Thursday, May 10, 2012

ганц хоёр хайкү


Японы шүлгийн төрөл хайкүг уншиж, ойлгож, дотроо төсөөлөхөд амаргүй ажээ.  Японы байгаль, цаг уур, заншил, түүхийг мэдэж байж л ойлгож мэдэрч чадах м. Миний хувьд хайкүг уншаад үнэндээ аан гээд өнгөрөхөөс дотор нь орж, мэдрэхэд мэдлэг дутагдаад суухаас өөр шид алга. Харин хайкү судалсан хүнтэй хамт суугаад уншаад яриулаад эхлэхээр хайкү гайхалтай, гайхамшигтай аугаа юм гэж ойлгож эхэлж байна.

Ингээд ганц хоёр хайкү орууллаа.

旦よりしづかに眠り春深し 
 Ашита ёри  (5 үе)
шизүкани нэмүри (7 үе)
харүфүкаши (5 үе)


Өглөөний нар мандах үеийн намуун мөчөөс
илүү амирлангуй хаврын сүүл цаг (утгачилбал)
гэсэн утгатай.

Японы хавар Монголын хавар шиг хавсрагатай, хүйтэн салхилсан, олон янзын ааш зантай биш. Энэ хайкүг дотроо мэдрэе гэвэл Японы хаврыг төсөөлөхгүйгээр бүрэн ойлгохгүй юм шиг байгаа юм.  Дулаахан, намуун. Өглөө нар мандах үе, манан будан дундах ногоон уулс, модод. Чив чимээгүй мөч. Түүнээс ч илүү аниргүй, намуун хаврын сүүлийн өдрүүд....Японы хавар нэг иймэрхүү ажээ.

Хоёр дахь хайкү бол:


ゆく春や蓬が中の人の骨

 Юкү харү я
Ёмогига накано
хито но хонэ


Холдон одох хаврын өдөр,халиуран ургасан эгэл шарилж дунд хүний хувхай яс хөлний дор тээглэнэ гсэн утгатай.

Японы Тоохокү буюу хойд нутгийг голлон хамарсан аймшигт Тэнмэй но Дайкикин гэж нэрлэгдсэн өлсгөлөн 1782-1788 онд болсон юм. Японы түүхэн дэх хамгийн том өлсгөлөнгийн үе. Албан бус байдлаар 1 сая хүн нас барсан гэсэн байдаг. Тэр үеийн түүхийг уншвал зүүдэнд ормоор аймаар. Маш олон хүн үхэж үрэгдэж, цогцос нь хаа сайгүй үлдэж хоцорч. Өлсгөлөнгийн дараа Эномото Сэйфү хэмээхЯпоны алдартай хайкү шүлэгч эмэгтэй хандмаа тэр нутгийг бадарчлан тойрч явахдаа энэ хайкүг бичжээ. Хавар өвс ногоо өтгөн ургаж, тэр дунд эгэл шарилж халиурсан уулын бэлээр алхаж явтал, хөл дор нь тэр өлсгөлөнгийн үед үхэж одсон хүний хувхай яс таарах мөч. Эгэл шарилж  бол хоол хүнсэнд хэрэглэдэг ургамал. Тэгээд Сэйфүгийн энэ мөрийг уншихад, тэрхүү өлсгөлөнгийн үеийг төсөөлж, эгэл шарилж ч ургахгүй, идэх юмгүй өлсөж үхсэн хүнийг бодож, тэрхүү аймшигт үе түүх болж үлдэн, цаг сайхан болж, харин уг гашуун мөчийг сануулж хүний яс энд тэнд хэвтэнэ. (жич. Ёмоги гэх ургамлыг дур мэдэн эгэл шарилж гэчихлээ. Жинхэнэ албан ёсны нэр нь мэддэг хүн хэлээрэй)

Эхлээд энэ хайкүг уншихад юу гэчих вээ гээд ойлгохгүй өнгөрсөн ч, түүхийг нь уншаад ирэхээр хайкүгийн гайхамшиг нь тодорно. Ёстой л мэдэхгүй хүнд эрээн цоохор л байлаа.

За, дараа өөр хайкү уншаад ойлгохоороо бичье дээ.

No comments: