Sunday, September 30, 2007

Энэ өдрийн мэнд

Хичээл давтлагын өрөө (studyroom) -д яг урд маань хятад, япон, солонгос оюутнууд дуу авалцан чанга чангаар чалчих нь ганцаараа монгол миний эрдмийн замд саадтай л байна шүү дээ. Тэвчээрийн хязгаараа уртсгахын тулд Take That-ын Patience, A-ha-ын Stay on these road, The Oasis-ын Don't Look Back in Anger гэх мэтийн сонсожийн. Хоёр цаг гаруй яасан ч их ярьдгийм дээ. Ядаж байхад миний дэргэд, урд, зэргэлдээ мастерийн ангийн хамгийн царайлаг залуучууд нь суучихсан байж таардгийм. Таарсан ч гэж би л царайлаг, хөөрхөн инээдэг гээд нэг залууг барааддаад суудлаа сонгочихсон биш одоо хөөрхөн залуугийн хойноос хөөцөлдсний шангаа хүртээд байж байгаа нь энэ. Дашрамд хэлэхэд залуус аа, хөөрхөн хүүхэн хүзүү хугалах, хэтэвч хоосруулах аюултай шүү. Наад зах нь бөөн өрсөлдөгчид.
Энэ хүүхнүүд ч миний эрдэм номд шамдан суралцах гэсэн хүсэл тэмүүллийг үл тоож байна. Намайг ер нь хүн гэж харж үзэж байгаа ч юм алга. Бараг л толгой, мөрөн дээр тохойлдож байгаад л хажуудах харц булаасан залууг тойрч бүчээд л байна. Сайхан залуу байх сайхан юм өө. Чухам л хаалгаар гутлын хоншоор нь цухуйхад л хавийн бүсгүйчүүд л Тэр-саан, Тэр-күүүүн гээ л дуу хоолойгоо янагийн өнгөөр хувиргаад л гүйлдээд л. Би бол шууд очоод л Өнөө орой завтай юу? гээ л асуучихаж болдоггүй юм байхдаа гэж муйхраар бодохоос цаашгүй юм.

За энэ бол хичээлийн шинэ семестрийн эхний өдөр юм шүү дээ. Гэтэл 10.30-д хичээлтэй байтал 10 цагт сэрж байдаг би нээрээ мөн ч унтамхай юм аа. Хүү хаа гээ л нойтон үстэй, хавдсан нүдтэй усны үхэр шиг юм л ангидаа ортол багш хичээлтэйгээ мартаад ирдэггүй, цонхолж л байдаг.

Энхрий хайрт ерөнхийлөгчийнхөө УИХ-ын намрын чуулганд хэлсэн үгийг уншсан нь ер нь фелъетон шиг санагдав. Үгээ өөрөө бэлддэг юм болов уу, өөр хүн бичиж тэрлэж суудаг юм болов уу. "Эв нэгдэл" гэж яг юуг хэлээд байгаа юм, "номт төр" ч гэнэ үү бас. “Номт тєр” бол нэр хvндээ боддог тєр ч гэнэ үү. Яагаад ч юм энэ илтгэлийг бичсэн хүнийг ийм номт төрийн онол гэсэн орижиналь айдияа олох гэж олон хоног шаналангуй царайлж явсан байх гэж бодогдож байна. Инээд муутай элэглэх дуртай хүнд бол эргүүлж гуйвуулах зүйл ихтэй сайхан илтгэл болжээ.

"Манай монголчууд “замаг сайтай усанд шувуу бvхэн цуглардаг, зан сайтай айлд хvн бvхэн цуглардаг” гэдэгчлэн “засаглал сайтай орон нутагт л хvн ам нь єсч єєдєлж байдаг, тийм учраас хvн амыг нь л тоолоод бай” гэсэн утгатай vгийг Францын их сэтгэгч Руссо нэгэнтээ хэлсэн нь бий" гэж байх шиг. Монгол маягийн илтгэлийн хэв маяг гэж байдаг бол хэн нэгэн алдарт философич, улс төрчийн хэлсэн үгийг дам дам байдлаар хэрэглэх, бас монголын зүйр цэцэн үгийг ишлэх, тэгээд бүр "нэгэнтээ хэлсэн байдаг" гэж заавал хэлэх юм. За тэр ч яахав, орон нутгийн удирдлага сайн ажиллаж байна уу үгүй юу гэдгийг нь хүн амын шилжилт, хөдөлгөөн, тогтворжилтоор нь хэмжих санааг л илэрхийлж байгаам байх. Арай ч дээ л гэж бодогдмоор. Орон нутгийн өөрөө удирдах ёс нь бүрэн бүрдэж чадаагүй, эрх мэдэл, санхүүгийн бие даасан байдал нь хангалтгүй байгаа, нийт хүн ам хөдөө аж ахуй, байгаль орчноос хамааралтай амьдарч байгаа, орон нутаг битгий хэл улс даяараа аж үйлдвэрлэл гэж юм огт байхгүй байхад л хаа байсан Руссогийн үгээр өөрийн санаагаа бататгах гэж ч байдаг нь... Үгүй ядаж, орчин үеийн хөгжлийн эдийн засгийн эрдэмтэн мэргэдээс иш татсан ч болоосой.

