Sunday, May 27, 2007

Бүтэн сайн өдрийн тайлан

Юу ч хийж гавиагүй мөртлөө хийх гэж байгаагаа бодсоор байгаад хийхээсээ өмнө бүр ядарчихав. Ийм үед нүдээ аниад, Монголынхоо сайхан уудам нутагт монгол гэрт унтаж байгаагаар өөрийгөө төсөөлнө. Хаа хол гэрийн эзэгтэйн дуу сонсдоод л, хааяа нэг үхэр хонь малын майлж, морь үүрсэх дуулдаж, сэрэх зүүрмэглэхийн завсрын үеийг ихэнхдээ төсөөлж, хавчиг ертөнц дөх ядарсан сэтгэлээ амрааж байна гэж хуурна. Монголд байгаа найзууд намайг наанаа аль болох удаан байхыг зөвлөж байхад би болохоор Монгол руугаа үтэр түргэн буцахын түүс болж байдаг. Буцаж очоод хөдөө их явдаг ажилд орчих юмсан гэж бодоод эндээс аялалын хувцас гутал зэхээд байдаг гэж.

Өнөөдөр нөхөртэй эмэгтэйтэй ярьж суув. Нэг өгүүлбэр...дараагийн өгүүлбэр бол түүний нөхөр, хүүхдүүд....нэг өгүүлбэр....дахиад л нөхөр, хүүхэд. Ганц бие найз бүсгүйчүүдтэй уулзахад нэг өгүүлбэр яваад л дараагийнх нь найз залуу яаж олох вэ...ахиад нэг өгүүлбэр...найз залуу яаж олох вэ.... Яг л нэг эргүүлэгт орчихсон юм шиг. Халж эхэлж байгаа хавчиг ертөнцийн халуун бөгөөд хавчиг сэдэв. Бассейнд ормоор санагдав.

Хаалга тогшоод Зүүн өмнөд азийн анд маань орж ирэв. Гэнэт л уйлаад эхлэв.Дайлчих юм хайж хөргөгчөө ухаж байсан би "Өө чи уйлж байгаа юм уу?" гээ л нээх цоглог асууснаа гэнэт өөрийнхөө хөлдүүг анзаарав. Би паникт оров. "Уйлж байгаа хүнийг яах ёстой билээ?" гэсэн гарын авлага тархинд бэлэн байдаггүй юм байна. Би өөрөө уйлах дургүй, хүний дэргэд ялангуяа мах цусны тасархай биш хүмүүсийн дэргэд бол уйлах байтугай нулимсаа ч харуулахгүй гэсэн хатуу дэглэмтэй болохоор хүн хажууд уйлаад ирэхээр яахаа мэдэхээ болчихов. Тэгтэл хүн уйлахаар тэвэрч аргаддаг киноны хэсэг санаанд орж, тэр даруй энгэртээ тэвэрч, байдгаараа аргадав. Уйлсан хүний шалтгааныг бүү асуу гэдэг ч гадаад хүнд бол энэ зарчим үйлчлэхгүй юм чинь. Гэр орноо санах, хичээл номондоо шантрах гээд гадаад хүнд тохиолддог л сэтгэл санааны хямрал байв. Тайвшраад, инээгээд гараад явлаа. Дахиад уйлмаар байвал би хэзээд тэвэрч тайвшруулахад бэлэн гэдгээ мэдэгдэв.

Ингээд өдрийн хамгийн бүтээмжтэй байдаг үе иймэрхүү өнгөрчихдгийм байна. Үлдсэн хугацаанд нь бууз. Энэ хорвоод бүх хүн миний хийсэн хоолыг "амнаас унамаар амттай" гэж голж байсан ч, дэлхийн хамгийн муухай амттай хоолоор шалгаруулсан ч миний хоол бол наддаа дэргэдэх хүндээ өгөмгүй, дээд уруулдаа хүргэмгүй билээ. Энэ бол өөрөө өөртөө хайртайгаа илэрхийлж байгаа хэлбэр юм шүү дээ.

