Wednesday, March 11, 2015

Японы цэцэрлэгийн авууштай нь

Товчхон бөгөөд түргэхэн Японы цэцэрлэгийн санаа авууштай зүйлсийг товчхон дурдъя. 

  • Хоолны хувьд 
Тухайн сарын өдөр бүр өгөх хоолны хэмжээ, орц, давс амтлагчийн нарийн орц, уураг, калори бүгдийг нарийн бичсэн жагсаалт урьдчилж өгдөг нь хүүхдийнхээ өдөр юу идэж буйг мэдэж хянаж байхад их хэрэг болдог. Хүүхэд идэх юмны харшилтай бол тусад нь хоол зориулж хийж өгнө. Хоолоо хэр идснийг мөн тэмдэглэж өгдөг тул орой ямар хоол, хэр идэхийг нь таамаглаад бэлдэхэд тустай. Мөн үе үе хүүхдийн хоол яаж хийх тухай зааж, амтлах боломж олгодог. 
  • Багш нар 
Багш нар анги дааж авцгаах боловч долоо хоногт нэг хоёр удаа өөр ангид орж хариуцдаг нь зүгээр санагдсан. Ажлын хувьд өөр насны хүүхдүүдтэй харилцаж, бас арай өөр арга барил, орчинд ажиллаж байх нь багшид ч хэрэгтэй, хүүхдүүдэд ч өөр өөр багшийн ааш араншин, байдлыг мэдэрч олон хүнтэй харьцаж сурах байх. 
Мэдээж багш нарын хүүхдүүдтэй харьцах зан харьцаанд ямар нэг асуудал гарах нь бараг байхгүй, хэрэв тийм асуудал гарвал багш ажилгүй болох учраас. 
Бас нэг санаанд нийцдэг зүйл нь цэцэрлэгт заавал нэг, хоёр эрэгтэй багш байлгах бодлого. Хүүхэд дан эмэгтэй багштай харьцах бус, эрэгтэй багштай байж, хөдөлгөөн, эрч хүч, зориг зүрхтэй байхыг суралцахад хэрэгтэй болов уу. Эрэгтэй хүүхдүүдэд ч эрэгтэй багш их "хань болно". 
  • Арга хэмжээ
Цэцэрлэг бүр дотроо өөр ч манай охины явдаг цэцэрлэгийн хувьд хэд хэдэн арга хэмжээ нь аятайхан. 
Ахлах ангийнхан нэг удаа цэцэрлэг дээрээ хамтдаа хонодог юм. Гэрээсээ хол, аав ээж гэр бүлээс өөр газар, найзуудтайгаа хамт хонох гэдэг зүйлийг анх удаа хийж үзнэ гэсэн үг. Өвөө эмээ, хөдөө айл яваад хоночихдог хүүхдүүд байх ч тэгж үзээгүй хүүхдийн хувьд том үйл явдал юм даа. 
Жилдээ нэг удаа цэцэрлэгээрээ музей, амьтны хүрээлэн зэрэг үзэж, ногоо жимс хурааж, цэцэг мод тарих зэрэг арга хэмжээтэй. 
Аа тийм, ахлах ангийхан төгсөөд сурагч болох тул төгсөхөөс нь өмнө сургуульд очиж, бага ангийхантай уулзаж, сургууль гэж юу болох тухай ойлгож авцгаадаг. 
