Thursday, October 18, 2007

Найзуудтайгаа хуучлах сайхан

Найзуудтайгаа хуучлах сайхан:

Мъянмар найз

Мөрөөдлийнхөө тухай:
...Манай засгийн газар үнэхээр муухай зүйл хийж байгаа. Намайг очихоос өмнө энэ дэглэм өөрчлөгдөөсэй. Энэ бол миний мөрөөдөл. Өөр улсад биш өөрийнхөө нутагт эрх чөлөөтэй нийгэмд хүн шиг амьдармаар байна. Үндсэн хуулиа батална гээд төсөл хэлбэрээр арваад жил болчихлоо. Энэ жил баталнаа гээд л ямар нэг шалтгаанаар өнгөрөөгөөд байгаа. Хурдан Үндсэн хууль батлагдаасай.

Лам нарын тухай:
...Манай лам нар ер нь бараг улсын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарын голыг нь үүрч байгаа гэж хэлж болно. Ядуу, мөнгө муутай айлууд сүм, лам нарыг бараадаж амьдарч байна. Лам нар хүүхдүүдэд зориулж бичиг үсэг, тоо зааж өгч байдаг. Хажуугаар нь бурханы шашинд сургадаг болохоор гэмт хэрэгтэн болохоос нь сэргийлж байгаа юм. Ямар нэг юм болоход бид лам нар дээр очдог. Лам нар мөргөл үйлдэж, ном уншиж өгөхөөс гадна бидэнд бясалгал яаж хийх, бурханы сургаалийг яаж зөв ойлгох талаар ярьж ухааруулдаг юм.

Сая болсон бослогын тухай:
..Шатахууны үнэ эрс өсөж, юмны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, амьдрах аргагүй болж байгаагаас хүмүүс тэсэхээ болиод тэмцэл хийж байгаа юм. Лам нар энэ удаа нэгдэж жагссан нь ямар учиртай вэ гэвэл үнэ өсөж байгаа нь хүмүүсийн амьдралд улам зовлон нэмэхээс гадна лам нарын ч амьдралд нөлөөтэй. Хүмүүс сүмд өргөл өгч, тэр мөнгөөр нь лам нар амьдарч байдаг, эргээд хүмүүсийн сайн сайхны төлөө мөргөл үйлдэж, бие биеээ дэмждэг болохоор үнэ нэмэгдснээр лам нарт өргөх өргөл, мөнгө багасна гэсэн үг.
1988 оны тэмцлийг оюутнууд эхэлж, лам нар бас дэмжиж байсан. Гэхдээ тэр үед цэргүүд худлаагаасаа лам болж дунд нь орж, бослого тэмцэлд орсон гол гол лам нар, оюутнуудын зургийг нь авч, дараа нь бүгдийг нь барьж шоронд хорьсон. Энэ удаа тэр явдлаас болж их зохион байгуулалттай жагссан. Нэгд, лам нар жагсаалд орохдоо бие биеийнхөө хөлийн тавхайг шалгасан. Манай лам нар дандаа хөл нүцгэн явдаг болохоор тавхай нь дагтшираад ажрахаа больчихсон байдаг юм. Бас бүлэг бүлэг болж зүс мэдэхгүй хүнийг оруулаагүй...Одоо бослого, тэмцэл зогссон ч бид засгийн газрын толгойд байгаа хүмүүсийн хувийн компаниудын бүтээгдэхүүнийг худалдаж авахгүйг уриалж байгаа.

Удирдагчдын тухай:
...Хүмүүс их зальтай ухаантай байх юм аа. Ялангуяа манай удирдагчид. 1988 оны хувьсгалаар төрийн дэглэмийг яг өөрчлөхийн даваан дээр ард түмний дунд үл ойлголцол үүсгэж, хүмүүсийг дотор нь хагаралдуулж хуваасан. Тэр үед хэд хэдэн нам, бүлэглэл үүсээд хоорондоо бие биеээ жигтэйхэн шүүмжилж, ард түмний төлөө гэсэн үг хэлж байснаа удалгүй бүгд хоорондоо гэр бүл болох нь болж, үр хүүхдүүдээ хооронд нь суулгаж, эд хөрөнгөө нэгтгэж, компани байгуулцгааж, нэг мэдсэн чинь төр биш хоёр гурван том гэр бүл манай улсыг удирдах болсон. Хамаг л гол гол салбар тэдний гарт. Нэг ингээд гэр бүл бололцсон, хөрөнгөө нэг тогоонд оруулчихсан болохоор тэрнээсээ тийм ч амар салахгүй л дээ.
Хараа биз дээ, чи манай баян улс төрчийн охины 50 сая ам.долларын хуримын бичлэгийг...Тэр мөнгө нь манай нийт улсын эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт зардаг улсын төсвийн мөнгийг бараг хорь нугалсантай тэнцэнэ дээ.