За өнөөдөр нэг найзын төрсөн өдөр. Завгүй ч гэсэн зай гаргасугай.

Tuesday, September 25, 2007

намаржаа

Зун нээрээ ганц залуу руу нүд ирмэхийн зуургүй, нэг номын эхний хуудас эргүүлэхийн төдий ямар ч хурдан өнгөрөөд чавхдаад алга болчихов доо.

За ямар ч байсан шинэ газарт, орон байранд орлоо доо. Хоёр жил амьдарсан оюутны дотуур байр маань баяртай, хайртай шүү, дуртай шүү гээ л баахан хайрцаг ачаа тээшээ тэврээд л нүүлээ дээ.

Японы улсын сургуулийн дотуур байр ер нь дажгүй шүү. Монголд оюутан байхад дотуур байранд амьдарч байгаагүй ч ангийн, хувьсгалын, хувийн найзуудын өрөөнд цонхоор нь авирч, дамжиж, үүд хаалгаар нь мөлхөж, нуугдаж орж гарч, ууж идэж, унтаж хэвтэж явсан болохоор нөхцөл байдлыг нь бүрэн дүүрэн биш ч ямартаа ч бага сага ойлгочихсон болохоор Японы дотуур байр түүнтэй харьцуулахад ярих юм биш. Ямар сайндаа Монголд оюутан насаа дотуур байранд өнгөрөөсөн, саяхан ирсэн шинэ найз маань "онгоц, алим хоёр ялгаатай ш дээ тэ, яг л тэрэн шиг" гэж хэлж инээд хүргэх вэ дээ. Бүх юм нь гарын дор байсан байрнаасаа гараад бүгдийг өөрөө хийх амьдралын төлөв байдалд шилжиж байгаа нь хэцүү л санагдаж эхэлж байна. Хөлийн улаа эргэж, эвэршиж, гутлын ул элэгдтэл хайж олсым болохоор давгүй байр. Ганц гэм нь гар утас барьдаггүй. Арван сарын дунд хүртэл интернетгүй, дээр нь гар утас барихгүй байхаар ямар вэ дээ. Яг л жунглид байгаа гэсэн үг бус уу. Ёстой л чаддагийм бол бариарай гэж байгаам даа. Өглөө босчихоод өрөөний өнцөг булан бүрд утсаа чагнан, хэвтээ босоо суугаа, үсрээ, дэвхцээ байдлаар хөдөлж хөдөлж утас барих ганцхан цэг олж авсан л даа. Тэр нь нэлээн mission impossible байдалтай. Цонхоо онгойлгоод утсаа тодорхой зүгт харуулж (шинэ газар одоогоор ертөнцийн зүгээ мэдээгүй л байна) зохих ёсны өнцөг үүсгэвээс утас нэг юм амилж байгаан. Ярихдаа харин утсаа хөдөлгөлгүйгээр, би өөрөө бөгтийн, толгойгоо баруун тийш гэдийлгэвээс ярихгүй, залгахгүйн зовлон үгүй болж байгаан. Яахав, ямар над руу ярих хүн байдаг ч биш, би ч хүн рүү залгах биш, гутраад байх ч юм алга. Харин ч олзуурхаад байгаам бус уу.

