Saturday, March 7, 2015

Асуудалд цогцоор хандах

4 настай бяцхан охин эцэгтээ зодуулж амиа алдсан хэрэг гарч хүмүүсийг айхтар цочроолоо. Сэтгэл өвдмөөр харуусалтай хэрэг. Охины дурсгалд олон хүмүүс зул асааж, эмгэнэл илэрхийлж, хүүхдийн хүчирхийллийг таслах зогсооё гэж уриалж байна. Энгийн иргэд бухимдаж харуусч байна. Харин төрийн байгууллагууд, хариуцсан газрууд, бодлого тодорхойлогчид юу хийж байна вэ? 
Одоогийн байдлаар хүчирхийлэгчийг олж нухчин дарах тухай л голлож байх шиг байна. Хуулиа чангална, ял шийтгэл хатуу байлгана гэх мэт. 
Ингээд л болоо юу? гэж асууж лавламаар. Буурч багасч байгаа статистик байна уу?
Бид асуудалд цогц байдлаар хандаж чадахгүй явсаар л байх уу? 
Асуудалд цогцоор хандах гэдгийн жишээ болгож, одоо Японд олны анхааралд байгаа нэг хэргийг энд сонирхуулья гэж бодлоо. 

Саяхан 2 сарын 20нд Японы Кавасаки хотын голын эргээс зодуулж нас барсан 13 настай хүүгийн цогцос олдсон харамсалтай хэрэг гарч, өдөр бүр энэ хэргийн тухай мэдээ мэдээлэл ТВ, сонин хэвлэлээр дүүрэн. Эхлээд аймшигтай хэрэг боллоо гэж шуугиж байсан нь одоо  олон асуудлаар маргаан өрнүүлж байна.
Хэргийн тухай товчхон өгүүлбэл: 13 настай хүү  гэр бүл, багш, найз нөхдийн хэлж буйгаар сэргэлэн цовоо, нөхөрсөг, спортод дуртай, сагсны багт явдаг, тусч сурагч байжээ. Ээж, 1 ах, 2 дүү, эмээтэйгээ амьдардаг, дүү нараа харж ханддаг, ээждээ тусалж байдаг ачлалтай хүү байсан гэх.
Сагс тоглох дуртай, хичээл номоо хэвийн хийж байсан хүүхэд энэ он гарснаас хойш хичээлдээ огт яваагүй аж. Багш нь санаа зовж, байнга хойноос нь утасдаж, энэ тухай ээжид нь хэлж өөртэй нь ч ярьж байв. Харин хүү хичээлдээ очсонгүй. Нэг найздаа "Би удахгүй алуулах байх аа" гэсэн мэссэж бичээд, удалгүй хүүгийн цогцос ийнхүү олдож, олон хүнийг цочроов.
Хэргийн сэжигтэн эздийг ч саяхан баривчлав. Хүү өнгөрсөн оны сүүлээс Кавасаки Улс хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хэдэн ахлах дунд сургуулийн хүүхдүүдийн бүлэглэлд орсон аж. 18 настай толгойлогчтой энэ бүлэглэл эхлээд нийлж караокэ орох гэх мэт гэмгүй байдлаар хүүг татаж өөрсдөдөө нэгтгэсний дараа харин жинхэнэ нүүрээ үзүүлж эхэлжээ. Хүүг дэлгүүрээс хулгай хий гэж дарамталж, эсэргүүцэхэд нь зодож орхиж. Хүү энэ бүлэглэлээс гарах гэж оролдоход нь сүрдүүлж айлгаж, улмаар хүү сэтгэл зүйн дарамттай, хичээлдээ явахгүй байх шалтгаан болсон аж. Эл бүлэглэл явж явж Исламын Улсыг дуурайж өөрсдийгөө нэрлэсэн, тэдний элдэв гаж ажиллагааг харж тэдэн шиг болох гэсэн, буруу нөлөөлөлд автсан хүүхдүүд болж таарав.
Хүүгээ ямар хүмүүстэй нийлж байгааг мэддэггүй юм уу гэж ээжийг нь буруутгах хүмүүс гарч ирсэн ч 4 хүүхэд тэжээх гэж өдөржин шөнөжин ажиллаж, ядарч цуцсан ээжид үнэндээ хүүтэйгээ тухтай ярилцах цаг зав боломж байгаагүйг мэдээд дуугаа хураацгаав.
Хүүг зодож, хүзүү бие рүү нь цаас зүсэгчээр хутгалж хороосон гол сэжигтэн нь 18 настай хүү. Японы хуулиар насанд хүрээгүй этгээд.  Өөрийнхөө хэрэг хийсэн шалтгааныг "Нас барсан хүү олонд нэр хүндтэй байгаад нь хорссон" гэж хэлсэн аж. 18 тай хүү өөрөө урьд нь ангийнхаа нэг хүүг зодсноос болж, бусдадаа гадуурхагдаж, ганцаардсан нэгэн байж. Тэрэндээ болж, бусдад хорссон сэтгэлтэй болж хувирсан уу, яасан мэдэхгүй юм даа.
Хэргийн тухайд гэвэл иймэрхүү.


