайг хүнтэй суухгүй байлаа гээд, суулаа гээд хальт тааралдаад өнгөрч байгаа энэ хүнд ямар ч ашиггүй биз дээ? Ер нь анзаараад байхад хүнтэй суучихсан гарууд л иймэрхүү зүйл хэлж байх юм. "Би хүнтэй суучихсан, ёстой гоё. Чи харин ганц бие, өрөвдмөөр" гэсэн өнгө аяс цаана нь л нэг цухалзаад байна гээч. Яахаараа хүмүүс хүний хувийн орон зай руу шууд довтолж, зөвшөөрөлгүйгээр орж ирдэг байнаа. Их л бүдүүлэг зүйл биз дээ. Хүний амьдрал хүнтэй сууснаар хэмжигддэг өчүүхэн явцуу зүйл биш байлгүй дээ)
Энэ бол бусдын амьдралд хушуу дүрж, юуг нь ч мэдэхгүй, намайг таних ч үгүй байж шууд дүгнэлт өгч, загнаж, зөвлөж, шүүмжилж, атаархаж, хорсож, муулдаг хүмүүст бухимдсан бухимдал байлаа. Гэхдээ ийм хүмүүстэй уулзсаны дараа өөрийнхөө ганц бие байгаад улам сэтгэл хангалуун болдог юм. Юу хүссэнээ хийх эрх чөлөө. Хэн нэгэнд найдаж, мөр гарыг нь түшиж, хамгаалагчаа болгох хүнгүй ч гэлээ өөрөө өөрийнхөө түшиг болж, өөрийнхөө хүч чадлыг 100 хувь ашиглаж, өөрөө өөрийнхөө хамгийн сайн найз нь болж, унасан ч ялсан ч өөртэйгөө хамт байж, амьдралд бүх зүйл намайг хаяад явсан ч өөрийгөө л хаялгүй түшиж ургаш гишгэх ухаан, чадлыг ганцаараа байхдаа олж авч байгаа юм.
За ямар ч байсан бухимдал нервээ үргэлж эерэг талаас нь харж байхыг хичээж байх хэрэгтэй гэж ээж ах хоёр хэлж байсан юм. Нээрээ ч эргээд харахад энэ бүхэн бухимдал гэхээс илүүтэй намайг өөрт минь таниулсан сайхан туршлага, тохиолдлууд байлаа.
Ерөөлөөрөө болог дөө.

Wednesday, March 7, 2007

хоккайдод аялал жуулчлалыг хөгжүүлэх нь семинарын тэмдэглэл №2

Өмнөхийн үргэлжлэл...
Мойва уул их таалагдсан. Учир нь тэндхийн мөсөн паб-д миний дуртай пяав байж байхым. Дотроо дулаацуулчих зүйл уучихаад цаашаа аялалаа үргэлжлүүлэхэд их аятайхан дамшиг байв даа, энэ мөсөн баар чинь. Мөсөн баарны тааз, хананаас дүүжлээстэй мөсүүдийг идэж мэрж бас болно гэж байгаа. Мөн Мойва уулын орой дээр гарахад машинаар чирүүлсэн чаргаар, цасаар булуулж гарч болно. Гарсны дараа Саппоро хотыг бүхэлд нь харах юм даа.

Хэрэв өвлийн хувцас үгүй бол орчин үеийн дах үнэгүй түрээслэж өмсөж болно.

Жич. Энэхүү зурган дээрх Классик пяавыг зөвхөн Хоккайдод зардаг бөгөөд амсъя гэвэл энд ирэх эсвэл хүнд л захих юм байх. Нэг тосгон нэг бүтээгдэхүүн гэдэг шиг л. Орон нутгийн хөгжлөө дэмжих гэсэн хувийн компанийн хувь нэмэр юм уу даа. Классик их зөөлөн сайхан амттай умдаан юм байна лээ. Би ч уусаар байгаад нэг кило нэмсэн байх.
Энэ ууланд гарахад мэдээж мөнгө төлнө. Гэхдээ биднийг ийнхүү ууланд аваачсан нь хийморь сэргээх, мөсөн бааранд коктейль уулгах бус харин аливаа аялал жуулчлалын цэгт найрсаг зан харилцаа, зохион байгуулалт зэргийг мэдрүүлэх зорилготой байв.