Wednesday, May 23, 2007

нэг иймэрхүү, хоёр тиймэрхүү

Үндсэн хуулийн Цэц УИХ-ын дарга Ц.Нямдоржийг огцруулах нь зүйтэй гэж үзэв гэсэн мэдээг Сонин.мн-ээс уншлаа. Нямдорж, Ламдорж хэн ч байсан, огцорно уу үгүй юу гэдэг нь бус харин хагас хугас ч гэсэн тэмдэглэсэн хурлын протоколоос сонирхол татсан хоёр зүйл байв.

1. ...Цэцийн их суудлын хуралдаанаар Цэцийн гишүүдээс ч тэр, өргөдөл гаргагчдын зүгээс ч тэр хуулийн хувийн хэрэг, эх нооргийн тухай байн байн хөндөж байлаа. Тэд “Яахаараа танд хуулийн эх хувь байдаг юм бэ” гэж зэрэг шахам асуухад Ц.Нямдорж дарга “УИХ-ын гишүүд хууль тогтоох үүрэгтэй. Би хууль тогтоох дээд байгууллагад ажилласан 14-15 жилийн хугацаандаа өөрийн ажиллаж байсан бүх хуулийн эх хувийг өөртөө хадгалсан. Угаасаа хуулийн эх хувийг Тамгын газарт өгнө гэсэн журам байдаггүй юм. Нарийн яривал Тамгын газарт өгөх хууль байх ч үгүй. Ер нь би өөр дээрээ хуулийнхаа эх хувийг авч үлдэх эсэхээ мэдэж болно оо доо. Та нар эрхэм гишүүдийн бүрэн эрхэд хэтэрхий халдаж байгаа юм биш үү, халдах ч ёсгүй хүмүүс байж” хэмээн дуугаа өндөрсгөлөө... (Мэдмээр юм, аймаар юм. Нуруу руу хүйт даав)

2. ...Иргэн Б.Ламжав УИХ-ын дарга байнгын хорооны хуралдаан дээр долоон удаа үг хэлснийг нь нотолж, спикер түүнийг нь санахгүй байна гэхчилэн маргаан дахиад л өрнөсөн юм. УИХ-ын дарга тэднийг “Нэг их мундаг нууц үйл ажиллагаа явуулаад, муу муухайг илрүүлсэн мэтээр ярилаа” хэмээн буруутгаж, хаанаас материал олоод байгааг нь асуухад зарим өргөдөл гаргагч “Интернэтээс” гэж нэгэн дуугаар хариулав.... (Интернет мандтугай. Хүйт даасан бие буцаж бага ч гэсэн дулаацав)

Ойлгохгүй байна

Онлайн ТВ-ын мэдээ хальт сонсоод сууж байхнаа Хужирт руу зам тавьж байгаам байж. За тэр ч яахав. С1-ийн мэдээгээр бол зам гэдэг нэг хүний өмч болдоггүй, нийт олон үр ашгийг нь хүртэж хэрэглэдэг, амьдрал ахуйд ач тустай болохоор, ийнхүү зам тавьж байгаа нь их буянтай үйл болж байнаа хэмээн нутгийн зон олон баяртай байгаа юм байх.

Тэгээд яахав, би бодлоо л доо. Төр өөрийн хийх ёстой ажлаа хийгээд зам барьж байхад "бурханы хишиг, буянтай үйл" болгож байгааг миний мунхаг толгой үнэхээр ойлгосонгүй. Үнэхээр "нутгийн ард олон" ингэж бодож байгаа ч юм уу? Эсвэл сэтгүүлч зам барьж байгаа ажилд "ихээхэн ач холбогдол өгөх" гэж хүч нэмэгдүүлэн, ингэж хэлж байгаа ч юм уу? Ямар ч байсан энэ сэтгэхүйг ойлгохгүй байна.
Эгээтэй л ФМ рүү утасдаж "хөөрхий биднийг тоож, амьдрал ахуйг маань "дээшлүүлэх" гэж зам тавьж өгч байгаа "төр" юутай буянтайв, ингээд төрдөө баярлаж явдгаа илэрхийлээд Хар сарнай хамтлагийн Төр улс маань гэрэлтээсэй гэсэн дуугаар ая дууны мэнд хүргэмээр" санагдав. гэснээс би өөрөө энэ дууг сонсоогүй явж байгаа юм байна.

