Миний алдсан доллар
Стивен Ликок
Миний найз Тодд надад нэг долларын өртэй юм. Мань хүн мөнгө зээлээд арван хоёр сар өнгөрсөн ч би буцааж мөнгөө авна гэж өчүүхэн ч төдий найдахгүй байгаа бөлгөө. Тоддтой уулзах бүрд мань эр надад нэг долларын өртэй эсэхээ санаж байгаа эсэх нь тун эргэлзээтэй харагддаг юм. Тааралдах бүрийд л бид байнга нөхөрсөг найрсагаар уулзалдана. Миний доллар түүний толгойноос аль хэдийн арчигдсан нь тодорхой. Би хэзээ ч тэр мөнгөөний барааг харахгүй гэдгээ бүрэн ойлгосон л доо.
Нөгөөтэйгүүр Тодд надад нэг долларын өртэй гэдгийг би насан туршдаа санаж явна гэдгээ сайн мэдэж байна. Миний энэ өрийг мартаж чадахгүй байгаа нь бидний нөхөрлөлд ямар ч саад учруулахгүй гэдэгт харин итгэлтэй байгаа. Өөр хүмүүс яадгийг мэдэхгүй, гэхдээ хэн нэгэн надад өртэй бол би үхэн үхтлээ бодсоор л байх болно.
Яг юу болсныг эхнээс нь өгүүлье. Тодд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын найманд Бермудын арал руу явахынхаа өмнө надаас нэг доллар гуйсан билээ (Энэ өдрийг, юмыг яаж мэдэх вэ, Тоддын нүдэнд тусаж магад гэж бодоод тодорхой хэлж байгаа юм). Тодд такси барихад нэг доллар хэрэгтэй байсан болохоор би түүнд зээлсэн юм. Энэ бүхэн маш энгийн, болдгоороо л болсон. Бүх зүйл дуусах хүртэл чухам юу болсныг сайн ухаараагүй юм. Тэр зүгээр л “Надад нэг доллар түр зээлээч” л гэсэн. Тэгэхэд нь би “Бололгүй дээ. Нэг доллар яг болох уу?” гэж асуусан юм.
Тодд надаас мөнгө зээлж байхдаа гарцаагүй буцааж төлнө гэж би мэдэж байсан, үгүй ээ, бүр бат итгэлтэй байлаа. Бермудын арал Гамильтоноос Тодд надад захидал илгээсэн билээ. Дугтуйг задалж байхдаа тэнд өнөөх доллар маань байх болов уу гэж найдаж байлаа. Гэвч тэнд мөнгө байгаагүй. Тодд ердөө тэнд зуугаас дээш хэмтэй дэндүү халуун болж байгааг бичсэн байлаа. Энэ тоо миний толгойг хэсэг зуур эргүүлж дөнгөв.
Тодд гурван долоо хоногийн дараа эргэж ирэв. Би түүнийг галт тэрэгний буудалд тосохоор явлаа. Нэг долларынхаа төлөө биш л дээ. Зүгээр л би түүнийг үнэн сэтгэлээсээ хүндэлдэг болохоор л тэр. Гурван долоо хоног байхгүй байж байгаад ирэхэд хэн нэгэн буудалд хүлээж байвал таатай байх болов уу л гэж би бодсон юм. Уулзаад би хэллээ: “Такси бариад клуб руу явцгаая”
“Яах юм бэ. Алхаад явъя” гэж тэр хэлэв.
Бид тэр оройг Бермудын арлын тухай ярилцаж хамтдаа өнгөрүүлэв. Би бүх л цагийн туршид зээлсэн нэг долларын тухай бодож байсан ч энэ тухай дуугарсангүй. Шууд хэлчихэж зүрхэлсэнгүй. Би түүнээс Бермудын арлуудад ямар мөнгөн тэмдэгт хэрэглэдгийг мөн америк долларын ханш ямар байгааг л асуусан. Доллар гэж хэлэхдээ би бага зэрэг өргөлт өгсөн боловч энэ нь тийм бүтэлтэй болсонгүй.
Хэсэг хугацааны дараа (би долоо хоног бүр Тоддтой клубт уулздаг юм)би түүнийг зээлсэн долларынхаа талаар огт санахгүй байгааг анзаарч мэдэв. Нэг удаа би түүнээс Бермудын арал явахад хэр их зардал гарсныг асуутал тэр данс хөтлөөгүй гэж хариулсан юм. Дараа нь ирснээс хойш гэртээ тухалж чадсан эсэхийг лавлатал тэр аяллын талаар аль хэдийн мартсан гэлээ. Ингээд бүх юм зүйл дууссаныг би мэдсэн юм.