Манай найз "бурхан бүгдийг тэнцүүлдэг" гэж хэлсэн л санаанд орж байна. Дотуур байранд байхад гар утас, интернет гээд элдвээрээ холбоо сүлжээтэй байх боломжтой ч гадны хүн гэртээ оруулах, хонуулах, тэр тусмаа эсрэг хүйстнийг шагайлгаж болохгүй хориотой байсан бол одоо хөлсний байранд дурын этгээдийг дуудаж авчраад эсвэл өөрөө ирээд хонож болно, гэхдээ дуудъя, уруу татая, татагдая гээд гар утас барихгүй болчихож байгаам. Бүр сайхан нь саяхан гар утсаа алга болгосон болохоор бүх найзуудын утас хамт устчихсан.

Шинэ гэр уулын орой дээр, дэлгүүр хоршооноос хол болохоор маргааш нөгөөдрөөс л том чемоданаа чирээд л хүнсэндээ гэлдрэхийм байгаан.

Гэрт интернеттэй болтол компьютерээ чирээд л сургуульдаа мордоод байх нь дээ. Харин тэр болтол хичээл давтлагын өрөөнд хажууд суудаг хөөрхөн залуу өдөр бүр ирээсэй.

Tuesday, September 11, 2007

оршсоор л байна

За хө, зуны амралт дуусаж, хичээл номын улирал юу юугүй эхлэх нь ээ.
Сар уулзаагүй ангийнхнаа харсан чинь сэтгэл бас хөдөлж байв. Жаахан л үг дуугарахаар сөргөлдчих гээд байдаг Банглагийн маань алаг нүд нь тормолзоод хөөрхөн ч харагдаж байх шиг. Ангийн Хятад хоёр залуу хаа холоос гараа дэлгэн инээсээр ирэхэд сэтгэл юутай их хөдлөв дөө. "Брежнев" үнсэлтээр биесээ үнсэх нь холгүй юм болов. Хамгийн дотно Мъянмар найз маань ч бүр хачин хайр татам байлаа.

Хайртай дуртай Хунт нуураа мөсөн дээр бүжихийг нь харж баясаж, хэсэгтээ л цаг хугацааны эргүүлгээс тасарсан нь зуны зугаа цэнгэлийн оргил нь болов.
Бүжигчид-уран гулгагчид үнэхээр чадварлаг гайхалтай байлаа. Жүжиглэлт, бүжиг, балет, уран гулгалт гээд бүгдийг нэг дор хийж, дүрээ маш сайн гаргасан өвөрмөц тоглолт боллоо. Уран гулгалтын хувьд хүнд хэцүү үзүүлбэр нэлээн ихтэй байсан болохоор үе үе зүрх түгшээ л байв. Найруулга ч гэсэн өөрийн өнгө аястай. Хан хүү гэж балай нөхөр, муу санаат фон Ротбартын шидний гайгаар хайртай Одеттагаа танилгүй, Одильтой сүй тавьснаас болж Одетта үүрд хун хэвээр үлдэх болдог доо, хө. Зарим балетад Одетта, хан хүү хоёр нууранд живснээр хорон муу санаатны шидний хүч харьдаг бол, заримд нь хан хүү балиар санаат-шидтэнтэй тулалдаж ялж Одеттагаа авардаг... гэх мэт эмгэнэлтэйгээс аз жаргалтай олон төгсгөл байдгаас Мөсөн дээрх хунт нуурын хувьд Одиль бүсгүй Одетта, хан хүү хоёрын хайр дурлалыг гүнээ ухамсарлан, хүлээн зөвшөөрч, сүйний бөгжийг Одеттад өгчихөж байгаам. Ёстой жинхэнэ сонгодог реалист төгсгөл гэж хэлмээр. За тэгээд тайз засалт, хувцаслалтын тухайд бол өөлөх зүйл үгүй байлаа. Уруу татаж уриалан дуудаж авч явсан найз нар маань ямар ч байсан сэтгэл хангалуун, нэг нь нулимс гарлаа л гэсэн.
Одоо мөрөөдөл болсон Вердигийн La Traviata-г үзчихвэл ёстой нээрээ яасан ч яаахуу. Харин амьд байхдаа алтан аяганаас ус ууна гэдэг шиг Паварротигийн "амьд" тоглолтыг үзэх юмсан гэсэн аль дээр үеийн мөрөөдөл маань хэзээ ч биелэхгүй болсонд ямар их харамсаж гашуудав аа.

Саяхан сурсан шинэ үг гэвэл: Би сэтгэж бодож байна-би оршиж байна. Би юу ч сэтгэхгүй бодохгүй байсан ч бас оршсоор л байна. Тийм ээ, оршиход "сэтгэн бодох" огт хамаагүй юм.