
Хааяа хааяа өнгөрсөн, ирээдүйн зангилааг зөв уяж зангидаж байгаа болов уу гэж санаа зовно. Өвөө эмээ намайг өвөр дээрээ өнхрүүлж, нуруундаа үүрч, дээдийн жаргалаар жаргааж байхдаа одоогийн навтгар, нармигар нөхөр болсныг хараад яах бол. Аав намайг төрөхөд өлгий рүү биш, үзэг цаас руугаа ухасхийж, ерөөл үгс холбож байхдаа тэр халзан улаан атигар бие одоо ингээд шальсан юмгүй, эргүү нэгэн болчихсон сууж байгааг хараад гутрах вий дээ. Ээж хүнд биеийн хүчээ шавхан барин сүүлийн захиагаа охиндоо гэж бичиж байхдаа охиныхоо одоог хараад гуних вий дээ.
Гэнэ гэнэ төрөөгүй хүүхэд, ач зээгээ бодно. Аав ээж эмээ өвөөгийнхөө тухай дурсахад үгс амаар багтан ядаж, бахархал цээжээр булгилдаг шиг, өөрийн үрсдээ тийм байж чадах болов уу. Хөрөнгө мөнгө, эд агуурс мөнх биш. Үргэлжлэх орших түүх дурсамжид нэр бүтэн сайн айл, сайхан гэр бүлийг үлдээж чадах болов уу.
Сэхүүн зун навчсаа гөвж, ширэв татаж ширүүн салхиар нүүр ороолгочихоод яваад өглөө...Сайхан зун байлаа.
1 comment:
Олон зүйл бодогдож байх чинь....Нээрээ би хэн болоод, яаж амьдраад байгаа юм бол...Өөрөөс минь хувь илүү хүн ингэж бодож, өөрийгөө голж байхад, Би....
Post a Comment