Манай улсад хөрөнгө мөнгөгүй хүмүүст зориулсан тусламжийн нэг төрийн бус байгууллага байсан юм. Тэр байгууллага хэн нэгнийг талийгаач болоход ажил явдалд нь тусалж, бүх зүйлийг нь хийж өгдөг байв. Олон түмэн тэр байгууллагад их талархаж, баян хүмүүс хандив туслалцаа өргөдөг байлаа. Тэгсэн засгийн газар дарамтласаар байгаад тэр байгууллагыг татан буулгачихсан. Яагаад гэвэл тэр байгууллага ард түмний дунд маш их хүчтэй нөлөөтэй, дэмжлэг авч байсан юм...

Уул уурхайн тухай
...Манай улсыг Википедиа дээр тодорхойлсон байсныг чи хараа биз дээ...Байгалийн баялгаар бялхсан ч хамгийн ядуу улс гээд. Гэхдээ бид сонирхолтой нь тэр байгалийн баялаг нь хаана байгааг мэдэхгүй. Хэн хаана юу олборлоод хэдэн мөнгө татварт төлөөд хаашаа гаргаад байгааг мэдэхгүй. Хамаг хэвлэл мэдээлэл удирдагчдын гарт, тэдний компани байдаг болохоор дандаа л худлаа мэдээлэл байдаг.
Хүмүүс гэхдээ мэднэ л дээ...Ихэнх уул уурхайг хятадууд ашиглаж байгаа. Тэд удирдагчдад мөнгө төгрөг хангалттай өгч байгаа биз. Тэр хавийн байгалийг устгаж, эсэргүүцсэн нутгийн хүмүүс, тосгоныг нүүлгэж, заримыг нь шоронд хорьчихдог. Өөр юу ч тэнд болдог юм бүү мэд.

Тэвчээрийн тухай
...Бид ийм дэглэмдээ дуртайдаа байгаад байгаа юм биш л дээ. Хэрэндээ тэмцэж л байгаа. Тэмцэл, бослого гарч эхлэхийн төдийд л бариад хорьчихдог...Бид бурханы шашинтай улс. Манай бурханы шашны урсгал танайхаас ондоо л доо. Илүү дэглэмтэй гэх юм уу даа. Бид өглөө, орой бүр бурхандаа мөргөнө. Сар бүр тодорхой өдрүүдэд мацаг барина, сүм явж мөргөл хийнэ. Багаасаа ингээд явж байгаа болохоор бурханы шашны нэг гол сургаал болох тэвчээртэй байх гэдгийг мах цусандаа шингээсэн байх.
Гэлээ гээд тэвчээртэй гээд дарлуулаад байна гэсэн үг биш. Гол нь төр зэвсэгтэй, бид гар хоосон л байгаа юм.

Хайр дурлалын тухай
...Манайд Солонгосын олон ангит кино гарч, залуучууд тэрний нөлөөнд арай нээлттэй болж байгаа. Гэхдээ л уламжлалт үзэл хүчтэй хэвээрээ. Хайр дурлал бол сэтгэлийн л асуудал. Гол нь гэрлэлт л юм даа. Хүнтэй гэрлэхээс өмнө эмэгтэй хүн өөр хүнтэй үерхсэн, ямар нэг харилцаатай байсан бол тэр тосгон, хөршүүддээ нэр нүүргүй болдог. Тийм болохоор иймээ тиймээ юм байж ер болохгүй. Энд ч бас хүнтэй холбогдож болохгүй. Бусад нутгийн нөхөд маань очоод хов живэнд оруулчихвал баларна шүү дээ...Ямар нэг хүнд сэтгэл татагдах гээд ирвэл бясалгал хийж, сэтгэлийн тэр тэмүүлэл, гансралаа дарчихдаг юм...Чи энэ зун баахан бүтэлгүй болзоо хийгээд л байсан. Оронд нь надтай хамт бясалгал хийж суу, ер нь...

Уух идэх тухай
...За одоо танайд очлоо шүү. Сайхан уунаа өнөөдөр. Чи пиво ууна биз дээ. Зад ууж сайхан ярьж сууя....Хоёр лааз пиво болно биз дээ? ... Өө, зургаан лааз аа??? За за тэгвэл би нэгийг л арай чүү гэж барна. Чи үлдснийг нь уугаарай.

Monday, October 15, 2007

Дүү бид хоёрын дээр үеийн яриа


Миний амьдралын баяр баясгалан болсон зээ дүү маань хаана юу хийж дэрвэж дэгдэж яваа бол? Хааяа үнэрийг нь санах юм. Өнөөдөр яагаад ч юм дүүтэйгээ дээр үед ярьж байсан яриа санаанд оров.

Дүү маань дөнгөж л тав хүрэх гэж байсан юм. Дүүтэйгээ баахан ноцолдож, сумодож, орилдож, үнсэж үнгэлдсний дараа хуян шар усаа тарааж, хамаг хөлс цутгасан би бүдүүн биендээ түүртэн орон дээрээ амьсгаадан уухилж хэвтчихсэн, харин өнөөх бяцхан нөхөр маань ядарсан ч шинжгүй хажууд намайг эргэж сэргэхийг хүлээн суув.

Дүү гэнэт асуув. - Миний төрсөн өдөр удахгүй болохоор би тав хүрнэ, тийм ээ?
- Төхххх. Миний дүү чинь таван нас хүрээд том эр болох нь байна даа.
- Хүүхэд л төрсөн өдөртэй байдаг юм уу?
- Үгүй ээ, хүн бүр төрсөн өдөртэй. Бүгд жил бүр нэг нас нэмдэг юм.
- Аан.

Дүү маань бяцхан хөмсгөө тэр хавьдаа хөөрхөн гэгч нь зангидчихсан бодож бодож байснаа асуув:

- Тэгвэл та одоо хэдтэй билээ?
- Ажаа нь 22 настай.
- Аав хэдэн настай бэ?
- Аав нь 27 настай.
- Залуу эмээ?
- 60.
- Хөгшин эмээ?
- Хөгшин эмээ нь бүүр өндөр настай.
- Тэгвэл... гэж дүү гар хуруугаа гарган уруул амандаа хүргэн тоолж, будилж, дахин дахин хичээнгүй бодож байснаа:
- Аан, тэгвэл та нар бүгд нас нэмэх юм уу? гэж асуув.
- Тэгнэ ш дээ. Ажаа нь 23 хүрнэ. Аав нь 28 хүрнэ. Эмээ нь бас нас нэмнэ.
- Хүн тэгээд нас нь нэмэгдээд, нэмэгдээд, бүүүүр их нэмэгдээд л байх уу?
- Тэгнэ. Тэгээд нас нэмэхээр хөгшрөөд л нэг л өдөр бурханы орон руу явдаг юм.
Дүү жигтэйхэн бодолд дарагдав. Би ч олон юм бодсон шинжгүй амьсгаадсаар л хэвтээ л байв. Өмнө нь дүү маань надаас гэнэт "Таны аав хаана байгаа юм бэ?" гэж асууж билээ. Жаалхан дүүг маань дөнгөж нэг нас өнгөрч байхад нь миний аав тэнгэрийн орон руу одсон болохоор эвий минь яаж ч санах вэ дээ. Тэр үед нь ажаагийн аав нь бурханы орон руу явчихсан юм гэж хариулсан юм. Тэгэхэд лавлаа дүү маань бурханы орноос хэзээ ирэх юм бэ гээ л сониучирхаж. Ямартаа ч дүүдээ бурханы орон руу явсан хүн эргэж ирдэггүй гэж ойлгуулахыг хичээж байсан юм.
- Эмээ аав, та хоёроос хөгшин болохоор түрүүлээд бурханы орон явах юм уу?
- Тэгнэ. Гэнэт миний дотор сонин болж эхлэв. Дүү бид хоёр жигтэйхэн бодолд дарагдав. Бид хоёр харваас олон юм бодож эхэлж байгаа нь илт.
- Би нэг өдөр аав шиг болохоор та хэдтэй байх вэ?
- Ажаа нь Хуарангийн эмээ шиг болно.
- Аав?
- Аав нь өвөө шиг нь болно.
- Тэгээд та хоёр бас нэг өдөр бурханы орон руу явах юм уу?
- Миний дүү, хүн бүр хөгшин болоод бурханы оронд очих болдог юм.

Дахиад л нам гүм. Дүү бид хоёр дүнсийв.

- Тэгээд та нар бүгдээрээ бурханы орон руу явчихаар эргэж ирэх үү?- Бурханы орон явсан хүмүүс эргэж ирдэггүй юм аа.

Аавыгаа их санав. Аав буцаж ирэхгүй. Дүү бид хоёр зэрэг санаа алдав.

- Тэгээд та нар бүгдээрээ бурханы орон явчихаар би ганцаараа үлдэх юм уу? Би ганцаараа үлдмээргүй байна. Та нартай хамт бурханы орон явнаа.
- Тэгж ярьж болдоггүй юм. Миний дүү чинь тэр үед дүү нартай, хүүхдүүдтэй болоод олуулаа болчихсон байна. Бурханы орноос эмээ, аав, ажаа нь хараа л, туслана ш дээ.
- Үгүй ээ, би хамт л байна.
- За, тэгж ярьж болдоггүй юм.

Дүүгийн царай хачин болоод ирэв. Хүслээр нь болохгүй юм байдгийг мэдэхээрээ яг ингээ л дүмбгэр царай гаргачихдаг нөхөр шүү. Хоёулаа чимээгүй хэвтээ л байлаа. Гэнэт дүүгийн нүд гэрэлтчихсэн намайг татаж босгосноо:

- Би ерөөсөө төрсөн өдөр тэмдэглэхээ болилоо гэв.
- Яагаад?
- Би төрсөн өдөр тэмдэглэхгүй болчихоор нас нэмэхгүй. Бүгдээрээ төрсөн өдөр тэмдэглэхээ болчихьё. Тэгэхээр аав, эмээ бүгдээрээ нас нэмэхгүй. Тэгээ л бид үргэлж хамтдаа байна.
Дүү өөрийнхөө сэдсэн аргад сэтгэл хангалуун гэж ярих юмгүй, саяхан бүрхэг тэнгэр шиг байсан эгдүүтэй хөөрхөн царайд нь гэрэл бадран, додигор гэгч нь инээмсэглэж, "Эмээ, эмээ..." гэсээр дэгдээд гүйчихэв.
"Энэ бяцхан тархи ахадмаар бодол тээж явдаг байна шүү" гэж бодохоос хэтэрсэнгүй. Юм хэлье гэсэн ч хэлэх юм олдсонгүй. Би ч бас хамтдаа бүгдээрээ үргэлж л ингээ л шуугилдаад л, ноцолдоод л, бужигналдаад л байхыг үнэн сэтгэлээсээ хүсэж байв. Миний энхрийхэн дүүгийн хамаг л ухаанаа дайчилж бодож олсон арга надад ч бас бодогдож байсан үе бий.
Мөнхөд хамтдаа байх сан гэж.

Monday, October 8, 2007

навч

Өглөө...хөлийн чимээнд сэрчихэв. Шууданч бололтой. Яг л мөн дөө, шуудангийн хайрцганд нэг юм шургуулчив. Ухас хийн, орноосоо харайж пир пар хийн очин шалгатал пиццаны газрын зурагт танилцуулга. Нээрээ ч надаа нэг бол төлбөрийн хуудас, бас гэнэт хоосон дансаа харж цочирдож ухаан алдуулахаас сэргийлсэн хэзээ хэдэн мөнгө данснаас авах тухай мэдэгдлээс өөр юу ч ирэх вэ дээ. Эсвэл нэг иймэрхүү зарлал.
Агаар амьсгалах гэж хаалгаа нээн гартал үүдэнд ганц шар навч байв. Шууданчийн хормой, гуталд наалдаад үлдээ юү эсвэл салхинд хийсэн дэрвэн ирж хаалга мөргөсөн навч ч юм уу? Яг тэр үед тэр навч бид хоёр бие биеээ нээх их өрөвдөх шиг болж ч байх шиг. Хэзээ нэгэн цагт нов ногоон байсан байгалийн үзэсгэлэнт хэлтэрхий ингээд хөлийн дор хэвтэж гишгэгдэж гудамжны хог болох тавилан. Хэн нэгэн хөөрхөн залуугийн хүйтэн харцанд нь алгадуулж, хүний болсон урууланд хүрэн алдаад хөлдөхөө дөхөөд хөлд нь унасан хүүхэн заяа.

