Monday, July 19, 2010

ном уншлага

Ноблийн шагналт, Унгарын зохиолч Имрэ Кертээзийн зохиол "Мөрдөн байцаагчийн түүх" ном. Энэ ном бол 2010 онд миний хийсэн, хийх номын наймаанд хамгийн сор нь болох ном гэж шууд шалгаруулав. 
Хэлмэгдүүлэлт, дарангуйлал, хүний мөс чанар, харгислал, хувь заяа.... ийм цөөхөн хэдэн хуудсанд тийм том санаа, үйл явдлыг ингэж мундаг илэрхийлж гаргана гэдэг...Уншаад өөрийн эрхгүй 1937 оны хэлмэгдэлтэд өртөгсдийг бас хэлмэгдүүлэгчдийг төсөөлж бодов. Зүрх зүсэм...

шинэ хүүхэлдэй

Японы хүүхэлдэйн кино бүтээлээр дэлхийд алдаршсан Жибли студийн шинэ уран бүтээл  Каригүраши но Ариэтти киног үзэв.

Жибли студийн кинонуудыг дахин дахин үзээд үзээд уйдаж залхана гэж байхгүй, гайхалтай хурц санааг гайхамшигтай уран дүрслэлтэй үзүүлдэг. Хүүхэд, томчуудгүй үзэхэд сонирхолтой, бас ямар ч орны хүн үзсэн ойлгомжтой байдлаар киногоо хийдэг онцлогтой. Жиблигийн шинэ уран бүтээл гарах сургаар л догдлоод л хүлээсээр ашгүй нэг юм ингэж үзэж, сэтгэлийн цангаа тайлав.
Жиблид би үнэхээр хайртай. Анх Японд ирчихээд дасаж өгөхгүй, бас ар гэртээ санаа зовоостой сэтгэл санаа тогтворгүй, соёлын шоконд ч орсон байсан уу, хэл ус мэдэхгүй ганцаардсан үед Жиблигийн Сэн то Чихиро но Камикакүши хүүхэлдэйн киног үзээд, сэтгэл гэдэг орвонгоороо эргэж, энэ улсад ихийг үзэж суралцах ёстойгоо ойлгосон ч гэх үү. Ийм гайхалтай соёл, заншил бас үүнийг ингэж илэрхийлж гаргаж байгаа ухаант хүмүүсийг хүндэлсэн ч гэх үү. За тэгээд хүүхэлдэйн киноны "магнат" Миязаки Хаяог мэдэхгүй хэн байхав. Саяхан Хаяо найруулагч "АйПад" этэрийг "discusting" гэсэн гсн. За хадуурах нь.



Жиблигийн энэ жилийн уран бүтээл нь Каригүраши но Ариэтти буюу махчилбал Зээлдэн амьдрагч  Ариэтти хэмээх оодой бяцхан хүмүүсийн тухай кино.

Ер нь Жиблигийн кинонуудад нийтлэг байдаг хэдэн зүйлс байгаад байх шиг байгаан. Тухайлбал, хүн гээч этгээдээс болж байгаль дэлхийн үзэсгэлэн гоо аажмаар устан алга болсоор буйг илэрхийлэх, мөн айлын ааштай байрын муур, нохой хэнэггүй царайлж байгаад гол баатарт тусалдаг, бас "энэ сайн баатар, энэ муу баатар, муу баатарыг алж бүрмөсөн устгасугай" гэсэн агуулга гаргаад байхгүй, зүгээр л хүний мөн чанарыг л харуулдаг гэх мэт. Шинэ уран бүтээлд ч энэ санаанууд шингэснийг харах болов уу.


Үзээд дуусахад гэгээлэг хэрнээ бас гуниг төрүүлж байлаа. Гуниг гэдэг нь гунигтай кино гэдэг утгаар биш шүү. Хүн бидний мөн чанар, бас хорвоо дэлхийн устаж мөхөж буй ховор сайхан зүйлсийг бодоод л.

Friday, June 25, 2010

80-тай эмгэн болов

Саяхан хугас өдөр 80-тай эмгэн болж холхив. Хөл гар гэж хүнд, алхаа гишгээ удаан, мойног хуруу, чих дүлий, нүд гэж сохор номин... Хөөрхий муу эмээгээ бодож өрөвдөв. Өөрийгөө нэгэн цагт ийм болох нь дээ гэж бодохоор айдас ч төрөх шиг.
Хугас өдөр эмгэн болж, шатаар өгсөж, дэлгүүрээр наймаа хийх гэж оролдож, сонин сэтгүүл дэлгэж, мөнгө төгрөгөө тоолж, гар утсаар оролдож, хүн амьтантай ярих гэх мэт хэд хэдэн  даалгаварыг биелүүлэх гэж "үйлээ үзэж, үгээ хэлэв".

Японд дэлгүүр хоршоо, гар утасны үйлдвэр, настай хүмүүст зориулж бараа таваар үйлдвэрлэгчид, барилгын компани,  автобус, метро гэх мэт тээвэр үйлчилгээний газар гэх мэт үйлчилгээний газрууд иймэрхүү байдлаар хөгшин, настай хүмүүст үйлчилгээ нь хэр нийцтэй байгааг шалгаж судална.  Албан тушаал нь ахих тусам ийм хувцас хэрэгсэлтэй байх хугацаа нь уртсах бололтой. Жишээ нь менежер бол хагас өдрөөс бүтэн өдөр болох гэх мэт.  Нүдний шил, хөл гарт зүүх хэрэгсэл зэрэг нь 70, 80 хүрсэн хүн ямар байх вэ гэдгийг судалж хийсэн эдлэл.


Үүнээс гадна үлдсэн хугас өдөр нь хараагүй болон тэрэгтэй хүний оронд орж, зовлонг нь ойлгож, тэдгээр хүмүүст хэрхэн үйлчилж туслах вэ гэдгийг судалж үзэцгээв.

Үйлчилгээ гэдгийг иймэрхүү байдлаар сайжруулж явдгийг Монголд нэвтрүүлэх юм сан.

Monday, March 8, 2010

Уран зохиолд дуртай хүмүүст

Монголын уран зохиолд дуртай, сонирхдог, уншдаг хүмүүст ардын уран зохиолч С.Дашдооровын тухай мэдэж танилцахад зориулж энгийн, танилцуулга-веб рүү орж үзнэ биз ээ.
http://dashdoorov.com