Ойрд дипломын ажилдаа хамаг эд эс, молекул бүрээ зориулж, элдэв зугаа цэнгэл, наадам наргианыг ор тас мартчихжээ. Миний бичиж байгаа сэдэв чухам л энэ хорвоо дэлхийг арван таван толгойт атгаалжан хар мангас, үер ус, зовлон зүдгүүр бүхнээс салгах үр шим, үндэслэл зорилготой гээ л үнэн дүрдээ итгэж, өвчилж байнаа. Үнэндээ юу шалих билээ дээ.
Азийн орнуудаас голлон бүрдсэн найзуудтайгаа тааралдахаар толгой дохих ч мэдрэлгүй, ном бичиг улайран шагайсан хүмүүс байхым. Хорвоогийн эрээн барааныг харж шүүж муулж магтаж ярих монгол хүн дэргэд байхгүй болохоор хэл амны загатнаа туйлдаа хүрэв. Над шиг өнөөдрөөрөө амьдарч, өөрийгөө эрхлүүлж, гэдсээ илж, гиюүрч балайрч байгаа хүн алгаа алга.
Ясны чалчигнуур миний хувьд тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гээд хичээл давтлагын өрөөний хөрш хятад залуугийнхаа ханцуйг дугтчин хушуугаа цорвойлгож хоолойгоо гонгиносон хөг дээр нь тавьж байгаад л "намайг тоох хүн энэ хорвоод алга, илга" гээ л зовлонгоо тоочиж. Манай хятад хөрш ч тэвчээрийн дээд хутгыг олсон уу гэмээр бас халамжтай нөхөр байдаг болохоор, хийж байсан зүйлээ хойш нь тавьж байгаад л хэн, юу, яасан ийснийг маань асуув. Нэг ч гэсэн хүн хэдхэн минут ч гэсэн надтай чалчигнах гэжийгаад туйлаас баярласан би бээр харилцан яригчаа амархан алдчихгүйн тулд хушуу амаа урвайлгаж байгаа л ярив даа. Хамгийн гол нь өнөөх л Спайдермэнээ ганцаараа явж үзмээргүй байгаад л асуудлын учиг уятай байгаам.
Өө, манай хятад найз ч хөмсгөө нэг өргөн хоёр буулган, шанаагаа тулан, нүдний шилээ арчин арчин аймаар анхааралтай сонссон ч гэж ярихым биш. Миний "дурлал"ын бэрхшээлт асуудлыг сонсож дуусаад "Орчин үед глобальчлалын нөлөөнд Азийн хүүхнүүд их өөрчлөгдсөн. Монгол эмэгтэйчүүд харьцангүй нээлттэй байдаг юм шиг. Хятад хүүхнүүд ч сүүлийн үед эрэгтэй хүнийг хүлээж суулгүй өөрсдөө ярьдаг болж байгаа" гэж ирээд л ихэд нухацтайгаар хариулж байнаа. Ер нь намайг таалагдсан залуу байвал өөрөө л утасдаж залга гэж зөвлөж, би тийм залуу хаанаас яаж олохыг лавлаж байтал нэг мэдсэн дэргэд Солонгос, Мъянмар хоёр жигтэйхэн анхааралтай сонсчихсон зогсож байхын. Мань хоёр ч ярианд оролцож. Ингэсээр хэлэлцүүлэгт оролцогчдын тоо өсөн нэмэгдсээр давтлагын өрөөнд байсан найман гадаад оюутнүүд бүгд тойроод миний дурлалын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нээлттэй хэлэлцэж эхэлдгийм байна. Арван минутын өмнө номтой нүүрээ наачихсан, дүнсгэр мөрөн байсан нөхдүүдийн нүд нь сэргээд дуу нь чангараад. Үндсэндээ миний проблем олон улсын төвшингийн асуудал болон хувирч, юууун дэлхийн цаг уурын дулааралт, хүрээлэн буй орчин, терроризм, ядуурал, авилгал.
Ихэнх нь өөрсдийн орны залууг санал болгож үзэж байнаа бас. Хамгийн тэс хөлдүү боловч оновчтой санал бол интернетээс Спайдермэнээ татаж аваад үзэх зөвлөгөө байлаа. Болохгүй бол хэн нэгнийг чирээд киногоо үзэх нь ч үзэж л таарна.
Аа семинарын Узбек оюутан хаврын амралтаар сар хүрэхгүй эх орон руугаа яваад ирэхдээ хуримаа хийчихсэн, түүнийхээ бичлэгийг үзүүлж барив. Гэргийтэйгээ танилцаад гурван долоо хоноод хуримаа хийсийм байж. Энэ хорин нэг хоногт гурван удаа уулзсан гэж байгаан. Мөн ч амархан юм аа. Ёстой түргэн авна гэдэг л байх даа. Тэгсэн өөр нэг Узбек аав ээж нь эхнэр олоод хуримд нь бэлдээд мань эр нүүр тулж танилцаагүй мөртлөө амралтаараа шууд давхиж очиж гэрлэчихээд буцаж ирээд хагас жилийн дараа эхнэрээ энд авчирч тухтай танилцсан юм байх. Зарим нөхөд жишээлбэл надад гэрлэлт барилт яг л зэрэглээ шиг, бүр аймраар зүйрлэбэл дөнгө, гинжинд хүлээтэй санагдаж бөөн комплекс болж байхад зарим нь ч амархан асуудлаа шийдэх юм аа. Мань узбек нөхөр тэгсэн надад Найз залуу, нөхөр хоёр чинь ондоо зүйл шүү дээ, ялгаж салгаж харвал амархан сууна ш дээ гэж "нөхөрсөгөөр зөвлөв" дөө.
За за, одоо буцаад тезисийн сэдвээ эрэгцүүлэн бясалгах, эргүүтэн сүүмэлзэх ажлаа үргэлжлүүлье дөө.
No comments:
Post a Comment