Үүнтэй холбоотой нэг зүйл нуршихад өмнө ажиллаж байхад, хурд гэж яст мэлхий болсон, арван жил хэрэглэсэн компъютерыг унжиж унжиж шинэ РС-гээр сольж өгөхдөө үүнийгээ "миний ажлын урамшуулал" гэж цохон тэмдэглэж "одоо тэгээд урьд өмнөхөөсөө сайн ажиллана шүү" хэмээн үүрэг өгч, "үнэтэй РС авсан болохоор энэ жилдээ шинэ юм авна гэхгүй шүү" гэж сануулахад би бас ерөөсөө ойлгоогүй. Ажил хийхэд шаардлагатай зүйлс бүрдүүлэх нь ажил олгогчийн үүрэг биш харин надад үзүүлж байгаа "урамшуулал" эсвэл "буян" гэж зүрх сэтгэлээсээ ойлгоё гээд ч чадаагүй.

Ямар учиртай сэтгэхүй яваад байгаа юм бол оо? Нээрээ би ойлгодоггүй юм. Хийх ёстой зүйлээ хийж байхад нь "хорвоо ертөнцийд байхгүй буянтай, баярлууштай" зүйл болгоод байдгийг огтхон ч ойлгохгүй юм.

Tuesday, May 15, 2007

хөлдүү хүн

Хоолны зугаа болгодог ТВ25-ын вебсайт ажиллахгүй, хөөрхий би Монголын талаарх мэдээ үзэхгүй байсаар ертөнцийн хөгжлөөс мянга, тэр бум алхам хоцроод байна уу үгүй юу. ТВ5-н сайт орж үзтэл бас л ажилласан ч үгүй. Мэдээнийх нь "Ноён Миронов тун ч бодь хүн бололтой" гэснийг нь сонирхож хараад ганцаараа баахан мушийвшд.
"Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ноён Миронов тун ч бодь хүн бололтой. Хүүхдүүд дуулж, хүмүүс инээлдэж алга ташин бөөн юм болж байхад бараг л хурал хийж байгаа юм шиг ширүүн төрхөө харуулан алгаа ташиж суугаа харагдсан. Уг нь оросууд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байдагсан. Миронов гуай харин яасан хувирал багатай хүн гэж шивэр авир хийх ч дуулдсан шүү" Нэртэйгээр нь "Ноён Миронов тун ч хөлдүү хүн бололтой" гэчихгүй дээ.
За өнөөдөр явж визээ сунгуулах өргөдлөө өгнө. Орой нь Роппонгидож ч магадгүй үгүй ч байж магад.
Судалгааны ажлаа сайхан хийгээд дуусгачих юмсан. Бичиж байгаа асуудлын талаар удирдагч багштайгаа ядаж байхад үзэл бодол зөрөөстэй. Багш позитивист, би плюралист юм уу хаашаа юм. Нийгмийн шинжлэх ухаан, тэр дундаа эрх зүй сайхан юм даа. Эрх зүйн ухаанд туйлын зөв ганц хариулт гэж байхгүй, хэд хэдэн ч хариулт байж болно. Тэр дундаас өөрийнхөө дэвшүүлж буй хариулт буюу шийдэл, ерөнхийлбөл үзэл бодлоо хамгаалах нь хамгаас чухал. Тэгээ л багш бид хоёрын бодол ондоо байх нь проблем биш, харин багшийг өөрийнхөө үзэл бодолд хэрхэн итгүүлэх вэ гэдэг нь хэцүү даалгавар байгаад байдаг.

За хө, анхны үрчлээс тогтохоос өмнө чамтайгаа учрах сан. Хийсэж дэрвэсэн залуу насны үд хэвийхээс өмнө чамтайгаа болзох сон. Дэргэд чинь тэгээд дэгдэж хөөрцөглөсөн дэггүй, бодлогогүй зангаа харуулах сан (ч гэх шиг...томруулдаг толинд өөрийгөө сайтар шинжиж харж суухдаа, хаврын сайхан өдөр болж байхад хатаж хорчийсон намрын навчис шиг шал негатив юм бодохымдаа )...

