Юу ч хийж гавиагүй мөртлөө хийх гэж байгаагаа бодсоор байгаад хийхээсээ өмнө бүр ядарчихав. Ийм үед нүдээ аниад, Монголынхоо сайхан уудам нутагт монгол гэрт унтаж байгаагаар өөрийгөө төсөөлнө. Хаа хол гэрийн эзэгтэйн дуу сонсдоод л, хааяа нэг үхэр хонь малын майлж, морь үүрсэх дуулдаж, сэрэх зүүрмэглэхийн завсрын үеийг ихэнхдээ төсөөлж, хавчиг ертөнц дөх ядарсан сэтгэлээ амрааж байна гэж хуурна. Монголд байгаа найзууд намайг наанаа аль болох удаан байхыг зөвлөж байхад би болохоор Монгол руугаа үтэр түргэн буцахын түүс болж байдаг. Буцаж очоод хөдөө их явдаг ажилд орчих юмсан гэж бодоод эндээс аялалын хувцас гутал зэхээд байдаг гэж.
Өнөөдөр нөхөртэй эмэгтэйтэй ярьж суув. Нэг өгүүлбэр...дараагийн өгүүлбэр бол түүний нөхөр, хүүхдүүд....нэг өгүүлбэр....дахиад л нөхөр, хүүхэд. Ганц бие найз бүсгүйчүүдтэй уулзахад нэг өгүүлбэр яваад л дараагийнх нь найз залуу яаж олох вэ...ахиад нэг өгүүлбэр...найз залуу яаж олох вэ.... Яг л нэг эргүүлэгт орчихсон юм шиг. Халж эхэлж байгаа хавчиг ертөнцийн халуун бөгөөд хавчиг сэдэв. Бассейнд ормоор санагдав.
Хаалга тогшоод Зүүн өмнөд азийн анд маань орж ирэв. Гэнэт л уйлаад эхлэв.Дайлчих юм хайж хөргөгчөө ухаж байсан би "Өө чи уйлж байгаа юм уу?" гээ л нээх цоглог асууснаа гэнэт өөрийнхөө хөлдүүг анзаарав. Би паникт оров. "Уйлж байгаа хүнийг яах ёстой билээ?" гэсэн гарын авлага тархинд бэлэн байдаггүй юм байна. Би өөрөө уйлах дургүй, хүний дэргэд ялангуяа мах цусны тасархай биш хүмүүсийн дэргэд бол уйлах байтугай нулимсаа ч харуулахгүй гэсэн хатуу дэглэмтэй болохоор хүн хажууд уйлаад ирэхээр яахаа мэдэхээ болчихов. Тэгтэл хүн уйлахаар тэвэрч аргаддаг киноны хэсэг санаанд орж, тэр даруй энгэртээ тэвэрч, байдгаараа аргадав. Уйлсан хүний шалтгааныг бүү асуу гэдэг ч гадаад хүнд бол энэ зарчим үйлчлэхгүй юм чинь. Гэр орноо санах, хичээл номондоо шантрах гээд гадаад хүнд тохиолддог л сэтгэл санааны хямрал байв. Тайвшраад, инээгээд гараад явлаа. Дахиад уйлмаар байвал би хэзээд тэвэрч тайвшруулахад бэлэн гэдгээ мэдэгдэв.
Ингээд өдрийн хамгийн бүтээмжтэй байдаг үе иймэрхүү өнгөрчихдгийм байна. Үлдсэн хугацаанд нь бууз. Энэ хорвоод бүх хүн миний хийсэн хоолыг "амнаас унамаар амттай" гэж голж байсан ч, дэлхийн хамгийн муухай амттай хоолоор шалгаруулсан ч миний хоол бол наддаа дэргэдэх хүндээ өгөмгүй, дээд уруулдаа хүргэмгүй билээ. Энэ бол өөрөө өөртөө хайртайгаа илэрхийлж байгаа хэлбэр юм шүү дээ.
2 comments:
Хаа хол, харьд ганцаар байсаар зожгирч гүйцээ юу? Хош чи.
Амнаас унамаар юм хийж ганцаар идэж хуурамч таашаал авч байснаас чаддаг ганцыгаа амттай хийж найз нөхдөө дайл. Ганцаар идсэн хоол хоол болдоггүй гэдгийг ах нь Алтайн нурууны салбар Далангийн оройд ан хийх нэртэй ганцаар тэнэж явахдаа мэдсэн.
Намрын тарган гөрөөсний элгээр сорс хийгээд идэж байхдаа /ямар гайхамшигтай сайхан амттай гээч/ хүн ганцаараа бол тэрхүү гайхамшигт амтыг мэдэрдэггүй. Гагцхүү хаана хонох, маргааш яаж нуруу давахаа л боддог юм билээ.
Хажууд тэрхүү гайхамшигт амтыг магтаж, сэтгэгдэл хуваалцах хүн үгүй учраас тэр.
хөөе хөөе хөөе... Амарсайхан ах Ангийн нийгэмлэгийн үнэмлэхээ үзүүл!
Зэрэглээгийн блогоор ойрд сэтгэгдэл бичээгүй байж мэнд ус ч үгүй Амарсайхан ахын сэтгэгдэл дээр сэтгэгдэл нэмэхгүй бол болохгүйн. [сайн уу Зэрэглээ :D]
Саяхан хамт бэлтгэл хийдэг хэдэн хүмүүс ангын тухай ярилцаж байхыг нь сонсов. Удахгүй тарвага гарна сайхан даа, намрын тарган гөрөөсний цусыг халуунаар нь уувал чалх чамархайнд сайн гэж жигтэйхэн гэж ирээд л ...
Гэтэл монгол оронд ан амьтан айхтар ховордсоныг анзаарсан болов уу? Би юм хэлээгүй л дээ гэхдээ дотроо хэлэх юмсан асуух юмсан гэж их бодсон шүү...
Энэ талаар ер нь үргэлжлүүлээд блог дээрээ нэг бичлэг бичье байз! Манайд ороод ир гсн :D
Post a Comment