Аль дээр Монголд ирсэн жуулчдын сэтгэл ханамжийн талаар хийсэн судалгааг уншиж байснаас хэдэн тоог дор сийрүүлэв. Энэ судалгааг Ларри Юү, Г.Мөнхтуяа гэсэн хүмүүс хийж, Tourism Management Journal-д саяхан хэвлэжээ.
Судалгаанд хамрагсдын 42.4 хувь нь Европоос, 39.1 хувь нь Японоос иржээ. АНУ-аас 13.7 хувь, 4.8 хувь Ази Номхон далайн бусад орноос иржээ. Нийт 1000 судалгаа тарааж авснаас 530 нь хүчинтэйд тооцогджээ.
- Хүйсний хувьд Япон болон Ази, Номхон далайн орноос эрчүүд нь давамгайлжээ. Харин Европ жуулчдын 59 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Америк, Европын нөхдийн 61 хувь нь ганц бие байжээ.
- Боловсролын хувьд жуулчдын олонх нь буюу 74.4 хувь нь их дээд сургууль төгссөн боловсролтой хүмүүс байжээ. Америкчуудын 89 хувь, Европчуудын 73 хувь нь дээд боловсролтой байсан бол энэ нь Япончуудын 58 хувь нь байна.
- Ажил төрлийн хувьд 70.6 хувь нь ажил төрөлтэй, 16.5 хувь нь тэтгэвэрт гарсан хүмүүс аж.
- Орлогын хувьд 38.2 хувь нь жилийн орлого 50000 ам.доллараас доош, 44.6 хувь нь 50000-100000 ам.долларын орлоготой аж. Үлдсэн нь 100000-аас дээш гэхээр хөрөнгөлөг хүмүүс 17 хувийг бүрдүүлнэ.
- Монголын талаар жуулчдын 32 хувь нь амаар дамжиж сонсож мэдсэн байхад 10 хүрэхгүй хувь нь интернет, ТВ-ээр мэдээлэл авсан аж. Жуулчдын компанийн мэдээлэл 25 хувь, аялал жуулчлалын чиглэлийн ном, мэдээлэл 21.2 хувийг эзэлжээ.
Жуулчдын 64 хувь нь аялал жуулчлалын компаниар үйлчлүүлж харин 36 хувь нь бие даан ирсэн аж.
Дунджаар нөхдүүд Монголд 15.7 хоног болдог гэжээ. Харин Америкууд 21 хоног Япончууд 8.5 хоног болж.
Аялал жуулчлалын цэгийн хувьд 40% нь говь гэжээ. Дараа нь Өвөрхангай, Тэрэлж, Хөвсгөл, Хийд, Хэнтий, Дундговь, Өндөрдов, Архангай оржээ. Япончуудын хувьд Өндөрдов хамгийн их санал авч, Европчуудын хувьд Хангай, Хорго сэтгэлийг нь их татжээ.
Мөн Монголын сэтгэл татам зүйл нь нэгд байгаль, хоёрт: нүүдэлчин ахуй, гуравт гэрт байрлах орж. Америкчууд Монголыг түүх, соёлын жуулчлал талаас нь илүү таалсан байхад Европ, Япончууд энэ тал дээр тийм ч их өндөр санал өгөөгүй байхын. Япончууд манай үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байсан гэж бас хариулжээ. Ер нь судалгаанаас Америкчууд хээгүй нөхөд гэдэг нь бас харагдаж байх шиг. Тэд бусад нөхдөө бодоход Монголын ариун цэвэр, тээвэр, үйлчилгээ, аялал жуулчлалын хэрэгсэл зэрэгт нээх их дургүйцсэн байдал үгүй байна.
Жуулчид Монголд зураг авч, нүүдэлчин айлд зочилж, цэлгэр сайхан талд морь унасандаа их дуртай байжээ. Наадам мөн тэдний сонирхолыг татаж. Харин дугуй, завины аялал тийм ч таалагдаагүй байна.
Үнийн хувьд 5.7 хувь нь Монголд жуулчлах хямд, 21 хувь нь боломжийн гэжээ. 31% нь бага зэрэг үнэтэй, 34.2 хувь нь үнэтэй, 7.7 хувь нь хэт үнэтэй гэж. Үүнээс Европчууд Монголд жуулчлахыг их үнэтэй гэж. Мөн Япончуудын 40 хувь нь үнэтэй болон хэт үнэтэй гэжээ. Үнэтэй болгож байгаа гол зүйл нь тээвэр болжээ.
Эцэст нь ерөнхий сэтгэл ханамжийн хувьд Монголыг адал явдал, мэдлэг олж авах аялал жуулчлалын цэг гэж дүгнэжээ. Ялангуяа Япончууд Монголыг боловсролын хувьд мэдлэг олж авах газар гэж хариулсан байна. Харин аюулгүй байдлын хувьд Монгол тийм ч сайн үнэлгээ аваагүй байна.
За тэгээд судалгаанаас харахад аялал жуулчлалын хувьд анхаарвал зохих зүйл гараад ирж байгаан. Тухайлбал үйлчилгээ, харьцаа, соёл, жуулчдын хангамж, аюулгүй байдлаа сайжруулахаас гадна, тээвэр болон бусад зардлыг багасгах гээд. Монголын соёл урлагыг бүр илүү сайн таниулах бас хэрэгтэй. Боловсрол гэж хариулсан нь Япон, Европчуудын ойлголтоор юуг бодож, мэдэж, ойлгож авсныг нь бас судлаад түүнд тохирсон багц үйлчилгээг бий болгох гээд л.
Жич. Блогтоо бичих юм олдохгүй болохоор нь бас л халтуурдчихлаа. ойрд толгой түрүү ажиллахгүй байсан чинь Банжиг-ийн биохэмнэлээр үзсэн чинь оюун ухаан аймаар хасахтай гарсан байна ш дээ. Тэгэхээр арга байж уу дээ.
1 comment:
Mongold juulchlahaar irh bga ihenhi humuus hyataduud bdag, tegeed ted nar barilga deer ajillahaar ulddeg
Post a Comment