Thursday, May 17, 2012

шүлгийн нэг мөр

Японы яруу найрагч, зохиолч, орчуулагч Шүнтаро Таникава гэж мундаг алдартай хүн ажээ. Энэ хүний 生きているということ гэсэн шүлэг бага сургуулийн 6 дугаар ангийн сурах бичигт байдаг юм байна. Энгийн үгтэй хэрнээ сайхан шүлэг. Энгийн хэллэгтэй болохоор орчуулмаар санагдавч даанч шүлэг гэдэг миний хувьд хүршгүй хайрхан юм аа. Базарваань хумпад гэж.

生きているということ

いま生きているということ
それはのどがかわくということ
木もれ陽がまぶしいということ
ふっと或るメロディを思い出すということ
くしゃみすること
あなたと手をつなぐこと
生きているということ
いま生きているということ
それはミニスカート
それはプラネタリウム
それはヨハン・シュトラウス
それはピカソ
それはアルプス
すべての美しいものに出会うということ
そして
かくされた悪を注意深くこばむこと
生きているということ
いま生きているということ
泣けるということ
笑えるということ
怒れるということ
自由ということ
生きているということ
いま生きているということ
いま遠くで犬がほえるということ
いま地球がまわっているということ
いまどこかで産声があがるということ
いまどこかで兵士が傷つくということ
いまぶらんこがゆれているということ
いまいまが過ぎてゆくこと
生きているということ
いま生きているということ
鳥ははばたくということ
海はとどろくということ
かたつむりははうということ
人は愛するということ
あなたの手のぬくみ
いのちということ

Интернэтээс англи орчуулга харлаа, тэгтэл зохиолч, яруу найрагч, орчуулагч Аюурзана вэбблогтоо орчуулсан байхыг оллоо.

Амьд явна гэдэг,
Амьд явна аа гэдэг, яг одоо бол
Ам цангахын,
Алтрах нарнаа гялбахын нэр.
Дууны ая санаанд орохын,
Гэнэт найтаахын,
Дулаахан гараас чинь хөтлөлцөхийн нэр.
Амьд явна гэдэг,
Амьд явна аа гэдэг, яг одоо бол
Оодон банзал ширтэхийн,
Оддыг ажихын нэр.
Иохан Штраусс,
Пикассо,
Альпын нуруу,
Юм бүхнээс сайхныг олж харахын нэр.
Ужид хүслээс ангижрахын нэр.
Амьд явна гэдэг,
Амьд явна аа гэдэг, яг одоо бол
Уйлж чадах,
Инээж чадах,
Уурлаж чадах
Эрх чөлөөний нэр.
Амьд явна гэдэг,
Амьд явна аа гэдэг, яг одоо бол
Нэгтээ нохой хуцаж,
Дэлхий тэнхлэгээ эргэж,
Нэгтээ хүн төрж,
Цэрэг эр шархдан унаж,
Хаа нэгтээ яг одоо хоосон савлуур хойш урагш ганхаж,
Хайран энэ л одоо цаг элж үгүй болохын нэр.
Амьд явна гэдэг,
Амьд явна аа гэдэг, яг одоо бол
Далавчаа шувуу дэвэхийн,
Давалгаа түрэх татрахын нэр.
Бутны ёроолоор төөлүүр хорхой мөлхөхийн,
Бусдыг хайрлахын нэр.
Алганд мэдрэгдэх гарын чинь илч!
Аяа, амьд яваа минь ердөө л үүний хүч.