Хөөрхөн хөөрхөн захиа сурагчдаас авцгаасан, хөөрсөн хүүхдүүд харах зугаатай.
Өндөр настны асрамжийн газар очиж дуу дуулж, бүжиглэж, өвөө эмээ нарт хийсэн зураг бүтээлээ бэлэглэж, хамт тоглож хоол идээд ирдэг нэг арга хэмжээтэй гэж байгаа.
Монголд хэдий тийм газар байхгүй ч, хороо хорины өвөө эмээ нарыг цэцэрлэгт авчирч үлгэр ном уншуулах зэрэг зүйлс зохион байгуулахад болохгүй зүйлгүй л дээ. Миний таньдаг япон хөгшчүүд цэцэрлэг яслиар явж ном уншиж өгдөг юм. Хүүхдүүд ч дуртай, байнга хүлээгээд сууж байдаг гэсэн. 
  • Ангийн хамтач байдал
Манай охины цэцэрлэгийн нэг ангид сонсголын бэрхшээлтэй хүүхэд бий. Сонсгол муу учраас хэл яриа тааруу. Гэсэн ч энгийн хүүхдүүдтэй хамт тоглож, наадаж, багш нар ч гар хуруугаа хөдөлгөж харьцаж, хүүхдийг ямар нэг хэцүү байдалд оруулахгүй хүмүүжүүлж байдаг. 
3, 4тэн бүү хэл 5, 6тай ахлах ангийнхан сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн харьцах тухай сайн мэдэхгүй, шаардлага гарвал багш нараа дуурайж гар хуруугаа хөдөлгөж ойлгуулах эсвэл бараг харьцахгүй байдаг. Харин саяхан цэцэрлэгт нь уншиж өгдөг номоо танилцуулдаг буланд гар хуруугаар харьцах тухай хүүхдийн ном тавьсан байлаа. Хүүхдэд зориулсан хуруу гараар хэрхэн хоорондоо ойлголцох вэ гэдгийг эвтэйхэн үзүүлсэн ном. Тэр хүүхэдтэй бусад хүүхдүүд харьцахад дөхөм болох болов уу. Сонсголын бэрхшээлтэй юм гээд хаячилгүй, найз нөхөдтэй болж, бусад хүмүүстэй хэвийн харьцдаг болгоход цэцэрлэгийн зүгээс сэтгэл гаргаж буй нь талархмаар. 
Гэх мэтчилэн хүүхдүүд хоорондоо найз нөхөд болоход багш нарын зүгээс анхаарал тавьж байдаг нь их зүгээр байдаг. 
  • Хүүхдийн гэр бүл
Цэцэрлэгийн зүгээс хүүхдийн гэр бүл, хүүхдийн хувь хүний нууцыг чандлан хадгалдаг. Хүүхдэд жишээ нь хазуулсан байлаа гэхэд хэнд хазуулсныг хэлэхгүй. Багш нь хариуцлага алдсандаа уучлал гуйх жишээтэй. Тэрний ээж аав ийм ажил хийдэг, ийм гэр оронтой гэхчилэн ярьж, тарааж явахгүй. Гадаад, дотоод гэж ч зарлахгүй, гадаад байлаа гэхэд аль улсын иргэн гэхчилэн мэдэээл бусад эцэг эхчүүдэд хэлэхгүй гэх мэт хүүхдийн гэр орон, хүүхдийн хувь хүний нууцыг сайн хадгалдаг. 