Үүний нэг жишээ нь романтик пасспорт гэсэн хөнгөлөлтийн тасалбар бүхий танилцуулга байв. Тус тасалбарыг 1500 энээр худалдаж авснаар Мойва уул, алсыг харагчид үнэгүй суухаас гадна Норбеса хэмээх худалдаа үйлчилгээний төвөөр хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой юм. Яаж зүгээр байхав бид үнэгүй боулинг тоглож, алсын харагчид суугаад, МакДональдсын төмс идээд, сушигаар хооллов. Хувийн хэвшлийнхэн болон орон нутгийн байгууллагууд хоорондоо иймэрхүү байдлаар бие биеийнхээ үйл ажиллагааг дэмжиж ажиллаж болохын жишээг бидэнд харуулах гэсийм байх гэж дүгнэлт хийв.


Бид Мойва уулаас шөнийн аялалын травмайгаар хотын төв оров. Энэ бол мөн л оюутнуудын гаргасан санаанд үндэслэж хийсэн ажил байлаа. Саппоро хотын травмайн хуучин замыг ашиглан, хотын төвөөр зугаалах аж. Дотор нь суугаад явахад нээх ч хөөрч баярлаад байх зүйлгүй ч энэ травмай их утга учиртай гэж байгаа. Гялтагнаж чимэглэсэн травмай хотын төвөөр явахад гудамжаар зорчигсдын сэтгэлд дулаацахын зэрэгцээ Саппоро чинь аялал жуулчлалын хот юм шүү гэсэн ойлголтыг төрүүлж байхым.


За ингээд ядарч үхэх гэж байгаа би бээр буудалласан газраа ирж навсайтал унтаад маргааш нь Саппорогийн дэргэдэх Отару хэмээх жижиг хот руу очив.

Саппоро ирсэн хүн заавал Отару очдог аж. Отаруд Мэйжийн үеийн хуучны барилга байгууламж олонтой цомхон хэрнээ сэтгэл татам зүйлс ихтэй хот санагдсан. Бие жижиг ч бэлчээр томтой гэдэг шиг 19 дүгээр зууны сүүлээс Отаруд Японы анхны төмөр зам тавигдаж, олон улсын худалдааны боомт болж байсан байна.

