Wednesday, January 14, 2009

Өчигдөр...
Надаас хэзээ ч битгий асуугаасай гэж мөргөж залбирч явдаг нэг асуулт бол Чиний (сүүлийн үед "таны" гэж авгайлуулах болсон) хобби юу вэ? эсвэл Ямар авъяастай вэ? гэх мэт онцгой сонин ур чадвар, сонирхолтой холбоотой асуултууд юм. Хобби гэж надад байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг. Бодоод байхад хобби гэж хэлж болох бүхнийг эхлэв үү үгүй юу сонирхол буурчихдаг ч юм уу яадаг юм бүү мэд. Нэг л сайхан эхэлж байснаа нэг мэдэхэд өөр юм хийчихсэн явж байх юм. Туйлбаргүй л хүн гэсэн үг байх. Арай л тууштай нь ном унших тул "Миний хобби бол ном унших" гэж их цоглог хариулж, хүнд асуултаас ашгүй бултдаг байв. Гэтэл ном унших гэдэг чинь хобби биш, соёл иргэншилт нийгэмд жирийн хүний хийж байх ёстой ажил юм гэнэ. Ингээд нүүр тахалдаг хариулт огт хэрэггүй болов.

Авъяас гэж юм надад шар будааны үртэс төдий ч үгүй болтой. Ядаж байхад солгой хоолойтой. Монголчууд бүгд дуучин ард түмэн гэцгээнэ. Миний хувьд бол М-аас бусад нь бүгд дуучин гэвэл зөв болж байгаа юм. Бүх дууг зөвхөн нэг өнгөн дээр гонгинодог гутармаар авъяасгүйтэлээс болж найр наадамд явахаар өнөөх дуулуулдаг заншлыг бодонгуут яс хавталзана. Тас үсэртлээ ууж, толгой хөл байраа сольсон үед л би дуулнаа гээд таахалздаггүй л юм бол бусад үед хэзээ намайг дуул гэж олны өмнө онигоо болгох бол гэж айж бэмбэгнэсээр таарна. Надтай адил зовлонтой хүмүүс мэр сэр байгаа байх. Бүгд нийлээд ажлын анкет болон бас бус өргөдөл маягтаас хобби, авъяас гэсэн асуултыг хасуулах талаар хөөцөлдмөөр байна.

Өнөөдөр....
...Интернэт хүнийг алж ч болно алдаршуулж ч болноо гэж...Юүүтүб-д Солонгос хүмүүстэй гэрлэхэд зуучилдаг товчооны бичлэг юм уу даа хэдэн Монгол бүсгүйчүүдийн ярилцлагыг тавьчихаж. http://jp.youtube.com/watch?v=-1lf7bZCcr8&eurl
Ёстой алж байгаа юм шүү. Төрсөн он сар өдөр, гэр бүл гээд хувийн мэдээллийг нь хайр найргүй түмэнд цацаж байдаг нь. Үүнийг үзсэн харсан хүмүүс нь бүсгүйчүүдийг юу гэж харааж зүхэхийг бодохоор сэтгэл эмзэглэчихлээ. Өөрсдөө ингэхийг зөвшөөрсөн ч юм уу үгүй ч юм уу.
Нума нума даанс шиг алдаршаад улаан фен этэртэй болчих ч юм уу хэн мэдхэв. Гэри гэгч залуу компьютерийнхаа урд Румыны Dragostea Din Tie дууны аянд арзагнаж байгаа бичлэгээ хийгээд интернэтэд тавьсан биш, дэлхийгээр нэг тарж, СNN-ээс авахуулаад телевизүүд мань эрийн талаар мэдээлж, бүр фэнүүд гарч ирээд балласан. Эхлээд хийсэн зүйлдээ ичиж үхэхээ дөхсөн Гэри харин одоо түүнээрээ бахархахаар болж. Эсрэгээрээ Солонгост галт тэргэнд нохойнынхоо ялгадсыг цэвэрлээгүйгээс болж түмний шившиг болж, сургуулиасаа гарахад хүрсэн бүсгүйн түүх шиг юм болохыг үгүйсгэхгүй. Энэ бүсгүй "dog poop girl" гэсэн нэрээр алдаршаад зураг нь нэтэд нэлдээ гарсан.
Энд тэндхийн варез, блогт Монголын сайхан бүсгүйчүүд гэх мэт нэрээр баахан зураг тавьцгаасан байдаг. ХайФайв, Фэйсбүүкээс л татаж авдаг юм уу, эсвэл охид бүсгүйчүүд өөрсдөө өгөөд байдаг юм уу бүү мэт. Зөвшөөрөлтэй л зургийг нь тавьдаг байгаа даа гэж бодох юм.
Хүний зургийг дураараа нийтлэх, дураараа зургийг нь авч тараах, зураг анх авахуулж байгаа утга санаагаас зөрүүлж эсрэг утгаар ойлгогдохоор зураг болгон хувиргах, эвгүй гарсан зургийг гаргах гээд эмзэглэмээр юм их л байна. Жишээ нь зүгээр л маяглаж байгаад даруулсан зургийг дараа нь Би биеэ үнэлэгч гэсэн гарчигтай гаргачихвал асуудалтай. Нээх сайхан инээж байгаад зургаа авахуултал, Та шүдээ арчлахгүй бол инээмсэглэх үед ингэж муухай харагдана гээд тавьчихвал би л лав уйлнаа.

Миний хөрөг, дүр төрх- миний өмч өө гэж...

4 comments:

Г.Ганбат said...

Их чухал сэдэв хөндсөн байна шүү. Зураг тараагаад байгаа сайтууд ямар ч зөвшөөрөл авдаггүй л байхаа даа.
Одоохондоо манайд зохицуулах орчин юу ч байхгүй л яваад байна.

Өнгөрсөн жил байхаа Хонгконгийн жүжигчин залуу компьютер дээрх зургаа алдаад өөрөө кареьраа ч хаяж тараасан хүн нь ч хэрэгт холбогдож байсан санагдана.

Cаарал said...

Энэ асуудлыг одоо нэг цэгцэлмээр болсон юм шиг санагддаг юм, наад захын жишээ гэхэд мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа гэмт хэргийн тухай аливаа мэдээлэлд хохирогчийн нэр хаяг, нас, машины дугаар гэх мэтийг маш дэлгэрэнгүй нийтлэж давхар хохироодог. Ингэхэд хувийн нууц, түүнийг хамгаалах тухай хууль гэж байдаг болов уу, байсан ч монголд ямар хэрэгжих биш дээ.

A.Амарсайхан said...

Сэтгүүлч бэлтгэдэг сургуулиуд Сэтгүүлчийн ёс зүй гэдэг хичээл ордог. Уг нь яг энэ тухай л даа. Гэвч ХМ-ээр эрээ цээргүй юм их гарах юм аа.

Монгол овогт Жамбалын Түвшинжаргал said...

Чи Блогоо эхлүүлээд ингээд үргэлжлүүлээд яваад байна гэдэг чинь Туйлбаргүй хүн биш гэсэн үг л дээ.
Удас дамжсан хурц ухаан уран үг чамд байнаа. Унших болгонд эерэг цэнэгээр цэнэглэгддэг шүү. Ажил амьдралд чинь өндөөр амжилт хүсье. Хичээгээрэй анд минь бас бабушка минь :P

Хувийн мэдээллийн тал дээр дээрх зочидтой ижил бодолтой. хэ хэ.