Saturday, March 7, 2015

Асуудалд цогцоор хандах

4 настай бяцхан охин эцэгтээ зодуулж амиа алдсан хэрэг гарч хүмүүсийг айхтар цочроолоо. Сэтгэл өвдмөөр харуусалтай хэрэг. Охины дурсгалд олон хүмүүс зул асааж, эмгэнэл илэрхийлж, хүүхдийн хүчирхийллийг таслах зогсооё гэж уриалж байна. Энгийн иргэд бухимдаж харуусч байна. Харин төрийн байгууллагууд, хариуцсан газрууд, бодлого тодорхойлогчид юу хийж байна вэ? 
Одоогийн байдлаар хүчирхийлэгчийг олж нухчин дарах тухай л голлож байх шиг байна. Хуулиа чангална, ял шийтгэл хатуу байлгана гэх мэт. 
Ингээд л болоо юу? гэж асууж лавламаар. Буурч багасч байгаа статистик байна уу?
Бид асуудалд цогц байдлаар хандаж чадахгүй явсаар л байх уу? 
Асуудалд цогцоор хандах гэдгийн жишээ болгож, одоо Японд олны анхааралд байгаа нэг хэргийг энд сонирхуулья гэж бодлоо. 

Саяхан 2 сарын 20нд Японы Кавасаки хотын голын эргээс зодуулж нас барсан 13 настай хүүгийн цогцос олдсон харамсалтай хэрэг гарч, өдөр бүр энэ хэргийн тухай мэдээ мэдээлэл ТВ, сонин хэвлэлээр дүүрэн. Эхлээд аймшигтай хэрэг боллоо гэж шуугиж байсан нь одоо  олон асуудлаар маргаан өрнүүлж байна.
Хэргийн тухай товчхон өгүүлбэл: 13 настай хүү  гэр бүл, багш, найз нөхдийн хэлж буйгаар сэргэлэн цовоо, нөхөрсөг, спортод дуртай, сагсны багт явдаг, тусч сурагч байжээ. Ээж, 1 ах, 2 дүү, эмээтэйгээ амьдардаг, дүү нараа харж ханддаг, ээждээ тусалж байдаг ачлалтай хүү байсан гэх.
Сагс тоглох дуртай, хичээл номоо хэвийн хийж байсан хүүхэд энэ он гарснаас хойш хичээлдээ огт яваагүй аж. Багш нь санаа зовж, байнга хойноос нь утасдаж, энэ тухай ээжид нь хэлж өөртэй нь ч ярьж байв. Харин хүү хичээлдээ очсонгүй. Нэг найздаа "Би удахгүй алуулах байх аа" гэсэн мэссэж бичээд, удалгүй хүүгийн цогцос ийнхүү олдож, олон хүнийг цочроов.
Хэргийн сэжигтэн эздийг ч саяхан баривчлав. Хүү өнгөрсөн оны сүүлээс Кавасаки Улс хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хэдэн ахлах дунд сургуулийн хүүхдүүдийн бүлэглэлд орсон аж. 18 настай толгойлогчтой энэ бүлэглэл эхлээд нийлж караокэ орох гэх мэт гэмгүй байдлаар хүүг татаж өөрсдөдөө нэгтгэсний дараа харин жинхэнэ нүүрээ үзүүлж эхэлжээ. Хүүг дэлгүүрээс хулгай хий гэж дарамталж, эсэргүүцэхэд нь зодож орхиж. Хүү энэ бүлэглэлээс гарах гэж оролдоход нь сүрдүүлж айлгаж, улмаар хүү сэтгэл зүйн дарамттай, хичээлдээ явахгүй байх шалтгаан болсон аж. Эл бүлэглэл явж явж Исламын Улсыг дуурайж өөрсдийгөө нэрлэсэн, тэдний элдэв гаж ажиллагааг харж тэдэн шиг болох гэсэн, буруу нөлөөлөлд автсан хүүхдүүд болж таарав.
Хүүгээ ямар хүмүүстэй нийлж байгааг мэддэггүй юм уу гэж ээжийг нь буруутгах хүмүүс гарч ирсэн ч 4 хүүхэд тэжээх гэж өдөржин шөнөжин ажиллаж, ядарч цуцсан ээжид үнэндээ хүүтэйгээ тухтай ярилцах цаг зав боломж байгаагүйг мэдээд дуугаа хураацгаав.
Хүүг зодож, хүзүү бие рүү нь цаас зүсэгчээр хутгалж хороосон гол сэжигтэн нь 18 настай хүү. Японы хуулиар насанд хүрээгүй этгээд.  Өөрийнхөө хэрэг хийсэн шалтгааныг "Нас барсан хүү олонд нэр хүндтэй байгаад нь хорссон" гэж хэлсэн аж. 18 тай хүү өөрөө урьд нь ангийнхаа нэг хүүг зодсноос болж, бусдадаа гадуурхагдаж, ганцаардсан нэгэн байж. Тэрэндээ болж, бусдад хорссон сэтгэлтэй болж хувирсан уу, яасан мэдэхгүй юм даа.
Хэргийн тухайд гэвэл иймэрхүү.