Бидний эхний хичээл Отаругийн Кино Комиссын талаарх танилцуулга байв. Хичээл болсон газар нь их учир нанчинтай гэж байгаа. Ришиняа Минояа хэмээх далайн хатаасан байцаа зардаг хоёр давхар дэлгүүр. Дэлгүүр гэхээсээ илүү музей гэмээр эртний хуучны эд зүйлсээр дүүрэн их сонирхолтой газар байлаа. Хуучны зүйлээ хаялгүй хадгалаад хожим ямар нэг дэлгүүр гуанз ажиллуулахдаа ингэж байрлуулбал хүний сэтгэл хөдөлгөх шинжтэй. Хүн зүгээр нэг дэлгүүр ороод гарах бус хуучны зүйлсийг харж баясаж, мөн ийнхүү цуглуулга хийсэн эзний сэтгэл хөдөлмөрийг хүндэлж заавал нэг юм авч гарах болдог байх. Бас нэг дэлгүүрт үнэгүй цайгаар үйлчилдэг гэсэн. Гэр бүл, найзууд ирсэн үед эмэгтэйчүүд нь дэлгүүр хэсэх гээд тэнэж, энэ хойгуур эрчүүд нь тэнд амарч, цай ууж, чалчих юм. Ингээд эмэгтэйчүүд нь ирээд эрчүүдээ авч явахдаа тэр дэлгүүрээс ямар нэг юм бас авдаг гэж.
За хичээл бол сонирхолтой байсан. 2004 онд Отару хотын зөвлөл, Аялал жуулчлалын холбоо, Худалдаа Аж үйлдвэрийн танхим, Залуучуудын танхим хамтран Отаруд кино зураг авахад тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор Отару Кино Комисс байгуулсан аж. Нүсэр их ажилтай мөртлөө 4 хөн хүн ажилладаг байна. Отаруд байгалийн үзэсгэлэнт газар, түүхэн дурсгалт барилга байгууламж олон байдаг тул өөрийн үнэт зүйлсээ бусдад таниулах, ингэснээр ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх нь гол стратеги болж буй. Хэрэв ямар нэг нөхөр кино хийх бол тус комисст хандахад кино зураг авахад тохиромжтой газрын зураг хөрөг, зочид буудал, хоол унд, хүн амьтны туслалцаа зэрэг бүхий л талаас нь үнэ төлбөргүй мэдээлэл өгдөг байна. Нутгийн хүмүүс ч кино зураг авалтад дуртай болж, өөрсдөө туслах дүрд тоглох хүсэлтээ илэрхийлж, одоогоор 200 гаруй хүмүүс сайн дураар кинонд тоглох, туслахаар бүртгүүлсэн байгаа гэнэ. Шүнжи Ивайгийн найруулсан Хайрын захидал гэсэн киноны зургийг Отаруд авсан нь Өмнөд Солонгос, Тайваний жуулчдыг тоог эрс нэмэгдүүлсэн аж. Бөөн фенүүд нь ирж зураг авсан газруудаар явж баясдаг юм байх.

Үүний дараа Отаруд аялал жуулчлалын салбар жуулчид татах ямар ажил хийдгийг тус дэлгүүрийн эзэн Минояа сан ярив. Отару жижиг хот тул ихэнхдээ хүмүүс ирээд 2-4 цаг болоод буцдаг, орой шөнө болтол удаад байдаггүй, хонож өнжих нь ховор тул энэ тал дээр анхаарч нэгэн ажил сэдэж хийсэн нь Юкиакари но Мичи юм. За энэ бол харин миний сонирхолыг туйлаас их татсан. Учир нь энэ ажилд төрөөс болон төслөөс мөнгө аваад байдаггүй, хүмүүс цэвэр өөрсдийн хөдөлмөр хүчээр хийж бүтээдэг байна. Анх 1998 онд эхэлсэн ажил одоо улам бүр өргөжин тэлж буй аж.

Энэ ажилд нийт 150 000 лаа ашигладаг гэсэн. 25 хүний бүрэлдэхүүнтэй баг 500 гаруй сайн дурын хүмүүсийг удирдан зохион байгуулдаг гэхээр их гайхалтай менежмент шүү. Сайн дурынханыг татахын тулд тэдэнд их эрх чөлөө олгодог аж. Тухайлбал сайн дурынхан өөрсдөө дизайнаа гаргахаас гадна ажлын цагаа өөрсдөө зохицуулах юм. Заавал тэдэн цагт ир, одоо үүнийг хий, хоно өнж, хаашаа алга болчихов гээд дарамт шахалт үзүүлээд байдаггүй.

Лаагаар гудамж чимэхдээ дараах зүйлийг анхаарах ёстой гэж байгаа:

- Цас, мөсийг ямар нэг өнгөөр будахгүй

- Цахилгаан, баттерэйгаар ажилладаг лаа ашиглахгүй

- Энэ бол уралдаан, өрсөлдөөн биш.
Энэ гурван дүрмийг баримтлаж байхад л болно. Одоо сайн дурынханы хүрээ гадаадын иргэдийг ч хамарч байгаа аж. Хэрэв энэ арга хэмжээнд оролцох бол ирэх жил утсаар, эмэйлээр бүртгүүлж болно. Сайн дурынхан цалин хөлс авахгүй, сэтгэлээрээ л ажиллана. Харин 2000 иэнээр зочид буудалд байрлаж болно.