Энэ бүхний эцэст би Тоддод ямар нэг өш хонзон санаагүй. Би зүгээр л түүнийг надаас зээлсэн мөнгөө мартсан хүмүүсийн жагсаалтад нэмж оруулсан юм. Үнэндээ тэнд тийм ч олон хүн байхгүй л дээ. Би тэдэнтэй бусадтай адил л харьцдаг ч гэлээ надад өртэйг нь мартахыг машид хүсдэг юм.
Тоддтой би байнга л уулзалддаг. Ердөө хоёр өдрийн өмнө бид хамтдаа өдрийн хоол идэх үедээ мань эр харваас элдэв юм бодсон шинжгүй гэнэт Польшийн тухай ярьж эхлэв. Тэр Польшид хэн ч өрөө төлдөггүй тухай сонирхуулж өгүүлдэг байна шүү. Ийм яриа түүнд өнөөх өрийг санагдуулахгүй байна гэж баймааргүй юм даа гэж та бодож байна уу? Үгүй дээ, тэр өрөө санаагүй.
Цаг хугацаа өнгөрөхүйд нэгэн шаналалт бодол толгойд минь орж ирсэн юм. Юу вэ гэхээр ийм байна. Хэрэв Тодд надаас доллар зээлээд түүнээ мартсан байх ахул, онолоор бол, би ч бас хэн нэгнээс мөнгө зээлээд мартсан байж болохыг үгүйсгэхгүй. Ийм хүмүүс олон ч байж магад. Энэ тухай бодох тусам төдий чинээ надад хэцүү байв. Учир нь хэрэв би өрөө мартчихсан бол булшинд ортлоо үүнийгээ төлөхгүй байх нь тодорхой байлаа.
Хэрэв тийм хүмүүс байвал би тэднийг ил тод хэлээсэй гэж хүсэж байна. Гэхдээ бүгд шууд, нэг амьсгаагаар биш л дээ. Тодорхой дэс дараатайгаар, бүх нэрийг бичиж тэмдэглэж авахад хялбараар цагаан толгойн үсгийн дарааллаар байвал сайн. Үүнд би мөрийтэй хөзрийн тоглоомын үеэр ганц доллар зээлж мэдэх хүмүүсийг хамруулаагүй шүү. Би бас өнгөрсөн сар Детройтын спортын танхимд нэг шил ус авахад дутсан гучин цент зээлсэн хүнийг санахгүй байгаа(саная ч гэж бодохгүй байна). Канадын хилийг туулах урт замд ядарч явахад содатай уснаас өөр илүү сайн ундаа юу байх билээ дээ. Яг энэ үед гучин цент зээлсэн тэр хүн миний юу бодож байгааг мэдээд л өөрөө өгсөн хэрэг. Харин хэрэв би Бермудын арал явах байгаад хэн нэгэн надад доллар зээлсэн бол би буцааж өгөх л байсан.
Түүнээс гадна би сайхан сэтгэлийн үүднээс зээлсэн нэг долларыг эргэж төлөхийн тулд “Шударга байцгаая” нэртэй хөдөлгөөн өрнүүлэе гэж бодож байгаа. Аугаа үндэстний тулгын чулуу нь чин шударга зан байдал байсныг санацгаая.
Төгсгөлд нь энэхүү номыг уншигч эрхэм та энэ номыг Монреалийн их сургуулийн клубын гишүүн ноён Тоддод харагдахаар газар санаандгүйгээр тавихгүй байхыг хичээнгүйлэн хүсье.
Жич. Өөрийн өр зүрхнээс хайртай, тэвэрч унтах нь халаг болдог хайртай, дуртай шог зохиолч Стивэн Ликокийн зохиолоос орчуулсан нь энэ. Мөн надад их бага хамаагүй өртэй хүмүүс байвал би санасаар цээжин дотроо хадгалсаар байгааг үүгээр бас сануулахад таатай байна.
1 comment:
Ликокийн, Зэрэглээ гуай хоёр хэн нэгэнд зээлүүлсэн мөнгөө ил цагаан хэлж чадахгүй энд тэнд бичээд байгаа юм уу даа :P :P :P
Post a Comment