Японы хэвлэл мэдээлэл энэ хэргийн тухай байнга гаргаж, ухаж төнхөх нь "хүний мууд дуртай" гэхээс илүү нийгмийн олон асуудлыг гаргаж ирж, олон хүмүүст янз янзын юм бодогдуулж маргаан өрнүүлж, хоёрхон долоо хоногийн дотор асуудлыг цогц байдлаар судалж байна.
1. Хүүхдүүдэд буруу нөлөө үзүүлж болох Исламын улс зэрэг террорист бүлгэм, гэмт хэргийн элдэв мэдээ мэдээллийг хэрхэн зөв хүргэх, яаж зөв ойлголт өгөх вэ.
2.  Өрх толгойлсон ганц бие эцэг эхчүүдэд хандсан, хүүхдүүдийнх нь хүмүүжил зэргийн талаар ямар бодлого байх вэ?
3. Хичээлээ таслаад ирэхгүй байгаа тохиолдолд сургууль эцэг эхтэй холбоо барихаас өөр ямар арга хэмжээ авбал зохих вэ?
4. Ойр хавьд дарамтанд орсон хүүхэд байвал хаана хандаж зөвлөгөө авах вэ?
5. Хэргийн сэжигтэн нь 18 настай. Японы хуулиар насанд хүрээгүй этгээд. Адил хэрэг хийсэн насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хөнгөн ял эдэлдэг. Харин энэ хэргээс үүдэж эрүүгийн хариуцлага хүлээх насыг 18 нас болгох хэрэгтэй юу? гэсэн маргаан.
6. Нэг шар сэтгүүл сэжигтний зураг, нэрийг нийтэлснээс болж насанд хүрээгүй хэрэгтний нас, зураг нийтлэхийг хориглодог хуулийг зөрчлөө гэсэн асуудал гарч, эргээд ер нь 18 нас хүрсэн бол нийтэлж яагаад болдоггүй юм гэсэн маргаан.
Эл хэрэг гарснаас хойш 2 долоо хоног өнгөрч байна. Энэ хугацаанд дээрх маргаанууд үргэлжилж, яамд төрийн байгууллагууд хэлэлцүүлэг хийж, судалгааны ажлын алба зэрэг байгуулж, Кавасаки хотоос дарамтанд байгаа хүүхдийн талаар дуудлага авах утас ажиллуулж эхэлжээ. Хүүгийн цогцос олдсон газар цэцэг, тоглоом тавих хүний хөл одоо ч тасраагүй л байна. 

Асуудалд цогцоор хандаж, тууштай байх практик суусан газар иймэрхүү байх юм. 

Эргээд 4 настай охины хэргийг ч бид цогцоор харвал маш олон зүйлийг олж харж чадна. Зэрлэг зан авиртай аавд нь охиноо өгөхөөс өөр аргагүй болсон эхийн цаана эдийн засгийн бэрхшээл, сэтгэл зүйн дарамт, хойд эх болж буй эмэгтэйчүүдийг ээж байх тухай зөвлөгөө, сэтгэл засал, 3, 4 настай хүүхдүүдийн хүмүүжил зан авирын талаарх эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө, хүчирхийллийн тухай ойлголт, хөрш айлууд танил нөхдийн зүгээс хийж болох алхам, Хүүхдийн эрх, эрүүгийн хууль, хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилт, өөрчлөлт хийх шаардлага гээд бүгдийг тал талаас нь судлахгүйгээр ганц хүчирхийлэгчийг балбаад асуудал шийдэгдэхгүй. 
Бас хэн ч хүчирхийлэгч болж болдог гэдгийг л мартаж болохгүй. 

Thursday, September 25, 2014

Өвөөгийн булан

Ажлын ойрхон жижиг мухлаг ажиллуулдаг өвөө байдаг юм. Тэндээс хүнюм бараг авдаг ч үгүй, өвөө ч нэг их юм хумаа заръя ч гэж боддоггүй нь харагддаг. Хэдэн өрж тавьсан тамхи сэлт, царай муутайхан лангуу. Гэхдээ мухлагийн нэг талаа жигтэйхэн тордоно. Тэр нь хүүхдүүдэд зориулсан булан. Яст мэлхий, загас, хавч дун, хуучны утас сэлт гээд хүүхдүүд түүнийг нь барьж тоглоход өвөө туйлын дуртай. Байн байн үзмэрээ солино. Таньдаг хөгшид нь гараар хийсэн бүтээлээ бас тавьж сонирхуулна.
Өвөөгийн булангийн зарим зургаас сонирхууллаа.