Энэ олон лааг нутгийн хүмүүс хандивладаг аж. Ердөө айл бүр нэг лаа өгөхөд л хангалттай аж. Хүмүүс ч одоо мэддэг болчихсон, сарын өмнөөс л лаа өгч эхэлдэг гэсэн. Лааны хувьд 4-6 цаг асдаг бөгөөд энэ нь яг таг болдог гэж байгаа. Учир нь гудамжны лааг өдөр бүр 6 цагаас 10 цаг өнгөртөл асаадаг гэж байгаа. Лаа бүрийг сайн дурынхан байнга шалгаж, унтарсныг нь асаана.

Лааг байрлуулах савлагааг сайн дурынхан өөрсдөө сэтгэдэг ажээ. Тухайлбал лаван тосоор бөмбөлөг, дөрвөлжин, гурвалжан зэрэг хэлбэртэй сав хийж байгаа гэнэ. Лаван тосыг худалдаж авах ч шаардлагагүй аж. Учир нь хуучин лаануудыг цуглуулаад хайлуулаад болчихдог гэсэн.

Зарим нь шилэн саванд хийдэг бөгөөд энэ саваа тусгайлан хадгалж жил бүр ашигладаг юм байна.

За тэгээд эцэст нь энэ арга хэмжээ жил бүр 2 сарын 9-18-ны өдрүүдэд болдог бөгөөд нийт 500000 гаруй хүн ирж үздэг байна.
Валентины баяраар албаар тохируулж хийсэн нь хүмүүсийг улам өөртөө татах гэсэн бодлогын чанартай. Ингэснээр хэд хоног ч гэсэн Отаруд хонох, наймаа худалдаа хийх хүмүүсийн тоо эрс нэмэгдэж нутгийн иргэдийн бизнес амьжиргаанд ач буянаа өгч их л сайхан арга хэмжээ болдог юм байнаа.
үргэлжил бас бий...

Tuesday, March 6, 2007

хоккайдод аялал жуулчлалыг хөгжүүлэх нь семинарын тэмдэглэл №1

Хэд хоног блогоор шагайсангүй удчихсан чинь блогоосоо бишүүрхээд, буцаж дасал танил болох гэж нэлээн хичээв. Өнгөрсөн долоо хоногт Хоккайдо болон Саппород аялал жуулчлалыг хөгжүүлэх сэдэвтэй семинарт оролцож тэнэж тэнэж байгаад ирэв. Ирээд интернет орсон чинь Монголоор дүүрэн сонинтой байхым. Тэр нь дандаа л муу мэдээ шүү. Аймаар юм. Юу юу ч болоод байгаа юм, яг л хараал хүрчихсэн юм шиг. За тэр ч яахав. Би өөрөө явсан газрын тэмдэглэл зэрэг бичих дургүй ч гэсэн үүгээр Японд аялал жуулчлалыг хэрхэн дэмжиж хөгжүүлж байгаа талаарх семинарын тэмдэглэлийг буулгахыг хичээлээ. Зарим хүмүүст хэрэгтэй ч байж магадгүй. Миний блогийг уншиж буй зочдын ихэнх нь Саппоро хавиар яваад үзсэн байх аа.

Тус семинарыг ЖАЙКА-гаас зохион байгуулсан. ЖАЙКА ер нь аливаа үйл ажиллагаа зохион байгуулахдаа ширхэг цаас, үдээс хадаасыг ч үлдээхгүй айхтар чимхлүүр хандаж, бөөн учир холбогдол, уялдаа зангилаатай юм хийдэг юм шиг байдгийн. Тухайлбал бидний семинар аялал жуулчлалтай холбоотой болохоор анх бүртгэхээс авахуулаад бүхий л ажиллагаа, тарааж өгсөн материал, хүмүүсийн харьцаа, аваачиж үзүүлж буй албан газар, үзвэр үйлчилгээ бүгд л семинарын сэдэв, бидний боломж бололцоотой уялдаж холбогдож байв. Тухайлбал оролцогчид бид бүгд хөгжиж буй орноос ирсэн болохоор өөр өөрсдийн улсдаа хэрэгжүүлэх боломжтой, хялбар, санхүү эдийн засгийн хувьд хүндрэлгүй хийчихмээр ажлуудыг семинарын хөтөлбөрт оруулсан байв.