Monday, May 14, 2007

чамтай чамгүйгээр, надтай надгүйгээр хорвоо юугаар дутах билээ

Зовлон жаргалд үргэлж хамт байж, сэтгэл санаагаар байнга дэмжиж тусалж, тулж түшиж байсан найзаасаа салаад ямар гунигтай байнаа. Яг одоо түүний зөвлөгөө дэм ямар их хэрэгтэй байна гээч. Юу ч болсон бай, санаа зовох юмгүй найдаж болдог хүн маань байсан даа. Түүний дэргэд цэвэр өөрийнхөөрөө яаж ч байсан бүрэн дүүрэн ойлгодог хүн дээ. Бараг л чулуунд бүдрэв үү үгүй юу ингэчихлээ тэгчлээ гээ л урвагнаж гонгинож эрхэлж болдог найз минь юм даа. Юутай ч одоо ганцаараа бүхнээ болгохоос өөр зам үгүй. Ер нь хэн нэгэн хүнтэй удаан харилцаанд байх дургүй маань ийм яршигтай сэтгэл санааны торгоос, толбо дараа нь заавал үлдэж хоцордгоос болж байгаамшдээ. Ядаж байхад нөгөө найз нь хорвоо дэлхийд байхгүй хосгүй сайн хүн байвал салаа замаар мөр мөрөө хөөхийн цагт бөөн гуниглал, санаа алдалт, үгүйлэл үргэлжилнэ.

Ингэхэд огцом сэдвээс гажихад энэ Японы детектив олон ангит цуврал кино бүгд нэг хэмнэлтэй байхын. Манъяк маягийн этгээд баахан хүн алж талж, хойноос нь үнэн бүтэлгүй нэг мөрдөгч дэргэдээ заавал нэг салгалсан эмэгтэй дагуулаад л бөөн эрэл хайгуул хийнэ. Тэгж тэгж гэнэт нөгөө эмэгтэй нь айхтар АйКъю өндөртэй болж тодорч, анализ дүгнэлт хийсээр гэмт хэрэгтнийг кино төгсөхийн алдад тун хялбар илрүүлнэ. Хэрэгтэн нь яагаад ч юм далайн эрэг, уулын орой дээр ихэвлэн алсын бараа харсан зогсож байх бөгөөд мөрдөн байцаагч цагдаа магдаа сүргээрээ хүрээд ирнэ. Яаж ч байгаад тэр нөхрийг яг тэр далайн эргийн тохой, буланд, тэр цаг мөчид байгааг мэдчихдгийн бүү мэд. Зөн совин сайтай байдгийм шиг байгаан. Яг энэ үед нар хүртэл жаргахаа мартана. Алуурчин этгээд анжель дүртэй байх нь түгээмэл бөгөөд яагаад хүний аминд хүрэх болсноо нулимс цийлэгнүүлэн яг яаж ийж ямар арга барилаар хэрхэн аллага үйлдсэнээ иж бүрнээр илэн далангүй нүдэнд харагдаж гарт баригдтал тоочиход баривчлах гэж байсан манай талынхан түүнийг үнэн голоосоо өрөвдөж хайлна. Хохирогч этгээдийн өмнө үйлдсэн туйлын харгис, хэрцгий, муу муухай үйлдлээс болж хөөрхий манай манъяк хэрхэн зовж шаналж, ёстой аргагүйн эрхэнд алуурчин болсон байх нь олонтаа. Эцэстээ хүн алсан этгээдийг өрөвдөх үү, амиа алдсан хохирогчдын хохь нь болж уу, "ёстой болж хө" гэж хэлэх ч ёстоймуу бүү мэд болоод төгсөхийм. Хүнд муу юм хийвэл тэр хүндээ эргээд алуулж магадгүй шүү эсвэл хүн хүнээ араатан болгож байгаа зэрэг сургамжтай. Манай талынхан манъякаас яаж дутах вэ, бас түүнийг яг алуурчин гэдгийг хэрхэн яаж илүүрлэснээ дэлгэрэнгүйгээртайлбарлана. Тэгэхэд нь киноны явцад хөргөгч хоол эргүүлж анхаарлаа сарниулсан бас угаасаа хэлний бэрхшээлтэй, АйКъю муутай миний хувьд магнай тэнийнэ. Учир нь ямар ч Япон хэлгүй бас мангар тэнэг хүн ягштал ойлгохоор бүх хэргийн явцыг эргэж нэгд нэгэнгүй харуулдгийн. За тэгээд бүтэлгүй мөрдөгч эсвэл дагуул эмэгтэй нь бурханы элч гэлтэй сургааль айлдснаар хэрэгтэн ихэвчлэн буруугаа бүрэн дүүрэн ухамсарлах бөгөөд "цагдаагийн ажилд бөөн төвөг тарьсандаа" гүнээ хүлцэл өчинө. Юун Холливудын кино шиг зодуулж нүдүүлэх дээрээ тулах эсвэл өмгөөлөгчөө дуудаж муудах. Тийм хүнд суртлын асуудалгүй гаргаж цаг баралгүйгээр алуурчин мэдүүлгээ төвөггүй өччихнө. Зарим нь хутга, хумсны хайч гэх мэт гарын дор зүйл гаргаж ирээд амиа хорлох үйлдэл хийх бөгөөд манай талынхан паниканд орчихдог юм уу яадгийн хөдөлж ядсаар таарна. Ихэнх нь бүгд иймэрхүү. Иймэрхүү рааманд л яйжигнана.
exhausted.