Monday, September 22, 2014

Твиттэрийн журам



Твиттэрийн журмын зарим хэсгээс орчуулсан ийм орчуулга твиттэрээр тарж, нийтлэл http://ganchimeg.niitlelch.mn/content/6383.shtml болж хүртэл гарч. 
Саяхан гүтгэсэн гэх твиттэрчтэй холбогдох маргаан гарсантай холбоотой болохоор залруулах хэрэгтэй болов уу. Орчуулагч нь ингэж санамсаргүй алдав уу ямартаа ч энэхүү дурдсан заалтад "гүтгэх,гүжирдэх" гэсэн үг англиар байхгүй байгаа. 

  • Serial Accounts: You may not create multiple accounts for disruptive or abusive purposes, or with overlapping use cases. 
  • Олон хаяг: Дарамт хүчирхийлэл үйлдэх,  хорлон сүйтгэх зорилгоор эсвэл давхардуулж хэрэглэх зорилгоор олон хаяг үүсгэж болохгүй.   
  • Targeted Abuse: You may not engage in targeted abuse or harassment. Some of the factors that we take into account when determining what conduct is considered to be targeted abuse or harassment are:
    • if you are sending messages to a user from multiple accounts;
    • if the sole purpose of your account is to send abusive messages to others;
    • if the reported behavior is one-sided or includes threats
Тодорхой этгээд рүү чиглэсэн дарамталж зовоосон үйлдэл: Та тодорхой этгээд рүү чиглэсэн дарамталж зовоох, хүчирхийлэл үйлдэж болохгүй. Ямар үйлдэл тодорхой этгээд рүү чиглэсэн дарамталж зовоосон, хүчирхийлсэн үйлдэл болохыг тогтоохдоо бид дараах хүчин зүйлийг харгалзана:
- та хэд хэдэн хаягаас нэг хэрэглэгч рүү мессэж илгээсэн
- таны хаягийн цор ганц зорилго нь бусад руу дарамталж зовоосон мессэж илгээх явдал байх
- бидэнд мэдэгдсэн дарамталж зовоосон үйлдэл нь нэг талаас гарсан эсвэл заналхийлэл агуулсан 

Цаашлаад Твиттэрийн журмыг Abusive behavior policy гэдгийг дэлгэрүүлж харвал дараахаар тайлбарласан байна. 

Тhreats and abuse
Users may not make direct, specific threats of violence against others, including threats against a person or group on the basis of race, ethnicity, national origin, religion, sexual orientation, gender, gender identity, age, or disability. Targeted abuse or harassment is also a violation of the Twitter Rules and Terms of Service.
Заналхийлэл, дарамталж зовоох
Хэрэглэгчид бусдын эсрэг шууд, илт тодорхой хүчирхийлэл буюу заналхийлэл үйлдэж болохгүй. Үүнд арьс өнгө, яс үндэс, угсаа, шашин, бэлгийн чиг хандлага, хүйс, хүйсийн онцлог, нас, хөгжлийн бэршээлд нь тулгуурлаж аливаа хүн, бүлгийн эсрэг хүчирхийлэл хамаарна. Тодорхой этгээд рүү чиглэсэн дарамталж зовоосон буюу хүчирхийлсэн үйлдэл Твиттэрийн журам, Үйлчилгээний нөхцлийг зөрчсөн үйлдэл болно. 
Offensive content
Users are allowed to post content, including potentially inflammatory content, provided they do not violate the Twitter Rulesand Terms of Service. Twitter does not screen content and does not remove potentially offensive content unless such content is in violation of the Twitter Rules and Terms of Service.
If you believe the content or behavior you are reporting is prohibited in your local jurisdiction, please contact your local authorities so they can accurately assess the content or behavior for possible violations of local law. If Twitter is contacted directly by law enforcement, we can work with them and provide assistance for their investigation as well as guidance around possible options. 
 Дайрч довтолсон жиргээ