Хоккайдод аялал жуулчлалыг хөгжүүлж буй ерөнхий байдал
Ерөнхийдөө Японы хувьд аялал жуулчлалын салбар өөрийн гэсэн хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа аж. Учир нь дунджаар Японоос гадаад руу жуулчилж байгаа хүмүүсийн тоо 16.9 байхад Японд ирж буй гадаадын жуулчдын тоо 6.14 сая байгаа нь мөнгөний экспорт, импортыг тэнцвэргүй болгохоос гадна бөгөөд Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас тодорхойлсон Дэлхийн Шилдэг 25 Аялал Жуулчлалын Газарт Япон ороогүй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл олон улсын хэмжээнд Япон улс аялал жуулчлалын имижээ сайжруулах шаардлагатай болж буй бөгөөд энэ талаар нэлээн хэдэн арга хэмжээ авч байгаа нь 2001 оноос эхэлсэн Визит Жапан хөтөлбөр.
Хоккайдогийн хувьд бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр 2001 оноос Аялал Жуулчлалын Хөтөлбөр гаргаж хэрэгжүүлж байгаа аж. Энэ Хөтөлбөрийн хүрээнд Хоккайдогийн Үнэт өвийн жагсаалтыг нутгийн иргэдийн саналд үндэслэн гаргасан нь одоо 52 зүйлс болжээ. Үүнд эртний дурсгалт байшин барилга, хөшөө, уул ус зэргээс гадна идэш ууш орсны дотор Чингис Хаан гэсэн нэртэй хонины шарсан махан хоол багтсан байхын. Ингээд семинарын туршид орон орны нөхдүүдтэй нийлж Чингис хааныг тал талаас нь баахан идсэн гэж байгаа.
Хоккайдод ирэгсдийн хувьд олон улсын жуулчид ихссэн ч дотоодын аялагчдын тоо багасаж буй ажээ. Ийнхүү дотоодын жуулчлал буурч буй нь хүн амын нийт орлого багасаж, ажилгүйдлийн хэмжээ ихсэж буйтай уялдаатай бол харин Тайвань, Өмнөд Солонгос, Хонг Конг, Сингапур, Австрали зэрэг орноос зочлогсдын тоо ихсэж буй нь цас үзэх, цанаар гулгах гэсэн хүсэл тэмүүлэлтэй холбоотой аж.
Хоккайдод аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд орон нутгийн удирдлагаас хувийн хэвшил болон хувь хүмүүсийн санаачилгыг ихэд дэмжиж ажиллаж байна. Зөвхөн нэг хүний санаа нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж болдгийг Ёсакой Соран Фестивалиас харж болно.
1991 онд өмнө Хоккайдогийн их сургуулийн нэг оюутан санаачилж, үзэл бодол нийлсэн 100 андуудтайгаа нийлэн бүжгийн фестиваль хийсэн нь энэ арга хэмжээний эхлэлийг тавьжээ. Дараа жилээс нь оролцогчдын тоо арав дахин ихсэж одоо 350 гаруй багийн 45000 хол давсан бүжигчид зөвхөн Японоос бус бусад орноос ирж оролцдог болжээ. Үүний ачаар гадаад дотоодын хоёр сая хүн зочилж ирдэг гэж.
Ер нь семинарын нэлээн хэсэг нь бидэнд "нэг хүний нэг санаа ч байсан зориглоод хамтраад хийвэл ямар их амжилтанд хүрч болдгийг" ухааруулах явдал байсан болов уу. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг зааж хэлэхийг хүлээх бус өөрсдөө санаачилж эхэлсэн нь хамаагүй дээр гэж. Иймэрхүү жишээ их олныг бидэнд ярьж танилцуулав.

