Зовлон жаргалд үргэлж хамт байж, сэтгэл санаагаар байнга дэмжиж тусалж, тулж түшиж байсан найзаасаа салаад ямар гунигтай байнаа. Яг одоо түүний зөвлөгөө дэм ямар их хэрэгтэй байна гээч. Юу ч болсон бай, санаа зовох юмгүй найдаж болдог хүн маань байсан даа. Түүний дэргэд цэвэр өөрийнхөөрөө яаж ч байсан бүрэн дүүрэн ойлгодог хүн дээ. Бараг л чулуунд бүдрэв үү үгүй юу ингэчихлээ тэгчлээ гээ л урвагнаж гонгинож эрхэлж болдог найз минь юм даа. Юутай ч одоо ганцаараа бүхнээ болгохоос өөр зам үгүй. Ер нь хэн нэгэн хүнтэй удаан харилцаанд байх дургүй маань ийм яршигтай сэтгэл санааны торгоос, толбо дараа нь заавал үлдэж хоцордгоос болж байгаамшдээ. Ядаж байхад нөгөө найз нь хорвоо дэлхийд байхгүй хосгүй сайн хүн байвал салаа замаар мөр мөрөө хөөхийн цагт бөөн гуниглал, санаа алдалт, үгүйлэл үргэлжилнэ.
Ингэхэд огцом сэдвээс гажихад энэ Японы детектив олон ангит цуврал кино бүгд нэг хэмнэлтэй байхын. Манъяк маягийн этгээд баахан хүн алж талж, хойноос нь үнэн бүтэлгүй нэг мөрдөгч дэргэдээ заавал нэг салгалсан эмэгтэй дагуулаад л бөөн эрэл хайгуул хийнэ. Тэгж тэгж гэнэт нөгөө эмэгтэй нь айхтар АйКъю өндөртэй болж тодорч, анализ дүгнэлт хийсээр гэмт хэрэгтнийг кино төгсөхийн алдад тун хялбар илрүүлнэ. Хэрэгтэн нь яагаад ч юм далайн эрэг, уулын орой дээр ихэвлэн алсын бараа харсан зогсож байх бөгөөд мөрдөн байцаагч цагдаа магдаа сүргээрээ хүрээд ирнэ. Яаж ч байгаад тэр нөхрийг яг тэр далайн эргийн тохой, буланд, тэр цаг мөчид байгааг мэдчихдгийн бүү мэд. Зөн совин сайтай байдгийм шиг байгаан. Яг энэ үед нар хүртэл жаргахаа мартана. Алуурчин этгээд анжель дүртэй байх нь түгээмэл бөгөөд яагаад хүний аминд хүрэх болсноо нулимс цийлэгнүүлэн яг яаж ийж ямар арга барилаар хэрхэн аллага үйлдсэнээ иж бүрнээр илэн далангүй нүдэнд харагдаж гарт баригдтал тоочиход баривчлах гэж байсан манай талынхан түүнийг үнэн голоосоо өрөвдөж хайлна. Хохирогч этгээдийн өмнө үйлдсэн туйлын харгис, хэрцгий, муу муухай үйлдлээс болж хөөрхий манай манъяк хэрхэн зовж шаналж, ёстой аргагүйн эрхэнд алуурчин болсон байх нь олонтаа. Эцэстээ хүн алсан этгээдийг өрөвдөх үү, амиа алдсан хохирогчдын хохь нь болж уу, "ёстой болж хө" гэж хэлэх ч ёстоймуу бүү мэд болоод төгсөхийм. Хүнд муу юм хийвэл тэр хүндээ эргээд алуулж магадгүй шүү эсвэл хүн хүнээ араатан болгож байгаа зэрэг сургамжтай. Манай талынхан манъякаас яаж дутах вэ, бас түүнийг яг алуурчин гэдгийг хэрхэн яаж илүүрлэснээ дэлгэрэнгүйгээртайлбарлана. Тэгэхэд нь киноны явцад хөргөгч хоол эргүүлж анхаарлаа сарниулсан бас угаасаа хэлний бэрхшээлтэй, АйКъю муутай миний хувьд магнай тэнийнэ. Учир нь ямар ч Япон хэлгүй бас мангар тэнэг хүн ягштал ойлгохоор бүх хэргийн явцыг эргэж нэгд нэгэнгүй харуулдгийн. За тэгээд бүтэлгүй мөрдөгч эсвэл дагуул эмэгтэй нь бурханы элч гэлтэй сургааль айлдснаар хэрэгтэн ихэвчлэн буруугаа бүрэн дүүрэн ухамсарлах бөгөөд "цагдаагийн ажилд бөөн төвөг тарьсандаа" гүнээ хүлцэл өчинө. Юун Холливудын кино шиг зодуулж нүдүүлэх дээрээ тулах эсвэл өмгөөлөгчөө дуудаж муудах. Тийм хүнд суртлын асуудалгүй гаргаж цаг баралгүйгээр алуурчин мэдүүлгээ төвөггүй өччихнө. Зарим нь хутга, хумсны хайч гэх мэт гарын дор зүйл гаргаж ирээд амиа хорлох үйлдэл хийх бөгөөд манай талынхан паниканд орчихдог юм уу яадгийн хөдөлж ядсаар таарна. Ихэнх нь бүгд иймэрхүү. Иймэрхүү рааманд л яйжигнана.
exhausted.
No comments:
Post a Comment