Хэрэглэгчид Твиттэрийн журам, Үйлчилгээний нөхцлийг зөрчихгүйгээр уур хилэнгээ гаргах зэрэг жиргээ бичих эрхтэй. Твиттэр жиргээний агуулгыг хянахгүй мөн Твиттэрийн журам, Үйлчилгээний нөхцлийг зөрчөөгүй бол доромжилсон, дайрч довтолсон байж болох жиргээг устгахгүй. Хэрэв тухайн үйлдэл, жиргээ таны харъяа улсын хуулийг зөрчиж байна гэж үзвэл, тухайн улсын холбогдох байгууллагатай холбогдож, тухайн улсын хуулийн дагуу уг үйлдэл, жиргээ хууль зөрчсөн эсэхийг бодитоор үнэлүүлж тогтоолгоно уу. Хэрэв хуулийн байгууллага Твиттэртэй шууд холбогдож харилцвал бид хамтран ажиллаж, шалгах ажиллагаанд тусалж, боломжит арга замуудын талаар зөвлөлдөнө.  

Хэлтэй устай хүмүүс нь Твиттэрийн журмаа эргээд нэг харах хэрэгтэй болов уу. 
Гүтгэх, доромжилсон жиргээний хувьд Твиттэрт блоклох, игнор хийж болохоос Твиттэр рүү хэрэглэгчийн жиргээг устгуулах, хаягийг нь хаалгахаар хүсэлт гаргах боломжгүй. Харин хуулийн холбогдох газарт хандаж, гэмт хэргийн шинжтэй бол тухайн улсын хуулиар хариуцлага хүлээлгэж, улмаар хуулийн байгууллагаар дамжуулж Твиттэр рүү холбогдож хаяг, жиргээг устгуулах арга хэмжээ авах болно гэсэн үг. 

Дарамталж зовоосон үйлдлийн тухайд зөвхөн твиттэр биш Фэйсбүүк, элдэв форум чатын хэлбэрээр хэн нэгнийг үгээр дарамталж, сэтгэл зүйгээр нь зовоож улмаар нөгөө хүн хичээл сургууль, ажил төрлөө ч хийж чадахаа байж, сэтгэл зүйн дарамтанд орж, зарим тохиолдолд амиа хорлох явдал гардаг. Коммент ч тэр. 

Тиймээс Твиттэр болон бусад олон нийтийн сүлжээний сайтууд ийм үйлдэлд шууд хариу үзүүлж, хэрэглэгчдээ хамгаалах, өөрсдийн үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад анхаардаг. 

Саяхан жишээ нь Робин Уилляамс жүжигчин хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Охин Зэльда нь энэ тухай өөрийн твитттэрээр эмгэнэлээ илэрхийлэхэд нь нэг этгээд охин рүү дайрч, өөр амиа хорлосон хүний зургийг эвлүүлэг хийж аавынх нь зураг гэж жиргэж, охины арьс өнгө, угсаа, эрүүл мэндийн байдлыг нь элдвээр хэлж дарамталж зовоож, улмаар Зэльда твиттэр, инстаграммын хаягаа хэсэгтээ магадгүй бүр хөтлөхгүй гэж мэдэгдэж, нэлээн шуугиан тарьсан хэрэг гарсан. Дарамталж зовоох гэдэг нь зөвхөн тухайн этгээд рүү дайрч, сэтгэл зүйн дарамтанд оруулж, зовоож тарчлаах байдалтай байдаг. Энэ хэргийн дараа Твиттэр дарамталж зовоосон жиргээний эсрэг хатуу зогсох тухай мэдэгдсэн. 

Гүтгэх гүжирдэхийн хувьд яалт ч үгүй хуулийн байгууллагаар дамжуулж үнэхээр гүтгэсэн үү эсвэл үнэн зүйл ярьсан уу гэдгийг удаан хугацаагаар шалгаж тогтоох ажил болно. Нөгөө талаар энэ намайг гүтгэлээ гэхээр нь Твиттэр жиргээг нь устгаад байвал эргээд үнэнийг ярьсан талыг хохироох, үг хэлэх эрхийг зөрчих явдал болно. 

Товчхондоо буруу орчуулгыг засах гэсээр ийм урт бичлэг болчихлоо.