Саппород аялал жуулчлалыг хөгжүүлж буй байдал

Саппоро уур амьсгалын хувьд Монголтой адилхан биш ч төстэй гэж хэлж болохоор байсан. Хуурай уур амьсгалтай, өвөлдөө цастай, хүйтэн гэх мэт. Саппорогийн тухай мэдээллийг надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэддэг байх аа гэж бодоод гол асуудал руугаа оръё.
Саппород аялал жуулчлал хөгжүүлж буй жишээг чихэр, шоколадын хүрээнд ярилцав. Саппоро өөрийн имижээ бүрдүүлэх үүднээс "Sweets Kingdom" буюу Амттаны Гүрэн гэсэн төсөл хэрэгжүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл Саппоро хотыг амттаны хот болгож хөгжүүлэх стратегийг боловсруулж 2005 оны 11 дүгээр сарын 15-нд Амттаны Гүрэн Саппороаг дэмжих зөвлөлийг Саппорогийн Чихэр Жигнэмэгийн Холбоо, Орон Нутгийн Засаг Захиргаа, Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Аялал Жуулчлалын Холбооны бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Тус зөвлөл хувийн хэвшлийг мөн өөртөө нэгтэснээр одоогийн байдлаар 85 компани гишүүнээр элссэн байна.
Зөвлөл байгуулагдснаас хойш хэд хэдэн ажил хийсний нэг нь жил бүр уламжлал болон зохион байгуулж буй Саппорогийн Амттан уралдаан юм. 2006 оны шагналыг Саппорогийн Гүзээлзэгнийн Торт, 2007 оны шагналыг Саппорогийн Цагаан Тирамису авчээ. Тус уралдаанд оролцогчид бие биетэйгээ бялуу чихэр жигнэмэгийн ноу хау, жороо үнэ төлбөргүйгээр солилцож, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж олгодог нь онцлог. Тийм болохоор компаниуд уралдаанд түрүүлсэн бүтээгдэхүүнийг зохиогчийн эрх зөрччихвий гэж айх зүйлгүйгээр үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм. Ингэхдээ, тухайлбал Гүзээлзгэнийн торт хийхэд дараах журмыг баримтлах үүрэгтэй гэж байгаа:
- Бялууны дээд талыг цагаан кремээр бүрэх
- Хоккайдод ургасан гүзээлзгэнийг хэрэглэх
- Хөөмөл бялуу, жигнэмэгийг суурь болгон хэрэглэх
-"Саппорогийн амттан", "Саппорогийн Амттан 2006", "САППОРО" гэсэн бичигтэй шоколадан пайзтай байх

Одоогоор нөхдүүд амттан-аялал жуулчлалыг холбосон хэд хэдэн арга хэмжээ авч байгаа аж:

- Аялал жуулчлалыг гол цэгүүд болон машин зогсоол зэрэгт Саппорогийн амттануудыг түгээх

- Саппорогийн амттаны дэлгүүрүүдийг хамарсан хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн тасалбар гаргаж, аялал жуулчлалын компаниудын аялалын хөтөлбөрт оруулах

- Такси компаниудтай хамтарч Амттаны ертөнцөөр аялах төсөл хэрэгжүүлэх. Энэ төслийн дагуу таксины жолооч зорчигчийг хэд хэдэн амттаны дэлгүүр, үйлдвэр, кафегаар аялуулах, тодорхой мэдээлэл өгөх юм байна.

Жич. Саппорогийн амттаны уралдаанд түрүүлсэн бүтээгдэхүүний жорыг вебсайтаас нь авч үзэж болно.

Ингээд баахан амттан идэж хотын төвөөр зугаалж баяссаны дараа, Окура болон Мойва ууланд аваачив.














Окура ууланд цанын үсрэлтийн стадион, өвлийн спортын музей байх. Өвлийн спортын музей нь харин их таалагдсан. Тэнд өвлийн спортын зарим төрлүүдийг биеэр туршиж үзэх боломжтой төхөөрөмж тавьсан байсан нь над шиг биеийн тамирт муу хүнд их дажгүй эд байлаа...