 Ёстой сайхан орчуулсан байгаа биз дээ.
Энд харин нэг л мөрөн дээр уншигчийн хувьд жаахан бодож суулаа.
"Оодон банзал ширтэхийн," гэсэн мөр. Япон шүлгийн мөрийг шууд орчуулбал "Оодон банзал" гэсэн байх бөгөөд "ширтэх" гэдэг үг байхгүй байгаа юм. Бодоод үзэхэд, "амьд явна гэдэг, энэ бол оодон банзал" гэж орчуулахаар нэг л дутуу. Оодон банзал, Штраусс, Пикассог зэрэгцүүлнэ гэдэг сонин. Тэгэхээр Аюурзанын орчуулснаар "оодон банзал өмссөн охидыг ширтэж, нүд баясгах, сэтгэл хөөрөх" мэдрэмж амьд явахыг мэдрэх бас л нэг баясгалан мөн шүү. Яруу найрагч нь ч эрэгтэй хүн болохоор, ингэж утгыг нь задалж ойлгоход болмоор.
Гэхдээ, нөгөө талаас энэ шүлэг бага ангийн сурах бичигт байдаг, бас эмэгтэйчүүд уншаад юу гэж ойлгох вэ гэсэн талаас нь бодоод үзэхээр арай өөрөөр  тайлбарлаж болмоор санагдлаа. Энэ шүлэг 1960-аад онд бичигдсэн аж. Тэр үед олон улс оронд бүсгүйчүүд өвдөгнөөс дээш, оодон банзал, даашинз өмсөж эхэлсэн байдаг. Гуяа хасаа гаргаж, ийм хувцас өмсөнө гэдэг цоо шинэ үзэгдэл. Тэр үеийн бүсгүйчүүдийн оронд өөрийгөө тавиад бодохоор, богино даашинз, банзал өмсөхөд маш их зориг, зүрх орохоос гадна өмссөн хойно догдлоод л, хөөрөөд л, баярлах, ичингүйрэх зэрэгцээд  л гүйх байх. Яг тэр мэдрэмж гоё. Тийм хувцас өмссөн бүсгүйчүүд эргэн тойронд гүйлдээд ирэхэд эрчүүдийн нүд баясан хөөрнө. Бас гоё. Шинэ зүйлийг зориглон хийх  зүрх, догдлол, хөөр баяр, ичингүйрэх зэрэг олон мэдрэмжийг "оодон банзал" гэсэн үгээр илтгэх гэсэн юм болов уу. Пикассогийн бүтээл хараад нүд баясгах, Штрауссыг сонсоод чих баясах, оддыг ажиж мөрөөдөлд автахтай адилхан гоё мэдрэмж...
...гэж бодогдож, ганц мөрний утгыг өөрийнхөөрөө ойлгосноо тэмдэглэл болгов.

Жич. Би ингээ л бодоо л ойлгосон чинь магадгүй Таникава найрагч "оодон банзал ширтэхийн нэр" гэсэн утгаар бичсэн байж ч болох. Шүлгийг уншсан хүн бүр өөрийнхөөрөө ойлгож мэдэрч явдаг байх даа.


 



    

5 comments:

Dairii said...

Сайн байна уу?Уг шүлгийг Япон эхээс нь өөрийнхөөрөө буулгах гэж оролдлоо.Ийм уран яруу гоё биш л дээ,яг л модон хэллэгээр нь тэр чигт нь буулгачихлаа.хэхэ.


Амьд байна гэдэг


Энэ мөчид амьд байна гэдэг
Хоолой хатна гэсэн үг
Модны чөлөөгөөр туссан нарны туяа нүд гялбуулж буй гэсэн үг
Санаандгүй орж ирсэн аяыг санана гэсэн үг
Найтаана
Чамтай гар хөтлөлцөнө
Амьд явна гэдэг
Богино банзал
Оддыг ажиглах дуран
Иоханн Штраусс
Пикассо
Альпийн уулс
Төгс бүхэнтэй учирна гэсэн үг
Тэгээд
Нуусан булайг нь анхааралтай ажиглаж,таслан зогсоох явдал
Амьд явна гэдэг
Энэ мөчид амьд байна гэсэн үг
Уйлна гэсэн үг
Инээнэ гэсэн үг
Уурлана гэсэн үг
Эрх чөлөөтэй гэсэн үг
Амьд явна гэдэг
Энэ мөчид амьд байна гэсэн үг
Энэ мөчид алсад нохой хуцна гэсэн үг
Энэ мөчид дэлхий эргэлдэж буй гэсэн үг
Энэ мөчид хаа нэгтээ нялх дуу хадна гэсэн үг
Энэ мөчид эр цэрэг шархдана гэсэн үг
Энэ мөчид савлуур савлаж буй гэсэн үг
Энэ мөч энэ мөчөө туулан одно
Амьд явна гэдэг
Энэ мөчид амьд байна гэсэн үг
Шувуу далавчаа дэлгэнэ гэсэн үг
Далай шуугина гэсэн үг
Дун хорхой мөлхөнө гэсэн үг
Хүн хайрлан дурлана гэсэн үг
Гарын тань илч
Амь гэсэн үг

зЭрЭгЛэЭ said...

Баярлалаа.

katatumori эмгэн хумс?

Nasaa said...

Амьд явна гэдэг бүхнийг утга учиртай, үнэ цэнэтэй болгоно гэсэн үг.
Зохиолч тухайн хоромд амьд явсанаар ач холбогдолтой, утга учиртай болгож буй бүхнийг тоочиж яах нь барах билээ.

Богино банзал гэдэг нь эрх чөлөөг илэрхийлсэн юм болов уу, Лалын бүсгүйчүүд гивлүүрээ авахын дайтай эрх чөлөө, эр зоригйиг илэрхийлсэн байх.

Наранбаяр said...

sonirholtoi orchulga bn

Unknown said...

хэзээнээс ч билээ баргийн шүлэг таалахаа байсаан:)

Энэ гэхдээ гоё бн. Эх нь, хоёр орчуулга нь аль аль нь гоё санагдлаа.