Японы хэвлэл мэдээлэл энэ хэргийн тухай байнга гаргаж, ухаж төнхөх нь "хүний мууд дуртай" гэхээс илүү нийгмийн олон асуудлыг гаргаж ирж, олон хүмүүст янз янзын юм бодогдуулж маргаан өрнүүлж, хоёрхон долоо хоногийн дотор асуудлыг цогц байдлаар судалж байна.
1. Хүүхдүүдэд буруу нөлөө үзүүлж болох Исламын улс зэрэг террорист бүлгэм, гэмт хэргийн элдэв мэдээ мэдээллийг хэрхэн зөв хүргэх, яаж зөв ойлголт өгөх вэ.
2.  Өрх толгойлсон ганц бие эцэг эхчүүдэд хандсан, хүүхдүүдийнх нь хүмүүжил зэргийн талаар ямар бодлого байх вэ?
3. Хичээлээ таслаад ирэхгүй байгаа тохиолдолд сургууль эцэг эхтэй холбоо барихаас өөр ямар арга хэмжээ авбал зохих вэ?
4. Ойр хавьд дарамтанд орсон хүүхэд байвал хаана хандаж зөвлөгөө авах вэ?
5. Хэргийн сэжигтэн нь 18 настай. Японы хуулиар насанд хүрээгүй этгээд. Адил хэрэг хийсэн насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хөнгөн ял эдэлдэг. Харин энэ хэргээс үүдэж эрүүгийн хариуцлага хүлээх насыг 18 нас болгох хэрэгтэй юу? гэсэн маргаан.
6. Нэг шар сэтгүүл сэжигтний зураг, нэрийг нийтэлснээс болж насанд хүрээгүй хэрэгтний нас, зураг нийтлэхийг хориглодог хуулийг зөрчлөө гэсэн асуудал гарч, эргээд ер нь 18 нас хүрсэн бол нийтэлж яагаад болдоггүй юм гэсэн маргаан.
Эл хэрэг гарснаас хойш 2 долоо хоног өнгөрч байна. Энэ хугацаанд дээрх маргаанууд үргэлжилж, яамд төрийн байгууллагууд хэлэлцүүлэг хийж, судалгааны ажлын алба зэрэг байгуулж, Кавасаки хотоос дарамтанд байгаа хүүхдийн талаар дуудлага авах утас ажиллуулж эхэлжээ. Хүүгийн цогцос олдсон газар цэцэг, тоглоом тавих хүний хөл одоо ч тасраагүй л байна. 

Асуудалд цогцоор хандаж, тууштай байх практик суусан газар иймэрхүү байх юм. 

Эргээд 4 настай охины хэргийг ч бид цогцоор харвал маш олон зүйлийг олж харж чадна. Зэрлэг зан авиртай аавд нь охиноо өгөхөөс өөр аргагүй болсон эхийн цаана эдийн засгийн бэрхшээл, сэтгэл зүйн дарамт, хойд эх болж буй эмэгтэйчүүдийг ээж байх тухай зөвлөгөө, сэтгэл засал, 3, 4 настай хүүхдүүдийн хүмүүжил зан авирын талаарх эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө, хүчирхийллийн тухай ойлголт, хөрш айлууд танил нөхдийн зүгээс хийж болох алхам, Хүүхдийн эрх, эрүүгийн хууль, хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилт, өөрчлөлт хийх шаардлага гээд бүгдийг тал талаас нь судлахгүйгээр ганц хүчирхийлэгчийг балбаад асуудал шийдэгдэхгүй. 
Бас хэн ч хүчирхийлэгч болж болдог гэдгийг л мартаж болохгүй. 

No comments: