Friday, December 30, 2011

Шинэ оны мэнд

Сая ТВ үзэж байгаад нэгэн түүх сонсов.
Нэгэн хүний уйгагүй, хийж буй зүйлдээ үнэнч, мөрөөдлийн төлөөх зүтгэлийн тухай түүхийг сонсоод он солигдохын энэ мөчид та бүхэнтэй хуваалцмаар санагдсан болой.

 Японы Токиогийн Сүгинами ахлах сургуулийн үлээвэр найрал хөгжмийн хамтлаг өнгөрсөн жил Японы улсын хэмжээний бүх үлээвэр найрал хөгжмийн тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн юм. Уг хамтлаг байгуулагдаад 33 дахь жилдээ ийнхүү аварга болж чаджээ. Хамтлагийг ийнхүү олон жил удирдаж дасгалжуулж ирсэн удирдаач энэ онд 34 дэх жилдээ уйгагүй ажиллаж ирсний үр дүн юм. Тэрхүү удирдаач анх уг сургуулийн ахлах сурагч байхад энэ хамтлаг байгуулагдаж эхлээд наймхан хүүхэд л байжээ. Хоёрын хооронд цөөхүүлээ, төгстөл улсын наадамд орно ч гэж байхгүй, дэмий юмаар хөөцөлдөж байна гэж эхлээд бодож хаяж явж үзжээ. Гэвч хамт хөгжим тоглодог найз нь битгий яваач гэж гуйж, хамтдаа хөгжмөө тоглохыг ятгадаг байв. Харамсалтай явдал болж тэр найз ослоор нас баржээ. Ажил явдлын үеэр гэрт нь очиж эмгэнэл илэрхийлэх үед талийгаачийн ээж нь дуудаж уулзаад, дугтуйтай мөнгө өгч гэнэ. Талийгаач найз нь улсын тэмцээнд орохыг мөрөөдөж, шинэ хөгжим авах гэж мөнгө хадгалж цуглуулж байсан байжээ. Нэгэнт хүү нь тэрхүү мөрөөдлөө биелүүлж чадахгүй болсон тул оронд нь шинэ хөгжим авч тоглоорой гэж ийнхүү мөнгийг нь өгсөн аж. Найзынхаа уйгагүй зүтгэл, мөрөөдлийг мэдээд өөрөөсөө ихэд ичжээ. Ингээд найзынхаа мөрөөдлийг биелүүлэхийн төлөө сургуулийнхаа үлээвэр найрал хөгжмийн хамтлагийг шилдэг болгоё гэж эрс шулуудан, ахлах сургуулиа төгссөний дараа хөгжмийн сургуульд орж. Мэргэжлээ эзэмшээд буцаад ахлах сургуульдаа очиж ажилд орж, хамтлагаа сэргээн байгуулж, улсын тэмцээнд орох хэмжээний сайн хамтлаг байгуулахын төлөө ажиллаж, 22 жил болж байж улсын наадамд орж чаджээ. Ингэж орсны дараа 10 жилийн дараа түрүүлж чадсан юм. 

Энэ хүн сурагчдадаа байнга хэлдэг үг нь: Битгий бууж өг, шантар, орхиж яв. Алдаа гаргахаас бүү ай, та нарын хөгжмийг сонсож эрч хүч авах хүн заавал бий, тийм болохоор тэр хүмүүсийн төлөө тогло" гэдэг байна. 

Эл удирдаач багшийн уйгагүй зан, шантралгүй ажилч хөдөлмөрч, мөрөөдлийн төлөөх итгэл, зүтгэл мундаг юм. Ахлах сургуулийн сурагчид гурван жил болоод л төгсөөд явна, дахиад л шинэ гишүүд хамтлагт орно, дахиад л дасгалжуулж сургана гээд энэ бол нөр их хөдөлмөр. 

Энэ хамтлаг зүгээр ч нэг хөгжим тоглохгүй, хогийн сав, шүүр, хүрз юу л бол юу ашиглаж, хөгжим болгож, үзэгчдээ хөгжөөх баясгах зүйл хийдгээрээ онцлог, шинэлэг юм. 




2012 ондоо та бүхэн мөрөөдлийнхөө төлөө шантралгүй зүтгэж, хүссэн санасандаа хүрэхийг хүсье.



2 comments:

Idea said...

Цаг хугацааны торгон заагт их гоё зүйл уншлаа, эрч хүч авлаа. Ирэх оныг шантралгүй зүтгэлийн жил болгоно оо. Зэрэглээдээ Шинэ оны мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхныг хүсье.

Цагаанаа said...

Уншсан чинь л нүдний нулимс асгараад байна, ойлгоод үзвэл зогсолтгүй л уйлахийн байна даа хэхэ,,