Ингэхэд саяхан үнсэлтийн тухай ном уншсан чинь эмэгтэйчүүд хүнтэй гэрлэхээс өмнө дунджаар 79 эрэгтэйтэй үнцэлцэж үзсэн байдаг гэнэ үү. АНУ-ын байдлаар гэж ойлгов. Тэгэхээр чинь надаа бас дуусгаагүй зүйл их байна гэсэн үг үү, хүүе.

Tuesday, October 2, 2007

Арван сарын гурван

За нээх гавъяа байгуулсан хүн шиг л зунжингаа ноцолдсон аймшгийн өгүүлэл болох дипломын ажлын эхний хувилбарыг багшдаа барьчлаа. Багш маань үг, үсэг, цэг, таслал, өгүүлбэр зүйд их эмзэг ханддаг, няхуур гэхэд дэндүү няхуур хүн болохоор над шиг хайнга саланги, хэнэггүй маанаг хүнд маш хэцүү юм аа. Би гэж солбийсон хоёр нүд шиг юмаараа бичсэн хийснээ харж хянаж шалгаж үнэрлэж, үзэж барьж барьж л өгөхөд л багш тэндээс дор хаяж үг хоорондын зайны хэмнэл алдагдсныг үтэр түргэн илэрүүлнэ. Би яаж няхуур болох вэ, та минь ээ. Бичгийн хэлбэр нь хүртэл яарсан шинжтэй сарайсан юм л байхын. Арван жилийн л ийм салан палан байж ш дээ. Багийн маань найз маань ямар сайндаа "алив чи нэг бич дээ, арван жилээ дурсая. Үгүй, чи мөн ч алдартай муухай бичигтэй байж билээ, чиний бичснийг бид хуулаад онц авчихдаг, харин чи муухай бичсэн гээд сайн авч байсан ш дээ" гэж байхав. Арван жилд муухай бичигтэйгээрээ ад үзэгдсээр оюутан болох үед компъютер гэгч гайхамшиг гарч ирж, би бараг баярласандаа уйлангаа алдаж билээ. За бичгийн хэв яахав, гол нь багш миний бичсэн ажлыг ойлгох юм болов уу даа, хөөрхий. Би ч яс хавталзаж байна. Сэтгэл зовоод, түүнээ тайвширч мартагнах гээд блоглож сууна.

Хурдхан Монголдоо харина даа гэсэн өөдрөг сэтгэл өвөрлөсөн хүн байтал энд тэндээс элдэв хангайн хүмүүс Монголд амьдрах аргагүй болсон тухай урам хугалсан зүйлс яриад сэтгэл үймүүлээд байна шүү. Талх таван зуу болсон л гэнэ, дүүрэн хятад, солонгосчууд л гэнэ, аймаар гэмт хэрэг ихэсч байна л гэнэ, ганц бие бүсгүй хүн бүр ч хэцүү л гэнэ, нөхөр сүүдэр олдохгүй л гэнэ, эрүүл байна гэж байхгүй болсон, төрийн ордон нь өөрийгөө тойруулаад хашаа барьж байгаа л гэнэ. Сөрөг мэдээлэл сонсохоор очихоосоо өмнө түрүүлж сэтгэлээр уначих гээд байх юм. Юу ч хамаагүй надтай ярьж болно гэхдээ намайг очихоос өмнө Монголыг битгий муулж ярь тэгэх үү гэж л гуйж сууна.

Одоо ч амьдралын утга учрын тухай бодохоо ч байж, амраг хайрын сэдэв сонирхолгүй санагдаж байна даа. Харин ном л миний сонирхолыг мөнхөд татсан хэвээр байх юм. Заримдаа гудамжаар алхахдаа үе үе гуч дөхөж яваа ганц бие хүүхнүүд юу бодож алхдаг бол, хэн нэгэн залуу ирээд эргүүлээсэй гэж хүсдэг болов уу, эсвэл над шиг ганцаараа байхдаа жаргалтайгаа мэдэрдэг болов уу гэхчилэн бодоо л. Бодоо л бодоо л бодсоор байтал бодын шийр дөрөв. Дөрөв гэснээс Хонгор сумны явдлаас хойш бодын шийр тав, зургаа, бүр 0 ч байж болох шинжтэй. Тэгэхээр бодоо л байхаас.