Monday, October 15, 2007

Дүү бид хоёрын дээр үеийн яриа


Миний амьдралын баяр баясгалан болсон зээ дүү маань хаана юу хийж дэрвэж дэгдэж яваа бол? Хааяа үнэрийг нь санах юм. Өнөөдөр яагаад ч юм дүүтэйгээ дээр үед ярьж байсан яриа санаанд оров.

Дүү маань дөнгөж л тав хүрэх гэж байсан юм. Дүүтэйгээ баахан ноцолдож, сумодож, орилдож, үнсэж үнгэлдсний дараа хуян шар усаа тарааж, хамаг хөлс цутгасан би бүдүүн биендээ түүртэн орон дээрээ амьсгаадан уухилж хэвтчихсэн, харин өнөөх бяцхан нөхөр маань ядарсан ч шинжгүй хажууд намайг эргэж сэргэхийг хүлээн суув.

Дүү гэнэт асуув. - Миний төрсөн өдөр удахгүй болохоор би тав хүрнэ, тийм ээ?
- Төхххх. Миний дүү чинь таван нас хүрээд том эр болох нь байна даа.
- Хүүхэд л төрсөн өдөртэй байдаг юм уу?
- Үгүй ээ, хүн бүр төрсөн өдөртэй. Бүгд жил бүр нэг нас нэмдэг юм.
- Аан.

Дүү маань бяцхан хөмсгөө тэр хавьдаа хөөрхөн гэгч нь зангидчихсан бодож бодож байснаа асуув:

- Тэгвэл та одоо хэдтэй билээ?
- Ажаа нь 22 настай.
- Аав хэдэн настай бэ?
- Аав нь 27 настай.
- Залуу эмээ?
- 60.
- Хөгшин эмээ?
- Хөгшин эмээ нь бүүр өндөр настай.
- Тэгвэл... гэж дүү гар хуруугаа гарган уруул амандаа хүргэн тоолж, будилж, дахин дахин хичээнгүй бодож байснаа:
- Аан, тэгвэл та нар бүгд нас нэмэх юм уу? гэж асуув.
- Тэгнэ ш дээ. Ажаа нь 23 хүрнэ. Аав нь 28 хүрнэ. Эмээ нь бас нас нэмнэ.
- Хүн тэгээд нас нь нэмэгдээд, нэмэгдээд, бүүүүр их нэмэгдээд л байх уу?
- Тэгнэ. Тэгээд нас нэмэхээр хөгшрөөд л нэг л өдөр бурханы орон руу явдаг юм.
Дүү жигтэйхэн бодолд дарагдав. Би ч олон юм бодсон шинжгүй амьсгаадсаар л хэвтээ л байв. Өмнө нь дүү маань надаас гэнэт "Таны аав хаана байгаа юм бэ?" гэж асууж билээ. Жаалхан дүүг маань дөнгөж нэг нас өнгөрч байхад нь миний аав тэнгэрийн орон руу одсон болохоор эвий минь яаж ч санах вэ дээ. Тэр үед нь ажаагийн аав нь бурханы орон руу явчихсан юм гэж хариулсан юм. Тэгэхэд лавлаа дүү маань бурханы орноос хэзээ ирэх юм бэ гээ л сониучирхаж. Ямартаа ч дүүдээ бурханы орон руу явсан хүн эргэж ирдэггүй гэж ойлгуулахыг хичээж байсан юм.
- Эмээ аав, та хоёроос хөгшин болохоор түрүүлээд бурханы орон явах юм уу?
- Тэгнэ. Гэнэт миний дотор сонин болж эхлэв. Дүү бид хоёр жигтэйхэн бодолд дарагдав. Бид хоёр харваас олон юм бодож эхэлж байгаа нь илт.
- Би нэг өдөр аав шиг болохоор та хэдтэй байх вэ?
- Ажаа нь Хуарангийн эмээ шиг болно.
- Аав?
- Аав нь өвөө шиг нь болно.
- Тэгээд та хоёр бас нэг өдөр бурханы орон руу явах юм уу?
- Миний дүү, хүн бүр хөгшин болоод бурханы оронд очих болдог юм.

Дахиад л нам гүм. Дүү бид хоёр дүнсийв.

- Тэгээд та нар бүгдээрээ бурханы орон руу явчихаар эргэж ирэх үү?- Бурханы орон явсан хүмүүс эргэж ирдэггүй юм аа.

Аавыгаа их санав. Аав буцаж ирэхгүй. Дүү бид хоёр зэрэг санаа алдав.

- Тэгээд та нар бүгдээрээ бурханы орон явчихаар би ганцаараа үлдэх юм уу? Би ганцаараа үлдмээргүй байна. Та нартай хамт бурханы орон явнаа.
- Тэгж ярьж болдоггүй юм. Миний дүү чинь тэр үед дүү нартай, хүүхдүүдтэй болоод олуулаа болчихсон байна. Бурханы орноос эмээ, аав, ажаа нь хараа л, туслана ш дээ.
- Үгүй ээ, би хамт л байна.
- За, тэгж ярьж болдоггүй юм.

Дүүгийн царай хачин болоод ирэв. Хүслээр нь болохгүй юм байдгийг мэдэхээрээ яг ингээ л дүмбгэр царай гаргачихдаг нөхөр шүү. Хоёулаа чимээгүй хэвтээ л байлаа. Гэнэт дүүгийн нүд гэрэлтчихсэн намайг татаж босгосноо:

- Би ерөөсөө төрсөн өдөр тэмдэглэхээ болилоо гэв.
- Яагаад?
- Би төрсөн өдөр тэмдэглэхгүй болчихоор нас нэмэхгүй. Бүгдээрээ төрсөн өдөр тэмдэглэхээ болчихьё. Тэгэхээр аав, эмээ бүгдээрээ нас нэмэхгүй. Тэгээ л бид үргэлж хамтдаа байна.
Дүү өөрийнхөө сэдсэн аргад сэтгэл хангалуун гэж ярих юмгүй, саяхан бүрхэг тэнгэр шиг байсан эгдүүтэй хөөрхөн царайд нь гэрэл бадран, додигор гэгч нь инээмсэглэж, "Эмээ, эмээ..." гэсээр дэгдээд гүйчихэв.
"Энэ бяцхан тархи ахадмаар бодол тээж явдаг байна шүү" гэж бодохоос хэтэрсэнгүй. Юм хэлье гэсэн ч хэлэх юм олдсонгүй. Би ч бас хамтдаа бүгдээрээ үргэлж л ингээ л шуугилдаад л, ноцолдоод л, бужигналдаад л байхыг үнэн сэтгэлээсээ хүсэж байв. Миний энхрийхэн дүүгийн хамаг л ухаанаа дайчилж бодож олсон арга надад ч бас бодогдож байсан үе бий.
Мөнхөд хамтдаа байх сан гэж.

3 comments:

iga said...

:)

Chariote said...

1 honogyn daraa my birthday bolno hugshirmuurgu l bn daa

БЭ said...

wow yamar huurhun huuhed ve, bur hamag hair hurgechihlee. huurhun duugee hairlaj yavaarai.