Wednesday, May 9, 2007

хавар хурдан дуусаад халуун зун гараад намар өвөл гээд нутаг буцах юмсан

Ойрд дипломын ажилдаа хамаг эд эс, молекул бүрээ зориулж, элдэв зугаа цэнгэл, наадам наргианыг ор тас мартчихжээ. Миний бичиж байгаа сэдэв чухам л энэ хорвоо дэлхийг арван таван толгойт атгаалжан хар мангас, үер ус, зовлон зүдгүүр бүхнээс салгах үр шим, үндэслэл зорилготой гээ л үнэн дүрдээ итгэж, өвчилж байнаа. Үнэндээ юу шалих билээ дээ.
Азийн орнуудаас голлон бүрдсэн найзуудтайгаа тааралдахаар толгой дохих ч мэдрэлгүй, ном бичиг улайран шагайсан хүмүүс байхым. Хорвоогийн эрээн барааныг харж шүүж муулж магтаж ярих монгол хүн дэргэд байхгүй болохоор хэл амны загатнаа туйлдаа хүрэв. Над шиг өнөөдрөөрөө амьдарч, өөрийгөө эрхлүүлж, гэдсээ илж, гиюүрч балайрч байгаа хүн алгаа алга.
Ясны чалчигнуур миний хувьд тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гээд хичээл давтлагын өрөөний хөрш хятад залуугийнхаа ханцуйг дугтчин хушуугаа цорвойлгож хоолойгоо гонгиносон хөг дээр нь тавьж байгаад л "намайг тоох хүн энэ хорвоод алга, илга" гээ л зовлонгоо тоочиж. Манай хятад хөрш ч тэвчээрийн дээд хутгыг олсон уу гэмээр бас халамжтай нөхөр байдаг болохоор, хийж байсан зүйлээ хойш нь тавьж байгаад л хэн, юу, яасан ийснийг маань асуув. Нэг ч гэсэн хүн хэдхэн минут ч гэсэн надтай чалчигнах гэжийгаад туйлаас баярласан би бээр харилцан яригчаа амархан алдчихгүйн тулд хушуу амаа урвайлгаж байгаа л ярив даа. Хамгийн гол нь өнөөх л Спайдермэнээ ганцаараа явж үзмээргүй байгаад л асуудлын учиг уятай байгаам.
Өө, манай хятад найз ч хөмсгөө нэг өргөн хоёр буулган, шанаагаа тулан, нүдний шилээ арчин арчин аймаар анхааралтай сонссон ч гэж ярихым биш. Миний "дурлал"ын бэрхшээлт асуудлыг сонсож дуусаад "Орчин үед глобальчлалын нөлөөнд Азийн хүүхнүүд их өөрчлөгдсөн. Монгол эмэгтэйчүүд харьцангүй нээлттэй байдаг юм шиг. Хятад хүүхнүүд ч сүүлийн үед эрэгтэй хүнийг хүлээж суулгүй өөрсдөө ярьдаг болж байгаа" гэж ирээд л ихэд нухацтайгаар хариулж байнаа. Ер нь намайг таалагдсан залуу байвал өөрөө л утасдаж залга гэж зөвлөж, би тийм залуу хаанаас яаж олохыг лавлаж байтал нэг мэдсэн дэргэд Солонгос, Мъянмар хоёр жигтэйхэн анхааралтай сонсчихсон зогсож байхын. Мань хоёр ч ярианд оролцож. Ингэсээр хэлэлцүүлэгт оролцогчдын тоо өсөн нэмэгдсээр давтлагын өрөөнд байсан найман гадаад оюутнүүд бүгд тойроод миний дурлалын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нээлттэй хэлэлцэж эхэлдгийм байна. Арван минутын өмнө номтой нүүрээ наачихсан, дүнсгэр мөрөн байсан нөхдүүдийн нүд нь сэргээд дуу нь чангараад. Үндсэндээ миний проблем олон улсын төвшингийн асуудал болон хувирч, юууун дэлхийн цаг уурын дулааралт, хүрээлэн буй орчин, терроризм, ядуурал, авилгал.
Ихэнх нь өөрсдийн орны залууг санал болгож үзэж байнаа бас. Хамгийн тэс хөлдүү боловч оновчтой санал бол интернетээс Спайдермэнээ татаж аваад үзэх зөвлөгөө байлаа. Болохгүй бол хэн нэгнийг чирээд киногоо үзэх нь ч үзэж л таарна.

Аа семинарын Узбек оюутан хаврын амралтаар сар хүрэхгүй эх орон руугаа яваад ирэхдээ хуримаа хийчихсэн, түүнийхээ бичлэгийг үзүүлж барив. Гэргийтэйгээ танилцаад гурван долоо хоноод хуримаа хийсийм байж. Энэ хорин нэг хоногт гурван удаа уулзсан гэж байгаан. Мөн ч амархан юм аа. Ёстой түргэн авна гэдэг л байх даа. Тэгсэн өөр нэг Узбек аав ээж нь эхнэр олоод хуримд нь бэлдээд мань эр нүүр тулж танилцаагүй мөртлөө амралтаараа шууд давхиж очиж гэрлэчихээд буцаж ирээд хагас жилийн дараа эхнэрээ энд авчирч тухтай танилцсан юм байх. Зарим нөхөд жишээлбэл надад гэрлэлт барилт яг л зэрэглээ шиг, бүр аймраар зүйрлэбэл дөнгө, гинжинд хүлээтэй санагдаж бөөн комплекс болж байхад зарим нь ч амархан асуудлаа шийдэх юм аа. Мань узбек нөхөр тэгсэн надад Найз залуу, нөхөр хоёр чинь ондоо зүйл шүү дээ, ялгаж салгаж харвал амархан сууна ш дээ гэж "нөхөрсөгөөр зөвлөв" дөө.

За за, одоо буцаад тезисийн сэдвээ эрэгцүүлэн бясалгах, эргүүтэн сүүмэлзэх ажлаа үргэлжлүүлье дөө.

Sunday, May 6, 2007

Марубени

Үүгээр алдарт Марубенигийн хэргийн шүүхийн шийдвэрийг орж үзнэ биз ээ. Чухам юу болоод яачихсан, хэн юу гэж хэлсэн энээ тэрээ, бас Английн худалдааны шүүхийн шийдвэрийн нотлох баримтын болон эрх зүйн үндэслэлийг уншиж үзэхэд сонирхолтой байх болов уу.

Марубени хэргийн шийдвэр
Марубени хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр